Судрууд
Албан тунхаг 1


Албан тунхаг 1

Бурхан өөрөөр тунхаглаагүй л бол нэг хүнтэй л гэрлэх нь Түүний гэрлэлтийн жишиг юм хэмээн Библи болон Мормоны номд заадаг (2 Самуел 12:7–8 ба Иаков 2:27, 30-ийг үз). Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлийн дараа, 1840-өөд оны эхээр Сүмийн гишүүдийн дунд олон эхнэртэй гэрлэх гэрлэлт бий болсон (132-р хэсгийг үз). 1860–1880-аад онд Нэгдсэн Улсын засгийн газраас шашны энэ дадлыг хууль бус болгосон хуулиудыг гаргажээ. Эдгээр хууль нь яваандаа Нэгдсэн Улсын Дээд шүүхээр дэмжин батлагджээ. Ерөнхийлөгч Вилфорд Вүүдраф илчлэл хүлээн аваад, дараах Манифесто буюу Тунхгийг гаргасан ба 1890 оны аравдугаар сарын 6-нд Сүмээр албан ёсны мөн хүчин төгөлдөр хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байна. Энэ нь Сүм дэх олон эхнэртэй байх явдлыг төгсгөжээ.

Холбогдох хүмүүсийн сонорт:

Улс төрийн зорилгоор Солт Лэйк Ситигээс илгээж буй, өргөнөөр нийтлэгдсэн хэвлэлийн мэдэгдлүүдэд, Ютагийн Комиссоос Дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн даргад явуулсан саяхны илтгэлдээ олон эхнэр авах ёсыг онцгой ёслол болгон гүйцэтгэсээр байгаа бөгөөд Ютад өнгөрсөн зургаадугаар сараас хойш, өнгөрсөн жилийн хугацаанд дөч эсвээс түүнээс олон ийм гэрлэлт бүртгэгдсэн мөн түүнчлэн Сүмийн удирдагчид олон эхнэртэй байх ёсыг үргэлжлүүлэхийг олны өмнө өөгшүүлэн дэмжиж, мөн урамшуулдаг хэмээн мэдээлжээ—

Тиймийн тул, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхийлөгчийн хувьд би эдгээр мэдэгдэл буруу гэдгийг хамгийн эрс хатуугаар мэдэгдэж байна. Бид олон эхнэртэй байх байдлыг буюу олон эхнэр авах ёсыг заадаггүй, мөн ийм ёсонд орохыг хэнд ч зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай Ариун сүмүүдэд юм уу эсвэл Бүсийн нутаг дэвсгэрийн аль ч газарт дөч эсвээс өөр тооны олон эхнэр авсан нэг ч гэрлэлт энэ хугацаанд онцгой ёслолын байдалтайгаар болсон гэдгийг миний бие үгүйсгэж байна.

Ийм нэг гэрлэлт 1889 оны хавар Солт Лэйк Ситид, Хишигийн өргөөнд гүйцэтгэгдсэн гэж талууд мэдэгдсэн хэмээх нэгэн тохиолдол мэдээлэгдсэн, гэвч уг ёслолыг хэн гүйцэтгэснийг би мэдэж чадаагүй байна; энэ асуудлаарх аливаа зүйл надад мэдэгдэлгүйгээр хийгджээ. Мэдээлэгдсэн тохиолдлын улмаас, миний заавраар Хишигийн өргөөг тэр даруй буулгасан болно.

Олон эхнэр авах ёсыг хориглосон хуулиуд Конгрессоор тогтоогдон, эдгээр хууль үндсэн хуульд нийцдэг гэдэг нь дээд шүүхээр тунхаглагдсан учраас, би эдгээр хуульд захирагдахаа мөн өөрийн тэргүүлдэг Сүмийн гишүүдийг мөн адил захирагдахад нь тэдний дунд өөрийн нөлөөг ашиглахаа мэдэгдэж байна.

Дээр дурдсан хугацаанд миний эсвэл хамтран ажиллагчдын маань Сүмийнхэнд заасан зүйлсэд, олон эхнэртэй байх ёсыг зөвтгөн тайлбарлаж ухуулсан буюу хөхиүлэн дэмжсэн гэхээр зүйл юу ч байхгүй; мөн тус Сүмийн аль ч Ахлагч иймэрхүү аливаа заалтыг дамжуулсан гэхээр үг хэллэг хэрэглэсэн тохиолдолд тэрээр тэр даруй зэмлэгддэг билээ. Мөн Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд өгдөг миний зөвлөгөө бол улс орны хуулиар хориглогдсон аливаа гэрлэлт хийхийг цээрлэх явдал мөн гэдгийг эдүгээ би олон нийтийн өмнө зарлан мэдэгдэж байна.

Вилфорд Вүүдраф

Есүс Христийн Хожмын Үеийн
Гэгээнтнүүдийн Сүмийн Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Лорензо Снөү дараах зүйлийг санал болгов:

“Вилфорд Вүүдрафыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч, мөн өнөө үед лацдан холбох ёслолуудын түлхүүрүүдийг атгадаг, дэлхий дээрх цорын ганц хүн хэмээн хүлээн зөвшөөрдгийн хувьд, 1890 оны есдүгээр сарын 24-ний өдрөөр хаяглагдсан, мөн бидэнд уншиж сонсгосон Тунхаг бичгийг тэрбээр албан тушаалынхаа хүч нөлөөгөөр гаргах бүрэн эрх мэдэлтэй хэмээн бид үзэж, мөн Ерөнхий чуулганд цугласан Сүмийн хувиар, бид олон эхнэр авах ёсны талаарх түүний тунхгийг албан ёсны мөн хүчин төгөлдөр хэмээн хүлээн авахыг миний бие санал болгож байна.”

Юта, Солт Лэйк Сити, 1890 оны аравдугаар сарын 6

Ерөнхийлөгч Вилфорд Вүүдрафын
Тунхаг бичгийн талаар
гурван удаагийн хэлсэн үгнээс авсан хэсэг

Надад эсвээс энэ Сүмийн Ерөнхийлөгч байх хэнд ч, та нарын замыг алдагдуулахыг Их Эзэн хэзээ ч үл зөвшөөрөх болно. Энэ нь хөтөлбөрт байхгүй. Энэ нь Бурханы оюунд байхгүй. Хэрэв би үүнийг хийхээр хичээх аваас, Их Эзэн намайг албан тушаалаас минь зайлуулах буйза, мөн хүмүүсийн үрсийг Бурханы илчлэлүүд болон өөрсдийнх нь үүргээс гажуудуулахаар оролдсон бусад хэнийг ч Тэрбээр мөн үүнчлэн зайлуулах болно (Сүмийн хагас жил тутмын жаран нэг дэх ерөнхий чуулган, 1890 оны аравдугаар сарын 6, Даваа гараг, Солт Лэйк Сити, Юта Deseret Evening News-д 1890 оны аравдугаар сарын 11-нд нийтлэгджээ, хуудас 2.)

Хэн амьдарч байгаа, эсвээс хэн нас барсан, эсвээс хэн энэ Сүмийг удирдахаар дуудагдсан нь хамаагүй, тэд Бүхнийг Чадагч Бурханы нөлөөллөөр үүнийг удирдах ёстой билээ. Хэрэв тэд үүнийг ийм замаар хийхгүй аваас тэд үүнийг ерөөсөө хийж чадахгүй. …

Мөн сүүлийн үед миний хувьд нэн чухал ач холбогдолтой илчлэлүүдийг би хүлээн авсан билээ, мөн Их Эзэний надад хэлсэн зүйлийг би та нарт ярих болно. Тунхаг бичиг хэмээн нэрлэгдсэн тэрхүү зүйлд та нарын оюун санааг хандуулахыг надад зөвшөөрнө үү. …

Хожмын Үеийн Гэгээнтнүүдээс нэг асуулт асуухыг Их Эзэн надад хэлсэн билээ, мөн хэрэв тэдэнд миний хэлснийг тэд сонсож мөн өөрсдөд нь тавьсан асуултад Сүнсээр бөгөөд Бурханы хүчээр хариулах аваас, тэд бүгдээрээ нэгэн адилаар хариулах болно, мөн тэд бүгдээрээ энэ асуудлын талаар адилхан итгэх болно хэмээн Тэрбээр тэрчлэн надад хэлсэн бөлгөө.

Тэр асуулт нь энэ байна: Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хувьд хамгийн ухаалаг зам аль нь вэ?—Улс орны хуулиудын эсрэг, мөн жаран сая хүний эсрэг, мөн бүх Ариун сүмийг хураалган бас алдаж, бас тэдгээр дэх амьд байгаа хүмүүсийн болон нас барагсдын төлөөх бүх ёслолыг зогсоон, бас Тэргүүн зөвлөл болон Арван хоёрыг мөн Сүм дэх гэр бүлийн тэргүүнүүдийг шоронд хориулж, мөн хүмүүсийн хувийн өмчийг хураалган байж (эдгээр нь бүгд уг зуршлыг зогсоох болно) олон эхнэр авах ёсны дадал зуршлыг үргэлжлүүлэх үү; эсвэл, энэхүү зарчимд дуулгавартай байхын тулд бид ихийг хийж мөн туулсны дараа уг зуршлыг орхиж, мөн хуулинд захирагдан, мөн үүнийг хийснээрээ Бошиглогчид, Төлөөлөгчид болон гэр бүл дэх эцгүүдийг гэрт нь үлдээн, тэгснээр тэд хүмүүст зааварлаж мөн Сүмийн үүргүүдийг биелүүлж, мөн түүнчлэн тэд амьд байгаа хүмүүс болон нас барагсдын төлөө Сайн мэдээний ёслолуудыг гүйцэтгэж болохын тулд Ариун сүмүүдийг гэгээнтнүүдийн гарт үлдээхийн тулд уг хуулинд захирагдах уу?

Хэрэв бид энэ зуршлыг эс зогсоовол, чухам юу тохиохыг Их Эзэн үзэгдлээр болон илчлэлээр надад үзүүлсэн бөлгөө. Хэрэв бид үүнийг эс зогсоосон бол, Логан дахь энэ ариун сүм дэх аль ч хүмүүн нь … та нарын хувьд ямар ч ашиг тусгүй байх байсан; учир нь Сионы нутаг даяар бүх ёслол зогсох байсан. Израил даяар эмх замбараагүй явдал газар авч, мөн олон эрчүүд хоригдол болох байсан. Энэхүү хэцүү байдал бүхэл Сүм дээр ирж, мөн уг зуршлыг зогсоохоор бид албадуулагдах байсан. Эдүгээ, энэ нь ийм байдлаар албадлагаар зогсох ёстой юу эсвэл, Их Эзэний бидэнд үзүүлсэн тэр замаар, өөрсдийн Бошиглогчид ба Төлөөлөгчид түүнчлэн эцгүүдээ чөлөөт хүмүүс хэвээр үлдээж, мөн нас барагсад гэтэлгэгдэж болохын тулд ариун сүмүүдийг хүмүүсийн гарт хэвээр үлдээх үү гэдэг нь асуудал болоод байна. Сүнсний дэлхий дэх шоронгийн байрнаас асар олон тоотой нь энэ хүмүүсээр аль хэдийн чөлөөлөгдөөд байгаа бөгөөд, уг ажил цаашид үргэлжлэх үү, эсвэл зогсох уу? гэдэг нь Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн өмнө тавих миний асуулт болой. Та нар өөрсдөө шүүн тунгаах ёстой. Үүнд та нар өөрсдөө хариулахыг би хүсэж байна. Би үүнд хариулахгүй; харин энэ бол бидэнд буй тэр замыг бид эс сонгосон аваас, хүмүүсийн хувьд бидэнд тулгарах байсан тэрхүү нөхцөл байдал яах аргагүй мөн гэдгийг би та нарт хэлж байна.

… Хэрэв ямар нэг юм хийхгүй бол юу тохиохыг би яг харсан. Надад энэ мэдрэмж урт удаан хугацааны турш байгаа билээ. Гэвч би үүнийг хэлэхийг хүснэ: Тэнгэрийн Бурхан миний хийсэн зүйлийг хий хэмээн надад зарлиглаагүй бол, би бүх ариун сүмийг өөрсдийн гараас алдах байсан; би өөрөө шоронд орох байсан, мөн өөр шигээ бусад эр хүн болгоныг тийшээ очиход хүргэх байсан; мөн үүнийг хийхээр би зарлиг болгогдох цаг нь ирэхэд, энэ бүгд надад тодорхой байлаа. Би Их Эзэний өмнө очиж, мөн Их Эзэний бич хэмээн надад хэлснийг бичсэн билээ. …

Та нарыг тунгаан бодож мөн эргэцүүлэг хэмээн үүнийг би та нарт үлдээе. Их Эзэн бидэнтэй хамт ажиллаж байна. (Каш Гадасны чуулган, Логан, Юта, 1891 оны 11-р сарын 1, Ням гараг. 1891 оны 11-р сарын 14-нд Deseret Weekly-д нийтлэгдэв.)

Надад юу үзүүлэгдсэнийг болон Бурханы Хүү энэ зүйлд юу гүйцэтгэснийг одоо би та нарт ярья… Уг Тунхаг бичиг өгөгдөөгүй бол, Бүхнийг Чадагч Бурхан амьдардгийн адил, эдгээр бүх зүйл тохиох байлаа. Тиймийн тул, Бурханы Хүү өөрийн оюун дахь зорилгуудын учир энэ зүйлийг Сүмд, мөн дэлхийнхэнд толилуулах хүсэлтэй байв. Сионыг үндэслэн байгуулахыг Их Эзэн тогтоосон билээ. Тэрээр энэ ариун сүмийг дуусгахыг тогтоосон билээ. Амьд байгаа хүмүүс болон нас барагсдын аврал нь уулсын эдгээр хөндийд өгөгдөх ёстой хэмээн Тэрбээр тогтоосон билээ. Мөн Чөтгөр үүнийг саатуулах ёсгүйг Бүхнийг Чадагч Бурхан тогтоосон билээ. Хэрэв та нар үүнийг ойлгож чадах аваас, тэр нь үүний түлхүүр мөн. (1893 оны дөрөвдүгээр сард Солт Лэйкийн ариун сүмийг онцгойлон адислах зургаадугаар хуралдаан дээр хэлсэн үгээс авав. Онцгойлон адислах Үйлчлэлийн баримт бичиг, Сүмийн Түүхийн Хэлтсийн Архив, Юта, Солт Лэйк Сити).

Хэвлэх