Найдах шалтгаан
2021 оны Институт&семинарын залуучуудад зориулсан дэлхий дахины онцгой цугларалт
2021 оны 1-р сарын 10
Эрхэм ах, эгч нар аа, та нартай хамт байгаадаа би ямар их баяртай байна гээч! Бид тив бүрээс мөн далайн чандаас өөрсдийн Аврагч Есүс Христийг хайрлах хайр, Түүний хаант улсыг байгуулахад туслах хүчин зүтгэлээрээ нэгдэн цуглараад байна. Та нар надад илүү сайн дэлхийд найдах найдварыг өгдөг. Түүнчлэн хамтран ажиллаж мөн суралцаж болох олон сая сайн хүн дэлхий дээр байгаа. “Найдвар бол харанхуйгаас үл хамааран гэрэл байгааг олж харах боломж юм”1 гэж бишоп Дэсмонд Туту хэлсэн байдаг.
Бидний хамгийн агуу найдвар бидний Аврагч, Есүс Христэд оршдог. Бид Түүгээр дамжуулан баяр баясгалан хийгээд амар амгаланг олох боломжтой. Тэр эхлэлээс төгсгөл хүртэл мэднэ. “Хичээнгүйлэн судлагтун, үргэлж залбирагтун, мөн итгэлтэй байгтун, мөн хэрэв та нар цэх шулуун алхах аваас, мөн та нарын сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа ажиллах болно”2 хэмээн Тэр амласан.
Бид харин эхлэлээс төгсгөл хүртэл харж чадахгүй. Бид зөвхөн “хэсэгхэнийг мэддэг.”3 Магадгүй бидний амьдрал бодож найдаж байснаас минь өөрөөр эргэж байж болох юм. Бид хайрт Тэнгэрлэг Эцэгт маань бидэнд зориулсан төлөвлөгөө бий гэдгийг мэддэг тул “Христэд тууштайгаар, найдварын төгс гэрэлтэйгээр урагш тэмүүлсээр”4 байж чадна.
Ковид цар тахлаас шалтгаалан гэртээ байх хугацаандаа би цаасан оруулгатай зүймэл урлалын шинэ ур чадварыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ нь даавууны өөдсөөр нарийн чимхлүүр загварууд гарган авах арга юм. Эхэндээ үйл явц эсрэгээрээ явагддаг. Та даавууны хэсгүүдийг яг ямар харагдуулмаар байгаа тэр чигт нь доош харуулан тавиад, нийлүүлж оёно. Эдгээр өнгө өнгийн зүйдэл ямар уялдаа холбоотой гарч ирэхийг харах хэцүү ч таныг тэвчээртэйгээр хайчилж, хавж оён, ахин дахин индүүдэх тоолонд гайхалтай сайхан загвар гарч ирэх болно.
Бидний амьдралын төлөвлөгөө хараахан тодорхойгүй мэт бидэнд санагдаж байж болох юм. Энэ нь бид амьдрал эхлэхийг хүлээж байгаа гэсэн үг биш. Та бүхэн амьдралынхаа ямар ч үед явж бай эдгээр он жил бол үнэлэшгүй үнэ цэнтэй юм.
Энэ бол авьяас чадвараа хөгжүүлэх цаг үе юм. “Боловсролтой болох нь бусад хүнд туслахыг хүсэх, тэдэнд туслах боломжтой байх хоёрыг ялгаатай болгодог”5 хэмээн ерөнхийлөгч Нэлсон заасан. Та нарын одоо сурч мэдэж буй сайн сайхан бас хэрэгтэй зүйлс та нарыг амьдралын тань туршид удирдан чиглүүлж, адислах болно.
Энэ бол утга учиртай амьдрал зохиоход бидэнд туслах эцэг эх, өвөө эмээ, багш, найз нөхөд, Сүмийн удирдагчид бүхий ухаалаг, зөв шударга менторуудыг, хамгийн гол нь Есүс Христийг эрэлхийлэх цаг үе юм. Суралцаж, өсөж хөгжихөд тань тусалж чадах хүмүүстэй утга учиртай харилцаа холбоо тогтоо.
Энэ нь сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулах цаг үе юм. Тэнгэрлэг Эцэг биднийг жинхэнэ шавь болж, зарлигуудыг нь даган, ялангуяа Их Эзэнийг болон хөршүүдээ хайрлахын тулд эхлээд цар тахал намжихыг мөн намайг 5 кг хаяхыг юм уу таныг мөрөөдлийн хүнтэйгээ гэрлэхийг хүлээж байгаа юм биш.
Хэрэв бид амьдралдаа илүү их найдаж, гүн гүнзгий утга учиртай байхыг хүсвэл өдөр бүрийг талархлын залбирлаар эхэлж, “Тэнгэрлэг Эцэг минь, би өнөөдөр таны мутарт зэмсэг болъё. Зүрх сэтгэлийг минь нээгээч. Чадах хэр хэмжээнд маань мэргэн ухаан, төсөөлөл, хүч чадал, зоригийг өгнө үү” хэмээн гуйн залбирч болно. Дараа нь жинхэнэ найз, эелдэг эгч, илүү сайн хүү, илүү өгөөмөр хөрш, илүү сүнслэгээр өдөөгдсөн тохинуулагч, илүү тэвчээртэй эцэг эх болох боломжуудыг эрэлхийл. Лев Толстой “Хэдийгээр хүн өөрийгөө бөөцийлж халамжилснаар амьд байдаг мэт санагддаг ч үнэндээ тэд зөвхөн хайрын улмаас л амьд байдаг юм. Хайраар дүүрэн хүн Бурхан дотор байдаг бөгөөд Бурхан түүн дотор байдаг. Учир нь Бурхан бол хайр юм”6 хэмээн бичсэн байдаг.
Тэнгэр бидний төгс төгөлдөр болохыг эсвэл биднийг адислахын тулд дараагийн дэлхийд ирэхийг хүлээгээгүй. Хэрэв бид “зөв шударгын ажлуудыг” гүйцэтгэх юм бол “шагналаа, бүр энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно.”7
Христийн хайр бол баттай юм. Төлөөлөгч Паул
“Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч,
өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй”8 хэмээн заасан билээ.
Та нарыг Бурханд найдах үед Тэр та нарыг “бүх баяр баясгалан ба амар тайвнаар дүүргэх болтугай”9. Ингэснээр та нар Ариун Сүнсний хүчээр найдварт бялхах юм.
Есүс Христийн сайн мэдээ бол үнэн. Энэ нь хүчирхэг, гайхамшигтай мөн чухал билээ. Би энэ бүхнийг Есүс Христийн ариун нэрээр хэллээ, амен.
_______________________________________________