Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 7


Хэсэг 7

1829 оны дөрөвдүгээр сард Пеннсильваний Хармонид, бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёр, хайрт шавь Иохан маханбодод оршсоор байгаа юу эсвэл наснаас хальсан уу гэдгийг Урим ба Туммимаар дамжуулан асуухад өгөгдсөн илчлэл оршвой. Уг илчлэл нь илгэн цаасан дээр Иоханы хийсэн мөн түүний нуусан цэдгийн хөрвүүлэгдсэн хувилбар болно.

1–3, Их Эзэнийг иртэл хайрт Иохан амьд байх болно; 4–8, Петр, Иаков, Иохан нар сайн мэдээний түлхүүрүүдийг атгадаг.

1 Мөн Их Эзэн надад хэлсэн нь: Хайрт Иохан минь, чи юу хүсээ вэ? Учир нь хэрэв чи хүсэж байгаа юмаа асуух аваас, энэ нь чамд соёрхогдох болно.

2 Мөн би түүнд хэлсэн нь: Их Эзэн, үхлийг ялах хүчийг надад өгөөч, би амьдарч, мөн бодгалиудыг танд авчирч болохын тулд буюу.

3 Мөн Их Эзэн надад хэлэв: Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, чи үүнийг хүссэн учраас намайг сүр жавхландаа иртэл чи үлдэх болно, мөн үндэстэн, ястан, хэлтэн мөн ард түмний өмнө бошиглох болно.

4 Мөн энэ шалтгааны учир Их Эзэн Петрт хэлэв: Хэрэв би өөрийгөө иртэл түүнийг үлдэхийг зөвшөөрөх аваас, энэ нь чамд юуны хамаа байна? Учир нь бодгалиудыг надад авчирч болохыг тэрээр надаас хүссэн бөлгөө, харин чи миний хаант улсад надад түргэн ирж болохыг хүсэж байгаа ажээ.

5 Би чамд хэлнэ, Петр, энэ бол зөв сайн хүсэл байсан; харин миний хайрт, тэрээр илүү ихийг буюу өмнө нь өөрийнхөө хийснээс илүү агуу ажлыг хүмүүсийн дунд хийхийг хүссэн бөлгөө.

6 Тийм ээ, тэрээр илүү агуу ажлыг өөртөө хүлээсэн билээ; тиймийн тул би түүнийг дүрэлзэх гал мөн тохинуулагч тэнгэр элч мэт болгоно; дэлхий дээр амьдардаг, авралын залгамжлагч болох тэдэнд тэрээр тохинуулах болно.

7 Мөн би чамайг түүнд мөн чиний анд Иаковт тохинуулах болгоно; мөн би та гуравт энэхүү хүчийг мөн энэ тохинууллын түлхүүрүүдийг өөрөө ирэх хүртэл өгөх болно.

8 Үнэнээр би та хоёрт хэлнэ, та хоёр хоёул хүслүүдийнхээ дагуу авах болно, учир нь та хоёр хоёул хүссэн тэр зүйлдээ баясаж буй авай.

Хэвлэх