2020 оны онцгой цугларалтууд
Ариун Сүнстэй нѳхѳрлѳж, амьдралыг элээж туулах нь


Ариун Сүнстэй нѳхѳрлѳж, амьдралыг элээж туулах нь

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2020 оны 5-р сарын 3-ны ням гараг

Өглөөний мэнд, ах эгч нар аа. Би энэ дууллын төлөө талархаж байна. Энэ дуулал цаг үеийн туршид миний дуртай байсан дууллуудын нэг бөгөөд одоо надад амар амгалан, хайр мэдрүүлж байна. Энэ үдэш та нартай хамт байхдаа даруусаж, хайраа илэрхийлэхийг мөн хүсэж байна. Дэлхий даяар суугаа олон хүнийг би мэддэг бөгөөд тэдний хэлж байсан залбирлыг мэдэхдээ даруусаж байна. Би мөн хэдэн сарын турш уулзаагүй ач, зээ нартаа хайртай гэдгээ илэрхийлэхийг хүсэж байна. Тэд биднийг сонсоод, тэдэнд хэчнээн их хайртайг мэднэ гэж найдаж байна.

Тэд энд байсан бол миний нарны туяа, сэвшээ салхи, цасан шуурга, салхин шуурга, дуу цахилгаантай бороо, бүр зүүн хойд зүгийн алдарт салхинаар аварга том давалгаанууд эрэг цохин буух зэрэг янз бүрийн цаг агаарын үзэгдэлд дуртай гэдгийг гэрчлэх байсан. Сүүлийн дөчин таван жилийн хугацаанд бид АНУ-д болон дэлхий даяарх олон газарт амьдарч үзсэн бөгөөд газар нутаг бүр өөр өөрийн гэсэн цаг агаарын хүндрэлтэй байсан. Нэгдсэн Улсын баруун төв хэсэг хүчтэй дуу цахилгаантай бороо, хуй салхитай, зүүн өмнөд хэсэг нь далайн хуй салхитай, зүүн хойд хэсэг нь цасан шуурга, хүйтэн бороо, мөсөн шуургатай байж, баруун хэсэгт Санта Анагийн халуун салхи, газар хөдлөлт болж байв. Баруун Африкт Харматтанаас аадар бороо үүсэж, элсэн шуурга босдог. Европт бороо, шамарга, цас, нартай байдаг ч заримдаа бүгд нэг өдөр зэрэг тохиодог. Дараа нь бид Азид тайфун хар салхины хүчийг мэдэрсэн. Цаг агаарын энэ өөр өөр төрлүүд надад үргэлж гайхамшигтай санагддаг! Юу гэж хэлэх гээд байна гэвэл? Би цаг агаарт дуртай!

Байгаль эх, түүний сүр жавхланг үзэхийг тэсэн ядан хүлээхийн хэрээр би цаг агаарын догшин үзэгдлүүд хүчийг болон боломжит аюулыг үргэлж тээж байдаг гэдгийг гүнээ мэдэрдэг. Тэр хүчин дотор ямар ч уруу таталт, гоо үзэсгэлэн байсан би амьдралаа хэзээ ч эрсдэлд оруулахгүй. Би хэзээ ч гайхалтай аянгын үзэгдэл үзэх гэж хоосон тал газар зориуд зогсохгүй. Хүчирхэг, сүржин давлагаа эргийг аймшигтай цохиж байхад би далай руу шумбаж орохгүй. Хуй салхи эсвэл далайн хар салхи болж байхад би хоргодох газарт оролгүй, Байгаль эхийг сорихгүй. Эргэн тойронд минь байгаа цаг агаарын бүхий л хүчний дэргэд би бол туниа муутай өчүүхэн нэгэн гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрдөг.

Миний хувьд цаг агаарын өөрчлөгч хүч амьдралын чухал зүйрлэл юм. Өдөр бүр гэрээсээ гарахад, хянах боломжгүй цаг агаарын жинхэнэ үзэгдлүүд төдийгүй хэзээд хүчирхэг байдаг сүнслэгээр элээх хүчнүүд болон уруу таталтууд биднийг угтдаг. Хүн бүрийн хувьд нөхцөл байдал өөр өөр байдаг ч энэ нь таныг “Би амьдралыг минь хүрээлэх өдөр тутмын нугачаанд хэрхэн хамгийн сайн бэлдэж чадах вэ?” гэж асуухад хүргэх ёстой.

Бид үүнийг саяхны чуулганаар бидний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хүчирхгээр зөвлөсөнчлөн, “энэ эрин үеийн үүдийг нээсэн гүн гүнзгий тунхаглалдаа Бурхан … ‘Энэ бол миний Хайртай Хүү. Түүнийг сонс!’ гэж хэлснийг [ Иосеф Смит—Түүх 1:17]”1 дагаснаар хийдэг гэж би итгэдэг.

Бидэн рүү юм уу бидний дээрээс эсвэл ардаас юу хуйлран ирж байгааг бүхэлд нь сайн харж эсвэл ойлгохгүй байж болзошгүй ч эсвэл бидний замд таарах хүчтэй, үл харагдах хүчийг үргэлж урьдчилан харж чадахгүй байж болох ч хэрэв бид “Түүнийг сонсвол” өдөр тутмын аяллаа итгэлтэй үргэлжлүүлж чадна. Ахлагч Боид К.Пакэр үргэлж “Хэрэв таны мэддэг бүх зүйл чинь таны эгэл нүдээрээ харсан, эгэл чихээрээ сонссон зүйлс байвал та тийм ч их зүйл мэддэггүй хэрэг” гэж хэлдэг билээ.

Анхны үзэгдлийн агуу үнэн бол дараах бодит байдал юм. Хэрэв та зөвхөн өөрийнхөө алсын хараа, мэдлэгт тулгуурлавал зөвхөн өөрийг тань тойрсон томхон зургийг харах төдийгөөр хязгаарлагдах бөгөөд таны бодгаль аюулд орно. Саяхны Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Нэлсон:

“Сүнс хэрхэн тантай ярьдгийг мэдэх нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Бурхан Тэргүүтэний хувьд Ариун Сүнс элчийн үүрэг гүйцэтгэдэг. Тэрээр Эцэг, Хүү хоёрын хүлээн аваасай гэж хүссэн бодол санааг таны оюунд авчрах болно. Тэр бол Тайтгаруулагч. Тэрээр таны зүрх сэтгэлд амар амгаланг авчирна. Тэр үнэнийг гэрчилж, Их Эзэний үгийг сонсож, уншихад юу үнэн бэ гэдгийг танд батлах болно.

“Хувийн илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй хэмээн би та бүхнээс дахин гуйж байна” 2 гэж хэлсэн.

Олон жилийн өмнө хувийн тэмцлийн сүнслэг сургалт, залбирлынхаа хариултаар дамжуулан би энэхүү бодит байдал, үнэний талаар мэдэж авсан юм. Бурхан биднийг цаг агаарын эргүүлэг, шуургыг олж харах, тэдгээрт бэлтгэхэд туслахаар бидэнд Ариун Сүнсний бэлэг, амлалт, хувийн илчлэлтийг өгсөн. Энэ нь өдөр тутмын амьдралд маань “[бид]ний хийвэл зохих тэр бүх зүйлийг [бид]энд үзүүлэх”3 чадалтай, үнэлж баршгүй бэлэг юм.

Би өсөх насандаа илчлэлт нь над шиг залуу хүмүүст биш, харин бошиглогч, төлөөлөгч, бишоп, ахмад хүмүүс зэрэг зөвхөн Сүмийн удирдагчдад зориулсан зүйл гэж боддог байлаа. Өнөөдөр би өөрөөр ойлгодог болсон бөгөөд би энэ орой хувийн илчлэлт нь бидний эрэлхийлбэл зохих адислал болохыг гэрчилж байна. Бидний зүрх сэтгэл, оюун бодол даруу, сурах хүсэлтэй, Есүс Христэд итгэх итгэлд нээлттэй байвал бид үнэнийг заалгаж, Ариун Сүнсээр удирдуулах болно. Та нарын заримд Бурханы удирдагч хоолойг сонсох зохисгүй гэж санагддаг байж магадгүй. Та нар Бурхан Өөрийн дуу хоолойг та нарт Лемен, Лемүел нар шиг “мэдэгдэх” болгохгүй гэж мэдэрдэг байж магад. Үүнд бүү итгэ! Түүний Сүнсийг бүх хүн хүлээн авах боломжтой. Саяхан ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Бид Бурхан туслахаас нь өмнө, сайн сайхан эсвэл чадварынхаа хамгийн доод үеийг … гүйцэлдүүлэх хэрэггүй. Өдөр бүр, цаг мөч тутамд тэнгэрлэг тусламжийг хүлээн авч болно.”4 Бурхан ямар ч нөхцөл болзол тавилгүй тантай хаа байгаа газарт тань уулзах болно. Есүс “Асуу тэгвэл та нар хүлээн авах болно”5 хэмээн хэлсэн. Мэдээж, та нарыг Түүний зарлигуудыг ойлгон, дагахыг даруу бөгөөд шаргуу эрэлхийлэх үед тэнгэр илүү ойртож, илүү нээгддэг.

Таныг Сүнсний танд өгч буй бүхий л өдөөлтийн дагуу зоригтой үйлдэх үед таны болон бусдын амьдрал адислагдах болно. Надад энэ үнэнийг заасан нэгэн туршлагаасаа хуваалцахыг минь зөвшөөрнө үү. Олон жилийн өмнө том охиноо Ютагийн Их Сургуулийн оюутан байхад нэгэн шөнө би тайван гэгч сэрээд, тэр даруйд охиныхоо талаар амар тайван мэдрэмжийг хүлээн авсан юм. Би сэрүүн байж, ямар ч айдас мэдрэлгүй, зөвхөн охиноо хайрлах хайрыг мэдэрч байсан хэдий ч түүнд аюул тулгарч байж магадгүй гэсэн сэтгэгдэл төрж билээ. Бид Коннектикутад амьдардаг байсан бөгөөд охин маань Ютад, улсын маань бүр нөгөө талд байлаа. Тэгтэл “Цагдаа дууд. Түүний амьдардаг газрыг шалгах цагдаагийн машиныг явуулаач гэж гуй” гэсэн бодол надад төрсөн юм. Учрыг нь ойлгох гэж хичээн хэдэн хором эргэлзэж байтал “Цагдаа дууд” гэх дууг би дахин сонсов. Тэгээд би хэлснээр нь хийсэн. Би цагдаа руу залгав. Би яагаад шөнө дунд ийн залгаж гуйгаад байгаа учраа офицерт тайлбарлаж чадахгүй байсан ч охины минь байрны эргэн тойрныг шалгах машин явуулбал би үнэхээр талархах болно гэдгээ хэлэв. Түүнийг надад тэгнэ гэдгээ хэлэхэд нь би тайвширч, орондоо орсон юм. Маргааш нь би шөнө дунд юу болсныг ч саналгүй сэрлээ.

Хэдэн өдрийн дараа бид Юта руу аялж очоод, зочид буудал руугаа машинаар явж байхдаа цагдаа нар Ютагийн Их Сургуулийн хотхоны ойролцоох байранд гарсан халдлагатай холбоотой нэгэн эрэгтэй хүнийг баривчилсан гэхийг радиогоор сонсов. Тэр долоо хоногийн нэг орой нэгэн залуу эмэгтэй эмгэнэлтэйгээр алуулсан тухай мэдээлсэн юм. Миний зүрх зогсох шиг болж, би хэд хоногийн өмнө шөнө дунд цагдаа руу залгаснаа даруйхан санав. Тэр шөнө хэрэг болсон шөнө байсан эсэхийг би мэдээгүй. Тэр газар нь хэргийн бай байсан эсэхийг би мэдээгүй. Тэр шөнө яг юу болсныг би хэзээ ч мэдэж чадахгүй. Гэхдээ намайг шөнө дунд сэрээж, утасдахыг шаардсан чимээгүй нудралт аюултай нөхцөл байдлын үеэр охины минь аюулгүй байдлыг хангахад тусалсан гэдгийг би мэднэ.

Амьдралын шуурга заримдаа дийлдэшгүй санагдаж магад ч яг одоо таны амьдралд санваарын болон Ариун Сүнсний бэлгийн хүчээс илүү хүч үгүй. Аврагчийн Цагаатгалынхаа шөнө Эцэгийн үнэлж баршгүй бэлэг болох Ариун Сүнс та нарын бодгальд “амар амгалан,” “тайтгарлыг” авчирч, “бүгдийг зааж” мөн “та нарт хэлсэн бүгдийг минь сануулах,”6 “та нарыг бүхий л үнэн өөд удирдах,” “ирэх зүйлийг та нарт мэдүүлнэ” 7 хэмээн заасан. “[Бидний] бодгалийг баяраар дүүргэх”8 гэж Ариун Сүнсийг бидэнд өгсөн.

Эдгээр адислал намайг даруусгаж, үе үе баяр хөөрөөр бялхуулдаг. Ерөнхийлөгч Нэлсон биднийг амьдралдаа Ариун Сүнсээр дамжуулан Бурханы дуу хоолойг сонсож, хувийн илчлэлт хүлээж авч болох бүхнийг хийхэд урьж байгаа нь гайхах зүйл гэж үү? Та нар сүүлийн гурван жилийн Ерөнхий чуулган хувийн илчлэлт болон таны амьдрал дахь Сүнсний бэлгийг танихыг зөвлөсөн сэдэвтэй байсныг анзаарсан уу? Бидний гэрчлэл, амьдралыг гэрэл болоод сүнсний өөрсдийн маань хувийн, зорилго чиглэл бүхий бэлэгтэй хобон уях талаар зөвлөсөн тэдний зөвлөгөөний төлөөө би гүнээ талархаж байна.

Ирэх он жил, хоног өдрүүдэд та нарын амьдралд Сүнс оролцож, ярьдаг болохдоо өөр өөр арга замаар илрэх тохиолдлууд гарах болно. Тэдгээр сэтгэгдлийг тоомсорлохгүй өнгөрч болохгүй. Энэ нь жижигхэн шивнээ эсвэл зөөлхөн нудралт байж болно. Энэ нь ямар нэг мэдрэмж эсвэл бодол эсвэл бүр шууд хандсан, тодорхой заавар ч байж болно. Энэ нь дахин дахин төрөх сэтгэгдэл эсвэл нэг хүний нэр байж болно. Ариун Сүнс таны оюун бодлыг гэгээрүүлэх ухаан, ойлголтын тэсрэлтийг гарцаагүй авчирдаг билээ. Би энэ илрэлүүдийн ихэнхийг өөрөө мэдэрсэн бөгөөд хэрэв хэн нэгний нэр эсвэл царай санаанд минь орж ирээд байвал тэр хүн рүү утасдах хэрэгтэй гэдгээ мэддэг болсон. Би тодорхой тайлбар эсвэл үр дүнг байгаа эсэхийг харж мэдэхгүй байсан ч надад төрсөн бодол, өдөөлтийг дагаж сурсан. Сүнс надад зарим газар луу явахгүй байхыг мөн зарим хүмүүс болон үйл ажиллагаанаас зайлсхийхийг сануулдаг байсан. Танд шивнэх, тантай ярих Сүнстэй байх ийм туршлага насан туршийнх байдаг. Хичээн чармайж, хүч хөдөлмөр гаргахгүй бол амжилт өөрөө хүрээд ирэхгүй. Юу сонсож, хэрхэн чиглүүлэгдэж байгаагаа ялган танихад суралцахад олон удаагийн оролдлого хэрэгтэй.

Яагаад би энэ тухай та нарт ярихаар сонгосон бэ? Бид тэнгэрийн хаяагаарх цаг агаарын бүхий л ноцтой хэлбэрүүдийг бүрэн харж эсвэл сонсож мөн бидний өмнө байгаа бүхий л нөхцөл байдлуудыг үргэлж мэдэрч чаддаггүй шиг, хэрэв бид нөхцөл байдлыг ойлгохын тулд зөвхөн эгэл нүд, эгэл чихээ ашиглавал амьдралын хүчнүүдэд болон биднийг тойрох шуургануудад бэлтгэж чадахгүй. Бидний сонсох, мэдэх, ойлгох ёстой цорын ганц жинхэнэ хэл бол Сүнсний хэл юм гэдгийг би ухаарсан. Та нар амьдралдаа тэрхүү хэлийг төгөлдөржүүлэх болтугай. Ингэснээр та нар шаардлагатай бүхий л зүйлд удирдуулж, хамгаалагдаж, өргөгдөх болно.

Хайрт найзууд, ах, эгч нар минь, би эрдэмтэн биш. Би сударт гарамгай нэгэн биш. Харин би бол итгэгч хүн. Энэ бол Есүс Христийн үнэн бөгөөд амьд сүм гэдгийг, илчлэлт бол бодитой, тэнгэр та нарт нээлттэй байдаг гэдгийг би мэднэ. Есүс Христ бол миний Аврагч гэдгийг би мэднэ. Тэр бол таны Аврагч бөгөөд таныг адисалж, хамгаалж, танд зуучилж, таныг чиглүүлж, өргөж дэмжихийг хүсдэг. Хэн ч таныг ойлгохгүй байх үед Тэр ойлгож байдаг. Тэр сайн ойлгодог. Би та бүхнийг Аврагчаас зугталгүй, харин өдөр бүр Түүн рүү эргэхийг чин сэтгэлээсээ уриалж байна. Та мэдэх бүх үнэнд итгэх итгэлтэйгээр Түүнд ханд. Таны эргэлзээ, айдас эсвэл таныг нойргүй хонуулдаг зүйлсээс болж Ариун Сүнсний хамгаалалт, хүч, түүнчлэн бидний Аврагч Есүс Христийн амлалтаас өөрийгөө бүү холдуул. Та нар нэг бүрчлэн Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христээр жинхэнээсээ хайрлагддаг. Та нарын хүн нэг бүрийг Тэнгэрлэг Эцэг болон бидний Аврагч үнэхээр хайрладаг.

Бурхан урьд нь хэзээ ч хариулж байгаагүйгээр таны залбиралд хариулж, амьдрал тань урагшлахад хэрэгтэй байгаа Ариун Сүнсний бүх бэлгийг өгөх болтугай хэмээн би залбирч байна. Бартаатай хатуу ширүүн өдрүүд ирэх болно. Гэхдээ та нарыг тэнгэр, газрын бүхий л хүчийг эзэмшигч Түүн рүү хандах үед цэнхэр тэнгэр, зөөлөн салхитай үзэсгэлэнтэй, хөгжилтэй, амар амгалан олон өдөр ирэх болно.

Би үүнийг хайраар бидний Аврагч Есүс Христийн ариун нэрээр хэллээ, амен.

Хэвлэх