Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь
Бид амьдралд тохиолддог бүх сөрөг сорилт бэрхшээлийг үл харгалзан, итгэлээ идэвхтэй ашиглах цаг гаргах ёстой.
Адам Ева хоёрыг Еденийн цэцэрлэгт байхад өдөр тутмын амь зуулгад нь хэрэгтэй бүх зүйл тэдэнд элбэг дэлбэгээр өгөгддөг байсан. Тэдэнд бэрхшээл, сорилтууд эсвээс өвчин зовлон байгаагүй. Тэдэнд хүнд хэцүү үе тохиолдож байгаагүй учраас тэд аз жаргалтай байж чадна гэдгээ мэддэггүй байлаа. Тэд хямрал бухимдлыг хэзээ ч мэдэрч байгаагүй учраас амар амгаланг ч бас мэдэрч чаддаггүй байв.
Эцэст нь Адам Ева хоёр сайн ба муугийн мэдлэгийн модны жимсийг идэх ёсгүй гэсэн зарлигийг зөрчсөнөөрөө гэм зэмгүй байдлаа алджээ. Тэд эсрэг тэсрэг байдлын зарчмуудыг мэдэрч эхлэн, эрүүл мэндийг нь сулруулсан өвчин эмгэгтэй тулгарсан. Тэд баяр баясгаланг ч мөн уйтгар гунигийг ч мэдэрдэг болов.
Адам Ева хоёр хориглогдсон жимснээс хүртсэнээр сайн ба муугийн мэдлэг дэлхийд ирсэн билээ. Тэдний сонголт бидний хүн нэг бүрийг энэ дэлхий дээр соригдож, туршигдахаар ирэхийг боломжтой болгосон юм.1 Бид шийдвэр гаргах чадвар болон гаргасан шийдвэрүүдийнхээ төлөө хариуцлага хүлээдэг сонгох эрхээр адислагдсан билээ. Уналт нь бидэнд амьдралдаа аз жаргал хийгээд уйтгар гуниг хоёуланг нь мэдрэхийг боломжтой болгосон юм. Бид сэтгэл санааны хямралыг мэдэрдэг учраас амар амгаланг ойлгох чадвартай байдаг.2
Тэнгэр дэх Эцэг маань бидэнд үүнийг тохиолдох болно гэдгийг мэдэж байсан. Энэ бүгд Түүний аз жаргалын төгс төлөвлөгөөний нэг хэсэг юм. Тэрээр мөнх бус байдалд тохиолдож болох хүндрэл бэрхшээл бүрийг бид даван туулж болохын тулд Өөрийн төгс дуулгавартай Хүү, бидний Аврагч, Есүс Христийн амиар Цагаатгалыг хийлгэн, замыг бидэнд бэлтгэсэн билээ.
Бид хүнд хэцүү үед амьдарч байна. Дэлхийн нүгэл хилэнцийн бүх үүр уурхайг тоочих хэрэг юу байх билээ. Мөнх бус байдлын салшгүй хэсэг болсон тохиолдож болзошгүй сорилт бэрхшээлүүд болон сэтгэл эмзэглүүлэм зүйлсийг дүрслэн өгүүлэх шаардлагагүй биз ээ. Бидний хүн нэг бүр өөр өөрийн уруу таталт, өвчин эмгэг, уйтгар гунигтай тэмцэлдэн байгаагаа сайн мэддэг.
Энэ дэлхийд ирж байгаа бидний зорилго бол туршигдан, соригдож мөн өсөж хөгжих явдал гэдгийг бид мөнх бус байдлын өмнөх амьдралд заалгасан билээ.3 Бид дайсны хилэнцэт санаатай нүүр тулгарна гэдгээ мэдэж байсан. Заримдаа бид мөнх бус байдлын эерэг талуудыг харахаасаа илүүгээр сөрөг зүйлүүдийг илүү ихээр мэдэрч болох юм. Бошиглогч Лихай, “Учир юун хэмээвээс бүх зүйлд сөрөг тал байх нь зайлшгүй”4 хэмээн заасан байдаг. Бид амьдралд тохиолддог бүх сөрөг сорилт бэрхшээлийг үл харгалзан, итгэлээ идэвхтэй ашиглах цаг гаргах ёстой. Ийнхүү итгэлээ хөгжүүлэх нь эерэг байдал болон итгэлээр дүүрэн Есүс Христийн Цагаатгалын хүчийг бидний амьдралд урьдаг.
Тэнгэр дэх Эцэг маань бидэнд Христэд ирж, Түүний Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлэхэд туслах арга хэрэгслүүдийг өгсөн. Эдгээр арга хэрэгсэл байнгын дадал хэвшил болсон үед мөнх бус байдлын сорилт бэрхшээлүүд дунд амар амгаланг олох хамгийн амар хялбар арга замаар хангадаг. Өнөөдөр би эдгээр арга хэрэгслээс дөрвийнх нь тухай ярихаар сонголоо. Намайг ярьж байхад та нар эдгээр арга хэрэгсэл нэг бүрийг хувь хувьдаа хэрхэн ашигладагтаа дүгнэлт өгч, улмаар арга хэрэгсэл тус бүрийг цаашид хэрхэн илүү сайн ашиглахаа тодорхойлохын тулд Их Эзэний удирдамжийг эрэлхийлээрэй.
Залбирал
Эхний арга хэрэгсэл бол залбирал юм. Тэнгэр дэх Эцэгтэйгээ тогтмол харилцаж байхаар сонго. Түүнтэй бодол санаагаа хуваалцахын тулд өдөр бүр цаг гаргаж бай. Санааг тань зовоож байгаа бүгдийг Түүнд хэл. Тэрээр амьдралд тань тохиож байгаа хамгийн чухал зүйлсээс авахуулаад жижиг сажиг зүйлсийг тань хүртэл сонирхож байдаг. Түүнтэй бүхий л бодол санаа, туршлагаа хуваалцаарай.
Тэнгэр дэх Эцэг тань та нарын сонгох эрхийг хүндэтгэдэг учраас Түүнд хандан залбирахыг хэзээ ч тулгадаггүй. Гэвч сонгох эрхээ хөгжүүлэн өдөр тутмын амьдралынхаа бүхий л үйл хэрэгт Түүнийг оролцуулбал зүрх сэтгэл тань амар амгалангийн баяр хөөрөөр дүүрэх болно. Тэрхүү амар амгалан нь та нарын хичээл чармайлтын мөнхийн гэрэл дээр төвлөрөх болно. Энэ нь эдгээр сорилтыг мөнхийн алсын хараагаар зохицуулахад та нарт туслах болно.
Эцэг, эхчүүд ээ, та нар хүүхдүүдээ гэр бүлийн залбирлын хүчээр өглөө, оройдоо зэвсэглэснээр тэднийг хамгаалахад туслаарай. Хүүхдүүд шунал тачаал, бардамнал хийгээд бусад нүгэл хилэнцэт зан авираар өдөр бүр бөмбөгдүүлж байдаг. Гэр бүлийн залбирлын үр ачаар ирдэг хүчирхэг адислалуудаар дамжуулан хүүхдүүдээ өдөр бүр дэлхийн нөлөөнөөс хамгаалаарай. Гэр бүлийн залбирал нь өдөр тутмын амьдралд тань ямар ч эргэлзээгүй эн тэргүүний зүйл байх ёстой.
Судруудыг судлах
Хоёр дахь арга хэрэгсэл бол судрууд болон амьд бошиглогчдын үгсээр дамжин ирдэг Бурханы үгийг судлах явдал юм. Бид Бурхантай залбирлаар дамжуулан ярьдаг. Тэрээр ихэнхдээ Өөрийн бичсэн үгсээр дамжуулан бидэнтэй харилцдаг. Тэнгэрлэг дуу хоолой хэрхэн дуугарч мэдрэгддэгийг мэдэхийг хүсвэл судруудыг судалж, эргэцүүлэн бод.5 Тэдгээрийг өдөр тутмынхаа амьдралын салшгүй хэсэг болгоорой. Хэрэв хүүхдүүд тань Сүнсний өдөөлтийг мэдэрч, ойлгож мөн түүн дээр үйлдэхийг хүсвэл та нар тэдэнтэй хамт судруудаас судлах ёстой.
Судруудаас судлах цаг байхгүй гэсэн Сатаны худал үгэнд бүү авт. Тэдгээрийг судлах цаг гаргаж бай. Бурханы үгнээс өдөр бүр зооглох нь нойр, хичээл, ажил төрөл, телевизийн цэнгээнт нэвтрүүлэг, видео тоглоом юмуу олон нийтийн мэдээллийн хэрэгслээс илүү чухал. Та нар Бурханы үгийг судлах цаг гаргахын тулд эн тэргүүний зүйлсээ дахин зохион байгуулах хэрэгтэй болж мэднэ. Хэрэв тийм бол тэр дагуу үйлдээрэй.
Судруудыг өдөр бүр судалснаар ирэх адислалуудыг амласан олон бошиглол бий.6
Би энэхүү амлалт дээр, хэрэв та нар өдөр бүр хувиараа болон гэр бүлээрээ Бурханы үгийг судлахад цаг заваа зориулбал амьдралд тань амар амгалан давамгайлах болно хэмээн өөрийнхөө дуу хоолойг нэмье. Тэрхүү амар амгалан гадаад ертөнцөөс ирэхгүй. Амар амгалан танай гэр болон гэр бүл дотроос тань мөн зүрх сэтгэлээс тань ирнэ. Энэ нь Сүнсний бэлэг байх болно. Энэ нь та нарын эргэн тойрон дахь бусад хүнд нөлөөлөхөөр та нараас цацран гэрэлтэнэ. Та нар дэлхийд амар амгаланг тогтооход хувь нэмрээ оруулах маш чухал зүйлийг хийх болно.
Амьдралд тань сорилт бэрхшээл байхаа болино хэмээн би тунхаглаагүй байна. Адам, Ева хоёр цэцэрлэгт байхдаа, сорилт бэрхшээлээс ангид байсан болохоор аз жаргал, баяр баясгалан, амар амгаланг мэдрэх боломжгүй байсныг санагтун.7 Сорилт бэрхшээл нь мөнх бус байдлын нэгэн чухал хэсэг юм. Та нар судруудыг өдөр бүр, тогтмол судалснаар өөрсдийн эргэн тойрон дахь хямрал бухимдал дундаас амар амгаланг олж, уруу таталтыг эсэргүүцэх хүч чадлыг олох болно. Та нар Бурханы ач ивээлээр хүчирхэг итгэлийг хөгжүүлснээр, Есүс Христийн Цагаатгалаар дамжин бүх зүйл Бурханы цаг хугацааны дагуу зөв болгогдоно гэдгийг мэднэ.
Гэр бүлийн үдэш
Гэр бүлээ хүчирхэгжүүлж амар амгалангийн үрийг суулгахаар ажиллах үедээ гурав дахь арга хэрэгслийг санаарай. Энэ бол долоо хоног бүрийн гэр бүлийн үдэш юм. Амсхийх ч хором гараагүй ажлын өдрийн дараа гэр бүлийн үдшээ оромдоод өнгөрөхөөс болгоомжил. Гэр бүл тань даваа гараг бүрийн үдэш гэр орондоо хамтдаа цугладаг байхаар хатуу тогт. Ажилтай холбоотой зүйлс, спорт, хичээлээс гадуурх үйл ажиллагаа, гэрийн даалгавар болон бусад асуудал нь гэр бүлээрээ, гэр орондоо цагийг хамтдаа өнгөрүүлэхээс илүү чухал байж таарахгүй.
Гэр бүлийн үдшийн тань бүтэц үүнд зориулсан цаг хугацаанаас илүү чухал биш юм. Сайн мэдээг албан болон албан бус хэлбэрээр аль алинаар нь заах ёстой. Үүнийг гэр бүлийн гишүүн бүрийн хувьд утга учир бүхий туршлага болго. Гэр бүлийн үдэш нь аюулгүй орчинд гэрчлэлээ хуваалцах, заах, төлөвлөх хийгээд зохион байгуулах чадваруудад суралцах, гэр бүлийнхээ хэлхээ холбоог бэхжүүлэх, гэр бүлийн уламжлалуудаа хөгжүүлэх, бие биетэйгээ ярилцах, мөн үүнээс илүү чухал нь гайхамшигтай цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэх явдал юм!
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын чуулганаар Линда С.Рийвс эгч шийдэмгий байдлаар ийн тунхагласан: “Би долоо хоног бүрийн гэр бүлийн үдэш, өдөр тутам судраас суралцаж, залбирснаар ирдэг адислалуудын талаар гэрчлэх ёстой. Эдгээр дадал нь сэтгэлийн дарамтыг тайлж, бидний амьдралд удирдамж өгөх мөн гэр орон илүү бат бэх хамгаалалттай болоход туслах тэр дадлууд юм.”8 Рийвс эгч бол онцгой ухаалаг эмэгтэй. Би та нарыг эдгээр гурван амин чухал дадал хэвшлийн тухай гэрчлэлээ олж авахад уриалж байна.
Ариун сүмд орох нь
Дөрөв дэх арга хэрэгсэл нь ариун сүм рүү явах явдал юм. Бид бүгд Бурханы ариун сүмүүдээс илүү амар амгалан газар энэ дэлхий дээр байхгүйг мэднэ. Хэрэв танд ариун сүмийн эрхийн бичиг байхгүй бол уг эрхийн бичгийг авахад өөрийгөө тэнцэхээр болго. Эрхийн бичигтэй болбол түүнийгээ ойр ойрхон ашиглаж байгаарай.9 Ариун сүмд орох тогтмол цагийг товло. Таныг ариун сүмд ороход хэн ч, юу ч саад бүү болог.
Та нар ариун сүмд байхдаа ёслолуудын үгсийг сонсож, тэдгээрийн талаар тунгаан бодож, залбиран, утгыг нь ойлгохыг эрэлхийлээрэй. Ариун сүм бол Есүс Христийн Цагаатгалын хүчийг ойлгож авах хамгийн сайн газруудын нэг юм. Түүнийг тэндээс эрж ол. Гэр бүлийнхнийхээ нэрсийг ариун сүмд өгснөөр илүү олон адислал ирдэг гэдгийг санаарай.
Эдгээр дөрвөн арга хэрэгсэл нь амьдралаа Есүс Христийн Цагаатгалын хүчинд даатгах үндсэн дадлууд юм. Бидний Аврагч бол Энхийн Жонон гэдгийг санаарай. Энэхүү мөнх бус амьдрал дахь амар амгалан нь Түүний Цагаатгагч золиослолоос ирдэг. Бид өглөө, орой тогтмол залбирч, өдөр бүр судраас судлан, долоо хоног тутам гэр бүлийн үдэш хийж, ариун сүмд тогтмол орсноор Аврагчийн “Түүн рүү очих” урилгад идэвхтэй хариулж байгаа хэрэг юм. Биднийг эдгээр дадлыг илүү сайн хөгжүүлэх тусам Сатан биднийг хорлохыг илүү ихээр хүсдэг ч түүнд тэгэх чадвар байхгүй. Бид эдгээр арга хэрэгслийг ашигласнаар Түүний Цагаатгагч золиослолын бүх бэлгийг хүлээн авахаар сонгох эрхээ ашиглаж чадна.
Эдгээр зүйлийг хийснээр амьдралын бүх зовлон зүдгүүр алга болно хэмээн би санал болгоогүй байна. Бид мөнх бус амьдралд чухамдаа бэрхшээл, сорилтуудаас өсөж хөгжихөөр ирсэн. Бэрхшээл сорилтууд нь биднийг Тэнгэр дэх Эцэгтэйгээ илүү адилхан болоход тусалдаг бол Есүс Христийн Цагаатгал нь эдгээр сорилтуудыг даван туулахыг боломжтой болгодог.10 Бид идэвхийлэн Түүнд ирснээр уруу таталт, зовлон шаналал хийгээд өөрсдөдөө тулгарч байгаа сорилт бүрийг хүлцэн тэвчиж чаддаг, Есүс Христийн нэрээр, aмен.