Сэргээлтийн ариун газар
Палмира бол Эцэгийн дуу хоолой бараг хоёр мянган жилийн турш сонсогдох Сэргээлтийн газар байсан юм.
Олон жилийн турш Сүмийн гишүүн сайн найз минь надад мөнхийн гэр бүлийн талаарх сургаалыг заахыг хичээж байсан юм. Гэхдээ 1978 оны 10-р сард намайг Бразилийн Сан-Пауло ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрт оролцох хүртэл тэрээр энэ сургаалыг зааж чадаагүй байлаа. Намайг лацдан холболтын өрөөнд орох үед мөнхийн гэр бүлийн тухай сургаал зүрх сэтгэлд маань ирж, олон хоногийн турш энэ нь үнэн Сүм эсэхийг би залбирч асуусан.
Би шүтлэгтэй хүн байгаагүй ч эцэг эх маань шүтлэгтэй хүмүүс байсан учраас би бусад шашны сайн сайхан талыг харж байсан юм. Тэр үед би бүх шашин Бурханы хувьд хүлээн зөвшөөрөгддөг гэж боддог байв.
Би ариун сүмд зочилсныхоо дараа хариулт хайн, Бурхан дэлхий дээрх аль сүм Түүний Сүм болохыг хэлж өгнө гэдэгт итгэн, баттай найдаж байлаа.
Агуу их сүнслэг тэмцэл өрнөсний дараа намайг эцэст нь тодорхой хариултыг хүлээж авахад баптисм хүртэхийг урьсан бөгөөд энэ үйл явдал 1978 оны 10-р сарын 31-нд Бразилийн Сан-Пауло ариун сүмийг онцгойлон адислахын өмнөх шөнө болсон билээ.
Их Эзэн миний асуултад хариулахдаа намайг мэддэг бөгөөд надад анхаарал тавьдгийг би ухаарсан.
Дараагийн өглөө нь эхнэр бид хоёр ариун сүмийг онцгойлон адислах хуралдаанд оролцохоор Сан-Пауло руу явсан.
Би тэнд байсан ч энэхүү гайхамшигт боломжинд хэрхэн талархахаа үнэхээр мэдэхгүй байлаа. Дараагийн өдөр нь бид бүсийн чуулганд оролцсон юм.
Бид Сүм дэх аянаа эхлүүлж, энэхүү амьдралын өөрчлөлтийн үед биднийг гар дэлгэн хүлээн авсан сайн найз нөхөдтэй болсон.
Бидний очдог байсан Ням гаргийн цуглааны Шинэ гишүүний хичээлүүд гайхамшигтай байсан. Тэдгээр нь биднийг мэдлэгээр дүүргэж, дараагийн ням гарагт илүү их сүнслэг тэжээл авч болохын тулд долоо хоног хурдан өнгөрөөсэй гэх хүслийг төрүүлдэг байлаа.
Эхнэр бид хоёр гэр бүлээ мөнхөд лацдан холбохоор ариун сүмд орохыг тэсэн ядан хүлээж байв. Бид хоёр нэг жил долоон өдрийн дараа лацдан холбогдсон ба энэ нь үнэхээр гайхамшигтай цаг үе байлаа. Надад лацдан холбох ёслолын өмнө нь мөн дараа нь мөнх байдлыг харж байгаа мэт санагдсан.
Нэгдсэн Улсын Зүүн Эрэг дээр хууль ёсны цагаачаар амьдарч байхдаа би хотуудыг мэддээг болсон юм. Тэдгээрийн ихэнх нь жижигхэн байсан.
Намайг Анхны үзэгдлийн талаар уншиж, сонсох үед хурсан олон хүний тухай гардаг бөгөөд энэ нь надад ойлгомжгүй санагддаг байлаа.
Сүм яагаад өвөг дээдсийн маань нутаг болох Бразил, Италид биш Нэгдсэн Улсад сэргээгдэх ёстой байсан юм бол? гэх асуулт миний оюун бодолд төрж эхэлсэн юм.
Амар тайван газарт өрнөж байсан шашны сэргэн мандалт, үймээн самуунд оролцож байсан гэж тэдгээр дурдагдсан хурсан олон хүн хаана байсан юм бол?
Би олон хүнээс энэ тухай асуусан ч хариултаа олж чадаагүй. Би португали, англи хэлээр холбогдох бүх зүйлийг уншсан ч зүрх сэтгэлээ тайтгаруулах зүйл олж чадаагүй. Би үргэлжлүүлэн хайсаар байлаа.
Би 1984 оны 10-р сард гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхийн хувьд ерөнхий чуулганд оролцсон. Чуулганы дараа би хариултаа олох чин хүсэл тээн, Палмира руу явсан.
Би тэнд ирэхдээ яагаад Сэргээлт энд болох ёстой байсан юм бэ? Яагаад сэтгэл санаа ийм тогтворгүй байна вэ? Тэдгээр дурдсан хурсан олон хаанаас ирсэн юм бэ? Яагаад тэд тэндээс ирсэн юм бол? гэдгийг ойлгохыг хичээж байв.
Тэр үед надад ирсэн хамгийн учир шалтгаантай хариулт бол Нэгдсэн Улсын үндсэн хууль шашны эрх чөлөөг баталсан явдал байв.
Тэр өглөө би анхны Мормоны Ном хэвлэгдсэн газар болох Грандины байшинд зочилсон юм. Дараа нь ариун ойн цоорхой руу явж, маш их залбирсан.
Палмирагийн тэрхүү жижигхэн тосгоны гудамжаар явж байгаа хүн амьтан алга. Иосефийн дурдсан тэр олон хүн хаана байна вэ?
Би тэр нэгэн өдөр Петр Витмерийн ферм рүү явж байхдаа тэнд жижигхэн байшингийн цонхоор харах нэгэн хүнийг харсан юм. Түүний нүднээс хурц гэрэл цацарч байв. Би түүнтэй мэндлээд, нөгөө л асуултуудаа асууж эхлэв.
Түүнийг надаас “Та завтай байна уу” гэж асуухад би тийм гэж хариулав.
Тэр Лэйкс Эрий, Онтарио мөн доошоо яваад Хадсон гол энэ хавьд байдаг гэдгийг тайлбарлав.
1800 оны эхээр тэд энэ газар нутгаар дайран өнгөрөх Хадсон гол хүртэл 483 км үргэлжлэх усан зам барихаар шийджээ. Энэ нь тухайн үед агуу том төсөл байсан ба тэд зөвхөн хүний хөдөлмөр, малын хүчинд найдаж байв.
Палмира нь зарим барилга байгууламжийн төв газар байв. Барилгачдад ур чадвартай хүмүүс, техникч, гэр бүлүүд, найз нөхөд хэрэгтэй байлаа. Олон хүн ойролцоох бүх тосгоноос мөн арай хол газруудаас усан зам барихаар ирж байв.
Тэр л үед би хурсан олныг олж мэдсэн учраас энэ нь үнэхээр ариун нандин, сүнслэг цаг мөч байв. Тэд өөрсдийнхөө соёл уламжлал, итгэл үнэмшлийг авчирч байсан. Түүнийг тэдний итгэл үнэмшлийн тухай дурдах үед миний оюун ухаан гэгээрч, сүнслэг нүд маань Бурханаар нээгдсэн юм.
Тэр үед бидний Эцэг Бурхан агуу мэргэн ухаандаа Өөрийнхөө төлөвлөгөөнд хэрхэн залуу Иосеф Смитийг авчрах газрыг бэлдэж, түүнийг тэрхүү шашны үймээн самуун дунд тавьсныг би ойлгосон юм. Учир нь Куморад Мормоны Номын үнэт ялтсуудыг нуусан байв.
Энэ нь Эцэгийн дуу хоолой бараг хоёр мянган жилийн дараа гайхамшигт үзэгдэлд залуу хөвгүүн Иосеф Смиттэй ярьсан Сэргээлтийн газар байсан юм. Тэрээр Ариун ойн цоорхой залбирахаар очоод, “Энэ бол миний Хайртай Хүү, Түүнийг сонс!” гэх үгсийг сонссон билээ.
Тэр тэнд гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүнийг харсан юм. Тийм ээ, Бурхан Өөрийгөө хүн төрөлхтөнд дахин илчлэв. Дэлхийг нөмөрсөн түнэр харанхуй сарниж эхлэв.
“Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэр элч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мөнхийн сайн мэдээ түүнд байна”хэмээх Сэргээлттэй холбоотой бошиглолууд гүйцэлдэж эхлэв.
Цөөн хэдэн жилийн дотор Иосеф эртний бошиглогчдын үлдээсэн бошиглол, гэрээ, ёслолуудын цэдэг болох бидний хайрт Мормоны Ном руу хөтлөгдсөн юм.
Есүс Христийн Сүм дэлхийн нүглүүдийг зайлуулан авахаар ирсэн Бурханы Хурга, бүр Бурханы Хүү Есүс Христийн бас нэгэн гэрээ Мормоны Номон дээр илчилсэн мөнхийн сайн мэдээгүйгээр сэргээгдэж чадахгүй байсан.
Христ Иерусалим дахь Өөрийнхөө хүмүүст:
“Энэ хашаан дахь хонин сүргээс өөр хонин сүрэг Надад бий.”
“Би бол сайн хоньчин мөн. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ” хэмээн айлджээ.
Би Витмерийн фермээс явахдаа баяртай гэж хэлсэн эсэхээ санадаггүй юм. Нулимс хацрыг минь даган урсаж байсныг л санадаг. Үзэсгэлэнт тэнгэрт нар жаргаж байсан юм.
Би зүрх сэтгэлдээ бодгалийг минь тайвшруулсан агуу их баяр баясгалан, тайвшралыг мэдэрсэн юм. Би баяр талархлаар дүүрэн байв.
Би яагаад гэдгийг одоо маш сайн ойлгосон. Их Эзэн дахин нэг удаа надад мэдлэг, гэрлийг өгсөн юм.
Гэр рүүгээ буцах үед минь Абрахам эцэгт өгөгдсөн дэлхийн бүх гэр бүл чиний үр хүүхдээр дамжуулан адислагдах болно хэмээх амлалтын талаарх судрууд оюун бодолд минь орж ирсээр байв.
Дэлхийн бүх гэр бүлийг адислахын тулд ариун сүмүүд баригдах ёстой. Ингэснээр гэр бүлүүд зөвхөн үхэл тэднийг салгах хүртэл биш мөнхөд нэгдэж болохын тулд тэнгэрлэг хүч хүн төрөлхтөн дээр дахин нэг удаа хүртээгдсэн юм.
“ Эцсийн өдрүүдэд Эзэний өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстнүүд түүн уруу цутган ирнэ.”
Хэрэв та нар намайг сонсож байгаа бол ямар нэгэн асуулт зүрх сэтгэлд тань байгаа бол битгий бууж өг!
Би та бүхнийг Иаков 1:5 дээрээс “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно” хэмээн уншсан бошиглогч Иосеф Смитийн үлгэр жишээг дагахад урьж байна.
Иосеф Смит Мормоны Номыг агуулсан алтан ялтсуудыг хүлээн авсан Куморад болсон үйл явдал нь Сэргээлтийн чухал хэсэг байсан юм. Энэ ном нь бидэнд дэлхий дээрх ямар ч номоос илүү Христэд ойртоход тусалдаг.
Их Эзэн Өөрийн хаант улсыг энэ хожсын өдрүүдэд удирдуулахаар бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг дуудсан бөгөөд Түүний мөнхийн төлөвлөгөөнд гэр бүлүүд мөнхөд хамт байхаар тусгагдсан гэдгийг гэрчилж байна. Тэрээр хүүхдүүдээ халамжилдаг бөгөөд бидний залбирлуудад хариулдаг.
Тэрээр биднийг агуу ихээр хайрладаг учраас Есүс Христ бидний нүглийг цагаатгасан. Тэрээр дэлхийн Аврагч. Би үүнийг, Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.