Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 17


Хэсэг 17

1829 оны зургаадугаар сард Нью-Йоркийн Фэйетэд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Оливер Каудери, Давид Витмер болон Мартин Харрис нарт, Мормоны Номын цэдгийг агуулсан сийлбэрлэгдсэн ялтаснуудыг тэд үзэхийн өмнө өгөгдсөн илчлэл оршвой. Онцгой гурван гэрч товлогдох болно гэдгийг Иосеф, түүний бичээч Оливер Каудери хоёр Мормоны Номын ялтаснуудын орчуулгаас олж мэджээ (Ифер 5:2–4; 2 Нифай 11:3; 27:12-ыг үз). Оливер Каудери, Давид Витмер болон Мартин Харрис нар мөнөөх онцгой гурван гэрч байхаар сүнсээр нөлөөлөгдсөн хүслээр хөтлөгдөв. Бошиглогч Их Эзэнээс асууж, мөн хариу болж Урим ба Туммимаар дамжуулан энэхүү илчлэл өгөгдсөн ажээ.

1–4, Гурван гэрч ялтаснуудыг бас бусад ариун нандин зүйлсийг итгэлээр үзэх болно; 5–9, Мормоны Номын бурханлаг чанарын талаар Христ гэрчлэв.

1 Болгоогтун, та нар миний үгэнд тулгуурлах ёстой гэдгийг би та нарт хэлнэ, хэрэв та нар зүрх сэтгэлийн бүрэн шийдэмгий байдалтайгаар тулгуурлах аваас, та нар ялтаснуудыг, мөн тэрчлэн цээжний хуяг, Лебений илд, мөн Жаредын ах уулан дээр Их Эзэнтэй нүүр тулан ярьж байхад нь түүнд өгөгдсөн Урим ба Туммим, мөн Улаан Тэнгисийн хөвөөнд, аглаг буйдад байхад нь Лихайд өгөгдсөн гайхамшигт зүг чиг заагчийг үзэх болно.

2 Мөн итгэлээрээ, бүр эрт цагийн бошиглогчдод байсан тэр итгэлээр та нар тэдгээрийг үзэх болно.

3 Мөн та нар итгэлтэй болж мөн тэдгээрийг нүдээрээ харсныхаа дараа, тэдгээрийн талаар Бурханы хүчээр гэрчлэх болно;

4 Мөн миний үйлчлэгч Бага Иосеф Смит устгагдахгүй байж болохын тулд, бибээр хүмүүсийн үрсийн төлөөх зөв шударга зорилгуудаа энэ ажлаар хэрэгжүүлж болохын тулд та нар үүнийг хийх ёстой.

5 Мөн тэдгээрийг миний үйлчлэгч Бага Иосеф Смит харсан лугаа та нар харсан гэдгээ та нар гэрчлэх ёстой; учир нь, тэрээр тэдгээрийг харсан нь миний хүчээр болой, мөн энэ нь тэрээр итгэлтэй байсан учраас бөлгөө.

6 Мөн тэрээр уг номыг, бүр түүнд миний зарлигласан тэрхүү хэсгийг орчуулсан бөлгөө, мөн та нарын Их Эзэн мөн та нарын Бурхан амьдын адил энэ нь үнэн бөлгөө.

7 Иймийн тул, та нар түүний нэгэн адилаар тэрхүү хүчийг, тэрхүү итгэлийг мөн тэрхүү бэлгийг хүлээн авсан буюу;

8 Мөн хэрэв та нарт өгсөн миний сүүлчийн зарлигуудыг та нар биелүүлэх аваас, тамын үүд та нарыг дийлэх нь үгүй; учир нь миний ач ивээл та нарт хангалттай бөлгөө, мөн та нар эцсийн өдөр өргөгдөх болно.

9 Мөн би Есүс Христ, та нарын Их Эзэн мөн та нарын Бурхан, бибээр үүнийг зөв шударга зорилгуудаа хүмүүсийн үрсэд тохиолгож болохын тулд та нарт ярилаа. Амен.

Хэвлэх