Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 48


Хэсэг 48

1831 оны гуравдугаар сарын 10-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Гэгээнтнүүдийг суурьшуулахын тулд газар олж авах явц журмын талаар бошиглогч Их Эзэнээс асуужээ. Тэд Охайод цугларах ёстой хэмээсэн Их Эзэний зарлигт дуулгавартай байж, Сүмийн гишүүд Нэгдсэн Улсын дорнод зүгээс нүүдэллэж байсан учир энэ нь чухал асуудал байв (хэсэг 37:1–3; 45:64-ийг үз).

1–3, Охайо дахь гэгээнтнүүд газруудаа ах дүүстэйгээ хуваалцах ёстой; 4–6, Гэгээнтнүүд газар худалдан авч, хот барьж, мөн тэргүүлэх албан тушаалтнуудынхаа зөвлөгөөг дагах ёстой.

1 Та нарын нөхцөл байдлуудад тохирсон байхын хэрээр, эдүгээ үед та нар оршин суугаа газрууддаа үлдэх нь шаардлагатай бөлгөө.

2 Мөн та нар газруудтай байхын хэрээр, та нар дорно зүгийн ах дүүстэйгээ хуваалцах ёстой;

3 Мөн та нарт газар байхгүйн хэрээр тэдэнд сайн санагдсанаар, эдүгээ цагт эргэн тойрныхоо бүс нутгуудад тэд газар худалдан аваг, учир нь эдүгээ цагт тэд амьдрах газартай байх ёстой нь зайлшгүй шаардлагатай болой.

4 Та нар хойшид газар, бүр хотыг өв болгон худалдаж авах боломжтой байж болохын тулд чадлынхаа хэрээр бүх мөнгийг хадгалж, мөн та нар зөв шударга байдалд олж чадах тэр бүгдийг олж авах ёстой нь зайлшгүй шаардлагатай болой.

5 Уг газар илчлэгдэх нь хараахан болоогүй байна; гэвч та нарын ах дүүс дорнодоос ирсний дараа тодорхой эрчүүд томилогдох ёстой, мөн газрыг мэдэх нь тэдэнд өгөгдөх буюу тэдэнд энэ нь илчлэгдэх болно.

6 Мөн газруудыг худалдан авах, мөн хотын суурь тавихыг эхлүүлэхээр тэд томилогдох болно; мөн тэгээд, хүн бүр гэр бүлийнхээ дагуу, өөрийн нөхцөл байдлын дагуу, мөн та нарын хүлээн авсан бас үүнээс хойш та нарын хүлээн авах хуулиуд болон зарлигуудын дагуу мөн сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл болон бишопоор түүнд томилсноор та нар гэр бүлтэйгээ хамт цугларч эхлэх ёстой. Бүр тийм буюу. Амен.

Хэвлэх