2010–2019
Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?
Дөрөвдүгээр сар 2016


14:6

Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ?

Санваарын эрх мэдэл ба түлхүүр нь моторыг асаан, тэнгэрийн үүдийг нээж, тэнгэрлэг хүчинд нөлөөлж, бидний хайрт Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих гэрээт замыг тавьж өгдөг гэдгийг би гэрчилж байна.

Өвлийн нэгэн өдөр, нар жаргах үеэр цанын баазын цасанд хучигдсан асар том уулын араас өвлийн хүйтэн жиндүү агаар хацар, хамрыг минь хайрч, бидэнд яг л зогсоол дээрх машин руугаа буцах замыг зааж байгаа мэт санагдав. Тав тухтай дулаахан машиндаа цэв хүйтэн гар, хуруугаа удалгүй дулаацуулах байв. Гутлын улан дор мөстсөн цас шажигнах нь гадаа үнэхээр хүйтэн байгааг баталж байлаа.

Тэсгэм хүйтнээр тачигнаж байгаа цанын баазын тэр ууланд гэр бүлээрээ цагийг маш хөгжилтэй өнгөрүүлсэн юм. Би машин дээрээ ирээд түлхүүрээ авахаар эхлээд нэг талын, дараа нь нөгөө талын халаасандаа гараа хийв. Түлхүүр хаана байна вэ? Хүн бүр түлхүүр олдоосой хэмээн ихэд хүсэн хүлээж байлаа! Аккумлятор цэнэгтэй, шатахуун дүүрэн, машины халаагуур гээд бүгд хэвийн байсан ч түлхүүргүйгээр машиндаа орох боломжгүй байсан бөгөөд хөдөлгүүр ч машинд хүч дамжуулж чадахгүй байх байлаа.

Энэ үед зөвхөн машиндаа хэрхэн сууж, дулаацах вэ гэдэгт бид хамаг анхаарлаа төвлөрүүлж байсан ч эндээс ямар нэгэн сургамж авах ёстой гэсэн бодол миний толгойноос гарахгүй байв. Түлхүүргүйгээр техник технологийн энэхүү гайхамшиг зүгээр л нэг гоё сайхан эд байлаа. Хэдийгээр машин гайхалтай хүчин чадалтай ч түлхүүргүйгээр зориулагдсан үүргээ биелүүлж чадахгүй байв.

Би энэхүү үйл явдлын талаар бодох тусам энэ нь миний хувьд гүн гүнзгий утга учиртай болж эхлэв. Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээ хайрлах хайрыг би гайхан биширдэг. Би Бурханы Иосеф Смитэд илгээсэн тэнгэрлэг айлчлал, мөнхийн агуу үзэгдлүүдэд нь гүнээ талархдаг. Ялангуяа санваарын эрх мэдлийг болон санваарын түлхүүрүүдийг сэргээсэнд би маш их талархалтай байдаг. Энэ сэргээлт байгаагүй бол хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг эх рүүгээ, гэртээ харих аялалд маань биднийг авч явах унаандаа сууж чадахгүй байх байсан. Тэнгэр дэх Эцэгийнхээ оршихуйд эргэн очих гэрээний маань замыг бүрдүүлдэг авралын ёслол бүр зохих санваарын түлхүүрт харьяалагддаг.

1829 оны 5-р сард Иохан Баптист Иосеф Смит, Оливер Каудери хоёрт үзэгдэж, тэдэнд Аароны санваарыг болон энэхүү санваарт хамаарах түлхүүрүүдийг хүртээжээ. Удалгүй Петр, Иаков, Иохан нар тэдэнд Мелкизедек санваар болон энэхүү санваарт хамаарах түлхүүрүүдийг өгсөн юм.

Бараг долоон жил өнгөрч, Көртландын ариун сүм онцгойлон адислагдсанаас хойш долоо хоногийн дараа нэгэн ням гарагт Иосеф Смит, Оливер хоёр дээр “Их Эзэн Иехова алдар суундаа залран ирж” мөн Мосе, Елиас, Елиа нар ирж “өөрсдийн түлхүүрүүдийг хийгээд эрин үеүдийг даатга[сан]” байдаг. Санваарын энэ сэргээгдсэн эрх мэдэл болон эдгээр түлхүүр нь олон зууны турш алдагдсан байсан билээ. Би машиныхаа түлхүүрийг алдсанаас болж хөвгүүдийнхээ хамт түгжээтэй машины ард хоцорсон шиг эдгээр тэнгэр элчүүд бурханлаг сэргээлтийг эхлүүлэх хүртэл Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд Есүс Христийн сайн мэдээний авралын ёслолоос хүртэх боломжгүй, түгжигдсэн байсан юм. Бид дахин хэзээ ч “Түлхүүр хаана байна вэ?” гэж хэлэх шаардлагагүй болсон билээ.

Санваар сэргээгдсэн газар
Сасквиеханнагийн эрэг

Өнгөрсөн намрын нэгэн сайхан өдөр би Пенсильванийн зүүн хойд зүгт байрлах Иохан Баптист Иосеф Смит, Оливер Каудери хоёрт үзэгдэж, Аароны санваарыг сэргээсэн газар буюу сударт Хармони гэж нэрлэдэг нэгэн амар тайван ойд зочилсон юм. Мөн түлхүүр, эрх мэдэл хүлээн авсан Иосеф Смит, Оливер Каудери хоёрын баптисм хүртсэн Сасквиеханна голын эрэг дээр очиж зогссон. Яг энэ голын дэргэд Петр, Иаков, Иохан гурав ирж, Мелкизедек санваарыг болон энэхүү санваарт хамаарах түлхүүрүүдийг сэргээсэн юм.

Иосеф, Эмма Смит хоёрын гэр
Санваар сэргээгдсэн газар зочид хүлээн авах төв
Санваар сэргээгдсэн газар зочид хүлээн авах төв

Эдгээр газар болон Мормоны Номын ихэнх хэсэг орчуулагдсан Иосеф, Эмма хоёрын анхны байшингийн сэргээгдсэн хувилбар, Эммагийн эцэг эхийн гэрийн ойролцоох шинэ цуглааны байр болсон зочид хүлээн авах төв зэрэг Санваарын сэргээлттэй холбоотой бүх газрыг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өнгөрсөн есдүгээр сард онцгойлон адисалсан билээ. Тэнд байхдаа би уг ариун нандин газарт болсон тэнгэрлэг үйл явдлуудын хүч, бодит байдлыг мэдэрсэн. Энэ үйл явдал намайг санваарын эрх мэдэл, түлхүүрүүдийн талаар тунгаан бодож, судалж, залбирахад хүргэсэн бөгөөд энэ нь сүмийн залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд санваарын эрх мэдэл болон сэргээгдсэн түлхүүр нь тэднийг хэрхэн адислах талаар тэдэнтэй хуваалцах хэрэгтэй гэсэн гүн сэтгэгдлийг надад төрүүлсэн юм.

Юуны өмнө дараах нэр томьёоны утга агуулгыг мэдэх нь тустай байж болох юм. Санваар буюу санваарын эрх мэдлийг “Бурханы хүч ба эрх мэдэл” мөн “энэ дэлхий дээрх бүрэн төгс хүч” хэмээн тодорхойлжээ. Санваарын түлхүүрийг мөн адил бидэнд ойлгогдохоор тодорхойлсон байдаг. “Санваарын түлхүүрүүд бол санваарын удирдагчдад Бурханы санваарыг дэлхий дээр ашиглах, удирдах, хянах, засаглах Түүнээс олгосон эрх мэдэл юм.” Санваарын түлхүүр нь санваарын эрх мэдлийн гүйцэтгэлийг хянаж байдаг. Сүмд бүртгэл үүсгэдэг ёслолуудыг хийхэд түлхүүр шаардлагатай бөгөөд тэдгээрийг эрх мэдэлгүй хийх боломжгүй юм. Ахлагч Даллин Х.Өүкс “санваарын эзэн болох Их Эзэн Есүс Христ санваарын бүх түлхүүрийг атгадаг. Тэрээр мөнх бус хүмүүнд ямар түлхүүр олгогдох хийгээд энэ түлхүүр нь хэрхэн ашиглагдахыг тодорхойлдог” хэмээн заасан байна.

Би одоо залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд хандан, “түлхүүрийг олох” эсвэл өөрийн болон бусдын амьдралыг адислахдаа санваарын түлхүүр болон эрх мэдлийг ашиглаж болох гурван арга замын талаар ярья.

Нэгдүгээрт, номлолын үйлчлэлд бэлтгэх

Залуу ах эгч нар минь ээ, та нар үүнийг мэдэхгүй байж болох ч Мосегийн сэргээсэн Израилийг цуглуулах түлхүүр нь энэ эрин үед номлолын ажил хийх боломжийг олгодог. 2015 оны эцэс гэхэд тэдгээр түлхүүрийн удирдлага доор номлолын талбарт ажиллаж байгаа бүрэн цагийн номлогчийн тоо 74,000-д хүрчээ. Үүнтэй холбогдуулан номлолын ажилд бэлдэхэд хэт эртдэнэ гэсэн ойлголт байхгүй гэдгийг бас санах нь зүйтэй. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээрээс бид “Аароны санваартай залуу эрэгтэйчүүд бүрэн цагийн номлолд явах зорилт тавидаг” гэдгийг уншдаг. Залуу эмэгтэйчүүд ч мөн адил өөрсдийгөө бэлдэх ёстой ч “ энэ нь залуу эрэгтэйчүүдийн адил үйлчлэх шаардлага биш юм.” Та нарын бүрэн цагийн номлолд үйлчлэх эсэхээс үл хамааран бүх бэлтгэл тань та нарыг насан туршдаа гишүүн номлогч байхад тус болох юм.

Хоёрдугаарт, ариун сүмд очих нь “түлхүүрийг олох” өөр нэгэн арга зам юм

Ариун сүмд хийх ёслолыг боломжтой болгох түлхүүрийг Хуучин Гэрээний бошиглогч Елиас сэргээсэн. Ариун сүмд хийгддэг ёслолууд нь хувь хүнд болон гэр бүлүүдэд Тэнгэрлэг Эцэг эхийн оршихуйд эргэн очих боломжийг олгодог.

Бид залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг өвөг дээдсийнхээ нэрсийг эрж хайн, олж мөн тэдний өмнөөс ариун сүмд баптисм хүртэхэд уриалж байна. Энэ ажил дэлхий даяар урьд өмнө нь хийгдэж байгаагүй их тоо хэмжээнд хийгдэж байгаа гэдгийг онцлох нь зүйтэй. Олон ариун сүмийн баптисмын санд өглөөнөөс орой хүртэл залуу эрэгтэй, эмэгтэйчүүд дүүрэн байна. Эдгээр ариун сүмд ариун нандин ёслолуудыг гүйцэтгэх үед гэр бүлүүдийг хамтад нь холбох боломж олгодог түлхүүрүүд ажиллаж байдаг.

Та сэргээгдсэн санваарын түлхүүр болон адислалын хоорондох уялдаа холбоог харж байна уу? Та энэ ажилд гар бие оролцсоноор Их Эзэн уг ажлын бүх хэсэгт оролцож байгаа гэдгийг мэдэх болно. Үүний нэг жишээг та нарт өгье. Саяхан би бусдын төлөө баптисм хүртэхээр хүүхдүүдээ ариун сүмд байнга дагуулан авчирдаг нэгэн ээжийн талаар олж мэдсэн юм. Тэр өдөр уг гэр бүлийг баптисм хүртэж дуусаад, ариун сүмээс гарч байхад нь нэгэн эрэгтэй баптисмын санд гэр бүлийнхээ олон хүний нэрийг барьсаар орж ирэв. Түүнийг баптисмын санд гэр бүлийнх нь нэрээр ёслол хийхэд туслах хүн алга даа гэж бодож байх зуур ариун сүмийн ажилтан гарч явсан гэр бүлийг зогсоон, хүүхдүүдээс нь буцаж орж, хувцсаа солиод, тэдгээр баптисмыг хийхэд туслахыг хүслээ. Тэд ч шууд зөвшөөрөн, буцаж орсон байна. Тун удалгүй хүүхдүүдийг баптисм хүртэж байхад ээж нь танил нэрсийг сонсоод, тэр эрэгтэйн барьж байсан нэрс мөн адил өөрийнх нь өвөг дээдсийн нэрс болохыг ойлгожээ. Ямар гайхамшигтай тохиолдол вэ!

Хоёр долоо хоногийн өмнө Прово хотын Төв ариун сүмийг дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж буй 150 дахь ариун сүм болгон онцгойлон адисалсан билээ. Ерөнхийлөгч Томас С.Монсоныг 1963 онд Төлөөлөгчөөр дэмжигдэн батлагдах үед Сүм даяар 12 ариун сүм үйл ажиллагаагаа явуулж байсан гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу. Ариун сүм танд улам бүр ойртсоор байна. Харин ариун сүмээс хол амьдардаг, нөхцөл байдлын улмаас ариун сүм рүү үргэлж орох боломжгүй хүмүүст хандан өөрсдийгөө үргэлж ариун сүмд орохуйц зохистой байлгах хэрэгтэй. Үүнээс гадна гэр бүлийнхээ нэрсийг судлан, тэдгээрийг ариун сүм рүү илгээхэд хийж буй чухал ажил тань санваарын эдгээр түлхүүр үнэхээр ажиллаж байгаагийн нотолгоо билээ.

Гуравдугаарт буюу эцэст нь: Итгэл дүүрэн урагшил

Хуучин Гэрээний бошиглогч Абрахам эрин үедээ Их Эзэнээс агуу том адислалыг хүлээн авсан бөгөөд үүнийг Абрахамын гэрээ хэмээн нэрлэдэг. Олон мянган жилийн дараа Абрахамд өгөгдсөн сайн мэдээний эрин үеийн адислалууд сэргээгдсэн билээ. Энэ нь бошиглогч Елиасыг Иосеф Смит, Оливер Каудери нар дээр Көртландын ариун сүмд ирэх үед болсон юм.

Энэ сэргээлтийн ачаар та нарын хүн нэг бүр Абрахамд амлагдсан тэрхүү агуу адислалаас хүртэх боломжтой болсон билээ. Хэрэв та итгэлтэй байж, зохистой амьдрах юм бол эдгээр адислал таных байх боломжтой. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээр та бүхэнд хэрхэн “итгэлтэй урагшлах” талаар амьдралдаа хэрэгжүүлж болох бодит зөвлөгөөг өгсөн байдаг. Би тэдгээр зөвлөгөөний заримаас товчхон дурдъя. “Их Эзэний хүсдэг шиг хүн болохын тулд өглөө, орой бүр өвдөг сөгдөн, Тэнгэр дэх Эцэгээсээ тусламж гуйн залбир. … Судруудаас өдөр бүр судалж, уншсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүл. … Өдөр бүр дуулгавартай байхыг хичээ. … Бошиглогчид, Сүмийн бусад удирдагч, орон нутгийн удирдагчдынхаа заасан зүйлсийг ямар ч нөхцөлд дагаж бай. … Даруухан бөгөөд Ариун Сүнсийг сонсох хүсэлтэй бай.”

Энэ зөвлөгөөний дараа Абрахамын адислалаар дамжин ирдэг амлалт руу хөтлөх амлалтыг өгсөн байдаг. “Та нар эдгээрийг хийвэл өөрсдөө хийж чадахаас тань хамаагүй их зүйлийг Их Эзэн бүтээж өгөх болно. Тэрээр та нарын боломжийг нэмэгдүүлж, алсын харааг чинь тэлж, хүчирхэгжүүлэх болно. Тэр та нарыг сорилт бэрхшээлтэй тулгарах үед шаардлагатай тус дэмийг өгнө. Та нар Тэнгэр дэх Эцэг болон Түүний Хүү Есүс Христийг таньж мэдсэнээр жинхэнэ баяр баясгаланг олж, илүү бат бөх гэрчлэлтэй болно.”

Дүгнэн хэлэхэд, ариун сүмд орж, номлолын үйлчлэлд бэлтгэн, итгэл дүүрэн урагшил.

Дүгнэлт

Үгийнхээ төгсгөлийг хүйтэн машины зогсоол дээр “Түлхүүр хаана байна вэ?” гэж асууж байсан газраасаа үргэлжлүүлье. Дашрамд дурдахад, тэр орой би ууланд халааснаас маань унасан түлхүүрээ гайхалтай арга замаар олсон гэдгээ хэлэх гэсэн юм. Их Эзэн биднийг хар хүйтэнд түлхүүргүй эсвэл Өөр рүүгээ аюулгүй хөтлөн аваачих эрх мэдлийг өгөлгүй үлдээхгүй гэдгээ харуулсан билээ.

Хэрэв та надтай адил бол өдөр бүр өөрөөсөө машины, өрөөний, байшингийн эсвэл гэрийнхээ “Түлхүүрийг хаана байна вэ?” гэж асуух байсан байх. Намайг түлхүүрүүдээ хайж байх үед энэ нь надад санваарын сэргээгдсэн түлхүүр болон бидний “бошиглогч, үзмэрч, илчлэгч” мөн “дэлхий дээр санваарын бүх түлхүүрийг эзэмшин, ашиглах эрхтэй цорын ганц хүн” хэмээн дэмжин баталсан ерөнхийлөгч Монсонг сануулдаг учраас би үүнд баяртай байдаг. Тийм ээ, түлхүүрүүд нь бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн мэдэлд аюулгүй хадгалагдаж байгаа билээ. Тэднийг Их Эзэний хүслийн дагуу, Сүмийн ерөнхийлөгчийн удирдлага доор бусдад хүртээн, итгэмжилж, томилдог.

Санваарын эрх мэдэл ба түлхүүр нь моторыг асаан, тэнгэрийн үүдийг нээж, тэнгэрлэг хүчинд нөлөөлж, бидний хайрт Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих гэрээт замыг тавьж өгдөг гэдгийг би гэрчилж байна.

Өсөж буй залуу үеийнхэн та нар “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэ[н]”, та нарт тэнгэрийн адислал, бэлэг, хүчийг нээж өгөх санваарын түлхүүрийг атгагчдын удирдлаган доор үйлдэх нь та бүхний давуу эрх гэдгийг ойлгоосой хэмээн би залбирч байна.

Би Тэнгэрлэг Эцэг, бидний Аврагч, Гэтэлгэгч болох Есүс Христ, Ариун Сүнс болон хожмын үеийн сайн мэдээний сэргээлтийн талаар гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Иосеф Смит—Түүх 1:68–72-ыг үзнэ үү.

  2. Сургаал ба Гэрээ 110, хэсгийн тойм.

  3. Сургаал ба Гэрээ 128:20-ийг үзнэ үү.

  4. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 8-р хуудас.

  5. Боид К.Пакэр, “Priesthood Power in the Home” (worldwide leadership training meeting, Feb. 2012), lds.org/broadcasts; мөн Жэймс Э.Фауст, “Power of the Priesthood,” Ensign, 1997 оны 5-р сар, 41–43.

  6. Гарын авлага 2, 2.1.1.

  7. Даллин Х.Өүкс, “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69.

  8. Залуучуудын бат бөх байдлын төлөө (товхимол, 2011), 43.

  9. Томас С.Монсон, “Чуулганд тавтай морилно уу,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 3.

  10. Залуучуудын бат бөх байдлын төлөө, 42–43.

  11. Тойрог болон гадасны жил тутмын чуулган дээрх эрх мэдэлтнүүдийг дэмжин батлах үгээс.

  12. 2 Нифай 31:20.