2010–2019
“Намайг харь хүн байтал”
Дөрөвдүгээр сар 2016


10:16

“Намайг харь хүн байтал”

Та бүхэн өөрийн цаг зав, нөхцөл байдлаас шалтгаалан айл хөрш, гэрийнхээ ойролцоо амьдардаг дүрвэгсдэд үйлчлэхийн тулд юу хийж болох тухай залбирч шийдээрэй.

Халамжийн нийгэмлэг байгуулагдсан өдөр Эмма Смит “Бид ер бусын зүйл хийх гэж байна. … Бид ер бусын үйл явдал, яаралтай хэрэгцээ шаардлагууд гарна гэдгийг таамаглаж байх хэрэгтэй” хэмээн хэлсэн байдаг. Тэдгээр яаралтай хэрэгцээ шаардлага, ер бусын үйл явдал нь тэр үед одоогийнх шиг дахин дахин гарсаар байсан.

Ийм нэгэн дуудлага 1856 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Бригам Янгийг цугласан олонд гар тэрэгтэй анхдагчид замдаа явж байгаа бөгөөд ирэх хугацаанаасаа хоцорч байгаа тухай зарлах үед ирсэн юм. Тэрээр: “Та нарын итгэл, шашин шүтлэг болон бусдад шашин шүтлэгтэйгээ ил тод хүлээн зөвшөөрч байгаа тань одоо миний зааж байгаа зарчмыг чандлан гүйцэтгэхээс нааш нэг ч бодгалийг Бурханы селестиел хаант улсад аварч чадахгүй. Явж, эдүгээ хээр талд саатсан хүмүүсийг энд авчирч, бидний цаг зуурын хэмээн нэрлэдэг зүйлсийг чандлан биелүүлцгээ, … эс бөгөөс та нарын итгэл дэмий хоосон байх болно” хэмээн тунхагласан билээ.

Туйлдаж зовсон гэгээнтнүүдийг аврахаар явсан эрэгтэйчүүдэд бид талархан, хүндэтгэн дурсдаг. Харин эгч нар юу хийсэн бэ?

“[Люси Мэсэрв] Смит эгч цэдэглэснээр … ерөнхийлөгч Янгийг уриалга хэлсний дараа чуулганд оролцож байсан хүмүүс даруй арга хэмжээ авцгаажээ. … Эмэгтэйчүүд ‘яг тэндээ буюу [хуучин] табернеклд байхдаа дотуур юбка [тэр үеийн хэв маягийн дагуу дулаан байх үүднээс дотуураа өмсдөг байсан юбка], оймс, илүүчилж болох юу л байна бүгдийг [тайлан], ууланд байгаа гэгээнтнүүдэд илгээхээр [тэдгээрийг] тэргэнд ачсан байна.’”

Хэдэн долоо хоногийн дараа гар тэрэгтэй багийнхан болон тэднийг аврахаар явсан хүмүүс Солт Лэйк хот руу ойртон ирэх үед ерөнхийлөгч Бригам Янг гэгээнтнүүдийг дахин хуучин табернеклд цуглуулав. Гэгээнтнүүдээс, ялангуяа эгч нараас зовж зүдэрсэн хүмүүсийг халамжилж, хооллож ундлан, хүлээн авахыг шамдангуй гуйхдаа: “Та нар тэдний заримынх нь хөл шагай хүртлээ, заримынх нь өвдөг хүртлээ мөн, заримынх нь гар хөлдсөн байхыг олж харах болно. … Тэднийг хүүхэд шигээ хүлээн авч, халамжлаасай гэж бид та бүхнээс хүсэж байна” хэмээн хэлсэн юм.

Люси Мэсэрв Смит түүнчлэн

“Бид сайхан сэтгэлт ах эгч нарын тусламжтайгаар, зовж зүдэрсэн хүмүүсийг халамжлан тайтгаруулахын тулд чадах бүхнээ хийсэн. … Тэдний гар, хөл нэлээд их хөлдсөн байсан. … Бид бүх хүн өвчин зовлонгүй, ая тухтай болох [хүр]тэл хичээж зүтгэхээ зогсоогоогүй. …

“Би амьдралдаа хэзээ ч үүнээс илүү сэтгэл ханамж, баяр хөөрийг ямар нэгэн ажил хөдөлмөр хийснээр мэдэрч байгаагүй. Учир нь тэнд эв нэгдлийн маш хүчтэй мэдрэмж мэдрэгдэж байсан. …

“Туслах чин хүсэлтэй хүмүүсийн хийж чадах дараагийн зүйл юу байх вэ?” хэмээн бичсэн байлаа.

Хайрт эгч нар минь, энэхүү түүхийг бидний амьдарч буй энэ цаг үетэй болон дэлхий даяар зовж зүдэрч байгаа хүмүүсийнхтэй адилтгаж болно. Бидний зүрх сэтгэлийг хөндсөн бас нэгэн “ер бусын үйл явдал” байгаа.

Дүрвэгсдийн түр буудал дахь овоохойнууд
Дүрвэгсдийн түр буудал дахь хүүхдүүд
Дүрвэгсдийн түр буудал дахь эмэгтэйчүүд
Дүрвэгсдийн түр буудал дахь гэр бүлүүд
Тусламжийн багийнхан түр буудалд хүүхдүүдтэй хамт байгаа нь
Дүрвэгч гэр бүлтэй мэндэлж байгаа нь
Тусламжийн багийнхан дүрвэгсдийг хучин бүрхэв

“Дэлхий даяар албан шахалтаар дүрвэсэн хүмүүсийг оруулаад 60 гаруй сая дүрвэгчид байна. Тэдний тал хувь нь хүүхдүүд. “Тэд аймшигтай зовлон бэрхшээл амсаж, өөр улс орон, соёл иргэншилд амьдралаа шинээр эхлүүлж байна. [Зарим үед] амьдрах газар, үндсэн хэрэгцээгээр нь хангаж, туслах байгууллагууд байгаа ч тэдэнд хэрэгтэй зүйл нь шинэ гэртээ [идээшин дасахад] нь туслах найз, хань нөхөр болон шинэ хэл сурах, нийгэм, засгийн газар, соёл заншлын тогтолцоог ойлгох, тухайн газраа харъяалагддаг гэдгээ мэдрэхэд нь туслах хүн хэрэгтэй байгаа явдал юм.”

Ивэттэ Бугинго

Өнгөрсөн зун би дэлхийн дайнд нэрвэгдсэн газар нутагт аав нь алуулж, гурван ах нь алга болсны дараа 11 настайдаа нэг газраас нөгөө рүү зугтан, амь зууж байсан Явэттэ Бугинго эгчтэй танилцсан юм. Явэттэ болон гэр бүлийн үлдсэн гишүүд нь байнга байрлах гэр оронтой болж, нүүх хүртлээ зэргэлдээх улсад дүрвэгч, цагаачдын амьдралаар зургаан жил хагас амьдарчээ. Тэд хөл залгах унаа, сургууль болон бусад зүйлээр тусалж байсан сайхан сэтгэлтэй нэгэн гэр бүлээр адислагдсан. Тэрээр хэлэхдээ “тэд залбирлын маань хариулт байсан юм” гэжээ. Түүний үзэсгэлэнтэй ээж, эгдүүтэй жаахан дүү хоёр нь өнөө орой бидэнтэй хамт найрал дуу дуулж байгаа. Эдгээр гайхалтай эмэгтэйтэй танилцсанаасаа хойш би “Тэдний түүх миний амьдралын түүх байсан бол яах байсан бол?” гэж олон дахин бодож билээ.

Эгч нар бид Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд туслахын тулд Их Эзэний агуулахын талаас илүүг бүрдүүлдэг. Их Эзэний агуулах нь зөвхөн эд зүйлсээс бүрддэггүй, цаг зав, авьяас, ур чадвар, бурханлаг мөн чанараас бүрддэг. Рөүзмэри М.Виксом эгч заахдаа “Бидний доторх бурханлаг чанар бусдад хүрч ажиллах сэдэл төрүүлж, үйлдэл хийхэд биднийг өдөөдөг” хэмээсэн.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг үйлдэхэд өдөөдөг бурханлаг мөн чанарыг үнэлэн дараах үгсийг хэлсэн билээ.

“Итгэлээрээ дамжуулан чухал зүйлүүдийг тохиолгон авчирдаг, нүгэлд автсан дэлхийд ёс суртахууныг болон гэр бүлийг зоригтой хамгаалдаг эмэгтэйчүүд бидэнд хэрэгтэй байна … ; хүүхдүүд болон гэр бүлүүдээ хамгаалж, хүчирхэгжүүлэхийн тулд тэнгэрийн хүчийг хэрхэн дуудахыг мэддэг … эмэгтэйчүүд хэрэгтэй байна.

… Гэрлэсэн эсвэл ганц бие ч бай эгч нар минь та бүхэн Бурханаас бэлэг болгон авсан өвөрмөц чадвар, онцгой зөн совинтой. Ах нар бид чинь та нарын өвөрмөц нөлөөг орлож чадахгүй.”

2015 оны 10-р сарын 27-нд Тэргүүн Зөвлөлөөс иргэний зөрчилдөөн, бусад хүнд сорилт бэрхшээлээс холдон зугтахыг эрэлхийлж, гэр орноо орхин, дүрвэсэн сая сая хүний төлөө маш их санаа зовниж, өрөвдөн хайрлаж буйгаа илэрхийлсэн захидлыг Сүм даяар илгээсэн билээ. Тэргүүн Зөвлөлөөс хувь хүн, гэр бүл, Сүмийн нэгжүүдийг орон нутгийнхаа дүрвэгчдийг халамжлах үйл ажиллагаагаар дамжуулан Христтэй адил үйлчлэхэд мөн хэрэгжүүлдэг газар нь байдаг бол Сүмийн хүмүүнлэгийн санд хандив өргөхөд урьсан.

Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд болон Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлөөс Тэргүүн зөвлөлийн урилгыг хэрхэн хэрэгжүүлэх талаар анхаарч үзсэн. Бидний эрхэмлэн хайрладаг бүх насны эгч нар та бүхэн янз бүрийн амьдралын туршлагатай, олон төрлийн нөхцөл байдалд амьдардаг гэдгийг бид мэднэ. Дэлхий дахины эгч нар бид бүгд “тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулах” гэж баптисмын гэрээ хийсэн шүү дээ. Харин бидний хэн маань ч өөрт буй хүчнээс илүү хурдан гүйх шаардлагагүй гэдгээ санах хэрэгтэй.

Бид энэхүү үнэнийг оюундаа тээн, “Намайг харь хүн байтал” хэмээн нэрлэсэн халамжийн эх сурвалжийг бий болгосон. Та бүхнийг өөрийн цаг зав, нөхцөл байдлаас шалтгаалан айл хөрш, гэрийнхээ ойролцоо амьдардаг дүрвэгсдэд үйлчлэхийн тулд юу хийж болох тухай залбирч шийднэ гэж бид найдаж байна. Энэ бол гэр бүл, албан байгууллагаараа нэг нэгэндээ үйлчлэх, найз нөхдийн холбоо үүсгэх, зөвлөгөө өгөх, бусад Христийнхтэй адил үйлчлэл үзүүлэх боломж бөгөөд эгч нарын үйлчлэл хийж болох олон арга замын нэг билээ.

Бид залбирлаар удирдуулсан хичээл зүтгэлийнхээ үр дүнд Бенжамин хааны өөрийн хүмүүст өгсөн ухаалаг зөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэрээр ядарч зовсон хүмүүсийг халамжлан хайрлахыг хүмүүстээ ухуулсны дараа “эдгээр бүх зүйл мэргэн ухаанд мөн эмх цэгцэнд хийгддэг байхыг мэдэгтүн” хэмээн сургасан.

Эгч нар аа, бусдад хайраар туслах нь Их Эзэний хувьд утга учир бүхий зүйл гэдгийг бид мэднэ. Дараах судрын сургамжийн талаар бодож үзээрэй:

“Та нартай хамт амьдрах харийн хүн нь та нарт, дунд чинь буй уугуул хүн мэт байх ёстой. Чи түүнийг өөрийн адил хайрла.”

“Харь хүмүүст зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим хүмүүс үүгээрээ тэнгэр элч нарыг мэдэлгүй зочилсон юм.”

Мөн Их Эзэн ийн хэлсэн билээ:

“Учир нь намайг өлсөж байхад та нар Надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн. Намайг харь хүн байтал урьж оруулсан,

“нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан.”

Бэлэвсэн эмэгтэйн зоос

Аврагч хоёр зэс зоос өргөж буй бэлэвсэн эмэгтэйг хайрлан харав. Учир нь тэр хийж чадахаа л хийсэн юм. Мөн Тэрээр сайн санаат самари хүний сургаалт зүйрлэлийг ярьсан бөгөөд “Явж, үүний адил үйлдэгтүн” хэмээжээ. Заримдаа хүнд туслах нь тиим ч таатай санагддаггүй. Гэвч хайр, эв нэгдэлтэйгээр хамтдаа зүтгэснээр тэнгэрийн тусламжийг хүлээн авна гэдэгт найдаж болно.

Бурханы нэгэн гайхалтай охины оршуулгын ёслол дээр 1990-ээд оны үед Гадасны халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч байсан тэр эгч бусад хүнтэй хамтран Косово дахь зовж зүдэрсэн хүмүүсийг дааруулахгүй, дулаан байлгахын тулд хөнжилнүүдийг хандивласныг хэн нэгэн хуваалцжээ. Сайн санаат Самари хүний адил тэрээр илүү их хичээл зүтгэл гарган охиныхоо хамт ачааны машины тэвшээр дүүрэн хөнжил ачаад Лондонгоос Косово руу явсан байна. Гэр лүүгээ буцах замдаа тэрээр зүрх сэтгэлд нь гүн шингэсэн андуурамгүй сүнслэг мэдрэмжийг хүлээн авчээ. Тэрхүү мэдрэмж нь “Таны хийсэн зүйл бол маш сайн зүйл. Одоо гэртээ хариад, зам хөндлөн гараад хөршдөө тусал” гэсэн байна.

Оршуулгын ёслол нь тэр эмэгтэй ер бусын, яаралтай дуудлагуудыг болон эргэн тойрныхоо хүмүүст туслах энгийн үйл хэргүүдийг хэрхэн таньж, хариу үйлдэж байсан талаарх сүнслэг өдөөлт бүхий үгсээр дүүрэн байв. Жишээлбэл, зовж шаналж буй залуу хүмүүсийг өдөр, оройн дуртай цагтаа гэрт нь ирэхэд зориулж хаалгаа нээлттэй байлган, нинжин сэтгэлээр тусалдаг байжээ.

Хайрт эгч нар аа, бид өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг адислах тэнгэрлэг удирдамжийн төлөө залбирах үедээ Түүний тусламжийг хүлээн авч чадна гэдгийг баталж байна. Тэнгэрлэг Эцэг, бидний Аврагч Есүс Христ болон Ариун Сүнс туслахад бэлэн байгаа.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Сүмийн эмэгтэйчүүдэд хандан хүчирхэг гэрчлэлээ хуваалцсан.

“Удирдамж болон үйлчлэлээ тэвчээртэйгээр хийх тусламжийн төлөө, итгэлтэйгээр залбирах залбирлыг чинь Тэнгэрлэг Эцэг сонсож, хариулдаг билээ.

“Ариун Сүнс та нарт болон та нарын бүрэн дүүрэн сэтгэлтэй үйлчилж байгаа хүмүүст мөн илгээгдсэн. Та нарт хүч чадал өгөгдөх болно. Мөн та нар үйлчлэх чадварынхаа хэмжээг мэдэхэд сүнслэгээр удирдагдах болно. ‘Би хангалттай зүйлийг хийсэн үү?’ гэж та нарыг эргэлзэх үед Сүнс та нарыг тайвшруулах болно.”

Бидний тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн “яаралтай дуудлагыг” хүлээн авахдаа өөрсдөөсөө “Тэдний түүх миний амьдралын түүх байсан бол яах байсан бэ?” гэж асууцгаая. Тэгэхдээ бид сүнслэг өдөөлтийг эрэлхийлж, хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэж, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслахын тулд боломжтой мөн сүнслэгээр өдөөгдөхийн хэрээр нэгдмэл байцгаасай хэмээн би найдаж байна. Аврагч өөрт нь үйлчилсэн хайраар дүүрэн эгчийн талаар: “Энэ эмэгтэй надад сайныг үйлдсэн. … Тэр хийж чадахаа л хийсэн” хэмээн өгүүлсэнтэй адил магадгүй хэн нэгэн бидний талаар адил зүйлийг хэлэх болно. Би үүнийг ер бусын гэж хэлнэ! Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Эмма Смит, Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 14.

  2. Бригам Янг, Daughters in My Kingdom, 36.

  3. Daughters in My Kingdom, 36–37.

  4. Бригам Янг, Жэймс И.Фауст, “Go Bring Them in from the Plains,” Лиахона, 1997 оны 11-р сар; түүнчлэн Лирое Р. болон Анн В.Хафэн, Handcarts to Zion: The Story of a Unique Western Migration 1856–1860 (1960), 139-ийг үзнэ үү.

  5. Жилл Мулвэй Дэррийн бусадтай хамтарсан бичссэн The First Fifty Years of Relief Society: Key Documents in Latter-day Saint Women’s History (2016) дэх Люси Мэсэрв Смит, 217, 218, үг үсэг, цэг тэмдгийг стандартын дагуу болгосон; түүнчлэн Daughters in My Kingdom, 37-г үзнэ үү.

  6. “Facts and Figures about Refugees” -ийг unhcr.org.uk/about-us/key-facts-and-figures.html-ээс үзнэ үү.

  7. 40 Ways to Help Refugees in Your Community,” 2015 оны 9-р сарын 9, mormonchannel.org.

  8. Явэттэ Бугингогоос ирсэн э-мэйл, 2016 оны 3-р сарын 12.

  9. Рөүзмэри В.Виксом, “Өөрсдөдөө байгаа бурханлаг чанарыг олж мэдэх нь, ” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 1856 онд Виллигийн гар тэрэгний багийнхны аварсан хүмүүсийн нэг Эмили Вүүдманси бурханлаг мөн чанарыг ийн дүрсэлсэн (миний зүгээс бага зэрэг засвар оруулав):

    Тэнгэр элчийн үүргийг бүсгүйчүүдэд өгөв,

    Энэ нь бидэнд өгсөн агуу бэлэг юм

    Тийн бид хүмүүсийг урамшуулан адисалахаар;

    Сайн сайхан хүнлэг үйлс бүрийг хийх болно. (“As Sisters in Zion,” Hymns, 309)

  10. Рассэлл М.Нэлсон, “Эгч нараасаа гуйх гуйлт,”2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85.

  11. Moзая 18:9.

  12. Moзая 4:27-г үзнэ үү.

  13. Moзая 4:27.

  14. Левит 19:34.

  15. Еврей 13:2.

  16. Maтай 25:35–36.

  17. Лук 21:1–4-ийг үзнэ үү.

  18. Лук 10:37.

  19. Рөүзмэри Көртис Найдэрийн оршуулгын ёслол, 2015 оны 1-р сар.

  20. Хэнри Б. Айринг, “Халамжлагч,”2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган,  152.

  21. Maрк 14:6, 8.