Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 117


Хэсэг 117

1838 оны долоодугаар сарын 8-нд Миссурийн Фар Вестэд Виллям Маркс, Ньюел К.Витней, мөн Оливер Гранжер нарын анхдагч үүргүүдийн талаар бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой.

1–9, Их Эзэний үйлчлэгчид эд зүйлсэд шунах ёсгүй, учир нь “Их Эзэнд өмч хөрөнгө ямар хэрэгтэй билээ?”; 10–16, Тэд бодгалийн сагсуу чанарыг орхих ёстой, мөн тэдний золиосууд Их Эзэнд ариун нандин байх болно.

1 Үнэнээр ийн Их Эзэн өөрийн үйлчлэгч Виллям Маркс, мөн тэрчлэн өөрийн үйлчлэгч Ньюел К.Витнейд хэлж байна, тэд өөрсдийн ажлыг үтэр түргэн шийдэж мөн Их Эзэн намайг дэлхийд цасыг дахин илгээхээс өмнө Көртландын нутгаас яваг.

2 Тэд сэрэг, мөн босог, урагш ирэг, мөн бүү үлдэг, учир нь Их Эзэн бибээр үүнийг зарлиглаж байна.

3 Тиймийн тул, хэрэв тэд үлдэх аваас тэдэнд сайн биш байх болно.

4 Тэд бүх нүглээсээ мөн бүх шунаг хүслээсээ миний өмнө наманчлаг хэмээн Их Эзэн хэлж байна; учир нь надад өмч хөрөнгө ямар хэрэгтэй билээ? хэмээн Их Эзэн хэлж байна.

5 Көртландын өмч хөрөнгө өрийн улмаас борлуулагдаг хэмээн Их Эзэн хэлж байна. Тэдгээрээс сал хэмээн Их Эзэн хэлж байна, мөн юу ч үлдлээ гэсэн, энэ нь та нарын гарт байг хэмээн Их Эзэн хэлж байна.

6 Учир нь надад агаарын жигүүртнүүд, мөн тэрчлэн тэнгис далайн загас, мөн уулын амьтад байхгүй гэж үү? Би дэлхийг бий болгоогүй гэж үү? Би дэлхийн үндэстнүүдийн бүх их цэргийн хувь заяаг атгадаггүй гэж үү?

7 Тиймийн тул бибээр зэлүүд газруудыг нахиалахаар бас цэцэглэхээр болгож, мөн элбэг дэлбэгээр ургуулахгүй гэж үү? хэмээн Их Эзэн хэлж байна.

8 Адам-ондай-Аманы уулс дээр, мөн Олаха Шинехагийн талууд дээр, эсвээс Адамын оршин суудаг асан газар дээр хангалттай зай байхгүй учир та нар жижигхэн тэр зүйлд шунаж мөн илүү нухацтай асуудлуудыг үл хайхрах ёстой юу?

9 Тиймийн тул, миний хүмүүсийн нутагт, бүр Сионд, ийшээ ирэгтүн.

10 Миний үйлчлэгч Виллям Маркс цөөн хэдэн зүйл дээр үнэнч байг, мөн тэрээр олон зүйлийн захирагч байх болно. Тэрээр Фар Вестийн хот дахь миний хүмүүсийн дунд тэргүүлэг, мөн тэрээр миний хүмүүсийн адислалуудаар адислагдаг.

11 Миний үйлчлэгч Ньюел К.Витней николайчуудын бүлэглэлээс, мөн тэдний бүхий л нууц жигшүүрт хэргүүдээс, түүнчлэн миний өмнө өөрийн бодгалийн сагсуу чанараас ичиг хэмээн Их Эзэн хэлнэ, мөн Адам-ондай-Аманы нутагт өгсөн очиж, мөн миний хүмүүст нэрийн төдий бус, харин үйлсээрээ бишоп байг хэмээн Их Эзэн хэлж байна.

12 Мөн түүнчлэн, би та нарт хэлж байна, би өөрийн үйлчлэгч Оливер Гранжерыг санаж байна; болгоогтун, түүний нэр үеэс үед, үүрд мөн мөнхөд ариун нандин дурсамжид байх болно хэмээн би үнэнээр түүнд хэлж байна.

13 Тиймийн тул, тэрээр миний Сүмийн Тэргүүн зөвлөлийн гэтэлгэлийн төлөө хичээнгүй тэмцэг хэмээн Их Эзэн хэлж байна; мөн тэрээр унаад, тэрээр дахин босож ирэх болно, учир нь түүний өсөлтөөс илүүгээр түүний золиос надад илүү ариун нандин байх болно хэмээн Их Эзэн хэлж байна.

14 Тиймийн тул, тэр наашаа Сионы нутагт үтэр түргэн ирэг; мөн тогтоосон цаг нь болоход тэрээр миний хүмүүсийн ашиг тусын тулд миний нэрэнд худалдаачин болгогдох болно хэмээн Их Эзэн хэлж байна.

15 Тиймийн тул, миний үйлчлэгч Оливер Гранжерийг хэн ч бүү ад үзэг, харин миний хүмүүсийн адислалууд түүн дээр үүрд мөн мөнхөд байг.

16 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, Көртландын нутаг дахь миний бүх үйлчлэгч Их Эзэн Бурханаа дурсан санаг, мөн тэрчлэн миний өргөөг ариунаар хадгалж мөн хамгаалахыг санаг, мөн миний тогтоосон цагт мөнгө хүүлэгчдийг унагахаа санаг хэмээн Их Эзэн хэлж байна. Бүр тийм буюу. Амен.