Зөв шударга хүслээ сонгох нь
Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт
2020 оны 5-р сарын 3-ны ням гараг
Хайрт ах эгч нар аа, юуны өмнө би үзэсгэлэнтэй эхнэртээ гайхамшигтай зөвлөгөө өгдөгт нь талархахыг хүсэж байна. За, баярлалаа.
Энэ үдэш та нартай хамт байхад тун сайхан байна. Бид ер бусын цаг үед амьдарч байгаа бөгөөд та бүхэн энэ үеийн төлөө өсөж өндийсөн гэдэгт би үнэхээр итгэдэг. Саяхан ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Энэ бол Сүмийн түүхэн дэх залуучуудын хамгийн агуу үеийнхэн гэдэгт би итгэдэг. Би үнэн гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг”1 хэмээн хэлсэн. Та нар бол энэхүү түгшүүртэй цаг үед дэлхийг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлдэхэд туслахаар өсөж өндийсөн онцгой үеийнхэн юм. Тэрээр та нарыг мэддэг бас хайрладаг.
Бидний цаг үе
Өнөө орой биднийг энэхүү шууд нэвтрүүлэгт хүрэлцэн ирэхэд Сүнсний талаар болон хувийн илчлэлтийн тухай мянга мянган асуулт твиттерээр ирчихсэн байгаа гэж хэлэв. Та бүхэн эхнэр бид хоёрын ярихыг сонсож байхдаа асуултуудынхаа хариултыг авна гэж найдаж байна. Багш болох Ариун Сүнс тэр асуултуудад хариулах боломжтой байгаасай хэмээн би залбирч байна.
Бид дэлхий даяар сүүлийн сар, өдрүүдэд зовлон шаналал, тодорхой бус байдал, үймээн самуун, бэрхшээлийг даван туулж байна. Эдгээр нь эртнээс зөгнөн хэлсэн цаг үе бөгөөд бидний Аврагчийн гайхамшигт Хоёр дахь ирэлтээр төгсгөл болох юм. Есүс Өөрөө энэ цаг үеийг бошиглосон. Тэрээр “Мөн та нар тэрчлэн дайнуудын тухай, бас дайны цуурхлуудын сонсох болно; та нар тэвдэн сандрахгүй байхаа мэдэгтүн, учир нь миний ярьсан бүхэн тохиох ёстой. … Болгоогтун бибээр өөрийн сонгосон хүмүүсийн төлөө ярьж байна; учир нь үндэстэн үндэстний эсрэг босох болно. …; янз бүрийн газарт өлсгөлөн, өвчин тахал, бас газар хөдлөлт байх болно. … Мөн хүмүүний хайр хөрнө. … [Бүх зүйл] гүйцэлдэх болно”2 хэмээн хэлсэн билээ. Би үүний талаарх нэгэн үзэл бодлыг хуваалцмаар байна. Энэ бол манай Сүмийн түүхийн нэг юм.
Аманда Барнэс Смит, түүний нөхөр Варрэн хоёр таван хүүхэдтэйгээ хамт Миссури руу аялж байхдаа Сүмийн шинэ хөрвөгчид байв. Тэд танхайрагчдыг ирээд, эрэгтэйчүүд, хөвгүүдийг олноор нь хороохоос хэдхэн хоногийн өмнө Ханс Милл дэх гэгээнтнүүдтэй нэгджээ. Амандагийн нөхөр, 10 настай хүү хоёр нь тэдгээр алагдсан хүний дунд байсан. Бага насны хөвгүүдийнх нь нэг бас хүндээр гэмтэв. Аманда шархадсан хүүгээ хэрхэн эмчлэх талаар хүчирхэг илчлэлт хүлээн авчээ. Энэхүү их гай зовлонгийн үед тэрээр ийн бичиж үлдээжээ.
“Энэхүү гутрал, ганцаардлын үед эмэгтэйчүүд бид залбирахаас өөр юу хийж чадах билээ дээ? Залбирал бидний тайтгарал, олж авах цорын ганц эх сурвалж, харин Тэнгэрлэг Эцэг минь бидний цорын ганц туслагч байсан. Өөр хэн ч биш, зөвхөн Тэр л биднийг аварч, чөлөөлж чадна.
Нэг өдөр танхайрагчид тээрмээс захирагчийн тогтоол барьсаар ирлээ. [Тэр хараал урсгасаар,] ‘Эмэгтэйчүүд та нар залбирахаа зогсоохгүй бол захирагч та нарын хүн нэг бүрийг хороохоор залуусаа илгээнэ шүү!” гэж хашхиран хэлэв.
Тэрбээр их гай гамшгийн үеэр ядарсан эмэгтэйчүүд бидний залбирахыг болиулахын тулд үнэхээр хороох ч байсан байх.
Бид айж эмээн, чимээгүй залбирах болов. Бид байшин дотор сонсогдохоор залбирч ч зүрхлэхгүй байлаа. Би орондоо юм уу дотроо дуугүйхэн залбирч болох байсан ч ийм байдлаар удаан байж чадахгүй байв. Бурхангүй, нам гүм байх нь тэрхүү аллага болсон шөнийнхөөс ч илүү тэсэшгүй бэрх байлаа.
Эцэст нь миний тэвчээр барагдав. Би өөрийн дуу хоолойгоор Тэнгэрлэг Эцэгтээ хандан, өргөх хүсэлтээ дахин сонсохыг үгүйлж байлаа.
Би эрдэнэ шишийн талбай руу нууцаар очоод, [нуруулдсан] эрдэнэ шиш руу мөлхөж оров. Яг тэр мөчид энэ газар миний хувьд Их Эзэний ариун сүм байсан юм. Би чин сэтгэлээсээ чанга залбирав.
Намайг эрдэнэ шиш дундаас гарч ирэхэд нэгэн дуу хоолой надтай ярьсан юм. Энэ нь миний урьд өмнө сонсож байсан шиг жирийн нэгэн дуу хоолой байсан. Энэ нь чимээгүй, сүнсний хүчтэй мэдрэмж биш, харин нь [бидний] сүмийн дууллын дараах шүлгийг давтан хэлж буй дуу хоолой байв.
Нэг хүн, бие бодь Есүс дээр хүрч ирэх цагт
Түүнийг би дайснуудынх нь гарт орхихгүй.
Нэг биеийг там эс орхин, тарчлаан, зовоовч
Түүнийг хэзээ ч, үгүй хэзээ ч орхихгүй!3
Энэ цагаас эхлэн надад ямар ч айдас үгүй болов. Намайг юу ч өвтгөн зовоож чадахгүй мэт санагдаж байлаа.”4
Ийм цаг үе түгшүүртэй байж болох ч Аманда Барнэс Смитийн үнэн байсан зүйл таны хувьд ч гэсэн үнэн гэдгийг мэдэж аваарай. Таны эргэн тойронд ямар үйл явдал өрнөж, та ямар зовлон зүдгүүр үүрч гарах хэрэгтэй гэдгээс үл хамааран Бурхан залуур дээр байдаг. Тэр таныг орхихгүй бөгөөд та Түүнд итгэлтэй байж, дуу хоолойгоо өргөж байгаа цагт айх хэрэггүй. Энэ бол өнөө орой миний та нартай ярихыг хүссэн зүйл юм.
Миний эхнэрийн нүдний шил
Дахин хэлэхэд, өнөө орой би эхнэртэйгээ надтай хамт байгаад талархаж байна. Тэр эмэгтэй бол миний амьдрал. Бид олон жилийн өмнө ахлах сургуульд байхдаа танилцсан. Ахлах сургуулиа төгссөний дараа тэр маань Айдахогийн Рэксбург дэх Рикс коллежид сурахаар, харин би Ютагийн Прово дахь Бригам Янгийн Их Сургуульд сурахаар явсан. Сургуульд орсон анхныхаа жил би Рексбург рүү амралтынхаа нэг өдөр түүн дээр машинаараа давхиж очихоор шийдлээ. Тэр минь надад чухал сургамж болох зүйл заасан юм.
Рэксбургт байхдаа би түүнийг суудлын машингүйг мөн машин бариагүй их удсаныг олж мэдэв. Амьдардаг байрнаас нь гарах үед тэр надаас машиныг чиинь барьж болох уу гэж асуулаа. Би “Мэдээж” гэж хариулав. Бид төд удалгүй амьдардаг газартай нь ойролцоо байдаг толгодоор уруудаж эхэллээ. Толгодоор уруудаж явах замынхаа дунд ирээд, тэр надаас “Гудамжны төгсгөлд зогс гэсэн тэмдэг байна уу?” гэж асуув. Зогс гэсэн тэмдэг маш тод харагдаж байсан ба би тэр даруй “Тийм ээ, зогс гэсэн тэмдэг байна” гэж хариулав. Тэр: “Тэгж бодсон юм аа. Гэхдээ надад харагдахгүй байсан юм” гэв. Би “Яагаад чамд харагдахгүй байгаа юм?” гэж асуухад тэрээр “Би шилээ орхичихож. Шилгүйгээр би сайн харж чаддаггүй юм” хэмээн хариуллаа. “Яагаад чи шилээ зүүгээгүй юм бэ?” гэж намайг түүнээс асуухад “Яагаад гэвэл, шил зүүхэд надад зохидоггүй. Гэхдээ зүүхгүй бол юу ч харахгүй гэдгээ би мартчихаж” гэв. Би хариуд нь “За, би жолоодсон нь дээр юм байна аа” гэж билээ. Сайн харахгүй л бол чи үргэлж аюулд орох болно гэсэн энгийн сургамж байсан юм.
Харин одоо би та бүхнээс “Та амьдралаа хэрхэн жолоодож байна вэ?” гэж асууя. Та амьдралыг бодитоор тодорхой гэгч харахад хэрэгтэй шилээ зүүгээд, амьдралаа жолоодож байна уу? Эртний хот болох Лаодик дахь гэгээнтнүүд нүдэнд тусаж, ил харагдахаар гэм нүгэл үйлддэггүй байсан ч Их Эзэн тэднийг шавь байх замналдаа хайхрамжгүй хандаж байсныг зэмлэжээ. Тэд дэлхийн ололт амжилт, ноу-хаугаар бахархаж, өөрөөр өөрсдөдөө улам бүр сэтгэл ханаж, Бурханаас хараат бус болсон аж. Хэдийгээр хот нүдний эмчилгээгээр алдартай байсан ч Их Эзэн тэдэнд “харахын тулд нүдээ тосол”5 хэмээн хэлжээ. “Би өөрийнхөө амьдралыг Бурханы үнэн, зарлиг, гэрээнүүдийн дагуу харж байна уу эсвэл өөрийн нүдээр харж байна уу?” гэдэг нь бидний хүн нэг бүрийн хувьд чухал асуулт мэт санагддаг. Би өдөр бүр залбирал, Сүнснээс ирэх хувийн илчлэлтээр дамжуулан сонсогдох Түүний дуу хоолойд анхаарлаа хандуулж байна уу? Эсвэл өөрийн болон Бурханы, тэр ч бүү хэл Түүний бошиглогчдын арга замыг цагаа олоогүй, уйтгартай, хэрэгцээгүй, хачин, сэтгэл татам биш, хүйтэн хөндий, бүр дэлхийнхний хэлдгээр хуурамч, үзэн ядмаар хэмээн хашхиралдах энэ дэлхийн мэргэн ухаантнуудын дуу хоолойд анхаарлаа хандуулж байна уу?”
Иосеф Смит нэгэн удаа: “Чөтгөр гэгээнтнүүдийг урхидахын тулд хамгийн хүчтэй арга чаргаа хэрэглэнэ. … Тэрээр Бурханы тааллыг дагадаг хүмүүсийг хачин жигтэй гэж харагдахаар юмсыг хувиргах болно” хэмээн хэлжээ. Бурханы тусламж, илчлэлтгүйгээр та “тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь, мөн … үнэхээр байхаар нь” 6 харж чадахгүй. Дайсан Бурханы тааллыг дагадаг хүмүүсийг хачин жигтэй мэт хараасай гэж хүсдэг. Тэр таныг аливаа зүйлсийг байгаагаар нь, ямар байхаар нь харж, ойлгуулахыг хүсдэггүй. Мөн тэр таныг Бурханы маш их хайрладаг охин, хүү гэдгээ олж харахад саад болохыг эрмэлздэг. Түүний хүсэл бол дэлхийн дээр өөрийн эрхшээлийг тогтоох, Бурханд сэтгэл зүрхээ хагас дутуу хандуулах, ялангуяа өөрийгөө болон өөрийн амьдралын замналыг ямар нэгэн улс төр, соёл, өөр бусад дэлхийн зүйлийн хойноос хөөцөлдөх байдлаар эсвэл бүр зүгээр л хэнэггүй тоомсоргүй байгаасай гэх хүсэл юм.
Би өөрөөсөө “Лемен, Лемуел хоёрыг итгэгч болоогүй байхад юу Нифайг итгэлтэй нэгэн болгосон юм бол?” гэж олон удаа асуудаг байсан. Ах, дүү гурав нэг л буянт сайн эцэг эхээс төрсөн. Нэгэн шөнө би асуултынхаа хариултыг сонссон юм. Тайландын Бангкок хотод намайг ерөнхийлөгч М.Рассэлл Баллардтай хамт томилолтоор явж байхад тэр дараах судрыг хуваалцаж билээ.
“Би, Нифай, … Бурханы нууцыг мэдэх асар их хүсэлтэй байсны учир, иймийн тул, би Их Эзэнд хандаж гуйн залбирав; мөн болгоогтун тэрбээр надад зочлов, бас зүрх сэтгэлийг минь зөөллөсний учир би эцгийн ярьсан бүх үгсэд итгэсэн авай; иймийн тул ах нарынхаа адил би түүнийг эсэргүүцсэн нь үгүй.”7
Энэ бол миний хариулт байлаа. Бурхан Өөрийгөө бидний хүслийн дагуу үзүүлдэг. Нифай юу юунаас илүүтэй Бурханы үнэнийг болон нууцуудыг мэдэхийг хүссэн бөгөөд Түүний оршихуй, баяр баясгалан, үнэнээр адислагдсан. Харин Лемен, Лемуел хоёр дэлхийн эд зүйлсийг хүсэмжлэн, үүнийхээ үр дүнг амссан. Хэрвээ та Бурхантай хамт байхыг хүсвэл өөрийн хүслийг Түүнийхтэй нийцүүлэх ёстой.
Зүрх сэтгэлийнхээ хүслийг хаана юун дээр байрлуулах нь амьдралдаа хэрхэн урагш ахих, даван туулахын аль алиныг тодорхойлно. Тиймээс энэ орой би таныг хөрвөгдөх, бусдыг хүчирхэгжүүлэх асар их хүслээр амьдралаа бүтээх сонголт хийхэд урьж байна. Энэ нь Аврагч Өөрийн тэргүүн төлөөлөгч Петрээс “Симон оо, Симон оо, … чамайг буудай мэт шигшихийн тулд Сатан зөвшөөрөл гуйсан. Гэсэн ч итгэл чинь цөхрөхгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул”8 хэмээн хүссэн тэр зүйл гэдгийг та нар санаж байгаа байх.
Хөрвөгдөх, бусдыг хүчирхэгжүүлэх хүсэл
Арван хоёр төлөөлөгчийн ахмад гишүүн номлолын ерөнхийлөгчөөр намайг үйлчлүүлэх хүсэлтэй байгаа талаар эхнэр бид хоёртой ярилцлага хийж байсан тэр мөчийг би хэзээ ч мартахгүй. Бидний амьдралд олон зүйл болж өнгөрсөн. Ярилцлага болох үед бид гэр бүлийн нэлээд хүнд асуудалтай байв. Бид бас ихээхэн анхаарал, хөрөнгө мөнгө шаардсан дэлхийн хэмжээний томоохон хүмүүнлэгийн ажилд оролцож байсан бөгөөд би олон улсын хөрөнгө оруулалтын бизнесийн ахлах менежер түншээр ажиллаж байлаа. Бид хийж чадах бүхнээ аль хэдийн хийчихсэн байна гэж би боддог байв. Бид хоёр тэр өдөр хайрт төлөөлөгчтэйгөө хамт суун, тухайн үед өрнөж байсан зүйлсийг эргэцүүлэн бодсоны эцэст бидний хувьд одоо номлолд үйлчлэхэд тохирох цаг биш гэдгийг эелдэг хэлсэн юм. Мөнөөх Арван хоёр төлөөлөгчийн гишүүн ямар ч эргэлзээгүйгээр эхнэр лүү минь харан, “Линэтт, та гайхамшигтай сайн номлогч бас нөхрийнхөө хамтрагч болно” гэж хэлээд, над руу харж, “Та нэг л сайн ойлгохгүй байх шиг байна. Их Эзэн өөрийг тань хүмүүсийн амь амьдралыг аврахад дуудаж байна. Та нэг бол гэрээний дагуу, нэг бол өөрийн тав тухаар амьдарна. Үйлчлэхэд тохиромжтой цаг гэж огтхон ч байдаггүй юм. Энэ бол итгэлтэй холбоотой асуудал. Их Эзэний хувьд эн тэргүүнд тавигддаг зүйлсийг гүйцэлдүүлэх юм бол Тэрээр амьдралд тань хэрэгтэй бүхнээр адисална гэдэгт та итгэдэг эсвэл итгэдэггүй юм байна” гэж хэлэв.
Би тэнд дуугаа хураагаад, гайхшаа баран, сууж байж билээ. Дөнгөж сая надад Их Эзэн амьдралыг маань аврахыг хичээж байгаа гэж хэлсэн байв. Амьдрал минь сайхан байсан ч тэнцвэр нь нэлээд алдагдсан байжээ. Төлөөлөгчийн ажлын өрөөнөөс гараад, Линэтт бид хоёр гэртээ очиж, амьдралаа хэрхэн авч явах тухайгаа залбираад, эргэцүүлэн бодож билээ. Бид үйлчлэх, гэрээний дагуу амьдрах, Их Эзэний биднээр хийлгэхийг хүссэн бүхнийг хийх сонголтыг тэр даруй хийсэн. Гэрээний дагуу амьдрах амьдрал бол өөрийн гаргасан хөтөлбөрийн дагуу бус, харин Бурханы хувьд эн тэргүүнд тавигддаг зүйлсэд нийцүүлэн, илүү тэнцвэртэй амьдрах явдал юм. Тэр цагаас хойш бидний амьдрал өмнөхөөсөө өөрчлөгдсөн. Бид Түүний хайр, зааварчилгаагаар бүрэн дүүрэн адислагдсан билээ. Хэрвээ та Түүний гэрээний зам дээр итгэлтэй хэвээр үлдэх юм бол яг энэ адислалыг та нар ч мөн хүртэнэ гэдгийг би баттай мэднэ. Бурхан таны амь амьдралыг аврахыг хүсдэг.
Хөрвөгдөн, өөрийн ая тухаар бус гэрээний дагуу амьдарна гэдэг нь юу гэсэн үг вэ? Есүс “Санаа бодол болгондоо над уруу харагтун”9 хэмээн хэлсэн. Нэгэн мэргэн багшийн надад нэг удаа айлдсанаар “Тэрээр ‘Миний тухай хааяа нэг бодож байвал Миний сүнс чамтай хамт байна’ гэж хэлээгүй. Тэрээр ‘Та нар намайг үргэлж санах аваас, миний Сүнс та нартай хамт байх болно’”10 гэж хэлсэн. Энэ нь та Түүнийг санах юм бол тулгарч буй ямар ч жижиг сажиг эсвэл ноцтой саад бэрхшээл байхаас үл хамааран тэнгэрийн хүч өдөр бүр танд туслахад үргэлж бэлэн байх болно гэсэн үг юм. Үүнд аливаа төрлийн донтолт, айдас, өөртөө итгэлгүй байдал эсвэл өмнө тань байх дааж давшгүй мэт санагдах хана хэрэм ордог. Тиймээс та Түүнийг илүү бүрэн дүүрэн санаж, үүнийг хэрэгжүүлэхийн тулд юу хийх нь хамгийн чухал болох талаар одоо тунгаан бодно уу.
Багын сайн найз маань намайг эхнэртэй минь танилцуулсан юм. Би ахлах сургуульд байхдаа найзыгаа Сүмийн гишүүн болгохоор баптисм хүртээж байсан боловч сайн мэдээний дагуу бүрэн амьдрах нь түүний хувьд үргэлж хэцүү байсан. Тэрээр айхтар муу зүйл үйлддэггүй байсан нь үнэн ч үргэлж өөрийгөө тийм ч ноцтой муу зүйл хийгээгүй хэмээн зөвтгөдөг байв. Гэхдээ нэгэн шөнө тэрээр үдэшлэг дээр хэтрүүлэн ууснаасаа болж санамсаргүйгээр хаднаас унан, нас барсан юм. Тэрээр тухайн үед та нарын олонхтой адил залуухан байсан. Хэрэв тэр өөрийнхөө ая тухыг харахгүй, гэрээний замын дагуу явсан бол амьдралд нь энэ эмгэнэлт явдал тохиолдохгүй байх байсан.
Та Бурханы зарлигуудтай холбоотой шугамыг өөрийн амьдралын хаагуур татдаг вэ? Бидний ихэнх нь амьдралыг хурдны замын хязгаарлалтыг дагаж мөрддөгтэй адил үзэж байж болох юм. Яг заасан хурдны хязгаарын дагуу жолоодъё гэж хүмүүс боддог уу? Үгүй. Харин үүний оронд бид торгуулийн хуудас авахгүйгээр заасан хязгаараас хэр хурдан давхиж болохыг мэдэхийг хүсдэг. Миний сайн найз ийм л байдлаар амьдарсан. Сайн мэдээнд бид шугамыг давж гарахгүйгээр дэлхийн зүйлсийг хэрхэн хүлээн авч болох талаар хэзээ ч бодох хэрэггүй. Бид ердөө л дэлхийн зүйлсийг орхих хэрэгтэй.
Зөвхөн Бурханы гэрээг өөр дээрээ хүлээн авсан үед таны нүд энэ дэлхийн үймээн самуун дундаас тод томруун, бүрэн гүйцэд харах боломжтой байх болно. Библид “Бурханыг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих явдал юм”11 гэж заадаг. Гэрээний дагуу амьдардаг хүмүүс төгс байдлаар амьдардаггүй, харин өдөр бүр наманчилснаар амьдралаа цэвэршүүлдэг. Ийм цэвэршүүлэлт нь Бурханы баялаг адислалыг болоод тэнгэрийн хүчийг тэдэнд нээж өгдөг. Энэхүү түгшүүртэй цаг үед Бурханы чиглүүлэг, хүч хэрэггүй хүн та нарын дунд байна уу?
Хэдэн жилийн өмнө өвчтэй байсан бизнесийн нэг хамтрагч маань ерөнхийлөгч Боид К.Пакэртыг гэрт нь адислал өгөхөөр ирсэн тухай надад хэлсэн юм. Тэрээр “Түүнийг машин руу нь гаргаж өгөхөөр хамт явж байхад ерөнхийлөгч Пакер ‘Гетсеманиас түргэн ирэх гэж битгий яар. Тэндээс сургамжаа аваарай’ гэж хэлсэн” талаар надтай хуваалцаад, “Тэр үүгээр юу хэлэх гэсэн юм бол гэж чи бодож байна вэ?” гэж надаас асуув. Намайг хариулахын өмнө тэрээр “Бид Бурханы тааллыг гүйцэлдүүлэх хэрэгтэй гэсэн утгаар тэр хэлсэн байх. Үүнийг л би хийхийг хүсэж байна” хэмээн нэмж хэлсэн юм.
Хамтрагчийгаа эдгээр үгийг хэлэхэд би түүний зөв байсныг мэдэж байлаа. Бид Бурханы тааллын дагуу амьдрах уу эсвэл өөрсдийнхөө хүслийн дагуу үйлдэх үү гэдэг нь бидний амьдралын эцсийн сорилт юм. Олон жилийн өмнө Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл “Түүний тааллыг дуулгавартай дагах нь Бурханы тахилын ширээнд өргөх бидний нэн хувийн онцгой өргөл юм”12 гэж заасан.
Бурханы тааллыг гүйцэлдүүлэхэд бэлэн байна гэдэг нь ямар утгатай вэ? Аврагчийн Гетсеманийн цэцэрлэг дэх туршлагаас харахад, Бурханы таалалд нийцүүлэх гэдэг нь зарим талаараа Бурханы биднээр хийлгэхийг хүссэн бүхнийг тэр бүү хэл бүр бидний өөрсдийн буруугаас болоогүй ч гэсэн тэсэж тэвчээсэй гэж хүссэн үед ч зовж, эцсээ хүртэл тэвчихэд бэлэн байх ёстой гэдгийг ойлгох ёстой гэдэгт би итгэдэг. Үүнд бие махбодын хөгжлийн бэрхшээл, дур хүсэл, буруу найз нөхөд, удирдагчид, тэр ч байтугай гэр бүлийнхнээс ирэх гүтгэлэг, шүүлт эсвэл цохилт гэх мэт зүйлс орно.
Гетсеманийн цэцэрлэгт Тэнгэрлэг Эцэг бидний Аврагчаас Өөрийн биш нүгэл, шаналлаар дүүрсэн гашуун аяганаас залгилахыг хүссэн. Энэ явцад Есүс Өөрийнх нь өмнө хүлээж байгаа зүйлд “түгшиж, шаналж эхлэв.” Тэрээр “үхтлээ зовж” шаналан, “боломжтой бол тэрхүү цаг хажуугаар нь өнгөрөхийг” хүсэн залбирч, Эцэгтээ хандан, “Танд бүх юм боломжтой. Надаас энэ аягыг алгасуулаач.” гэснээ “Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог”13 хэмээн нэмж хэлжээ. Бидний өдрүүдэд Иосеф Смитэд өгсөн илчлэлтэд Аврагч “Мөн намайг тэрхүү гашуун аяганаас уухгүй, мөн айснаас эргэн буцахад хүргэж болохоор байсан билээ. Гэсэн хэдий ч, алдар суу нь Эцэгт байх болтугай, мөн бибээр хүртэж мөн хүмүүний үрсийн төлөө өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан билээ”14 хэмээн хэлсэн.
Эцгийн бидэнд зориулан бэлдсэн зүйлсийг хэчнээн гашуун байсан ч хүртэж мөн дуусгах нь мөнхийн баяр баясгалан авчрах Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг юм. Тэнгэрлэг Эцэг таныг Өөртэй нь адилхан болоход туслах өвчин, зовлон шаналлын мөчүүдээс халхална гэж бодож байна уу? Ерөнхийлөгч Жон Тэйлор бошиглогч Иосеф Смитийг өөрт нь “Танд бүх төрлийн хүнд сорилт тулгарах болно. … Бурхан танд санаа тавьж, хамгаалж, зүрхний тань судас бүрийг чангалах болно” гэж хэлсэн гэжээ. Христийн шавь байна гэдэг нь бид “хүүхэд шиг хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн, бүр хүүхэд эцэгтээ захирагддаг шиг Их Эзэн [түүн] дээр ноогдуулах юуг ч хүлцэхэд бэлэн байх”15 гэсэн үг юм.
Бидний хайрт ерөнхийлөгч Нэлсон саяхан “Хэцүү цаг үе тохиох болно. Ирээдүйд итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн байх нь хэцүү байх бөгөөд ихийг шаардана. Бидний хүн нэг бүр соригдох болно. … Их Эзэнийг тууштай дагасан хүмүүс ‘хавчигдах болно.’16 Тэрхүү хавчлага таныг дуугаа хамхин, сул дорой байхад хүргэнэ эсвэл өдөр тутмын амьдралдаа илүү сайн үлгэр жишээ үзүүлж, зоригтой байхад нөлөөлнө.. Х… Амьдралын асуудлуудыг хэрхэн давж байгаа тань таны итгэлийн өсөлтийн нэг хэсэг юм”17 хэмээн хэлсэн.
Төлөөлөгч Паул “Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэрэл үү, аюул уу, илд үү?”18 гэсэн асуултыг тавьсан. Орчин үеийн хэллэгээр бид үүнийг “Би гэрлэх хүнээ олоход тулгарах бэрхшээл юм уу Бурханы хориглосон харилцаанд амьдрах хүсэл эсвэл Сүмийн түүхэнд тохиосон үйл явдал юм уу зарим удирдагч, багшийн алдаатай үйлдэл эсвэл дэлхийн хүсэл тачаал, ажлын байраа алдах юм уу хүнд өвчин, гай зовлон намайг Аврагчийг хичээнгүйлэн дагаж, Түүний Сүмд бүрэн оролцоход саад болох боломжийг олгоно гэж үү?” гэж асууж болох юм.
Таны бүх нүгэл, бүх өвдөлт, сул тал, сул дорой байдал бол ахлагч Максвэллын нэрлэснээр [Есүс Христийн] Цагаатгалын “сүрдмээр арифметикийн”19 буюу түүний хэлснээр зөвхөн “тоймгүй ихийг төгсгөлгүй байдлаар үржүүлснээр””20 (General Conference, April 1985) гарч ирэх тооцооллын нэгэн хэсэг юм. Таны тав тухгүй байдал эсвэл амьдралд ирэх зовлонгийн саад бэрхшээл хэзээ ч Түүнийхээс доогуур байхгүй. Тиймээс Аврагчийн мөрийг дагаж, Түүнтэй хамт “Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог”21 гэж хэлэх эсэх нь тэнгэрээс танд тавьдаг асуулт юм.
Үүнийг “Би Бурханд болон миний амьдралд зориулсан Түүний загварт итгэх үү?” гэж асуух замаар хэлж болно.
Та зовлон зүдгүүр, сорилт бэрхшээлтэй нүүр тулахдаа хэдийгээр эргэн тойрон дахь нөхцөл байдал тань өөрчлөгдөхгүй ч Бурханд таныг дэмжих бүхий л хүч бий гэдгийг санаарай. Тэрээр зүрх шимшрүүлэм цөхрөл дунд ч “Та нарын мөрөн дээр тавигдах ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол, … би түүнчлэн хөнгөлнө; Их Эзэн Бурхан би өөрийн хүмүүст тэдний зүдгүүрт үед зочилдгийг та нар гарцаагүй мэдэж болохын тулд би үүнийг хийх болно”22 хэмээн амласан. Их Эзэн үр ашигтай бүх үүд хаалгыг нээх; итгэлтэй холбоотой асуудал тулгарахад таныг урамшуулан зоригжуулах; ажилтай, боловсролтой болж, зөв зохистой амьдрахад тань хүчирхэгжүүлэх мөн өөрийн чадавхад хүрэхэд хэрэгтэй бүх зүйлд тань туслахад бэлэн гэдэгт бүү эргэлзээрэй. Аврагч зам “тавьж өгөх болно” гэж амласан.23 Өөр хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл танд ийн амлаж чадах болов уу? Түүний тааллыг даруухнаар дагах үед Тэр танд сурган зааж, тулж дэмжих болно гэдэгт найд.
Олон жилийн өмнө ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Итгэлийн үндэс суурь нь бидний зүрх сэтгэлийн нэгэн хэсэг болоогүй аваас эцсээ хүртэл тэвчих хүч чадал маань нурах болно”24 хэмээн гярхай ажиглажээ. Итгэл бол үйлдлийн зарчим мөн сонголт юм. Итгэл нь хэдэн уулзалтад оролцсоноор эсвэл хэдэн ёcлол сахиснаар хэмжигддэггүй. Тэр ч бүү хэл итгэл бол Бурхан, Есүс Христ хоёр амьд гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал биш. Таны итгэл бол Бурханд болон өөрийн Аврагч Есүс Христэд найдаж, Тэдэнд бүрэн тулгуурлах явдал билээ. Бид хувийн итгэл найдвар, Тэдэнд тулгуурладаг түвшингийнхөө дагуу тэвчин үлддэг эсвэл нуран унадаг.
Энэхүү итгэлийг Тэдэнд өсгөн нэмэгдүүлэхийн тулд өөрийгөө зөвтгөх аливаа зан авирыг амьдралаасаа арилгах хэрэгтэй. Та өөрийнхөө амьдралд эзэн болох хэрэгтэй бөгөөд бусад хүн таны үйлдэл, сонголтыг өмнөөс тань хийхийг бүү зөвшөөр. Таны харах өнцөг, хандлага, хариу үйлдэл, мэдрэмж, бодол, итгэл үнэмшил бол таны хяналтад байдаг зүйлс билээ. Гомдож, холдох нь Бурханаас ирдэг зүйлс биш. Түүний дуу хоолой үргэлж “Намайг дага!” хэмээн урьдаг. Бурхан ямар ч асуултад хариулт өгч, ямар ч сөргөлдөөнийг намжааж, ямар ч мөн бүх хувь хүнийг гэтэлгэхэд бэлэн байдаг. Түүгээр дамжуулан эмчлэгдэж чадахгүй ямар ч алдаа мөн сөргөлдөөн гэж үгүй. Дэлхий даяар байгаа 1,5 тэрбум орчим сайтуудад интернет хайлт хийлээ ч эдгээр нь энэ Сүм үнэн эсэхийг эсвэл Есүс Христ амьд эсэхийг хэлж чадахгүй бөгөөд зөвхөн Бурхан үүнийг танд илчилж чадна. Хамгийн төгсгөлийн мөр нь Бурхан надад нэг үнэнийг танд өөр нэг үнэнийг хэлэх болно гэж бичиж ч магад. Түүнийг чин сэтгэлээсээ, итгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр эрэлхийлэх аваас бид бүгдэд адил хариулт өгөгдөх болно. Та өөрийгөө зөвтгөхөө больж байх үедээ нэг талаараа үүнийг үйлдэж байдаг.
Би олон жилийн өмнө Африкт томилолтоор явж байхдаа нэг нь нөгөөгөөсөө нэлээн өндөр хоёр анаашийг ачааны машиндаа тээвэрлэж явсан нэгэн залуугийн тухай мэдээ сонссон юм. Тэр хурдны замаар явж байхдаа замын дээгүүр байрлах гүүрэн доогуур явж өнгөрөв. Гэвч нэг анаашийн хувьд гүүр хэтэрхий доор байрласан байжээ. Ачааны машиныг гүүрэн доогуур явахад өндөр анаашийнх нь толгой гүүрэнд цохигдож, тэр даруй үхсэн байв. Анаашийг хамгаалахын тулд яагаад анхаарал тавиагүйг хожим нь ачааны машины жолоочоос асуужээ. Тэр “Надад буруу байхгүй. Тэд гүүрээ хэтэрхий намхан барьсан нь буруу” гэж хэлсэн гэдэг.
Энэ эрийн өөрийгөө зөвтгөж байгаа нь хөгийн мэт санагдаж болох ч та өөрийн хийж байсан тааруухан сонголтыг үндэслэлгүйгээр зөвтгөж байсан уу? Юмсын байгаа байдлын төлөө намхан гүүрийг бүү буруутга. Үүний оронд бат бөх итгэлээ эсвэл Түүнд найдах найдвараа өсгөх замаар хэрэгтэй бүх хүч, адислал, тэнгэрийн амлагдсан гайхамшгуудаас хүрэх шаардлагыг хангаж, чадавхдаа бүрэн хүрэхийг эрэлхийл. Их Эзэн Иосеф Смитэд “Чи хичнээн олон удаа … Хүмүүний ятгалгад хөтлөгдсөн билээ. … Чи Бурханаас илүүгээр хүмүүнээс айх ёсгүй байсан билээ. Чи итгэлтэй байх ёстой байсан юм; мөн тэрбээр гараа сунган мөн дайсны бүх галт сумны эсрэг чамайг дэмжих байсан юм; мөн гай зовлон тохиолдох бүрийд тэрбээр чамтай хамт байх байсан юм”25 хэмээн хэлсэн.
Эцэст нь, би өөрөө өөрийгөө шинжиж судлах хүрээнээс гарч, гэрээний дагуу амьдарч, Бурханы таалалд нийцүүлэхийн нэгэн хэсэг бол өөрийгөө бодохоо больж, Их Эзэний Петрт хэлснээр “ах нараа хүчирхэгжүүлэхэд” бэлэн байх явдал юм гэсэн гэрчлэлээ үлдээж байна. Саяхан ерөнхийлөгч Нэлсон “Бид Бурханд, Эзэн Есүс Христэд, Түүний Сүмд итгэх итгэлийг хөгжүүлдэг хүмүүс болох ёстой. Бид дэлхий дээр Сүмийг болон Бурханы хаант улсыг барьж, байгуулах ёстой”26 гэж хэлсэн. Тэр бас “Одоо энэ дэлхий дээр [Израилыг цуглуулахаас] илүү чухал ямар ч зүйл үгүй. Үүнээс илүү агуу үр дагавартай зүйл гэж үгүй. Бүр огт байхгүй. Энэ цугларалт та нарын хувьд хамгийн чухал зүйл байх ёстой. Энэ бол та нарын дэлхий рүү ирэх болсон тэрхүү зорилго юм”27 хэмээн гэрчилжээ. Үүний адил, Аврагч Петрээс “Чи Намайг хайрладаг уу?” гэж асуугаад, “Хоньдыг минь тэжээ”28 хэмээн хэлсэн.
Иоханы сайн мэдээнд Мариа, Марта хоёр ах Лазар нь хүндээр өвдөх үед Аврагч руу хүн илгээдэг тухай бид уншдаг. Еврейчүүд Түүний амийг хөнөөхийг эрэлхийлж байсан тул шавь нар нь Түүнээс явахгүй байхыг гуйсан ч Есүс Лазарын булш руу явдаг. Тэнд Аврагч маань гашуудан уйлж, найзуудтайгаа хамт зовж шаналсан. Дараа нь Бурханы хүчээр Тэрээр “Лазар, гараад ир” хэмээн хэлж, түүнийг үхлээс босохыг зарлигласан. Дараа нь сударт “Талийгаач гар, хөл нь оршуулгын боолттой … гарч ирэв. … [Мөн] Есүс тэдэнд —Тайлж, түүнийг явуул”29 хэмээсэн гэж бичсэн байдаг.
Хайрт найзууд аа, Христийн Гэрэлийг мөн Түүний сайн мэдээний гэрлийг хуваалцахаас илүү амьдрал өгч чадах зүйл үгүй. Христийн сайн мэдээнээс өөр улс үндэстэнд энх тайван байдлыг авчрах, дэлхийг ядуурлаас аврах эсвэл эцэс төгсгөлгүй аз жаргалд хүмүүсийг хүргэх зүйл байхгүй. Үүнээс өөр зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг ямар ч байгууллага зорилгодоо хүрч чадахгүй. Зөвхөн сайн мэдээ л таны эргэн тойронд буй “оршуулгын хувцсыг” тайлж чадна. Бусдыг Түүний гэрэлд ирэхэд нь урь. Ийн үйлдэх юм бол Бурхан “[таны] сүнсэнд авралыг авчран,”30 нүглүүдийг тань өршөөж31 мөн “тэнгэр элчүүдээ та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байхаар”32 илгээх болно гэж амласан.
Найдвар
Тэгэхээр, та эсвэл өөр хэн нэгэн хэчнээн хичээсэн ч Их Эзэний зарлигуудад биш, харин дэлхийн үзэл санаанд нийцүүлэх гэсэн дарамт шахалт асар хүнд байж болно гэдгийг би маш сайн мэднэ. Петр Есүст эрс шийдэмгий байдлаар “Танаас болж бүгд бүдэрлээ ч би хэзээ ч бүдрэхгүй. … Би Тантай хамт үхэх ёстой болсон ч Таныг үгүйсгэхгүй”33 гэж хэлсэн. Тун удалгүй Петр Аврагчийг гурван удаа үгүйсгэж унасан билээ. Үүнээс юу ухаарч болох вэ?
Өөрийнх нь таалалд нийцүүлэх, гэрээний замаар амьдрах эсвэл бүрэн хөрвөгдөх нь үйл явдал бус, харин үйл явц гэдгийг Их Эзэн ойлгодог болохыг таныг мэдээсэй хэмээн хүсдэг гэдэгт би итгэдэг. Амьдралаа өөрсдийн сул тал, төгс бус байдлаар хэмжихийн оронд өдөр бүр наманчилж, бат бөх итгэлээр наманчлах замаар хүчирхэгжих боломж олгохын тулд Есүс амиа өгсөн. Та ахлагч Жэффри Р.Холландын 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр өгсөн дараах үнэтэй зөвлөгөөг сэтгэл зүрхэндээ хадгалахыг бодоорой.
“Хэрэв Бурхан зөвхөн төгс үнэнч хүмүүсийг л шагнан урамшуулдаг байсан бол энэ шагналыг өгөх хүмүүсийн жагсаалт тийм ч урт байхгүй гэдэг нь биднийг багахан тайвшруулдаг. Маргааш болон дараа нь ирэх бүх өдөрт Их Эзэн сайжрахыг хүсдэг, зарлигуудын хэрэгцээг хүлээн авч мөн тэдгээрийг дагахыг хичээдэг, Христийнхтэй адил зан чанаруудыг дэмжиж, тэдгээрийг олж авахаар бүх хүч чадлаараа зүтгэдэг хүмүүсийг адисалдаг гэдгийг санаарай. Хэрвээ та нар бусад хүн бүрд тохиолддогтой адил энэ чармайлтдаа бүдэрвэл Аврагч та нарт цаашлахад чинь үргэлжлүүлэн туслахад бэлэн. Хэрвээ та нар унах юм бол Түүний хүч чадлыг гуй.”34
Линэтт бид хоёрыг Йоханнесбургт ахлагч Холландтай хамт сууж байхад нэгэн ганц бие залуухан, буцаж ирсэн номлогч эгч босон, “Би зөвхөн энд хүрэх гэж л энд хүртэл яваагүй. Таны амьдралд одоо ямар бэрхшээл тулгарч байгаагаас үл хамааран … цааш [үргэлжлүүлээрэй]. Үргэлжлүүлэн оролдсоор бай. Үргэлжлүүлэн найд. Үргэлжлүүлэн итгэ. Үргэлжлүүлэн өсөж хөгж. … Тэнгэр таныг өнөөдөр, маргааш, мөнхөд уухайлан дэмжих болно гэдгийг санаарай”35 гэж гэрчилсэн юм. Та Бурханы алган дээр бөмбөрч байгаа ба Тэр таныг ямар ч зуухны галаас чөлөөлөх чадалтай.
Ахлагч Холланд мөн зүрх сэтгэлийнхээ гүнд хадгалбал зохих Их Эзэний өгсөн нэмэлт нигүүлсэл, баталгааны талаар ийн хэлсэн.
“Сүнсийг вирус, улсын хил эсвэл эрүүл мэндийн урьдчилсан таамаг боож хашдаггүй. … Газар дээрх асуудал, агаар дахь өвчнөөр хязгаарлагддаггүй тэнгэрийн бэлгүүд гэж [бий]. … Бидний амьдарч буй энэхүү гайхамшигт дэлхийг бүтээсэн Тэрээр үүн дээрх ямар ч элементэд ‘Үүнд хүрээд болно. Үүнээс цааш үгүй’ гэж хэлж чадна. Өнөөдөр бидэнд тулгарч буй гамшигт энэ үгсийг Тэрээр хэлэх болно. Түүний сүр жавхлант оршихуйд хагас атомын хэмжээтэй бүтээл ч дүрслэн хэлэхэд жинхэнэ утгаараа бөхийж, өөр өөрийн арга замаар Есүс бол Христ, Бурханы Хүү, бүхний агуу Гэтэлгэгч гэдгийг ‘хүлээн зөвшөөрөх’ ёстой. Эцэгийнхээ удирдлаган доор Аврагч энэ дэлхийн хувь заяаг хариуцдаг. Бид үнэхээр найдвартай, хайрын мутарт байгаа.”36
Дүгнэлт
Би эхэлснээрээ төгсгөхийг хүсэж байна. Та нар энэ Сүмийн түүхэн дэх залуучуудын хамгийн агуу үеийнхэн билээ. Та нар мөн хамгийн агуу саад бэрхшээлтэй нүүр тулж буй үеийнхэн. Эргэн тойронд тань байгаа саад бэрхшээлийн талаар эргэцүүлэн бодохдоо “Учир нь Их Эзэн бибээр, бүх хүмүүнийг ажлуудынх нь дагуу, зүрх сэтгэлийнх нь хүслийн дагуу шүүх болно 37 хэмээн Бурхан айлдсаныг санагтун. Сүнс хүслээ төлөвшүүлэхэд тань тусалж болох ч та чухам ганцаараа л өөрийн хүсэл ямар байхыг сонгож, тэрхүү сонголтынхоо төлөө ганцаараа Бурханы өмнө хариуцлага хүлээнэ. Тэрээр “мөн итгэлийн чинь дагуу энэ нь чамд хийгдэх болно”38 хэмээн тунхаглажээ. Энэ нь “[та] хүсэж буй зүйлийнхээ үр дагаврыг ч мөн [та] хүсэн хүлээх ёстой!”39 гэсэн үг юм.
Би амьдралынхаа энэхүү хувийн туршлага, гэрчлэлээр үгээ төгсгөе. Олон жилийн тэртээ, коллежийн хоёр дахь жилдээ би жилийн эцсийн шалгалтад байрандаа ганцаараа бэлдэж байлаа. Дулаахан өдөр байсан ба ажлаа хянаж байхад нэг ялаа миний нүдний өмнүүр дүнгэнэж эхлэв. Ялаа тасралтгүй дүнгэнэх нь намайг үнэхээр тавгүйтүүлж эхэллээ. Эцэст нь би залхаж, уг ялааг гарынхаа алгаар хавсран алав. Дараа нь юу болсон талаар би өнөөдөр ч бүрэн ойлгодоггүй. Би алган дээрх үхсэн ялааг хараад, асар их өрөвдөж билээ. Би өөрөө өөртөө “Энэ ялаа үхэх шаардлагагүй байсан. Миний уур, тэвчээргүй байдлаас болоод үхчихлээ” гэж хэлэв. Дараа нь би өвдөг сөгдөж, намайг уучлан, энэхүү ялааг амилуулж өгөхийн төлөө Бурханд хандан залбирсан юм. Ийн залбирч дуустал мөнөөх ялаа гарнаас минь нисэн одож билээ.
Бурхан яагаад ийм зүйл надад тохиолдох боломж олгов гэж би олон жилийн турш өөрөөсөө асуусан. Олон хариулт надад орж ирсэн ч хамгийн чухал нь, Түүнд намайг болон өөр бусдыг, бүр хамгийн өчүүхэн нэгнийг ч хүртэл босгох бүх хүч байдаг гэдгийг сэтгэлийн миь гүнд ойлгуулахыг хүссэн явдал байсан юм. Тэр бидний сул талыг хараад, бүрэн өрөвдөн хайрладаг бөгөөд бидний толгойн үсний ширхэг бүрийн тоог хүртэл мэддэг гэдгийг намайг ойлгоосой гэж хүссэн. Хэрвээ Тэрээр нэгэн ялааг амилуулж чадсан юм бол хаана ч зогсож байсан бай, таныг хэзээ ч орхихгүй.
Лаодикчууд шиг бүү бай. Мөн бардам занд бүү захирагд. Энэ бол миний та нарт өгөх гэрчлэл мөн. Та өөрийгөө зөвтгөх, бардамнахаа хойш тавьж, өөрийнхөө бус Түүний дуу хоолойг анхааран сонсож, Түүний арга замын дагуу үйлдэх үед аливаа зүйлийг байгаа байдлаар нь харах болно. Та хөрвөгдөхийг чин сэтгэлээсээ хүсэж, өөрийн ая тухаар бус гэрээний дагуу амьдарч, бусдыг хүчирхэгжүүлэхийн зэрэгцээ Бурханы таалалд өөрийгөө нийцүүлэх юм бол энэ амьдралдаа амжилттай байж, адислал, гайхамшиг бүрийг олж, Тэнгэр дэх Эцэг рүүгээ гэртээ эргэн очин, мөнхийн баяр баясгаланг хүлээн авах боломжтой болно.
Есүс Христ бол бидний Аврагч. Тэр амьд. Энэ бол Түүний Сүм бөгөөд Аврагчийн Хоёр дахь ирэлтээр Түүгээр хүлээн авагдах тэрхүү Сүм юм. Тэнгэрлэг Эцэг маань хайхрамжгүй Эцэг биш ээ. Түүний төлөвлөгөө бол аз жаргалын цорын ганц төлөвлөгөө юм. Ариун Сүнсээр дамжуулан бүх зүйлийн үнэнийг мөн хийвэл зохих бүх зүйлийн тухай та мэдэх боломжтой. Та нар зөвт бус аливаа хүслээ наманчилж, тэдгээрийг гэрээний дагуу амьдрах, Түүний цэвэршүүлэх мутрыг тэвчих Бурханлаг хүслээр орлуулах зоригтой байгаасай хэмээн би залбирч байна. Алма өөрийн хүү Хиламанд бага залуу байхад нь “Бурханд найдлага тавьсан хэн боловч өөрсдийн зүдгүүрүүдэд, мөн өөрсдийн бэрхшээлүүдэд хийгээд өөрсдийн зовлонгуудад дэмжигдэх болно, мөн эцсийн өдөр өргөгдөх болно гэдгийг би мэднэ”40хэмээн гэрчилсэний адилаар би ч мөн ийнхүү гэрчилж байна.
Бид мөн ийн хийх болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.