Агуу удирдагч агуу дагалдагч байдаг
Өмнөх зам чинь харанхуй мэт санагдах өдрүүд ирэх болно. Тэгсэн ч Аврагчийг дагасаар бай. Тэр замыг мэднэ. Үнэндээ Тэр бол зам мөн.
Аав минь намайг 12 настай байхад ан хийхээр ууланд дагуулж явж билээ. Бид үүрийн 3 цагт босож, морьдоо эмээллээд, модтой уул өөд тас харанхуйд гарч явав. Би аавтайгаа анд явах дуртай байсан ч тэр үед надад бага зэрэг айдас төрж байсан юм. Би энэ ууланд урьд өмнө нь хэзээ ч ирж байгаагүй бөгөөд урдах жимээ байтугай ер нь юуг ч харахгүй байлаа. Миний харж байсан ганц юм бол өмнөх модон дээр тусгаж байсан аавын жижигхэн гар чийдэнгийн бүдэг гэрэл л байв. Хэрэв миний морь хальтирч унавал яах вэ? Тэр явж байгаа газраа ер нь харж байгаа болов уу? Гэхдээ “Аав хаашаа явж байгаагаа мэднэ. Хэрэв би түүнийг дагавал бүх зүйл зүгээр байх болно” гэсэн бодол намайг тайтгаруулж билээ.
Үнэхээр бүх зүйл зүгээр байсан юм. Эцэст нь нар мандаж, бид өдрийг үнэхээр сайхан өнгөрүүлсэн. Бид гэр рүүгээ явж эхлэхэд аав минь бусдаасаа илүү дээр сүндэрлэх шовх оргил руу заагаад, “Тэр оргилыг Салхит гүвээ гэдэг. Тэнд ан амьтан элбэг дээ” гэлээ. Яг тэр мөчид надад хэзээ нэгэн цагт эргэж ирээд, Салхит гүвээ өөд авирах хүсэл төрсөн.
Үүнээс хойш би аавыгаа Салхит гүвээний талаар ярихыг олон удаа сонссон боловч тийшээ явахгүй байсаар 20 жилийн дараа нэг өдөр аав руугаа утасдаад, “Салхит руу явцгаая” гэлээ. Бид яг л өмнөх шигээ морио эмээллээд, уул өөд явцгаав. Энэ удаа би гуч гарсан, морь унахдаа нэлээд гарамгай болсон байсан ч 12 настай байхдаа мэдэрсэн айдас дахин мэдрэгдсэнд гайхаж байлаа. Гэхдээ аав минь замаа мэддэг тул би түүнийг дагасан юм.
Эцэст нь бид Салхитын орой дээр гарч ирлээ. Орой дээрээс харагдах алсын бараа үнэхээр нүд баясгам байсан бөгөөд ийшээ дахин буцаж ирэх хүсэл надад төрж байв. Гэхдээ энэ удаа зөвхөн өөрөө биш, харин эхнэр хүүхдүүддээ туулсан туршлагаа мэдрүүлэхийг хүсэж байлаа.
Үүнээс хойш би яг л аавынхаа адилаар өөрийнхөө хөвгүүдийг болон бусад залуу эрэгтэйг дагуулан уулсын оройд олон удаа гарсан юм. Энэ туршлага удирдах мөн дагах гэдэг нь юу үг гэсэн болох талаар намайг тунгаан бодоход хүргэсэн.
Есүс Христ бол хамгийн агуу удирдагч мөн хамгийн агуу дагалдагч
Хэрэв би танаас “Дэлхийн хамгийн агуу удирдагч хэн байсан бэ?” гэж асуувал та юу гэж хариулах вэ? Хариулт нь мэдээж Есүс Христ. Тэрээр удирдагч хүнд байх ёстой бүхий л шинж чанарын төгс үлгэр жишээ юм.
Харин би та нараас “Дэлхийд амьдарч байсан хүмүүсээс хамгийн агуу дагалдагч хэн бэ?” гэж асуусан бол та юу гэж хариулах байсан бэ? Мөн л Есүс Христ гэж хариулахгүй гэж үү? Тэрээр агуу дагалдагч учраас агуу удирдагч болсон. Тэрээр Эцэгээ бүх зүйлд төгс дагадаг.
Удирдагчдыг хүчтэй байх ёстой гэж дэлхий зааж байхад Их Эзэн даруу байх ёстой хэмээн заадаг. Дэлхийн удирдагчид хүч, нөлөөг өөрсдийн авьяас, ур чадвар, өмч хөрөнгөөр олдог. Харин Христтэй адил удирдагчид хүч нөлөөг “сэнхрүүллээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайраар”олж авдаг.
Бурханы мэлмийд агуу удирдагчид үргэлж агуу дагалдагчид байсан.
Саяхан Сүмийн залуу эрэгтэйчүүдтэй хамт цагийг өнгөрүүлэхдээ удирдах, дагах талаар суралцсан хоёр туршлагаа хуваалцахыг минь зөвшөөрнө үү.
Бид бүгдээрээ удирдагч
Саяхан эхнэр бид хоёр гэрээсээ хол өөр тойрогт очиж, ариун ёслолын цуглаанд оролцсон юм. Цуглаан эхлэхээс хэдхэн хормын өмнө нэгэн залуу эрэгтэй хүрч ирээд, намайг ариун ёслол түгээхэд туслахыг хүсэхэд би “дуртайяа зөвшөөрч байна” гэж хэлэв.
Би диконуудтай зэрэгцэн суугаад, хажууд сууж байсан нэгнээс нь “Би хаагуур түгээх ёстой вэ?” гэж асуулаа. Тэр надад ариун ёслолын танхимын ар талаас эхлэн голын хэсэгт байгаа хүмүүст түүнтэй хамтран хоёр талаас нь түгээж урагшилна гэж хэлэв.
“Би үүнийг хийгээгүй их удсан байна шүү” гэж би хэллээ.
“Зүгээр зүгээр. Та сандрах хэрэггүй. Би ч бас анх эхлэхдээ ингэж байсан” гэж тэр хариулав.
Дараа нь, хэдхэн долоо хоногийн өмнө томилогдсон, уг чуулганы хамгийн залуу дикон ариун ёслолын цуглаан дээр үг хэлэв. Цуглааны дараа бусад дикон түүнийг бүчиж, чуулгынх нь гишүүд түүгээр ямар их бахархаж байгаагаа хэлцгээв.
Би тэр өдөр диконы чуулгын гишүүдтэй уулзахдаа тэр тойргийн Аароны санваарын чуулгын бүх гишүүн долоо хоног бүр бусад залуу эрэгтэйтэй уулзаж, тэднийг чуулгадаа урьдгийг би мөн олж мэдсэн юм.
Эдгээр залуу эрэгтэй бүгд сайн удирдагчид байсан. Тэдний ард тэдэнд үүргүүдийг нь зааж зөвлөдөг гайхалтай Мелкизедек санваартнууд болон эцэг эхчүүд мөн өөр бусад хүн байсан нь тодорхой. Тэдэнд санаа тавьдаг энэ насанд хүрсэн хүмүүс залуу эрэгтэйчүүдийг одоо байгаагаар нь бус харин хэн болж чадахыг нь харж чаддаг. Тэд залуу эрэгтэйчүүдтэй өөрсдийнх нь тухай ярихдаа сул тал дээр нь төвлөрөхийн оронд сайн удирдагчийн шинж чанарыг нь сайшаадаг.
Залуу эрэгтэйчүүд ээ, Их Эзэн та нарыг яг ингэж хардаг. Та бүхнийг өөрсдийгөө мөн ингэж харахыг би урьж байна. Та нарын амьдралд бусдыг танаар удирдуулахаар дуудах цаг ирнэ. Бусад үед бусдыг дагахыг та нараас хүснэ. Гэвч өнөөдөр миний та нарт өгөх захиас бол та нар ямар дуудлагатайгаасаа үл шалтгаалан үргэлж удирдагч мөн үргэлж дагалдагч байдаг гэсэн захиас юм. Удирдлага нь дагалдагчийн илэрхийлэл юм. Энгийнээр хэлэхэд, энэ нь Христэд ирэхэд нь бусдад туслах явдал бөгөөд жинхэнэ дагалдагчид үүнийг хийдэг. Хэрвээ та Христийн дагалдагч болохоор хичээж байгаа бол Түүнийг дагахад бусдад тусалж чадна. Ингэснээр та удирдагч болж чадна.
Таны удирдах чадвар нээлттэй байдал, бусдад урам дэм өгөх чадвар эсвэл олны өмнө ярих авьяасаас ирдэггүй. Энэ нь таны Есүс Христийг дагах амлалтаас ирдэг. Энэ нь Абрахамын хэлсэнчлэн “зөв шударга ёсыг агуугаар дагагч” байх таны хүслээс ирдэг. Хэрвээ та үүнийг хийх юм бол мөн төгс биш ч гэсэн үүнийг хийхээр оролдож байвал та бол удирдагч мөн.
Санваарын үйлчлэл бол удирдлага юм
Өөр нэгэн удаа би Шинэ Зеландад өсвөр насны гурван хүүхэдтэй ганц бие эмэгтэйн гэрт айлчилж очсон юм. Том хүү нь 18 хүрээд өмнөх ням гарагт нь Мелкизедек санваар хүртсэн байсан. Би түүнээс санваараа ашиглаж үзсэн эсэхийг асуухад тэр “Би үүнийг юу гэсэн утгатай болохыг ойлгохгүй байна” гэлээ.
Би түүнд одоо тайтгарлын болон эдгээх санваарын адислалыг өгөх эрх мэдэлтэй болсныг нь хэллээ. Мелкизедек санваартан дэргэд нь байхгүй олон жил болсон түүний ээж рүү би хараад, “Чи ээждээ адислал өгвөл их сайн хэрэг болно” гэж түүнд хэлэв.
“Би яаж өгөхийг мэдэхгүй” гэж тэр хариулав.
Би түүнд гараа ээжийнхээ толгой дээр тавиад, түүний нэрийг дуудан, түүнд Мелкизедек санваарын эрх мэдлээр адислал өгч байгаагаа мөн бодол болон зүрх сэтгэлдээ Сүнсээр дамжин орж ирсэн бүх зүйлийг хэлээд, Есүс Христийн нэрээр төгсгөнө гэж тайлбарлаж өгсөн.
Дараагийн өдөр би түүнээс э-мэйл хүлээн авав. Хэсгээс нь би уншъя. “Өнөө орой би ээжийгээ адисалсан. … Би маш их сандарч бас үүнийг хийж чадахгүй мэт санагдаж байсан болохоор Сүнстэй байхыг хүсэн залбирч байв. Учир нь Сүнсгүйгээр би адислал өгч чадахгүй байх байсан. Би өгч эхэлмэгцээ өөрийгөө болон сул талуудаа бүрэн мартсан. … Би ийм хүчтэй сүнслэг хүч, сэтгэл хөдлөлийг мэдэрнэ [гэж бодоогүй]. … Эцэст нь маш их хайрыг мэдрэн, сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй ээжийгээ тэврээд жаахан хүүхэд шиг уйлж билээ. … Одоо энэ захиаг бичихдээ хүртэл би Сүнсийг маш их мэдэрч байгаа учраас дахиж хэзээ ч нүгэл үйлдмээргүй байна. … Би сайн мэдээнд хайртай.”
Ердийн нэгэн залуу эрэгтэй өөрийгөө чадахгүй гэж бодож байсан ч санваарын үйлчлэлээр дамжуулан агуу зүйлс хийнэ гэдэг нь гайхалтай үлгэр жишээ биш гэж үү? Энэ залуу ахлагч номлолын дуудлагаа хүлээж аваад, ирэх сард номлогчийг бэлтгэх төвд очих гэж байгааг би саяхан мэдсэн. Тэр олон бодгалийг Христэд дагуулан авчирч чадна гэж би итгэж байна. Учир нь тэрээр гэр бүлээсээ эхлүүлсэн санваарын үйлчлэлдээ Христийг дагаж сурсан бөгөөд түүний үлгэр жишээ 14 настай дүүд нь хүчтэй нөлөөлж байгаа билээ.
Ах нар аа, бидний анзаардаггүй байж болох ч гэр бүл, найз нөхөд маань, бүр танихгүй хүмүүс хүртэл биднийг үлгэр дуурайлаа болгон харж байдаг. Санваартан хүний хувьд зөвхөн өөрсдөө Христэд ирэх нь хангалтгүй юм. Бидний үүрэг бол “Христэд ирэхэд бүхнийг урих” явдал юм. Бид зөвхөн өөрсдөдөө сүнслэг адислалыг хүлээн аваад сэтгэл дүүрэн байж болохгүй. Бид хайрладаг хүмүүсээ эдгээр адислал руу дагуулан явж, Есүс Христийн дагалдагчийн хувьд бүх хүнийг хайрлах ёстой. Аврагчийн Петрт өгсөн “Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул” хэмээх үүрэг даалгавар бидэнд ч бас хамаатай.
Галилын хүнийг дага
Өмнөх зам чинь харанхуй мэт санагдах өдрүүд ирэх болно. Тэгсэн ч Аврагчийг дагасаар бай. Тэр замыг мэднэ. Үнэндээ Тэр бол зам мөн. Та нар Христэд чин сэтгэлээсээ ойртох тусам мэдэрсэн зүйлсээ бусдад мэдрүүлэх гүн хүсэлтэй болно. Энэ мэдрэмжийг өөрөөр энэрэл буюу “түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр түүний цутгасан хайр” хэмээн нэрлэдэг. Хэрэв үүнийг хийвэл та нар Христийг дагах үйлсдээ бусдыг Түүн рүү хөтлөх бөгөөд Ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэнчлэн “Бид Галилын тэр Хүн буюу Их Эзэн Есүс Христийг дагаж байхдаа хаа ч байсан, ямар ч дуудлагатай байсан бусдад сайнаар нөлөөлөх болно.”
Энэ бол Христийн үнэн сүм гэдгийг би гэрчилж байна. Биднийг Бурханы бошиглогч, ерөнхийлөгч Монсон удирддаг. Тэр бол агуу удирдагч мөн Аврагчийн үнэн дагалдагч билээ. Есүс Христийн нэрээр, амен.