Бидний хувийн тохинуулал
Хэрэв бид аливаа замаар туслах хүмүүсийнхээ хэрэгцээг мэдэхийг хүсч байвал Есүс Христийг хайрлах өөрсдийн хайрыг удирдамжаа болгох ёстой.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх боломж мөн үйлчлэх хувийн адислал бидэнд өгөгдсөн байдаг. Би сүмийн гишүүн байх үеийнхээ туршид олон арга замаар үйлчилж байсан. Ахлагч Энрик Р.Фалабэлла ахын аав Удин Фалабэлла ахын хэлснээр “Үйлчлэл хийдэг хүн ашиг тустай хүн, үйлчлэл хийдэггүй хүн ашиггүй зарц юм”. Бид эдгээр үгийг оюун бодол, зүрх сэтгэлдээ хадгалж явах хэрэгтэй.
Би үйлчлэлийнхээ үеэр удирдамж, чиглүүлгийг эрж хайхдаа Аврагч хувь хүн болон гэр бүлүүдийг анхаардаг гэдгийг санаснаар тайтгарлыг олж авч байсан юм. Хувь хүн бүрийг хайрлах Түүний хайр болон хайраар дүүрэн анхаарал халамж нь, Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүрийн агуу үнэ цэнийг ойлгодог бөгөөд хувь хүн бүр Есүс Христийн сайн мэдээгээр тохинуулагдаж, хүчирхэгжиж байгааг бид бататгах нь чухал гэдгийг надад заасан юм.
Судруудаас бид
“Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун. …
Мөн хэрэв та нар … өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!”1 гэж уншдаг.
Бодгаль бүр Бурханд агуу үнэ цэнэтэй байдаг. Учир нь, бид Түүний хүүхдүүд учраас Түүнтэй адил болох боломж бидэнд байдаг.2
Хэрэв бид аливаа замаар туслах хүмүүсийнхээ хэрэгцээг мэдэхийг хүсч байвал Есүс Христийг хайрлах өөрсдийн хайрыг удирдамжаа болгох ёстой. Бидний Их Эзэн Есүс Христийн сургаал бидэнд замыг харуулдаг. Бид ингэж л хувийн тохинууллыг хийж эхэлдэг ба бусдын хэрэгцээг таньж мэдэн, тэдгээрт тусалдаг. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Линда К.Бөртоний хэлснээр “Эхлээд ажигла, тэгээд үйлчил”.3
Ерөнхийлөгч Томас С.Монсон энэ зарчмын агуу үлгэр жишээ юм. 2005 оны нэгдүгээр сард тэрээр Пуэрто Рикод санваарын удирдлагын чуулганыг тэргүүлж байхдаа Аврагч болон Түүний үйлчлэгчид хэрхэн хувийн тохинууллаар дамжуулан үйлчлэл хийдгийг үзүүлсэн юм. Уг гайхалтай хурлын төгсгөлд ерөнхийлөгч Монсон санваарын бүх удирдагчтай гар барьж мэндэлсэн ба гэнэтхэн нэлээн холоос ажиглан ганцаараа сууж буй ахыг олж харсан байна.
Ерөнхийлөгч Монсон хүмүүсээс холдож, тэр ах руу очин, түүнтэй ярьжээ. Жосэ Р.Заяас сэтгэл нь хөдөлж, түүний өөр дээр нь хүрч ирсэн нь гайхамшиг байсан бөгөөд хурлын өмнө эхнэр Ёоландатайгаа залбирсан залбирлынх нь хариулт байсныг хэлжээ. Тэрээр охиных нь эрүүл мэнд тун тааруу байгааг, мөн эхнэр нь ерөнхийлөгч Монсонд өгөөрэй гэж захиа өгснийг хэлсэн байна. Заяас ах, ерөнхийлөгч Монсон тун завгүй байгаа учраас үүнийг өгөх боломжгүй гэж эхнэртээ хэлжээ. Ерөнхийлөгч Монсон түүнийг сонсоод, захиаг авахыг хүсч, дотроо аяархан уншсан. Тэгээд уг захиаг халаасандаа хийгээд тэдний хүсэлтийг хүлээн авна гэж Заяас ахад хэлжээ.
Уг замаар тэрхүү гэр бүл, Их Эзэн Есүс Христийн үйлчлэгчээр дамжуулан Түүгээр нөлөөлөгдсөн юм. Сайн санаат Самари хүний сургаалт үлгэрт Аврагчийн хэлсэн “Явж, үүний адил үйлдэгтүн”4хэмээх үгс бидэнд ч хамаатай гэдэгт би итгэдэг.
1998 оны 9-р сарын 21-нд Жэорж хар салхи Пуэрто Рикод ирж, маш их гарз хохирол учруулсан юм. Би, Мартинэз эгч болон таван хүүхэдтэйгээ энэ догшин шуурга болон үүний далайн хүчит шуурганы үеэр гэртээ үлдсэнээр амь аврагдаж чадсан билээ. Гэсэн хэдий ч бид, хоёр долоо хоногийн туршид ундны ус болон цахилгаангүй байсан юм.
Нөөцөлсөн ус маань дуусах үед, үүнийг олж авах нь хэцүү байв. Бидэнд цэвэр ус өгч үйлчилсэн ах нарыг би хэзээ ч мартахгүй. Мөн бидэнд хайраар дүүрэн арга замуудаар үйлчилсэн эгч нарыг би хэзээ ч мартахгүй.
Гэрман Колон гэрт маань ачааны машин дээр ачсан ихээхэн хэмжээний, хуванцар савтай ус авчирсан юм. Тэр “Та нарын бяцхан хүүхдүүдэд ус хэрэгтэй байгааг би мэдэж байна” гэж хэлэн, ус авчирсан шалтгаанаа дурдсан билээ. Түүнээс хойш хэдэн өдрийн дараа Ноэл Муноз болон Хэрминио Гомэз ах нар устай гурван том савыг ачааны машинд ачин, бидэнд хэлэлгүйгээр гэрт маань ирж, бүх хоосон савыг усаар дүүргэж мөн хөршүүдийг маань ч бас ус авахад урьсан юм.
Бидний залбирал ийн хувийн тохинууллаар хариулагдсан билээ. Тэдгээр гурван ахын үйлдэл Есүс Христийн бидний төлөөх хайрыг харуулсан ба тэдний үйлчлэл, өөрөөр хэлбэл тэдний хувийн тохинуулал нь ундны уснаас илүү их зүйлийг бидний амьдралд авчирсан юм. Хүмүүс өөрсдийнх нь сайн сайхны төлөө санаа тавьж, анхаардгийг Бурханы бүх хөвгүүн мөн охин мэдэх хэрэгтэй байдаг.
Тэнгэрлэг Эцэг болон бидний Их Эзэн Есүс Христ биднийг нэг бүрчлэн мэддэг гэдгийг би гэрчилж байна. Энэ шалтгааны учир Тэд бидэнд хэрэгтэй зүйлсээр биднийг хангадаг бөгөөд ингэснээр бид бурханлаг чадавхдаа хүрч чадах боломжтой болдог. Бид бүгдийн зам дээр бидэнд туслах хүмүүсийг Тэд байрлуулдаг. Бид Тэдний мутар дахь зэмсэг болох үед, Тэдний бидэнд илчлэлтээр үзүүлсэн хүмүүст бид үйлчилж, туслах боломжтой байдаг.
Ийм арга замаар Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд Их Эзэн Есүс Христ хүрэх болно. Сайн Хоньчин Өөрийнхөө бүх хонийг цуглуулах болно. Тэд Түүний үйлчлэгчдийн дуу хоолойг сонсож, тэдний тохинууллыг хүлээн авсныхаа дараа өөрсдийн ёс суртахууны сонгох эрхийг сайн ашиглах аваас Тэрээр нэг нэгээр нь хонио цуглуулах болно. Тийн тэд Түүний дуу хоолойг таньж, Түүнийг дагах болно. Эдгээр хувийн тохинуулал нь баптисмын гэрээнүүдээ сахихад нэн чухал юм.
Мөн Есүс Христийн шавийн сайн үлгэр жишээ байх нь Түүний сайн мэдээг хуваалцаж болох хүмүүстээ өгөх бидний хамгийн шилдэг танилцуулга юм. Бид амаа нээж, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах үедээ “Түүний бэлчээрийн хоньд хийгээд хорооны хургануудыг тэжээх үүрэгтэй Түүний хоньчид болдог”5; бид “сул доройчууд хийгээд эгэл борчууд”6 мөн “хүмүүсийн загасчид”7 болдог.
Бидний үйлчлэл болон хувийн тохинуулал энэ ертөнц дээрх амьд хүмүүсээр зөвхөн хязгаарлагддаггүй. Бид түүнчлэн мөнх бус амьдралынхаа үед Есүс Христийн сайн мэдээний авралын ёслолуудыг хүлээн авах боломжгүй байсан, сүнсний дэлхийд амьдардаг, нас барсан хүмүүсийн төлөө үйлчилж болно. Бид мөн амьд хүмүүсийн зүрх сэтгэлийг амьд хүмүүс рүү нь, мөн өвөг дээдэс рүү нь эргүүлэхийн тулд тэмдэглэл хөтөлж, гэр бүлийн түүхүүдийг бичиж болно. Энэ нь гэр бүлээ үеэс үед мөнхийн холбоонд нэгтгэж байна гэсэн үг юм. Бид үүнийг хийснээр “Сион уулан [дээрх] … аврагч нар”8 болох болно.
Бидэнд Түүний мутар дахь зэмсэг болох онцгой боломж байдаг. Бид мөн гэрлэлтдээ, гэр бүлдээ, найз нөхдийнхөө дунд мөн хөршдөө үүнийг хийж чадна. Энэ бол Есүс Христийн жинхэнэ шавийн хувьд бидний хийх хувийн тохинуулал юм.
“Тэр бүх үндэстнийг өмнөө цуглуулж, хоньчин хонио ямаанаас тусгаарладаг шиг Тэр тэднийг нэг нэгнээс нь тусгаарлаад,
хонио Өөрийн баруунтайд, ямааг зүүнтэйд байлгана.
Тэгээд Хаан Өөрийн баруунтайд байгсдад хандан хэлэх нь “Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай.
Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн, Намайг харь хүн байтал урьж оруулсан,
нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над уруу ирсэн билээ” гэхэд
зөвт хүмүүс Түүнд “Эзэн, бид хэзээ Таныг өлсөж байхыг тань хараад хооллож, цангаж байхыг тань хараад уух юм өгсөн юм бэ?
Хэзээ бид Таныг харь газрынх байсныг тань хараад урьж оруулан, нүцгэн байхыг тань хараад хувцасласан бэ?
Хэзээ бид Таныг өвчтэй байхыг тань хараад эргэж, шоронд байхыг тань хараад очсон юм бэ?” гэх болно.
Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.”9
Бид мөн ийн хийх болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.