Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 9


Хэсэг 9

1829 оны дөрөвдүгээр сард Пеннсильваний Хармонид бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Оливер Каудерид өгөгдсөн илчлэл оршвой. Тэвчээртэй байхыг Оливерт зааварлаж, мөн тухайн үед орчуулах гэж оролдохынхоо оронд, орчуулагчийн хэлж өгснийг бичихдээ сэтгэл ханамжтай байхыг сургамжлав.

1–6, Эртний өөр цэдгүүд хожим орчуулагдах болно; 7–14, Мормоны Ном нь судалснаар мөн сүнслэг баталгаагаар орчуулагддаг.

1 Болгоогтун, хүү минь, би чамд хэлж байна, чи надаас хүссэний дагуу орчуулаагүй мөн миний үйлчлэгч Бага Иосеф Смитэд туслахаар дахин бичиж эхэлсэн учраас, тиймээс түүнд миний итгэл хүлээлгэсэн энэхүү цэдгийг дуустлаа чи үргэлжлүүлэх ёстой хэмээнэ би.

2 Мөн тэгэхэд, болгоогтун, бусад цэдгүүд надад буй, тэдгээрийг орчуулахад нь тусалж болох хүчийг би чамд өгөх болно.

3 Хүү минь, тэвчээртэй байгтун, учир нь энэ бол надад орших мэргэн ухаан болой, мөн чи эдүгээ энэ цагт орчуулах нь зохистой бус бөлгөө.

4 Болгоогтун, чиний хийхээр дуудагдсан ажил бол миний үйлчлэгч Иосефт туслан бичих явдал мөн.

5 Мөн, болгоогтун, чи орчуулж эхлэхдээ эхэлсэн шигээ үргэлжлүүлээгүй учир, би энэхүү онцгой эрхийг чамаас авсан билээ.

6 Хүү минь, бүү бувтна, учир нь би энэ маягаар чамд хандсан нь надад орших мэргэн ухаан буюу.

7 Болгоогтун, чи ойлгоогүй; чи надаас асуухаас өөрөөр санаа зовоогүй байхад чинь би үүнийг чамд өгнө гэж чи боджээ.

8 Гэвч, болгоогтун, би чамд хэлнэ, чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой; дараа нь энэ нь зөв үү гэдгийг чи надаас асуух ёстой, мөн энэ нь зөв аваас би цээжин биеийг чинь чиний дотор шатахаар болгоно; тиймийн тул, энэ нь зөв юм байна гэдгийг чи мэдрэх болно.

9 Харин энэ нь зөв биш аваас чамд ийм мэдрэмж байхгүй байх болно, харин буруу зүйлийг мартахад чамайг хүргэх дүйнгэ бодол санаа чамд байх болно; тиймийн тул, надаас чамд өгөгдөхөөс бусдаар, ариун нандин тэр зүйлийг чи бичиж чадах нь үгүй болой.

10 Эдүгээ, хэрэв чи үүнийг мэдэж байсан бол чи орчуулж чадах байсан; гэсэн хэдий ч, эдүгээ чи орчуулах нь зохистой бус бөлгөө.

11 Болгоогтун, чамайг эхэлсэн үед энэ нь зохистой байлаа; гэвч чи айсан, мөн цаг нь өнгөрсөн, мөн энэ нь эдүгээ зохистой бус бөлгөө;

12 Учир нь, би үйлчлэгч Иосефтоо хангалттай хүч чадал өгснөөс энэ нь нөхөгдсөнийг чи харахгүй байна гэж үү? Мөн та хоёрын хэнийг чинь ч би буруутгаагүй байна.

13 Чамд миний зарлигласан энэ зүйлийг хийгтүн, мөн чи дэгжих болно. Үнэнч байгтун, мөн уруу таталтад бүү авт.

14 Чамайг миний дуудсан тэр ажилд бат зогсогтун, мөн толгойны чинь нэг ширхэг үс ч гээгдэх нь үгүй, мөн эцсийн өдөр чи өргөгдөх болно. Амен.

Хэвлэх