Хэсэг 105
1834 оны зургаадугаар сарын 22-нд Миссурийн Фишинг Риверт бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Бошиглогчийн удирдлаган дор, Охайо болон өөр бүс нутгийн гэгээнтнүүд Миссури руу, хожим нь Сионы Хуаран гэж нэрлэгдсэн аяллыг хийжээ. Тэдний зорилго нь Миссурийн нутгаас хөөгдсөн гэгээнтнүүдийг Жаксон гүнлэг дэх газар нутагт нь буцаан хүргэж өгөх явдал байв. Гэгээнтнүүдийг хавчиж байсан тэрхүү Миссурийн хүмүүс Сионы Хуаран яаж хариу авах бол хэмээн айж, Миссурийн Клэй гүнлэгт амьдарч байсан зарим гэгээнтэн рүү түрүүлэн дайрав. Миссурийн захирагч гэгээнтнүүдэд тусална гэсэн амлалтаасаа ухарсны дараа Иосеф Смит энэ илчлэлийг хүлээн авчээ.
1–5, Сион селестиел хуульд нийцэн байгуулагдах болно; 6–13, Сионы сэргээлт багахан хугацаагаар хойшлогдов; 14–19, Их Эзэн Сионы тулалдаануудад тулалдах болно; 20–26, Гэгээнтнүүд мэргэн байж мөн тэд цугларах үедээ хүчирхэг үйлсээр сагсуурахгүй байх ёстой; 27–30, Жаксон болон хил залгаа гүнлэгүүдэд газруудыг худалдан авах ёстой; 31–34, Көртланд дахь Их Эзэний өргөөнд ахлагчид хишиг хүртэх болно; 35–37, Дуудагдсан мөн сонгогдсон гэгээнтнүүд ариусгагдах болно; 38–41, Гэгээнтнүүд энх тайвны тугийг дэлхийд өргөх болно.
1 Үнэнээр би та нарт хэлж байна, зовж зүдэрсэн миний хүмүүсийн гэтэлгэлийн талаарх миний тааллыг та нар мэдэж болохын тулд өөрсдийгөө хамтад нь цуглуулсан та нарт буюу—
2 Болгоогтун, би та нарт хэлнэ, хувь хүмүүсийн биш, харин сүмийн талаар ярихад, хэрэв миний хүмүүсийн зөрчил байгаагүйсэн бол, тэд бүр эдүгээ гэтэлгэгдэж болох байсан билээ.
3 Гэвч болгоогтун, тэдний гараас миний шаардсан тэдгээр зүйлд тэд дуулгавартай байж сураагүй, харин бүх төрлийн хилэнцээр дүүрэн байна, мөн гэгээнтнүүдийн адил өөрсдийн эд юмсаас өөрсдийн дундах ядуус болон зовж зүдрэгсэдтэй хуваалцахгүй байна;
4 Мөн селестиел хаант улсын хуулиар шаардагддаг эв нэгдлийн дагуу нэгдээгүй болой;
5 Мөн селестиел хаант улсын хуулийн зарчмуудаар биш бол, Сион байгуулагдаж чадах нь үгүй; өөрөөр бол бибээр үүнийг өөртөө хүлээн авч чадахгүй.
6 Мөн хэрэв энэ нь шаардагдах ёстой аваас, миний хүмүүс дуулгавартай байдлыг сурах хүртлээ, тэд өөрсдийн амсах тэр зүйлсээр зэмлэгдэх ёстой нь шаардлагатай байна.
7 Миний хүмүүсийг удирдахаар томилогдсон тэдний, миний сүмийн анхны ахлагчид болох тэдний талаар би яриагүй байна, учир нь тэд бүгдээрээ энэхүү буруутгал дор байгаа биш бөлгөө;
8 Харин хол байгаа сүмүүдийнхээ талаар би ярьж байна—Тэдний Бурхан нь хаана байна? Болгоогтун, тэр тэднийг гай зовлонгийн цагт чөлөөлөх болно, эс тэгвээс бид Сион руу очихгүй, мөн бид мөнгөө авч үлдэх болно хэмээн хэлэх нь олон буй.
9 Тиймийн тул, миний хүмүүсийн зөрчлийн улмаас, миний ахлагчид Сионы сэргээлтийн төлөө багахан хугацаагаар хүлээх нь миний хувьд зүйтэй байна—
10 Тэд өөрсдөө бэлтгэгдэж болохын тулд, мөн миний хүмүүс илүү төгсөөр заалгаж, мөн туршлагатай болж, өөрсдийн үүргийн талаар, мөн тэдний гараас миний шаарддаг зүйлсийн талаар илүү төгс мэдэж болохын тулд буюу.
11 Мөн миний ахлагчдад тэнгэрийн хүчээр хишиг хүртээгдэх хүртэл энэ нь улиран тохиох болгогдож чадахгүй бөлгөө.
12 Учир нь болгоогтун, тэд үнэнч байж мөн миний өмнө даруу төлөв байдалд үргэлжлүүлэхийн хэрээр агуу хишиг болон адислал тэдэн дээр юүлэгдэхээр би бэлтгэсэн билээ.
13 Тиймийн тул Сионы сэргээлтийн төлөө миний ахлагчид багахан хугацаагаар хүлээх нь миний хувьд зүйтэй байна.
14 Учир нь болгоогтун, Сионы төлөө тулалдаануудад тулалдахыг би тэдний гараас шаардах нь үгүй; учир нь та нарын тулалдаануудад би тулалдах болно хэмээн өмнөх зарлигтаа хэлсэнчлэн, үүнийгээ би гүйцэлдүүлэх болно.
15 Болгоогтун, би өөрийн дайснуудыг устгаж мөн сүйрүүлэхээр устгагчийг урагш илгээсэн буюу; мөн тэд миний өвийг бузарлахаар, мөн өөрийн гэгээнтнүүдийг хамтад нь цуглуулахын тулд миний ариулан адисалсан тэрхүү газар нутаг дээр миний нэрийг доромжлохоор үлдэх жилүүд одооноос хойш олон байх нь үгүй бөлгөө.
16 Болгоогтун, миний өргөөний хүчин чадал болох бүр миний дайчдад, миний залуу эрчүүдэд мөн дунд насныханд хамтдаа цуглахыг хэл хэмээн би өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитэд зарлигласан билээ, миний хүмүүсийн сэргээлтийн төлөө, мөн миний дайснуудын цамхгийг нурааж, мөн тэдний харуулуудыг тараахын тулд буюу;
17 Гэвч миний өргөөний хүчин чадал миний үгсийг анхаарсангүй.
18 Харин миний үгсийг анхааран сонссон хүмүүс байхын хэрээр, хэрэв үнэнчээр үргэлжлүүлэх аваас, адислал болон хишгийг би тэдний төлөө бэлтгэсэн билээ.
19 Би тэдний залбирлуудыг сонссон, мөн тэдний өргөлүүдийг хүлээн авах болно; мөн тэдний итгэлийн сорилт болгон тэд энд хүртэл авчрагдах нь миний хувьд зүйтэй бөлгөө.
20 Мөн эдүгээ үнэнээр би та нарт хэлж байна, би та нарт зарлигийг өгч байна, энд ирсэн болгоноос эргэн тойрны бүс нутгуудад үлдэж чадах тэд үлдэг;
21 Мөн дорнодод гэр бүлтэй, үлдэж үл чадах тэд, миний үйлчлэгч Иосеф Смит тэдэнд томилохын дагуу багахан хугацаагаар үлдэг;
22 Учир нь энэ асуудлын талаар би түүнд зөвлөх болно, мөн түүний тэдэнд томилох юу ч гүйцэлдэх болно.
23 Мөн эргэн тойрны бүс нутгуудад оршин суудаг миний бүх хүн туйлын үнэнч, мөн залбиралтай, мөн миний өмнө даруу байг, мөн тэдгээр нь илчлэгдэх нь миний хувьд мэргэн ухаан гэж үзэх цагийг хүртэл тэдэнд миний илчилсэн зүйлсийг бүү илчлэг.
24 Шүүлтүүдийн тухай бүү ярь, мөн итгэлээр ч, бас хүчирхэг үйлсээр ч бүү сагсуур, харин байж болохын хэрээр нэг бүс нутагт, хүмүүсийн санаа бодолд нийцсэн байдлаар болгоомжтойгоор хамтдаа цуглар;
25 Эдүгээ болгоогтун, та нар хүмүүст: Хуулийн дагуу бидний төлөө шүүлт бөгөөд шударга ёсыг гүйцэтгэж, мөн бидний хохирлыг нөхөж өгөөч хэмээн хэлэх үедээ та нар амар амгалан, аюулгүй үлдэж болохын тулд тэдний мэлмийд таалал болон ач ивээлийг бибээр өгөх болно.
26 Эдүгээ, болгоогтун, би та нарт хэлнэ, найз нар минь, энэ замаар та нар Израилын их цэрэг агуу их болох хүртэл хүмүүсийн мэлмийд тааллыг олж болох бөлгөө.
27 Миний үйлчлэгч Бага Иосеф Смит, мөн миний томилсон ахлагчид миний өргөөний хүчин чадлыг хуримтлуулах цаг гартал, би Фараоны зүрх сэтгэлийг зөөлрүүлсний адилаар би цагаас цагт хүмүүсийн зүрх сэтгэлийг зөөлрүүлэх болно,
28 Мөн Жаксон гүнлэгт мөн эргэн тойрны хил залгаа гүнлэгүүдэд худалдан авч болох бүх газрыг худалдаж авах талаар миний зарлигласныг гүйцэлдүүлэх мэргэн хүмүүсийг илгээх цаг хүртэл буюу.
29 Учир нь эдгээр газрыг худалдаж авах нь; мөн тэдгээрийг худалдан авсны дараа миний гэгээнтнүүд миний өгсөн зориулалтын хуулиудын дагуу тэдгээрийг эзэмших нь миний таалал билээ.
30 Мөн эдгээр газрыг худалдан авсны дараа, өмнө нь тэд мөнгөөрөө худалдаж авсан өөрийнхөө газруудын өмчлөлийг авахад мөн тэдэн дээр ирж болох миний дайснуудын цамхгуудыг нураахад, мөн тэдний харуулуудыг тараахад, мөн намайг үзэн яддаг миний дайснуудын гурав дахь мөн дөрөв дэх үеийг нь хүртэл миний өс хонзонг авахад би Израилын их цэргийг гэмгүйд үзэх болно.
31 Харин эхлээд миний их цэрэг нэн агуу болог, энэ нь нар мэт гэрэлтэй, мөн сар мэт тунгалаг, мөн тугнууд нь бүх үндэстэнд сүрдэм байхын тулд энэ нь миний өмнө ариусгагдаг;
32 Сионы хаант улс бол чухамхүү үнэндээ бидний Бурханы, түүний Христийн хаант улс мөн гэдгийг энэ дэлхийн хаант улсууд хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн байж болохын тулд буюу; тиймийн тул, бүгдээрээ түүний хуулиудад захирагдагсад болцгооё.
33 Үнэнээр би та нарт хэлж байна, Көртландын газар нутагт миний нэрийн төлөө баригдахыг нь зарлигласан миний өргөөнд сүмийн минь анхны ахлагчид тэнгэрээс өөрсдийн хишгийг хүлээн авах нь миний хувьд зүйтэй байна.
34 Сионы сэргээлтийн дараа, түүний талаар болон түүний хуулийн талаар миний өгсөн зарлигууд гүйцэтгэгдэж мөн биелэгдэг.
35 Дуудлагын өдөр байсаар ирсэн ч сонголтын өдрийн тэрхүү цаг ирлээ; мөн зохистой тэд сонгогдог.
36 Мөн сонгогдсон тэд, Сүнсний дуу хоолойгоор миний үйлчлэгчид илэрхийлэгдэх болно; мөн тэд ариусгагдах болно;
37 Мөн тэд хүлээн авсан зөвлөгөөгөө дагахын хэрээр, олон өдрийн дараа тэд Сионд хамаарах бүх зүйлийг хэрэгжүүлэх хүчтэй байх болно.
38 Мөн түүнчлэн би та нарт хэлнэ, зөвхөн та нарыг цохисон тэр хүмүүст төдийгүй мөн тэрчлэн бүх хүнд амар амгаланг уриал;
39 Мөн энх амгалангийн тугийг өргөж, мөн дэлхийн хязгааруудыг хүртэл амар амгаланг тунхаглагтун;
40 Мөн өөрсдөдөө байгаа Сүнсний дуу хоолойны дагуу, та нарыг цохисон тэдэнд амар амгалангийн саналуудыг дэвшүүл, мөн бүх зүйл та нарын сайн сайхны төлөө хамтдаа ажиллах болно.
41 Тиймийн тул, үнэнч бай; мөн болгоогтун, мөн харагтун, бүр төгсгөл хүртэл би та нартай хамт байна. Бүр тийм буюу. Амен.