2016 оны онцгой цугларалтууд
“Бүү эмээ … Миний дотор та нарын баясал бүрэн болой” (С ба Г 101:36)


“Бүү эмээ … Миний дотор та нарын баясал бүрэн болой” (С ба Г 101:36)

Ахлагч Күктэй хамт нэгэн үдэш

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт • 2016 оны 9-р сарын 11 • Вашингтон  гадасны төв

Дэлхий даяар энэхүү онцгой цугларалтыг үзэж буй залуучууд та бүхэнтэй хамт байгаадаа би баяртай байна. Урьд нь дурдсанчлан энэхүү онцгой цугларалтыг Вашингтон ариун сүмийн зэргэлдээх цуглааны байранд явуулж байна. Энэ цуглааны байр нь ариун сүмийн хажууд байдаг учраас би энэ байршлыг санаатайгаар сонгосон юм. Бид дэлхий даяар ариун сүмүүд баригдаж буй энэ цаг үед амьдарч байгаад би маш их баяртай байна. Энэ хэцүү хүнд цаг үеүдэд бидэнд ариун сүмийн адислалууд хэрэгтэй.

Бүхэл дэлхий үймээн самуунд байгаа мэт санагдаж байна.1 Урьд хожид үзэгдээгүй ихээр зөрчилдөж, Оюун санааны амар амгалан, аюулгүй байдлын мэдрэмжийг олж авахад хэцүү, бүр олж авах боломжгүй мэт санагдаж байна Бид хэцүү ярвигтай дэлхийд ч айх ёсгүй гэдэг захиасыг өнөө орой би та бүхэнд хүргэмээр байна. Судрууд бидэнд Аврагчийн ачаар бүрэн дүүрэн баясалтай байж болно гэдгийг баталж өгдөг.2

Та бүхний зүрх сэтгэл, бодол санаанд маш эерэг арга замаар гүн шингэж үлдсэн гайхамшигтай үйл явдлууд байдаг. Та нар эдгээр үйл явдлын нарийн ширийн зүйл бүрийг санаж чаддаг. Номлолын дуудлагын дугтуйгаа задлах, ариун сүмд хань ижилтэйгээ лацдан холбуулах, Мормоны Номын үнэнийг Ариун Сүнс бодгальд тань гэрчилж байгааг ухаарах зэрэг үйл явдлууд эдгээрийн жишээ юм. Эдгээр нь зөвхөн сайхан мэдрэмж өгөөд зогсохгүй үүрдийн баяр баясгаланг авчрах үнэ цэнтэй үйл явдлууд билээ. Ямар нэгэн арга замаар Аврагчтай холбогдсон үйл явдал бүр хамгийн агуу баяр баясгаланг авчирдаг нь гайхалтай.

Гэвч бидэнд нэлээд гүн гүнзгий нөлөөлдөг, цочирдож, сэтгэл шаналгам үйл явдлууд ч бас бий.

Берлиний хана нурж, Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Жон Ф. Кеннеди алуулж, 9-р сарын 11-ний террорист халдлага болсон зэрэг нь хүмүүст тухайн үед хаана байсныг болон эдгээр мэдээг сонсоод юу мэдэрснийг нь сануулах цочирдмоор үйл явдлуудын жишээ юм.

Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төв, Вашингтоны Пентагон руу дайрсан халдлага одоогоос 15 жилийн өмнө 2001 оны 9-р сарын 11-нд болох үед та нарын ихэнх нь хүүхэд байсан байх. Та нарын ихэнх нь мөн эргэн тойронд байсан хүмүүс тань тэр үед хаана байж, хэрхэн цочролд орон, сэтгэлээр унаж байснаа санаж байгаа байх гэж би таамаглаж байна. Энэ үйл явдал олон хүний амар тайван байдлыг бусниулж, айдсыг нэмэгдүүлсэн. Миний хэлж байсанчлан энэ үйл явдал миний эхнэр Мэри бид хоёрт чухал ач холбогдолтой нөлөө үзүүлсэн юм.

Том хүү маань эхнэрийнхээ хамт анхны хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байсан ба тэд террористуудын барьцаалсан эхний онгоц Өмнөд цамхгийг мөргөх үед Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвөөс гуравхан гудамжны цаана амьдарч байлаа. Тэд байшингийнхаа дээвэр дээр гараад, аймшигтай санамсаргүй осол гэж бодсон зүйл нь ямархуу үр дагавар авчирч буйг харан зогсохдоо туйлын их айж балмагдсан байв. Тэд хоёр дахь барьцаалагдсан онгоц Өмнөд цамхгийг мөргөх үед л санамсаргүй осол биш гэдгийг мэдээд, Манхэттэний хойд хэсэг дайралтад өртөж байна гэдгийг ойлгосон юм. Өмнөд цамхаг нурж эхлэх үед тэдний байшин Манхэттэний хойд хэсгийг нэлэнхүйд нь бүрхсэн үнс нурангид дарагдсан байна.

Тэд харсан зүйлдээ эргэлзэж, балмагдан мөн дайралтууд цааш үргэлжилж болзошгүй гэж зовнисон учраас илүү аюулгүй газар руу явж, Линкольн төв дэх Манхэттэн гадасны байранд очжээ. Тэд тэнд очоод, Манхэттэний өмнөд хэсгийн өөр хэдэн арван гишүүн гадасны төвд ирэх шийдвэр гаргасан болохыг олж мэджээ. Тэд бидэн рүү ярин, өөрсдийгөө хаана хэрхэн аюулгүй байгаагаа мэдэгдэх үед л бид сая нэг тайвширч билээ. Орчин үеийн илчлэлтэд Сионы гадаснууд нь “батлан хамгаалалтын тулд … шуурганаас, мөн энэ нь хольцгүйгээр бүхэл дэлхий дээр юүлэгдэх үед хилэгнэлээс хоргодох газар”3 байх болно гэж заадаг учраас бид тэдний байгаа газрыг сонсоод тэгтлээ гайхаагүй. Тэдэнд бараг долоо хоногийн турш байр руугаа буцаж явахыг зөвшөөрөөгүй бөгөөд тэд гэмгүй олон хүний үхэлд харамсаж байсан ч өөрсдөө осолдож бэртээгүй байсан.

Өнөө орой бидний цугласан энэ Вашингтон хотын Пентагон руу дайрсан онгоц ч гэсэн ийм үр дагавар дагуулсан амиа золиослогч террористуудын үйлдэл байсан юм.

Өнөө орой би та бүхний анхаарлыг өнгөрсөн үеийн аймшигт үйл явдлуудад хэт төвлөрүүлэхийг зориогүй. Би та бүхнийг хамгийн эхэнд тодорхойлсон баяр баясгалантай үйл явдлуудад анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Гэхдээ би та бүхнийг өөрсдөдөө тулгарч байгаа мөн ирээдүйд тулгарах сорилт, бэрхшээл, аюулыг тунгаан бодоосой гэж хүсэж байна. Зарим үйл явдал олон хүнд зэрэг нөлөөлдөг байхад бусад нь хувийн шинж чанартай байдаг. Би гурван төрлийн үйл явдлыг онцолъё. Бие махбодын болон та нарын амьдарч буй цаг үеийн онцлогтой холбоотой өвөрмөц сорилт бэрхшээл; мөн сүнслэг аюул, бэрхшээл.

Бие махбодын аюул, сорилт бэрхшээл

Бие махбодын аюул, сорилт бэрхшээлийг олж харан, тодорхойлоход хамгийн амархан байдаг. Та нарын хэрхэн мөн хаанаас өдөр бүрийн мэдээллээ олж авдаг болохоос үл шалтгаалан бие махбодын аюул, хүчирхийлэл, гай зовлонгийн талаар хамгийн түрүүнд телевиз, интернэтэд нийтэлдэг. Үүний нэг шалтгаан нь хүчирхийлэл, аллага нь маш анхаарал татахуйц мөн дүрсэнд буулгаж, бичгээр дүрслэхэд ч ихэвчлэн хялбар байдаг. Хүчирхийлэл болон аллага хол, ойр байгаа эсэх нь хамаагүй, бидний анхаарлыг татаж, амар амгаланг үгүй хийдэг. Бид бие махбодын хувьд аюулгүй байх мэдрэмжээ алдаж эхлэхэд хувь хүнийхээ хувьд сул дорой болж эхэлдэг.

Өнгөрсөн 3-р сарын 22-нд нэгэн террорист Бельгийн Брюссель онгоцны буудалд тэсрэх бөмбөг дэлбэлж, амиа егүүтгэсэн. Тэр үед манай дөрвөн номлогч онгоцны буудал дээр байсан ба бүгд хүнд бэртэл авч, зарим нь маш ноцтой гэмтсэн байсан. Ахмад номлогч Ричард Норбигийн бие маш муу байв. Тэр амьдрал хэзээ ч нэг хэвэндээ байхгүй ч “Их Эзэнд итгэхийг мөн эмээхгүй байхыг сонгосон” гэж хэлээд, цааш нь ‘Би өөрийнхөөрөө амьдарна. Би хүүхдүүд, ач зээ нартаа Бурханд итгэх ёстойг заана” гэж хэлж байв.4

Амиа алдсан ч гэрээнүүддээ үнэнч байсан хүмүүс “үүнийг дахин олж авах болно, бүх мөнх амьдралыг бөлгөө” хэмээн Их Эзэн онцолсон байдаг.5

Брюссель онгоцны буудал дахь дэлбэрэлтээс болж бэртсэн өөр нэг номлогч эгч Фанни Клэйний хэлсэн үг миний зүрх сэтгэлийг ихэд хөндсөн юм. Тэр “Иймэрхүү зүйлтэй тулгарах нь намайг бусдыг илүү сайн ойлгоход хүргэж байна. Учир нь хүмүүсийн амьдралд үнэхээр хэцүү зүйлс тохиолдсон байдаг ба надад ч бас тохиолдсоноор би тэднийг илүү сайн ойлгож чадна” гэж хэлж билээ. Тэр эдгэрэх явцдаа “Бид Бурханд итгэхийг сонгох үедээ Түүний бидэнд хэрхэн тусалдаг болохыг мөн энэхүү тусламж нь хэр гайхамшигтай болохыг мэдэж чадна. Би урьдынхаас ч илүү Түүнд итгэх болсон” гэж хэлсэн юм. Тэр номлолоо үргэлжлүүлэх болсондоо туйлын баяртай байв.6

Мөнх бус байдлын өмнөх оршихуйд бид өсөж, хөгжин, эцэст нь өргөмжлөл хүлээн авахад сонгох эрх, сөрөг тал байх нь зайлшгүй гэдгийг мэдэж авсан билээ.

Тэнгэр дэх мөнх бус байдлын өмнөх оршихуйн зөвлөл дэх Эцэгийн төлөвлөгөө чухал бүрэлдэхүүн болох сонгох эрхийг багтаасан. Люсифер бослого гаргаж, “хүмүүний сонгох эрхийг эрэлхийлсэн”7 юм. Тиймээс мөнх бус бие махбод хүлээн авах эрхийг Сатан болон түүнийг дагагчдад олгоогүй.

Бусад мөнх бус байдлын өмнөх оршихуйн сүнснүүд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг даган, сонгох эрхээ ашигласан. Эдгээр сүнс мөнх бус амьдралд төрж, сонгох эрхээ ашиглах боломжоор адислагдсан. Бид сонгож, үйлдэх эрхтэй ч сонголтынхоо үр дагаврыг сонгох эрхгүй. Тиймээс бидний сонголт өнөөдрийн болон ирээдүйн амьдралд жаргалтай эсвэл зовлонтой байх эсэхийг шийддэг. “Зөв шударга болон сайн сонголтууд нь аз жаргал, амар амгалан болон мөнхийн амьдрал руу хөтөлдөг, харин хилэнцэт болон нүглийн сонголтууд нь мэдээж уй гашуу, зовлонт байдалд хүргэдэг.”8

Бид Бурханы зарлигуудтай зөрчилдөх үйлдэл хийхээр шийдвэрлэхдээ нөхцөл байдлыг юм уу бусдыг буруутгаж болохгүй. Бид Христийнхтэй адил зан чанар, авьяас чадварыг хэрхэн хөгжүүлснээрээ Бурханы өмнө хариуцлага хүлээдэг ба энэ оршихуйд бидэнд өгөгдсөн цагийг хэр ашигласнаараа бас хариуцлага хүлээдэг.

Сөрөг талын тухай сургаал нь сонгох эрхийн сургаалтай нягт холбоотой, бүр заримдаа сонгох эрхийн сургаал гэж үзэх нь ч элбэг. Сөрөг тал нь ихэвчлэн гадаад эх сурвалжаас эсвэл бусдаас шалтгаалдаг учраас эдгээрийг тусад нь авч үзэх нь чухал юм. Бошиглогч Лихай энэ сургаалыг 2 Нифай 2:11 дээр товч бөгөөд тодорхой тайлбарласан байдаг. “Учир юун хэмээвээс бүх зүйлд сөрөг тал байх нь зайлшгүй. Хэрэв тийм бус аваас, … зөв шударга нь бас ёсон бус ч, ариун нандин хийгээд зовлон шаналал ч, сайн бас муу ч тохиохгүй болой.”

Лихай үргэлжлүүлэн энэ сургаал нь маш чухал ба үүнгүйгээр “бүтээлтийн зорилгод утгагүй байх байсан” мөн “Бурханы мэргэн ухаан мөн түүний мөнхийн зорилгууд, мөн түүнчлэн Бурханы хүч, мөн нигүүлсэл, мөн шударга ёс” устгагдах байсан гэж тайлбарлажээ.9

Лихай цааш нь “Иймийн тул, Их Эзэн Бурхан хүнд өөрөө үйлдэх боломжийг өгчээ”10 гэж хэлсэн.

Бид мөнх бус байдлын өмнөх оршихуйд сонгох эрхээ ашиглах нь сөрөг тал, зөрчлийг авчрах болно гэдгийг мэдэж байсан ба тэнгэр дэх дайн энэ үнэний нотолгоо юм. Дайн, хүчирхийллээс гадна бусад ноцтой нүгэлт үйлдэл дэлхий даяар газар авах болно гэдгийг бид мэдэж байсан. Бид мөн Есүс Христ эдгээр нүглийн төлөөсийг төлөхөд бэлэн байсан гэдгийг мэдэж байсан. Ойлгохоос цаашгүй Түүний зовлон шаналал нүгэл хилэнц, сүнслэг үхлийг ялсан бол Түүний Амилалт бие махбодын үхлийг ялсан. Бид мөнх бус үхлийн дараа дахин амьдрах болно гэдэгт итгэдэг. Бид энэ тухай Миний сайн мэдээг номло-оос уншдаг билээ.

“Өөрийн зовлон шаналлаар сүнсний үхлийг мөн Өөрийн Амилалтаар биеийн үхлийг ялсан Есүс Христийн энэ ялгуусан ялалтыг Цагаатгал гэж нэрлэдэг.

Бид Есүс Христийн Цагаатгалд найдвар тавивал өөрсдийн зовлон зүдгүүр, өвчин эмгэгийг тэвчихэд Тэрээр тусалж чадна. Бид баяр хөөр, амар амгалан хийгээд тайтгарлаар дүүрэн байж болно. Амьдралын талаарх шударга бус юм бүхэн Есүс Христийн Цагаатгалаар дамжин зөв болно.”11

Сүмийг Миссурид зохион байгуулсны дараахан манай гишүүдэд тулгарсан аймшигт туршлага Цагаатгалын эдгээр зарчим хэрхэн ажилладаг болохыг тодорхой харуулдаг. Бидний сургаалын үнэ цэн бидэнтэй итгэл нэг бус Миссуригийн оршин суугчидтай шууд утгаараа зөрчилдөж байсан юм. Олон миссури хүн Америкийн индианчуудыг дайснаа гэж байнга үзэн, газар нутгаасаа хөөн гаргахыг хүсэж байв. Мөн олон миссури оршин суугч боол эзэмшдэг байсан тул боолчлолыг эсэргүүцдэг хүмүүс тэднийг үзэн ядаж, заналхийлдэг байсан. Мөн олон хүн газар нутаг, эд баялаг, тэр бүү хэл эрх мэдлийг эрэлхийлж байв.

Харин эсрэгээрээ, манай сургаал Америкийн индианчуудыг хүндэтгэн авч үзэж, тэдэнд Есүс Христийн сайн мэдээг заах хүсэлтэй байсан юм. Боолчлолын талаар хэлэхэд, манай судруудад хэн ч өөр хэн нэгний боолчлолд байх ёсгүй гэж заадаг. Тэр үед өнөөдөртэй адил харьцангуй цөөхөн хар арьстан гишүүд цагаан арьстан гишүүдтэй хамт шүтэн биширдэг байсан. Эцсийн эцэст бидний зорилго эд баялаг олж авах биш, харин нэг нэгнээ хайрлаж, Аврагчийн заасан зарчмуудын дагуу амьдардаг ах, эгч нарын нийгмийг бий болгох явдал байсан юм. Олон гэгээнтэн Их Эзэний илчлэлтээр Миссури рүү нүүж ирэх үед Миссуригийн оршин суугчид тайван байдлаа алдаж, бачимдаж эхэлжээ.12

Үүний үр дүнд асар их зөрчилдөөн үүсэж, Сүмийн гишүүд хавчигдан дарлуулж эхлэв. Гэгээнтнүүдийн дайснууд тэдний үр тариа, байшин барилгыг устгаж, мал амьтан, эд баялгийг дээрэмдэж, гэр орноос нь хөөж гаргаж байсан. Зарим гэгээнтэн давирхай, өд цацуулж, зодуулж, нүдүүлж байв. Виллям В.Фелпс Огайогийн Көртландад амьдарч байсан Иосеф Смит рүү “Энэ бол эрэгтэй, эмэгтэйчүүд бүх л зүгт дүрвэж мөн дүрвэхээр бэлтгэж байгаа аймшигт цаг үе”13 гэж бичжээ. Дүрвэн зугтаж явсан энэхүү эмх замбараагүй цагт гэр бүлүүд таран бутарч, олон гэгээнтэн хоол хүнс, бусад хэрэгцээт зүйлээр гачигдаж байсан. Их Эзэнийг өөрсдөд нь Миссурид цуглар гэж зарлигласны дараа яагаад тэндээс хөөгдөж явж байгаагаа Сүмийн гишүүд нэг л сайн ойлгохгүй байв. Иосеф Смит энэхүү цочирдом мэдээг хүлээн аваад, учрыг нь ойлгох гэж залбирчээ. Их Эзэн Сургаал ба Гэрээ 101:35–36-д цэдэглэсэн тайтгаруулах захиасаар түүнд хариулсан юм.

“Мөн миний нэрний учир мөрдлөг хавчлагыг тэсвэрлэдэг, мөн итгэлд тэвчдэг тэд бүгд, миний төлөө амиа зориулахаар дуудагдсан учраас тэд энэ бүх алдар суугаас хүртэх болно.

Иймийн тул, бүр үхэлд ч бүү эмээ. Учир нь энэ дэлхийд та нарын баясал бүрэн биш болой, харин миний дотор та нарын баясал бүрэн болой.”

Их Эзэн мөн бидэнд зөв шударгын шагнал болох “бүр энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг”14 амласан билээ.

Иймээс Аврагчийн Цагаатгал бүр бие махбодын аюул заналхийлэлд өртөх үед хүртэл амар амгалан, энх тайванг бидэнд өгдөг билээ.

Бидний амьдарч буй цаг үеийн онцлогтой холбоотой өвөрмөц сорилт бэрхшээл

Залуучуудын хувьд та нарт бие махбодын сорилт бэрхшээлээс гадна амьдарч буй цаг үеийн онцлогтой холбоотой сорилт бэрхшээлүүд байдаг. Та нар боловсрол, ажил, гэрлэлт, гэр бүлтэй холбоотой олон шийдвэрлэх зүйлд санаа зовдог. Бусдын хэлсэн олон үгэнд эдгээр шийдвэртэй холбоотой сургаалын зарчмыг дурддаг ба эдгээр нь нэлээд ойлгомжтой байдаг. Аврагч бидний нүглийн төлөөсийг төлсөн ч биднийг өөрсдийнхөө амьдралыг удирдах хувийн үүрэг хариуцлагаас чөлөөлөөгүй. Ажил хөдөлмөр, хичээл зүтгэл, биеийн хүчний ажил болон авьяас чадвараа хөгжүүлэх, гэр бүлээ тэжээхийн үнэ цэнийг эхлэлээс судруудад өргөн цар хүрээтэй тунхагласаар ирсэн. Эхлэл номонд Их Эзэн “Чи газар шороондоо эргэж очих хүртлээ духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ” хэмээн тунхаглажээ.15

Гишүүд олноороо эдгээр сургаалын ойлголтыг хүлээн зөвшөөрдөг гэдэгт би итгэдэг. Гэсэн хэдий ч энэхүү ярвигтай дэлхийд эдгээр зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар эргэлзэж төөрөгдөх нь олонтоо.

Би 20 жилийн өмнөх Ерөнхий чуулган дээр эдгээр асуудалтай шууд холбоотой нэгэн хөгжилтэй түүх хуваалцаж байсан юм.16

Хүүхдүүдээ бага байхад би эхнэр Мэритэйгээ хамт намайг хүүхэд байхад аавын минь заадаг байсан уламжлалыг дагахаар шийдсэн юм. Аав минь надтай мөн ах эгч нартай маань нэг бүрчлэн уулзаад, амьдралынхаа янз бүрийн талбарт зорилго тавихад тусалж, Сүм, сургууль, хичээлээс гадуурх үйл ажиллагаа эдгээр зорилгод хүрэхэд хэрхэн тусалдаг болохыг заадаг байсан. Түүнд гурван дүрэм л байдаг байв.

  • Бид үр ашигтай зорилго тавих ёстой.

  • Бид ямар ч цагт зорилгоо өөрчилж болно.

  • Бид ямар ч зорилго тавьсан гэсэн үүнийхээ төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөх ёстой.

Энэ уламжлал бидэнд ашиг тусаа өгсөн учраас Мэри бид хоёр энэ уламжлалыг хүүхдүүддээ үлдээхээр шийдсэн юм. Хүү Ларригаа 5 настай байхад би түүнээс том болоод ямар ажил мэргэжилтэй болохыг хүсэж байгааг асууж билээ. Тэр авга ах Жоутойгоо адил17 эмч болмоор байна гэж хэлэв. Ларри нэгэн хүнд хагалгаанд орж байсан ба эмч нарыг, ялангуяа авга ах Жоугоо ихэд хүндэтгэдэг болсон байв. Ларригийн хийж буй бүх ашиг тустай зүйл түүнд эмч болохоор бэлтгэхэд нь тусалж байгааг би хэлсэн.

Хэдэн сарын дараа би түүнээс том болоод юу хийхийг хүсэж байгааг нь дахин асуув. Харин тэр онгоцны нисгэгч болохыг хүсэж байна гэж хэлэв. Зорилгоо өөрчлөх нь сайн хэрэг. Тиймээс би түүнд янз бүрийн үйл ажиллагаа хэрхэн түүнд энэ зорилгодоо хүрэхэд туслахыг тайлбарлав. Ярилцлагынхаа төгсгөлд би түүнд энгийнээр “Ларри, өнгөрсөн удаа биднийг ярилцах үед чи эмч болохыг хүсэж байна гэж хэлсэн. Чиний санааг юу өөрчлөв өө?” гэж асуусан. Тэр “Би эмч болох нь сайн зүйл гэж бодсон. Харин авга ах Жоуг бямба гаргийн өглөө ажиллаж байгааг хараад, бямба гаргийн өглөө гардаг хүүхэлдэйн киногоо алгасмааргүй санагдсан” гэж хариулж билээ.

Тэр цагаас хойш манай гэр бүл үнэ цэнтэй зорилгод саад болох зүйлсийг бямба гаргийн өглөөний хүүхэлдэйн кинотой зүйрлэх болсон.

Би энэ бодит түүхээс хоёр зарчмыг онцолмоор байна. Нэгдүгээрт, өнөөдрийн дэлхийд үнэ цэнтэй зорилгуудад хүрэхээр хэрхэн төлөвлөж, бэлтгэх талаар юм. Хоёрдугаарт, интернэт, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бидний зөв шударга зорилгод үзүүлэх нөлөө. Эдгээр нь бидний хүсэж байгаа баяр баясгаланд саад болох бямба гаргийн өглөөний хүүхэлдэйн кино байж болно.

Хэр олон залуу хүн зөв шударга зорилго тавьж, тэдгээртээ хүрэх төлөвлөгөө гаргахдаа бүтэлгүйтэж байгаа бол гэдэгт би ихэд санаа зовдог. Мөн тэдний хэчнээн олон нь өөрсдийнхөө авьяас билэг, ур чадварыг дутуу үнэлж, хайхрахгүй байгаа бол гэдэгт бас зовнидог. Энэ хоёр асуудлыг шийдвэрлэснээр та нар амьдралдаа маш их баяр баяслыг мэдрэх болно.

Профессор Анжела Дакворд сүүлд гаргасан Grit, нэртэй номондоо, хэрэв ихэнх нь биш юм аа гэхэд олон хүн төрөлхийн авъяас чадвараа хэтрүүлэн үнэлж, харин шаргуу хөдөлмөр, эрс шийдэмгий байдлыг дорд үзэж байна гэсэн итгэл үнэмшилтэй дүгнэлтийг гаргасан байдаг. Тэрээр бүхий л төрлийн амжилт нь цэвэр оюун билэг, авьяас чадвараас илүүтэй шаргуу хөдөлмөрийн ёс зүйгээс ирдэг гэж хэлсэн. Тэр зорилго, чиглэлтэй хүн (мөн түүний тодорхойлсноор урам зоригтой, шаргуу зантай хүн) зорилго, чиглэлгүй төрөлхийн авьяас чадвартай хүмүүсээс хамаагүй илүү сайн гүйцэтгэлтэй байдаг гэдгийг онцолсон.18

Би залуу байхдаа өөр нэг суралцагчийн оюуны чадавхыг үзүүлсэн тестийн хариуг санамсаргүй олоод харчихсан юм. Түүний хариу дунджаас бага зэрэг доош түвшинд гарсан байв. Би сургууль дээр хэнд ч хэлэлгүй түүнийг ажигладаг болсон. Тэр хүнд ангиудыг сонгон авч, шаргуу сурдаг байлаа. Коллежид байхдаа тэр нэг ангид хоёр эсвэл гурван багт оролцож ажилладаг байв. Эцэст нь тэр бусдаас хавьгүй их хичээл зүтгэл шаардсан мэргэжлээр эрдмийн зэрэг хамгаалж, мэргэжлийн талбартаа хэд хэдэн чухал ололт нээлт хийсэн юм.

Би хүн бүр түүн шиг эрдэм номын зэрэг хамгаалах ёстой гэж хэлээгүй ч та нар төлөвлөж, зорилго тавин, хичээж зүтгэх юм бол, ялангуяа бямба гаргийн өглөөний хүүхэлдэйн киног амьдралаасаа хасах юм бол зөв шударга үнэ цэнтэй зорилгынхоо олонд нь хүрэх болно гэж хэлэх гэсэн юм. Та нар мөн амьдралдаа илүү их баяр баясгалан, аз жаргалыг мэдрэх болно.

Та нар хэцүү зүйлсийг хийж чадна гэдгийг би баталж байна. Далд үйлчилж байсан ахлагч Жон Б.Диксон дэлхий даяар онцгой арга замаар үйлчилж байсан төдийгүй энэ зарчмыг хөгжилтэй мөн өвөрмөц арга замаар нотлон харуулсан. Ахлагч Диксон 1962 онд Мексикт ХҮГ номлогчоор үйлчлэхээр дуудагдав. Тэр явахаасаа өмнө баруун гартаа ясны хорт хавдартай гэж оношлуулжээ. Түүнийг 1 сараас илүү амьдарч чадахгүй гэж таамаглаж байсан байна. Гэсэн хэдий ч 10 сарын дараа тэр өрөөсөн гаргүйгээр томилогдсон газраа үйлчлэхээр явжээ.19 Тэр НБТ-д номлогчдод хүнд хэцүү зүйлсийг хийж чадна гэж зааж байсныг би хэзээ ч мартахгүй. Тэр дөрвөн номлогчийг индэр дээр гаргаж ирээд, хэн хамгийн түрүүнд зангиа зангидаж дуусгахаа үзэхэд урьжээ. Нэг гараараа зангиа зангидана гээд бодоод үз дээ. Би саяхан ахлагч Диксоноос надад үзүүлэхийг хүссэн юм. Хамтдаа үзэцгээе.

Ахлагч Жон Б.Диксон:[Зангиа зангидана.] Бид бүгдийн амьдралд сорилт бэрхшээл байдаг гэдгийг та нар мэднэ. Заримдаа тэдгээр нь бие махбод, сэтгэл санаа, санхүүгийн эсвэл өөр олон төрлийнх байж болно. Хэрэв бид өөдрөг байж, дүрмүүдээ даган, Их Эзэнд болон өөрсдөдөө итгэж найдах юм бол тулгарах юуг ч даван гарч чадна. Бүр зангиагаа ч зангидаж чадна гэж бодож байна. Хэн нэг нь уралдахыг эсвэл барилдахыг хүсэж байна уу?]

Баярлалаа, Жон.

НБТ дээр ахлагч Диксон шүд, мөр, чээжээ гайхалтай ашиглан дөрвөн номлогчийг дөрвүүлэнг ялсан. Та нар сорилт бэрхшээлийг давж гаран, хэцүү зүйлсийг хийж чадна гэдгээ мэдэж ав.

Профессор Дакворд “урам зориг олоход амархан. Харин зорилгодоо хүрэх тэвчээрийг гаргах нь хэцүү” гэж тэмдэглэжээ.20

Түүний эш татсан нэг судалгаа амьдралдаа идэвхтэй бэлтгэхийн ач холбогдлыг, тэр дундаа шийдэмгий байдал, шаргуу зан, саад бэрхшээл тулгарах үед үүрэг даалгавраа орхихгүй байх чиг хандлагын ач холбогдлыг онцолсон.21

Хүмүүс өөрсдийгөө үнэ цэнтэй зорилготой гэж мөн бусдын сайн сайхан байдлыг сайжруулж байна гэж бодох ёстой гэж тэр хэлжээ.22 Тэрээр

“Хүмүүс үүрэг даалгавар нь хэчнээн уйтгартай эсвэл жижиг байсан ч хамаагүй, дэлхийд нэн чухал үнэ цэнтэй зорилго тавьж, уг зорилго нь хийж буй бүх зүйлд нь гүн гүнзгий утга учир нэмж байгаа үед азтай хүн болдог. Өрлөгчний тухай сургаалт зүйрлэлийг бодож үзээрэй.

3 өрлөгчнөөс ‘Та нар юу хийж байгаа юм бэ?’ гэж асуужээ.

Эхнийх нь ‘Би тоосго өрж байна’ гэж хэлжээ.

Хоёрдахь нь ‘Би сүм барьж байна’ гэж хэлэв.

Гуравдахь нь ‘Би Бурханы өргөөг барьж байна’ гэж хэлжээ.

Эхний өрлөгчинд ажил байсан. Хоёрдахь өрлөгчинд мэргэжил байсан. Харин гуравдахь өрлөгчинд дуудлага байсан” гэж хэлсэн байна.23

Өнөө орой би та бүхнийг зорилгоо нягталж үзээд, аль нь танд гэр бүлийн үүрэг хариуцлагаа биелүүлэх боломжийг өгч, гэрээний зам дээр тань байлгаж, Их Эзэний өгөхийг хүсэж байгаа баяр баяслыг эдлэхэд тусалж байгааг тодорхойлоход урьж байна. Зорилготой байх нь урьдчилан төлөвлөж мөн чухал шаардлага, товлосон цаг хугацааг орхигдуулалгүй цаг зав, хичээл зүтгэлээ зөв зарцуулах боломжийг та нарт өгөх болно гэдгийг санаарай.

Би одоо интернэт, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бидний шийдвэрт үзүүлэх үр нөлөөний тухай ярих гэж байна.

Интернэт болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь орчин үеийн нийгэмд олон талаар тус дэм болж байгаа. Тэдгээр нь үнэхээр агуу үнэ цэнтэй. Тэдгээр нь мөн мөнх бус амьдрал дахь жинхэнэ зорилгоо гүйцэлдүүлэхэд саад болох бямба гаргийн өглөөний хүүхэлдэйн кино ч байж болно.

Бид бүхэн интернэт, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хэзээ, хэрхэн ашигладаг болохоо үнэлж цэгнэдэг байвал энэ нь миний чин сэтгэлийн хүсэл билээ. Үнэлж цэгнэх тодорхой шалгууруудаас дурдъя. Энэ зүйл бидний зөв зохистой, чухал бусад зорилгыг дэмжиж байна уу? Эсвэл бидний өсөлт хөгжилд ноцтой саад болж байна уу? Хэрэв байнга шалгахгүй бол чухал мэдээллээс хоцрох вий гэсэн айдсаасаа болж бид олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд эзэмдүүлсэн байна уу? Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүмүүсийн өөрсдийгөө хэт дөвийлгөсөн байдал бидэнд өөртөө эргэлзэж, өөрийгөө хангалтгүй хэмээн мэдрэхэд хүргэж байгаа юм биш биз? Интернэт биднийг цэвэр бус, зохисгүй, итгэлийг устгагч хагас дутуу үнэнийг агуулсан зураг, контент руу хөтөлж байна уу? Бид үнэн төрхөө нууж, бусдыг бүдүүлэг тайлбар, санал бодлоороо булж байгаа юу? Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэр орон дахь шүтэн бишрэх үйл ажиллагаанд мөн гэр бүлдээ зарцуулдаг цагаас хумсалж байна уу? Т оглоом тоглож, дэмий зүйл хийж интернэтэд өнгөрөөдөг цаг маань чухал зорилгууддаа хүрэхээр хичээнгүйлэн хөдөлмөрлөхөд саад болж байна уу? Би та бүхнийг эдгээр асуултыг тунгаан бодож, өөрчлөлт хийн, амьдралаа адислахын тулд шаардлагатай бол наманчлахад урьж байна.

Дээр хэлсэнчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслийг зөв зүйтэй ашигласнаар ирдэг агуу ашиг тусыг би бүрэн дүүрэн ойлгодог. Гэр бүлийн түүхэнд үзүүлж буй хувь нэмэр нь Их Эзэн энэхүү технологийг сүнсээр өдөөсөн гэдгийг тодорхой харуулж байна.

Би үгээ хэлж дуусаад, хэлсэн үгийнхээ энэ хэсгийг Facebook хуудсандаа нийтлэх болно. Би та бүхнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн талаар юунд санаа зовдог болохоо бас энэ нь хэрхэн та нарын амьдралыг адисалж байгааг надтай хуваалцаасай гэж хүсэж байна.

Би мөн энэ сэдвээр та бүхэнд өөр нэг зүйлийг ойлгуулах гэсэн юм. Бид олон нийтийн мэдээллийн хэрэгслээс үнэн төрхөө үзүүлэх тухай их сонсдог. Чин үнэнээсээ Христтэй адил байх нь үнэн төрхөө үзүүлэхээс хамаагүй илүү чухал зорилго юм. Дахиад хэлье. Чин үнэнээсээ Христтэй адил байх нь үнэн төрхөө үзүүлэхээс хамаагүй илүү чухал зорилго юм.

Сүнслэг сорилтууд

Би одоо сүнслэг сорилтуудын талаар ярих болно.

Энэ амьдрал дахь хамгийн чухал зорилгуудын нэг нь Бурхантай ариун нандин гэрээ хийж, гэрээгээ сахих явдал юм. Энэ нь зөв зохисгүй хүслээ дүгнэж цэгнэн, өөрсдийгөө тэдгээрээс тусгаарлахыг шаарддаг. Бид мөн санаатай болон санаандгүйгээр Бурханаас хүлээдэг зүй зохисгүй хүлээлтүүдээ дүгнэж цэгнэдэг. Бид Бурханы биднээс хүсэж байгаа зүйлсийг мэдэхээр тогтмол эрэлхийлдэг. Бид итгэл, наманчлал, авралын ёслолуудад байнга анхаарлаа хандуулдаг. Хэрвээ Аврагч бидний ойлгож ч чадамгүй төлөөсийг бидний төлөө төлөн, Цагаатгал хийгээгүй бол бид зөвхөн материаллаг, дэлхийн зүйлст санаа сэтгэлээ зориулж, цаг заваа зугаа цэнгэл, тоглоом наргианд үрэх байсан. “Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” хэмээн Их Эзэн хэлэх үедээ ямар зорилготой байсныг бод.24

“Байх ёстойгоосоо муу байхад Тэнгэр дэх Эцэг сэтгэл хангалуун биш байж чадна гэж үү? Зөвхөн архи, кофе уудгаас болж Тэр намайг адислахгүй гэж үү?” гэж зарим хүн асууж байгаа мэт санагддаг. Харамсалтай нь энэ бол буруу асуулт бөгөөд Эцэгийн төлөвлөгөөний талаар сайн ойлгоогүйг харуулж байна. Бид “Би хэрхэн Эцэгийн мөн Аврагчийн хүсэж байгаа зөв шударга, хайраар дүүрэн хүн болох вэ?” гэсэн асуулт тавих ёстой. Судрууд “Учир нь их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагдах буюу” хэмээн тунхагладаг.25

Зөвхөн оролцсоноор л шагнал, цол авч болдог энэ дэлхийд бидэнд тавигддаг жишиг, хүлээлт зэрэг нь шударга бус эсвэл бүр харгис санагдаж болно. Энэ нь ялангуяа үр дагаврыг үл хайхран, Эцэгийн төлөвлөгөөг дагалгүй өөрийн замаар санасандаа хүрч буй хүмүүст үнэн байдаг.

Олон хүн өөрсдийнхөө нүгэлт үйлдэл, дадал зуршлыг “Есүс хүн бүрийг хайрла гэж заадаг” гэх үгсээр хаацайлдаг. Энэ нь мэдээж хэрэг үнэн боловч энэ байр суурийг дэмждэг хүмүүс ихэвчлэн “Хэрэв та нар намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь” хэмээх адилхан чухал зөвлөгөөг үл тоомсорлож байгаа мэт санагддаг.26

Бурхан Тэргүүтэнтэй холбогдох харилцаа хамаарлаа наймаалцах нь зохимжгүй. “Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй” байх нь баптисмаар эхэлдэг гэрээний замаар явж эхлэх анхны шаардлага юм. Бид Бурханд даруухнаар залбирах ёстой. Хаан Бенжамины бидэнд заасанчлан “Учир нь болгоогтун, бид бүгд гуйлгачид бус уу? Бид бүгд нэгэн адил Бие, бүр Бурханаас хамаардаг, бидэнд байгаа бүх хөрөнгө, … төрөл бүрийн бүх баялгууд түүнээс бус гэж үү?”27

Бидэнд тулгарч буй сорилт хүнд хэцүү, бүр зарим нь шударга бус байж болно. Тэдгээр нь биднийг зүрх сэтгэлдээ зовлон шаналлыг мэдэрч, бусдад өрөвч энэрэнгүй хандахад хүргэдэг. Энэ нь бие махбодод маань гүн гүнзгий нөлөөлдөг өвчин эмгэг, сул дорой байдлын хувьд ч үнэн юм. Энэ нь гэм буруугүй мөн хүчирхийлэлд автсан хүмүүсийг ч хамааруулдаг. Энэ нь бидний төрж өссөн газар бүрд байдаг ядуурал, хүчирхийллийг мөн сонголтгүйгээр ирдэг бидний төрөлх хүсэл эрмэлзэл, чиг хандлагыг багтаадаг. Бид ганцхан буруу сонголтоос үүдэлтэй муу зуршлаасаа болж зовж шаналдаг. Энэ дэлхий дээр шударга бус гэгдэх зүйл олон бий.Энэ нь бидний төрж өссөн газар бүрд байдаг ядуурал, хүчирхийллийг багтаадаг.

Бид эдгээрт ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? Бид эелдэг, өрөвч энэрэнгүй байж, хүмүүсийг Эцэгийн төлөвлөгөө, Аврагчийн сургаалтай нийцэхгүй замаар явж байгааг мэдсэн ч гэсэн хүн нэг бүрд хүндэтгэлтэй хандах ёстой. Хэрвээ бид үнэхээр эелдэг байхыг хүсэж байвал наманчлалыг заах ёстой. Бид хайртай хүмүүсээ амьдралаа өөрчилж, Аврагчийн Цагаатгалыг хүлээн авахад урихаас татгалзах аваас эелдэг байж чадахгүй мөн хэнд ч тус хүргэж чадахгүй. Наманчилдаг хүмүүсийг харин гайхамшигтай, мөнхийн адислал хүлээж байдаг.

Аврагч Өөрөө наманчилдаг хүмүүсийн талаар нэгэн зарчмыг нифайчуудад тодорхой заасан. “Би дэлхийг шүүхээр зогсох тэр өдөр Эцэгийнхээ өмнө би түүний гэмгүйг үнэлэх болно.” 28Тэрээр мөн “Мөн ямар ч цэвэр бус зүйл түүний хаант улсад орж чадахгүй; тиймийн тул өөрсдийн итгэл, мөн өөрсдийн бүх нүглийн наманчлал, мөн төгсгөл хүртэлх өөрсдийнх нь үнэнч шударга байдлын учир миний цусанд өөрсдийн өмсгөлийг угаасан тэднээс бусад юу ч түүний амралтад орохгүй”29 гэж хэлсэн.

Та нар хүссэн баяр баяслаа энэ амьдралд олж чадна. Энэ онцгой цугларалтаас явахдаа хэн ч өөрийгөө гэтэлгэгдэх боломжгүй гэсэн мэдрэмжтэй гарч болохгүй. Та нар гэтэлгэгдэхгүй байх боломжгүй. Үнэндээ та нар Бурханы хүүхэд шүү дээ. Та нар найдвар, баяр баясалтай байж чадна. Та нар зүрх сэтгэлээ өөрчилж, наманчилж чадна. Та нар уучилж мөн уучлагдаж чадна.

Наманчлал нь Эцэгийн төлөвлөгөөнд нэн чухал юм. Мормоны Номоос бид нигүүлсэл, шударга ёс хоёрын уялдаа холбоог сурдаг. Христ нигүүлсэл, шударга ёс хамтдаа хэрхэн ажилладаг болохыг харуулдаг.30

Би Элайза Р.Снөүгийн бичсэн өөдрөг үгсэд дуртай.

Эл авралын төлөвлөгөө

Агуу төгс төгөлдөр

Шударга ёс, хайр нигүүлсэл хамтдаа

Бүгд хөг эгшиг нийлнэ.31

Энэхүү аз жаргалын төлөвлөгөө бол шударга мөн нигүүлсэнгүй. Бид хаанаас ирснээ, яагаад энд амьдарч байгаагаа, нас барсны дараа хаашаа явахаа мэддэг.

Та нар бол гайхалтай үеийнхэн. Судруудад эцсийн өдрүүдэд “ёсон бус хийгээд жигшүүрт хэргүүд” 32байх болно гэдгийг тодорхой хэлдэг. Хэдийгээр гэгээнтнүүд тоогоор цөөхөн байх ч дэлхийн гадаргуугаар тараагдан, “зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн”33 байх болно. Их Эзэн “зөв шударгыг үйлдэгчдийг өөрийн хүчээр хамгаалах” учир бид “айхын хэрэггүй”34 гэж Тэрээр амласан.

Та нар тулгарч буй сорилт бэрхшээл, аюулыг хайхран, айх хэрэггүй. Та нар зөв шударга, үнэ цэнтэй зорилгуудыг эрэлхийлснээр адислагдаж, хамгаалагдах болно. Хичээл зүтгэлтэй, зорилго чиглэлтэй бай. Интернэт, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг зөв зохисгүй ашиглахаас зайлсхийж, эцсээ хүртэл тэвчихдээ итгэл, наманчлал, авралын төлөвлөгөө, Аврагчийн цагаатгах золиослолд найдаж, анхаарлаа хандуул. Ариун сүмд анхаарлаа хандуулах нь эдгээр зорилгод хүрэхэд та нарт туслах болно.

Ром 12:12 дээр гардагчлан “Найдвар дотор жаргалтай байж, зовлонд тэвчээртэй, залбирахдаа итгэлтэй бай.” Та нар амьдралынхаа бямба гаргийн өглөөний хүүхэлдэйн киноноос зайлсхийж, Аврагчийн бидэнд амласан аз жаргалд баясаж, хүрч чадна.

Би Есүс Христийн тэнгэрлэг байдлын талаар чин сэтгэлээсээ гэрчилж байна. Түүний ачаар бид эмээх хэрэггүй. Учир нь Түүний дотор бидний баясал дүүрэн болой. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Сургаал ба Гэрээ 45:26; 88:91.

  2. Сургаал ба Гэрээ 101:35–38.

  3. Сургаал ба Гэрээ 115:6.

  4. “Fear Won’t Stop Me,” Church News, 2016 оны 8-р сарын 7, 9.

  5. Сургаал ба Гэрээ 98:13.

  6. “‘Ready to Get Going’: Brussels Bombing Victim Serving in Ohio,” Church News, June 5, 2016, 7.

  7. Мосе 4:3.

  8. Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт (2004), 12.

  9. 2 Нифай 2:12.

  10. 2 Нифай 2:16.

  11. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2004), 52.

  12. On the conflict in Missouri, see Gerrit J. Dirkmaat, Brent M. Rodgers, Grant Underwood, Robert J. Woodford, and William G. Hartley, eds., Documents, Volume 3: February 1833–March 1834, vol. 3 of the Documents series of The Joseph Smith Papers, edited by Ronald K. Esplin, and Matthew J. Grow (Salt Lake City:

    Church Historian’s Press, 2014), xxvii–xxx.

  13. Letter from William W. Phelps to Church leaders in Kirtland, Ohio, Nov. 6–7, 1833, in Gerrit J. Dirkmaat and others, eds., Documents, Volume 3: February 1833–March 1834, vol. 3 of the Documents series of The Joseph Smith Papers (2014), 341.

  14. Сургаал ба Гэрээ 59:23.

  15. Эхлэл 3:19.

  16. Ахлагч Квинтин Л.Күк, “Rejoice!” Ensign, 1996 оны 11-р сар, 29.

  17. Манай ах профессор Жозэф В.Күк 81 насандаа эмчийн ажлаа хийсээр л байна. Тухайн үед тэр Ларригийн эмч, гадасны ерөнхийлөгч байсан.

  18. Angela Duckworth, Grit: The Power of Passion and Perseverance (2016), 8.

  19. \“Elder John B. Dickson of the Seventy,” Ensign, 1992 оны 8-р сар, 77-г үзнэ үү.

  20. Дакворд, Grit, 58.

  21. Дакворд, Grit, 77; citing a 1926 study by Stanford psychologist Catharine Cox.

  22. Дакворд, Grit, 143.

  23. Дакворд, Grit, 149.

  24. Мосе 1:39.

  25. Сургаал ба Гэрээ 82:3.

  26. Иохан 14:15.

  27. Мозая 4:19.

  28. 3 Нифай 27:16.

  29. 3 Нифай 27:19.

  30. Алма 42:24–25-ыг үзнэ үү.

  31. Элиза Р.Снөү, “How Great the Wisdom and the Love,” Hymns, no. 195.

  32. 1 Нифай 14:12.

  33. 1 Нифай 14:14.

  34. 1 Нифай 22:17.

Хэвлэх