Судрууд
Албан тунхаг 2


Албан тунхаг 2

Мормоны Номд “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм” нь “Бурханд бүгд адил” (2 Нифай 26:33) гэж заадаг. Сүмийн түүхийн туршид, олон улсын үндэстэн, ястан болгоны хүмүүс баптисм хүртэн мөн Сүмийн итгэлтэй гишүүдийн амьдралаар амьдарсаар ирсэн. Иосеф Смитийн амьдралын туршид, цөөн хэдэн хар арьстай эрэгтэй гишүүд санваарт томилогдож байжээ. Сүмийн түүхийн эхэн үед Сүмийн удирдагчид Африк гаралтай хар арьстан эрэгтэйчүүдэд санваарыг томилохоо больсон байна. Энэхүү дадал заншил хаанаас эх үндэстэй талаар Сүмийн түүхэнд тодорхой мэдээлэл байдаггүй. Сүмийн удирдагчид энэ заншлыг өөрчлөхийн тулд Бурханаас илчлэл авах хэрэгтэй гэж үзэж байсан бөгөөд залбиралтайгаар удирдамжийг эрэлхийлэв. Сүмийн Ерөнхийлөгч Спенсер В.Кимбаллд уг илчлэл ирсэн бөгөөд 1978 оны зургаадугаар сарын 1-нд Солт Лэйкийн ариун сүм дотор Сүмийн бусад удирдагчдад баталгаа өгөгдсөн байна. Уг илчлэлээр санваарт хамаатай байсан арьс өнгөний бүх хязгаарлалтыг үгүй болгожээ.

Холбогдох хүмүүсийн сонорт:

1978 оны есдүгээр сарын 30-нд, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хагас жил тутмын 148-р Ерөнхий чуулган дээр Сүмийн Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, Ерөнхийлөгч Н.Элдон Таннер дараах зүйлийг толилуулав:

Санваар мөн ариун сүмийн адислалуудыг Сүмийн зохистой бүх эрэгтэй гишүүдэд хүртээх талаарх нэгэн илчлэлийг ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл хүлээн авсан гэдгийг энэ оны зургаадугаар сарын эхээр Тэргүүн зөвлөл зарласан билээ. Ерөнхийлөгч Кимбалл намайг энэ чуулганд дараахыг мэдээлнэ үү хэмээн надаас хүссэн юм: Ариун сүмийн нандин өрөөнүүдэд удаан бясалгал мөн залбирал хийсний дараа түүнд ирсэн энэхүү илчлэлийг тэрээр хүлээн авсны дараа тэрбээр үүнийг зөвлөхүүддээ толилуулсан ба тэд үүнийг хүлээн зөвшөөрч мөн баталсан юм. Тэгээд үүнийг Арван хоёр Төлөөлөгчийн чуулгад толилуулсан ба энэ нь санал нэгтэйгээр батлагдсан билээ. Мөн дараа нь Сүмийн бусад бүх ерөнхий мэдэлтнүүдэд толилуулж, тэд ч бас үүнийг санал нэгтэйгээр баталсан юм.

Ерөнхийлөгч Кимбалл намайг энэ захидлыг одоо уншина уу хэмээн хүссэн юм:

1978 оны зургаадугаар сарын 8

Дэлхий даяарх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхий болон орон нутгийн санваарын бүх албан тушаалтнуудад:

Эрхэм хүндэт Ах нар аа:

Дэлхий даяар Их Эзэний ажил өргөжин тэлж байгааг бид харж байгаагийн хамт, олон үндэстний хүмүүс сэргээгдсэн сайн мэдээний захиаст нааштайгаар хандан, Сүмд нэгдэх нь тооны хувьд байнга өсөн нэмэгдэж байгаад бид баяртай байдаг билээ. Иймээс сайн мэдээний хангах бүх онцгой боломжууд болон адислалуудыг Сүмийн зохистой гишүүн болгонд хүртээх хүсэл бидэнд төрлөө.

Биднээс урьд өмнө байсан бошиглогчид мөн Сүмийн Ерөнхийлөгчдийн өгсөн амлалтуудыг, бидний зохистой бүх ах нар Бурханы мөнхийн төлөвлөгөөнд санваарыг хүлээн авна гэсэн амлалтуудыг мэдэж байсан учир, мөн санваар өгөгдөх нь хязгаарлагдсан тэдний итгэлтэй байдлыг хараад, бид бурханлаг удирдамжийн тулд Их Эзэнд даруухнаар залбиран, Ариун сүмийн Дээд өрөөнд олон цагийг өнгөрүүлэн, бидний үнэнч ах нар болох тэдний өмнөөс бид удаанаар мөн хичээнгүйлэн гуйсан билээ.

Тэрбээр бидний залбирлуудыг сонссон, мөн амлагдсаар байсан өдөр ирлээ гэдгийг илчлэлээр нотолсон юм, Сүм дэх зохистой, үнэнч эрэгтэй хүн бүр ариун санваарыг, үүний бурханлаг эрх мэдлийг ашиглах хүчийг хүлээн авч болох, мөн үүнээс үүдэлтэй адислал бүрийг, түүний дотор ариун сүмийн адислалуудыг хайртай хүмүүсийнхээ хамт эдэлж болох тэрхүү өдөр ирснийг буюу. Иймээс, Сүмийн бүх зохистой эрэгтэй гишүүд яс үндэс юм уу арьсны өнгөнөөс үл хамааран санваарт томилогдож болно. Тэд зохистой байдлын тогтоосон жишгүүдийг хангаж байгааг бататгахын тулд, Аароны эсвэл Мелкизедек санваарын аль нэгэнд томилогдох бүх нэр дэвшигчидтэй нягт хянуур ярилцлага хийдэг бодлого журмыг дагаж мөрдөхөөр санваарын удирдагчид зааварлагдсан билээ.

Их Эзэн эдүгээ эрх мэдэл бүхий үйлчлэгчдийнх нь дуу хоолойг анхаарч, түүнчлэн сайн мэдээний адислал бүрийг хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэх дэлхий даяарх бүх хүүхдийнхээ адислалын төлөө Өөрийн тааллыг мэдүүлснийг бид чандаар тунхаглаж байна.

Чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн,

Спенсер В.Кимбалл

Н.Элдон Таннер

Марион Ж.Ромни

Тэргүүн зөвлөл

Спенсер В.Кимбаллыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бошиглогч, үзмэрч, мөн илчлэгч, түүнчлэн ерөнхийлөгчийн хувьд хүлээн зөвшөөрч, хуулийг өөрчлөх эрх мэдэл бүхий хуралдайн хувьд бид энэхүү илчлэлийг Их Эзэний үг болон таалал хэмээн хүлээн авахаар санал оруулж байна. Дэмжиж байгаа бүхэн баруун гараа өргөн харуулна уу. Эсэргүүцэж байгаа хүн мөн ийм байдлаар мэдэгдэнэ үү?

Дээрх байр суурийг дэмжих санал хураалт бүрэн нэгдмэл байдлаар батлагдав.

Юта, Солт Лэйк Сити, 1978 оны есдүгээр сарын 30.

Хэвлэх