2018 оны онцгой цугларалтууд
Та нар бол манлайлагчид


2:3

Та нар бол манлайлагчид

Ахлагч Дийтр Ф.Угдорфтой хамт нэгэн үдэш

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт • 2018 оны 1-р сарын 14 • Чуулганы төв

Хайрт ах, эгч, залуу найзууд минь ээ,

Та нар үнэхээр сайхан харагдаж байна. Та нар үзэсгэлэнтэй бөгөөд гайхамшигтай. Хөөх! Би та нарын хүн нэг бүрийг чанга тэвэрмээр байна.

Өнгөрсөн долоо хоног гашуудсан бас талархсан цаг үе байлаа. Би ерөнхийлөгч Монсонд хайртай. Түүнийг би үгүйлэх болно. Гэхдээ тэр мөнхийн хань Францистайгаа дахин уулзсандаа баярлаж байгаа гэдэгт би итгэлтэй байна.

Та нартай хамт байгаа минь үнэхээр сайхан хэрэг билээ. Мөн би хайртай төлөөлөгчтэйгөө хамт байгаадаа баяртай байна. Дуртай төлөөлөгч гэж бидэнд байх ёсгүйг би мэднэ. Гэхдээ би түүнтэй гэрлэсэн учраас миний хувьд ингэх нь зүй ёсны хэрэг байх.

Саяхан бид гэрлэснийхээ 55 жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд бидний хайр одоо ч хэвээрээ.

Бид сайн мэдээнээс асар их адислал хүлээн авсан. Бид хуримын ойн баярын мэндчилгээ, хайрын зурвасуудыг ач зээ, гуч нараасаа хүлээн авахдаа Сүмийн гишүүнчлэл болон сайн мэдээний адислалууд ямар эрхэм нандин болохыг ойлгосон юм.

Та нарын дунд байгаа ганц бие, салсан эсвэл гэр бүлийн хүнд хэцүү нөхцөлд амьдардаг хүмүүсийг Бурхан мэддэг бөгөөд хайрладаг гэдгийг санаарай. Та нар гэрээнүүддээ итгэлтэй үнэнч хэвээр байх юм бол гэр бүлийн амьдралын баяр баясгалан дуусахгүй бөгөөд та нарт өгөгдсөөр байх болно. Би энэхүү амлалт яг хэрхэн биелэхийг мэдэхгүй ч Их Эзэний ач ивээл, нигүүлсэл, хайр бид бүгдэд хүртээлтэй гэдгийг мэднэ. Тэрээр Өөрийн арга замаар, Өөрийн товлосон цагт энэ амлалтаа биелүүлэх болно.

Дийтр бид хоёр Германы Франкфуртын нэгэн салбарт өссөн. Тэр намайг шохоорхдог гэдгийг би мэддэг ч түүнийг нэг их тоодоггүй байлаа. Тэр сайн залуу байсан бөгөөд бид найзууд байв. Бид Сүмийн үйл ажиллагаанууд дээр хамт бүжиглэж сурсан. Тэр үе бол фокстрот, буги-вуги, рок-н-роллын үе байлаа.

Түүнийг байлдааны нисгэгч болохоор цэргийн нисэх хүчинд элссэний дараа би түүнийг бараг хоёр жил хараагүй. Үнэнийг хэлэхэд, түүнийг Франкфуртад эргэн ирэхэд эхлээд миний сэтгэл тийм ч их хөдлөөгүй. Тэр Мэргэн буудагч кинонд гардаг нисгэгч залуустай бага зэрэг төстэй харагдаж байсан юм.

Гэхдээ түүнийг надтай ярих үед миний сэтгэл бага зэрэг догдолсон бөгөөд тэр энэ хоёр жилийн хугацаанд эрийн цээнд хүрсэн нь илт байлаа. Тэр амьдралдаа юу хийхийг хүсэж байгаагаа мэддэг байсан бөгөөд сайн мэдээг яг таг дуулгавартай дагадаг байв.

Тэр болзоонд урихдаа нэлээн шийдэмгий, санаачилгатай байсан. Хэдэн сарын дараа бид гэрлэж, миний овог Рейх байснаа Угдорф болж өөрчлөгдсөн юм. Би тэрхүү эргэлзээтэй анхны сэтгэгдлээ үл хайхран түүний талаар анхааралтай гэгч бодолцож үзсэндээ хэзээ ч харамсдаггүй.

Дийтр бол миний хамгийн их хайртай хүн бөгөөд хүүхэд, ач зээ нарын маань бахдам аав, өвөө нь билээ.

Бид өнөөдөр ч гэсэн хамт бүжиглэх дуртай гэдгийг та бүхэнд хэлмээр байна.

Би та нарт 12 настай байх үеийнхээ талаар ярья. Энэ нь миний бага насны амьдрал дахь тун гунигтай үе юм. Тухайн үед хэдхэн сарын өмнө аав минь хорт хавдраар нас барсан байсан. Тэр сайн аав, хайртай хань мөн маш сайн эр хүн байсан. Тэр маш өндөр боловсролтой, таван хэлээр ярьдаг, симфони оркестрт олон төрлийн хөгжмийн зэмсгээр мэргэжлийн хэмжээнд тоглодог, Германы Франкфуртын нэр хүндтэй хөгжимчин гэр бүлээс гаралтай байв.

Аав, ээж хоёр маань бидэнд гайхалтай төлөвлөгөө бэлдсэн байсан. Ирээдүй маань Дэлхийн II дайны хор хөнөөлт жилүүдийн дараа ч итгэл найдвар, боломж бололцоогоор дүүрэн харагдаж байлаа. Гэвч аавын маань өвчтэй байсан он жилүүд манай гэрийг зовлон шаналал, уйтгар гуниг, мухардлын газар болгон хувиргасан.

Аавыг нас барсны дараа ээж минь маш их сэтгэлээр унасан. Бид ням гараг бүр протестант сүмийнхээ цуглаанд явж байсан ч бодгальдаа тайтгарлыг олж чадахгүй л байв. Ээжийг минь юу ч, хэн ч тайтгаруулж чадахгүй мэт санагддаг байсан.

Гэхдээ энэ нь үнэн биш байв. Тэнгэрлэг Эцэг маань биднийг асар их хайрладаг учраас биднийг мартаагүй байлаа.

Аавыг нас барснаас хойш найман сарын дараа хоёр америк номлогч Франкфурт дахь гэрийн маань хаалгыг тогшив. Тэр хоёр номлогч Сүнсээр хөтлөгдөж, сайн бэлтгэгдсэн байсан бөгөөд манай хүн цөөтэй гэр бүлд юу хэрэгтэйг яг таг мэдэж байлаа. Тэд ээжид минь эрхэм нандин Мормоны Номыг үлдээсэн.

Ээж минь унших дуртай байсан. Тэр Библид дуртай байсан. Тэрээр судрын энэхүү шинэ номонд тэр даруй татагдаж, Мормоны Номыг уншиж эхлээд л бүхэлд нь уншиж дуустлаа огт зогсоогүй юм. Ээж минь Мормоны Номын агуулга, захиасуудын талаар их баяр хөөртэй байдаг байсан бөгөөд ихэнхдээ дүү бид хоёрыг суулгаад яг л бидэнд зориулан бичсэн гэмээр шүлгүүдийг уншиж өгдөг байлаа.

Аавынхаа амьдралын сүүлийн долоо хоногуудад би байрныхаа цонхны дэргэд зогсоод, бидний зовлонг хөнгөлж өгөхийг гуйн, чин сэтгэлээсээ залбирч байв.

Хариулт нь ирсэн. Энэ нь Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасаар дамжуулан ирсэн. Би Мормоны Номонд хэчнээн их хайртай гээч. Би энэ номонд байдаг авралын төлөвлөгөөний буюу аз жаргалын төлөвлөгөөний талаарх захиасуудад үнэхээр дуртай. Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн итгэл найдвар, баяр баясгалангийн захиас ямар гайхалтай, ямар хүчирхэг юм бэ! Биднийг Мормоны Номыг хүлээн авч, судлах үед энэ нь аавын минь нас барснаас үүдэлтэй бидний сэтгэлийн зовлонг эдгээж, цөхрөл, уй гашууг тайлсан билээ.

Гэрэл гэгээ, харанхуй хоёр нэг газарт зэрэг байж чадахгүй тул Мормоны Ном гэрт маань ирсний дараа манай гэр бүлд байсан цөхрөл, мухардлын харанхуй замхарсан юм. Бид Сүнсийг хүчтэй мэдэрч, эдгээр номлогчийн авчирсан захиас үнэн гэдгийг бүх зүрх сэтгэл, оюундаа мэдэж авсан.

Гэрт маань амар амгалан буцаж ирсэн. Сайн мэдээний захиас болон Есүс Христийн Хожмын үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байх нь манай гэр бүлд жинхэнэ гайхамшгийг авчирсан. Энэ нь яг л тэнгэр элчүүдийг бидэн рүү илгээсэн мэт санагдуулж билээ.

Гэрт маань ирсэн хоёр номлогч та нарын үеийнх байсан бөгөөд гайхуулаад байх түүх намтаргүй залуус байв. Гэхдээ тэд Бурханы бидэнд илгээсэн алдар суут хоёр тэнгэр элч мэт байж, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний адислалуудыг бидэнд авчирсан.

Хайрт залуу найзууд минь ээ, та нар ч бас тэдний нэгэн адил тэнгэрлэг биесээс үүссэн. Та нарын зарим нь гэрлэсэн, зарим нь ганц бие боловч та бүхэн энэ дэлхийн хүмүүсийн дунд амьдарч байна. Та нар энэ цаг үед хүмүүсийнхээ дунд сайн мэдээний захиасыг үг, үйлсээрээ зааж, амьдралдаа хэрэгжүүлэхээр сонгогдсон хүмүүс. Ийм учраас та нар өөрсдийн гэсэн хот тосгон, сургууль, ажлын газар, улс үндэстэн, гэр бүлтэй болсон. Та бүхэн эргэн тойрондоо байгаа хүмүүсийн алдар суут тэнгэр элч байх боломжтой гэдгээ бүү мартаарай.

Та нар Есүс Христийн Сүмийг төлөөлдөг бөгөөд сайн мэдээний захиасыг өөрийн сайн сайхан амьдрал, эрэлхэг зоригтой гэрчлэлээр тунхаглах хүчирхэг манлайлагчид.

Манлайлагч гэдэг нь бусдад зөв арга замыг харж, мэдэрч, хайж олоход нь тусалдаг нэгэн юм. Бие биедээ Сүмд болон сайн мэдээнд баттай суурилахад нь туслаарай. Бурхан та нарыг Их Эзэн Есүс Христийн мутар дахь зэмсгүүд болох олон боломж бүхий газарт тавьсан. Тэр та нарт итгэж найддаг, та нарыг мэддэг мөн хүчирхэгжүүлдэг. Тэр амьд. Тэр бол бодит.

Сайн сайхан, шударга байдал, энэрэл, нинжин сэтгэл, үйлчлэл, хайр, нигүүлслийн энгийн бөгөөд тодорхой үг, үйлдэл бүр Бурханы хаант улс дахь таны манлайлах үйлдэл болох болно. Сайн зүйлийн төлөөх өөрсдийн нөлөө, хүчийг бүү дутуу үнэл. Та нарын үеийн тэр хоёр залуу номлогч намайг Аврагч руу хөтөлж, Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очих замыг олж харахад надад тусалсан.

Би өөрөө энэ замаар явж, бэрхшээл зовлонг даван туулж, асуултууддаа хариулт олж, чухал сонголтуудтай нүүр тулан, сайн шийдвэрүүдийг гаргах ёстой байсан нь мэдээж. Та нар ч бас тэгэх ёстой! Сүм болон Их Эзэн та нарт амьдралынхаа зорилгыг биелүүлэхэд туслах хүчирхэг эх сурвалжуудыг санал болгодог. Мормоны Ном бол тэдгээрийн нэг бөгөөд та нарын яг өмнө байна. Үүнийг идэвхтэйгээр хүлээн авч, сургаалуудыг нь дага. Тэнгэрлэг Эцэгт хандвал Тэр та нарыг удирдах болно. Их Эзэнд итгэ!

Хайрт залуу найзууд минь ээ, би та нарын хүн нэг бүрд хайртай мөн та нарт талархдаг. Миний залбирал, адислалууд та нартай хамт байх болно. Та нар Гэтэлгэгчийн энэхүү гайхамшигт бөгөөд ариун нандин ажлын нэгэн чухал хэсэг билээ. Энэ тухай би Есүс Христийн нэрээр гэрчиллээ, амен.