2010–2019
Хөлийнхөө доорх замыг хар
Аравдугаар сар 2014


14:26

Хөлийнхөө доорх замыг хар

Бид Есүсийг өөрсдийн Жишээ болгож, Түүний мөрөөр алхсанаар Тэнгэрлэг Эцэгтэйгээ үүрд мөнхөд хамт амьдрахаар Түүн рүү буцаж очиж чадна.

Хайрт ах, эгч нар аа, энэ өглөө би та нарын өмнө зогсож байгаадаа даруусаж байна. Захиасаа хуваалцах үед маань итгэлтэй байж, миний өмнөөс залбирахыг би та нараас хүсэж байна.

Бид бүгд сүнсний дэлхийг орхиж, сорилт бэрхшээлээр дүүрэн мөнх бус энэ дэлхийд ирэхдээ гайхамшигтай, мөн чухал аяллыг эхэлсэн билээ. Энэ дэлхий дээрх бидний оршин буйн хамгийн гол зорилго нь мах болон ясан биеийг хүлээн авч, зөвхөн Тэнгэрлэг Эцэг, эхээсээ тусгаарлагдсанаар хүлээн авах боломжтой туршлагыг хуримтлуулж, мөн зарлигуудыг сахих эсэхээ харуулах явдал юм. Бид Абрахамын номын 3-р бүлгээс “Мөн Их Эзэн, тэдний Бурхан тэдэнд зарлиглах бүх зүйл юуг ч гэсэн тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг нотлох болно”1хэмээн уншдаг.

Бид дэлхий дээр ирэхдээ Бурханаас өгсөн агуу бэлэг болох сонгох эрхийн хамт ирсэн юм. Бид мянга мянган арга замаар өөрсдийнхөө төлөө сонгох эрхтэй байдаг. Энд бид хувийн туршлага хэмээх хүнд хэцүү багшаас суралцдаг. Бид сайн, мууг хооронд нь ялган таних чадвартай байж, гашуун болон чихэрлэг амтыг ч ялгаж сурдаг. Бид шийдвэрүүд хувь заяаг тодорхойлдгийг ойлгож авдаг.

Эцэгийн бидний төлөө төлөвлөсөн, мөн бид өөрсдөө маш ихээр хүссэн өргөмжлөлийг авч болохын тулд бид Түүн рүү буцаж очих асар их хүсэл эрмэлзэл тээн, өөрсдийн Эцэгийг орхисон гэдэгт би итгэлтэй байна. Хэдийгээр бид Тэнгэр дэх Эцэг рүүгээ буцаж очиход хөтлөх замыг олж, мөн дагах ёстой болсон ч, Тэрээр биднийг удирдамж, чиглүүлэлгүйгээр орхиогүй юм. Харин Тэр бидэнд хэрэгтэй арга хэрэгслүүдийг өгсөн ба бид Түүний тусламжийг эрэлхийлж, эцсээ хүртэл тэвчин, мөнх амьдралыг авахын тулд өөрсдийн чадах бүх зүйлийг хийхээр хичээх үед Тэр бидэнд туслах болно.

Биднийг удирдахад туслах ариун судар дээрх Бурханы болон Түүний Хүүгийн үгс бидэнд бий. Бидэнд Бурханы бошиглогчдын зөвлөгөө, сургаалууд ч байдаг. Хамгийн чухал нь, бидэнд дагах төгс үлгэр жишээ – бүр бидний Их Эзэн, Аврагчийн үлгэр жишээ байдаг. Мөн бидэнд энэхүү жишээг дагахыг зааварладаг. Аврагч Өөрөө: “Ирж, Намайг дага”2 мөн “Миний хийхийг та нарын харсан тэр ажлуудыг та нар түүнчлэн хийх болно”3 гэж хэлсэн. Тэрээр “Та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ?” хэмээн асуугаад, “Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу”4 хэмээн хариулсан билээ. “Тэрээр замыг бидэнд үзүүлсэн ба өөрөө уг замаар явсан.”5

Бид Есүсийг өөрсдийн Жишээ болгож, Түүний мөрөөр алхсанаар Тэнгэрлэг Эцэгтэйгээ үүрд мөнхөд хамт амьдрахаар Түүн рүү буцаж очиж чадна. Бошиглогч Нифай “Үүгээр хүмүүн амьд Бурханы Хүүгийн жишээг дагахдаа эцсээ хүртэл тэвчихээр бусдаар бол, тэр аврагдаж чадахгүйг би мэднэ”6гэж хэлсэн байдаг.

Нэгэн эмэгтэй Ариун нутаг дахь аяллынхаа туршид олж авсан өөрийн туршлагын талаар ярих бүрдээ “Би Есүсийн алхсан газраар алхсан!” гэж хэлдэг байлаа.

Тэрээр Есүсийн амьдарч, мөн зааж байсан газар байсан байж болох юм. Тэр Түүний зогсож байсан хадан дээр зогсож, харж байсан уул нуруудыг нь харсан байж ч магадгүй. Эдгээр туршлага нь түүнд л сэтгэл догдлом санагдаж байсан байх. Гэвч Есүсийн алхаж байсан маягаар алхах нь Түүний алхаж байсан газраар алхахаас илүү чухал юм. Түүний үйлдлүүдийг дуурайж, үлгэр жишээг дагах нь Түүний мөнх бус байдалдаа аялж байсан газраар явахаас хавьгүй илүү чухал билээ.

Есүс нэгэн баян эрд “Ирж, Намайг дага”7 хэмээх урилгыг өгөхдөө зөвхөн уул нурууд, хөдөө нутгаар дагаж явахыг хэлээгүй юм.

Бид Есүсийн аялсан Галилын эргээр, эсвэл Иудейн уулархаг нутгаар аялах шаардлагагүй. Түүний үгс бидний чихэнд хоногшиж, Сүнс нь бидний зүрх сэтгэлийг дүүргэн, Түүний сургаалууд бидний амьдралыг удирдах ба бид мөнх бус аяллын үеэр Түүнийг дагахаар сонгох үед бидний хүн нэг бүр Түүний явсан замаар явж чадна. Түүний үлгэр жишээ замыг гэрэлтүүлдэг. Тэрээр “Би бол зам, үнэн, амь мөн”8гэж хэлсэн билээ.

Бид Есүсийн явж өнгөрсөн замын тухай бодох үед Тэрээр энэ амьдралд бидний туулдаг олон сорилт бэрхшээлийг ч бас туулсан болохыг мэдэх болно.

Жишээлбэл, Есүс гашуудлын замаар алхсан. Тэр маш олон удаа гашуудаж байсан ба Иерусалим дахь олон нийтэд номлосон номлолоо дуусгах үедээ Иерусалимын төлөө гашуудсан нь хамгийн сэтгэл хөдөлгөм байдаг. Израилийн хүүхдүүд Түүний санал болгосон, хамгаалагч мутрын аюулгүй байдлыг эсэргүүцсэн юм. Тэрээр удахгүй устгагдах хотыг хараад, гүн гүнзгий гашуудалд автсан юм. Тэрээр ихэд зовж шаналан, “Иерусалим аа, Иерусалим аа, өөрт нь илгээгдэгсдийг чулуудан, эш үзүүлэгчдийг алдаг хот оо! Тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэгчлэн Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн их хүсэв. Гэтэл та нар хүссэнгүй!”9хэмээн дуу алдсан байдаг.

Есүс уруу таталтын замаар алхсан. Люсифер хамгийн агуу хилэнцэт хүч чадлаа шавхан, хамгийн сэтгэл татам худал үгсээ ашиглаад 40 өдөр, мөн 40 шөнө мацаг барьсан Түүнийг уруу татахыг оролдсон юм. Есүс бууж өгөөгүй бөгөөд харин ч уруу таталт бүрийг эсэргүүцэж байлаа. Тэрээр “Зайл, Сатан аа”10гэж эцсийн үгээ түүнд хэлсэн юм.

Тэрээр өвчин шаналлын замаар алхсан. Түүний “зовж, шаналж байсан … түүний хөлс нь цусны дусал мэт газарт дусалж бай[сан]”11 Гетсеманий талаар бодоод үз. Хэн ч харгис хэрцгий загалмай дээрх Түүний зовлон шаналлыг мартаж чадахгүй.

Бидний хүн нэг бүр алдсан боломжууд ба ашиглаагүй хүч чадлаасаа болж, мөн хайртай хэн нэгнийхээ юм уу, өөрсдийнхөө сонголтоос болж гашуудлын замаар алхаж магадгүй. Мөн бид уруу таталтын замаар ч алхах болно. Бид Сургаал ба Гэрээний 29-р хэсгээс: “Мөн чөтгөр хүмүүний үрсийг уруу татах ёстой нь шаардлагатай ажгуу, эс бөгөөс тэд өөрсдийнхөө төлөө сонгогч байж эс чадна”12хэмээн уншдаг.

Мөн бид өвчин шаналлын замаар алхах болно. Бид үйлчлэгчдийн хувьд агуу өвдөлт, зовлон шаналлыг эдэлсний дараа мөнх бус байдлыг орхисон Эзэнийхээс илүү өвдөлт бидэнд ирэх байх гэж бодох хэрэггүй.

Бид өөрсдийн замд гашуун гуниг харуусалтай тулгарах ба агуу баяр баясгаланг мөн олж чадна.

Бид Есүстэй хамт дуулгавартай байдлын замаар алхаж чадна. Энэ нь үргэлж амархан байхгүй ч, “Харагтун, дуулгавартай дагах нь тахил өргөхөөс илүү, сонсож дагах нь хуцын өөхнөөс илүү”13 хэмээх Самуелийн бидэнд өгсөн өвийг өөрсдийн уриа болгоцгооё. Дуулгаваргүй байдлын эцсийн үр дүн нь боолчлол мөн үхэл байдаг бөгөөд дуулгавартай байдлын шагнал нь эрх чөлөө ба мөнхийн амьдрал байдаг гэдгийг санацгаая.

Бид Есүстэй адил үйлчлэлийн замаар алхаж чадна. Сайн сайхны агуу үлгэр жишээ нь хүмүүсийн дунд номлож байсан Есүсийн амьдрал юм. Тэрээр доголон нэгний хөлөнд хүч, сохор нэгний нүдэнд хараа, дүлий нэгний чихэнд сонсгол авчирсан юм.

Есүс залбирлын замаар алхаж байсан. Тэрээр Их Эзэний залбирал хэмээх бидний мэддэг гайхамшигт залбирлыг бидэнд өгснөөр хэрхэн залбирахыг бидэнд заасан юм. Мөн Гетсемани дахь “Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг”14 гэсэн Түүний залбирлыг хэн мартах билээ?

Аврагчийн бидэнд өгсөн бусад судар дээрх заавар бидний гар дээр бэлэн байдаг. Тэрээр Уулан дээрх номлолынхоо үеэр бидэнд нигүүлсэнгүй, даруу, зөв шударга, зүрх сэтгэлдээ цэвэр ариун, амар тайвныг тогтоогч бай гэж хэлсэн билээ. Тэрээр бидэнд бүр доромжлуулж, хавчигдаж байсан ч өөрсдийнхөө итгэл үнэмшлийн төлөө зоригтой зогсохыг зөвлөдөг. Тэрээр биднээс бусад хүн харж болохын тулд, мөн Тэнгэр дэх Эцэгийг алдаршуулж болохын тулд гэрлээ гэрэлтүүлэхийг хүсдэг. Тэрээр бидэнд бодол санаа болон үйл хөдлөлдөө ариун журамтай байхыг заадаг билээ. Тэрээр дэлхий дээр бус, тэнгэрт эрдэнэс нөөцлөх нь илүү агуу чухал гэж хэлдэг.15

Түүний сургаалт зүйрлэлүүд хүч, эрх мэдэлтэйгээр заадаг. Тэрээр сайн самари хүний түүхээр дамжуулан бидэнд хөршөө хайрлаж, үйлчлэхэд сургадаг.16 Тэрээр талантуудын сургаалт зүйрлэлээрээ бидэнд өөрсдийгөө хөгжүүлж, төгс төгөлдөрт хүрэхийн төлөө хичээхийг заадаг.17 Тэрээр алдагдсан хонины тухай сургаалт зүйрлэлээр бидэнд замаа орхиж, зүг чигээ алдсан хүмүүсийг аврахаар явахыг зөвлөдөг.18

Бид Түүний үгсээс суралцаж, сургаалуудыг нь дагаж, Түүний замаар алхсанаар Христийг амьдралынхаа төвд байрлуулахыг хичээх юм бол Тэрээр олж авахын тулд амиа өгсөн мөнхийн амьдралаа бидэнтэй хуваалцах болно гэж амласан юм. Бид Түүний сахилга батыг хүлээн авч, Түүний шавь нар болж, амьдралынхаа туршид Түүний ажлыг хийхээс илүү дээр төгсгөл гэж байхгүй. Өөр юу ч, бидний хийх өөр ямар ч сонголт Түүний хийж чадах зүйлийг хийж чадахгүй.

Намайг Аврагчийн үлгэр жишээг дагахыг үнэнээсээ хичээж, Түүний замаар алхсан хүмүүсийн тухай бодох бүрд миний мэдэхээр, Христийнхтэй хамгийн адил зан чанартай хүмүүс болох Густав ба Маргарит Вокэр нар бодол санаанд минь орж ирдэг юм. Тэд Зүүн Канадад цагаачилсан уугуул герман хүмүүс байсан бөгөөд би тэнд номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа тэдэнтэй танилцсан юм. Вокэр ах үсчин хийж, амьжиргаагаа залгуулдаг байв. Тэдэнд тийм ч их мөнгө байгаагүй ч байгаа бүх зүйлээ хуваалцдаг байж билээ. Тэд хүүхдүүдээр адислагдаагүй ч, гэрт нь ирсэн хүн бүрийг халамжилдаг байсан. Өндөр боловсролтой, ухаалаг эрэгтэй, эмэгтэйчүүд хүртэл эдгээр даруу, мөн боловсрол муутай Бурханы үйлчлэгчийг зорьж ирдэг байсан бөгөөд тэдэнтэй нэг цаг ч гэсэн хамт байгаадаа өөрсдийгөө азтайд тооцдог байв.

Тэдний гадаад төрх эгэл даруу, англи хэл нь төгс биш, ойлгоход хэцүү мөн гэр орон нь ч тун энгийн байсан юм. Тэдэнд машин ч, зурагт ч байгаагүй бөгөөд тэд дэлхийн анхаарал хандуулдаг зүйлийг хийдэггүй байлаа. Итгэлтэй хүмүүс тэнд байсан сүнсийг мэдрэхийн тулд тэдэн дээр ойр ойрхон зочилж очдог байв. Тэдний гэр дэлхий дээрх диваажин байсан бол, тэдний авчирдаг сүнс жинхэнэ амар амгалан, сайн сайхан байсан юм.

Бид ч мөн Аврагчийн замаар алхаж, төгс үлгэр жишээг нь дагахдаа энэ сүнстэй хамт байж, үүнийг дэлхийтэй хуваалцаж чадна.

Бид Сургаалт үгсээс “Хөлийнхөө доорх замыг хар”19 хэмээн уншдаг. Үүнийг хийснээр бид итгэлтэй бөгөөд Есүсийн алхсан замаар алхах хүсэлтэй байх болно. Мөн бид Эцэгийнхээ дага хэмээн өгсөн зам дээр байгаа гэдэгтээ эргэлзэхгүй байх болно. Аврагчийн үлгэр жишээ бидний хийдэг бүх зүйлийн үндэс суурь бөгөөд Түүний үгс найдвартай удирдамж өгдөг. Түүний зам биднийг гэр рүү маань аюулгүй хүргэж өгөх болно. Энэ адислалыг бид хүртэх болтугай хэмээн би өөрийнхөө хайрладаг, өөрийнхөө үйлчилдэг, мөн гэрчилдэг Есүс Христийн нэр дээр залбирч байна, амен.