Өдөр тутмынхаа амьдралд баяр баяслыг ол
Ахлагч Күктэй хамт нэгэн үдэш
Залуучуудад зориулсан дэлхий дахины онцгой цугларалт • 2016 оны 9-р сарын 11 • Вашингтон гадасны төв
Өнөө орой та бүхэнтэй хамт байгаа маань агуу адислал билээ.
Бид энэ дэлхийд төрөхдөө Бурханы хүүхдүүдийн хувьд тэнгэрлэг төрөлх чанарыг өвлөн ирсэн билээ. Бидний хувь хүний үнэ цэн тэнгэрээс эхлэлтэй. Бид тэнгэрлэг төрөлх чанараа мөн энд ирсэн зорилгоо ойлгох үедээ сорилт, бэрхшээлүүдийг даван гарч, хийсэн гэрээнүүддээ үнэнч, итгэлтэй байж чадна. Өөрсдийнхөө тухай бидний мэдэрч байгаа зүйл энэ мөнх бус аялалдаа хэр амжилттай байхыг маань тодорхойлдог. Хүний үндсэн тодорхой хэрэгцээ хангагдсанаар өөрийгөө хүндлэх үзэл нэмэгддэг. Эдгээр хэрэгцээнээс хайрлуулах, хүлээн зөвшөөрүүлэх, амжилттай байж, зорилгодоо хүрэх гэсэн гурван хэрэгцээ байдгийг би дурдахыг хүсэж байна.
Эдгээр хэрэгцээ хангагдаагүй үед биднийг хайрлаагүй, хүлээн зөвшөөрөөгүй мөн бид амжилттай байгаагүй мэт мэдрэмжийг мэдэрдэг. Энэ нь сэтгэлээр унах, гутрах, хувь заяандаа гомдох, тусгаарлагдмал, ганцаардмал мэдрэмжийг төрүүлдэг. Бид бүгд л ийм сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрдэг.
Би нэг удаа найзтайгаа ярилцсан бөгөөд тэр надад коллежийн насны оюутнуудын дунд явуулсан судалгааны дүнг үзүүлсэн юм. Оюутнуудад тулгарч байгаа хамгийн том санаа зовоох асуудлын талаар асуухад тэдний олон нь “ганцаардал” хэмээн хариулжээ. Бид гэрлэсэн эсвэл ганц бие эсэхээсээ үл хамааран ганцаардаж болно.
Бид бүгдээрээ амьдралынхаа өөр өөр цаг үед ганцаардлыг мэдэрдэг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли нэгэн удаа “Ганцаардлыг анагаах хамгийн сайн эм бол бусдын төлөө ажиллаж, бусдад үйлчлэх явдал юм”1 хэмээн хэлсэн.
Би үүнийг маш сайхан зөвлөгөө гэж бодож байна.
Харин ерөнхийлөгч Томас С.Монсон “Заримдаа сэтгэл гутрал бидний замыг харанхуйлж, урам хугаралт бидний хамтрагч болж болно. Хөл минь үйлчлэлийн замд баттай зогсож, зүрх сэтгэл мөн бодьгал маань Их Эзэний үлгэр жишээг дагах шийдэмгий байгаа эсэхийг бататган, Их Эзэнд итгэлтэй байцгаая”2 хэмээн хэлжээ.
Сүмийн ажилд санаа сэтгэлээ бүрэн зориулж, завгүй бай. Залбирч, судар судлан, Тэнгэрлэг Эцэгтэйгээ ойр бай. Ганцаардлыг даван туулсан хүмүүсийн жишээг судраас эрж хай. Моронай өөрийнхөө хүмүүсийн тухай цэдгийг бичиж байхдаа ямар их ганцаардаж байсан тухай эргэцүүлэн бод. Тэрээр
“Тиймийн тул би уг цэдгүүдийг бичиж мөн газарт нуух болно; мөн миний хааш явах нь хамаагүй.
… Мөн би ганцаараа учир. Миний эцэг, мөн миний бүх төрөл садан тулалдаанд хөнөөгдсөн, мөн би найз нөхөдгүй мөн явах газаргүй боллоо; мөн намайг хэр удаан амьдарч болно хэмээн Их Эзэн зөвшөөрөхийг би мэдэхгүй”3хэмээн хэлсэн.
Яг үнэндээ бид хэзээ ч ганцаараа биш гэдгийг санаж байх нь чухал юм. Аврагч бидэнд тайтгарал амласан. Хэрэв бид зохистой байх аваас Ариун Сүнс бидний байнгын хамтрагч болдог. Түүний нөлөө биднийг ганцаардсан цаг үед тусалдаг. Бид ганцаараа байж болно. Гэхдээ ганцаардах албагүй. “Та надад үргэлж хэрэгтэй”4 хэмээх дуулалд би дуртай.
Хайрлуулах, хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ нь үнэхээр бодит юм.
Биднийг үгээр ч илэрхийлэхийн аргагүй ихээр хайрлаж, хүлээн зөвшөөрдөг гэр бүлдээ ойр бай. Тойрог, салбартаа идэвхтэй яв. Үргэлж ариун сүмд орох зохистой бай. Хэрэв ганц бие бол ариун сүмд орох зохистой хүмүүстэй болз. Уулзаж учирч буй хүмүүсийнхээ төгс бус байдалд битгий сэтгэлээр уна. Бид амьдралын аяллынхаа турш ур чадвар маань нэмэгдэж, өсөж хөгждөг.
Амжилттай байх хэрэгцээ нь хүчирхэг мөн урам өгүүштэй байдаг.
Хүн бүрд Бурханаас бэлэг ирдэг5. Өөртөө байгаа бэлгүүдийг олж, тэдгээртээ баяс. Мөн хөгжүүл. Патриархын адислалаа эргэн харж, түүнд байгаа зөвлөгөө, сэрэмжлүүлэг, бэлэг, амлалтуудыг судал.
Намайг гэрлэж, хүүхдүүдтэй болтол эцэг эх маань ариун сүм рүү яваагүй юм. Бид мөнхийн гэр бүл болж лацдан холбогдоно гэдэгт би итгээгүй байсан бөгөөд тэвчээртэй байж, энэхүү адислалыг Их Эзэнээс хүлээн хэрэгтэй байлаа.
Би ихэнхдээ тэвчээр хэмээх зан чанарын талаар мөн Их Эзэн бидэнд хэр олон арга замаар тэвчээртэй байхыг заадаг тухай боддог. Надад Миний сайн мэдээг номло дахь “Тэвчээр нь саад, зовлон зүдгүүр, эсэргүүцэл эсвэл шаналлыг уурлаж, гутаж эсвэл айдас түгшүүргүйгээр даван туулах чадвар юм. Энэ нь Бурханы хүсэл зоригийн дагуу үйлдэж мөн Түүний цаг хугацааг хүлээн зөвшөөрөх чадвар юм. Тэвчээртэй байснаар дарамтан доор орохгүй байж, зовлон зүдгүүртэй тайвнаар мөн найдвартайгаар тулгарах боломжтой байна. … Та Их Эзэний амласан адислалууд биелэгдэхийг хүлээх ёстой”6 хэмээх тайлбар таалагддаг.
Би үргэлж Дуулал 27:14-т дуртай байсан. “Эзэнийг хүсэн хүлээгтүн. Хүчтэй байж, зүрхээ зоригтой болгогтун. Тийм ээ, Эзэнийг хүсэн хүлээгтүн.”
Яг одоо ямар нөхцөл байдалд байгаагаасаа үл шалтгаалан өдөр бүр баяр жаргалтай бай. Өглөө бүр сэрээд, “Намайг хайрлаж байна. Намайг хүлээн зөвшөөрч байна. Би амжилттай байна” гэж хэлэх нь гайхамшигтай биш гэж үү! Бид үүнийг хийж чадна!
Та бүхэн энэхүү мөнх бус аялалдаа аз жаргал, баяр баясгаланг олох болтугай. Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа байлгах зохистой амьдарч, Их Эзэний нөөцөлсөн бүх адислалыг авах болтугай хэмээн би залбирч байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.
© 2016 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. English approval: 6/16. Translation approval: 6/16. “Find Joy in Everyday Life”-ийн оруулга. Mongolian. PD60002153 363