Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 42


Хэсэг 42

1831 оны хоёрдугаар сарын 9-нд болон 23-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан хоёр хэсэг болгон өгөгдсөн илчлэл оршвой. 1–72-р шүлгийг багтаах эхний хэсэг нь, арван хоёр ахлагчийн дэргэд, урьд нь Охайод “хууль” өгөгдөнө хэмээн Их Эзэний өгсөн амлалтын биелэлт болон хүлээн авагдсан ажээ (хэсэг 38:32-ыг үз). Хоёр дахь хэсэг нь 73–93-р шүлгийг багтаадаг. Бошиглогч энэхүү илчлэлийг “Сүмийн хуулийг агуулдаг” хэмээн тайлбарлажээ.

1–10, Ахлагчид сайн мэдээг номлох, хөрвөгчдөд баптисм хүртээх, мөн Сүмийг өсгөн бэхжүүлэхээр дуудагдав; 11–12, Тэд дуудагдаж мөн томилогдсон байх ёстой ба судруудад байдаг сайн мэдээний зарчмуудыг заах ёстой; 13–17, Тэд Сүнсний хүчээр зааж бас бошиглох ёстой; 18–29, Хүн алахгүй, хулгай хийхгүй, худал хэлэхгүй, тачаадахгүй, садар самууныг үйлдэхгүй, бас бусдын эсрэг хилэнцтийг ярихгүй байхыг гэгээнтнүүдэд зарлиглав; 30–39, Зориулалт болгон өргөсөн өмч хөрөнгийг зохицуулах хуулиудыг танилцуулав; 40–42, Бардамнал болон залхуурлыг буруушаав; 43–52, Өвчтөнүүд адислалаар дамжуулан мөн итгэлээр эдгээгдэх ёстой; 53–60, Судрууд Сүмийг захирдаг бөгөөд дэлхийд тунхаглагдах ёстой; 61–69, Шинэ Иерусалимын байршил мөн хаант улсын нууцууд илчлэгдэх болно; 70–73, Зориулалт болгон өргөсөн өмч хөрөнгүүд Сүмийн ажилтнуудыг тэтгэхэд ашиглагдах ёстой; 74–93, Завхайрал, садар самуун, хүн алах, хулгайлах, мөн нүглүүдээ тоочихыг зохицуулах хуулиудыг танилцуулав.

1 Анхаарагтун, ай миний сүмийн ахлагчид та нар, бүр Есүс Христ, амьд Бурханы Хүү, дэлхийн Аврагч миний нэрээр өөрсдийгөө цуглуулсан та нар; учир нь та нар миний нэрэнд итгэж мөн зарлигуудыг минь сахидаг болой.

2 Дахин би та нарт хэлнэ, та нарт миний өгөх хуулийг анхаар, сонс мөн дуулгавартай дагагтун.

3 Учир нь үнэнээр би хэлнэ, та нарт миний зарлигласан тэрхүү зарлигийн дагуу та нар өөрсдийгөө цуглуулсан учраас, мөн энэ нэг зүйлийн талаар санал нэгдэн, мөн миний нэрээр Эцэгээс асуусны учир, үүнчлэн та нар хүлээн авах болно.

4 Болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Бага Иосеф Смит, Сидней Ригдон хоёроос бусад нь, та нарын нэг бүр миний нэрээр урагш одох болно хэмээх энэхүү анхны зарлигийг би та нарт өгч байна.

5 Мөн тэд богинохон хугацаагаар урагш одох болно хэмээх зарлигийг би тэдэнд өгч байна, мөн тэдний хэзээ эргэж ирэх нь Сүнсний хүчээр мэдүүлэгдэх болно.

6 Мөн та нар миний нэрээр, миний сайн мэдээг номлож, хоёр хоёроороо, бүрээн дуу мэт дуу хоолойгоо өргөн, Бурханы тэнгэр элч нар адил миний үгийг тунхаглан миний Сүнсний хүчээр урагш одох ёстой.

7 Мөн та нар: Наманчлагтун та нар, наманчлагтун та нар, учир нь тэнгэрийн хаант улс ойрхон байна хэмээн хэлж, усаар баптисм хүртээн урагш одох ёстой.

8 Мөн энэ газраас та нар өрнөд дэх бүс нутгууд руу урагш одох ёстой; мөн та нарыг хүлээн авах тэднийг та нар олохын хэрээр та нар бүс нутаг болгонд миний сүмийг өсгөн бэхжүүлэх ёстой—

9 Та нар нэгдэн цугларсан байж болохын тулд, та нар миний хүмүүс, мөн бибээр та нарын Бурхан байж болохын тулд, Шинэ Иерусалим хот хэзээ бэлтгэгдэх нь дээрээс та нарт илчлэгдэх тэр үеийг хүртэл буюу.

10 Мөн түүнчлэн, би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Эдвард Партриж, миний өөрийг нь томилсон тэрхүү албан тушаалыг авах ёстой. Мөнхүү улиран тохиох дор, хэрэв тэрээр зөрчил гаргах аваас өөр нэгэн нь түүний оронд томилогдох болно. Бүр тийм буюу. Амен.

11 Түүнчлэн би та нарт хэлж байна, миний сайн мэдээг номлох, эсвээс миний сүмийг өсгөн бэхжүүлэхээр урагш одох нь хэнд ч өгөгдөх нь үгүй, тэрээр эрх мэдэл бүхий хэн нэгнээр томилогдсон, мөн эрх мэдэлтэй, бас сүмийн тэргүүнүүдээр зохих ёсоор томилогдсон гэдэг нь сүмд мэдэгдэхээс бусдаар буюу.

12 Мөн түүнчлэн, энэ сүмийн ахлагч, прист болон багш нар Библи дэх мөн сайн мэдээний бүрэн байдал байгаа Мормоны Номон дахь миний сайн мэдээний зарчмуудыг заах ёстой.

13 Мөн тэд гэрээнүүд болон сүмийн тунхгуудыг биелүүлэхээр мэрийн дагах ёстой, мөн тэд Сүнсээр чиглүүлэгдэх үед эдгээр нь тэдний заадаг зүйлс байх ёстой.

14 Мөн итгэлийн залбирлаар та нарт Сүнс өгөгдөх болно; мөн хэрэв та нар Сүнсийг эс хүлээн авбаас та нар заах нь үгүй.

15 Мөн миний судрууд бүрэн бүтнээр өгөгдөх хүртэл, та нарын заах талаар миний зарлигласны дагуу, энэ бүхнийг та нар дагахаар мэрийх ёстой.

16 Мөн та нар Тайтгаруулагчаар дуу хоолойгоо өргөх үед, та нар надад сайн санагдсанаар ярьж мөн бошиглох болно;

17 Учир нь, болгоогтун, Тайтгаруулагч бүх зүйлийг мэддэг, мөн Эцэгийн тухай мөн Хүүгийн тухай гэрчилдэг бөлгөө.

18 Мөн эдүгээ, болгоогтун, бибээр сүмд ярьж байна. Чи хүн алах ёсгүй; мөн хүн алсан тэр энэ дэлхийд ч, мөн ирэх дэлхийд ч өршөөл авахгүй болой.

19 Мөн түүнчлэн, би хэлж байна, чи хүн алах ёсгүй; харин хүн алсан тэрээр үхэх ёстой.

20 Чи хулгайлах ёсгүй; мөн хулгайлдаг мөн үл наманчилдаг тэрээр зайлуулагдах ёстой.

21 Чи худал хэлэх ёсгүй; худал хэлдэг мөн үл наманчилдаг тэрээр зайлуулагдах ёстой.

22 Чи эхнэрээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж мөн өөр хэнд ч биш зөвхөн түүнд бүрэн дүүрэн зориулах ёстой.

23 Мөн эмэгтэй хүнийг тачаангуйгаар хардаг тэрээр итгэлийг үгүйсгэнэ, мөн Сүнстэй байх нь үгүй; мөн хэрэв тэрээр үл наманчилбаас тэрээр зайлуулагдах ёстой.

24 Чи садар самууныг үйлдэх ёсгүй; мөн садар самууныг үйлддэг, мөн үл наманчилдаг тэрээр зайлуулагдах ёстой.

25 Гэвч садар самууныг үйлдсэн мөн бүх зүрх сэтгэлээрээ наманчилж, мөн үүнийг орхиж, тэгээд үүнийг дахиад үйлдээгүй түүнийг чи уучлах ёстой;

26 Гэвч хэрэв тэрээр үүнийг дахин үйлдвээс, тэрээр өршөөгдөхгүй, харин зайлуулагдах ёстой.

27 Чи хөршийнхөө талаар хилэнцтийг ярих эсвэл түүнд аливаа хор хөнөөл учруулах ёсгүй.

28 Эдгээр зүйлийн талаарх миний хуулиуд судруудад минь өгөгдсөнийг чи мэдэх бөлгөө; нүгэл үйлддэг мөн үл наманчилдаг тэрээр зайлуулагдах ёстой.

29 Хэрэв чи намайг хайрладаг бол надад үйлчилж мөн бүх зарлигийг минь сахих ёстой.

30 Мөн болгоогтун, чи ядуусыг санаж, мөн тэднийг дэмжихийн тулд, зөрчиж үл болох гэрээгээр мөн шилжүүлэх эрхийн бичигтэйгээр өөртөө байгаа, хуваалцаж болох өмч хөрөнгөөсөө зориулан өргөх ёстой.

31 Мөн та нар эд хөрөнгөөсөө ядуустай хуваалцахын хэрээр, та нар үүнийг надад үйлдэх болно; мөн тэдгээр нь миний сүмийн бишоп мөн түүний томилох, эсвээс томилсон, мөн тэрхүү зорилгын учир онцгойлон адисалсан түүний зөвлөхүүд болох хоёр ахлагч юм уу дээд пристийн өмнө тавигдах ёстой.

32 Мөнхүү улиран тохиох дор, тэдгээр нь миний сүмийн бишопын өмнө тавигдсаны дараа мөн миний зарлигуудын дагуу тэдгээр нь сүмээс авагдахгүй гэсэн, миний сүмд өмч хөрөнгийг зориулан өргөсөн тухай эдгээр гэрчлэлийг тэрээр хүлээн авсны дараа, хүн болгон өөртөө болон гэр бүлдээ хүрэлцэхүйц хэмжээтэйгээр өөрийн өмч хөрөнгө болгон буюу зориулалтаар хүлээн авсан тэр зүйлийнхээ даамал байж, миний өмнө хариуцлага хүлээхээр болгогдох болно.

33 Мөн түүнчлэн, хэрэв анхны энэхүү өргөлийн дараа сүмийн, эсвээс үүний аливаа нэг хувь хүмүүсийн гарт тэднийг дэмжин тэтгэхэд зайлшгүй шаардлагатайгаас илүү өмч хөрөнгө байх аваас, энэ илүүдэл нь бишопт өргөл болгон өргөгдөж, гачигдалтай хүн болгон хүрэлцэхүйц хэмжээгээр хангагдаж мөн хүслүүдийнхээ дагуу хүлээн авч болохын тулд, байхгүй тэдэнд цагаас цагт өгөхөөр энэ нь хадгалагдах ёстой.

34 Тиймийн тул, илүүдэл нь сүмийн дээд зөвлөл, мөн бишоп болон түүний зөвлөлийн тогтоосноор ядуус болон гачигдагсдад өгөгдөхийн тул миний агуулахад хадгалагдах ёстой;

35 Мөн сүмийн нийтийн ашиг тусын тулд газруудыг худалдан авах, мөн шүтэн бишрэх өргөөнүүдийг барих, мөн хожим илчлэгдэх Шинэ Иерусалимыг өсгөн бэхжүүлэх зорилгын тулд юм—

36 Ариун сүмдээ миний ирэх тэр өдөр миний гэрээт хүмүүс нэгдэн цугларсан байж болохын тулд болой. Мөн бибээр үүнийг өөрийн хүмүүсийн авралын тулд хийдэг.

37 Мөнхүү улиран тохиох дор, нүгэл үйлдэх мөн үл наманчлах тэрээр сүмээс зайлуулагдах ёстой, мөн миний сүмийн ядуус болон гачигдалтай тэдэнд, өөрөөр хэлбэл, надад зориулан өргөснөө тэрээр буцааж авахгүй байх болно—

38 Учир нь та нар үүнийг эдний хамгийн дордод нь хийхийн хэрээр та нар үүнийг надад хийх болно.

39 Учир нь улиран тохиох дор, бошиглогчдынхоо амаар миний хэлсэн нь биелэгдэх болно; учир нь харийнхны дундаас миний сайн мэдээг хүлээн зөвшөөрөх тэдний баялгуудаас би Израилын угсаа болох өөрийн хүмүүсийн ядууст зориулан өргөх болно.

40 Мөн түүнчлэн, чи зүрх сэтгэлдээ бардам байх ёсгүй; бүх өмсгөлөө энгийн байлгагтун, мөн тэдгээрийн сайхан нь чиний гарын ажлын сайхан байг;

41 Мөн бүх зүйл миний өмнө цэвэр ариун байдалд хийгдэг.

42 Чи залхуу байх ёсгүй; учир нь залхуу тэрээр хөдөлмөрлөгчийн талхыг ч идэх, мөн өмсгөлүүдийг ч өмсөх ёсгүй бөлгөө.

43 Мөн та нарын дундах өвчтэй болоод мөн эдгэрэх итгэлгүй хэдий ч үнэмшдэг хэн боловч, бүх нинжин сэтгэлээр, эмийн ургамлаар мөн хөнгөн хоол хүнсээр, мөн энэ нь дайсны бус гараар хийгдэн, асрагдах ёстой.

44 Мөн сүмийн ахлагчид, хоёр юм уу түүнээс олон нь дуудагдаж, мөн тэдний төлөө залбирч мөн миний нэрээр тэд гараа тэдний толгой дээр тавих ёстой; мөн хэрэв тэд нас нөгчих аваас тэд миний төлөө нас нөгчих болой, мөн хэрэв тэд амьдрах аваас тэд миний төлөө амьдрах болно.

45 Чи хайранд хамтдаа амьдрах ёстой, иймээс чи нас нөгчсөн тэднийг алдсаныхаа төлөө мөн нэн ялангуяа сүр жавхлант амилуулалтад найдваргүй тэдний төлөө уйлах ёстой.

46 Мөнхүү улиран тохиох дор надад нас нөгчсөн тэд үхлийг үл амсана, учир нь энэ нь тэдэнд тааламжтай байх болно;

47 Мөн надад нас нөгчөөгүй тэд, халаг тэдэнд, учир нь тэдний үхэл гашуун болой.

48 Мөн түүнчлэн, улиран тохиох дор эдгэрэхдээ надад итгэлтэй, мөн үхэлд оноогдоогүй тэр нь эдгэрэх болно.

49 Харах итгэлтэй тэр нь харах болно.

50 Сонсох итгэлтэй тэр нь сонсох болно.

51 Үсрэх итгэлтэй доголон тэр нь үсрэх болно.

52 Мөн эдгээр зүйлийг хийх итгэлгүй атлаа надад итгэдэг тэд миний хөвгүүд болох хүчтэй байна; мөн тэд миний хуулиудыг зөрчихгүй байхын хэрээр чи тэдний сул дорой байдлыг үүрэх болно.

53 Чи даамлын ажил үүргийнхээ газарт зогсох ёстой.

54 Чи ахынхаа өмсгөлийг авах ёсгүй; чи ахаасаа хүлээн авах зүйлийнхээ хариуд төлөх ёстой.

55 Мөн хэрэв чи өөрийгөө тэтгэхээс илүүг олж авбал, бүх зүйл миний хэлсний дагуу хийгдэж болохын тулд чи үүнийг миний агуулахад өгөх ёстой.

56 Чи гуйх ёстой, мөн миний тогтоосончлон миний судрууд өгөгдөх болно, мөн тэдгээр нь аюулгүй хадгалагдах ёстой;

57 Мөн тэдгээрийн талаар чи дуугүй байх нь, мөн чи тэдгээрийг бүрэн дүүрнээр нь хүлээн авах хүртлээ тэдгээрийг заахгүй байх нь зүйтэй болой.

58 Мөн тэгэхэд та нар бүх хүнд тэдгээрийг заах ёстой хэмээх зарлигийг би та нарт өгч байна; учир нь бүх үндэстэн, ястан, хэлтэн болон ард түмэнд тэдгээр нь заагдах ёстой.

59 Миний судруудад хууль болгон чамд өгөгдсөн, хүлээн авсан зүйлсээ чи сүмийг минь удирдах хууль байхаар хүлээн авах ёстой;

60 Мөн эдгээр зүйлийн дагуу үйлддэг тэрээр аврагдах болно, мөн тэдгээрийг үл үйлддэг тэрээр хэрэв үүнчлэн үргэлжлүүлсээр байх аваас яллагдах болно.

61 Хэрэв чи гуйх аваас, баяр хөөрийг авчирдаг, мөнх амьдралыг авчирдаг тэрхүү нууцууд болон амар амгалангийн зүйлсийг мэдэж болохын тулд илчлэл дээр илчлэлийг, мэдлэг дээр мэдлэгийг хүлээн авах болно.

62 Чи гуйх ёстой, мөн Шинэ Иерусалим хаана баригдах нь миний тогтоосон цагт чамд илчлэгдэх болно.

63 Мөн болгоогтун, улиран тохиох дор миний үйлчлэгчид дорнодод мөн өрнөдөд, умардад мөн өмнөдөд урагш илгээгдэх болно.

64 Мөн бүр эдүгээ, дорнод руу явах тэр нь хөрвүүлэгдэх тэдэнд өрнөд рүү зугтахыг заагтун, мөн энэ нь дэлхий дээр ирж буй тэр зүйлийн, мөн нууц хуйвалдаануудын улмаас болой.

65 Болгоогтун, чи эдгээр бүх зүйлийг мөрдөх ёстой, мөн шагнал чинь агуу байх бөлгөө; учир нь хаант улсын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгддөг, харин тэдгээрийг мэдэх нь дэлхийнхэнд өгөгддөггүй бөлгөө.

66 Та нар хүлээж авсан хуулиудаа мөрдөж мөн итгэлтэй байх ёстой.

67 Мөн хожим та нар энд болон Шинэ Иерусалимын аль алинд нь та нарыг тогтворжуулахад хангалттай байх сүмийн гэрээнүүдийг хүлээн авах болно.

68 Тиймийн тул, мэргэн ухаан дутдаг тэрээр надаас гуйг, мөн бибээр түүнд чөлөөтэйгээр өгөх болно, мөн түүнийг зэмлэх нь үгүй бөлгөө.

69 Зүрх сэтгэлээ өргөж мөн баясагтун, учир нь та нарт хаант улс, эсвээс өөрөөр хэлбэл, сүмийн түлхүүрүүд өгөгдсөн бөлгөө. Бүр тийм буюу. Амен.

70 Пристүүд болон багш нар гишүүдийн нэг адил өөрсдийн даамлын ажил үүрэгтэй байх ёстой.

71 Мөн бүхий л зүйлд бишопт зөвлөхүүд нь байж туслахын тулд томилогдсон ахлагч юм уу дээд пристийн гэр бүлүүд ядуусын сайн сайхны төлөө, мөн өмнө дурдсанчлан бусад зорилгуудын төлөө бишопт зориулан өргөсөн өмч хөрөнгөөр тэтгэгддэг байх ёстой;

72 Эсвээс тэд даамлын ажил үүрэг юм уу өөр байдлаарх бүхий л үйлчлэлүүдийнхээ төлөө хамгийн сайн хэмээн бодогдсоноор, эсвээс зөвлөхүүд болон бишопын шийдсэнээр шударга нөхөн төлбөр авах ёстой.

73 Мөн тэрчлэн, бишоп сүм дэх бүхий л үйлчлэлүүдийнхээ төлөө өөрт тэтгэлгийг эсвэл шударга нөхөн төлбөрийг авах ёстой.

74 Болгоогтун, үнэнээр би та нарт хэлнэ, завхайрсных нь төлөө ханиасаа салсан та нарын дундах ямар ч хүн, өөрөөр хэлбэл, тэд зүрх сэтгэлийнхээ бүхий л номхон дөлгөөн байдалд энэ нь ийм болохыг та нарын өмнө гэрчилбээс, та нар тэднийг өөрсдийнхөө дундаас зайлуулах ёсгүй;

75 Гэвч садар самууны төлөө ханиа орхисон аливаа хүмүүсийг та нар мэдэх аваас, мөн тэд өөрсдөө бурууг үйлдэгчид бол мөн тэдний хань нь амьд байгаа бол тэд та нарын дундаас зайлуулагдах ёстой.

76 Мөн түүнчлэн, би та нарт хэлж байна, хэрэв тэд гэрлэсэн аваас, та нар иймэрхүү хэнийг ч өөрсдийнхөө дунд хүлээн авахгүйн тулд та нар нарийнаар сураглан, сэрэмжтэй мөн болгоомжтой байгтун;

77 Мөн хэрэв тэд гэрлээгүй аваас, тэд бүхий л нүглээ наманчлах ёстой эсвэл та нар тэднийг хүлээн авах ёсгүй.

78 Мөн түүнчлэн, Христийн энэ сүмд харьяалагддаг хүн болгон сүмийн бүх зарлиг болон гэрээнүүдийг дагахаар мэрийх ёстой.

79 Мөнхүү улиран тохиох дор хэрэв та нарын дундах аливаа хүмүүс хүн алах аваас, тэд уг нутгийн хуулиудын дагуу шилжүүлэн өгөгдөж мөн шийдэгдэх ёстой; учир нь түүнд өршөөл үгүй гэдгийг санагтун; мөн энэ нь уг нутгийн хуулиудын дагуу нотлогдох болно.

80 Мөн хэрэв аливаа эрэгтэй эсвэл эмэгтэй садар самууныг үйлдэх аваас, тэрээр сүмийн хоёр юм уу түүнээс олон ахлагчийн өмнө шүүгдэх ёстой, мөн түүний талаарх үг бүр нь дайснаар биш, харин сүмийн хоёр гэрчээр үндэслэгдэх ёстой; гэхдээ хэрэв хоёроос илүү гэрч байх аваас энэ нь бүр сайн.

81 Гэвч тэрээр хоёр гэрчийн амаар буруутгагдах ёстой; мөн ахлагчид уг хэргийг сүмийн өмнө тавих ёстой, мөн тэд Бурханы хуулийн дагуу шийдэгдэж болохын тулд сүм түүний эсрэг тэдний гарыг өргүүлэх ёстой.

82 Мөн хэрэв энэ нь боломжтой аваас, бишоп тэрчлэн байлцах нь шаардлагатай бөлгөө.

83 Мөн та нар өөрсдийнхөө өмнө авчрагдах бүхий л хэргүүдэд ийн үйлдэх ёстой.

84 Мөн хэрэв эрэгтэй юм уу эмэгтэй хүн дээрэм хийвээс, тэрээр уг нутгийн хуулинд шилжүүлэн өгөгдөх ёстой.

85 Мөн хэрэв хүн хулгайлах аваас тэрээр уг нутгийн хуулинд шилжүүлэн өгөгдөх ёстой.

86 Мөн хэрэв хүн худал хэлэх аваас, тэрээр уг нутгийн хуулинд шилжүүлэн өгөгдөх ёстой.

87 Мөн хэрэв хүн ямар нэгэн алдсыг үйлдвээс, тэрээр бүр Бурханы хуулинд шилжүүлэн өгөгдөх ёстой.

88 Мөн хэрэв ах юм уу эгч чинь чамд гэм бурууг үйлдэх аваас, чи түүнтэй ганцаарчлан уулзах ёстой; мөн хэрэв тэрээр гэм нүглээ тоочих аваас чи эвлэрэх ёстой.

89 Мөн хэрэв тэрээр гэм нүглээ үл тоочих аваас чи түүнийг сүмд, гишүүдэд бус харин ахлагчдад шилжүүлэн өгөх ёстой. Мөн энэ нь дэлхийнхний өмнө биш, харин хурлаар хийгддэг байх ёстой.

90 Мөн хэрэв ах юм уу эгч чинь олонд гэм бурууг үйлдэх аваас, тэрээр олны өмнө зэмлэгдэх ёстой.

91 Мөн хэрэв хэн нэгэн нь олны өмнө гэм бурууг үйлдэх аваас, тэрээр ичгүүрлэгдэж болохын тулд түүнийг олны өмнө зэмлэх ёстой. Мөн хэрэв тэрээр гэм нүглээ үл тоочих аваас, тэрээр Бурханы хуулинд шилжүүлэн өгөгдөх ёстой.

92 Хэрэв хэн нэгэн нь нууцаар гэм бурууг үйлдэх аваас, тэрээр гэм бурууг үйлдсэн хүндээ мөн Бурханд нууцаар нүглээ тоочих боломжтой байж болохын тулд, түүний талаар сүм зэмлэнгүйгээр ярихгүй байж болохын тулд, тэрээр нууцаар зэмлэгдэх ёстой.

93 Мөн та нар бүхий л зүйлд ийнхүү үйлдэх ёстой.

Хэвлэх