Их Эзэний үнэн бөгөөд амьд Сүмийн таних тэмдэг
Ахлагч Патрик Кeaронтой хамт нэгэн үдэш
Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт • 2018 оны 5-р сарын 6 • Бригам Янгийн Их Сургууль–Айдахо төв
Ямар ч тайлбаргүйгээр заадаг зүйлийнхээ дагуу амьдардаг Жэнд би маш их талархдаг. Тэр хэн гэдгээ мэддэг бөгөөд хэн гэдгээ мэдэхдээ баяртай байдаг. Тэр хаана ч байсан энэ тухайгаа бусадтай зоригтой хуваалцдаг. Намайг Сүмд орсноос хойш хоёр жилийн дараа бид танилцсанд би маш их талархдаг юм. Тэр маань тэр цагаас хойш, одоог хүртэл надад адислагдсан үлгэр жишээ болсоор ирсэн.
Дэлхий даяар цуглаж буй та бүхний талаар бодоход үнэхээр гайхалтай байна. Би Лэндоний гайхамшигт нээлтийн залбирал дээр нэмэн та бүхэн хэрэгцээтэй зүйлээ, сүнслэг өдөөлтөө хүлээн авахын төлөө залбирч байна. Хэрэв та нарт ямар нэгэн онцгой зүйл хэрэгтэй бол тэр нь ирэх болтугай. Бид ийн цугларч, ийм мөчид бэлдэх үед хүч чадал ирдэг. Хамтдаа цуглах үед хүч чадал бий болдог. Хэрэв та нарт эдгэрэл хэрэгтэй бол эдгэрэх болтугай. Хэрэв та нарт тайтгарал хэрэгтэй бол тайтгарал хүлээн авах болтугай. Хэрэв танд амар амгалан хэрэгтэй бол тийн хүлээн авах болтугай. Хэрэв та нарт шалгалтаа өгөхөд тусламж хэрэгтэй байгаа бол та нарын ихэнх семестер дөнгөж эхэлж байгаа ч цаг нь ирэхээр та нар тусламж хүлээн авах болтугай.
Хэрэв та нар сүнслэг өдөөлт, өөртөө зориулсан захиас хүлээн авсан бол түүнийхээ дагуу үйлдэх мөн одоогийн байгаа муу зуршил руугаа өнгийхгүй байх хүч чадалтай байх болтугай хэмээн би залбирч байна. Хэрэв та нарт өөрчлөлтийн цаг мөч шаардлагатай байгаа бол хэрэв шинэ хүч чадал, итгэлийн цаг мөч хэрэгтэй байгаа бол энэ нь та нарт бэлэг болог.
Би 15, 16-тай байхдаа маш аминчхан сэтгэлтэй байсан ба шилжилтийн насны салшгүй хэсэг болох тогтворгүй, эргэлзсэн, эмзэг гээд олон мэдрэмжийг мэдэрдэг байсан. Тэдгээр мэдрэмжийн зарим нь удаан хугацаанд мэдрэгдсээр байсан ч өсвөр насанд илүү хурц тод байсан. Би юу хийхээ сайн мэдэхгүй, бүрэг ичимхий, эв хавгүй нэгэн байв. Английн далайн эрэг дээрх алслагдсан сургуулийн дотуур байранд байсан минь асуудлыг улам хүндрүүлж байлаа. Эцэг эх маань ч алс холын Саудын Арабт амьдардаг байв. Сургуулиудын хувьд гэвэл Снэйп багштай Хогвартс сургууль хавьгүй илүү нөхөрсөг байв.
Эрэг хавиар цаг агаар таагүй байх нь элбэг байсан ч нэгэн өвөл Ирландын тэнгисийн дээгүүр 12 баллын онцгой хүчтэй шуурга дэгдэв. Тэнгисийн давалгаа даланг цохиж, зарим хэсгийг нь нурааж билээ. Эргэн тойронд ойролцоогоор 5000 байр сууц үерт автан, хүмүүс гэр орондоо цахилгаангүй буюу дулаацуулж, гэрэлтүүлэх зүйлгүй үлдэж, хоол хүнсний хомсдолд орсон юм.
Үерийн ус татарч эхлэхэд сургуулиас биднийг илгээв. Би өмнө нь ийм том хэмжээний байгалийн гамшгийг харж байгаагүй бөгөөд ойроос хараад ихэд цочирдож билээ. Хаа сайгүй ус, шавар шавхай байв. Үерт автсан хүмүүсийн царай ядарч туйлдан, цонхийсон байлаа. Тэд хэдэн өдрийн турш унтаагүй байв. Би сургуулийнхаа хэдэн хөвгүүнтэй хамт ханцуйгаа шамлан ажилд орж, усанд автсан эд хогшлыг хатаахаар дээд давхрууд руу нь зөөж, үерт сүйдсэн хивснүүдийг татан гаргав. Норсон хивс ямар хүнд мөн байшин доторх өмхий үнэр хэчнээн ой гутам байсныг би санаж байна.
Намайг гайхшируулсан өөр нэгэн зүйл бол тусламж үзүүлж байгаа бид болон тусламжийг маань хүлээн авч байгаа хүмүүсийн хооронд үүссэн нөхөрсөг харьцаа байв. Хүнд хэцүү нөхцөл байдалд зөв үйл хэргийн төлөө нэгдсэн хүмүүс хоорондоо гайхалтай, маш сайхан харьцаж байсан юм. Хожим эргэн санахад өсвөр насанд ны ердийн бодлоос маань гардаггүй байсан түгшүүртэй мэдрэмжүүд хөршүүддээ туслах ажилд оролцож байхад мартагдсан байсныг би мэдсэн.
Ухааран ойлгосон энэ зүйл тэр хэвээрээ үлдсэн ч болоосой гэж би хүсдэг, гэвч тэгсэнгүй. Бусдад туслах нь миний зожиг, амин хувиа хичээсэн байдлын эсрэг ерөндөг байсан гэдгийг ухаарч ойлгосон бол би өөрчлөгдөх байлаа. Уг ухаарал зүрх сэтгэлийн минь гүн рүү ороогүй байсан тул би юу болж өнгөрсөн талаар сайтар эргэцүүлэн бодож чадаагүй юм. Харин тэр ойлголт хожим нь ирж билээ. Та нар энэ үнэнийг амьдралдаа олж мэдсэн ч байж болно. Энэ нь хэзээ, хэрхэн та нарт тохиолдсон талаар бодох нь та нарт тус болж магадгүй.
Ерөнхий чуулганаар өгсөн тохинуулах урилга
Би энэ талаар Ерөнхий чуулганы үеэр бодож үзсэн. Хэдэн долоо хоногийн өмнө болж өнгөрсөн түүхэн чуулганы дараахан та бүхэнд хандан ярих боломж олдсонд би баяртай байна. Уг чуулганы үеэр төрсөн сэтгэгдэл, мэдэрсэн амар амгалан, хүлээн авсан эрч хүч одоо ч надтай хамт байна.
Ерөнхий чуулганаар хэлсэн үгсийн амин сүнс нь ахин дахин Аврагчийн адил тохинуулах дуудлага байсан бөгөөд үүнийг хайраар мөн бид болон биднийг тойрон хүрээлэх бүх хүн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэдгийг хүлээн зөвшөөрснөөр хийх ёстой гэсэн захиас байсан. Бидний үйлчлэлийг тоолж, хэмждэг болохоор биш, харин Тэнгэр дэх Эцэгээ хайрладаг мөн илүү дээгүүр түвшний, нэр төртэй үйл хэргийн төлөө, найз нөхдөдөө Түүнд рүү, гэртээ эргэн очин замаа олж, уг зам дээрээ үлдэхэд нь тусалж байгаа тул бид үйлчлэх болно. Бид үнэхээр хүмүүсийн амьдралыг сайжруулан, ачааг нь хөнгөлөхийг хичээж байгаа тул Есүс бидний оронд байсан бол хэрхэн үйлчлэх байсны адил хөршүүддээ үйлчлэх болно. Өөрсдийн хэмжээлшгүй үнэ цэн, бидний хүн нэг бүрийг гэсэн Бурханы мөнхийн хайрын талаарх мэдлэг, мэдрэмжийнхээ үр жимснээс хуваалцах үед өгөгч, хүлээн авагч хоёр хоёулаа баяр баясгалан, удаан үргэлжлэх сэтгэл ханамжийг хүлээн авна.
Энэхүү захиасыг ерөнхийлөгч Нэлсон дүгнэн хэлэхдээ “Их Эзэний үнэн бөгөөд амьд Сүмийн таних тэмдэг үргэлж Бурханы хүүхэд тус бүрд болон тэдний гэр бүлүүдэд тохинуулах зохион байгуулалттай, чиглүүлсэн хүчин чармайлт байх болно. Энэ нь Түүний Сүм учраас бид Түүний үйлчлэгчдийн хувиар тэрхүү нэгэнд тохинуулах болно. Бид Түүний нэрээр, Түүний хүч, эрх мэдэл, хайр, нинжин сэтгэлээр тохинуулах болно”1 хэмээсэн.
Би заасан зүйлсийн талаар эргэцүүлэн бодохдоо, хэрэв бид тохинуулах энэхүү дуудлагыг сонсох юм бол бусдыг боддог болж, итгэл, үнэмшил, аз жаргал маань өсөн нэмэгдэж, хувиа хичээсэн байдал болон үүнийг дагалдан ирдэг хоосрол, уйтгар гунигийг даван гарах боломж бидэнд олдоно гэдгийг ойлгосон юм. Би энэ бүхнийг бага залуудаа ухаараагүйдээ харамсдаг. Гэхдээ би үүний талаар олон жилийн туршид улам гүн гүнзгий суралцсандаа мөн бидэнд энэхүү агуу үнэний талаар үргэлж сануулга өгөгдөж байдагт талархдаг.
Ийм тохинууллын ашиг тус ба адислал
Ийм үйлчлэл, тохинуулал эсвэл шавь байхын сайн тал бол энэ нь бусдад олон арга замаар туслах боломж олгохын зэрэгцээ биднийг сэтгэлийн зовнил, айдас, түгшүүр, эргэлзээнээс салгаж, өөрчилдөг. Эхлээд үйлчлэл нь бидэнд хувийн асуудлаас анхаарлаа холдуулахад тусалдаг боловч энэ нь тэр даруй хавьгүй дээд түвшний, илүү сайхан зүйл болон хувирдаг. Бид өөрсдөө ч анзааралгүй гэрэл гэгээ, амар амгаланг мэдэрч эхэлдэг. Бид тайвширч, халуун дулааныг мэдэрч, тайтгарал олж авдаг. Бид бас өөр ямар ч арга замаар баяр баясгаланг олж авахгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Эдгээр бэлэг нь бидний бусдад үзүүлсэн тусламжтай харьцуулахын аргагүй их хэмжээгээр бидэнд өгөгддөг.
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл үүнийг ийнхүү тайлбарласан: “Судруудад цэдэглэгдсэн элбэг дэлбэг амьдрал нь бусдад үзүүлсэн бидний үйлчлэлийг үржүүлж, өөрсдийн авьяас бэлгийг Бурханд болон хүмүүнд үйлчлэхэд зориулснаар хүрдэг сүнслэг байдлын нийлбэр үр дүн юм.2 Бид бусдад үйлчилснээр илүү бие даадаг. Үнэндээ, бидэнд өөрсдийнхөө талаар олж мэдэх зүйл маш их байдаг тул энэ нь өөрийгөө “олох” ажлыг бидэнд хялбарчилж өгдөг билээ!”3
Тохинуулахад ирэх өөрчлөлтийн жишээг тохинуулахгүй байх үеийнхтэй харьцуулсан харьцуулалт
Энэ өөрчлөлт нь шинэ номлогч өөртөө санаа зовохоо больж, оронд нь “Би хэнд, хэрхэн тусалж болох вэ?” гэж асуух үедээ олж мэддэг тэр зүйл юм. Юу болдог вэ гэвэл, тэд өөрсдийгөө умартан, Христэд бодгалиудыг авчрах зорилгодоо анхаарлаа хандуулж эхэлдэг. Ихэвчлэн номлогчид хөлсөө дуслуулж байж үүнийг олж мэддэг. Шинэ газар, таньж мэдэхгүй хүмүүс, хоол унд, ёс заншил мөн сурахад ихэнхдээ хэцүү хэл зэргээс үүдэн бусдад тусалж, үйлчлэхэд тэдэнд хэцүү байж болно. Гэхдээ тэднийг үйлчлэх үед тэдний хувьд бүх зүйл өөрчлөгддөг. Тэд санаа зовохоо больж, ажилдаа орж, өмнөө тавьсан үүрэг даалгавраа амь биеэ үл хайрлан гүйцэтгэж, номлолынхоо мөн амьдралынхаа тэс өөр талыг олж нээн, амар амгалан, зорилгыг олж авдаг.
Гэхдээ номлогчдыг гэртээ эргэн ирж, боловсрол, ажил эрхлэлт, хувийн болон гэр бүлийн асуудлууд гэх мэт амьдралын дараагийн үе шатныхаа хэрэгцээнд анхаарлаа хандуулж эхлэхэд ихэнхдээ үүний эсрэг зүйл болдог нь харамсалтай. Тэд өөрсдийгөө умартах буюу ерөнхийлөгч Хинклийгийн хэлснээр бид өөрсдийгөө мартаж, ажилдаа гарах үедээ хамгийн аз жаргалтай байдаг болохыг суралцахад 18 сараас 2 жилийг зарцуулдаг. Ихэвчлэн тэд номлолоосоо өмнөх амьдрал руугаа буцаж орохдоо хувь хүнд төвлөрсөн уг амьдралынхаа нэгэн хэсэг болох олон дадал хэвшилдээ эргэж очдог. Ялангуяа, өөрсдийгөө бодох болж, ямар байна, хэр сайхан харагдаж, сонсогдож байна, бусад хүн тэдний талаар юу гэж бодож байгаа бол гэж анхаарлаа хандуулж эхэлдэг.
Бусдад анхаарлаа хандуулж туслах нь гэрэл гэгээ, амар амгалан, баяр баясгаланг авчирдаг нь үнэн байдгийн адил өөрийгөө бодох нь эргэлзээ, сэтгэлийн түгшүүр, уйтгар гунигийг авчирдаг.
Хэдэн сарын өмнө миний нойр хулжин, унтах гэж оролдсон ч чадахгүй, олон цаг сэрүүн хэвтэж билээ. Эцэст нь би босож, гэрээ тойрон хэд холхиж, орондоо буцаж хэвтэн, дахин унтах гэж оролдов. Нойр хүрэхгүй байх тэр үед надад “Өөрийнхөө талаар бүү бод” гэсэн бүхнийг өөрчилсөн бодол төрөөд, дараа нь “Би хэнд тусалж чадах вэ?” гэсэн асуулт орж ирэв. Би хэвтээд, “Одоо хэнд, хэрхэн туслах вэ?” гэж чин сэтгэлээсээ залбирсан юм. Найзтайгаа яриад, урамшуулан дэмж гэсэн сэтгэгдэл төрөв. Энэ нь том зүйл байгаагүй ч тэр өглөө би төрсөн мэдрэмжийнхээ дагуу үйлдсэн ба энэ нь нэмэр болсон байх гэж найдаж байна. Харин би хэнд тусалж болох вэ хэмээн залбирахад урьд нь мэдрэгдэхгүй байсан тэрхүү зүрх сэтгэлийн амар амгалан ирж, эцэст нь унтаж билээ.
Аврагчийн тохинууллын үлгэр жишээ
Аврагч “сайныг үйлдэж,”4 туслах хэн нэгнийг үргэлж хайж, “ бүгдийг эдгээ[ж]”5 явсан. Тэр бусдыг үзэл бодол, амьдралаа өөрчлөхөд нь үргэлж адислан, зааж, чиглүүлдэг байв. Тэрээр Петр, Андрей, Иаков, Иохан нарыг Өөрийг нь дагахад дуудах үед тэдний зүг чиг, анхаарлаа хандуулж байсан зүйл нь шууд өөрчлөгдөж, “Тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дага[сан]”6 гэдгийг мэдэх нь сургамжтай.
Харин дараа нь, Аврагчийг цовдолж, тэднээс харгис хэрцгийгээр авч одоход тэд мэддэг зүйл рүүгээ буюу эргэж загас барих болжээ. Нэгэн удаа амжилт муутай загасчилж байхад нь амилсан Аврагч тэдэн дээр ирсэн аж. “Есүс тэдэнд—Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл та нар олз олно гэв. Тэд тороо тийш нь хаясанд, маш их загас торонд нь орсон тул тэд тороо ч татаж чадахааргүй болжээ.”7 Энэ нь Тэрээр хүч чадлаа алдаагүй гэдгээ харуулаад зогсохгүй, тэдний буруу газар, буруу зүйлд анхаарлаа төвлөрүүлж байсныг нь тод томруун харуулсан юм. Тэднийг эрэг дээр хамтдаа загасаа идэж суухад Аврагч Петрээс Өөрт нь хайртай эсэхийг гурван удаа асуув. Асуух тоолонд нь Петр улам бүр сандран, тийм хэмээн хариулжээ. Петрийг хариулах бүрд Есүс түүнээс Өөрийн хонинуудыг тэжээхийг хүссэн.
Яагаад Аврагч Петрээс Өөрт нь хайртай эсэхийг гурван удаа асуусан бэ? Үнэндээ өмнө нь Петрийг Өөрийг нь дагахад дуудах үед тэр шууд хариу үйлдэж, загасчлахаа больж байсан. Харин Есүсийг нас барахад Петр гашуудаж, юу хийхээ мэдэхээ больж, өөрийн хийж чадна гэж бодсон цорын ганц зүйл болох загасчлах ажилдаа эргэн оржээ. Харин энэ удаа Есүс Петр Өөрийг нь үнэхээр сонсоосой, урилга нь ямар чухал болохыг ойлгоосой хэмээн хүссэн. Өөрийн биеэр тэдэнтэй хамт байх боломжгүй болсон тул Тэрээр Петрт амилсан Христийн шавь, дагалдагч байх гэдэг нь ямар утгатай болохыг ойлгуулах хэрэгтэй байв. Их Эзэн Петрээс юу хийхийг хүссэн бэ? Есүс хургануудыг нь тэжээхийг Петрээс хүссэн. Энэ бол түүний хийх ёстой ажил байв. Петр Эзэнийхээ энэхүү намуухан дуугаар, нүүр тулан өгсөн дуудлагыг ахмад төлөөлөгчийн хувьд хүлээн авч, хийхээр дуудагдсан тохинуулалдаа үлдсэн амьдралаа зоригтой, айж эмээлгүйгээр зориулсан юм.
Энэ нь танд ямар хамаатай вэ?
Сэргээлтийн ачаар бидэнд одоо өөр нэгэн ахмад төлөөлөгч бий. Ерөнхийлөгч Нэлсон Есүсийн хоньдыг тэжээх урилгыг та бидэнд өгч байна. Ерөнхий чуулган дээр энэ урилгыг хамгийн тод, хайрын өнгө аясаар хэлэхийг бид сонссон. Сэтгэл хөдөлж, сүнслэгээр өдөөгдсөн ч, бид өөрчлөгдсөн болов уу? Харин одоо сорилт нь бидний эргэн тойронд байх анхаарлыг шаардаж, сарниулдаг чухал бус олон зүйлийн дунд энэхүү урилгад хариулж, үйлдэх буюу үнэндээ ямар нэгэн зүйл хийн, үнэхээр өөрчлөгдөн, өөрөөр амьдрах явдал болж байгаа юм.
Тохинуулах дуудлагын хариуд та “Хаанаас эхлэх вэ?” гэсэн асуултыг тавьж магад. Эхлээд залбир. Ерөнхийлөгч Нэлсон: “‘Хэрэв чи асуух аваас, чи баяр хөөрийг авчирдаг, мөнх амьдралыг авчирдаг тэрхүү нууцууд хийгээд амар амгалангийн зүйлүүдийг мэдэж болохын тулд илчлэлт дээр илчлэлт мэдлэг дээр мэдлэг хүлээн авах болно’ [С ба Г 42:61] гэж амласан учраас [биднийг] хувийн илчлэлт хүлээн авах одоогийн сүнслэг ур чадвараа нэмэгдүүл[эхэд]”8 урьсан.
Тэнгэр дэх Эцэгээсээ юуг, хэнд зориулан хийж болохыг асуу. Үнэндээ, нинжин сэтгэлийн үүднээс хийсэн бага ч гэлээ ямар ч үйлдэл өөрсдийн гэсэн адислалыг дагуулж ирдэг. Хүлээн авсан мэдрэмж тань ач холбогдолгүй мэт санагдсан ч хариул. Үүнийхээ дагуу үйлд. Хэн нэгэнд сайхан үгтэй мессеж бичиж болно. Магадгүй ямар нэгэн захиас бичиж ч болно. Энэ нь цэцэг, хэдхэн жигнэмэг, эелдэг сайхан үгс бас байж болно. Бүр урьд өмнөх шигээ хөдөлж чадахаа больсон хэн нэгний гаднах цэцэрлэг эсвэл хашааг нь цэвэрлэж өгөх, хувцас хунарыг нь угааж өгөх, машиныг нь угаах, цасыг нь цэвэрлэх эсвэл найзаа тулгарч буй асуудлаа ярьж байхад нь сонсох зэрэг зүйл байж болно.
Жийн Б.Бингам эгчийн хэлснээр “Заримдаа бид хөршдөө үйлчлэхийн тулд ямар нэг агуу бөгөөд баатарлаг үйлс бүтээх ёстой гэж боддог.Гэвч үйлчлэлийн энгийн үйлдлүүд нь бусдад болон өөрсдөд маань хүчирхэг нөлөө үзүүлж чадна. ”9
Та цаг зав байхгүй, өөрчлөлт хийж чадахгүй гэдэгтээ итгэсэн тул эхний алхмыг дурамжхан хийж болох ч өчүүхэн зүйл хийх нь ямар их өөрчлөлтийг авчирдаг болохыг хараад гайхах болно.
Хэрэв таны найз Сүмээс холдон, бат бөх итгэл, найдвараа алдаж байгаад санаа тань зовж байвал түүнийг ямар нэгэн үйлчлэл, тохинууллын ажилд хамт явахад урь. Тусламж хэрэгтэй хэн нэгэнд ач тустай үйлчлэлд татан оролцуулахаас өөр зүрх сэтгэлийг Бурханы зүйлсэд зөөллөж, Түүний хайрыг амьдралдаа дахин олж мэдрэхэд туслах оновчтой арга зам байхгүй.
Бидний үйлчилж, тохинуулах зорилго
Бид яагаад үйлчилж, тохинуулдаг болохоо өөрсдөдөө үргэлж сануулж байх ёстой. Бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бөгөөд Түүн рүү арай илүү төгс төгөлдөр болоод эргэж очихын тулд төрөл бүрийн туршлагаар дамжуулан суралцаж, өсөж хөгжихөөр дэлхийд ирсэн. Өөртөө анхаарлаа хандуулахын оронд бусдад туслан, нэг нэгэндээ үйлчлэх нь бидний энд ирэх болсон зорилгын нэгэн хэсэг юм. Үнэндээ энэ нь уг зорилгын төвд байдаг юм. Бусдад тусалж, тусламж хэрэгтэй нэгэнд үйлчлэхийн гайхамшиг бол үйлчилж байхдаа бид өөрийгөө болон асуудлаа мартдаг гэдэгт суралцдаг явдал юм.
Ерөнхийлөгч Нэлсон та бидэнд илүү дээгүүр түвшний, илүү ариун үйлчлэлийн загварыг өгч байгаа юм. Энэхүү загварыг дагаснаар бид энэ нь ямар их сэтгэл ханамжийг авчирч, эрх чөлөөтэй болгож,, тайтгаруулдаг болохыг олж мэднэ. Мөн бид хэрхэн бусдын амьдралыг өөрчилж, тав тухыг авчирдаг хүчин зүйл нь байх боломжтой гэдгээ олж мэднэ.
Ариун сүмд хувийн хишиг хүртэж, номлолд үйлчилсний дараа танд “За, би ч одоо хийх ёстой зүйлээ хийчихлээ. Би 18 сар юм уу 2 жилийн турш бүрэн цагаар үйлчилдэг машин байсан. Одоо өөр хэн нэгний хийх ээлж ирсэн” гэж хэлэх хүсэл төрж магадгүй. Үүний адил зүйлийг бид бас гэрлэснийхээ дараа хэлж магад. Бид “За, би гэрлэчихлээ. Одоо амсхийх цаг ирлээ” гэж бодож болох юм. Гэхдээ ийм тохинуулалд завсарлага гэж байдаггүй. Энэ бол амьдралын хэв маяг. Бид ээлжит үйл ажиллагаа, баярын өдрүүдээ амарч, хүчээ сэлбэж, Иосеф Смитийн хэлснээр “нумынхаа хөвчийг сулруулахад” зарцуулж магад.10 Гэхдээ Түүний хайрласны адил нэг нэгнээ хайрлаж, Түүний хоньдыг тэжээх бидний гэрээт үүрэг нь завсарлага авдаггүй.
Би ийм тохинууллын үйлчлэлийг хүлээн авахын зэрэгцээ бусдын өмнөөс Бурханы мутар дахь зэмсэг болсноор ирдэг амар амгалан, баяр баясгаланг мөн адил олж мэдсэн.
Бид нялх үрийнхээ амийг аврахын тулд хэрхэн тэмцсэн талаар Жэн ярьсан. Хүүгээ алдсаны дараа сэтгэлийн шарх маань эдгэх болов уу гэж бодож байв. Тэр үед бид гэр бүлийнхэн, найз нөхдөөсөө мөн танихгүй хүмүүсээс ч гэсэн ер бусын хайр, нинжин сэтгэл, тусламжийг хүлээн авч билээ. Бидний хайрт найз, эрхэмлэн хүндэлдэг нэгэн хос энэ бүх хугацааны туршид бидэнтэй хамт байсан. Тэд бидний дэргэд байж, бидний төлөө болон бидэнтэй хамт залбирч, адислал, хоол унд, тайтгарлын үгс хуваалцан, шаардлагатай үед үг ч хэлэлгүй зүгээр л тэд хамт суудаг байсан юм. Чухал мэдээлэл хүлээн авахад эсвэл ядарч туйлдан, уй гашууд автах үед тэд үргэлж бидэнтэй хамт байдаг байв. Энэ нь тэдний амьдралын хэв маяг гэдгийг тэд олон жилийн туршид батлан харуулсан юм.Тэд чимээгүйхэн, тууштай тохинуулсан.
Дэлхийг хамарсан Сүмийн тохинуулал
Бид сүүлийн хэдэн жил Сүмийн Европ дахь бүсэд үйлчилж байхдаа Германд амьдарч байсан бөгөөд Сүмийн гишүүд болон өөр шашин шүтлэгтэй найз нөхөд маань гарч ирэн, ОйрхДорнодод үргэлжилсээр байгаа дайн тулаан, сүйрлийн үеэр бүхнээ алдсан олон мянган дүрвэгчдэд туслахаар дайчлагдах үед энэ зарчим хэрхэн гайхалтай хэрэгжиж байгааг өөрийн биеэр гэрчилсэн билээ. Тэдний зарим нь ганцхан жижигхэн уутанд хувийн эд зүйлээ хийж үүрсээр хэдэн мянган бээр замыг туулан ирсэн байв. Дутагдаж гачигдаж буйг мөн ах эгч дүүсээ, Түүний хургануудыг хараад, манай хүмүүс гарч ирэн бүхнээ алдсан эдгээр дүрвэгсдэд тусалж, хувцаслаж, хооллож, орогнуулж байхыг би харсан. Тусалсан хүмүүс үүнийг хийснээр өөрсдөө өөрчлөгдсөн юм. Тэд урд өмнө нь мэдэрч байгаагүй буюу өөртөө болон амьдралын ердийн дадал болсон зүйлсэд анхаарлаа төвлөрүүлснээр алдсан байсан гэрэл гэгээ, эрч хүч, баяр баясгалангаар адислагдсан байлаа. Хүмүүс маань ийм гайхамшигтай тусламжийг дэлхий даяар үзүүлж байна.
Дүрвэгсдэд яг тэр үед шийдвэрлэх хэрэгтэй тодорхой хэрэгцээ байсан байж болно. Гэхдээ эргэн тойронд асуудал нь ил харагдахгүй байж болох бидний тусламж хэрэгтэй хүмүүс байдаг бөгөөд бидэнд ч гэсэн тэдэнд туслах хэрэгцээ шаардлага бий. Бид дэлхийн нөгөө өнцөгт тохинуулал, үйлчлэл хийх шаардлагагүй. Үүнийг гэр орондоо ойр газар хийх нь олон талаараа ашигтай.
Үүнийг амьдрал дээр хэрэгжүүлдэг сүмд харьяалагддагаараа би бахархдаг. Өнгөрсөн жил гэхэд л, ядууст болон тусламж хэрэгтэй хүмүүст зориулан хүнсний ногоо тарьж ургуулах, хураан авах, тараах зэрэгт сайн дурын үйлчлэлийн 7 сая гаруй цагийг зарцуулсан. Бас л өнгөрсөн жил Сүм нь ундны цэвэр усгүй байх байсан хагас сая хүнийг цэвэр усаар хангасан. 41 улсад 49000 хүмүүсийг тэргэнцрээр хангасан. Сайн дурынхан 40 улсад хараа нөхөн сэргээх эмчилгээг хийж, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулж 97000 асрагчийг сургасан. 38 улсад 33000 асрагч хөхүүл эхчүүд, нярай хүүхдүүдийг асрахад суралцсан. Өнгөрсөн хэдэн жилийн турш сая сая цагийг хандивласан хэдэн зуун мянган хүмүүсийг маань хамруулсан Тусламжийн Гарыг дурдах ч юм биш. Тэд их, бага аливаа гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах мөн орчин тойрон, нийгмээ дээшлүүлэх ажилд ханцуй шамлан ордог.
Хүрээгээ тэлж буй Сүмийн JustServe санаачилга нь 350000 гаруй бүртгэгдсэн сайн дурынхантай бөгөөд тэд орон нутагтаа туслахаар хэдэн сая цагийг зориулсан юм. Хэрэв таны ойр хавьцаа байдаг бол энэ нь үйлчлэх боломжийг олж мэдэх гайхалтай газар билээ.
Энэ бол үйлдэл хийдэг Сүм. Энэ бол бидний хийдэг зүйл. Та нар үүнийг л хийдэг. Энэ нь та нарын хэн болохыг тодорхойлдог шинж чанар байх болтугай. Энэ нь мөн баяр баясгалан, амар амгаланг олох арга зам юм. Учир нь энэ бол Аврагчийн үлгэр жишээг дагах хамгийн сайн, шилдэг, бодит арга зам билээ.
Ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын хэлсэнчлэн “Өчүүхэн мөн энгийн зүйлсээр агуу их зүйлс улиран авчрагддаг. Алтны өчүүхэн жижиг тоосонцрууд нэгдэн, том эрдэнэс болдгийн адил бидний сайхан сэтгэлийн угаас хийдэг өчүүхэн жижиг үйлдэл, үйлчлэл хуримтлагдсанаар Тэнгэрлэг Эцэгийг хайрлах хайр, Их Эзэн Есүс Христийн үйл хэрэгт зориулсан чин сэтгэл мөн нэг нэгэндээ тусламжийн гараа сунгах бүрд мэдрэгдэх амар амгалан, баяр баясгалангаар дүүрэн амьдрал болж хувирна.”11
Гурван төрлийн үйлчлэл
Бидний хүн нэг бүр өргөн хүрээнд оролцож болох гурван төрлийн үйлчлэлийн талаар би онцлон ярих гэсэн юм.
Нэг дэх нь бид сүмд гүйцэтгэх үүрэг хариуцлагаа биелүүлэхээр томилогддог эсвэл уригддаг үйлчлэл юм. Үүний талаар маш сайхан, сүнслэгээр өдөөгдсөн үгийг Ерөнхий чуулган дээр хэлсэн. Бид харж халамжлах үүрэг хүлээн авсан хүмүүсийнхээ талаар бодож, залбирч, тэдэнд үйлчилдэг хэмжигддэг биш, харин үнэлэгддэг тохинууллыг хийхийн төлөө хичээнгүйлэн зүтгэх болно.
Хоёр дахь нь өөрсдийн хүслээр үзүүлдэг үйлчлэл юм. Энэ нь нэг дэх үйлчлэлийн үргэлжлэл бөгөөд бид өөрсдийгөө умартан, бусдад өөрсдийн санаачилгаар тусламж үзүүлэх тутам энэ нь бидний өдөр тутмын үйлдэл, харилцааны нэгэн хэсэг болж хувирдаг. Албан үүрэг хүлээлгэн өгөөгүй ч бид Христийг дагах хүслээр өдөөгдөн, эргэн тойронд байх хүмүүстээ илүү эелдэг хандаж, анхаарал халамж тавьж эхэлдэг. Нинжин, өгөөмөр сэтгэлийн үүднээс хийсэн үйлдлүүд нь зүрх сэтгэлийг өөрчилж, илүү халуун дулаан, утга учиртай харилцаа холбоотой болоход тусалдаг.
Гурав дахь нь олон нийтэд үзүүлэх үйлчлэл юм. Та хэдэн настай байхаас үл хамааран эхлээд сургуулийн зөвлөл, энэрлийн байгууллагад мөн орон нутаг, бүс, төрийн байгууллагуудад тус тус үйлчилж болно. Бид итгэлтэй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээ дээрх арга замаар оролцохыг урамшуулан дэмжиж байна. Шаардлагатай үед та хувь хүн, орон нутгийг хөгжүүлж мөн үйлчлэх зорилгоор улс төрд оролц. Тив даяар тархсан хэт нэг талыг баримталсан, хүчирхэг, хор хөнөөлтэй улс төрийн намчирхах зөрчилдөөнөөс зайлсхий. Тус бүрийн харьяа нутгийнхаа хүрээнд мөн уг хүрээнээсээ гадуурх зовлонд бэрхшээлтэй учирсан хүмүүст туслах зорилготой ажиллаж буй улс төрчидтэй нэгд. Та нийгмийн бүхий л хүрээнд шударга ёсыг сурталчлан, тэнцвэртэй байдал, эрүүл саруул ухааны дуу хоолой байх боломжтой. Ийм зүй зохистой нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаанд өөрсдийн эрч хүчийг зарцуулах эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна.
Мэдээ сонсоод, дэлхий сүйрч байна даа гэж бидэнд бодогдож магад. Бидний хүн нэг бүр өдөр бүр их, багаар үйлдэл хийж л байх юм бол бид өөрсдийн болон эргэн тойрныхныхоо ертөнцийг өөрчилж чадна. Та хөршдөө үйлчлэх үедээ мөн тэдэнтэй хамт орон нутагтаа үйлчилж байх явцдаа бусдад туслах хүслийг тань хуваалцдаг найз нөхөдтэй болно. Эдгээр нь бат бөх нөхөрлөл болж хувиран, соёл, итгэл үнэмшлийг холбох гүүрийг тавина.
Антуан де Сент-Экзюпери “Хайр гэдэг нь нэг нэгнээ ширтэн суух биш, харин хамтдаа нэг зүг рүү харан, бусдад туслах явдал гэдгийг амьдрал бидэнд заасан. Эрхэм дээд үйл хэрэгт эвлэлдэн нэгдэхээс илүү нөхөрлөл гэж байхгүй. Материаллаг байдлын хувьд элбэг дэлбэг болсон энэ эрин үед ч бид ийнхүү үйлчлэх ёстой. Үгүй бол элсэн цөлд бусадтай хамгийн сүүлчийн зүсэм талхны булангаа хуваалцсанаар мэдэрдэг аз жаргалыг бид хэрхэн тайлбарлах билээ?”12 хэмээн хэлсэн.
Дүгнэлт
Хэрэв хүн нэг бүр Есүсийн адил тохинуулах урилгыг хүлээн авах юм бол та нар өөрчлөгдөн, амин хувиа хичээсэн биш, харин амь биеэ үл хайрлахгүй үйлчилдэг нэгэн болно. Та Аврагчийн арга замаар тохинуулснаар ирэх баяр баясгаланг олж нээн, дутагдал гэж үздэг зүйлээс ирэх сэтгэлийн түгшүүр, эргэлзээ, гуниг зовлонгоосоо салах болно.
Магадгүй таныг энэ үгийг сонсож байхад хэн нэгний нэр эсвэл ямар нэг ажил үйлс бодолд тань орж ирж болно. Энэ нь Сүнснээс ирсэн урилгатай адил бөгөөд магадгүй та нар урьд нь үүнийг хүлээж авсан байх. Бусдад тусал, бусад руу хар, тэднийг өргө. Энэ урилгыг хүлээж авах сонголтыг хийгээд, өнөөдөр юу хийж болохоо мэдэхийн тулд залбир. Ингэснээр та нарт болон та нарын тохинуулж буй хүмүүст ямар адислалыг авчирч байгааг харж, мэдрэх юм бол та нар үүнийг өдөр бүр хийж хэвшихийг хүсэх болно.
Есүс Христийн сайн мэдээний гэрэл, найдвар, баяр баясгалан, зорилгыг Бурханы бүх хүүхэдтэй хуваалцаж, тэдэнд гэр рүүгээ буцах замаа олоход туслах нь бидний хийж чадах хамгийн эрхэм дээд, хамгийн сайн сайхан үйл хэрэг юм. Тэдэнд тусалж, үйлчилж, тохинуулж байгаа нь сайн мэдээ бодит байдал дээр хэрэгжиж байгаагийн бодит илрэл юм. Бид үүнийг өөрсдийн амьдралын хэв маяг болговол өөр хаанаас ч авах боломжгүй сэтгэлийн таашаалыг авч мөн мэдрэхгүй байсан амар амгалан, баяр баясгалангаа олох арга зам гэдгийг олж мэдэх болно.
Ерөнхийлөгч Нэлсоны бидэнд өгсөн урилгыг би дахин давтахыг хүсэж байна. “Их Эзэний үнэн бөгөөд амьд сүмийн таних тэмдэг үргэлж Бурханы хүүхдүүд тус бүрд болон тэдний гэр бүлүүдэд тохинуулах зохион байгуулалттай, чиглүүлсэн хүчин чармайлт байх болно. Энэ нь Түүний Сүм учраас бид Түүний үйлчлэгчдийн хувиар тэрхүү нэгэнд тохинуулах болно. Бид Түүний нэрээр, Түүний хүч, эрх мэдэл, хайр, нинжин сэтгэлээр тохинуулах болно.”13
Аврагч Өөрийн агуу, эцэс төгсгөлгүй гэтэлгэлийн бэлгээрээ дамжуулан төгс гавар, илааршлыг бидэнд өгөхийн тулд ийнхүү амьдарч байсан юм.Бид амьд Христийнхтэй адил тохинууллаараа дамжуулан үнэнч шавь нь байхын зэрэгцээ Түүнийг өөрийн хүслээр, илүү үр дүнтэй дагах болтугай.
Есүс Христийн ариун нэрээр, амен.
© 2018 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Англи эхийн зөвшөөрөл: 2/18. Орчуулгын зөвшөөрөл: 2/18. “A Hallmark of the Lord’s True and Living Church”-ын орчуулга. Mongolian. PD60005945 363