2010–2019
Сайн мэдээний дагуу аз жаргалтай амьдрах нь
Аравдугаар сар 2014


20:8

Сайн мэдээний дагуу аз жаргалтай амьдрах нь

Есүс Христийн аврах хүчинд итгэ. Түүний хууль, зарлигуудыг дага. Өөрөөр хэлбэл, сайн мэдээний дагуу аз жаргалтай амьдар.

Хайрт эгч нар аа, хайрт найзууд, Есүс Христийн адислагдсан шавь нар аа, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн өөр нэгэн Ерөнхий чуулганыг эхлэх энэ мөчид би та бүхэнтэй хамт байх боломжтой байгаадаа маш их баяртай байна. Ирэх долоо хоногт Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгч бүх ерөнхий эрх мэдэлтэн, туслах бүлгийн ерөнхий удирдагчидтай уулзана. Дэлхий даяар цацагдах Ерөнхий чуулганы бусад хуралдаан ирэх бямба, ням гарагт болно. Тэргүүн Зөвлөлийг төлөөлөн, Сүмийн эгч нарт хандан ярихыг надаас хүссэн бидний өдрүүд дэх Бурханы бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсонд би үнэхээр их талархаж байна.

Би юу хэлэх тухайгаа тунгаах бодох үедээ миний амьдралд нөлөөлж, мөнх бус байдлын сорилт бэрхшээлүүдээ даван туулахад минь тусалсан нэгэн эмэгтэйн талаар бодлоо. Хэдэн арван жилийн өмнө гэр бүлээ мормон ариун ёслолын цуглаанд авчрахаар шийдсэн эмээдээ би ихэд талархаж байна. Би мөн ахимаг настай, ганц бие, герман эгч Эвигт талархаж байна. Түүний нэр англи хэлэнд “Мөнхийн эгч” гэсэн утгатай бөгөөд тэр манай эмээд энэхүү зоригтой бөгөөд гайхамшигтай урилгыг өгсөн юм. Би Дэлхийн II дайны үймээн самуун дунд дөрвөн хүүхдээ авч явж байсан ээждээ бас маш их талархдаг. Тэрчлэн би охиныхоо тухай, мөн ач, зээ охид болон хэзээ нэгэн өдөр ирэх ирээдүй үеийнхээ итгэлтэй эмэгтэйчүүдийн тухай бодож байна.

Мэдээж хэрэг, би өсвөр насандаа зүрх сэтгэлийг минь татаж, эх хүний хувьд залуу гэр бүлийнхээ хамгийн хүнд ачааг үүрсэн, хүүхдүүдээ болон ач, зээ, ачинцар, зээнцрүүдээ чин зүрхнээсээ хайрладаг эхнэртээ мөнхөд талархдаг. Тэр сайн, муу аль ч цаг үед гэр орныхоо бат бөх хүч чадал нь байсаар ирсэн. Тэрээр таньдаг бүх хүнийхээ амьдралд аз жаргал авчирдаг.

Эцэст нь би Бурханы хаант улсыг байгуулахын тулд их зүйл хийсэн бүх насны дэлхий даяарх итгэлтэй сая сая эгчид буюу та нартаа маш их талархаж байна. Би эргэн тойрондоо байгаа хүмүүсийг урамшуулж, хүчирхэгжүүлэн, адисалдаг тоолж баршгүй арга замуудын тань төлөө та нарт талархаж байна.

Бурханы охид

Би Бурханы олон мянган охинтой хамт байгаадаа туйлын баяртай байна. Биднийг “Би Бурханы хүүхэд” дууллыг дуулах үед үгс нь зүрх сэтгэл рүү шууд нэвтрэн ордог. Бид Тэнгэрлэг эцэг, эхийн хүүхдүүд1—гэх энэхүү үнэнийг тунгаан бодох нь бид хаанаас ирсэн, яагаад энд байгаа болон ирээдүйд биднийг юу хүлээж байгаа тухай ойлгоход маань тусалдаг билээ.

Та нар үргэлж мөн үүрд Бурханы хүүхэд байх болно гэдгээ санаж яваарай. Энэ мэдлэг нь амьдралын тань хамгийн хүнд үеүдэд ч та нарт хүч чадал өгч, гайхамшигт зүйлсийг гүйцэлдүүлэхэд тань урамшуулан дэмжих болно. Гэсэн хэдий ч, Мөнхийн эцэг, эхийн охин байна гэдэг нь та нар өөрсдөө хөдөлмөрлөж олж авсан, мөн хэзээ нэгэн цагт алдах өвөрмөц зүйл биш гэдгийг санах нь чухал юм. Та нар үргэлж, мөн үүрд Бурханы охин хэвээрээ байх болно. Тэнгэрлэг Эцэг та нараас ихийг хүсэн хүлээдэг боловч та нарын тэнгэрлэг гарал дангаараа тэнгэрлэг өвийг залгамжлах баталгаа болж чадахгүй юм. Бурхан та нарыг төсөөлж чадахаас чинь ч илүү агуу ирээдүйд бэлтгэх гэж энэ дэлхий рүү илгээсэн билээ.

Бурханы итгэлтэй хүмүүст амласан адислалууд нь гайхамшигтай бөгөөд сүнслэгээр өдөөгдсөн байдаг. Эдгээрт “хаан ширээнүүд, хаант улсууд, вант улсууд, мөн хүчнүүд, эзэгнэлүүд, бүх өндөрлөгүүд хийгээд гүнүүд”2 ордог. Эдгээр өгүүлшгүй адислалыг хүлээн авахад сүнслэг төрсний гэрчилгээнээс ч эсвэл “Бурханы хүүхдийн гишүүнчлэлийн карт”-наас ч илүү зүйлийг шаарддаг.

Бид эдгээрийг хэрхэн өвлөж авах вэ?

Аврагч бидний өдрүүдэд энэхүү асуултад хариулан:

“Та нар миний хуулийг дагахаас бусдаар та нар энэхүү сүр жавхланд хүрч чадах нь үгүй.

Учир нь хаалга шулуун, мөн өргөмжлөл хийгээд амьдралын үргэлжлэл уруу хөтөлдөг зам нарийхан. …

… Тиймийн тул, хүлээн авцгаа та нар, миний хуулийг”3 хэмээн хэлжээ.

Энэ шалтгааны учир бид шавь байх замын тухай ярьдаг.

Бид Бурханы зарлигуудад дуулгавартай байх талаар ярьдаг.

Мөн бид бүх зүрх, сэтгэл, бүх оюун ухаан, хүч чадлаараа сайн мэдээний дагуу аз жаргалтай амьдрах тухай ярьдаг билээ.

Бурхан бидний мэддэггүй зарим зүйлийг ч бас мэддэг.

Гэхдээ бидний заримд маань Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь үргэлж баяр хөөртэй санагддаггүй. Зарим зарлиг илүү хэцүү санагддаг бол зарим нь бүр сэтгэл үл хөдлөм байдаг. Бид эдгээр зарлигт, эрүүл хэдий ч идэх дургүй тавагтай ногооныхоо өмнө сэтгэл тавгүйхэн сууж буй хүүхэд мэт ханддаг гэдгээ хүлээн зөвшөөрцгөөе. Бид хийхийг илүү их хүссэн зүйлсээ хойш тавихын тулд шүдээ зуугаад, өөрсдийгөө дуулгавартай байлгахаар хүчилдэг.

Ийм үе тохиолдоход бид өөрсдөөсөө “Би үнэхээр Бурханы бүх зарлигийг дуулгавартай дагах хэрэгтэй гэж үү?” хэмээн асууж магадгүй юм.

Энэ асуултад өгөх миний хариулт тун энгийн.

Бурхан бидний ойлгох чадвараас хэтэрсэн бөгөөд бидний мэддэггүй зарим зүйлийг ч бас мэддэг гэж би боддог! Бидний Тэнгэр дэх Эцэг бол биднийг бодвол үлэмж агуу их туршлага, мэргэн ухаан, оюун бүхий мөнхийн бие юм.4 Үүнээс гадна Тэрээр мөнхийн хайр ба өрөвч нинжин сэтгэлээр дүүрэн байдаг бөгөөд үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах5 нэгэн ариун нандин зорилгод төвлөрдөг.

Өөрөөр хэлбэл, Тэр бидэнд юу хамгийн сайн болохыг мэддэг төдийгүй, өөрсдийнхөө төлөө хамгийн сайн зүйлсийг сонгоосой гэж биднээс хүсдэг.

Хэрэв та нар үүнд зүрх сэтгэлээсээ итгэх юм бол, мөн Тэнгэрлэг Эцэгийн агуу зорилго нь Өөрийн хүүхдүүдийг өргөмжилж, алдаршуулах явдал ба Тэрээр үүнийг хэрхэн хийхээ хамгийн сайн мэддэг гэдэгт итгэх юм бол Түүний зарлигуудыг, тэр дундаа бүр хэцүү санагдах зарлигуудыг ч хүртэл дагах нь мэдээжийн хэрэг биш гэж үү? Мөнх бус байдлын харанхуйд болон сорилт бэрхшээл дундуур биднийг удирдахаар Түүний өгсөн гэрэлтүүлэгч замын тэмдэглэгээнд бид талархах шаардлагагүй гэж үү? Тэдгээр нь тэнгэрлэг гэртээ харих бидний замыг зааж өгдөг! Та нар Тэнгэрлэг Эцэгийн энэхүү замыг сонгосноор амьдралын тань туршид адислах Бурханы охины хувийн өсөлт хөгжлийн бурханлаг сууриа тавьдаг юм.

Бид хатуу чанга бөгөөд заавал дагах зарим шаардлагыг эс дагавал Бурхан бидэнд бүх адислалаа өгөхөөс татгалзаж, үүнийгээ тэнгэрт нэгэн том үүлэн дотор хадгалж, цоожилсон байдаг гэж төсөөлдөгт л бидний асуудал байна гэж би боддог. Зарлигууд нь үүнтэй огтхон ч адилгүй юм. Үнэн хэрэгтээ, Тэнгэрлэг Эцэг адислалуудыг бидэн дээр үргэлж хальтал асгадаг ч, тэдгээр адислалыг ирэхээс өмнө айдас, эргэлзээ, нүглүүд маань тэдгээрийг яг л шүхэр шиг хааж байдаг.

Харин Түүний зарлигууд бол шүхрүүдээ буулгахад тусалдаг хайраар дүүрэн зааврууд болон тэнгэрлэг тусламж юм. Ингэснээр бидэн дээр бурханлаг адислалуудын аадар бороо цутгах болно.

Бурханы зарлигууд нь зүгээр л нэг сайхан санаануудын урт жагсаалт биш гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэдгээр нь интернэт блог дахь “амьдралын зөвлөгөөнүүд,” эсвэл Pinterest самбар дээрх урам зориг өгсөн эшлэлүүд биш юм. Тэдгээр нь мөнхийн үнэнд суурилсан бөгөөд “энэ дэлхийд амар амгалан хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг”6 авчрахаар өгөгдсөн бурханлаг зөвлөгөө юм.

Иймээс л бидэнд сонголт байгаа. Нэг талд үргэлж өөрчлөгддөг онол ба эргэлзээтэй үндэслэлүүдээр дүүрэн дэлхийн үзэл бодол байхад, нөгөө талд Өөрийн хүүхдүүдэд зориулсан Бурханы үгс мөн Түүний мөнхийн мэргэн ухаан, тодорхой амлалтууд болон биднийг Түүний оршихуй руу алдар суу, хайр, сүр жавхланд эргэн очиход зориулж өгсөн хайр шингэсэн зааварчилгаанууд нь байдаг.

Сонголт бол таных!

Далай тэнгис, газар шороо, зах хязгааргүй оддыг Бүтээгч энэ өдөр бидэнд хандан ярьж байна! Тэрээр аз жаргал, амар амгалан, мөнх амьдралын агуу жорыг бидэнд санал болгож байна!

Та эдгээр гайхамшигтай адислалыг хүртэхүйц зохистой байхын тулд өөрийгөө даруусгаж, итгэлээ үйлдэл болгон, Христийн нэрийг өөр дээрээ авах, Түүнийг үг болон үйлдлээрээ эрэлхийлж, “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж зогсох”7 шийдэмгий байх ёстой.

Бидний дуулгавартай байвал зохих шалтгаанууд

Та Бурханы мөн чанарыг болон Түүний зарлигуудыг ойлгосноор өөрийгөө болон өөрийнхөө оршин буйн тэнгэрлэг зорилгыг илүү сайн мэдэж авах болно. Ингэснээр зарлигуудыг дагах таны учир шалтгаан өөрчлөгдөж, сайн мэдээний дагуу баяр хөөртэй амьдрах нь таны зүрх сэтгэлийн хүсэл эрмэлзэл болдог.

Жишээлбэл, Сүмийн цуглаануудыг Бурханыг хайрлах хайраа нэмэгдүүлж, амар амгаланг олох болон бусдыг өргөх, Сүнсийг эрэлхийлж, Есүс Христийг дагах гэрээнүүдээ шинэчлэх хувийн арга зам гэж хардаг хүмүүс нь сүмийн суудалд дэмий суун цагаа өнгөрөөдөг хүмүүсээс илүү баялаг туршлагыг олж авдаг. Эгч нар аа, ням гаргийн цуглаануудад ирэх нь маш чухал хэдий ч, Тэнгэрлэг Эцэг бидний ирцээс илүүтэй итгэл, наманчлалд маань онцгой анхаарал тавьдаг гэдэгт би итгэлтэй байна.

Өөр нэгэн жишээ хэлье:

Саяхан бага насны хоёр хүүхэдтэй ганц бие ээж салхин цэцэг өвчнөөр өвджээ. Мэдээж, удалгүй хүүхдүүд нь ч мөн өвдсөн юм. Өөрийгөө болон хүүхдүүдээ асрах нь залуу ээжийн хувьд дааж давшгүй хүнд байсан бөгөөд цэвэр цэмцгэр байдаг байсан гэр орон нь бохир заваан, замбараагүй болжээ. Бохир аяга тавагнуудаар угаалтуур нь дүүрч, хиртэй хувцас нь овоорсон байлаа.

Түүнийг уйлж унжсан хүүхдүүдээ бөөцийлж, өөрөө ч мөн уйлах шахам байхад хэн нэгэн хаалгыг нь тогшжээ. Айлчлагч багш нар нь ирсэн байлаа. Тэд залуу ээжид ямар хэцүү байгааг болон түүний гэр орон, гал тогооны өрөөг харав. Тэд мөн хүүхдүүдийн уйлалдахыг сонсжээ.

Хэрэв эдгээр эгч зөвхөн томилогдсон сар бүрийн айлчлалаа гүйцэтгэхэд анхаарал хандуулсан бол тэд магадгүй жигнэмэг өгөөд л, өнгөрсөн долоо хоногт Халамжийн Нийгэмлэгт түүнийг их санасан гэдгээ дурсаж, “Бидний тусламж хэрэгтэй бол хэлээрэй!” гэж хэлээд, баяр хөөртэй буцацгаан, сарын айлчлалаа 100 хувь хийсэндээ талархалтай байх байсан биз.

Аз болоход, тэдгээр эгч Христийн жинхэнэ шавь нар байлаа. Тэд түүний хэрэгцээг анзаарч; авьяас чадвар, туршлагаа түүнд зориулсан юм. Тэд эмх замбараагүй болсон зүйлсийг цэгцэлж, гэр оронг нь гэрэл гэгээтэй, цэвэр цэмцгэр болгон, шаардлагатай зарим хүнсний зүйлийг авчирч өгөхийг найзаасаа хүссэн байна. Тэднийг ажлаа дуусгаад, баяртай гэж хэлэх үед залуу ээж баярлаж талархан, хайрын нулимстай хоцорсон юм.

Тэр цагаас хойш залуу ээжийн айлчлагч багшлалтын талаарх үзэл бодол нь өөрчлөгджээ. Тэрээр “Би ердөө л хэн нэгний хийх ёстой зүйлсийн жагсаалт дээрх тэмдэглэгээ биш гэдгээ мэдэж байна” гэж хэлсэн байна.

Тийм ээ, айлчлагч багш нар сар бүрийн айлчлалаа хийхдээ итгэлтэй байж, Бурханыг болон хөршөө хайрлах зарлигийн цаана байдаг хамгийн чухал шалтгаануудыг орхихгүй байх ёстой юм.

Бид Бурханы зарлигуудыг дагаж, Түүний хаант улсыг байгуулах өөрсдийн үүрэгт хандахдаа ердөө л хийх зүйлсийн жагсаалт дээр хийсэн хэмээн тэмдэглэдэг зүйл мэт үзвэл, шавь байхын утга учир алдагддаг. Бид Тэнгэр дэх Эцэгийн зарлигуудын дагуу аз жаргалтай амьдарснаас ирдэг өсөлт хөгжлөө ч бас алддаг билээ.

Шавийн замаар алхах нь гашуун туршлага байх ёсгүй. Энэ нь “амтат бүхнээс дээд амтат”8 байдаг. Энэ нь биднийг дардаг ачаа дарамт биш юм. Шавь байх нь бидний сүнсийг өргөж, зүрх сэтгэлийг хөнгөлдөг. Энэ нь биднийг итгэл, найдвар, энэрлээр урамшуулдаг юм. Энэ нь харанхуйд гэрлээр, мөн гуниг зовлонгийн үед тайтгарлаар бидний сүнсийг дүүргэдэг билээ.

Энэ нь бидэнд тэнгэрлэг хүч хийгээд мөнхийн баяр баясгаланг өгдөг.

Сайн мэдээний дагуу аз жаргалтай амьдрах нь

Хайрт сайн мэдээн дэх эгч нар аа, та нар 8 настай эсвэл 108 настай байна уу хамаагүй, би та нарыг нэг зүйлийг үнэхээр ойлгож, мэдээсэй гэж найдаж байна:

Та нар бол хайрлагдсан хүмүүс.

Та нар Тэнгэрлэг Эцэг, эхийн энхрий хонгор үрс юм.

Гэрэл ба амьдралын Хэмжээлшгүй хийгээд Мөнхийн Бүтээгч та нарыг мэддэг! Тэр таныг мэддэг! Тэр та нарт хайртай!

Тийм ээ, Бурхан өнөөдөр ч мөн үргэлж таныг хайрлах болно.

Тэр та нарын сул дорой байдал, муу зуршлуудаа хаях цагийг тань хүлээж, хайрлахаа хойшлуулдаггүй. Тэр та нарын хүч чармайлтыг бүрэн ойлгож, та нарыг хайрладаг. Тэр та нарыг чин сэтгэлийн, найдвар дүүрэн залбирлаар Түүнд ханддагийг мэддэг. Тэр чамайг харанхуй нөмрөх үеүдэд хүртэл бага ч болов итгэлдээ тулгуурлаж итгэсэн гэдгийг чинь мэддэг. Тэр таны зовлон шаналлыг болон алдаа гаргаснаас юм уу, унаснаас чинь болж ирэх гуниг харууслыг тань мөн мэддэг. Тэр та нарыг хайрласаар байдаг билээ.

Бурхан та нарын амжилтыг мэддэг бөгөөд тэдгээр нь танд жижигхэн санагдаж болох ч Тэр нэг нэггүй мэдэж мөн үнэлдэг. Тэрээр хүмүүст өөрийгөө зориулдаг, өөрөө зовж байхдаа ч бусдад тусалж, тэдний хүнд ачаануудаас үүрэлцдэг таныг хайрладаг юм.

Тэр таны талаарх бүх зүйлийг мэддэг бөгөөд таныг тов тодорхой хардаг. Тэр таныг үнэхээр хэн гэдгийг мэддэг. Тэр өнөөдөр ч, мөн үргэлж таныг хайрласаар байх болно!

Таны нүүр будалт, хувцас, үс засалт ба хумс төгс байгаа эсэх нь Тэнгэрлэг Эцэгт чухал гэж та бодож байна уу? Түүний таныг үнэлэх үнэлэмж хувцасны тань хэмжээнээс эсвэл Инстаграм эсвэл Пинтэрэстэд хэдэн дагагчтай эсэхээс тань хамаарч өөрчлөгддөг гэж та боддог уу? Тэрээр Фэйсбүүк эсвэл Твиттэрт хэн нэгэн чамтай найз биш болж, чамайг дагахаа болих үед та нарыг санаа зовж, сэтгэлээр унаасай гэж хүсдэг гэж бодож байна уу? Таны гадаад үзэмж эсвэл алдар нэр орчлон ертөнцийг бүтээсэн Нэгэний таныг үнэлэх үнэ цэнийг өчүүхэн ч гэсэн өөрчилнө гэж та бодож байна уу?

Тэр өнөөдөр таныг хэн гэдгээр тань төдийгүй таны хүрч чадах чадвар, хүсэл эрмэлзлийн алдар суу, гэрлээр тань хайрладаг.

Тэр таны төсөөлж байгаагаас ч илүү таныг тэнгэрлэг гэр рүүгээ нэр хүндтэй эргэн очих зорилгодоо хүрээсэй гэж хүсдэг.

Үүнийг биелүүлэх арга зам нь бусдад үйлчилснээр амин хувиа хичээсэн, зохисгүй хүслээ орхих явдал юм. Эгч нар аа, Есүс Христийн аврах хүчинд итгэ. Түүний хууль, зарлигуудыг дага. Өөрөөр хэлбэл, сайн мэдээний дагуу аз жаргалтай амьдар.

Та өөрийнхөө амьдралд Бурханы гайхамшигт хайрыг илүү элбэг дэлбэг мэдэрч; итгэл, шийдэмгий байдлыг олж аваасай мөн Бурханы зарлигуудад суралцана гэж амлан, тэдгээрийг зүрх сэтгэлдээ нандигнаж, сайн мэдээний дагуу аз жаргалтай амьдраасай хэмээн би залбирч байна.

Та үүнийг хийснээр хамгийн сайн чанаруудаа олж аван, өөрийгөө жинхэнэ хэн гэдгийг мэдэх болно. Та бүх зөв шударгын Их Эзэн, Мөнхийн Бурханы охин байна гэдэг нь ямар утга учиртай болохыг мэдэж авна. Би үүнийг гэрчилж, мөн Их Эзэний төлөөлөгчийн хувиар та нарт адислалуудаа үлдээж байна, Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Бурхан бидний зөвхөн Захирагч эсвэл Бүтээгч биш юм; Тэр бидний Тэнгэрлэг Эцэг бөгөөд бүх эрэгтэй, эмэгтэй үнэндээ Бурханы охид, хөвгүүд билээ. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит “Хүн энэ дэлхий дээр мөнх бус [махан] биед ирэхээсээ өмнө сүнсээрээ Тэнгэрлэг Эцэг, эхээс бий болж, төрсөн бөгөөд Эцэгийн мөнхийн харшид өсөж торнисон билээ” (Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 335) гэж заасан.

  2. Сургаал ба Гэрээ 132:19.

  3. Сургаал ба Гэрээ 132:21–22, 24.

  4. Исаиа 55:9-ийг үзнэ үү.

  5. Мосе 1:39-ийг үзнэ үү.

  6. Doctrine and Covenants 59:23.

  7. Мозая 18:9.

  8. Alma 32:42.