Таны хэмжээлшгүй үнэ цэн ба Бурханы хэмжээлшгүй хайр
Ахлагч Патрик Кeaронтой хамт нэгэн үдэш
Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт • 2018 оны 5-р сарын 6 • Бригам Янгийн Их Сургууль–Айдахо төв
Бүтээгчийг маань гайхамшигтай сайхнаар магтан дуулсанд, найрал дуучдадаа баярлалаа.
Энэ онцгой цугларалтаар та бүхэнтэй хамт байгаа нь онцгой боломж бөгөөд үнэхээр баяр баясал төрүүлж байна. Бидэнд Сүмийн залуучуудтай хамт байх бүхий л боломж сайхан санагддаг. Бид та нарт хайртай! Есүс Христийн сайн мэдээний үргэлжилж буй сэргээлтийн ийм эрч хүчтэй цаг үед та бүхэнтэй хамт идэвхтэй оролцогч байх нь хэчнээн их сэтгэл догдлуулж байна гээч.
Хөгшин, залуу хэн ч бай, бид бүгдээрээ сайхан үлгэрт, тэр тусмаа хайрын түүхэнд дуртай. Бид хоёрын хайрын түүх үнэхээр сайхан, урьдаас хүсэн хүлээгээгүй үлгэр байсан юм. Би Калифорнид өссөн бол нөхөр минь Англид мөн Саудын Арабт өсөж хүмүүжсэн. Би төрсөн цагаасаа Сүмд өссөн, харин нөхөр маань 25 орчим настай байхдаа Сүмд хөрвөгдсөн. Бид хоёр тус тусдаа хоёр өөр тивээс агуу хот Лондонд ирж учирсан хүмүүс. Намайг зургаан сарын хугацаатай Английн түүх, уран зохиол судлахаар ирэх үед тэрээр Сүмд ороод хоёр жил болсон байсан ба Лондонгийн ганц бие залуучуудын тойрогт явдаг байв. Би Их Британид сурч байхдаа гэнэт хайр дурлалдаа шатна гэж бодоо ч үгүй бас хүсэн хүлээгээ ч үгүй. Гэхдээ амьдрал үнэхээр тааварлашгүй, гайхамшигтай эргэлтүүдийг хийдэг.
Их Эзэн биднийг бие бие рүү маань хөтөлсөнд би маш их талархдаг. Бид Калифорнийн Өүкланд ариун сүмд гэрлэж мөн би тэр даруй Англи руу буцсан бөгөөд нөхрийг маань 2010 онд ерөнхий эрх мэдэлтнээр дуудах хүртэл тэнд 19 жил амьдарсан.
Бид дөрвөн хүүхдээр адислагдсан. Бид ууган хүүгээ төрүүлээд, 19 өдрийн дараа зүрхний мэс засал хийлгэж байх үед нь алдсан. Түүний зүрхний гажиг намайг хөл хүнд байхад мэдэгдсэн юм. Түүний богинохон амьдралын төлөөх бидний бат бөх, тууштай тэмцэл бидэнд гайхамшиг, Бурханы хүсэл, Есүс Христийн Цагаатгалын болоод Амилалтын дотно бөгөөд хувийн бодит байдлын талаар заасан юм.
Хайрт хүү маань бидний хайрлаж, хүндэлдэг, өдөр болгон өөрсдөөс нь суралцдаг гурван сайхан охин дүүг дагуулсан. Тэд бидэндээ үнэт эрдэнэс юм. Ховорхон итгэл шүтлэгтэй охид маань өсвөр насандаа аавыгаа Сүмийн янз бүрийн дуудлагад үйлчлэхээр дуудагдах үед Англи дахь гэрээсээ Юта руу мөн Герман руу, тэндээсээ Юта руу буцаад дуртайяа нүүсэн юм.
Таны хэмжээлшгүй үнэ цэн ба Бурханы хэмжээлшгүй хайр
Танд хүүхэд байхдаа дургүй байсан хэрнээ том болж насанд хүрсэн хойноо дуртай болсон зүйл байдаг уу? Өдөр дуг хийгээд авах талаар юу гэж бодож байна? Та нар хүүхэд байхдаа өдөр унтахыг хэзээ ч хүсдэггүй байсан гэдгийг би баттай хэлнэ. Би ч бас унтах дургүй байсан!. Харин одоо жаахан ч гэсэн илүү унтаад авах боломж нь тансаглал л гэсэн үг! Би дуг хийх дуртай. Хүүхэд байхдаа идэх дургүй байсан цэцэгт байцай юм уу өөр ямар нэг хүнс чинь одоо ямар санагдаж байна? Одоо дуртай болсон уу?
Өдөр унтах юм уу цэцэгт байцай идэх талаар та нар юу гэж боддог байсан ч гэлээ, хүүхэд байхдаа ч дургүй байсан, одоо ч дургүй зүйл та нарт хангалттай олон байгаа. Бид хэзээ ч ойчих, өвдгөө шалбалахад дуртай байгаагүй. Бид хэзээ ч багийн спортоор хичээллэчихээд багтаа тэнцэхгүй үлдэх дуртай байгаагүй. Бид хэзээ ч дээрэлхүүлэх, дооглуулах, шоовдорлуулах мөн хэн нэгэн биднийг зориуд санаатай гомдооход дуртай байгаагүй. Бид одоо ч дургүй.
Би бага сургуульд байхдаа хичээлдээ амжилттай сайн сурдаг ч бүжигчин байсан бөгөөд спортын тал дээр бүтэлгүйтдэг байснаа санаж байна. Би пируэт хийж эргэлдэж чаддаг байсан ч дамжуулж, бай руу оруулж, шидэж, өшиглөж, барьж авч, гараа зөв далайж ч чаддаггүй байлаа. Зарим хүүхэд намайг янз бүрийн нэрээр дуудан, нарийхан савхан гартай гэж шоолдог байв. Би нарийхан гартай байсан нь үнэн. Гэхдээ л би үүнд гомддог байв. Хэрэв хичээлээр ямар нэг төрлийн тэмцээн уралдаан болж, бид өөрсдийн багийг сонгохоор болбол ангийнхан маань намайг эхлээд сонгодог байсныг би тод санаж байна. Гэтэл хөнгөн атлетикийн тэмцээний багаа өөрсдөө сонгох үед би хамгийн сүүлд сонгогдохоор үлддэг байсан. Ёстой муухай санагддаг байж билээ!
Одоо би яагаад энэ тухай хэдэн арван жилийн хойно та нартай ярьж байна вэ? Учир нь та нарын харж байгаачлан, иймэрхүү зүйлийг бид хэзээ ч мартдаггүй. Үеийнхний дунд үл тоомсорлогдох, ад үзэгдэх, тоогдохгүй байх, магадгүй гэр бүл дотроо ийм байх нь ямар эмгэнэлтэй байдгийг бид санаж байгаа. Өсөж том болоод, насанд хүрсэн ч энэ нь мартагддаггүй. Өчигдөр ч та нарт ийм мэдрэмж төрсөн байж магадгүй. Үе тэнгийнхэн, эцэг эх, ах эгч дүүс, хань ижил, багш нар, ажлын хамт олон, найз нөхөд—тэд бүгд биднийг гүн гүнзгий шархлуулж, гомдоохоор зүйлийг хэлж, хийж байдаг. Энэ нь санаатай бус байх нь олонтоо. Гэхдээ заримдаа энэ нь бүр зориуд санаатай ч байж болно. Мөн бид үүний хариуд үе үе өширхдөг.
Бусад хүн бидний талаар юу гэж бодож, ярьж байгаагаас үл хамааран өөрсдийнхөө үнэ цэнийг олж мэдэж, мэдэрч, ойлгож сурах нь насан туршийн амьдралын маань сэтгэл санааны болон сүнслэг сайн сайханд тун чухал. Бид өөрсдийнхөө талаарх мэдрэмжээ бусдын үг, үйлдэл, санаа бодлоор дүгнэхийг зөвшөөрвөл бидний талаарх хэн нэгний сайшаал хэзээ жигшил зэвүүцэл болж хувирахыг хэзээ ч мэдэлгүй эмзэг хохирогч нэгэн болдог.
Үүнтэй адил, хэрэв бид зөвхөн амжилт ололт, гүйцэтгэл, ил харагдах хүлээн авсан авьяас бэлэг зэрэг дээрээ үндэслэн өөрсдийн үнэ цэнийг авч үзвэл хүлээж байсан үр дүндээ хүрэхгүй байх үед өөрсдийгөө бүтэлгүйтсэн, урам хугарсан байдалд оруулдаг.
Та нарын үнэ цэн хэмжээлшгүй бөгөөд хийж чадсан зүйлээс тань хамаардаггүй. Харин энэ нь Бурхантай харилцах харилцаатай тань туйлын холбоотой байдаг. Үүнийг та бүхэн мэддэг боловч үнэ цэнээ мартдаг хүмүүс үе үе үүнийг сонсож, баталгааг нь мэдрэх хэрэгтэй байж болох юм. Хэмжээлшгүй гэж юу гэсэн үг вэ? Хязгааргүй, энгүй, дуусашгүй. Та нар бол хязгааргүй, энгүй, дуусашгүй үнэ цэнтэй. Хэний хувьд? Тоглоомын талбай дээр таныг янз бүрийн нэрээр шоглон дууддаг хэн нэгэнд үү? Үгүй. Та нар бол Тэнгэр дэх Эцэгтээ, та нарын талаар хэн юу гэж ярьж бодож байгаагаас үл хамааран, та нарыг хамгийн сайн мэддэг Нэгэнд хязгааргүй, энгүй, дуусашгүй үнэ цэнтэй. Тэрхүү үнэний гоо үзэсгэлэн, амар амгаланг зүрх сэтгэлдээ хэсэгхэн зуур тунгаан бодоцгооё. Та нар “[Түүний] нүдэнд үнэ цэнтэй.”1
Хэн нэгэн та нарыг гомдоосон үед эсвэл ямар нэг байдлаар бүтэлгүйтсэн тохиолдолд та нарыг хэзээ ч үгүйсгэдэггүй, шоглодоггүй газарт ирээрэй. Тэнгэр дэх Эцэг тань таны хэн байгаа, ямар зүйл та нарт асуудал болж байгаа зэргээс үл шалтгаалан та нарыг хайрлаж байдаг. Та нар Түүнд хангалттай. Үнэхээр хангалттай. Тэрээр та нарыг яг одоо, яг энд үзэсгэлэнтэй эмх замбараагүй байгаагаар тань хайрладаг. Гэхдээ Тэрээр та нарыг яг одоо яг энд байгаагаар тань үлдээхийг үл хүсэхүйц ихээр хайрладаг. Түүнд та нарт зориулсан хавьгүй том төлөвлөгөө байгаа! Та нар бол “Бурханы өв залгамжлагчид, Христийн хамтран залгамжлагчид”2 бөгөөд ийм учраас та нар Христийн ач ивээлээр дамжуулан цэвэршүүлэгдэн, ариун нандин болж, тэнгэрлэг чадавхдаа хүрэх болтлоо буюу мөнхийн нэгэн өдөр төгс болгогдох хүртлээ зарлигуудыг сахиж, алдаа гарган, өсөж хөгжиж, тэмцэж, өөрчлөгдөх ёстой.3
Хэрэв бид өөрсдөө амьдралынхаа хувь заяаг тодорхойлдог байсан бол аз жаргал, амжилт ололт, харьцангуй амар хялбар байдал, магадгүй нэг их хичээл зүтгэл гаргахгүйгээр давахуйц цөөн хэдэн бэрхшээл бүхий амьдралыг л төлөвлөх байсан байх. Хэн бүтэлгүйтэж, асуудал бэрхшээлтэй тулгаран, ямар нэгэн гарз хохирол амсаж, зовж шаналахыг хүсэх билээ? Хэн хэцүү хүндийг хийхийг хүсэх билээ? Хэрэв бид өөрсдийн хүсдэг амьдралаар амьдарсан бол хамгийн шилдэг их сургуульд болон магистрын сургалтад үргэлж тэнцэж, мөрөөдлийн ажилдаа орон, ямар ч хэрүүл маргаан хийдэггүй төгс ханьтайгаа гэрлэх байсан. Бид Сүмийн дуудлагаа хийх гэж хэзээ ч бэрхшээхгүй, хайртай бүх хүн маань Есүс Христийн сайн мэдээнд зүрх сэтгэлээсээ хөрвөгдсөн хэвээр үлдэж, бидний итгэл үнэмшлээ хуваалцсан хэн ч байсан долоо хоногийн дотор баптисм хүртэх байсан. Ээжүүд маань хорт хавдар тусахгүй, аавууд маань орхиж явахгүй, ах эгч дүүс маань эмгэнэлтэй осол аваарт залуугаараа амиа алдахгүй байх байсан. Бид хүүхдүүдээ зүрхний хагалгааны үеэр алдахгүй мөн Их Эзэний цаг хугацааг хэзээ ч хүлээхгүй байх байсан. Та нар ерөнхийд нь төсөөлж байгаа биз дээ. Гэхдээ бид тэвчээр, өрөвч сэтгэл, төлөв даруу байдал, уужим сэтгэл, хайрын сайхан сэтгэл, тэсвэр хатуужил, сахилга бат, амиа үл бодох бодол эсвэл итгэл, найдвар, энэрлийн утга учир бүхий ямар нэг түвшинд хүртлээ хөгжихгүй байх байсан. Бид өөрчлөгдөх, өсөж хөгжих, Бурханаас бүрэн дүүрэн хамааралтай байхыг шаардсан ямар ч зүйлийг туулаагүй учраас Тэнгэр дэх Эцэгийнхээ оршихуйгаас ямар байдалтай явсан яг тэр байдлаараа Түүн рүү буцаж очих байсан.
Гэхдээ бид өөрсдийн зурагласан хялбар амьдралаар амьдардаггүй. Биднийг хамгийн их баяр баясгалантай байлгах, өсөж хөгжүүлэх Бурханы төлөвлөсөн амьдралаар бид амьдарч байгаа. Бурханы төгсөшгүй, уян зөөлөн хайр замд хөндөлсөх гашуун туршлага, гайхалтай явдлуудаар тань дамжуулан амьдралдаа өөрчлөлт хийхэд та нарыг урих болно гэдэгт итгэлтэй байж болно. Гэхдээ Тэрээр та нарыг хайр, урам дэм, урамшууллаар өөрчлөлт хийхэд үргэлж урих болно. Та нарын хүүхэд наснаас толгойд чинь байсан бөгөөд та нарыг өөрчлөгдөж чадахгүй, хангалттай сайн биш, дахиад л бүтэлгүйтэх болно хэмээн хэлж байдаг тэрхүү дуу хоолойг бүү сонсоорой. Зөвхөн Ариун Сүнсний шивнээг болон өөрийн хязгааргүй үнэ цэнийг мөн хийж чадна хэмээн Бурханы урамшуулан хэлэхийг батлан нотолдог “Бурханы таалалт үгийг … шархадсан зүрх сэтгэлийг эдгээгч тэрхүү үгийг”4 л сонс.
Та амьдралаас залхаж, зөв шударга амьдрах хичээл зүтгэлээс тань ямар ч сайн үр дүн гарахгүй байгаа мэт санагдах үед бүү бууж өг. Хүсэл мөрөөдөл, зорилгоо бүү хая. Их Эзэний цагийг хүлээх нь үргэлж үнэ цэнтэй байдаг гэдэгт итгэх итгэлээ өсгө.
Та нарын амьдралд хэцүү, элэг эмтлэм, эмгэнэлтэй зүйл тохиолдох үед мөн хувь хүнийхээ Гетсеманийн замаа хэрхэн давж гарахаа мэдэхгүй байгаа бол Тослогдсон Нэгэн Христ та нарын уй гашуу, гуниг зовлонг аль хэдийн үүрсэн гэдгийг сана.5 Тэрээр та нарын алдсуудын төлөө зодуулан хөх няц болсон бөгөөд Түүний шархны судлаар та нар анагаагддаг.6 Тэрбээр та нарын үүрч байгаа өвчин шаналлыг хүн нэг бүрчлэн баттай мэддэг. Тэр бол Эцэгийн Төрсөн Ууган нь бөгөөд та нарын оюун ухаан, бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдлын аль нь ч бай бүх шаналал зовлонг бүхэлд нь үүрсэн. Түүний итгэл найдвар, эдгээлтийн амлалтуудад хэзээ ч бүү эргэлз. Та нарт баяр баясгалантай бөгөөд элбэг дэлбэг амьдрал өгөгдсөн. Таны үнэ цэн мөн Бурханы таныг гэсэн хайр хэмжээлшгүй.
Дүгнэлт
Та нар нөхрийн минь хэлэх үгийг сонсох гэж байгаад би баяртай байна. Та нар болзоонд явж, гэрлэх үедээ буюу хэдэн настай мөн амьдралынхаа аль ч шатанд явж байгаагаас үл хамааран нэг зүйлийг мэдээсэй гэж хүсэж байна. Миний туйлын их хайрладаг энэ хүн гэрлэлтийн 27 жилийн туршид надад огтхон ч хувираагүй сайхан сэтгэлээр хандаж байсан. Нөхөр минь намайг нэг ч удаа, бүр нэг ч удаа дорд үзэж, хайрлаагүй тохиолдол байхгүй. Тэр хэзээ ч миний алдаа дутагдлыг өөлж, шоолж байгаагүй. Та нар түүнээс суралцаж чадна гэдэгт би найдаж байна.
Би Амьд Христэд итгэх итгэлээ илэрхийлмээр байна. Тэр бол үнэхээр “дэлхийн гэрэл, амь бөгөөд найдвар. Түүний зам бол энэ амьдралд аз жаргал руу хөтлөх зам бөгөөд ирэх ертөнцөд мөнх амьдрал руу хөтлөх жим юм.”7 Энэ бол Түүний бошиглогчоор удирдагддаг Түүний Сүм юм.
Есүс Христийн ариун бөгөөд авралын нэрээр, амен.
© 2018 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Англи эхийн зөвшөөрөл: 2/18. Орчуулгын зөвшөөрөл: 2/18. “Your Infinite Worth and God’s Infinite Love”-ын орчуулга Mongolian. PD60005945 363