2010–2019
Өөрийн гэрлээс хуваалцах нь
Аравдугаар сар 2014


12:18

Өөрийн гэрлээс хуваалцах нь

Бид итгэлдээ бат зогсож, үнэн сургаалыг тунхаглахаар дуу хоолойгоо өргөх ёстой.

Би өнөө орой хүмүүний хоёр чухал үүрэг хариуцлагын талаар үг хэлэхийг хүсэж байна. Энэ нь нэгдүгээрт, бид сайн мэдээний гэрлийг болон үнэнийг амьдралдаа тогтмол нэмэгдүүлж байх, хоёрдугаарт, тэрхүү гэрэл болон үнэнээ бусадтай хуваалцаж байх явдал юм.

Та нар ямар чухал хүмүүс болохоо мэддэг үү? Та нарын хүн нэг бүр яг энэ цаг мөчид Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд үнэ цэнэтэй, амин чухал билээ. Бидэнд хийх ажил байна. Бид сэргээгдсэн сайн мэдээний үнэнийг мэддэг. Харин бид энэ үнэнийг хамгаалахад бэлэн үү? Бид үнэний дагуу амьдрах ёстой. Бид үнэнийг хуваалцах ёстой. Мөн бид итгэлдээ бат зогсож, үнэн сургаалыг тунхаглахад дуу хоолойгоо өргөх ёстой юм.

2014 оны 9-р сарын Ensign болон Лиахона,сэтгүүлд ахлагч М. Рассэлл Баллард: “Эмэгтэйчүүдийн өвөрмөц бөгөөд нөлөө бүхий дуу хоолой, итгэл бидэнд илүү их хэрэгтэй байна. Тэд бүх зүйлийн үнэний талаар гэрчлэлээ хуваалцаж чаддаг болохын тулд сургаалаас суралцаж, юунд итгэдэг болох талаараа ойлгосон байх ёстой”1 гэж бичсэн байдаг.

Эгч, дүү нар аа, та нар Есүс Христэд итгэх миний итгэлийг хүчирхэгжүүлдэг. Би та нарын үлгэр жишээг харж, гэрчлэлийг тань сонсож, Бразилаас Ботсван хүртэлх дэлхийн олон улс орны эмэгтэйчүүдийн итгэлийг мэдэрсэн! Та хаана ч байсан, эргэн тойрныхоо хүмүүст нөлөөлөх чадвартай. Таны энэ чадварыг гэр бүлийнхнээс тань эхлээд, утсан дээр дугаар нь хадгалагдсан танилууд тань мөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх болон өнөө орой таны хажууд сууж байгаа найз нөхөд гээд таны эргэн тойронд байгаа бүх хүн мэдэрсэн байгаа. “Сайн мэдээ нь баяр баяслын мэдээ болохыг та өөрийнхөө хэрхэн амьдарч буй байдлаар харуулж байгаа учраас … та харанхуйд автаж буй энэ дэлхий дээрх эрч хүч, урам зоригийн гэрэлт цамхаг юм”2 гэж бичсэн Харриэт Угдорф эгчтэй би санал нийлж байна.

“Хэрэв та бусдад гэрэл өгөхийг хүсвэл, өөрөө гэрэлтэн гялалзах хэрэгтэй”3 гэж ерөнхийлөгч Томас С.Монсон хэлсэн байдаг. Бид хэрхэн үнэний гэрлийг өөртөө гэрэлтсэн хэвээр байлгах вэ? Заримдаа би өөрийгөө бүүдийсэн гэрлийн чийдэн мэт санадаг. Тэгэхээр бид хэрхэн илүү хурцаар гэрэлтэж чадах вэ?

Сударт “Бурханаас буй тэр нь гэрэл болой; мөн гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг”4 хэмээн заадаг. Бид сударт хэлсний дагуу Бурханд үлдэхийн тулд үргэлжлүүлэх ёстой. Бид гэрлийн эх үүсвэр болох Тэнгэрлэг Эцэгт, Есүс Христ болон судруудад очих ёстой билээ. Мөн бид ариун сүм доторх бүх зүйл Христ рүү болон Түүний агуу Цагаатгалын золиослол руу чиглэгдсэн байдгийг мэддэг учраас тийшээ очих ёстой юм.

Ариун сүм орчин тойрондоо хэрхэн нөлөөлдгийг бодоод үз дээ. Тэд хотын үзэмжийг үзэсгэлэнтэй болгож, өндөр толгод дээрээс нүд гялбам гэрэлтэн харагддаг. Тэд яагаад ийнхүү гэрэлтэн харагдаж, эргэн тойрноо үзэсгэлэнтэй болгодог вэ? Учир нь сударт “Үнэн гэрэлтдэг”5 гэж өгүүлсэн байдаг бөгөөд ариун сүмүүд үнэнийг болон мөнхийн зорилгыг агуулдаг шиг та нар ч гэсэн уг үнэнийг агуулдаг юм.

1877 онд Ерөнхийлөгч Жорж К.Каннон “Ариун сүм бүр нь .... дэлхий дээрх Сатаны хүчийг багасгадаг”6 гэж хэлжээ. Дэлхийн аль ч өнцөгт ариун сүм баригдахад тэр сүм харанхуйг хөөн зайлуулдаг гэдэгт би итгэдэг. Ариун сүмийн зорилго бол хүн төрөлхтөнд үйлчилж, Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд Түүн рүү буцаж очин, амьдрах чадварыг өгөхөд оршино. Бидний зорилго эдгээр онцгойлон адислагдсан барилга байгууламжийн болон Их Эзэний өргөөний зорилготой адил биш гэж үү? Бидний зорилго бусдад үйлчилж, тэдэнд харанхуйг хөөн зайлуулахад нь туслах, мөн Тэнгэрлэг Эцэгийн гэрэл өөд буцаж очих явдал биш гэж үү?

Ариун сүмийн ариун нандин ажил нь Христэд итгэх бидний итгэлийг өсгөдөг учраас бид бусдын итгэлийг илүү сайн болгоход нөлөөлж чадна. Бид ариун сүмийн сүнсээ хөгжүүлснээр Аврагчийн Цагаатгалын үнэн мөн чанар, хүч чадал, итгэл найдвар нь бидний хувийн амьдралд хэчнээн их ач холбогдолтой талаар суралцдаг.

Хэдэн жилийн өмнө манай гэр бүл нэгэн том сорилттой тулгарахад би ариун сүмд очиж, чин сэтгэлээсээ тусламж гуйн залбирч билээ. Тэгэхэд хэсэгхэн хугацаанд би өөрийнхөө бодит байдлыг харах шиг болсон юм. Сул талуудыг минь тодоос тод харуулахад би гайхан цочирдож билээ. Тэрхүү сүнслэг, сургамжит мөчид аливааг Их Эзэний биш, харин өөрийн арга замаар хийдэг; амжилт гэж нэрлэгдэх бүх зүйлд өөрийн хүч чадлаар хүрсэн мэт нэр алдрыг чимээгүйхэн хүлээн авдаг, бардам эмэгтэйг би олж харсан юм. Би өөрийгөө харж байгаа гэдгээ мэдэж байлаа. Би зүрх сэтгэлдээ гэмшин шаналж, Тэнгэрлэг Эцэгтээ хандан “Би ийм эмэгтэй баймааргүй байна. Би яаж өөрчлөгдөх вэ?” хэмээн залбиран гуйж билээ.

Ариун сүм дэх цэвэр ариун илчлэлтийн Сүнсээр би Гэтэлгэгч надад ямар их хэрэгтэй болохыг заалгасан. Би тэр даруй бодол санаандаа Аврагч Есүс Христэд хандаж залбирснаар сэтгэлийн зовлон шаналал маань хэрхэн хайлан алга болохыг мөн зүрх сэтгэлд маань агуу их найдвар урган гарч ирэхийг мэдэрсэн юм. Аврагч цорын ганц итгэл найдвар минь байсан бөгөөд гагцхүү Түүнээс салахгүй барьж явахыг л хүссэн юм. Амин хувиа хичээгч тэрхүү эгэл эмэгтэй нь өөрийн нөлөөлж чадах хүмүүсийн болон “Бурханы дайсан”7болох нь надад тодорхой байлаа. Тэр өдөр ариун сүмд би зөвхөн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өөрийн бардам зан чанарыг өөрчлөх боломжтойг, мөн надад сайныг үйлдэх боломж олгогдож байгааг олж мэдсэн. Би Түүний хайрыг гүн гүнзгий мэдэрч, хэрэв би юунд ч эргэлзэлгүй, бүх зүрх сэтгэлээ Түүнд өгөх юм бол Тэрээр надад Сүнсээр зааж, намайг өөрчлөх болно гэдгийг олж мэдсэн.

Би одоо ч гэсэн сул талтайгаа тэмцдэг ч Цагаатгалын бурханлаг тусламжинд найддаг. Энэхүү цэвэр ариун удирдамж нь гагцхүү тусламж, хариулт эрэлхийлэн ариун сүмд орсон болохоор л надад ирсэн билээ. Би ариун сүмд хүнд ачаа үүрч орсон хэдий ч надад бүхнээс хүчит мөн хайраар дүүрэн Аврагч байдаг гэсэн мэдлэгтэй болж гарч ирсэн. Би Түүний гэрлийг хүлээн авч, надад зориулсан Түүний төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн учраас л ачаа минь хөнгөрч, баяр баясгалангаар дүүрсэн юм.

Дэлхийн өнцөг булан бүрд баригдсан ариун сүмүүд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, загвартай ч дотроо бүгд адилхан мөнхийн гэрэл, зорилго, үнэнийг агуулдаг. 1 Коринтийн 3:16-д “Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу?” гэсэн байдаг. Бид ч мөн адил Бурханы охидын хувьд ариун сүмүүд шиг дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг бөгөөд ариун сүмүүд шиг өөр өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, загвартай. Мөн бидэнд ч бас сүнслэг гэрэл байдаг. Энэхүү сүнслэг гэрэл нь Аврагчийн гэрлийн тусгал бөгөөд бусад хүн энэхүү хурц гэрэлд татагдах болно.

Энэ дэлхий дээр бид охин болон ээж, удирдагч, багш зэргээс авахуулаад эгч, тэжээгч, эхнэр гээд олон үүрэг хариуцлага үүрдэг. Үүрэг хариуцлага бүр чухал ач холбогдолтой. Бид сайн мэдээний үнэн сургаалыг болон ариун сүмийн гэрээнүүдийг амьдралдаа хэрэгжүүлэх үед бидний үүрэг хариуцлага бүр нь ёс суртахуун талаасаа бусдад нөлөөлөхүйц болдог юм.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Ээжүүд бүхий л нөхцөлд ямар ч хүнээс, ямар ч харилцаанаас илүү нөлөөг хүүхдүүддээ үзүүлж чаддаг”8 гэж хэлсэн.

Хүүхдүүд маань бага байхад миний нөхөр Дэвид бид хоёр усан онгоцны ахмадууд шиг, харин бидний 11 хүүхэд усан онгоцны боомт дээр дэлхийн далай тэнгис руу гарахаар бэлтгэгдэж байгаа, тойрон хөвөх бяцхан завиуд шиг л санагддаг байлаа. Дэвид бид хоёр бяцхан завиудтайгаа хамт аялах хамгийн зөв чиглэлийн талаар Их Эзэний луужинтай өдөр бүр зөвлөлдөж байх шаардлагатай болохыг мэдэрсэн юм.

Миний өдөр тутмын ажил нь угаасан хувцас эвхэх, хүүхдэдээ ном уншиж өгөх, оройн хоолонд бэлтгэх гээд жижиг сажиг зүйлээр дүүрэн байдаг байв. Заримдаа гэр бүлээрээ залбирах, судраас суралцах, гэр бүлийн цуглаан хийх зэрэг энгийн, тогтмол хийдэг зүйлс агуу зүйлсийг авчирдаг гэдгийг гэрийн аар саар ажлаас болж мартах явдал ч гардаг байлаа. Гэсэн ч, яг эдгээр үйлдэл нь мөнхийн ач холбогдолтой зүйлс гэдгийг би гэрчилж байна. Бидний бяцхан завиуд болох хүүхдүүд маань сайн мэдээний гэрлээр дүүрч, “Бурханы үйлчлэлийг эхлэхэд”9 бэлэн, агуу хүчит далайн хөлөг онгоц болон өсөж хөгжихөд л агуу баяр баясал ирдэг юм. Бидний олонх нь гагцхүү итгэл, үйлчлэлийн энэхүү жижиг үйлдлүүдийг хийснээр л Бурхантай үргэлж хамт байж, улмаар гэр бүл, найз нөхөд, хамт олондоо мөнхийн гэрэл, алдар сууг авчрах болно. Та үнэхээр эргэн тойрны хүмүүстээ нөлөөлөх чадвартай болж чадна!

Хүүхдийн хэсэгт харьяалагдах бяцхан охины итгэл гэр бүлдээ хэрхэн нөлөөлж болох тухай бодоод үз дээ. Балчир хүү маань Хүүхдийн төв цэнгэлдэх хүрээлэнд төөрч алга болоход охины маань итгэл л манай гэр бүлийг адисалж билээ. Гэрийнхэн маань хүүг олохоор ийш тийш сандран гүйлдэцгээж эхэлсэн. Сүүлд нь манай арван настай охин гараас минь чангаан, “Ээжээ, бид залбирах хэрэгтэй юм биш үү?” гэж хэлэв. Охины минь зөв байлаа! Бид гэр бүлээрээ олон хүний дунд бөөгнөрөн зогсоод, хүүхдээ олохын тулд залбирсан юм. Дараа нь бид хүүгээ олж билээ. “Залбирахыг ээж, аавдаа үргэлж сануулж байгаарай!” гэж би Хүүхдийн хэсгийн охиддоо захимаар байна.

Энэ зун Аляскад 900 залуу эмэгтэйн цугларалтад оролцох завшаан надад тохиосон. Тэд надад маш гүн гүнзгий нөлөөлсөн юм. Тэд Мормоны Номыг уншиж, “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”-ийг чээжилж, цугларалтдаа сүнслэгээр бэлдэж ирсэн байв. Цугларалтын гурав дахь орой 900 залуу эмэгтэй бүгд хамт зогсоод, гэрчлэлийг бүтнээр нь, нэг бүрчлэн чээжээр уншиж билээ.

Том танхим Сүнсээр дүүрэхэд, би тэдэнтэй нэгдэхийг маш их хүсэж байв. Гэсэн хэдий ч би үгсийг чээжлээгүй байсан тул тэдэнтэй хамт уншиж чадсангүй.

Би тэр эгч нар шиг “Амьд Христ”-ийн үгсээс суралцаж эхэлсэн бөгөөд тэдний үзүүлсэн нөлөөний ачаар төлөөлөгчдийн Христийн талаарх гэрчлэлийг олон удаа давтаж уншихдаа Аврагчийг үргэлж санана гэсэн ариун ёслолын гэрээнийхээ ач холбогдлыг илүү бүрэн дүүрэн мэдэрдэг болсон. Түүнчлэн ариун ёслол миний хувьд илүү утга учиртай болж эхэлсэн юм.

Би энэ оны 12-р сарын 25-н гэхэд “Амьд Христ”-ийг цээжилж, зүрхэндээ нандигнан хадгалснаар Аврагчдаа Зул сарын баярын бэлэг болгон барина хэмээн найдаж байна. Аляскийн эгч нар надад сайнаар нөлөөлсөн шиг би ч гэсэн хэн нэгэнд сайнаар нөлөөлнө байх гэж найдаж байна.

“Амьд Христ” хэмээх тунхгийн дараах үгсээс та өөрийгөө олж харж байна уу? “Аврагч бүх хүмүүс Түүний жишээг дагаасай хэмээн хүссэн билээ. Тэрээр Палестины замаар явж, өвчтэй нэгнийг анагааж, сохор нэгнийг хараатай болгож, үхсэн нэгнийг амилуулж байв.”10

Сүмийн эгч нарын хувьд бид өвчтэй нэгнийг анагаахаар Палестиний замаар яваагүй ч, ядарч туйлдсан, хүйтэн хөндий болсон харьцаанд Цагаатгалын анагаагч хайрыг үзүүлэн, залбирч чадна.

Бид сохор нэгнийг хараатай болгож чадсан Аврагчтай адил байж чадахгүй ч сүнсээрээ сохорсон нэгэнд авралын төлөвлөгөөний талаар гэрчилж чадна. Бид мөнхийн гэрээнүүдэд санваарын хүч чадал зайлшгүй шаардлагатай гэдгийг олж харахгүй байгаа харалган нүдийг нээж чадна.

Бид үхсэн нэгнийг амилуулсан Аврагчтай адил байж чадахгүй ч нас барагсдын нэрийг ариун сүмийн ёслолд зориулан хайж олсноор тэднийг адисалж чадна. Ингэснээр бид тэднийг сүнсний шоронгоос үнэхээр амилуулан босгож, мөнхийн амьдрал руу очих замыг нь зааж өгч чадах юм.

Бидэнд амьд Аврагч, Есүс Христ байдаг бөгөөд Түүний хүч чадал, гэрлээр дамжуулан бид дэлхийн харанхуйг хөөн зайлуулж, мэддэг үнэн зүйлсийнхээ талаар тунхаглан, бусдыг Түүнд ирэхэд нь нөлөөлөх боломжтой гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. М. Рассэлл Баллард, “Men and Women and Priesthood Power,” Ensign, 2014 оны 9-р сар, 32;Лиахона, 2014 оны 9-р сар, 36

  2. Харриэт Р.Угдорф, Бидний хуваалцдаг гэрэл (Deseret Book Company, 2014), 41; зөвшөөрлөөр ашиглав.

  3. Томас С.Монсон, “For I Was Blind, but Now I See,” Ensign, 1999 оны 5-р сар, 56; Liahona, 1999 оны 7-р сар, 69

  4. Сургаал ба Гэрээ 50:24.

  5. Сургаал ба Гэрээ 88:7.

  6. Жорж К.Каннон, Preparing to Enter the Holy Temple (томхимол, 2002 он), 36.

  7. Мозая 3:19.

  8. Д. Тодд Кристоффэрсон, “Эмэгтэйчүүдийн ёс суртахууны хүч,” Ensign эсвэл Лиахона, 2013 оны 11-р сар, 30

  9. Сургаал ба Гэрээ 4:2.

  10. “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” Ensign эсвэл Liahona, 2000 оны 4-р сар, 2