“Би биш биз дээ, Эзэн минь?”
Бид бардам зангаа хойш тавьж, хоосон ихэрхэлгүй, даруухнаар “Би биш биз дээ, Эзэн минь?” хэмээн асуух хэрэгтэй.
Энэ бол бидний хайрт Аврагчийн мөнх бус амьдрал дахь сүүлчийн шөнө, хүн төрөлхтний төлөө Тэр Өөрийгөө золиос болгон өгөхийн өмнөх орой байв. Тэрээр шавь нартайгаа талх хувааж байхдаа тэдний зүрх сэтгэлд асар их түгшүүр, уйтгар гуниг авчрах нэгэн зүйлийг хэлсэн юм. “Та нарын нэг чинь надаас урвана”1 гэж Тэр хэлжээ.
Шавь нар нь Түүний хэлсэн зүйлс үнэн эсэхэд эргэлзсэнгүй. Мөн тэд эргэн тойрноо харж, хэн нэгэн рүү заан, “Энэ хүн үү?” гэж асуусангүй.
Оронд нь “тэд ихэд гуниглан, дор бүрдээ л Түүнээс Би биш биз дээ, Эзэн минь”1 гэж асууж байлаа.
Хэрэв Аврагч биднээс энэхүү асуултыг асуусан бол бид яах байсан бол? Бид эргэн тойрныхоо хүмүүсийг харж, “Тэр Дорж ахын талаар л ярьж байгаа байх. Би түүний талаар ер нь их эргэлздэг,” эсвэл “Бат ах энд байгаа нь сайн хэрэг, тэр л энэ захиасыг их сонсох хэрэгтэй байгаа юм даа” гэж бодох болов уу? Аль эсвэл эртний шавь нар шиг дотоод сэтгэл рүүгээ өнгийж, “Би биш биз дээ, Эзэн минь?” хэмээн зүрх сэтгэлийг нэвтлэх асуултыг өөрсдөөсөө асуух болов уу?
“Би биш биз дээ, Эзэн минь?” хэмээх энгийн энэ үгсэд мэргэн ухааны оршил бөгөөд хувийн хөрвөлт, мөн эргэшгүй өөрчлөлтийн замнал оршдог.
Шарилжийн сургаалт зүйрлэл
Нэгэн хүн оройн цагаар хөршийнхөө замаар алхах дуртай байжээ. Тэр ялангуяа байшингийнх нь хажуугаар алхах дуртай байв. Тэр хөрш нь гаднах талбайгаа маш сайхан арчилж, өтгөн ногоон зүлэг, гоёмсог цэцэгс, сайхан моднуудыг ургуулдаг байлаа. Хөрш нь гаднах орчноо сайхан байлгах гэж их хичээдэг нь илт байжээ.
Гэтэл нэгэн өдөр хөршийнхөө байшингийн урдуур алхаж яваад, тарьсан зүлэгнийх нь голд маш том, зэрлэг шарилж ургасан байхыг олж харсан байна.
Ургасан шарилж нь гаднах талбайг тун муухай харагдуулж байсан нь түүнийг гайхшируулжээ. Энэ муухай зэрлэгийг хөрш нь яагаад зулгаагаад хаячихаагүй юм бол? Үүнийг харахгүй байгаа юм бол уу? Ганц зэрлэг ургаж томроод үрээ цацвал олон арав дахин үржинэ гэдгийг тэр мэддэггүй юм болов уу?
Энэхүү талбайн голд ургасан ганц зэрлэг түүний эгдүүг тун их хүргэж, үүний талаар ямар нэг зүйл хиймээр бодогдоод болохгүй байв. Өөрөө очоод зулгаачихдаг ч юм бил үү? Эсвэл шарилж устгадаг хор шүршчих үү? Шөнө нууцаар очоод тасдаад авчих уу?
Иймэрхүү бодлууд толгойноос нь гарахгүй явсаар тэр гэрийнхээ үүдэнд ирлээ. Гэрийнхээ гадаа шигүү ургасан зэрлэг шарилжуудыг нэгийг нь ч анзааралгүй тэрээр гэртээ оржээ.
Дүнз болон үртэс
Энэхүү сургаалт үлгэр нь Аврагчийн үгсийг бидэнд сануулж байгаа биз дээ?
“Чи ах дүүсийнхээ нүдэн дэх үртсийг хардаг атал яагаад өөрийн нүдэн дэх дүнзийг анзаардаггүй юм бэ? …
“…эхлээд нүднээсээ дүнзээ авч хая, тэгвэл чи ах дүүгийнхээ нүднээс үртсийг авч хаяхдаа сайн харах болно.”2
Энэхүү дүнз ба үртэсний үлгэр нь биднийг өөрсдийгөө сайн харж чаддаггүйг илэрхийлдэг. Бид бусдын болохгүй байгаа зүйлсийг онцгой сайн олж харж, тэдэнд зөвлөгөө өгч чаддаг мөртлөө яагаад өөрсдийнхөө асуудлыг харж чаддаггүйг би сайн ойлгодоггүй юм.
Хэдэн жилийн өмнө мэдээгээр нүүрэн дээрээ нимбэгний шүүс түрхвэл дүрс бичлэгийн камерт харагдахгүй гэдэгт итгэсэн нэгэн хүний талаар гарч билээ. Тэр залуу нүүрэн дээрээ нимбэгний шүүс сайн гэгч түрхээд гарч, хоёр ч банк дээрэмджээ. Тэр оройн мэдээгээр түүний бичлэг тавигдсаны дараа удалгүй тэр баривчлагдсан байна. Цагдаа нар түүнд хамгаалалтын камерын бичлэгийг үзүүлэхэд тэр нүдэндээ ч итгэхгүй байсан бөгөөд “би нимбэгний шүүс түрхсэн шүү дээ”3гэж дургүйцлээ илэрхийлсэн гэдэг.
Корнеллын их сургуулийн судлаач энэ мэдээг сонсоод, энэ хүн өөрийнхөө сул талыг өчүүхэн ч анзаарахгүй байгааг ихэд гайхжээ. Энэ асуудал нь хүмүүст хэр түгээмэл болохыг мэдэхийн тулд хоёр судлаач оюутнуудыг урьж оролцуулан, тэднийг амьдралын ур чадваруудын талаарх олон талт цуврал туршилтуудаар сорьсны дараа тэд туршилтуудыг хэрхэн хийсэн гэж бодож байгаа талаар өөрсдөөс нь асуужээ. Туршилтуудад хамгийн муу оноо авсан оюутнууд өөрсдийгөө хамгийн буруу үнэлсэн байв. Тэдний зарим нь өөрсдийнхөө авсан онооноос тав дахин илүү оноо авсан байх гэж бодож байжээ.4
Энэ туршилт олон удаа давтагдсан бөгөөд бидний олонх нь өөрсдийгөө байгаа бодит байдлаар нь харж чаддаггүй гэдгийг туршилт бүрийн үр дүн баталсан юм. Амжилттай хүмүүс хүртэл өөрсдийн оруулсан хувь нэмрийг хэтрүүлэн бодож, харин бусдын оруулсан хувь нэмрийг дутуу үнэлдэг нь тогтоогджээ.5
Бид автомашин хэр сайн барьдгаа, аль эсвэл гольфын бөмбөгийг хэр хол цохидгоо хэтрүүлж үнэлэхэд үр дагавар нь тийм ч муу биш байж болно. Харин бид гэр бүл, ажил, мөн сүмдээ оруулж буй бодит хувь нэмрээсээ илүүг хийж байна гэж итгэж эхлэх юм бол өөрсдийгөө өсөж хөгжих гайхамшигт боломж, адислалуудаас халхалдаг.
Хайхрахгүй өнгөрдөг сүнслэг зүйлс
Миний нэг танил бүх үзүүлэлтээрээ Сүмд тэргүүлдэг нэгэн тойрогт амьдардаг байв. Ирц нь маш өндөр, гэрийн багшлалтын хувь ч өндөр, мөн Хүүхдийн хэсгийн хүүхдүүд нь маш томоотой бөгөөд тойргийн оройн хоолон дээр гэр бүлүүд маш сайхан амттай хоол авчирч, Сүмийн шалан дээр бараг асгалгүй үйл ажиллагаагаа хийцгээдэг байлаа. Мөн Сүмийн сагсан бөмбөгийн тэмцээнд хүртэл ямар нэгэн хэрүүл, үл ойлголцол гардаггүй байсан байх гэж би бодож байна.
Дараа нь найз маань эхнэртэйгээ номлолд үйлчлэхээр дуудагдсан юм. Тэд гурван жилийн дараа эргэн ирж, энэ хугацаанд тойргийнх нь арван нэгэн гэр бүл салсныг сонсоод, маш их гайхжээ.
Тэр тойрогт итгэл, хүчтэй байдлыг илтгэх бүх л гадаад үзүүлэлт байсан хэдий ч гишүүдийнх нь зүрх сэтгэлд болон амьдралд нь сайнгүй зүйлс их болж байсан байна. Энэ тойрогт болсон зүйл зөвхөн энд л болсон юм биш, харин нийтлэг байгаад л асуудлын гол оршино. Сүмийн гишүүд сайн мэдээний зарчмуудаас холдох үед ийм аймшигтай, онцын шаардлагагүй зүйлс амьдралд нь тохиолддог. Тэд өнгөц харахад Есүс Христийн дагалдагч мэт харагдавч, зүрх сэтгэл нь Аврагчаас болон Түүний сургаалаас холдсон байдаг. Тэд аажмаар Сүнслэг зүйлсээс холдож, дэлхийн зүйлс рүү тэмүүлсэн байдаг юм.
Нэгэн цагт зохистой байсан санваартнууд Сүм бол эмэгтэйчүүд, хүүхдүүдэд л хэрэгтэй, харин өөрсдөд нь хэрэгцээгүй гэж өөртөө хэлж эхэлдэг. Аль эсвэл завгүй амьдрал ба онцгой нөхцөл байдал нь тэднийг Сүнсэнд ойр байлгах өдөр бүрийн шүтлэг бишрэл, үйлчлэлүүдийг хийхгүй байх шалтаг болдогт бүрэн итгэсэн байдаг. Өөрийгөө зөвтгөж, өөрөөрөө бахархах үзэл дэлгэрсэн энэ цаг үед Бурханд ойр ойрхон залбирахгүй байж, судраас судлахыг хойш нь тавьж, Сүмийн хурлуудыг болон гэр бүлийн үдшийг алгасаж, аравны нэгээ бүрэн төлөхгүй байх янз бүрийн шалтаг олоход амархан болжээ.
Хайрт ах нар аа, та нар бүгдээрээ зүрх сэтгэл рүүгээ нэг өнгийж, “Би биш биз дээ, Эзэн минь?” гэсэн энгийн асуултыг асуух уу?
Та нар “өөрсдөд чинь даалгагдсан, Бурханы алдарт сайн мэдээнээс”6 өчүүхэн ч болов хөндийрсөн үү? Та нар “энэ үеийн бурхан” бодол санааг чинь сохлохыг зөвшөөрч, “Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй”7 болсон уу?
Хайрт найзууд, хайрт ах нар аа, “Миний эд баялаг хаана байна?” гэж өөрсдөөсөө асуугаарай.
Та нарын зүрх сэтгэл дэлхийн эд зүйлс дээр төвлөрсөн байна уу, эсвэл гуйвшгүй Есүс Христийн сургаалд төвлөрсөн байна уу? “Юу гэвэл та нарын баялаг хаана байна, тэнд бас зүрх сэтгэл тань байх болно.”8
Бурханы Сүнс та нарын зүрх сэтгэлд оршиж байна уу? Та нар Бурханы болон дотны хүмүүсийнхээ хайран дотор “үндэслэж суурилсан” уу? Та нар гэрлэлт, гэр бүлдээ аз жаргал авчрахын тулд хангалттай цаг зарцуулж, шинэлэг санааг гаргаж байна уу? Та нар хамгийн агуу зорилго болох “Бурханы бүх дүүрэнд хүртэл бялхсан байхын” тулд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний “ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг ойлгож”9мөн үүний дагуу амьдрахын төлөө эрч хүчээ зарцуулж байна уу?
Ах нар аа, хэрэв та нар “итгэл, ариун журам, мэдлэг, өөрийгөө захирах, тэвчээр, ах дүүсэг ёсны нинжин сэтгэл, бурханлиг чанар, энэрэл, даруу байдал, хичээл зүтгэл”10 зэрэг Христийн шинж чанаруудыг сурч хөгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсдэг бол, олон бодгалийн авралын төлөө Тэнгэрлэг Эцэг та нарыг Өөрийн мутар дахь зэмсэг болгох болно.11
Амьдралаа дүгнэж цэгнэх нь
Ах нар аа, бидний хэн нь ч зөв замаасаа хазайж байгаагаа хүлээн зөвшөөрөх дургүй. Бид зүрх сэтгэлийнхээ гүн рүү өнгийж; сул тал, өөрсдийн хязгаар, айдсуудтай нүүр тулахаас зайлсхийдэг. Тиймээс бид амьдралаа дүгнэж цэгнэхдээ зохисгүй бодол, үйлдлүүдээ зөвтгөж байдаг өрөөсгөл үзэл, шалтаг, шалтгаануудаар халхлагдсан тийм л цонхоор хардаг билээ.
Гэвч сүнслэгээр хөгжиж, мөн сайн сайхан амьдрахын тулд өөрсдийгөө байгаа байдлаар нь тодорхой харах нь нэн чухал юм. Хэрвээ бид сул тал, дутагдлуудаа сүүдэрт нуун далдлаад байвал Аврагчийн гэтэлгэх хүч тэдгээрийг эдгээж, хүчирхэг болгож чадахгүй.12 Хачирхалтай нь, бидэнд буй эгэл хүний сул талуудаа харахад саад болж байгаа халхавч нь Эцэгийн бидэнд хөгжүүлэхийг хүсэж буй тэнгэрлэг чанаруудаас мөн халхалдаг.
Тэгвэл бид хэрхэн Бурханы үнэний цэвэр гэрлийг дотор хүн рүүгээ тусгаж, Тэр биднийг хардаг шиг өөрсдийгөө харж чадах вэ?
Өөрсдийгөө бодитоор нь шинжихэд ариун судрууд болон Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс сайн толь болж чадна гэж би санал болгомоор байна.
Эртний болоод өнөө үеийн бошиглогчдын үгсийг уншиж мөн сонсохдоо өөр хэн нэгэнд эдгээр үг хэрхэн туслах тухай бус, харин “Би биш биз дээ, Эзэн минь?” хэмээх энгийн асуултыг өөрсдөөсөө асуугаарай.
Бид Мөнхийн Эцэгтээ эмтэрсэн зүрх, суралцах хүсэл эрмэлзлээр хандах хэрэгтэй. Бид сурч мөн өөрчлөгдөх хүсэлтэй байх хэрэгтэй. Тэнгэрлэг Эцэгийн хүсэж буй амьдралаар амьдрах шийдвэрийг гаргаснаар бид хэчнээн их адислалууд авахыг бодоод үз дээ.
Суралцаж мөн өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаа тэд адислагдахгүй бөгөөд Сүмд тэдэнд хэрэгтэй зүйлс байгаа эсэх талаар эргэлзэж эхлэх болно.
Харин өсөж хөгжихийг хүсдэг, Аврагчаас суралцаж, Түүнтэй адил болох гэж тэмүүлдэг, балчир хүүхэд мэт өөрсдийгөө даруусган, бодол санаа болон үйлдлүүдээ Тэнгэрлэг Эцэгийн хүслийн дагуу байлгахыг эрмэлздэг хүмүүс Аврагчийн Цагаатгалын гайхамшгийг үзэх болно. Тэд Бурханы гайхамшигт Сүнсийг гарцаагүй мэдрэх болно. Тэд даруу болон номхон зүрхний үр жимс болох, үгээр хэлэхийн аргагүй аз жаргалыг амсах болно. Тэд Есүс Христийн жинхэнэ дагалдагч болох хүсэл эрмэлзэл, гуйвшгүй байдлаар адислагдах болно.
Сайны хүч нөлөө
Би амьдралынхаа турш дэлхийн хамгийн чадварлаг, ухаалаг зарим хүнтэй мөр зэрэгцэн ажиллах боломжтой байсан. Би залуу байхдаа өндөр боловсролтой, ихийг бүтээж, амжилттай яваа, дэлхийнхний өндөрт өргөдөг хүмүүсийг үлгэрлэн хардаг байлаа. Гэвч он жилүүдийн турш би үнэхээр сайн бөгөөд заль мэхгүй хүмүүсийг л илүүтэй хүндэтгэн хардгаа ухаарсан юм.
Энэ нь л чухамдаа сайн мэдээний гол зорилго бөгөөд бидэнд үзүүлэх нөлөө биш гэж үү? Энэ бол сайн мэдээ бөгөөд биднийг сайн хүмүүс болоход тусалдаг.
Дагалдагч Иаковын дараах үгс бидэнд одоо ч үйлчилсэн хэвээр байна:
“Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлсэл өгдөг …
“Эзэний оршихуйд өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.”13
Ах нар аа, бид бардам зангаа хойш тавьж, хоосон ихэрхэлгүй, даруухнаар “Би биш биз дээ, Эзэн минь?” гэж асуух хэрэгтэй.
Хэрвээ Их Эзэн энэ асуултад “Тийм ээ, хүү минь, чамд сайжруулах, даван туулахад тань тусалж чадах зүйлс Надад байна” гэж хариулж байгаа бол бид бүгд энэхүү хариултыг хүлээн авч, даруухнаар гэм нүгэл, дутагдлаа хүлээн зөвшөөрч, илүү сайн нөхөр, аав мөн хүү болсноор замаа өөрчлөөсэй хэмээн би залбирч байна. Энэ цагаас хойш Аврагчийн адислагдсан замаар эргэлт буцалтгүй явахын төлөө бүх хүч чадлаараа тэмүүлцгээе. Учир нь бид өөрсдийгөө байгаагаар нь харж таних нь мэргэн ухааны эхлэл юм.
Ингэж чадваас Өгөөмөр Бурхан биднийг гараасаа хөтөлж мөн бид “хүчирхэгжиж, мөн дээрээс адислагдах болно.”14
Хайрт найз нар минь, дагалдагчийн энэхүү гайхамшигт мөн адислалаар дүүрэн замналын эхний алхам нь бид
“Би биш биз дээ, Эзэн минь?” гэсэн энгийн асуултыг асууснаар эхлэх юм.
Энэ бүгдийг би гэрчилж, та бүгдэд адислалаа үлдээж байна. Есүс Христийн нэрээр, амен.