2018 оны онцгой цугларалтууд
Мөнх бус амьдралын адал явдал


2:3

Мөнх бус амьдралын адал явдал

Ахлагч Дийтр Ф.Угдорфтой хамт нэгэн үдэш

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт • 2018 оны 1-р сарын 14 • Чуулганы төв

Миний хайрт залуу найз нөхөд, ах, эгч нар аа, би та бүхэнд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын хайр, адислалыг хүргэж байна.

Би ерөнхийлөгч Томас С.Монсонг санаж байна. Тэрээр миний эрхэм найз, багш, зөвлөгч байсан. Би та бүхэнд Их Эзэн Өөрөө энэ Сүмийн, Өөрийн Сүмийн буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тэргүүн гэдгийг батлан хэлье. Их Эзэн Өөрийн Сүмийг үргэлж бошиглогч, үзмэрч, илчлэгчдээр удирдуулахын тулд тэнгэрлэг төлөвлөгөөг өгсөн.

Та нар үргэлж бидний бодол санаанд байдаг бөгөөд Бид таны төлөө залбирч, таныг хайрлаж, хүндлэх болно.

Энэ цугларалтын өмнө болж өнгөрсөн мөн үүний дараа үргэлжлэн явагдах “цуглуулж, хуваалцах” арга хэмжээ нь та бүхний сайхан сэтгэлийг харуулсан ганцхан жишээ юм. Та нар хэдэн арван мянгаараа гай зовлонд нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхээс эхлүүлээд дуу хөгжмөөр бусдын сүнсийг сэргээх гэх мэт гайхамшигт арга замаар оролцсон. Та нар мөн Есүс Христийн сайн мэдээг олон нийтийн хэрэгсэл болон өөр арга замаар мессеж бичиж, мөн өөрсдийн үлгэр жишээгээр дамжуулан хуваалцах хувь заяатай билээ. Та нар Бурханд болон бусдад үйлчлэхэд бэлэн байдгаа харуулж байдагт тань баярлалаа.

Өнөөдөр та бүхэнтэй хамт байж, та нарын сүнс, хүч чадал, эрч хүчийг мэдэрч байгаадаа баяртай байна. Бид бүхэнд эхнэрийн минь үгийг сонсох боломж олгосонд би маш их баярлаж байна. Харриет бол үнэхээр амьдралын минь гэрэл гэгээ юм. Эхнэрийг минь мэдэх хүмүүс түүнийг хайрладаг. Тэр эргэн тойрныхоо хүмүүсийг сайн сайхан, аз жаргалтай болгож чаддаг хүн. Тэр надад ийм байдлаараа гарцаагүй нөлөөлсөн.

Саяхан бид хоёр гэрлэснийхээ 55 жилийн ойг тэмдэглэсэн. Бид хоёр хүүхдээ болон тэдний эхнэр нөхөр, зургаан ач зээгээ гэр бүлтэй нь мөн гурван ачинцар, зээнцрээ хараад, амьдрал маань гайхалтай адал явдал байсанд гайхдаг.

Хоромхон зуур хариулт олж авч болох эрин үе

Энэ үйл ажиллагаанд бэлдэж байхад надад нэгэн сонирхолтой бодол төрсөн юм. Тийм ээ, үнэндээ 18-аас 30 насанд болсон зүйлээ эргэн санахад амаргүй болсон ч хэдэн настай байгаагаас минь үл хамааран одоо ч гэсэн надад залуу хэвээр байгаа мэт санагддаг. Үнэндээ бид хөгширсөн ч ихэнх нь өөрсдийгөө зүгээр л илүү олон оймс элээсэн залуу хүн гэж боддог.

Та нарын өмнөх үеийнхэн бодож байгаагаас тань олон талаараа та нартай ижил төстэй. Хэдэн настай байхаас үл хамааран Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн хооронд ялгаатай гэхээсээ ижил төстэй зүйл их бий. Жишээлбэл, та нарын ихэнхэд Бурханы болон өөрсдийнхөө талаар өөрөөс тань олон насаар ах хүмүүсийн өмнө нь асууж байсантай адил гүн гүнзгий, үндсэн асуултууд бий. Тухайлбал:

“Бурхан үнэхээр байдаг уу? Тэр санаа тавьдаг уу?”

“Би зөв зам дээр байна уу?”

“Яагаад заримдаа надад хоосон, дааж давшгүй, ач холбогдолгүй, ганцаардсан мэт санагддаг вэ?”

“Бурхан яагаад миний амьдралд оролцохгүй байгаа юм бол?”

“Яагаад Тэр миний залбирлыг хариулаагүй юм бол?”

“Тэр яагаад надад уй гашуу, өвчин зовлон, эмгэнэлт явдал тохиолдож болохыг зөвшөөрсөн юм бол?”

Эдгээр асуултад хариулахад хэцүү байж болно.

Хоромхон зуур хариулт олж авч болох буюу хязгааргүй, маргахын аргагүй мэт мэдлэгийг Google-ээс хайгаад олчихож болох энэ эрин үед хувийн, чухал, хойшлуулшгүй асуултын маань хариулт ирэхгүй удаж байгаад бид заримдаа бухимддаг. Биднийг зүрх сэтгэлээ тэнгэрт өргөж байхад оронд нь ердөө л урам хугарам, дороо эргэлдэх, “хүлээх сум” (курсор) гарч ирж байгаа мэт санагддаг.

Бид хүлээх дургүй.

Хайлтын хөдөлгүүрийн хариулахыг хэдхэн хормоос илүү хүлээх хэрэг гарвал бид холбоо тасарсан, эвдэрсэн хэмээн боддог. Бухимдаж уурласандаа бид хайхаа больж ч магад. Гэхдээ мөнхийн чанартай, бодгальтай холбоотой асуултынхаа хариултыг тэвчээртэй хүлээх хэрэгтэй.

Бүх хариултын үнэ цэн адилгүй. Дэлхийн мэргэн ухаанаас эсвэл өргөн тархсан үзэл бодлоос хариулт олж авах амархан ч шинэ онол, хэв маяг гарч ирэхэд үнэ цэнээ хурдан алддаг. Тэнгэрлэг буюу мөнхийн асуултуудад үнэ төлбөр гэж үгүй. Хариулт олж авахын тулд ихэвчлэн ажиллаж хөдөлмөрлөх, золиослол гаргах мөн тэвчээртэй байх хэрэгтэй.

Эдгээр хариултыг хүлээсэндээ харамсах зүйл огт гарахгүй.

Өнөөдөр миний үг хэлэх болсон зорилго бол Тэнгэр дэх Эцэг тань та нарыг мэддэг, үгийг тань сонсдог мөн Тэр хэзээ ч та нарыг орхихгүй гэдгийг баттай гэрчлэх явдал юм. Та зүрх сэтгэлээ Түүнд хандуулан, Түүний замыг дагахыг хичээх юм бол Тэр таны амьдралд оролцож, мөнх бус амьдралын энэ гайхалтай, сэтгэл хөдөлгөм адал явдал дунд замыг тань зааж өгөх болно.

Цэгүүдийг холбох

Манай эрин үеийн хамгийн агуу шинийг санаачлагчдын нэг болох Аппелын Стийв Жобс “Та урагш харснаар цэгүүдийг холбох боломжгүй. Та зөвхөн хойшоо харж байж л хооронд нь нийлүүлэх боломжтой. Тиймээс цэгүүд таны ирээдүйтэй ямар нэгэн байдлаар холбогдоно гэдэгт итгэж найдах хэрэгтэй”1 гэж хэлсэн.

Тэр үүгээрээ юу хэлэх гэсэн бэ? Дүрсэлж үзүүлэх нь тусалж магадгүй. 19-р зууны сүүлээр Жорж Сурат, Поль Сигнак хоёр хожим нь нео-импрессионизм хэмээн нэрлэгдэх болсон уран зургийн шинэ хэв маягаар зурж эхэлжээ. Тэдний арга барил зургийн зотон даавуун дээр цэгээр өнгө гарган зурах байв. Ойроос харахад цэгүүд нь хоорондоо холбоогүй, замбараагүй мэт харагдана. Гэхдээ зургийг бүхэлд нь харахад цэгүүд олон өнгөнд уусаж мөн хэрхэн хэлбэр дүрсээ олж, үзэсгэлэнтэй зургийг бүтээж байгааг та олж харах боломжтой. Тохиолдлын, тэр ч бүү хэл толгой эргүүлсэн мэт байсан зүйл утга учиртай болж эхэлнэ. Заримдаа бидний амьдрал нео-импрессионист уран зурагтай адилхан. Бидний амьдралын цаг мөч, өдрүүдийг бүрдүүлдэг өнгөт цэгүүд заримдаа хоорондоо холбогдоогүй, эмх замбараагүй мэт байна. Бид тэдгээрийг эмх цэгцтэй гэдгийг олж хардаггүй. Бид тэдгээр нь зорилготой гэж огт төсөөлөхгүй байж болно.

Харин бид хэдэн алхам хойшилж, мөнхийн өнцгөөс хандаж, Есүс Христийн сайн мэдээний хүрээнд амьдралаа харах юм бол бидний амьралын олон янзын цэгүүд хэрхэн хооорондоо харилцан холбогдож байгааг олж харж эхэлнэ. Та зургийг бүтнээр нь хараахан харж чадахгүй байж болох ч үзэсгэлэнтэй, агуу загвар байгаа гэдэгт итгэхэд хангалттай зүйлсийг олж харах болно. Бид Бурханд найдаж, Түүний Хүү Есүс Христэд итгэхийг эрэлхийлэх юм бол нэгэн өдөр эцсийн бүтээгдэхүүнийг олж харан, Бурханы мутар бидний алхам бүрийг удирдан залж байсныг мэдэх болно.

Агуу Зураачид тэдгээр эмх замбараагүй цэгт зориулсан төлөвлөгөө анхнаасаа байсан гэдгийг бид мэднэ. Тэрээр бидний авьяас чадварыг нэмэгдүүлж, боломжуудыг бэлдэж мөн хэзээ ч төсөөлж байгаагүй мөн өөрийн хүчээр хүрч чадахгүй байх байсан гайхалтай боломж бололцоог өгснийг бид мэдэх болно.

Би үүнийг өөрийн амьдралаас гарцаагүй олж харсан.

Мөнх бус амьдралын маань адал явдал

Намайг бүр бага байхад гэр бүл маань гэр орноосоо хоёр ч удаа дайжиж, бүх зүйлээ ардаа орхих хэрэг гарч байсныг та нарын ихэнх нь мэднэ. Энэ хоёр тохиолдолд хоёуланд нь шинээр нүүж очсон газрын хүмүүс биднийг өөрсдөөсөө “доор” үзэж байгаа нь илт байсан юм. Би аялгаасаа болж үеийн хүүхдүүдийнхээ дунд гадуурхагдах болж, тэднээр дооглуулж, шоолуулах шалтгаан болж байлаа.

Ээж маань биднийг тэжээх гэж ихээхэн зүтгэдэг байв. Ээж маань угаалгын бизнес эхлүүлж, харин би хичээлийнхээ дараа унадаг дугуй, тэргээр “гэрийн хүргэлтийн мэргэжилтнээр” үйлчилдэг байлаа.

Байршил, орчноо сольсноос үүдэлтэй сэтгэлийн шарх, дарамтаас болж би хичээл сурлагаасаа ч хоцорч, нэг жилийг алдсан юм.

Зүүн Германд орос хэлийг хоёрдогч хэл болгон сурдаг байв. Хэцүү байсан ч би яаж ийгээд сурч чадсан. Харин Баруун Германд англи хэл сурах хэрэгтэй болсон юм.

Надад хэзээ ч сурч чадахгүй мэт бодогддог байв. Миний хэл ам зүгээр л англи хэлийг сурах гэж бүтээгдээгүй гэдэгт би итгэлтэй байлаа.

Өсвөр насандаа би хамгийн гайхалтай, үзэсгэлэнтэй торомгор бор нүдтэй охинд дурлав. Харамсалтай нь Харриет намайг өчүүхэн төдий ч тоохгүй байгаа мэт санагдсан. Яаж ч зүтгээд нэмэргүй мэт санагдаж байв. Та нар түүний түүхийг аль хэдийн сонссон.

За, тэгээд дайны дараах Германд амьдарч байсан, ач холбогдолгүй, зовж зүдэрсэн залуухан надад амьдралд амжилт олно гэдэг юу л бол гэж харагдахаар байв.

Гэхдээ надад хэдэн сайн зүйл байсан.

Гэр бүлийнхэн маань намайг хайрладаг гэдгийг би мэддэг байв. Надад сургууль дээр ч, Сүм дээр ч үргэлж өндөр зорилго тавихыг урамшуулан дэмждэг багш нар байсан. “Хэрэв Бурхан [таны] талд юм бол, хэн [таныг] эсэргүүцэх вэ дээ?”2 гэсэн ойлголтыг надад нэгэн залуу америк номлогч заасан цаг мөчийг би өнөөг хүртэл мартаагүй.

Надад энэ маш хүчтэй нөлөөлсөн юм. Хэрвээ энэ үнэн л юм бол яагаад би айх ёстой юм гэж надад бодогдож билээ.

Тиймээс би итгэсэн. Мөн Бурханд найдсан.

Хэсэг хугацаанд би дагалдан суралцах хөтөлбөрт хамрагдав. Багш нарын маань нэг нь намайг арай дээгүүр зорилго тавьж, механик инженерээр оройн ангид суралцахад урамшуулсан билээ. Үүний тулд би илүү шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй байсан ч үүний ачаар нисэх онгоцонд сонирхолтой гэдгээ нээсэн юм. Нисгэгч болохын тулд англи хэлтэй байх ёстой гэдгийг мэдээд би цочирдов. Гэхдээ би нисгэгч болохыг хүсэж байсан бөгөөд хэл ам маань гайхалтай өөрчлөгдөж, англи хэлийг сурах боломжгүй мэт санагдахаа больсон юм.

Би шинийг сэдэх, шаргуу хөдөлмөрлөх хүсэлтэй болж, Тэнгэрлэг Эцэгт найдсаны хүчинд хийж чадна гэдэгтээ өөрөө өөртөө итгэх болсон.

Мэдээж бүх зүйл дардан байгаагүй.

Би 19 насандаа Агаарын хүчний нисгэгчийн бэлтгэлээ эхлүүлэхээр Техасын Сан Антониог зорьсон. Онгоцонд бид Техасын хэцүү аялгатай нэгэн эрийн хажууд суув. Өчнөөн хүч хөдөлмөр гаргаж байж сурсан англи хэл маань Техаст ярьдаг англи хэл биш юм байна гэсэн аймшигт бодол надад төрж билээ!

Нисгэгч бэлтгэх сургуульд бас л хэцүү байсан. Энэ нь маш өрсөлдөөнтэй хөтөлбөр байсан ба бүгд дээгүүр дүнтэй төгсөхийг хичээж байлаа. Ангийн маань ихэнх хүүхэд унаган англи хэлтэй тул энэ нь тийм ч хялбар байхгүй юм байна гэдгийг би тэр даруй ойлгосон юм.

Нислэгийн багш маань Сүмд олон цаг зарцуулж байна гэсэн өөр нэгэн сул талын талаар сэрэмжлүүлсэн. Орон нутгийн гишүүд салбар, гэр орондоо намайг найрсгаар угтан авсан бөгөөд тэр ч байтугай бид Биг Спринг дэх цуглааны байрыг барилцсан юм. Ийм үйл ажиллагаанууд нь дээгүүр байранд орох боломжид саад болно хэмээн багш маань санаа зовж байлаа. Харин надад тэгж санагдаагүй. Тиймээс би Бурханд найдаж, чадлынхаа хэрээр хичээсэн юм.

Эцэст нь би (сурсан хэвээр байгаа ч) англи хэлийг сурч чадсан билээ. Мөн би нислэгийн сургуулилтаа ангидаа хамгийн өндөр дүнтэй төгсөж чадсан юм! Би эхлээд тулааны онгоцны нисгэгч, дараа нь ахлагч нисгэгч болсон. Харин тэр үзэсгэлэнтэй, бор нүдэн мөрөөдлийн охин маань яасан бол? Тэр энд, надтай хамт сууж байна.

Жижигхэн зүйлсийг төгс хий

Үүнээс авах сургамж байна уу? Хэд хэдэн сургамж байна гэж би үзэж байна!

Үүний нэг нь, амьдралын олон том, хүнд хэцүү үүрэгт бүү цөхөр. Хэрэв та “амархан” буюу Бурханы биднээр хийлгэхийг хүссэн “жижигхэн” зүйлийг чадлынхаа хэрээр төгс хийх юм бол том зүйлс дагалдаж ирэх болно.

Энэхүү төгс хийж болох “амархан, жижиг” зүйлсийн зарим нь залбирах, судраас суралцах, мэргэн ухааны үгийг дагах, сүмд явах, чин сэтгэлээсээ залбирах, аравны нэг болон мацгийн өргөлөө төлөх явдал юм.

Эдгээрийг, бүр хиймээргүй санагдах үедээ ч гэсэн хий. Эдгээр “золиослол” жижигхэн мэт байж болох ч чухал юм. Учир нь “золиослол нь тэнгэрийн адислалуудыг урагш авчирдаг.”3

Өөрөөр хэлэхэд таны “жижигхэн, энгийн” золиослол өдөр бүр амьдралынхаа уран зургийг бүтээдэг цэгүүд юм. Та яг одоо цэгүүд хэрхэн хоорондоо харилцан холбогддогийг харахгүй мөн хараахан мэдэх хэрэггүй байж болно. Зүгээр л яг одоо амьдарч буй цаг хугацаандаа хангалттай итгэлтэй бай. Бурханд найдах юм бол “агуу болох тэрхүү зүйл жижиг зүйлүүдээс гарч ир[нэ].”4

Бурханд найд

Та нар “Тийм ээ, ахлагч Угдорф та ч сайхан юм аа. Гэхдээ та төлөөлөгч шүү дээ. Харин би бол өөр хүн. Бурханы хувьд би чухал биш. Миний залбиралд хариулдаггүй. Миний амьдралыг удирдаж хөтөлдөггүй. Хэрэв надад зориулсан төлөвлөгөө гэж байдаг л юм бол тэр нь өрөвдмөөр, хямдхан, хуучирснаас гадна ямар ч байсан төлөвлөгөө байгаад нь л баярлаж яв хэмээн толгойг маань илж байгаа мэт тийм л төлөвлөгөө байгаа байх” гэж бодож магадгүй.

Хайрт найзууд минь, Стийв Жобс “Та урагш харснаар цэгүүдийг холбох боломжгүй. Та зөвхөн хойшоо харж байж л нийлүүлэх боломжтой” хэмээн хэлснийг сана.

Та нарын насан дээр би амьдрал намайг хааш нь хөтлөхийг мэдэхгүй байсан. Мэдээж би өмнөх цэгүүд маань холбогдож байгааг хараагүй.

Гэхдээ би Бурханд найдсан. Би гэр бүлийнхэн болоод ухаалаг найз нөхдөө хайрла гэсэн зөвлөгөөг сонсож мөн хэрэв би цаг мөч бүрийг хамгийн сайнаараа өнгөрүүлэх юм бол Бурхан арыг нь даана хэмээн итгэлийн жижигхэн алхмуудыг хийдэг байсан.

Тэр үнэхээр тэгсэн.

Тэр төгсгөл нь ямар байхыг эхнээс нь мэдэж байсан.

Намайг ирээдүйгээ харж чадахгүй байхад Тэр харж байсан билээ.

Тэр байтугай хаягдсан мэт санагдах үед ч Тэр надтай хамт байсныг нь би одоо хардаг.

Сургаалт үгсээс бид “Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно”5 хэмээх энэхүү агуу амлалтыг олж болно.

Энэ үгийн төгсгөлд асуултын тэмдэг байхгүй.

Үгүй ээ, тэнд анхаарлын тэмдэг байх ёстой гэж би бодож байна!

Тиймээс та нар өөрсдөөсөө “Би Бурханд хангалттай итгэлтэй байж чадах уу? Тэр надад хайртай бөгөөд замыг маань залахыг хүсдэг гэдэгт би Түүнд найдаж чадах уу?” хэмээн асуух хэрэгтэй.

Үнэн хэрэгтээ ганцаар байснаар та олон зүйлийг сайн хийх байсан байж болно. Гэхдээ алхам хийхдээ Бурханд итгэж найдах юм бол амьдрал тань хэмжээлшгүй ихээр сайжирна гэдэгт итгээсэй хэмээн би та нараас хүсэж байна. Тэр та нарын мэдэх боломжгүй зүйлийг мэддэг ба таны төсөөлж ч байгаагүй ирээдүйг та нарт бэлдсэн байдаг. Агуу төлөөлөгч Паул “Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй, Хүний санаанд ороогүй юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ”6 хэмээн гэрчилсэн.

Та нар Тэнгэрлэг Эцэгээрээ удирдуулан, адислагдаж, Түүнээс дэмжлэг туслалцаа авахыг хүсэж байна уу?

Тийм бол итгэ.

Түүнийг хайрлаж,

бүхий л сэтгэл зүрхээрээ эрэлхийл.

Түүний замаар алхах гэж зарлигуудыг нь даган, гэрээгээ сахиж, бошиглогчдын сургаалыг дагаж, Сүнсний өдөөлтийг сонсохыг хэлнэ.

Үүнийг хийх юм бол Бурхан “та бүхнийг хэдэн мянга дахин өсгөж, амласныхаа дагуу адислах болно!”7

Бид Бурханы өмнө хариуцлага хүлээдэг

Үүнийг хийх нь зарим хүнд хэлэхэд амар ч хийхэд хэцүү байж болохыг би ойлгож байна. Өнөө үед ерөнхийдөө Бурханд итгэх итгэлийг мохоож, бидний шашныг дооглон тохуурхсан дуу хоолойг сонсохын тулд хол явах хэрэггүй болсон гэдэгтэй би санал нэгддэг.

Харилцаа холбоо урьд өмнөхтэй харьцуулахын аргагүй хөгжсөний хүчинд эдгээр дуу хоолой улам өсөн нэмэгдсэн юм.

Энэ бол та нарын сорилт. Бас та нарт өгөгдсөн давуу эрх.

Та нар үүнийг Их Эзэний арга замаар шийдвэрлэх боломжийг олж чадна гэдэгт би итгэж байна.

Энэ бол таны мөнх бус амьдралын адал явдлын тань нэгэн хэсэг юм. Үүнийг хэрхэн хийх нь таны ирээдүйд мөн дэлхий дээрх Бурханы ажлыг хийхэд гүйцэтгэх үүрэг хариуцлагад ихээхэн нөлөөлөх болно.

Гэхдээ та нарын амьдралд тохиолдож буй зүйлс бусдынхаас тийм ч өөр биш. Зөвхөн та нарын үеийнхний Бурханд итгэх итгэлийг сорьж, дооглон тохуурхаагүй. Үнэндээ энэ бол Бурханы бүх хүүхдийг мөнх бус дэлхий дээр сорьдог сорилтын нэгэн хэсэг болой.

Есүс шавь нартаа “Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг”8 хэмээжээ.

Та нар Аврагчийг дагах амлалт өгсөн л юм бол агуу хийгээд том байшинд амьдарч байгаа хүмүүс дургүйцэх бөгөөд заримдаа үүнийгээ чанга дугаар илэрхийлнэ гэдэгтэй эвлэрэх хэрэгтэй.9 Тэд бүр та нарыг дээрэлхэж, ичээх гэж оролдож ч магад.

Гэхдээ та нар ганцаараа биш гэдгээ бүү март. Та нар Бурханд хариулна. Та нэг л өдөр Түүний өмнө зогсож, амьдралаа тоочих болно.

Тэрээр дэлхийн уруу таталтыг даван гарч, зөв шударга замыг дагахын тулд юу хийснийг тань та нараас асууна. Тэр та нараас Аврагчийг даган, хөршөө хайрлаж, шавь байх зам дээр байх гэж чадлынхаа хэрээр хичээсэн эсэхийг тань асууна.

Хайртай залуу найз нөхөд, ах, эгч нар минь, та нар хоёр замаар нэг зэрэг явж чадахгүй. Та Вавилоны 1-р тойргийн гишүүнээр бүртгэгдсэн байтлаа шавь байснаар ирэх төсөөлөхийн аргагүй адислалуудыг мөн адил хүлээн авах боломжгүй юм. Ах, эгч нар аа, яг энэ мөчид та нар Христэд үнэнч байж, Түүний замыг дагах ёстой.

Нэг өдөр Бурханы бүх хүүхэд, ялангуяа үнэнийг гутаан доромжилж байсан хүмүүс юу зөв болохыг мэдэх болно. Тэд өвдөг сөхрөн, Есүс бол үнэхээр Христ хийгээд Гэтэлгэгч, дэлхийн Аврагч гэдгийг хүлээн зөвшөөрнө.10 Тэрээр тэдний төлөө амиа өгснийг мэднэ.

Тэр өдөр Түүний дуу хоолой цорын ганц хамгийн чухал дуу хоолой байсан нь тодорхой болно.

Итгэлтэй хэвээр үлдэж, Бурханы зарлигийг сахин, эргэн тойрныхондоо үйлчилж, энэ дэлхий дээрх Бурханы хаант улсыг байгуулснаараа ямар их адислагдсанаа та нар мэдэх болно. Хайрт найз нөхөд минь, итгэцгээ, тэгэх юм бол Бурхан та нартай хамт байх болно. Зүрх сэтгэлээ Түүнд хандуулах юм бол Тэрээр та нарыг мөнх бус амьдралын агуу хийгээд сэтгэл хөдөлгөм адал явдлын үеэр замыг тань зааж өгнө.

Энэ нь надад хамаагүй бөлгөө

Бид Бурханаар амьдралаа удирдуулах талаар ярьж байгаа энэ дашрамд би нэг зүйлийг тодруулахыг хүсэж байна. Хэлэх гэж буй зүйл маань та нарт таалагдахгүй байж магад. Та нарыг Бурханаас амьдралдаа гаргах, тухайлбал хамгийн чухал шийдвэрийнхээ талаар асуухад Тэрээр тодорхой хариулт өгөхгүй байж болно. Үнэндээ сайн мэдээний үндсэн гэрээ, зарчмын хүрээнд байх л юм бол заримдаа та нарын гаргасан шийдвэр ямар байх нь Бурханд хамаагүй байдаг.

Ихэнх тохиолдолд сонголтоо хийснийхээ дараа юу хийх нь гаргасан шийдвэрээс тань илүү чухал юм.

Жишээлбэл, нэгэн хос гэр бүлийн зарим гишүүн нь тэднийг хоорондоо таарч тохирох хүмүүс биш хэмээн дургүйлхэж байсан ч гэрлэхээр шийджээ. Гэхдээ тухайн хос шийдвэр гаргасныхаа дараа нэг нэгэндээ мөн Их Эзэнд бүхий л зүрх сэтгэл, оюун ухаанаараа үнэнч хэвээр үлдэх юм бол бүх юм сайхан болно гэдэгт би итгэлтэй байна. Тэд бие биенээ хайрлаж, сайхан хандаж, нөгөө хүнийхээ сэтгэл хөдлөл, сүнслэг болон материаллаг хэрэгцээнд анхаарлаа төвлөрүүлэх буюу жижигхэн зүйлсийг тууштай хийснээр нэг нэгэндээ таарсан төгс хүн нь болно.

Үүний эсрэгээр, “төгс” таарсан хүнээ сонгосон учраас бүх хүнд хэцүү зүйл ард нь өнгөрсөн гэж бодсон хосыг харьцуулъя. Хэрэв тэд нөгөө хүнээ баярлуулахгүй мөн нэг нэгэнтэйгээ харилцан ярилцахаа больж, аминч үзэл, хувиа бодогч амьдрал руу эргэн орох юм бол тухайн хос уй гашуу, харамсал руу хөтлөх зам дээр явж байна гэсэн үг.

Энэ зарчмыг ажил мэргэжлээ сонгоход ч мөн адил хэрэглэж болно. Нэр хүнд багатай ажил мэргэжлийг сонгосон ч уг ажлаа сонирхолтой, чадварыг нь сорих арга замыг эрэлхийлдэг хүмүүс амжилт гаргана гэдэгт би итгэдэг.

Харин нэр хүндтэй ажил мэргэжлийг сонгосон ч амжилт олоход шаардагдах дотоод гал дөлөө замдаа алдсан хүмүүс амжилт гаргаж чадахгүй гэдэгт би итгэдэг. Үнэндээ, ажлын байран дээрх өөрчлөлтөд дасан зохицох чадвар нь ирээдүйд болох зүйлсийг даван гарахын тулд та нарын үеийнхний өөртөө хөгжүүлэх хэрэгтэй хамгийн чухал чадвар байж болох юм.

Тиймээс Их Эзэн таныг чухал шийдвэрүүдэд хэрхэн хандаасай хэмээн хүсдэг юм бол?

Түүний Оливер, Иосеф хоёрт өгсөн заавар надад маш их тусалсан. Их Эзэн тэдэнд “чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой; дараа нь энэ нь зөв үү гэдгийг чи надаас асуух ёстой” хэмээсэн.11

Тэнгэрлэг Эцэг та нарт оюун ухаан, зүрх сэтгэлийг өгсөн. Хэрэв та нар Түүнд найдах юм бол шийдвэр гаргах үедээ тэдгээрийн аль алиныг зөв ашиглахад Тэрээр танд тусална.

Олон шийдвэрийн хувьд нэгээс илүү сайн сонголт байдаг. Иосеф болон түүний хамтрагчтай ийм зүйл тохиолдож, Их Эзэнээс удирдамж эрэлхийлэхэд Тэрээр нэгэн сонин хэллэг ашигласан байдаг. Тэр бол “энэ нь надад хамаагүй бөлгөө”12 гэсэн хэллэг юм.

Дараа нь Тэрээр “гагцхүү итгэлтэй бай”13 хэмээн нэмж хэлжээ.

Та нарын хийх ажил бол өөрт байгаа мэдээлэл дээр үндэслэн, сайн мэдээний үнэт зүйлс болон зарчим дээр тулгуурлан хамгийн сайн шийдвэр гаргах явдал юм. Дараа нь дааж авсан ажлаа амжилттай сайн гүйцэтгэхийн тулд бүхий л хүч чадлаа дайчилж, итгэлтэй байх хэрэгтэй.

Үүнийг хийж чадах л юм бол цэгүүд хоорондоо холбогдоно.

Бурхан таны амьдралын аяллын дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй гэдгийг сонсоод урам тань хугарч магад. Гэхдээ амьдралынхаа бүх зүйлд удирдамж хүлээн авах үнэхээр хэрэгтэй гэж үү?

Та нар учрыг нь олох боломжийг өөрөө өөртөө олгохын оронд амьдралыг хуурч мэхлэх кодыг хэн нэгнээс авахыг үнэхээр хүсэж байна гэж үү? Үүнийг ямар адал явдал гэж хэлэх билээ?

Хайрт залуу найзууд минь, та нар мөнх бус амьдралын адал явдлыг ганцхан удаа л үзэж туулна. Амьдралын бүх агуу асуултын талаар хувь хүнд зориулсан тайлбар, хариултыг хүлээн авах нь та нарт өөрийн ололт амжилтад бахархах, өөртөө болон Их Эзэнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэх14 боломжийг олгоно гэж үү?

Бурхан сонгох эрхийг өгсөн тул та нарт аль ч чиглэлийг сонгосон бай, сэтгэл ханамжтай сайхан амьдрах боломж бий. Мөнх бус амьдрал бол ямар ч төгсгөлтэй байж болох, “адал явдлыг өөрөө сонгох боломжтой” түүх юм. Та нарт зарлиг, гэрээнүүд мөн сүнсээр өдөөгдсөн бошиглолын зөвлөгөө болон Ариун Сүнсний бэлэг бий. Энэ нь та нарыг мөнх бус амьдралдаа аз жаргалтай байж, мөнхийн баяр баясгаланд хүргэхэд хангалттай. Нэмж хэлэхэд, заримдаа төгс бус шийдвэр гаргасандаа бүү сэтгэлээр уна. Та нар тэгж байж л суралцана. Энэ бол адал явдлын тань нэг хэсэг юм.

Ямар ч адал явдал эхнээсээ төгсгөл хүртлээ дардан шулуун явдаггүй. Гэхдээ та нар итгэлтэй байх юм бол төгсгөл нь аз жаргалтай байна гэдэгт итгэлтэй байх болно. Египетийн Иосефын жишээг авч үзье. Тэрээр амьдралдаа олон удаа аюултай нөхцөлд орж байсан. Ах нар нь түүнийг боол болгон худалдсан бөгөөд тэр хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд хоригдож байсан. Гадны нөлөөнөөс болж тэрээр олон хэцүү байдалд орж байсан ч итгэлтэй, Бурханд найдсан хэвээр байв. Тэр чадах бүхнээ хийсэн билээ. Он жилүүд өнгөрч, түүнд ач холбогдолгүй, орхигдсон мэт санагдаж байсан ч тэр итгэсээр байсан. Иосеф зүрх сэтгэлээ үргэлж Бурханд хандуулж байв. Харин Бурхан сөрөг зүйлсийг эерэг болгох чадалтай гэдгээ харуулсан.15

Өнөөдөр, 4000 гаруй жилийн дараа ч гэсэн бид Иосефын түүхээс урам зориг олж авч болно.

Таны адал явдал түүнийхтэй адил эмгэнэлтэй байхгүй ч өөдлөх уруудах үе гарч ирнэ. Тиймээс, Иосефын үлгэр жишээг бүү март: Итгэлтэй хэвээр үлд. Итгэ. Үнэнч бай. Бүү гомд. Бусдыг бүү дарамтал. Бурханыг болон бусдыг хайрла. Найдваргүй мэт үед ч Их Эзэнд найд.

Та нар үүнийг олон жилийн дараа харж магадгүй ч эргэн хараад, Бурхан үнэхээр таны замыг зааж байсныг мэдэх болно.

Цэгүүд хоорондоо холбогдоно.

Санавал зохих таван зүйл

Өнөөдөр өнгөрүүлсэн цаг мөчөөс та нартай юуг үлдээсэй хэмээн би хүсэх вэ?

Нэгд, Бурханы та нарын хамгийн гүн гүнзгий асуултад өгөх хариулт удаж мөн бодож байснаас тань тэс өөр арга замаар ирж болно. Бурханы хариултууд мөнхийн үнэ цэнтэй. Тэдгээрийг хүлээсэндээ харамсахгүй.

Хоёрт, бага ч гэсэн итгэлтэй бай. Зүрх сэтгэлээ Бурханд хандуул. Та нар Бурханд чухал гэдэгтээ итгэн, Тэрээр та нарыг өөрсдийн хүчээр болж чадахгүй тийм хүн болгож чадна гэдэгт найд. Түүнээс суралц. Түүнийг хайрла. Түүнд итгэ. Түүнтэй тогтмол, идэвхтэй залбир. Түүний дуу хоолойг сонс.

Гуравт, шавь байх зам дээр хамгийн сайнаараа яв. Бүү цөхөр. Зүгээр л жижигхэн зүйлсийг чадлынхаа хэрээр төгс хий. Тэгэх юм бол том зүйлс байр байрандаа орж цэгцэрнэ.

Урмыг мохоох дуу хоолойнд итгэлийн замаас өөрийг тань гаргах боломжийг бүү олго. Та нар шүүмжлэгчдийнхээ өмнө биш, харин Тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө хариулна гэдгээ сана. Түүний үнэт зүйлс чухал билээ.

Тавд, зүрх сэтгэл, оюун ухаанд тань ирэх сүнслэг өдөөлтийг даган гаргаж чадах хамгийн сайн шийдвэрээ гарга. Өөрийгөө бүрэн дайчлан, эцсийг нь үз. Итгэлтэй бай. Тэгвэл Бурхан та нарын чин сэтгэлээсээ хийсэн үйлийг та нарт ариулах болно.16

Үүнийг хийвэл эцэст нь бүх юм сайн сайхан болно.

Би энэ өдөр болон энэ шинэ оны эхээр та нарт Бурханаа чин сэтгэлээсээ таньж мэдэхийг хичээх юм бол итгэл тань нэмэгдэнэ хэмээх адислалыг үлдээж байна. Та нар Аврагчийг дагахыг эрэлхийлэх юм бол та нарын итгэлтэй байдал өсөн нэмэгдэнэ.17 Түүнчлэн итгэлтэй алхалж, Христийн Гэрэлд зүрх сэтгэлээ нээх юм бол Бурханыг гэх хайр тань боловсорч, хөршөө гэх хайр тань сайжрах болно.

Энэ бүхэн та нарт аз жаргал, баяр баясгалан,

амар амгаланг авчирна.

Мөн нэгэн өдөр энэ нь мөнхийн алдар сууг та нарт авчрах болно.

Ирээдүйн тэр нэгэн өдөр энэхүү мөнх бус амьдралын эрхэм нандин, сэтгэл хөдөлгөм адал явдлаа эргэн хараад та нар ойлгоно. Цэгүүд үнэхээр хоорондоо холбогдон, та нарын төсөөлж байснаас ч илүү үзэсгэлэнтэй хээ угалз болсон байгааг харах болно. Бурхан Өөрийн биеэр, эцэс төгсгөлгүй хайр, ач ивээл, энэрэнгүй сэтгэлээр үргэлж та нарыг харж хандан, адисалж, Өөрт нь ирэхийн тулд хийж буй алхам бүрийг тань зааж байсныг хараад та нар хэмжээлшгүй ихээр талархах болно.

Би үүнийг гэрчилж, Их Эзэний төлөөлөгчийн хувиар та нарыг адислаж байна. Бидний Эзэн, Гэтэлгэгч, Аврагчийн ариун нэрээр мөн Есүс Христийн нэрээр, амен.