2010–2019
Ир, та нар харна
Аравдугаар сар 2014


15:28

Ир, та нар харна

Есүс Христийн Сүм үргэлж номлогчийнх байсан бөгөөд байсаарч байх болно.

Миний захиас Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бус хувь хүмүүст онцгойлон зориулагдсан юм. “Яагаад хожмын үеийн гэгээнтнүүд юунд итгэдгээ надад хэлж, сүмийнхээ талаар суралцахад намайг урихыг тэгж их хүсдэг юм бол?” гэсэн та нарын олонх нь асуудаг чухал асуултын тухай би ярих болно.

Их Эзэний Сүнс намайг үр өгөөжтэй ярихад болон энэхүү чухал асуултад өгөх хариултыг маань илүү сайн ойлгоход та нарт туслах болтугай хэмээн би залбирч байна.

Тэнгэрлэг үүрэг даалгавар

Есүс Христийн үнэнч шавь нар үргэлж зоригтой номлогчид байсаар ирсэн, мөн үргэлж тийм л байх болно. Номлогч нь Есүс Христийн дагалдагч бөгөөд Түүнийг Гэтэлгэгч болохыг гэрчилж, Түүний сайн мэдээний үнэнийг тунхагладаг юм.

Есүс Христийн Сүм үргэлж номлогчдын сүм байсаар ирсэн, мөн үргэлж тийм байх болно. Шинэ Гэрээнд бичигдсэнчлэн, Аврагчийн Сүмийн гишүүн нэг бүр Их Эзэний Өөрийн дагалдагчдад өгсөн тэнгэрлэг даалгаврыг биелүүлэхэд туслах албан ёсны үүргийг хүлээн авсан билээ:

“Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж,

“Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно. Aмен” (Матай 28:19–20).

Хожмын үеийн гэгээнтнүүд Их Эзэн Есүс Христ, Түүний сэргээгдсэн сайн мэдээний талаар бүх улс үндэстний хүн бүрд заах энэхүү үүрэг хариуцлагыг чухалчлан авч үздэг юм. Аврагчийн эрт дээр үед дэлхий дээр байгуулсан тэр Сүм хожмын үед Түүгээр дахин байгуулагдсан гэдэгт бид итгэдэг. Сайн мэдээ, зарчмууд, мөн санваарын эрх мэдэл, ёслолууд болон Түүний сайн мэдээний гэрээнүүд өнөөдөр Түүний Сүмд байдаг.

Таныг бидэнтэй хамт сүмд очихыг, эсвэл бүрэн цагийн номлогчидтой уулзаж суралцахад урихдаа бид танд бараа бүтээгдэхүүн худалдахыг оролдож байгаа явдал биш юм. Сүмийн гишүүдийн хувьд бид энэ тэнгэрлэг уралдаанд шагнал хүртэх юм уу, нэмэлт оноо авдаггүй. Бид зүгээр л Сүмийн тоон үзүүлэлтийг нэмэгдүүлэхийг хичээдэггүй юм. Түүнчлэн хамгийн гол нь, бид таныг бидний нэгэн адил итгэхэд албаддаггүй билээ. Харин бид таныг Есүс Христийн сайн мэдээний сэргээгдсэн үнэнүүдийг сонсож, суралцан, тунгаан бодож, залбирч, бидний тантай хуваалцсан зүйлс үнэн эсэхийг өөрөө олж мэдээсэй л гэж урьж байгаа юм.

Та нарын зарим нь “Гэхдээ би аль хэдийнээс Есүст итгэж, Түүний сургаалуудыг дагадаг болсон” эсвэл “Би Бурхан үнэхээр байдаг эсэхэд эргэлздэг” гэх мэтээр хариулж магадгүй. Бидний урилга таны шашны өв уламжлалыг юм уу, амьдралын туршлагыг тань устгах оролдлого биш билээ. Та мэддэг бүх үнэн, сайн, сайшаалтай зүйлээ авчирч, манай захиасыг туршиж үзээрэй. Есүс Өөрийн хоёр дагалдагчийг “Ир, та нар харна” (Иохан 1:39) хэмээн урьсантай адил, бид таныг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ таны үнэн гэж итгэдэг зүйлсийг өргөжүүлж, баяжуулах эсэхийг ирж үзээрэй хэмээн урьж байна.

Чухамдаа бид энэ захиасаа бүх үндэстэн, ястан, хэлтэн хийгээд хүмүүст хүргэх ариун үүрэг хариуцлагатай юм. Бид яг энэ үүргээ өнөөдөр дэлхийн 150 гаруй улсад ажиллаж буй 88000 бүрэн цагийн номлогчтой хамт хийж гүйцэтгэж байна. Эдгээр гайхалтай эрэгтэй, эмэгтэй Есүс Христийн үүрдийн сайн мэдээг тунхаглахаар тэнгэрлэгээр томилогдон, хувь хүнийхээ үүрэг хариуцлагыг биелүүлэхэд нь Сүмийн гишүүдэд тусалдаг (С ба Г 68:1-ийг үзнэ үү).

Сүнслэг үүргээс илүү утга учиртай

Энэхүү захиасыг тунхаглах гэсэн бидний хүсэл эрмэлзэл нь сүнслэг үүргээ ухамсарласны үр дүн төдий биш юм. Харин Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг тантай хуваалцах гэсэн бидний хүсэл нь эдгээр үнэн бидний хувьд ямар их чухал болохын тусгал билээ. Чухам ямар учраас бид итгэл үнэмшлээ танд тайлбарлахыг эрэлхийлдгийн учрыг олон жилийн өмнө гэргий бид хоёрт тохиолдсон, хоёр хүүтэй минь холбоотой туршлага хамгийн сайн тайлбарлаж чадна гэдэгт би найдаж байна.

Нэгэн үдэш Сюзэн бид хоёр гэрийнхээ цонхоор хоёр бяцхан хүүгийнхээ гадаа тоглохыг харан зогсож байлаа. Тоглож байгаад, хоёр хүүгийн маань бага нь жаахан осолдож, ялимгүй гэмтсэн юм. Бид түүнийг ноцтой гэмтээгүйг харсан тул яаран очиж, түүнд туслахгүй байхаар шийдэв. Гэр бүлийн зөвлөгөөнөөс ах дүүгийн сайхан сэтгэлийн тухай тэд ямар нэгэн зүйл ойлгосон эсэхийг нь харж ажиглахыг бид хүссэн юм. Дараа нь юу болсон нь сонирхолтой бөгөөд сургамжтай байлаа.

Ах нь дүүгээ тайтгаруулж, байшинд орж ирэхэд нь болгоомжтой гэгч нь туслав. Сюзэн бид хоёр гал тогооны өрөөний ойролцоо зогсоод дараа нь юу болохыг харж, нэмэлт гэмтэл учирч магадгүй юм уу, ноцтой зүйл гарвал туслахад бэлэн байдалд байлаа.

Ах нь гал тогооны тосгуур руу сандал чирч аваачлаа. Тэгээд өөрөө сандал дээр авирч гаран, дүүгээ сандал дээр гарахад нь туслаад, ус гоожуулан, дүүгийнхээ шалбарсан гар дээр их хэмжээний аяга таваг угаагч саванг асгав. Тэр шороог арилгахын тулд чадах чинээгээрээ болгоомжтой угаав. Энэ явцад дүүгийнх нь үзүүлсэн хариу үйлдлийг “Мөн тэд гаслах, мөн уйлах, мөн орилох, мөн шүдээ хавирах шалтгаан бүхий болно” (Мозая 16:2) гэсэн ариун судрын хэллэгээр л тун оновчтой дүрсэлж болно. Тэр бяцхан хүү үнэхээр гасалж буй мэт уйлж байсан юм.

Цэвэрлэж дуусаад, гарыг нь алчуураар болгоомжтой хатаасны дараа дүү нь чарлаж бахирахаа болив. Дараа нь ах нь гал тогооны тавцан дээр авирч гараад, шүүгээ онгойлгон шинэ эмтэй түрхлэг олсон юм. Дүүгийнх нь гарын шалбархай тийм ч их биш, бас том биш байхад ах нь савтай түрхлэгийг бараг бүгдийг шархадсан гарт нь түрхэв. Дүүд нь түрхлэгийн өвчин намдаах нөлөө аяга таваг угаагч савангийн цэвэрлэх нөлөөнөөс илүү их таалагдсан тул орилж чарласангүй.

Ах нь нөгөө түрхлэг олсон шүүгээг дахиж онгойлгон, шинэ хайрцагтай ариутгасан шархны наалт олоод, наалтуудынхаа боодлыг задлан, дүүгийнхээ гар дээр бугуйнаас нь эхлээд, тохойг нь хүртэл наав. Яаралтай тусламж өндөрлөхөд гал тогоогоор нил савангийн хөөс, түрхлэг, шархны наалтын цаас хөглөрч; хоёр бяцхан хүү хөгжилтэйгөөр инээмсэглэн, баяртай нь аргагүй сандлаас үсрэн бууцгаалаа.

Дараа нь юу тохиолдсон нь хамгийн чухал юм. Шархадсан дүү нь үлдсэн шархны наалтуудыг болон бараг хоосон шахуу болсон түрхлэгийн савыг цуглуулж аваад гадаа гарав. Тэр найзуудаа хурдхан хайж олон, тэдний гарт түрхлэгийг түрхэн, наалтуудыг нааж эхэллээ. Сюзэн бид хоёр түүний энэ хариу үйлчлэлийн чин сэтгэл, урам зоригт, мөн хурдан түргэнд нь тун гайхаж билээ.

Яагаад тэр бяцхан хүү ахынхаа хийснийг хийсэн юм бол? Түүнийг гэмтэж шархадсан байхад тус болсон тэр зүйлийг найзууддаа үтэр түргэн бөгөөд өөрийн зөн совингоор өгөхийг хүссэн нь үнэхээр анхаарал татмаар зүйл юм. Тэр бяцхан хүүг тийнхүү үйлдэхийг гуйж, уриалан дуудаж, ятгаж, хүчлэх ямар ч шаардлага байгаагүй. Түүний хуваалцах хүсэл нь хамгийн тустай бөгөөд үр ашигтай хувийн туршлагынх нь л үр дагавар байсан юм.

Бид нас биенд хүрсэн хүний хувьд удаан өвдөж зовоосон ихэнх өвчинг маань намдаадаг эм, эмчилгээг олохдоо ч юм уу, зовлон бэрхшээлийг зоригтойгоор, тэвдэл сандралыг тэсвэр хатуужилтай хүлээн авах чадвартай болгох зөвлөгөөг авахдаа яг ийм зүйлийг хийх болно. Бидний хувьд хамгийн утга учиртай, эсвэл бидэнд тус болсон зүйлсийг бусадтай хуваалцах нь ер бусын зүйл биш юм.

Яг ийм жишээ агуу их сүнслэг ач холбогдол, үр дагавар бүхий асуудалд голчлон илэрч байдаг. Тухайлбал, Мормоны Ном хэмээх судрын номонд байдаг нэгэн түүх Лихай гэдэг эртний бошиглогч, удирдагчийн зүүдэлсэн зүүдийг онцлон өгүүлдэг. Лихайн зүүдний хамгийн гол зүйл нь “бүхнээс илүү, хамгийн ихээр хүслийг татагч” мөн “бодгальд хамгийн их баясгалант” болох “Бурханы хайр”-ыг төлөөлсөн амьдралын мод юм (1 Нифай 11:22–23; мөн 1 Нифай 8:12, 15-ыг үзнэ үү).

Лихай тайлбарлахдаа:

“Мөнхүү улиран тохиох дор би урагшлан түүний жимснээс хүртэв; мөн энэ нь урьд өмнө миний амсаж асан бүхнээс дээгүүр тэргүүн амтат байсныг би болгоосон бөлгөө. Тийм ээ мөн түүний жимс нь цагаан, урьд өмнө миний үзсэн бүхнээс үлэмж цагаан байсныг би болгоов.

Мөн би түүний жимснээс хүртэхийн сацуу энэ нь миний сэтгэлийг үлэмж агуу баяраар дүүргэв; иймийн тул, гэр бүлийнхэн маань үүнээс түүнчлэн хүртээсэй хэмээн би хүсч эхлэв” гэжээ (1 Нифай 8:11–12; тодотгол нэмэгдсэн).

Бурханы Өөрийн хүүхдүүдийг хайрладаг хайрын хамгийн агуу нотолгоо нь Их Эзэн Есүс Христийн мөнх бус үйлчлэл, цагаатгагч золиослол болон Амилалт билээ. Тэрхүү модны жимсийг Аврагчийн Цагаатгалын адислалуудын бэлэг тэмдэг гэж үзэж болно.

Лихай уг модны жимснээс хүртэн, агуу баяр хөөрийг мэдэрсэн даруйдаа гэр бүлийнхэндээ өгч, тэдэнд үйлчлэхийг хүсэж эхэлсэн. Ийнхүү тэрээр Христээс тусламж эрэхдээ бусдад хайр, үйлчлэлээ зориулсан юм.

Мормоны Номонд гардаг өөр нэгэн үйл явдлаар, чин сэтгэлээсээ хүссэн залбирлыг нь Бурхан сонсож, хариулсны дараа Инос хэмээх эрэгтэйд юу тохиолдсоныг харуулдаг.

Инос хэлэхдээ:

“Мөн бодгаль минь өлссөн байв; мөн намайг Бий Болгогчийн өмнө сөхөрсөн би, мөн хүчит залбирлаар мөн бодгалийнхаа төлөө гуйлтаар түүнээс гуйсан; мөн бүхэл өдрийн турш би түүнээс гуйв; тийм ээ, мөн шөнө ирэхэд би дуугаа өндөрсгөн үргэлжлүүлсээр байсан учир энэ нь тэнгэрт хүрсэн бөлгөө.

“Мөн тэгтэл нэгэн дуу хоолой надад ирж, өгүүлсэн нь: Инос нүглүүд чинь өршөөгдсөн, мөн чи адислагдах болно хэмээв.

“Мөн би, Инос, Бурхан худал хэлж эс чадахыг мэднэ; иймийн тул, миний гэм зайлуулагдсан бөлгөө.

“Мөн би хэлэв: Их Эзэн, энэ хэрхэн бүтэв?

“Мөн тэрээр надад хэлэв: Чи урьд нь хэзээ ч сонсож бас хараагүй, Христэд итгэлтэйн чинь учир буюу. Мөн тэрээр өөрийгөө бие махбодид үзүүлэхээс өмнө олон жил улирч одно; иймийн тул, яв, итгэл чинь чамайг эдгээлээ.

“Эдүгээ, улиран тохиох дор би эдгээр үгсийг сонсоод өөрийн ах дүү нар, нифайчуудын аз жаргалын төлөө хүслийг мэдэрч эхэллээ; иймийн тул, би тэдний төлөө бүх сэтгэл оюунаа Бурханд дэлгэсэн бөлгөө” гэсэн билээ (Инос 1:4–9; тодотгол нэмэгдсэн).

Инос Их Эзэнээс “бүх зүрх сэтгэлээрээ” (2 Нифай 31:13) гуйхын зэрэгцээ гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчдийнхээ аз жаргалын төлөө санаа зовж эхэлсэн юм.

Энэ хоёр үйл явдлаас бидний суралцаж болох баттай сургамж бол Есүс Христийн Цагаатгалын адислалуудыг хувийн амьдралдаа мэдрэхийн ач холбогдол нь зөвхөн “хүсэл сонирхлоороо үйлдэхээс” хамаагүй илүү үр нөлөөтэй чин сэтгэлийн, жинхэнэ үйлчлэлийн урьдчилсан нөхцөл болдогт оршино. Лихай, Инос хоёр шиг, мөн миний өгүүлсэн түүхэнд гардаг бяцхан хүүгийн адил бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд сүнслэг тодорхой бус байдалтай болон нүгэлтэй холбоотой зовлон шаналлыг мэдэрсэн юм. Бид мөн зөвхөн Аврагчийн сайн мэдээний зарчмуудыг судалж, амьдарснаар олж авдаг ариусал, дотоод сэтгэлийн амар амгалан, сүнслэг эдгэрэлт ба сэргээлт, удирдамжийг мэдэрсэн.

Есүс Христийн Цагаатгал цэвэр ариун болоход шаардлагатай цэвэршүүлэгч хүчийг өгч, сүнслэг шархыг эдгээн, гэм бурууг арилгах анагаагч түрхлэгийг болон сайн, муу аль ч цагт итгэлтэй байх боломж олгодог хамгаалалтыг өгдөг юм.

Туйлын үнэн оршдог

Бид яагаад номлогчид байдаг талаарх үндсэн шалтгаануудыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бус гэр бүлийнхэн болоод найз нөхөд та нартаа би тайлбарлахыг оролдлоо.

Туйлын үнэнийг улам ихээр басаж, няцаадаг дэлхий дээр туйлын үнэн оршдог юм. Ирээдүйн өдөр “бүх юмс өвдөг сөгдөн” мөн “бүх хэл Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх [болно]” (Филиппой 2:10–11). Есүс Христ бол үнэхээр Мөнхийн Эцэгийн Төрсөн Ганц Хүү билээ. Түүний Сүмийн гишүүдийн хувьд Тэрээр амьд бөгөөд Түүний Сүм энэ хожмын өдрүүдэд бүрэн дүүрэн сэргээгдсэн гэдгийг бид гэрчилж байна.

Захиасаас суралцан, туршиж үзэхэд урьсан бидний урилга нь Есүс Христийн сайн мэдээний эерэг үр нөлөөг амьдралдаа мэдэрсний маань үр дүн юм. Заримдаа бид зөрүүд юм уу, огцом ширүүн, эсвэл бүр эрс тууштай оролдлого хийдэг. Бидний энгийн хүсэл эрмэлзэл бол хамгийн үнэ цэнэтэй зүйлсийнхээ үнэнийг л тантай хуваалцах гэсэн явдал билээ.

Би Их Эзэний төлөөлөгчдийн нэгний хувьд, өөрийн бодгалийн бүхий л хүчээр Түүний тэнгэрлэг байдлыг болон бодит үнэнийг гэрчилж байна. Мөн би “Ир, та нар харна” (Иохан 1:39) хэмээн Их Эзэн Есүс Христийн ариун нэр дээр таныг урьж байна, амен.