2021 оны онцгой цугларалтууд
Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байх нь


39:18

Есүсийг гэрчлэхдээ нэн хүчтэй байх нь

2021 оны Институт,& семинарын залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2021 оны 1-р сарын 10

Хүндэт ах, эгч нар аа, испани хэлээр дуулсан энэ дуунд “найдвар, дэлхий баясаж байна—шинэ өдрийн гэрэл мэндэллээ!” гэсэн шинэ жилийн сайхан хүсэл мөрөөдөл багтдаг.1

Ковид 19-ийн хариу маань эерэг гарахад Гонг эгч бид хоёр гайхан балмагдахын сацуу санаа зовсон. Биднийг бүрэн эдгээсэй хэмээн мессеж бичиж, залбирч байсан та бүхэндээ баярлалаа. Бид тусгаарлагдсан ч тусгаарлалтад байгаа мэт санагдаагүй. Гонг эгч бид хоёр цар тахлын улмаас зовж шаналж буй бүх хүний төлөө одоо илүү их залбирч байна.

Дэлхийд 18–30 насны 1.47 тэрбум насанд хүрсэн хүн байдаг. Манай Сүмд гэхэд л 18–30 насны 2.3 сая насанд хүрсэн хүн 6 тивийн 180 орчим улс орон болон нутаг дэвсгэрт амьдардаг. Та нар Мормоны Номыг 114 гаруй хэлээр уншдаг.

Гонг эгч бид хоёр та бүхэнтэйгээ Айдохагийн Рексбург, Бразилын Манаус, Коломбиагийн Боготад гэх мэтчилэн дэлхий даяар,2 тив бүрд мөн нөхцөл байдал болгонд уулзахдаа баяртай байдаг билээ.

Одоо манайд Аляскийн Хойд туйлын гадас гэж байдаг болсныг та нар мэдсэн үү?

Бид өнөөдөр технологийн тусламжтайгаар цуглараад байна. Ариун Сүнс биднийг итгэлээр нэгтгэж, та нарын зүрх сэтгэлд хүрч, энэ хүнд хэцүү үед замыг тань нээж өгөөсэй гэж би залбирч байна.

Хүндэт ах, эгч нар аа, Бурхан амьд. Өсөж хөгжиж, өөрчлөгдөхийн тулд Түүний хайр, хүчийг мэдрэхээр ирнэ үү. Тэрээр та нарыг хангалттай хэмээн баталсанчлан, “аюулгүйн гараар”3 өөрсдийг тань хүрээлэх боломжийг Түүнд олго. Та нарт өдөр бүр хөгжүүлж чадах асар их бурханлаг чадавх бий.

Өнөөдөр би нэгдүгээрт, Бурхантай харилцаагаа сайжруулахад, хоёрдугаарт ирээдүйгээ одооноос өөрчлөхөд, гуравдугаарт намайг илүү их сайжрахад маань өдөөсөн гурван урилгыг хуваалцмаар байна. Эдгээр урилгыг хамтад нь хэрэгжүүлсэн үед таны итгэл хүчирхэгжиж, Бурханы гэрээний зам дээр удаан үргэлжлэх баяр баясгаланг олж авснаар Түүнтэй төдийгүй эргэн тойрны хүмүүстэйгээ улам ойртоосой гэж би залбирч байна.

Эхний урилга: Тэнгэрлэг Эцэг бүх хүнд хандан, чин зүрхний хайраар “Тэмцэлдэхээ больж, Бурхан гэдгийг минь мэд”4 хэмээн амласан.

Би хотод өссөн боловч ууланд үүргэвчтэй аялах дуртай. Би найзуудтайгаа өдөржин ууланд авирч, эргэн тойрноо ажиглан судалж, дараа нь шөнийн салхины исгэрээнд хязгааргүй уудам тэнгэрийн доор нуурын дэргэд хоноглодог байв.

Саяхан Гонг эгч бид хоёр тэнгэрийн заадсыг харахаар харанхуй ч үзэсгэлэнтэй нэгэн газар луу машинаараа явсан юм. Энэ нь бараг энэ зурган дээрх шиг тов тод харагдаж байв.

Тэнгэрийн заадас бол үлгэр домгийн, гайхамшигт, нууцлаг зүйл юм. Тэнгэрийн заадас нь хятадаар “Tian He” (“тэнгэрийн гол”) гэсэн утгатай. Харин беларусь, эстони, финланд хэлээр тэнгэрийн заадсыг “шувууны зам” гэдэг. Зарим нь үүнийг “Сантьяго хүрэх зам” гэж нэрлэх нь ч бий. Черокичууд тэнгэрийн заадсыг “нохойн зугтсан зам” гэдэг бол еврей хэлээр “гэрлийн гол”5 гэж нэрлэдэг.

“Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ … . Бурхан энэ бүхнийг сайн болсныг харав.”6 Бурхан бол бүхнийг мэдэгч, хүчирхэг, сайн сайхан билээ. Бурханы бүтээлтийн зорилго, үзэмж, зохицол бидний хүн нэг бүрд зориулсан Түүний хязгааргүй хайр, аз жаргалын төлөвлөгөөг гэрчилдэг. Алма “Бүх зүйл Бурхан байдгийг үзүүлдэг; тийм ээ, бүр газар дэлхий, мөн үүний гадаргуу дээрх бүх зүйл, тийм ээ, мөн үүний хөдөлгөөн, тийм ээ, мөн түүнчлэн өөрсдийн байнгын замаар хөдлөх тэр бүх гарагууд Эрхэм дээд Бүтээгч байдгийг гэрчилдэг”7 хэмээсэн.

Хурдаа сааруулж, “тэмцэлдэхээ” болихын тулд ухамсартай хүчин чармайлт шаардлагатай. “[Бурхан бол] Бурхан гэдгийг мэдэхийн тулд сүнслэг нээлттэй байдал болон даруу байдал шаардлагатай.”8 Заримдаа ач холбогдол багатай зүйлсэд хурдаа сааруулах нь хамгийн чухал зүйлсээ олоход тусалдаг.

Бурхан бол Бурхан юм гэдгийг мэдэх чухал арга зам бол зүрх сэтгэлийг баясгах бүтээлүүдээс Түүний нөлөөг таньж мэдэх явдал юм. Бид ийн дуулдаг.

Энэ дэлхийн гоо үзэсгэлэн,

Энгүй огторгуйн төлөө,

Мэндлэхээс маань заяасан

Мөнхийн хайрын Тань төлөө

Түмний Их Эзэнийг магтан,

Талархлын дуугаа өргөлөө.9

Бурханыг мэдэх өөр нэг арга зам бол бурханлаг харилцаанаас буюу нигүүлсэл, азтай тохиолдол, эвлэрэл, өршөөл, золиосоос сайн сайхныг болон утга учрыг олж харах явдал юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон саяхан урлаг, утга зохиол, дуу хөгжим биднийг баяжуулдаг хэмээн онцолсон.10 Итгэлээр ойлгосон үед шинжлэх ухаан мөн адил биднийг баяжуулж болно.

Шөнийн тэнгэрийн алдартай хоёр зураглалыг энд үзүүлье.

Шинжлэх ухаан талаас авч үзье. Агуу бошиглогчид Мосе, Абрахам нарын харсанчлан хэдий шөнийн тэнгэр хоосон санагдсан ч Бурханы бүтээлүүд нь галактик дотор галактик гэхчлэн тоо томшгүй олон галактикийг багтаадаг гэдгийг Хаббл дурангийн талбайн гүн зураг бидэнд сануулдаг.

Урлаг талаас нь авч үзэхэд, Винсент ван Го нар мандахын өмнөх Starry Night зургийг зотон даавуун дээр тосоор буулгасан. 1889 оны 6-р сарын тэнгэрийн одон орон судлалын бүтээл нь Ван Гогийн өглөөний од бол Сугар гараг гэдгийг баталдаг. Гайхамшигт урлаг нь Бурханы сайн сайхныг олж харах шинэ арга замуудыг өдөөдөг билээ.

Бурханы сайн сайхан бидний сүнсийг баяжуулж байдаг. Өнөөгийн чимээ шуугиантай, эмх замбараагүй, бохирдсон дэлхий ертөнц нь “тэмцэлдэхээ больж, Бурхан гэдгийг мэдэхэд” саад учруулдаг.11 Бид гал тогооны сэнсийг унтрах хүртэл ямар их дуу чимээтэй байсныг нь мэддэггүй шүү дээ. Өнгөц байдал, зэрэглээ, дэлхийн эмх замбараагүй байдал анхаарал сарниулж, төөрөгдүүлж байна. Орхигдохоос айх айдас (FOMO) нь хуучны хоцорсон гэмээр зүйл болсон ч бид зөөврийн хэрэгслээ гартаа барьсан хэвээр байна. Зарим нь долоо хоногийн турш өдөр бүр 24 цагаар олон даалгаврыг нэгэн зэрэг гүйцэтгэх нь бидний үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлнэ гэж боддог.

Бид “Insta-perfect” буюу инстаграмын зургууд бодит байдал дээр төгс биш гэдгийг мэддэг хэрнээ амьдралаа Инстаграм дээр тавьж хуваалцах “Insta-perfect” буюу “инстаграм дээрх зураг шиг төгс” пост болгох гэж хичээдэг. Бид зураг өөрчилдөг шинэ аппликэйшнүүд хүмүүсийг гүйлгэн хараад өнгөрөх үү эсвэл сэтгэгдэл үлдээх үү гэдэгт нөлөөлж байгаад санаа зовдог.

The Social Dilemma баримтат киноны техникийн ажилтнууд “Хэрэв та бүтээгдэхүүнд төлбөр төлөхгүй бол та өөрөө бүтээгдэхүүн гэсэн үг” хэмээн анхааруулжээ. Одоо зарим эрдэмтэн олон нийтийн сүлжээ нийгэм, хувь хүний сайн сайхан байдалд хор хохирол учруулах вий гэж эмээж байна. Тэд онлайн хэрэглээ, бусадтай хуваалцах, мөнгө олох зар сурталчилгааны ашиг зэргийг оновчтой болгоход чиглэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн алгоритм үйлдлүүдийг хардалт, зөрчилдөөн, сэтгэлийн хямрал үүсгэх байх гэж санаа зовж байна.12 Үнэндээ эдгээр технологийн хүмүүс өөрсдийн гэр бүлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэт их хэрэглээнээс хамгаалдаг байж магадгүй юм.

Тэмцэлдэхгүй байх, эргэцүүлэн бодох зэрэг нь ганцаардана гэсэн үг биш юм. Леонорда Да Винчи “та нар ганцаараа байхдаа өөрөөрөө байдаг”13 гэсэн байдаг. Хурдаа сааруулах нь тархи толгой, зүрх сэтгэлийг цэвэрлэдэг. Тэгвэл талархал ба үүний нөгөө нэг тал болох даруу байдал нь эргэн тойрондоо байгаа Түүний өгөөмөр байдлын нотолгоог олж авах сүнслэг мэлмий болон сонсголыг нээж өгч чадна.

Еврей хэлний нэгэн тайлбарлагч тэмцэлдэхгүй бай гэдэг нь “тавьж явуулах” гэсэн утгатай хэмээн тайлбарлажээ. Би бол Бурхан гэдгийг мэдэгтүн гэдгийг “Түүний авралын хүчийг амьдралдаа хүлээн зөвшөөр”14 гэж орчуулж болно. Өөрөөр хэлбэл, “тэмцэлдэхээ больж, Бурхан гэдгийг минь мэд”15 гэдэг нь Бурханыг амьдралдаа ялуулна гэсэн үг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Өсөн нэмэгдсэн цэвэр ариун байдал болон ягштал дуулгавартай дагах, үнэн сэтгэлээсээ эрэлхийлэх, Мормоны Номд байгаа Христийн үгэн дээр өдөр бүр найрлах, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд—баяр баясгаланг олох гэрээний зам дээр тогтмол цаг гаргаж байх зэрэгтэй адил тэнгэрийг нээх өөр юу ч байдаггүй”16 хэмээн хэлсэн билээ.

Хурдаа сааруулж, итгэлтэйгээр эрэлхийлэх үед бидний ойлголт өөрчлөгддөг. Ахлагч Марион Ж.Ромни (хожим нь төлөөлөгч бөгөөд Тэргүүн Зөвлөлийн гишүүн болсон) Австралид залуу номлогч байхдаа бэлтгэлийн өдрөөрөө Сургаал ба Гэрээ 76-г тунгаан боджээ.

“Тэр уншиж дуусаад шөнө болсныг мэдээд гайхсан байна. … Түүнийг тэнгэр өөд ширтэхэд Өмнөд загалмай болон бусад од ер бусын сүр жавхлантай гэрэлтэн харагдаж байв. Түүнийг гайхан харж байтал уншиж байсан зүйлсийг нь харуулахын тулд Сүнс түүнийг бүр цааш авч явах шиг болов. Гайхамшигт арга замаар тэр эдгээр нь үлгэр домог биш, харин хамгийн ач холбогдол бүхий бодит зүйл байсныг мэджээ.”17 Түүний намтарт “Үүний дараа тэр мөнхийн ойлголттой болсон юм”18 гэсэн байдаг.

Мөнхийн ойлголт өнөө үед биднийг зангуудан тогтоож чадна. Бошиглолын дагуу, “Бүх зүйл үймээнд байх болно.”19 Их Эзэн Өөрийнх нь дуу хоолой газар хөдлөлт, салхи шуурга, тахал дотор төдийгүй өөрсдийг нь зааг хязгаараасаа авч шидлэх далайн давалгаан дотор сонсогдох болно хэмээн хэлсэн.20 Энэ цаг үед зарим нь сайныг хилэнцэт, хилэнцтийг сайн21 гэх болно. Зарим нь “ид, уу, мөн баяс; … учир нь маргааш бид үхнэ”22 гэх болно. Гэвч сүнслэг гэрэл ба үнэн нь бидний дундаас харанхуйг хөөн зайлуулдаг юм.23

Их Эзэн “Чимээгүй. Намд”24 хэмээн батлан хэлдэг. “Бат итгэлтэйгээр бат зогсож Бурханы авралыг харна, мөн учир нь түүний гар илчлэгдэх болно.”25 Хүндэт ах, эгч нар аа, “Тэмцэлдэхээ больж, [Бурханыг] Бурхан гэдгийг мэд.”26

Одоо бидний хоёр дахь урилга бол ирээдүйг өөрчлөх харилцааг одоо үүсгэх явдал юм.

Саяхан надад огт уулзаж байгаагүй ч ирээдүйг минь өөрчилсөн нэгэн хүнд талархах боломж олдсон.

Түүнийг Мэлба Өүкс гэдэг (ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн хамаатан биш).

Мэлба 21-тэй байхдаа гэрлээд удаагүй байсан ба Калифорнийн Сан Матеод амьдарч байв. 17 настай Жийн гэдэг шинэхэн хөрвөгчтэй Мэлба найзууд болжээ.

Жийн гэрийнхнээсээ цор ганцаар Сүмд нэгдсэн ба гэрээсээ хол сурч байлаа. Жийний гэрийнхэн түүнийг шинэ газарт очоод Сүмийг мартах байх гэж найдаж байв.

Гэвч Мэлба болон бусад хүн энгийн бөгөөд өчүүхэн жижиг арга замуудаар дамжуулан Жийнтэй хамтдаа байсан юм. Жийнийг ахлах сургуулиа төгсөхөд Мэлба дэргэд нь байсан. Мэлба Өүкс Жийний хуримын урилгыг одоо ч хадгалдаг.

Жийн дурлаж, Волтэр гэдэг гайхалтай залуутай гэрлэв. Чухамдаа тэд хятад хурим, америк ёслол мөн ариун сүмд үүрд мөнхөд лацдан холбогдох ёслол үйлдэх гээд нийтдээ гурван удаа гэрлэжээ. Тэднийг танилцах үед Волтэр Христэд итгэх хүчтэй гэрчлэлтэй байсан боловч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг мэддэггүй байв. Тиймээс Жийн болон бусад хүн түүнд сэргээгдсэн сайн мэдээг заажээ. Тэр Сүмийн итгэлтэй гишүүн, гадасны патриарх болов.

Та нарын таамаглаж байснаар, Волтэр Гонгтой гэрлэснээр Жийн Гонг миний хайрт ээж болсон юм. Өнөөдөр ээж маань 94 настай. Мэлба Өүкс 98 настай. Тэд 77 жилийн турш сайн мэдээний найзууд байсаар ирсэн.

Саяхан Мэлба Өүкс эгчийг Ютагийн Сэйнт Жоржид амьдарч байгааг би олж мэдсэн юм. Би түүн рүү утасдаж, миний болон гэр бүлийн минь ирээдүйг өөрчилсөнд талархлаа илэрхийлсэн билээ. Жийн Гонгийг анх учраа олохгүй хөрвөгч байхад нь Мэлба Өүкс түүнд тусалснаар хөшигний наад талд буй Гонгийн гэр бүлийн дөрвөн үеийг төдийгүй МЭ 837 онд төрсөн анхны Драгон Гонг хүртэлх хөшигний нөгөө талд буй Гонгийн мэдэгдэж буй 34 үеийг хүртэл адисалсан билээ.

Харамсалтай нь, ээжийн минь бусад найз Сүмд идэвхгүй болсон. Нэг найз нь гэхэд л, Сүмийн гишүүд өөрийг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсанаас болж Сүмийг орхин явсан. Өөр нэг найз нь Сүмийн болон Сүмийн бус найз нөхдийнхөө аль нэгийг сонгох хэрэгтэй болохыг мэдээд холдон явсан. Гурав дахь найз нь дэлхийн дарамт шахалтаас болж Сүмийн сургаалд эргэлзэх болсон. Мэдээж хэрэг, та нар өнөөдөр бүр их хэцүү бэрхшээлүүдтэй тулгарч байгаа.

Мэлба Өүкст болон ээжийг минь сайн мэдээнд шинэхэн хөрвөгч байхад түүнд тусалж байсан бүх хүнд би үүрд талархах болно. Би бас ээждээ өртэй. Тэр тууштай итгэлтэй, гэрчлэлдээ хүчтэa байсан. Аав, ээж хоёр минь Бурханы жинхэнэ Сүмд баттай харьяалагдах шийдвэр гаргасан юм. Тэд нийгмийн ялгаварлал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хандлага бүхий Сүмийн зарим гишүүнийг үл анзааран амжилтад хүрсэн.

Ах, эгч нар аа, бидний эргэн тойронд буй орон сууц, ажлын байр, тойрог, салбар, хүрээлэл, холбогдох газруудад Жийн Гонгууд болон Мэлба Өүксүүд олон бий. Хэн ч төсөл болохыг хүсдэггүй. Бидний хүн нэг бүр олон нийттэй харилцах, хандив оруулах боломжуудыг эрэлхийлсээр байдаг. Бид бүхэнд асуух, хайх аюулгүй газар мөн сайн мэдээний сургаалаас болон Сүмийн соёлоос суралцаж, үүний дагуу амьдрах аюулгүй орон зай хэрэгтэй байна. Бид насанд хүрэгчид шиг харагдаж, хариуцлагатай байж, хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.

Бид Сүмийг бие биеэ шүүмжилдэггүй мөн хэрэв хэн нэгэн биднийг өөрсдийг нь гомдоохоор шүүмжилсэн гэж бодсон тохиолдолд наманчилдаг тийм газар байгаасай гэж хүсдэг. Манай Мексикийн Гуадалажара ариун сүмийн ажилтан ариун сүм өөрийг нь “бага шүүмжилж, илүү их хайрлахад” урамшуулдаг гэсэн юм. Түүний зөв. Байгаагаараа ирээрэй. Та нар бидэнд хэрэгтэй. Бид нигүүлсэнгүй, бусдыг урамшуулан дэмждэг нэгэн болсноор мөн бусдыг адил зүйл хийхэд урьснаар сайн мэдээний хамт олон маань илүү нээлттэй, ил тод, уриалгахан болдог. Бид бүгд ямар нэгэн байдлаар шинэ хөрвөгч, эргэж ирсэн гишүүн, шинээр шилжин ирэгч, өөрсдийнхөө замыг хайгчид болж байдаг.

Зөрчилдөж буй энэ нийгэмд Есүс Христийн шавь нар ямар ч зөрчилдөөнөөс илүүтэй бурханлаг, хүнлэг нийтлэг зан чанарыг бусадтай хуваалцаж чадна. Харанхуйд, заримдаа манантай үед итгэгчид Түүний гэрлийг цацруулж, үнэнийг тунхагладаг. Аливаа газар нутагт сүнслэг өлсгөлөн тохиоход27 бид Түүнийг амийн ус, амийн талх хэмээн нэрлэдэг.

Инээмсэглэлээр цангаж, мэндийн үгээр өлссөн, хатаж ангасан дэлхийд бид тав тухтай бүсээ шинээр тодорхойлж болно. Ганцаараа сууж байгаа нэгний дэргэд очиж суу. Онлайнаар болон биечлэн уулзахдаа бусдыг оролцуул, магт, урамшуул. Нөхцөл байдлыг нь мэдэхгүй бол бусдыг бүү шүүмжил. Сонс, яв, мөн тэнд оч. Цагаа олсон бодол юм уу судраар тохинуул. Бусдын нулимсыг эсвэл инээмсэглэлийг анзаар. Ямагт залбир.

Өнөөдөр та надад тусал. Маргааш би танд тусалъя. Бид нэг нэгнийхээ төлөө энд байгаа. Сайн мэдээний найзууд болон гэр бүлүүд ийнхүү үйлддэг юм.

Та нарын олон нь гэр бүл дотроо цорын ганц Сүмийн гишүүн эсвэл цорын ганц идэвхтэй гишүүн гэдгийг би мэднэ. Та нар итгэлтэй, хүчтэй боловч энэ нь ихэнхдээ хэцүү байдаг. Төмөр бариулаас чанга атга. Тухайлбал, Бразилын Манаус дахь нэг залуу хүний хэлснээр “төмрийг мэдэр.” Та нар үр удмынхаа гуйвшгүй, тууштай, хөдөлшгүй холбоос нь болохын тулд шийдвэр төгс бай. Энэ нь үнэ цэнтэй байх болно.

Бид Сүмд нэг дэх үе байна уу, зургаа дахь үе байна уу гэдгээс илүүтэй Есүс Христийг гэрчлэхдээ хүчтэй байх нь илүү чухал билээ. Итгэлийн энэхүү үнэ цэнтэй үрийг суулгаж, арчилж, хамгаал. Энэ нь та нарын дотор болон та нарын мөнхийн гэр бүлд сайтар үндэслэж, цэцэглэх болтугай.

Мэлба Өүкс, Жийн Гонг нар шиг болоорой. Ирээдүйг ойрын нэг ба таван жилд, тэр ч байтугай 77 жилийн хугацаанд өөрчлөх харилцааг өнөөдөр үүсгэ.

Энэ нь ургацын Эзэнтэй хамт болон түүний хажууд ажиллах замаар илүү сайн хүн бол гэсэн бидний гурав дахь урилга руу авчирч байна.

Бид итгэлтэйгээр мөн хичээнгүйлэн ажиллаж сурснаар, ургацын хуулиар дамжуулан ургацын Эзэн биднийг “хөдөлмөрийн үр жимсний баяр баясгалангаар адислах болно.”28 Биднийг шаргуу, ухаалаг ажиллах тусам боломжууд нээгдэнэ. Бусдын аз хэмээн нэрлэдэг зүйлийг бид адислал гэдэг. Даруухнаар залбирах, шаргуу тууштай байх зэрэг нь Түүний цаг хугацаа, арга замаар гайхамшгуудыг авчирдгийг бид мэднэ.

Шинэ Гэрээний Галат номд ургацын хуулийг “Хүн юу тарьснаа л хурааж авдаг”29 хэмээн тодорхойлсон байдаг. Бид “сайныг үйлдэхдээ цуцаж үл болно. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна.”30 Өөрөөр хэлбэл, бид тарьсан зүйлээ хурааж авдаг буюу зөв шударга байдал, шударга ёс, нигүүлсэл зэрэг сайн сайхан нь сайн сайханд сэргээгддэг.31

Лондон, Лук Брокбанк хоёр буцаж ирсэн итгэлтэй номлогчид бөгөөд саяхан ариун сүмд лацдан холбуулсан. Тэд өсөж том болж байхдаа, тухайлбал гэр бүлээрээ цэцэрлэгт ажиллаж байхдаа ургацын хуулийг мэдэж авсан гэж ярьсан юм.

[Видео бичлэг эхэлнэ]

Лондон: Бид үүрийн таван жингээр өглөө эртлэн босож, аль болох их зэрлэг зулгаан, ургамлуудаа тарьж, бордох, хучих зэргээр ургуулж буй зүйлсээ арчилж тордон, зохих хугацаанд нь бүхнийг амжуулдаг байв.

Жимс түүх, түүж байхдаа амандаа хийх нь хүн бүрд таатай санагддаг ч дөрвөн хөллөн удаан тонгойсноос хэсэг хугацааны дараа бие чилж, хөндүүрлэж эхэлдэг болохоор зэрлэг зулгаах ажил хамгийн хэцүү хэсэг нь байх. Мөн гар чинь бохирдоно. Хурууны үзүүр болон эрхий хуруу зэрлэг зулгааснаас болж толботож ногоон болно.

Ахлагч Гонг: Тийм болохоор л хүмүүс чамайг ногоон эрхий хуруутан гэдэг шүү дээ.

Лондон: Тийм ээ, та нар ургамлаа сайн ургуулснаас болж ингэж нэрлэдэг болсон гэж бодож болох юм, гэхдээ энэ нь зэрлэг зулгаасны үр дүн юм шүү дээ.

Лук: Лондон цэцэрлэг дээр ажиллахдаа гүйцэтгэдэг үндсэн бүх ажлаа хэрхэн хийдэг тухай ярилаа. Та нар бордож мөн тарьж ургуулах хэрэгтэй гэдгийг мэднэ. Та долоо хоногт нэг удаа цэцэрлэг дээрээ явж очин, бүх зүйл сайхан болно гэж найдаад сууж болохгүй.

[Видео бичлэгийн төгсгөл]

Ахлагч Гонг: Би Лондон, Лук хоёроос биднийг сүнслэг байдлаар тэжээн тэтгэдэг жинхэнэ усан үзмийн мод болох Аврагчийнхаа талаар асуусан.32

[Видео бичлэг эхэлнэ]

Лондон: Жимсний цэцэрлэгт ургамлыг арчлахдаа бид үржил шимийг нь хадгалж, зохих шим тэжээлээр хангахын тулд байнга бордох хэрэгтэй байдаг. Энэ бол бид ердөө ганц сүнслэг туршлагаар амьдрах боломжгүй гэх бидний гэрчлэлтэй төстэй юм. Бид шинэ туршлагаар байнга шинэчилж байх хэрэгтэй. Сүнслэг туршлагаа санах нь бодоход сайхан ч бидэнд үргэлж илүү их зүйл шаардлагатай болдог.

Лук: Бидний 100 хувь итгэл найдвараа тавьж болох цорын ганц зүйл бол Аврагч юм. Тэр ийнхүү бидний жинхэнэ усан үзмийн мод болдог гэж би боддог бөгөөд бид Түүнд үргэлж найдаж болно. Бид өөрсдийн хүслийг Түүнийхтэй нийцүүлэхээр чадах чинээгээрээ хичээх юм бол Тэр бидний дотор, бид Түүний дотор байна гэсэн үг. Аврагч үнэхээр танд тусалж чадах Нэгэн юм.

Лондон: Би Аврагчид хайртай. Би Түүний тухай, Түүний бидний төлөө юу хийсэн талаар маш хүчтэй гэрчлэлтэй. Тэр хэзээ ч хажуунаас тань холддоггүй хамгийн сайн найз шиг санагддаг. Учир нь сайн найзууд маань ч санаатай, санаандгүй байдлаар биднийг орхин явсан тохиолдол хүн бүрд байдаг гэдэгт би итгэлтэй байна. Аль нь ч бай, сайхан туршлага биш шүү дээ. Аврагч биднийг хэзээ ч орхихгүй, Тэр үргэлж бидэнтэй хамт байх болно мөн биднийг тайтгаруулан, тусалдаг гэдгийг мэддэг байх нь үнэхээр гайхалтай хэрэг юм.

[Видео бичлэгийн төгсгөл]

Ахлагч Гонг: Лондон, Лукээ, баярлалаа. Ахлагч Гонг: Лондон, Лук, бид гурав ургацын хуулин дахь шударга ёс, нигүүлслийн талаар ярилцсан. Бид юу тарьснаа хурааж авдаг. Гэвч Бурхан бидний хичээл зүтгэл дээр Өөрийн нигүүлслийг нэмдэг билээ. Төлөөлөгч Паулын хэлснээр, “Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан.”33 Бурхан ургуулахдаа тэнгэрийн цонхыг нээж, адислалуудыг хүлээн авах зайгүй болтол бидний дээрээс цутгадаг.34 Сүнслэг нүдээр харахад, Их Эзэний эрхэм нигүүлсэл бидний дангаар гүйцэтгэсэн ажлаас үргэлж хавьгүй илүү байдаг.

Гэсэн хэдий ч амьдрал зарим үед хүнд хэцүү, харанхуй, ганцаардам мөч бүхий шударга бус санагдах нь бий. Бид зөв шударга хүсэл, дуулгавартай хүчин чармайлтаар биднээс хүссэн бүхнийг үйлдсэн гэж бодож байж магадгүй. Гэвч нэг л бидний найдсанаар болохгүй байж магадгүй. Ийм байх үнэхээр хэцүү! Бидэнд цөхөрч, бухимдмаар, бүр хорсож зэвүүцмээр санагдаж магадгүй. Ийм мөч тохиолдоход бидний ухаарч чадахгүй арга замаар “Хүний Хүү тэд бүгдэд доош бууж ирсэн юм”35 гэдгийг санаарай. Тэр туулсан учраас энэ бүхнийг ойлгодог.36 “Болгоогтун, би та нарыг гарынхаа алган дээр сийлсэн”37 хэмээн Аврагч тунхагласан. “Эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно”38 хэмээн Тэр амласан билээ.

Бид Их Эзэнийг тэсэн ядан, (заримдаа) сэтгэл зовнин хүлээдэг. “Харин Их Эзэнд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана. Алхлаа эс цуцна”39 гэсэн Түүний амлалтууд бодитой юм. “Шөнөд уйлаан байж болох ч, Өглөөд баярын уухай ирдэг.”40 “Тэнгэр анагаахгүй шаналал гэж дэлхийд үгүй.”41

Бурхан Өөрийн цаг хугацаа, арга замаар шударга бус байдал, уй гашуу, урам хугарлыг зөв болгох болно. Хүсэлтэй мөн даруу хүмүүсийн хувьд Түүний сайн мэдээ бол хоёр, гурав дахь, тэр бүү хэл дал дахин долоон удаа боломж олгодог сайн мэдээ юм.42 Бурханы зарлигуудыг дагагчид “бүх зүйлд адислагдах болно.”43

Өнөө үед асар их зовлон бэрхшээл, хүмүүнлэгийн хэрэгцээ хаа сайгүй байгаа тул бид Христэд итгэгчдийн үйлчлэлийг үзүүлэх хүчтэй шалтгаан, бурханлаг зорилгоо мэдэрдэг. Бидний хувьд Бурханыг болон хөршөө хайрлана гэдэг нь гэрээний боломж, гэрээний үүрэг хариуцлага гэсэн үг. Сүмийн саяхны судалгаагаар, залуучууд буюу та нар болон та нарын найзууд Европ, Төв, Өмнөд Америк, Карибын тэнгис, Ази, Африк, Хойд Америк, Номхон далайн хүмүүнлэгийн шаардлагатай хэрэгцээнүүдийг тодорхойлж, шийдвэрлэж байгааг харуулсан юм. Зөвхөн цөөн хэдийг дурдвал:

  • Маскнууд оёсон,

  • эмэгтэйчүүдийн хоргодох төвүүдийг дэмжин ажилласан,

  • байгалийн гамшгийг арилгах, тусламж үзүүлэхэд тусалсан,

  • хүүхдүүдийг хоол тэжээлээр ханган ажилласан,

  • орон нутгийн нийгэмлэгүүдийг байгуулсан,

  • хоол хүнсийг хүнсний банкуудад хүргэх ажилд оролцсон.44

Энэхүү COVID цар тахлын үед манай гишүүд, найз нөхөд болон Сүм нийт 151 оронд COVID-19-ийн эсрэг хариу арга хэмжээ авахаар 1 031 төслийг хэрэгжүүлэн, хүмүүнлэгийн хамгийн том тусламж үзүүлээд байна. Тусламж хэрэгтэй хүмүүс 28.4 сая гаруй хувийн хамгаалах хэрэгсэл, 3.5 сая хүнсний бүтээгдэхүүн, 1.8 сая эрүүл ахуйн иж бүрдэл, 1.07 сая эмнэлгийн хэрэгсэл, хангамж хүлээн авчээ.

Одоогийн байдлаар фермийн аж ахуйгаас хүмүүсийн хоолны ширээнд хүртэл 700 гаруй ачааны автомашин хүнс болон бусад хэрэгцээт зүйл манай Сүмийн бишопуудын агуулахаас гарч, 2.6 сая километр замыг туулан, хүнсний банк, орон гэргүй хүмүүсийн хоргодох газар, энэрлийн байгууллага зэрэг 380 газарт очоод байна. Би ердийн дугуйтай ачааны 18 автомашинд юу юу байсныг асуусан. Ачааны машин бүр 3264 лааз үхрийн юм уу цацагт хяруулын мах; 7488 лааз эрдэнэ шиш, ногоон шош, хэрчсэн улаан лооль; 6528 лааз жигнэсэн мах, шөл, улаан чинжүү болон 792 шил миний дуртай, Сүмийн үйлдвэрлэсэн самрын цөцгийн тос зэргийг тээвэрлэдэг.

Манай ачааны автомашинууд манай Сүмийн 19 ферм, жимсний 3 цэцэрлэг болон хүнс нөөшлөх 4, цагаан идээ боловсруулах 1, мал аж ахуйн 3 үйлдвэрт үйлдвэрлэсэн буюу боловсруулсан жимс, шошийн төрлийн ургамал болон амттанг ачдаг. Та манай Сүмийн орон нутгийн бүлгүүдтэй хамтран хоол хүнс болон бусад хэрэгцээт зүйлээр хангаж ажилладаг орон нутагт амьдардаг байж болох юм.

Дэлхийн хүнсний тусламж болон хүнсний аюулгүй байдал биднийг санаа зовниход хүргэдэг. COVID-ын сүйрлээс болж 130 сая хүн нэмж өлсгөлөнд нэрвэгдэх магадлалтай гэж НҮБ таамаглаж байна. Сомали, Йемен, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Гаити, Зимбабве зэрэг эмзэг хэсэгт мөн Сири, Йемен, Өмнөд Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Африкийн Сахел болон бусад мөргөлдөөнтэй бүс нутагт бидний эхлүүлж буй энэ хүмүүнлэгийн үйлс тасралтгүй явагдахын сацуу эдгээр хэрэгцээтэй байгаа үйл хэргийг хүмүүс талархан хүлээн авч байна.

Өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдэд хоол хүнс хэрэгтэй байна. Бид хүмүүнлэгийн нэг түнш байгууллагатай хамтарч, хөгжиж буй 9 орны сургуулийн хүүхдүүдэд 30 сая хоол хүргэх ажлыг өрнүүлж байна. Хоолны таваг бүрд үр тариа, уураг, хүнсний ногоо, жимс жимсгэний 482 амьдралыг тэтгэгч илчлэг орсон.

Бидний харж байгаачлан, манай Сүм дэлхийг хамарсан хүмүүнлэгийн хандиваас гадна Хойд, Өмнөд Америкт болон Сүмийн олон гишүүн амьдардаг бусад газар нутагт өгөөмөр дэмжлэг туслалцаа үзүүлдэг.

Дүрвэгсэд болон дотоодын нүүлгэн шилжүүлэгдсэн хүмүүс бол хүмүүнлэгийн томоохон хэрэгцээт хүмүүс юм. Манай Сүм дүрвэгсдийн эгзэгтэй олон асуудалд нэн тэргүүнд тусалдаг. Бид түншүүдтэйгээ хамтарч Латин Америк, Европ, Африк, Ази, Ойрх Дорнодод хоол хүнс, эрүүл ахуй, ус, ариун цэврийн байгууламж, хоргодох байр, хувцас, хувийн хамгаалах хэрэгсэл болон боловсролын дэмжлэг үзүүлдэг.

Бид орон нутгийн хэрэгцээнд нийцүүлж, гүйцэтгэн ажилладаг. Бид газар нутгийн зан заншил, соёл уламжлалыг хүндэтгэдэг. Жишээлбэл, Индонезид болсон 2004 оны аймшигт цунамигийн улмаас 228000 хүн амь үрэгдэж, сураггүй алга болсон. Манай Сүмийн дэлхий даяарх мацгийн өргөл сүм хийдийг сэргээн босгох, шаардлагатай уламжлалт хувцас оёх машин худалдан авах, байшин, сургуулиудыг сэргээн босгох ажилд тус нэмэр болсон юм. Исламын удирдагчид бидэнд “Бид мацаг барьдаг тул мацгийн хандив бидний хувьд онцгой ач холбогдолтой юм. Та бүхний мацаг болон золиос Бурханд итгэх итгэл, хайрыг тань илэрхийлдэг” хэмээн хэлсэн билээ.

Есүс Христийн шавь нарын хувьд Бурхантай болон бие биетэйгээ байгуулсан гэрээ нь биднийг сайн байхад, сайныг үйлдэхэд уриалдаг. Манай Сүм арьсны өнгө, шашин шүтлэг, үндэс угсаа харгалзахгүйгээр хүмүүнлэгийн тусламж үзүүлдгийг та нар мэднэ. Бид итгэл үнэмшлээ бусдад сурталчлах зорилгоор хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаггүй. Бид янз бүрийн шашин шүтлэгтэй эсвэл шашингүй үзэлтэй хүмүүстэй хамтарч ажилладаг. Бид яаралтай болон урт хугацааны хэрэгцээнд аль алинд нь тусалдаг. Камер байхгүй үед ч, хэрэгцээ байгаа цагт бид үргэлжлүүлэн үйлдэх болно. Бид хувийн үнэ цэн болон бие даах чадварыг төлөвшүүлдэг. Бид өөрсдийн ах, эгч, дүүс, Бурханы охид, хөвгүүдийн төлөө хаа ч байсан бүхий л арга замаар боломжтой бүх зүйлийг хийснээр Түүнд хайртайгаа илэрхийлэхдээ тэнгэрийн адислалуудыг мэдэрдэг.

Ах, эгч нар аа, та нар суралцаж, өсөж хөгжин, үйлчилж байхдаа мөн Есүс Христийг гэрчлэхдээ нэн хүчтэй байхыг хичээхдээ өөртөө тэвчээртэй хандаж, өөрийгөө ойлгодог байгаарай. Заримдаа бид өөртөө дэндүү хатуу ханддаг. Их Эзэн биднийг байгаагаараа ирэхэд мөн бүх зүйлийг “мэргэн ухаан, эмх цэгцтэй” үйлдэхэд урьж байна. Бид хичээнгүй, хүчтэй байсан ч Тэр биднийг өөрт байгаа хүчнээс илүү хурдан гүйх ёстой гэж боддоггүй.45

Заримдаа, хэрэв Их Эзэн биднээс “зарим нэг агуу зүйлийг” хийхийг хүсэхгүй бол бид бусдад хэрэггүй эсвэл түүнийг дагах бага хүсэлтэй байгаа мэт санагдаж болох юм.46 Гэвч Их Эзэний биднээс хамгийн ихээр олонтоо хүсдэг зүйл бол өдөр бүр гэрлээ түгээх явдал юм. Есүс бол жинхэнэ усан үзмийн мод гэдгийг санаарай. Та нарын сүнслэг өсөлт болон аз жаргал Түүнд чухал байдаг.

Дүгнэж хэлэхэд, шинэ он эхлэх гэж байгаа тул та бүхнийг гурван урилгаас ирэх адислалыг бүрэн хүртэхэд уримаар байна.

  1. “Тэмцэлдэхээ больж, Бурхан гэдгийг минь мэдэгтүн.”47 Түүний сайн сайхан болон бүтээлүүд та нарт шинэ төсөөлөл өгч, зүрх сэтгэлийг тань тайвшруулж, баталгаа өгөхөөс гадна Тэр та нарын хувийн харилцааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгааг гэрчлэх болтугай.

  2. Ирээдүйгээ одооноос өөрчил. Та нарыг болон эргэн тойрны хүмүүсийг тань олон жилийн турш адислах олон үе дуурсагдах харилцааг хөгжүүл.

  3. Ургацын Эзэн илүү сайжрахад тань тусална гэдэгт итгэ. Биднийг Түүнтэй хамт, Түүний жимсний талбайд ажиллах үед ургацын Эзэн элбэг дэлбэгийг арвижуулах болно. Түүний өгдөг адислалууд бол баяр баясгалангийн дүүрэн байдал юм.48

Гурван нэмэлт үйлдэл нь итгэлээ бэхжүүлж, Есүс Христийг гэрчлэхдээ нэн хүчтэй байхад тань туслах болно:

  1. Хүчинтэй ариун сүмийн бичигтэй бай. Ариун сүм бүрэн нээгдээгүй байгаа ч хүчинтэй ариун сүмийн бичигтэй бол. Амьдралдаа зарим зүйлийг цэгцлэх шаардлагатай болж магадгүй байсан ч гэсэн үүнийг хий.

  2. Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчдөө хэн гэдгээ мөн хаана байгаагаа мэдэгдээрэй. Хэрэв та одоогоор Сүмийн дуудлагагүй байгаа бол “Бишоп оо/салбарын ерөнхийлөгч өө, Их Эзэнд надад зориулсан дуудлага гарах үед би сүмдээ үйлчлэхдээ баяртай байх болно” гэж хэлэх талаар бодоорой.

    Бид бүгдэд далавч бас үндэс хэрэгтэй. Үүнд нөхөрлөлийн болон нийгмийн томоохон хүрээлэл мөн үе тэнгийнхэнтэйгээ болон түлхүүр атгадаг бишоп гэх мэт халамжтай удирдагчидтай хамт байнга үйлчлэх жижиг хүрээлэл ч хэрэгтэй болдог.

  3. Та нар тогшиж, асуун, эрэлхийлэх үедээ итгэлийг тань тэтгэж, Бурханы зарлигуудыг дагаж мөрдөхөд туслах хувийн орчноо бүрдүүлээрэй. Хайраар өгөгдсөн үед Бурханы зарлигууд хамгаалж мөн адисалдаг. Зохистой амьдар, ингэснээр Ариун Сүнс таны байнгийн хамтрагч болж, хамгийн хэрэгцээтэй зүйлээ олж, эрэлхийлэхэд тань тусална. Дэлхий танд өгч чадахгүй зүйлийг санал болгох боломжийг бүү олго.

Хүндэт ах, эгч нар аа, Бурхан бол бидний Мөнхийн Эцэг. Түүний хайртай Хүү бол бидний Аврагч Есүс Христ юм. Түүний Сэргээгдсэн Сүмд байдаг мөнхийн ёслол, гэрээнүүд болон сургаал нь Түүний нэрээр буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн нэрээр нэрлэгдсэн байдаг. Есүс Христийн сайн мэдээ бүрэн сэргээгдэх үйл явц бошиглогч Иосеф Смитээс өнөө үеийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг хүртэл үргэлжилсээр байна. Мормоны Ном болон ариун судрууд Есүс бол Христ гэдгийг надтай адил гэрчилдэг.

Хүндэт найзууд минь, гэрлээ гэрэлтүүлцгээ!49 Гэрээндээ үнэнч байж, Есүс Христийг гэрчлэхдээ хүчтэй байгтун. Бурхан та нарыг Өөрийн нигүүлслээр өлгийдөн авч, зөв шударга найдвар, хүслийг тань адислах болтугай. Та нар Түүний сайн мэдээнд харьяалагдах харьяалал, баяр баясгаланг мөн Түүний болон бидний Сүмд харьяалагдах орон зайг олж авах болтугай. Бидний Аврагч, Есүс Христийн ариун, эрхэм нэрээр, амен.