Алсын хараа ба тэнцвэрт байдал
Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт • 2018 оны 1-р сарын 14 • Чуулганы төв
Ахлагч Стивэнсон: Хайрт ах, эгч нар аа, Лиса бид хоёр та бүхнийг залуучуудад зориулсан энэхүү дэлхий даяарх онцгой цугларалтад тавтай морилно уу хэмээн урьж байгаадаа баяртай байна. Эхлээд бид ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны болон Тэргүүн Зөвлөлийн чин сэтгэлийн, халуун дулаан мэндчилгээг та бүхэнд дамжуулж байна. Тэд та нарт хайртай, бид ч мөн адил та нарт хайртай. Бид бүгд хамтдаа тэднийг хүндэлж бас дэмждэг.
Стивэнсон эгч: Одоо бид хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бидний түүхэнд маш өвөрмөц бөгөөд онцгой байр суурь эзэлдэг нэгэн газраас та нартай холбогдож байна. Би бодитой “газрын” тухай ярьж байна.
Ахлагч Стивэнсон: Бид Ютагийн Солт Лэйк Ситигийн уулын бэлд орших Хэритэж цэцэрлэгт хүрээлэнд байдаг Энэ бол тэр газар мөн гэдэг хөшөөний хажууд шинээр онцгойлон адислагдсан Анхдагчдын төвд ирээд байна. Энэ газар нь бараг 175 жилийн тэртээ, анхны анхдагчидтай хамт туулсан хүнд хэцүү аяны дараа ерөнхийлөгч Бригам Янг “Энэ бол тэр газар мөн”1 хэмээн алсыг харан тунхагласан үйл явдлыг алдаршуулдаг.
Стивэнсон эгч: Тамирдаж, сульдсан эдгээр эхэн үеийн хожмын үеийн гэгээнтнүүд хатуу ширүүн мөрдлөг хавчлагаас зугтаан, энэ цөлийн хөндийд суурьшихаар хүрч ирсэн юм. Тэднийг хүлээж байсан Солт Лэйкийн хөндийн дүр зургийг төсөөлөөд үз дээ. Хамхуул хийссэн өргөн уудам цөл газар тэнд суурьших нь тийм ч амаргүй гэдгийг нотолж байлаа.
Ахлагч Стивэнсон: Гэвч тэд “алс холын үндэстэн уруу туг өргө[нө]”2 хэмээх Хуучин Гэрээний Исаиагийн бошиглолоор баталгаажсан, ойлгоход бэрх тэнгэрлэг үзэгдлээр адислагдсан байв. Солт Лэйкийн хөндийд хүрэхийн тулд мацсан уулын оргилуудаас ч өндөр сайн мэдээний алсын хараатайгаар, тэдгээр итгэлтэй гэгээнтэн нэгэнтээ дахин амар амгаланг мэдэрч, зорилгоо ойлгосон байлаа.
Стивэнсон эгч: Эдгээр анхдагч болон тэдний дараа ирсэн хүмүүс энэхүү цөл газарт өөрсдийн түүхийг туурвих байв. Израил цугларч эхэлснээр Бурхан тэднийг адисалсан юм.
Өнөөдөр ч гэсэн анхдагчийн тэрхүү сүнс болоод алсын харааг дэлхийн өнцөг булан бүр дэх хожмын үеийн гэгээнтнүүдээс олж харж болно.
Ахлагч Стивэнсон: Хэдхэн долоо хоногийн өмнө Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Рассэлл Баллард энэхүү шинэ Анхдагчдын төвийг онцгойлон адисалсан.
Энд хүмүүс болон гэр бүлүүд ирж, хүнд бэрх зовлон бэрхшээлтэй үед эхэн үеийн хожмын үеийн гэгээнтнүүдийн хүрч чадсан түүхэн дурсгалт ололт амжилтыг бие сэтгэлээрээ мэдрэх боломжтой. Бүх зүйл тэдний эсрэг байсан. Анхдагчид өдөр, шөнийн аль алинд хоол хүнсээ тарьж ургуулахаар хичээж байхдаа ч мөн уулын хавцлаас ус татаж; гэр орон, хоргодох байр, сургууль, цуглааны байр, тэр ч байтугай ариун сүмийг барьж байхдаа ч Их Эзэнд залбирч байв.
Стивэнсон эгч: Тэдний юу хийж бүтээснийг бодоход ой тойнд ч багтамгүй. Их Эзэнээр амьд бошиглогчдод өгөгдсөн тэнгэрлэг алсын хараа нь Түүний зорилгыг гүйцэлдүүлэхээр сонгогдсон Түүний хүүхдүүдийн амьдралыг адисалж байна.
Ахлагч Стивэнсон: Та нарын харж байгаачлан, миний зогсож байгаа Анхдагчдын төвөөс хэдхэн метрийн зайд, Энэ бол тэр газар мөн гэдэг хөшөө рүү харсан шилэн цонх байгаа. Үүний доохон талд олон жилийн өмнө тэдний босгож эхэлсэн хотын бараа гялтганан харагдана. Харин цаана нь баруун зүг болон жаргаж буй нарны тэнгэрийн хаяаг тольдох алсын хараа гэж хэлж болохуйц өргөн уудам дүр зургийг та нар бас олж харж болно. Энэхүү сүр жавхлант дүрслэл өнгөрсөн цаг үеийн талаарх ойлголттой нэгдсэнээр, анхдагчдын алсын харааны талаарх бидний ойлголт, мэдлэгийг тэлдэг. Түүнчлэн үүнийг бидний сайн мэдээний талаарх хувийн алсын харааг гүнзгийрүүлэхэд туслах мөн амьдралдаа шийдвэр гаргах, саад бэрхшээлтэй тулгарах зэрэгт биднийг удирдан чиглүүлэхэд зүйрлэл болгон ашиглаж болох юм. “Энэ бол тэр газар мөн”3 хэмээн бошиглогчийг тунхагласны дараах хэдэн өдрийн дотор ариун сүм, Сүмийн удирдах газар, алс холын үндэстнүүдэд туг өргөх газар зэргийн талаарх үзэгдэл бодит амьдралд биеллээ олох анхны алхмууд тавигдаж эхэлсэн юм.
Энэ орой бид ирээдүйн талаарх тов тодорхой алсын хараатай болоход бидэнд туслах анхдагч өвөг дээдсийнхээ өнгөрсөн үе дэх алсын харааг ашиглах болно. “Хойшоо хэдий чинээ хол харна, төдий чинээ хол урагшаа харж чадна”4 хэмээн хэлсэн Винстон Чөрчиллийн урам зоригт үгс өнөө оройн бидний хэлэлцүүлэгт нэн тохиромжтой санагдаж байна.
Стивэнсон эгч: Бид дэлхий дээр тодорхой бус байдалтай тулгардаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Урьд өмнө гарч байгаагүй энэ цар тахлаас хойш бүтэн жил орчим хугацаа өнгөрсний дараа биднийг юу хүлээж байгаа вэ? Өөрсдийн ирээдүйг харвал, эхэн үеийн гэгээнтнүүдийн мэдэрсэнтэй адил тэнгэрлэг алсын хараа, удирдамж заавар бидний хүн нэг бүрд хэрэгтэй байна.
Ахлагч Стивэнсон: Та хаашаа явахаа мэдэхгүй байж магадгүй. Та номлолд үйлчлэх, боловсрол олж авах, ажлын гараагаа эхлүүлэх мөрөөдлөөсөө баттай зуурч байж ч болох юм. Эсвэл та дурлаж, гэрлэж, гэр бүлтэй болж мөн ариун сүмийн бүх адислал танд төдийгүй таны хайртай хүмүүст ирэхийг харах тухай бодож байж ч магад. Эсвэл та мөнхийн гэр бүлээ үүсгэж эхлүүлэн, одоо бага балчир хүүхдүүдээ өсгөх бэрхшээлийг туулж байж болох юм.
Бидний туйлын зорилго ижилхэн. Энэ бол гэрээний замаар явж, өргөмжлөлд итгэлтэйгээр бэлдэн, өсөж хөгжих явдал юм. Сайн мэдээний өнцгөөс харах нь уг замыг тодорхой харах алсын хараагаар таныг бас намайг ч хангадаг.
Стивэнсон эгч: Ерөнхийлөгч Нэлсон гэрээний зам дээр үлдэх талаар ярихдаа, “Ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахих нь үүний түлхүүр юм. Бид Их Эзэний гэрээний замаар амьдарч, тэндээ үлдэхээр сонгодог. Энэ ажилд онцгойлон адисалдаггүй. Энэ бол энэ амьдрал дахь жинхэнэ баяр баясгалан, ирэх амьдрал дахь мөнх амьдралд хүргэх цорын ганц зам мөн”5 гэж хэлсэн.
Ахлагч Стивэнсон: Та нартай хуваалцах хувийн хэдэн туршлага маань амьдралын хэрэгцээ шаардлага дундуур амьдралаа алсын хараатай, тэнцвэртэй авч явахад тань туслах удирдамж болох байх хэмээн бид найдаж байна.
“Ирцгээ, ирцгээ гэгээнтнүүд ээ” — Боннэрийн гэр бүлийнхэн дуулна.
Учрах бүхнээс эс халшран ирцгээгээч,
Урамтай аялцгаая.
Аялах зам тань бартаатай санагдавч,
Амьдрал тань ивээгдэнэ.
Хэрэггүй зүйлд сэтгэл үл автан бид,
Бүгдээрээ хамт шаргуу тэмцье.
Ийн баяр хөөрт зүрх тань автана.
Бүгд нам гүм тайван байна! Бүгд нам гүм тайван байна!
Зорилго маань хүнд гэж гунихарна уу?
Үгүй бүгд сайхан байна.
Зовлонгоос бид одоо зугтах аваас
Шагналыг эс хүртэнэ
Хуяг дуулга өмсөөд бат зогсоцгооё.
Бурхан биднийг үүрд орхихгүй.
Бид удахгүй ийн хэлэлцэнэ:
Бүгд нам гүм тайван байна! Бүгд нам гүм тайван байна!
Бурханы бидэнд бэлтгэсэн газрыг бид олно,
Өрнөдөд бид нар айн дагжин зовохгүй.
Тайван талбиун нутгийг Бурхан бэлдсэн.
Тэнд бид хүрч ивээгдэнэ.
Бурхан Хаандаа магтаалаа өргөх үед
Нутгийн уул ус хамт магтацгаана.
Бүхнээс илүү сонсох үгс нь:
Бүгд нам гүм тайван байна! Бүгд нам гүм тайван байна!
Аяллаа бид дуусгалгүй эрт очсон ч
Зүгээр бүгд Сайхан байна.
Ахлагч Стивэнсон: “Зүгээр, бүгд сайхан байна” гэдэг нь үнэндээ эхэн үеийн анхдагчдын гайхалтай алсын хараат тунхаглал юм. Сорилт бэрхшээл, зовлон зүдгүүр дунд “Бүгд сайхан байна” хэмээх тэдний алсын хараа сайн мэдээний өнцгөөс харсан учраас боломжтой байсан.
Зарим хүний “бусдад харагдахгүй зүйлийг олж харах урлаг”7 хэмээн тодорхойлдог энэхүү алсын харааны талаар бид бүтэн цаг ч ярьж чадна. Харин энэ нь “Хэдэн жилийн дараа би өөрийгөө ямар болсон байгаагаар харж байна вэ? Би хаана байсан бэ? Мөн би хаашаа явж байна вэ?” хэмээх хэзээ нэгэн цагт өөрсдөөсөө асуудаг асуулт руу биднийг хөтөлдөг.
Стивэнсон эгч: Заримдаа бид сайн мэдээний өнцөг болон Ариун Сүнсний бэлгээр дамжуулан юу тохиож болох тухайд илүү агуу алсын хараатай байх хэрэгтэй. Та нар замаа тэмтчин яваа ч гэсэн энэ та нарын одоогийн боловсрол эсвэл ажил мэргэжлийн гараагаа эхлүүлэхэд үүсдэг нөхцөл байдал юм.
Ахлагч Стивэнсон: Би ажил мэргэжлийн гараагаа эхлүүлэх үедээ яг ийм нөхцөл байдалд орж байсан. Би оюутан байхдаа багын найзтайгаа хамт Азиас бэлэг дурсгалын зүйлс импортоор оруулж ирэх бизнес эхлүүлснээр ажил мэргэжлийнхээ гарааг эхэлсэн. Дараагийн 30 жилийн хугацаанд компани маань тэр чигтээ өөрчлөгдөж, өргөн цар хүрээнд дорвитой өссөн юм. “Бизнесээ эхлүүлэхдээ та хоёр ийм болно гэж төсөөлж байсан уу?” гэж биднээс байнга асуудаг байж билээ. Товчхон хариулахад, “огтхон ч үгүй”.
Алсын хараагаа тогтмол, давтамжтай өөрчилж байх хэрэгтэй. Гуулин бэлэг дурсгалын зүйлс импортолдог жижигхэн бизнесээр эхэлж, улмаар фитнесийн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг томоохон компани болж өсөх хүртэл ихээхэн аз тохиох мөн явц дунд алсын хараагаа өөрчлөх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байсан. Хийж байсан ажлаа орхиж, шинэ төлөвлөгөө гаргах; дахин зохион бүтээх; өөрчлөлт хийх зэрэг нь сул тал биш, харин давуу тал юм.
Стивэнсон эгч: Гэсэн хэдий ч яг энд бид алсын хараагаа олоход хуваалцдаг нэн чухал давуу талыг онцолдог. Анхдагчдын адилаар та нарт сайн мэдээний мэдлэг байдаг учраас сайн мэдээний талаас харах чадвараар та нар адислагддаг. Та бүхний давуу тал бол мөнх бус амьдралын аяллаа тэр чигээр нь тэнгэрлэг өнцгөөс харах явдал юм.
Ахлагч Стивэнсон: Мөнхийн буюу сайн мэдээний талаас харах нь боловсрол, ажил мэргэжил гэх мэт зуурдын асуудал дээр ч бусад хүнд байхгүй тодорхой байдлыг өгдөг. Үүнийг үгээр биш, зургаар илэрхийлэхийг хичээе.
Энэ зураг руу харна уу. Юу харагдаж байна? Энэ зурагт юу дүрсэлснийг та нар мэдэх үү?
Тэгэхээр, энэ шинэ харах өнцөг танд харах зүйлийг тань тодорхой болгож өгөхөд тус болж байна уу? Үүнээс олж харж болох зүйл ингээд л болоо юу? Та юу гэж бодож байна вэ? Одоо нээгдэх үед нь дарааллыг анхааралтай харцгаая.
Ахлагч Стивэнсон: Энэ энгийн дасгалаар дамжуулан та бүхэн яг тухайн цаг мөчид өөрийнхөө яг өмнө байгаа зүйлээс бүр цаадахыг шууд утгаар нь олж харж болно. Холдох тусам та нарын алсын хараа сайжирна.
Сургаалт үгс номд “Алсын хараа байхгүй аваас ард түмэн журамгүй”8 хэмээх мэргэн бөгөөд танил үгс бичигдсэн байдаг.
Энэ үнэн зарчмыг өнөө үед ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын хэлсэн “Энэ дэлхий дээр хамгийн ихийг хийж бүтээдэг хүмүүс амьдралдаа алсын хараатай хүмүүс байдаг”9 хэмээх үгээр илүү гүн гүнзгий тайлбарлажээ. Ямар үнэн үг вэ!
Сайн мэдээний өнцгөөс харснаар ирдэг сүнслэг алсын хараа бол амьдралд эн тэргүүнд тавигддаг бүх зүйлийн талаарх ойлголтыг бидэнд өгдөг. Энэ нь амьдралдаа эн тэргүүнд тавьдаг зүйлсийг зэрэгцүүлж, зохих ёсоор тэнцвэртэй байлгах боломжийг бидэнд олгодог. Тийм учраас бид алсын хараа, тэнцвэрт байдал хоёрын хоорондох нягт уялдаа холбоог олж хардаг.
Тэнцвэртэй байдлын талаарх зарчмыг би хувийн туршлагаараа дамжуулан та нартай хуваалцъя.
Салбартаа нэр хүндтэй нэг найз маань бас нисдэг тэрэгний нисгэгч байв. Намрын нэгэн налгар өдөр тэр бидэн рүү залгаад, Солт Лэйк Сити рүү нисэх гэж байгаагаа хэлэв. Тэгээд намайг бизнесийн түнштэйгээ хамт ууланд байдаг эдлэндээ замаараа буулгуулах хүсэлтэй байгаа эсэхийг асуулаа.
Ачааны машинаар хоёр цаг гаруй явж байж тэнд хүрдэг байсан юм. Нисдэг тэргээр бол бид арван таван минут яваад л хүрдэг байв. Тиймээс бид явахаар шийдсэн.
Нисэхэд яг таарсан сайхан өдөр байв. Газардах зуураа бид янз бүрийн өнгөтэй намрын навчсыг харж байлаа. Газардахад ганц хором дутуу байхад нисдэг тэрэгний хойд сэнсний ажиллагаа доголдох нь тэр. Үүний улмаас нисдэг тэрэг хяналтаас гарч эргэлдэв. Бид хүндхэн нөхцөл байдалд орлоо.
Аз болоход, найз маань ослын үед хэрхэн газардах нисгэгчийн ур чадварыг төрөлхийн мэт эзэмшсэн байв. Хамраараа юм уу нисдэг тэрэгний эх бие хэсгээр түрүүлэн газардвал бид амьд гарч чадахгүй гэдгийг тэр мэдэж байлаа.
Нисдэг тэргийг ямар ч хяналтгүй эргэлдэх зуур тэр нисдэг тэргийг тун чадварлагаар хажуу тийш эргүүлж амжсанаар бид газарт унаж билээ.
Түлш урсаж, хөдөлгүүрээс гал гарч байлаа. Тэрээр хөдөлгүүрийг амжиж унтраасан тул нисдэг тэрэг дэлбэрээгүйгээр барахгүй бид ч нисдэг тэрэгнээс гарч амжив. Нисгэгчийн авсан арга хэмжээ болон Их Эзэний мутрын ачаар бид нисдэг тэрэгний ослоос амьд гарч чадсан юм.
Тэр өдрөөс хойш би нисдэг тэрэгний талаар сайтар судалсан. Сүүлний сэнсний доголдол нь нисдэг тэргийг агаарт хөөргөдөг нэн чухал бүрэлдэхүүн хэсгийн ажиллагааг тэнцвэргүй байдалд оруулсанаас болж уг осол гарсан байлаа. Үндсэн сэнс болон сүүлний сэнсний хурд, өнцөг зэргийг хооронд нь тэнцвэртэй байлгаснаар нислэг гайхалтай амжилттай болдог аж. Эс бөгөөс аймшигтай зүйл болно! Би үүнийг осолд орж байсан хүний хувьд гэрчилж байна.
Эдгээр амин чухал бүрэлдэхүүн хэсгийг илүү дэлгэрэнгүй авч үзэцгээе.
Нэгдүгээрт, үндсэн сэнс. Сэнсний эргэлт болон урт нь хөөрөх, эргэх хүчийг үүсгэдэг. Гэсэн ч үндсэн сэнснээс үүссэн эргэх хүчийг ямар нэгэн байдлаар тэнцвэржүүлэхгүй бол нисдэг тэрэг хяналтаас гарч эргэлдэнэ.
Стивэнсон эгч: Tиймээс нисдэг тэрэгний сүүл хэсэгт сэнс байдаг. Энэ нь үндсэн сэнсний эргэлтийн эсрэг хүчийг үүсгэдэг. Үндсэн сэнсний хурдыг нисгэгч гараараа хянаж удирддаг. Харин сүүлний сэнсний хурдыг хөлөөрөө удирддаг. Энэ хоёр сэнсний хурдыг байнга тохируулж байх зайлшгүй шаардлагатай.
Үгүй бол мөн л адил таагүй үр дагавар гарах нь ойлгомжтой.
Ахлагч Стивэнсон: Дараагийнх нь зүйл бол араа юм. Араа нь нисдэг тэрэгний өнцгийг хянаж удирддаг бөгөөд үндсэн болон сүүлний сэнстэй уялдаатай ажиллаж, нисдэг тэрэгний чиглэл, эргэх чадвар, тогтвортой байдлыг хангадаг. Нисгэгч баруун гараараа арааг ажиллуулна.
Эцэст нь, ачааны жин болон нисдэг тэрэгний өнцөг үндсэн болон сүүлний сэнсэнд шаардлагатай хурд, хүчийг тодорхойлдог.
Стивэнсон эгч: Энэ бүх бүрэлдэхүүн хэсэг таарч тохирсон үед гайхалтай тэнцвэртэй байдлыг хангаж байдаг. Үндсэн болон сүүлний сэнс, араа, жин, өнцөг зэрэг нь тэр чигтээ таталцлын хүчийг эсэргүүцдэг.
Нисдэг тэрэгний гоё сайхан боловч төвөгтэй нислэгийг өөрсдийн амьдралыг тэнцвэртэй байлгахтай хэрхэн холбож болох вэ?
Ахлагч Стивэнсон: Олон жилийн өмнө, удирдагчдад зориулсан чуулган дээр ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн өгсөн захиасаас санаа авсан зарим бодлоо танилцуулъя. Энэ нь та нарт холбож ойлгоход туслах байх.
Тэрээр “Бидний хүн нэг бүрд дөрвөн үүрэг хариуцлага бий. Үүнд: Нэгт, бид гэр бүлийнхнийхээ өмнө Хоёрт, ажил олгогчдынхоо өмнө Гуравт, Их Эзэний ажилд Дөрөвт, өөрсдийнхөө өмнө хүлээх хариуцлага бидэнд бий”10 хэмээн тайлбарласан.
Нисдэг тэрэгний нэн чухал бүрэлдэхүүн хэсэг хоорондын харилцан хамаарал бүхий тэнцвэрт байдалтай ижил төстэй байдлыг ашиглан дээрх дөрвөн үүрэг хариуцлагыг төсөөтэй аргаар авч үзэцгээе.
Стивэнсон эгч: Бидний хүн нэг бүрийн амьдралын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг болох гэр орон, гэр бүлээс эхэлье. Гэр бүлээ үл ойшоох байдал гаргахгүй байх нь чухал. “Танд байгаа ямар ч зүйл үүнээс илүү үнэ цэнтэй биш. … Дараагийн амьдрал руу авч явах боломжтой зүйл бол гэр бүлийн харилцаа юм.”11 Гэр орон, гэр бүлийн ач холбогдлыг онцлохын тулд Сүмийн удирдагчид сүүлийн хэдэн жил маш олон ажил хийсэн.
Гэр орон болон Сүм дээрх сайн мэдээний заавар мөн цуглааны хуваарьт гарсан өөрчлөлт хоорондын шинэ тэнцвэрт байдлыг хүндэтгэн авч үзсэн сүүлийн үеийн удирдамж бол гэр орон ба гэр бүл бидний амьдралын үндсэн сэнс байх ёстой гэдгийг харуулж буй тодорхой үзүүлэлт юм.
Ерөнхийлөгч Нэлсон биднийг “гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болгон өөрчлөхөөр хичээнгүйлэн ажиллахад” уриалсан. Тэрээр биднийг ийнхүү үйлдэх үед “аяндаа таны хүндэтгэлийн өдрүүд жинхэнэ баяр баясгалантай болно. Танай хүүхдүүд Аврагчийн сургаалаас суралцаж, түүгээр амьдрахдаа баяртай байх бөгөөд таны амьдрал, гэр орон дахь дайсны нөлөө багасах болно. Гэр бүлд тань мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч, тогтвортой үргэлжлэх болно”12 гэж амласан билээ.
Ахлагч Стивэнсон: Хоёрт, та нарын ажил мэргэжлийн амьдралыг буюу таны эрхлэх ажил хөдөлмөрийг эсвэл бүрэн цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой болгож чадах боловсрол олж авахыг эрэлхийлж буй оюутнуудыг авч үзэцгээе. Мэдээж хэрэг, боловсрол нь ажилд орох боломжийг нэмэгдүүлдэг. Ажил хөдөлмөр хийх нь өөрийгөө төдийгүй гэр бүлээ мөн бусдыг асран халамжлах боломжийг олгодог. Ажил эрхлэх нь материаллаг болон сүнслэг тал дээр биеэ даахад тустай. Ажлын орчинд та ажил олгогчийнхоо өмнө шударга бөгөөд үнэнч байх, цалин хөлс авсныхаа хариуд, хүлээгдэж буй үр дүнг нь өгөх үүрэг хүлээдэг. Та ажил, мэргэжилдээ хамгийн сайн нь байхыг хичээдэг.
Бидний жишээн дээр, ажил эрхлэхийг нисдэг тэрэгний хойд сэнс гэж бодоорой.
Стивэнсон эгч: Та ажилдаа хамгийн сайн нь байвал өөртөө болон гэр бүлдээ хамгийн сайн нь байхад тань тустай. Энэ хоёр хоёулаа нягт холбоотой бөгөөд хоорондын тэнцвэрт байдал нь нэн чухал. Олон олон ажил олгогч, социологич, бизнесийн зөвлөхүүд ажил, амьдралын тэнцвэрт байдлын ач тусыг хүлээн зөвшөөрөх болсон.
Ахлагч Стивэнсон: Гурав дахь амин чухал бүрэлдэхүүн хэсэг бол Их Эзэн ба Түүний ажил юм. Энэ бол бидний хүн нэг бүрийн энэ дэлхийд ирсэн гол зорилгуудын нэг юм. Бид Түүнийг хайрлаж, хүндэлж, Тэнгэрлэг Эцэгт болон дэлхий даяарх Түүний хүүхдүүдэд буюу өөрсдийн ах эгч нарт үйлчлэхээр энд ирсэн. Их Эзэнд Өөрийн хаант улсыг байгуулахад бидний тусламж, авьяас чадвар хэрэгтэй.
“Сүмийн үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд цаг заваа төсөвлө.”13 Би төсөвлө гэдэг үгийг нэлээн сургамжтай үг гэж хардаг. Энэ нь Их Эзэнд болон Түүний Сүмд үйлчлэх “цаг гаргах,” уг цагаа зохицуулах хоёрын аль алинд ухамсартай сонголт хийхийг биднээс шаарддаг.
Стивэнсон эгч: Сайн дурын удирдлага болон үйлчлэл нь Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн ялгарах бүрэлдэхүүн хэсгүүдэд багтдаг. Та нарын хүн нэг бүрээс янз бүрийн арга замаар хаант улсад хувь нэмрээ оруулахыг хүсэх болно. Танд болон гэр бүлийн тань бусад гишүүнд ирэх дуудлагууд тохиромжтой үед ирээгүй мэт санагдаж ч магадгүй. Гэсэн ч “Тиймийн тул, хэрэв та нар Бурханд үйлчлэх хүсэлтэй аваас та нар уг ажилд дуудагдсан болой.”14
Үүнээс гадна бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Нэлсон Их Эзэний Сүм дэх үйлчлэлүүдийн адил, дэлхий ертөнц үргэлж өөрчлөгддөг гэж бидэнд заасан. Тэрээр биднийг “шинэ хэвийн байдлыг” хүлээн авахад урамшуулсан. Тэр биднийг “Бусдад тохинуул. Үзэл бодол, алсын хараагаа мөнх амьдрал өөд төвлөрүүл. Дуудлагуудаа эрхэмлэн биелүүл”15 хэмээн уриалсан.
Ахлагч Стивэнсон: Энэхүү урмын үгс бидний хүн нэг бүрд хийхээр дуудагдсан зүйлээ хийж гүйцэтгэх алсын харааг өгөхийн зэрэгцээ мөнхийн талаас харах алсын хараатай байхыг буюу өөрөөр хэлбэл, бусад тулгамдаж буй үүрэг хариуцлагаа тэнцвэржүүлэхийг зөвлөдөг. Сүмийн үйлчлэлийг би нисдэг тэргийг тэнцвэржүүлж, жолооддог араатай адилтгаж боддог.
Стивэнсон эгч: Тэнцвэртэй байхад туслах эцсийн бүрэлдэхүүн хэсэг бол өөрийнхөө өмнө хүлээх үүрэг хариуцлага юм.
Амьдралд маш завгүй байх үе бий. Заримдаа бидэнд хурдаа сааруулан хүчээ сэлбэж, амралт, дасгал хөдөлгөөн, зугаа цэнгэл, хувийн сүнслэг өсөлт хөгжил зэрэг хувийнхаа хэрэгцээнд анхаарал хандуулах нь чухал. Саяхан Сүмийн удирдагчид бидэнд үүнийг хийхэд туслах үнэтэй бөгөөд бодит зөвлөгөөг өгсөн.
Ахлагч Стивэнсон: Тийм шүү, Лиса. Саяхан ерөнхийлөгч Баллард амар амгалан байхад цаг гаргах нь хэчнээн чухал болохыг сануулсан. Тэрээр ийн хэлсэн:
“Хэдийгээр технологи миний амьдралыг адисалсан ч энэ нь бас бидний болон бидний Бурханы дуу хоолойг сонсох чадвар хоёрын хооронд саад болдог анхаарал сарниулах зүйл болж болох юм. Би ач, зээ нартаа өдөр бүр амьдралынхаа талаар бодож, Их Эзэн өөрсдөөр нь юу хийлгэхийг хүсэж байгааг нам гүм орчинд тунгаан бодох цаг гаргаж бай гэж хэлдэг.
…Би бөөн хог новш дунд тэнгэртэй холбогдож чадахгүй. … Намайг чимээгүй, нам гүм байхыг хичээх үед ойлголтууд орж ирдэг.”16
Ахлагч Жэффри Р.Холланд тууштай залбирлын талаар үг хэлэв. Тэрээр “дайсны эсэргүүцэл, өдөр тутмын асуудал, оюун ухааныг сарниулах зүйлс зэрэгтэй тэмцэхийн тулд хойшлуулалгүй, тууштай залбирахаас… том сургамж авах боломжтой17 гэж ярьсан.
Стивэнсон эгч: Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Бингам эгч бидэнд тус болох, бүгд өөрийн гэсэн үнэ цэнтэй гурван зүйлийг тайлбарлажээ.
Нэгдүгээрт, тэр судруудаар дамжуулан Сүнсийг урьдаг. Тэрээр “Сүнстэй байхын тулд өглөө босоод хамгийн түрүүнд хийдэг зүйлсийн маань нэг бол судраас унших явдал юм. Энэ нь надад илчлэлт хүлээн авахын тулд оюун ухаанаа зөв чиглүүлэхэд тусалдаг” гэжээ.
Хоёр дахь зүйл нь ариун сүмд шүтэн бишрэх явдал юм. Тэрээр “Аврагчийн дуу хоолойг илүү тодорхой сонсох боломжийг олгодог өөр нэгэн гайхалтай арга зам бол ариун сүмд орох явдал юм. Заримдаа намайг ариун сүмд сууж байхад, залбирлынхаа хариуг хүлээн авах юм уу Сүнсийг хангалттай сонсож болохуйцаар оюунд минь ямар нэг бодол орж ирдэг” гэжээ.
Гуравт, “Дуу хөгжим … Аврагчийн дуу хоолойг сонсоход надад тусалдаг. Үггүй, дан хөгжим байсан ч би сүмийн дуулал сонсох дуртай. Олон жил дуулж, үгийг нь мэддэг болсон болохоор үгнүүд нь шууд санаанд орж ирдэг”18 гэж тэр хэлсэн.
Ахлагч Стивэнсон: Өөртөө цаг гаргах нь ихэвчлэн хамгийн хэцүү зүйл байдаг ч надад маш чухал санагддаг. Үүнийг би хөрөөдөх завгүй ажлынхаа дундуур хөрөөнийхөө ирийг хурцлахын тулд хангалттай удаан хугацаанд завсарладаг гэж дүрсэлснийг сонсож байсан.
Стивэнсон эгч: Бид өөрсдийнхөө өмнө хүлээсэн үүргийг санаж, үүнийг алхам алхмаар амьдралынхаа нэг хэсэг болгосноор адислагдах болно. Өөрийгөө бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдлаар хөгжүүлэх үед энэ нь хувь хүний хувьд өөрт маань ашиг тус авчраад зогсохгүй гэр бүл, найз нөхдөө тэтгэх боломжийг надад олгодгийг би мэдэж авсан.
Алсын хараатай байж мөн тэнцвэрт байдлыг хангаснаар амьдралын эдгээр дөрвөн талыг яаж жигд сайхан авч явж болохыг хар даа! Тэд хамтдаа сайхан зохицож байгаа биз?
Ахлагч Стивэнсон: Тийм шүү. Амьдралынхаа эдгээр өөр өөр талыг тэнцвэртэй байлгах талаар ярихдаа бид үүнийг зөв өнцгөөс харах хэрэгтэй.
Ахлагч Дэвид А.Бэднар үүнийг олон нийтийн сүлжээн дэх саяхны нийтлэлдээ амьдралд ойр байдлаар ийн тайлбарласан. “Заримдаа бид гэр орон, сургууль, ажил, сүм дэх үүрэг хариуцлагаа эргэцүүлэн бодож, цаг заваа зарцуулах шаардлагатай олон хэрэгцээгээ яаж тэнцвэртэй байлгах вэ гэж гайхширдаг. Бүхнийг нэг доор хийх гэж хичээж, өөрийгөө галзууруулахын оронд эн тэргүүнд хийх хэрэгтэй гэж үзсэн хэдхэн суурь зүйлсийг тодорхойлох хэрэгтэй. Дараа нь бид тэдгээр зүйл тус бүрд нэг бүрчлэн анхаарал хандуулахаар хичээж чадна.”19
Лиса, энэ аав бид хоёрт тохиолдсон нэгэн дурсамжтай үйл явдлыг надад санууллаа. Би залуухан аав байхдаа дөнгөж бишопоор дуудагдаад байсан ба бизнес маань их цаг зав шаарддаг байлаа. Нэг орой би гэр бүлийн төрсөн өдрийн үдэшлэг дээр хоцорч очсон юм. Хүүхдүүд маань үеэлүүдтэйгээ энд тэндгүй гүйлдэж байв. Харин би бодол санаа минь шал өөр газарт тэнүүчилсэн байдалтай гэртээ орж ирээд, бизнесээ, тухайн өдөр тохиолдсон зүйлс, мөн тойргийнхоо тухай толгойгоо гашилган бодсоор өрөөний буланд суув.
Аав минь над руу дөхөж ирээд, энгийн үеийнхээс шал өөр өнгөөр “Гари, чи юу хийгээд байгаа юм бэ?” гэж ширүүхэн асууж билээ. Сүм дэх болон ажил дээрх үүрэг бүх хариуцлагадаа санаа зовж байгаагаа хэлэхэд тэр намайг өрөвдөнө гэдэгт би эргэлзэхгүй байлаа. Гэвч тэр тэгсэнгүй. Үнэндээ тэр миний хажууд суугаад, надад санаа зовж байгаагаа бас гэр бүлтэйгээ хамт байхдаа ухаан санаагаа тэс өөр газарт тэнүүчилсэн байдалтай байлгахгүйн тулд зарим зүйлийг өөрчлөх хэрэгтэйг хэлж өгөв. Үүнийг санаж байна уу Лиса?
Стивэнсон эгч: Би үүнийг маш сайн санаж байна.
Ахлагч Стивэнсон: Тэрээр “гэртээ байхдаа сүмээ бас ажлаа биш, харин гэр орноо нэгд тавьж бай. Ажил дээрээ байхдаа гэр орноо мөн сүмээ биш, харин ажлаа нэгд тавих сонголтыг хий. Сүм дээр байхдаа ажлаа бас гэр орноо биш, харин сүмийг нэн тэргүүнд тавь” гэж хэлж билээ.
Энэ зөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэцүү байсан. Би тэр тал дээр одоо ч төгс биш. Гэхдээ энэ нь надад их тусалсан. Ачааг маань хөнгөлж, амьдралд минь ач тусаа өгсөн. Би та нарын хүн нэг бүрийг энэ талаар бодож, мөн өөрсдөө хэрэгжүүлэхэд уриалж байна.
Сонирхолтой нь, энэ зөвлөгөө ахлагч Бэднарын саяхан олон нийтийн сүлжээнд тавьсан зөвлөгөөтэй бараг л адилхан байсан. Тэрээр “Энгийн мэт сонсогдож болох ч бид хийвэл зохих олон чухал зүйлийн хооронд төгс тэнцвэрийг олох гэж бухимдаж, хичээл зүтгэл гарган, цаг хугацаагаа дэмий үрэх шаардлагагүй. Хамгийн чухал зүйлээ тодорхойлохын тулд биднийг Бурханаас тусламж гуйн чин сэтгэлээсээ залбирах үед Тэрээр өдөр тутмын хичээл зүтгэлдээ анхаарлаа хандуулахад тусалж, биднийг удирдан чиглүүлэх болно”20 гэж хуваалцсан.
Стивэнсон эгч: Харин одоо надад хуваалцах нэг таагүй мэдээ байна. Та энэ зөвлөгөөг дагаж, тэнцвэртэй, алсын хараатай урагшилсан ч алдаа гаргах магадлал байсаар байх болно. Та хэд хэдэн газраа шалбарч, хөхөрч ч мэднэ.
Алсын хараа тань манан дунд бүрэлзэж, та бүр тэнцвэрээ алдах тохиолдол ч гарч болзошгүй. Гэхдээ сайн мэдээ ч бас бий. Та нар бол хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн охид, хөвгүүд.
Судрууд бидэнд “Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн”21 гэж заадаг. Их Эзэний Өөрийнх нь өгсөн дараах чухал зөвлөгөөг бүү мартаарай. “Иймийн тул, зоригтой байгтун, мөн бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна, мөн та нарын дэргэд зогсож байх болно.”22 Иймээс та нарт бидний хайрт Аврагчийн, бүр Есүс Христийн хүч чадлын дундаршгүй, бурханлаг эх ундарга бий.
Ахлагч Стивэнсон: Одоо ерөнхийлөгч Нэлсоны энд байгаа хүн нэг бүрд хандан хэлсэн урмын үгсийг сонсоцгооё. “Бурхан … гэрээний замыг олж, зам дээрээ үлдэх нь амар хялбар байхгүй гэдгийг мэдэж байв. Тиймээс Тэрээр биднийг цагаатгаж, замыг үзүүлэхээр Өөрийн Төрсөн Ганц Хүүг илгээсэн. Есүс Христийг хайрлаж, дагадаг бүхэн бурханлаг хүчээс хүртэх боломжтой бөгөөд энэ бол биднийг эдгээж, хүчирхэгжүүлж мөн нүглээс цэвэршүүлж, өөрийн хүчээр хэзээ ч хийж чадахгүй зүйлийг биелүүлэхэд тусалдаг хүч юм.”23
Стивэнсон эгч: Таны үнэндээ өөрийнхөө хэн болохыг болон өөрийн тань талд хэн байгааг мэдэж авах нь тодорхой алсын хараатай, тогтвортой тэнцвэртэй амьдрахад тань тусална. Их Эзэн “та нарын боломжийг нэмэгдүүлж, алсын харааг чинь тэлж, хүчирхэгжүүлэх болно.”24
Ахлагч Стивэнсон: Энэ үдэш та нартай хамт байхад нь үнэхээр сайхан байлаа. Бид одоо талархлаа илэрхийлж, та нарын хүн нэг бүрд урилга өгч, өөрсдийн гэрчлэлийг хуваалцаад энэ цуглааныг өндөрлөе. Эхлээд би та бүхний сайн мэдээний алсын хараа та нарыг Бурханы охид, хөвгүүд гэдгийг хэрхэн баталдгийг бодож үзэхэд урьж байна.
Хоёрт, та бүхэн гэр орон ба гэр бүл, боловсрол ба ажил, Сүм, өөртөө хүлээсэн дөрвөн үүрэг хариуцлагадаа хэрхэн ханддагаа бодож үзээрэй.
Гуравт, би та бүхнийг нам гүм газар олоод энэ онцгой цугларалтын турш мэдэрсэн зүйлсээ тэмдэглэж авахад урьж байна. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд бидний хүн нэг бүрд Ариун Сүнсний хамтралын бэлэг өгөгдсөн гэдгийг санаарай.
Стивэнсон эгч: Та бүхэн Ахлагч Стивэнсоны урилгын дагуу үйлдэхдээ энэ хөндийд суурьшсан, бидний ярьсан тэдгээр анхдагчид болон та бүхний хүн нэг бүрийн гэр бүл, эх орны анхдагчид болох өвөг дээдсээ бүү мартаарай. Тэдний анхдагч сүнс болон хэцүү зүйлсийг хийсэн үлгэр жишээ нь та нарт мөн адил хэцүү зүйлсийг хийх итгэлтэй байдлыг өгч чадна.
Ахлагч Стивэнсон: Эхэн үеийн хожмын үеийн гэгээнтнүүдийн адилаар бид сэрэмжтэй байж, дээш хардаг. Мөн бид сайн мэдээний алсын хараа, тэнцвэртэй байдлыг олохын тулд өөрийнхөө дотоод сэтгэл рүү өнгийдөг.
Стивэнсон эгч: Та бүхэн “найдварын төгс гэрлийг”25 олж авч чадна гэдгийг, Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрийг нэрээр маань мэддэг, бас бидэнд хайртай гэдгийг гэрчилж байна. Би Есүс Христийг Амьд Бурханы Цорын Ганц Хүү гэдгийг гэрчилж байна. Энэ бүхнийг би Есүс Христийн нэрээр хэллээ, амен.
Ахлагч Стивэнсон: Амен. Баярлалаа, Лиса. Би ч гэсэн залуу сайхан ах, эгч нартаа гэрчлэлээ үлдээе. Бид хайраар дүүрэн тэнгэрлэг эцэг эхийн хүүхдүүд гэдгийг, Тэнгэрлэг Эцэг та нарт хайртай гэдгийг, мөн Эцэгийн сургаал бол Тэрээр бүх хүүхдүүдээ Өөртөө эргэж очихыг хүсдэг гэдгийг гэрчилж байна.
Энэ сургаалыг Түүний Хүү, бидний Аврагч, Есүс Христ гүйцэлдүүлсэн. Бид Түүний цагаатгалаар дамжуулан хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд очих боломжтой. Би үүнийг гэрчилж байна. Би Есүс Христийн талаар болон Түүний бидний Аврагч хийгээд Гэтэлгэгчийн үүргийн талаар гэрчилж байна. Би үүнийг Есүс Христийн нэрээр хэллээ, амен.