Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 30


Хэсэг 30

1830 оны есдүгээр сард Нью-Йоркийн Фэйетэд болсон гурван өдрийн чуулганы дараа, гэхдээ Сүмийн ахлагчид салж явахын өмнө бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Давид Витмер, Бага Петр Витмер мөн Жон Витмер нарт өгөгдсөн илчлэл оршвой. Анхандаа энэ нь гурван илчлэл болон нийтлэгдсэн юм; Сургаал ба Гэрээнүүдийн 1835 оны хэвлэлд бошиглогч үүнийг нэг хэсэг болгон нэгтгэжээ.

1–4, Хичээнгүйлэн үйлчлээгүйн учир Давид Витмер зэмлэгдэв; 5–8, Бага Петр Витмер леменчүүдэд хийх номлолд Оливер Каудерийг дагалдан явах ёстой; 9–11, Жон Витмер сайн мэдээг номлохоор дуудагдав.

1 Болгоогтун, Давид, чи хүнээс эмээсэн мөн хүч чадлын төлөө надад түшиглэх ёстой байтал тэгээгүй гэдгийг би чамд хэлж байна.

2 Харин чамайг Бий Болгогч миний зүйлс дээр мөн чиний дуудагдсан тэрхүү тохинуулал дээр гэхээсээ илүүгээр оюун чинь дэлхийн зүйлс дээр байсаар ирлээ; мөн чи миний Сүнсэнд мөн өөрийнхөө дээгүүр томилогдсон тэдэнд анхаарал тавьсангүй, харин миний зарлиглаагүй тэднээр ятгагдсан билээ.

3 Иймийн тул, чи өөрийнхөө төлөө миний мутраас асуухаар үлдсэн, мөн өөрийнхөө хүлээн авсан тэрхүү зүйлсийн талаар тунгаан бодохоор үлдсэн бөлгөө.

4 Мөн бибээр чамд цаашдын зарлигуудыг өгөх хүртэл эцгийн чинь гэр чиний гэр орон байх ёстой. Мөн чи сүмд, дэлхийн өмнө, мөн орчин тойрныхоо бүс нутгуудад, тохинуулалд өөрийгөө зориулах ёстой. Амен.

5 Болгоогтун, Петр, би чамд хэлж байна, чи Оливер ахынхаа хамт аянд гарах ёстой; учир нь миний сайн мэдээг тунхаглахын тулд чи амаа нээх ёстой нь надад зүйтэй байгаа тэрхүү цаг ирлээ; тиймийн тул, бүү эмээгтүн, харин ахынхаа чамд өгөх үгс болон зөвлөгөөнд анхаарал тавигтун.

6 Мөн түүний бөгөөд өөрийнхөө чөлөөлөлтийн төлөө залбирал болон итгэлд зүрх сэтгэлээ ямагт надад өргөн, түүний бүх зүдгүүрт чи зовж бай; учир нь леменчүүдийн дунд миний сүмийг өсгөн бэхжүүлэх хүчийг би түүнд өгсөн билээ;

7 Мөн бибээр түүний ах Бага Иосеф Смитээс өөр хэнийг ч, сүмийн ажил хэргүүдийн хувьд түүний дээр түүний зөвлөх байхаар сүмд томилоогүй болой.

8 Иймийн тул, эдгээр зүйлд анхаарал тавьж мөн миний зарлигуудыг сахихад хичээнгүй байгтун, мөн чи мөнх амьдралыг авч адислагдах болно. Амен.

9 Болгоогтун, миний үйлчлэгч Жон, чи энэ цагаас эхлэн цаашид бүрээн дуу хоолой мэтээр миний сайн мэдээг тунхаглах ёстой гэдгийг би чамд хэлж байна.

10 Мөн Филип Бурроус ахындаа, тийм ээ, мөн чамайг тэнд сонсож болох эргэн тойрны тэрхүү бүс нутгуудад, эндээс чамайг явахыг би чамд зарлиглах хүртэл чи хөдөлмөрлөх ёстой.

11 Мөн чиний бүх зүрх сэтгэлийн бүхий л хөдөлмөр чинь энэ цаг үеэс хойш Сионы төлөө байх ёстой; тийм ээ, хүн юу хийж чадахаас үл эмээн чи ямагт миний байр суурийн төлөө амаа нээх ёстой, учир нь би чамтай хамт байна. Амен.

Хэвлэх