2010–2019
Бурханлаг чанарын хүч
Дөрөвдүгээр сар 2016


10:38

Бурханлаг чанарын хүч

Ариун сүм бүр Бурханы ариун, нандин өргөө бөгөөд тэнд бид бүгд бурханлаг хүчийг мэдэж, түүний талаар суралцаж болно.

Нас барахаасаа хэдэн сарын өмнө бошиглогч Иосеф Смит арванхоёр төлөөлөгчийн гишүүдтэй уулзаад, тэрхүү хүнд хэцүү үед Сүмд тулгараад байсан хамгийн чухал хэрэгцээтэй зүйлсийн талаар ярилцжээ. Тэрээр тэдэнд хандан,“Бидэнд ариун сүм өөр юу юунаас ч илүү хэрэгтэй байна хэмээн хэлсэн. Тэгэхээр өнөөгийн энэ хэцүү нөхцөлд бидэнд болон бидний гэр бүлд Ариун сүм өөр юунаас ч илүү хэрэгтэй байх нь дамжиггүй.

Саяхан болсон ариун сүмийн онцгойлон адислах бүхий л үйл явдалд миний сэтгэл үнэхээр их хөдөлсөн юм. Нээлттэй хаалганы өдрүүд, ариун сүмийг үзэхээр ирсэн хүмүүсийн мэндчилгээ; эрч хүчтэй, сэтгэл нь хөдөлсөн өсвөр үеийнхний урлагийн тоглолт, онцгойлон адислах гайхамшигтай хуралдаан маш сайхан байлаа. Надад Сүнсний намуухан зөөлөн мэдрэмж мэдрэгдэж байв. Бас олон хүн адислагдсан. Маргааш нь эхнэр бид хоёр эцэг өвгөдийнхөө өмнөөс баптисм хийлгэхээр баптисмын усан санд очсон юм. Ёслолыг гүйцэтгэхээр гараа өргөх үедээ би Сүнсний хүчээр бялхаж байлаа. Тэгээд ариун сүмийн жинхэнэ хүч нь тэнд хийгддэг ёслолууддаа байдаг гэдгийг дахин ойлгож авсан.

Их Эзэний илчилснээр Мелкизедек санваарын бүрэн байдал нь ариун сүм болон тэнд хийгддэг ёслолууд дээр үндэслэгддэг, “учир нь та нар хүндэтгэл хийгээд алдар сууг хүлээн авч болохын тулд тэнд ариун санваарын түлхүүрүүд олгогддог” ажээ. “Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг.” Энэ бол танд болон таны гэр бүлд өгөгдсөн амлалт.

Бидний үүрэг бол Тэнгэрлэг Эцэг бидэнд юу өгнө түүнийг нь л “хүлээн авах” явдал юм. “Учир нь хүлээн авагч түүнд энэ нь, элбэг дэлбэгээр, бүр илүү хүчтэйгээр өгөгдөх болно.” Түүний одоо болон мөнхөд өгч чадах мөн өгөх бүхнийг хүлээн авах хүч; Бурханы охид, хөвгүүд болох,“тэнгэрийн хүчийг” мэдэж авах; Түүний нэрээр ярих хийгээд [Түүний] Сүнсний хүчийг хүлээн авах хүч нь бидэнд өгөгдөх болно.” Эдгээр хүчийг хүн бүр ариун сүмд хийдэг гэрээ, ёслолуудаар дамжуулан хүлээн авах боломжтой.

Нифай гайхалтай үзэгдэлдээ өнөө үеийн байдлыг: “Би, Нифай, Хурганы сүмийн гэгээнтнүүдийн дээр, мөн газрын гадаргуугаар нэг тархсан Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүс дээр буух Бурханы Хурганы хүчийг болгоов; мөн тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв хэмээн харсан.

Надад ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонтой хамт ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрт оролцож, түүнийг гэр бүлийнхнээ цуглуулан, лацдан холбох ёслолын ширээг тойруулаад, бидний сүмд хийдэг уулзалт хуралдаан, үйл ажиллагаа, хичээл, үйлчлэл бүхэн биднийг ариун сүмд ирж, энэ ёслолын ширээний ард өвдөг сөгдөн суун, Тэнгэрлэг Эцэгийн амласан бүхий л мөнхийн адислалуудыг хүлээн авахад бэлтгэж байдаг гэдгийг тайлбарлахад нь хамт байх завшаан тохиосон юм.

Бид амьдралдаа ариун сүмийн адислалуудыг мэдрэх бүрд бидний зүрх сэтгэл нас барсан болон одоо амьд байгаа гэр бүлийнхнийхээ зүг хандаж байдаг.

Саяхан би нэг гэр бүлийн гурван үеийн гишүүд өвөг дээдсийнхээ төлөө баптисм хийлгэж байгааг харсан. Эмээ нь усанд умбахдаа цочирдон сандарч байсан ч уг ёслолд оролцож байв. Тэрээр уснаас гарч ирээд нөхрөө тэврэн баярын нулимс унагаж байлаа. Өвөө аав хоёр нь бие биендээ болон бусад ач зээдээ баптисм хүртээж байсан. Үүнээс илүү ямар баяр баяслыг гэр бүлээрээ хамтдаа мэдрэх билээ дээ? Бүх ариун сүмд гэр бүлээрээ баптисмын ёслол гүйцэтгэх цаг авахад эхний ээлжинд орох давуу эрх өгдөг юм шүү.

Нас барахаасаа яг өмнө ерөнхийлөгч Жозеф Ф.Смит нас барагсдыг аврах талаар үзэгдэл үзсэн. Тэрээр сүнсний дэлхийд байгаа нас барагсад тэдний төлөө бидний хийх ёслолуудаас бүрэн хамааралтай байдаг гэж заасан. Сударт “Наманчилдаг нас барагсад, Бурханы өргөөний ёслолуудад дуулгавартай байснаар дамжуулан гэтэлгэгдэх болно” гэж байдаг. Бид тэдний өмнөөс ёслолуудыг гүйцэтгэдэг, харин тэд аль гэрээ нь аль ёслолтой холбоотой байх талаар хариуцлага хүлээж, сонголтоо хийдэг. Ариун сүм дэх хөшиг бидний хувьд нимгэн байж, тэдний хувьд бүрмөсөн нээгддэг нь гарцаагүй.

Тэгвэл ёслолыг үйлдэгчид болон ариун сүмийн ажилчид бидний энэ ажилд оролцохдоо ямар хувийн үүрэг хариуцлага хүлээдэг вэ? Бошиглогч Иосеф Смит гэгээнтнүүдэд хандан 1840 онд “энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд үлэмж хүч чармайлт гаргах ёстой бас хөрөнгө мөнгө шаардагдах болно. Энэ ажлыг зөв шударга байдалд түргэвчлэх ёстой учраас эдгээр зүйлсийн ач холбогдлыг Гэгээнтнүүд оюун бодолдоо, бүхий л ажил үйлстээ цэгнэж үзээд, … чадах бүхнээ хийхэд биеэ дайчлан, эдгээр зүйлсийг үйл ажиллагаа болгон хувиргах шаардлагатай алхмуудыг хэрэгжүүлбэл зохино. Бүх ажлыг сонирхолтойгоор хийх нь зөвхөн тэднээс өөрсдөөс нь шалтгаална” хэмээн заажээ.

Бид Илчлэлт номоос

“Цагаан дээлтэй эдгээр хүн хэн бэ? Тэд хаанаас ирсэн бэ?

“…Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ.

“Тиймээс тэд Бурханы сэнтийн өмнө байдаг бөгөөд Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг юм. Сэнтийд Залрагч асраараа тэднийг дээгүүр нь бүрхэнэ.” гэж уншдаг.

Та өнөөдөр ариун сүмд үйлчилж байгаа хүмүүсийг оюун мэлмийдээ төсөөлж байна уу?

Дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж буй 150 ариун сүмд 120 000 гаруй ажилтан үйлчилж байна. Тэгсэн ч гэсэн энэхүү гайхамшигтай мэдрэмжийг мэдрэх боломж илүү олон хүнд байгаа. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли олон жижиг ариун сүмийг дэлхий даяар байгуулах уриалгаа зарлахдаа “ёслолын бүх ажилтан нь гадас, тойрогтоо өөр бусад дуудлагад үйлчлэх боломжтой орон нутгийн хүмүүс байх хэрэгтэй.” гэж заажээ. Ер нь бол ёслолын ажилтнууд цаашдаа үргэлжлүүлж сунгах боломжтойгоор хоёроос гурван жилийн хугацаанд үйлчлэхээр дуудагддаг. Дуудагдсан л бол боломжийнхоо хэрээр удаан үйлчилж болно гэсэн үг биш юм. Удаан хугацаанд үйлчилсэн олон ажилтан шинээр дуудагдсан ажилтнуудад боломж олгон халаагаа өгч, дуудлагаасаа буухдаа ариун сүмийг хайрлах хайраа өвөрлөн үлддэг.

Зуугаад жилийн өмнө төлөөлөгч Жон А.Видцөү: “Бидэнд [энэ] гайхамшигтай ажлыг гүйцэлдүүлэх илүү олон ажилтан хэрэгтэй байна. … Бидэнд ариун сүмийн ажлын талаар бат бөх гэрчлэлтэй бүх насны хүмүүс хэрэгтэй байна. …Энэхүү ариун сүмийн ажлыг гүйцэлдүүлэх хүчин чармайлтад бүх насны хүмүүсийг идэвхтэй үйлчлэлд авчрах цаг ирлээ. … Ариун сүмийн ажил … амьдралын олон хүнд ачааг даван туулсан настай хүмүүст ач тусаа өгдгийн адил идэвхтэй залуу хүмүүст ч ач тусаа өгдөг билээ. Амьдралын туршлагынхаа ачаар тогтвор суурьшилтай болсон өвөө аав нараасаа илүү залуу эрчүүд ариун сүмд байх хэрэгтэй; мөн дөнгөж амьдралд хөл тавьж буй залуу эмэгтэйчүүдэд ариун сүмийн ёслолуудад оролцсоноор ирдэг сүнсний мэдрэмж, нөлөөлөл, удирдамж заавар хэрэгтэй байна” хэмээн заажээ.

Ихэнх ариун сүмийн ерөнхийлөгчид дөнгөж дуудагдсан, хишиг хүртсэн номлогчид буюу залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг номлогчийг бэлтгэх төвд очихоосоо өмнө ёслолын ажилтнаар түр хугацаанд үйлчлэхийг урьдаг. Эдгээр залуу үйлчлэхээр адислагдахаас гадна “ариун сүмд үйлчилж байгаа бүх хүний сайн сайхан болон Сүнсийг өсгөдөг юм.”

Би хэд хэдэн залуугаас номлолынхоо өмнө болон дараа ариун сүмд үйлчилсэн талаар сэтгэгдлээ хуваалцахыг хүссэн юм. Тэд ариун сүмд үйлчилсэн туршлагаа доорх үгсээр илэрхийлж байсан:

Би ариун сүмд үйлчилж байхдаа,

  • … “Эцэгт болон Аврагчдаа илүү ойрхон байгаагаа” мэдэрдэг;

  • … “бүрэн амар амгалан, аз жаргалыг” мэдэрдэг;

  • … “гэртээ байгаа” юм шиг мэдрэмжийг мэдэрдэг;

  • … “ариун байдал, эрч хүч, бат бөх байдлыг” хүлээн авдаг;

  • … ариун гэрээнүүдийнхээ ач холбогдол хийгээд чухлыг” мэдэрдэг;

  • … “ариун сүм миний нэг хэсэг болж байгааг” мэдэрдэг;

  • … “ёслолын үеэр үйлчилж байгаа хүмүүс буюу сүнснүүдтэй илүү ойр байгаагаа мэдэрдэг”;

  • … “уруу таталтыг давж гарах хүч чадлыг олж авдаг”;

  • … “Ариун сүм миний амьдралыг бүрэн өөрчилж байгааг мэдэрдэг” гэжээ.

Ариун сүмд үйлчлэх нь аль ч насны хүний хувьд маш баялаг эрч хүчтэй туршлага юм. Тэр ч байтугай дөнгөж гэрлэсэн хосууд ч хамтдаа үйлчилдэг. Ерөнхийлөгч Нэлсон, “Ариун сүмийн үйлчлэл бол … гэр бүлийн хувьд эрхэм дээд үйл ажиллагаа юм” хэмээн заажээ. Ёслолын ажилтны хувьд та өвөг дээдсийнхээ өмнөөс ёслол хийлгэхээс гадна тэдний төлөө ёслолыг гүйцэтгэх боломжтой байдаг.

Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф хэлэхдээ:

:“Урагш явж, авралын ёслолуудыг гүйцэтгэх хүч, эрх мэдлийг гартаа атгахаас илүү ямар дуудлагыг энэ дэлхийн гадаргуу дээр эрэгтэй [эсвэл эмэгтэй] хүн авч чадах вэ?

… Та бодгалийн авралд Бурханы мутар дахь зэмсэг болж байна. Хүмүүний үрсэд үүнтэй эн тэнцэх юуг ч өгсөн нь үгүй” гэжээ.

Тэрээр цааш нь

“Ариун сүнсний зөөлөн шивнээ [танд] өгөгдөх бөгөөд Тэнгэрийн үнэт зүйлс, тэнгэр элчүүдийн харилцаа цагаас цагт нэмэгдэх болно.”

“Энэ нь бид мөнх бус амьдралынхаа энэ хэдхэн жилийн турш хийж чадах золиослолтой тэнцэхүйц үнэ цэнэтэй” гэсэн юм.

Ерөнхийлөгч Томас С.Монсон саяхан “Ариун сүмийн адислалуудыг үнэлж баршгүй юм.” “Ямар ч золиослол үүнээс агуу бус” хэмээн бидэнд сануулсан.

Ариун сүмд ирж бай. Байнга ирж бай. Гэр бүлтэйгээ хамт мөн тэдний төлөө ирж бай. Өөрөө ирж, бусдад ирэхэд нь тусалж бай.

“Цагаан дээлтэй эдгээр хүн хэн бэ?” Ах, эгч нар аа, та нар бол ариун сүмийн ёслолуудыг хүлээн авсан, золиослол хийгээд ч хамаагүй энэ ариун гэрээнүүдээ сахиж байгаа; гэр бүлдээ ариун сүмийн үйлчлэлээс ирэх адислалуудыг олоход нь тусалж байгаа мөн бусдад энэ замаар замнахад нь тусалж байгаа тийм хүмүүс юм. Та бүхний үйлчлэлд талархаж байна. Ариун сүм бүр Түүний ариун гэгээн өргөө бөгөөд хүн бүр бурханлаг чанарын хүчний талаар мэдэж, суралцах болтугай хэмээн би Есүс Христийн нэр дээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 416; тодотгол нэмэгдсэн.

  2. Сургаал ба Гэрээ 124:34.

  3. Сургаал ба Гэрээ 84:20.

  4. Maрк 4:20, 24–25-ыг үзнэ үү.

  5. Сургаал ба Гэрээ 71:6.

  6. Сургаал ба Гэрээ 84:38: “Мөн Эцэгийг минь хүлээн авдаг тэрээр Эцэгийн минь хаант улсыг хүлээн авдаг; тиймийн тул Эцэгт минь байгаа бүхэн түүнд өгөгдөх болно.” Эдгээр нь ариун сүмийн ёслолууд дахь гэрээний амлалтууд юм; мөн Сургаал ба Гэрээs 132:20–24-ийг үзнэ үү.

  7. Сургаал ба Гэрээ 39:4; мөн Сургаал ба Гэрээ 45:8; Moсе 6:65–68-ыг үзнэ үү.

  8. Сургаал ба Гэрээ 121:36.

  9. Сургаал ба Гэрээ 1:20: “Харин хүн болгон Их Эзэн Бурханы, бүр дэлхийн Аврагчийн нэрээр ярьж болохын тулд юм.”

  10. Сургаал ба Гэрээ 29:30.

  11. 1 Нифай 14:14; тодотгол нэмэгдсэн.

  12. Рассэлл M.Нэлсон, “Personal Preparation for Temple Blessings,” Liahona, July 2001, 37.

  13. Сургаал ба Гэрээ 138:58; мөн  53–54-р шүлгийг үзнэ үү.

  14. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 415.

  15. Илчлэлт 7:13–15.

  16. Гордон Б.Хинкли, “Some Thoughts on Temples, Retention of Converts, and Missionary Service,” Ensign, Nov. 1997, 49.

  17. Жон A.Видцөү, “Temple Worship,” Utah Genealogical and Historical Magazine, Apr. 1921, 51–52.

  18. Айдохо Бойсийн ариун сүм, ерөнхийлөгч Брэнт Бэллистонийн хувийн тэмдэглэлээс.

  19. Хувийн тэмдэглэл.

  20. Рассэлл M.Нэлсон, “The Spirit of Elijah,” Ensign, Nov. 1994, 86.

  21. “Discourse by President Wilford Woodruff,” Millennial Star, May 14, 1896, 307.

  22. Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), xxx.

  23. Teachings: Wilford Woodruff, 177.

  24. Tомас С.Монсон, “Ариун сүмийн адислалууд,”2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 93.

  25. Tомас С.Монсон, “Ариун сүм—дэлхийн гэрэлт цамхаг,”2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, , 92.