Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 54


Хэсэг 54

1831 оны зургаадугаар сарын 10-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Ньюел Найтад өгөгдсөн илчлэл оршвой. Охайогийн Томпсонд амьдарч байсан салбарын гишүүд өмч хөрөнгийг зориулан өргөхтэй холбоотой асуудал дээр хуваагдсан байлаа. Амин хувиа хичээх үзэл болон шунаг сэтгэл харагдаж байв. Шейкерүүд дэх номлолынхоо дараа (49-р хэсгийн оршлыг үз), өөрийн том эдлэн газраа Нью-Йоркийн Колесвиллээс ирж буй гэгээнтнүүдийн өвийн газар болгон зориулан өргөхөөр хийсэн гэрээгээ Леман Коплей зөрчив. Үүний улмаас, Ньюел Найт (Томпсонд амьдарч байсан гишүүдийн удирдагч) мөн бусад ахлагч хэрхвэл зохихыг асуухаар бошиглогч дээр иржээ. Бошиглогч Их Эзэнээс асууж мөн энэхүү илчлэлийг хүлээн авсан ба үүнд Томпсон дахь гишүүдэд Леман Коплейн эдлэн газрыг орхиж, Миссури руу аялахыг зарлиглажээ.

1–6, Нигүүлслийг олохын тулд гэгээнтнүүд сайн мэдээний гэрээг сахих ёстой; 7–10, Зовлон бэрхшээлд тэд тэвчээртэй байх ёстой.

1 Болгоогтун, Их Эзэн, бүр Альфа ба Омега, эхлэл ба төгсгөл, бүр дэлхийнхний нүглүүдийн төлөө цовдлогдсон тэрбээр ийн хэлнэм—

2 Болгоогтун, үнэнээр, үнэнээр, миний үйлчлэгч Ньюел Найт чамд би хэлнэ, миний томилсон тэрхүү албан тушаалд чи бат зогсох ёстой.

3 Мөн хэрэв ах дүүс чинь дайснуудаасаа зайлсхийхийг хүсэх аваас, тэд бүх нүглээ наманчлаг, мөн миний өмнө чин сэтгэлээсээ даруу төлөв бөгөөд гэмшсэн байг.

4 Мөн тэд надтай хийсэн гэрээгээ зөрчсөн учраас, бүр энэ нь хүчингүй бөгөөд ямар ч үр нөлөөгүй болсон бөлгөө.

5 Энэхүү нүгэл ирсэн түүнд халаг, учир нь тэрээр тэнгисийн гүнд үйж эрсэдсэн бол энэ нь түүний хувьд дээр байх байсан юм.

6 Харин гэрээг сахиж мөн зарлигийг дагаж буй тэд адислагдсан болой, учир нь тэд нигүүлслийг хүртэх болно.

7 Иймийн тул, дайснууд чинь та нар дээр ирэхгүйн тулд эдүгээ явж мөн уг нутгаас зугт; мөн аян замдаа гарагтун, мөн та нарын өмнөөс мөнгө төлөх мөн удирдагчаа болгохоор өөрсдийн хүссэн түүнийг томилогтун.

8 Мөн ийнхүү та нар өрнөд бүс нутгууд руу, Миссурийн нутаг руу, леменчүүдийн хил хязгаарууд руу хийх аян замдаа гарах болно.

9 Мөн та нар аялал хийснийхээ дараа, болгоогтун, би та нарт хэлнэ, та нарт зориулсан газрыг би бэлтгэх хүртэл, хүмүүсийн адилаар амьдралаа залгуулахыг та нар эрэлхийлэгтүн.

10 Мөн түүнчлэн, намайг иртэл зовлон бэрхшээлд тэвчээртэй байгтун; мөн, болгоогтун, би даруй ирнэ; мөн миний шагнал надтай хамт байх бөлгөө, мөн намайг эхэндээ эрэлхийлсэн тэд өөрсдийнхөө сүнсэнд амралтыг олох болно. Бүр тийм буюу. Амен.