2010–2019
Аврах ажил: Бид үүнийг хийж чадна
Дөрөвдүгээр сар 2016


10:41

Аврах ажил: Бид үүнийг хийж чадна

Их Эзэн бидэнд идэвх султай болон гишүүн бус найзуудаа аврахад шаардагдах бүх хэрэгслийг өгсөн билээ.

Аврагч Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдийг аврах үүрэг даалгавраа бүрэн төгс ойлгож байсан. Учир нь Тэрээр:

“Учир нь Хүний Хүү алдагдсаныг аврахаар ирсэн юм. …

[Тиймд] эдгээр багачуудаас хэн нэг нь эрсдэх нь … тэнгэрт байгаа Эцэгийн тань хүсэл биш юм” хэмээн тунхагласан.

Миний тэнгэр элч шиг ээж Жасмин Бэннион Арнолд өөрийн хүүхдүүд, ач зээ нараа болон Тэнгэрлэг Эцэгийн гэмтсэн болон төөрсөн хонийг аврахад оролцох үүргээ тодорхой мэддэг байлаа. Эмээ өвөө нар ач зээ нарынхаа амьдралд үнэхээр чухал үүргийг гүйцэтгэж чадна.

Ээж минь ихэвчлэн итгэл нь гуйвсан, идэвх султай болон зарим гишүүд нь сүмийн гишүүн бус гэр бүлүүдэд очихоор хуваарилагддаг байсан. Гэвч түүний сүрэгт түүнд хэн ч даалгаж өгөөгүй хэсэг бас байдаг байлаа. Түүний айлчлалууд нь сард нэгээр зогсдоггүй байсан бөгөөд тэрээр чимээгүйхэн сонсож, өвчтэй хүмүүст үйлчилж хайраар урам дэм өгдөг байв. Амьдралынхаа сүүлийн хэдэн сард тэрээр гэрээс гарах боломжгүй болсон ч олон цагийг тэдэндээ захидал бичин, хайраа илэрхийлж, гэрчлэлээ хуваалцан, өөрийг нь эргэж ирсэн хүмүүст урам дэм өгч өнгөрүүлсэн юм.

Биднийг авралын ажил хийхээр явах үед Бурхан бидэнд хүч чадал, урам зориг, адислал өгдөг. Бурхан Мосед Израилийн хүүхдүүдийг аврахыг зарлиглахад тэр бидний олонхын адил айж байсан. Мосе “би хэзээ ч уран үгтэй байгаагүй. Учир нь би хэл яриа муу, модон хэлтэй хүн гэж хариула[н]” хүлцэл өчсөн.

Их Эзэн Мосед:

“Хэн хүний амыг бүтээсэн бэ? … ЭЗЭН Би биш гэж үү?

“Тиймээс одоо яв! Би Өөрөө чиний амтай хамт байж, чиний юу хэлэхийг чамд заана гэв.”

Үнэндээ Их Эзэн Мосед “Чи үүнийг хийж чадна” гэж хэлжээ. Юу гээч, бид ч гэсэн үүнийг хийж чадна!

Бидний аврах ажилд туслах дөрвөн зарчмыг би та нартай хуваалцъя.

1-р зарчим: Бид аврах ажлаар явахаа хойшлуулж болохгүй

Бүсийн далын ахлагч асан Алехандро Патаниа дүү Даниэлийнхаа багийнхантайгаа далайд загасчлахаар явсан түүхийг хуваалцсан юм. Далайд гарснаас хойш хэсэг хугацааны дараа далайн шуурга хурдацтай ойртон ирж байгаа талаар шуурхай мэдээг хүлээн авангуутаа багийнхантайгаа эргийн зүг жолоодов.

Далайд гарсан нь

Шуурга ширүүсэх үед холгүй явж байсан өөр нэгэн завины мотор эвдэрчээ. Даниэлийн багийнхан эвдэрсэн завийг троссоор холбон, аюулгүй газар руу чирсэн байна. Шуурга ширүүсэн, тэдэнд тусламж нэн даруй хэрэгтэй гэдгийг мэдэж байсан учраас тэд радиогоор тусламж хүсэн дуудсан байлаа.

Шуурга ширүүсэв

Хайртай хүмүүс нь сэтгэл зовнин хүлээх хооронд эргийн харуул, загасчдын холбоо, усан цэргийн флотынхон хамтдаа хамгийн сайн аврах төлөвлөгөө гаргахын тулд уулзжээ. Шуурганд орсон хүмүүсийг тусламж хүсэн гуйж байхад бүрэн эрхт төлөөлөгчид хэрхэн зохих байдлаар протокол хөтлөн, төлөвлөгөө гаргах талаар хуралдсаар л байв.

Хайртай хүмүүс нь сэтгэл түгшин хүлээв

Аврах багийг арай гэж нэг зохион байгуулах үед хамгийн сүүлчийн тусламж хүссэн дохио орж ирэв. Ширүүссэн шуурга хоёр завийг холбосон троссыг тасалсан тул Даниэлийн багийнхан загасчин нөхдөө аврахаар далай руу буцан эргэхээр болжээ. Эцэст нь хоёр завь хоёулаа багийн гишүүдтэйгээ живж, тэдний дунд ахлагч Патаниагийн дүү Даниэл мөн адил сураггүй алга болжээ.

Хоёр завь алга болов

Ахлагч Патаниа энэ эмгэнэлт явдлыг Их Эзэний дараах сануулгатай зүйрлэсэн: “Эмгэгтэй нэгнийг та нар эс тэнхрүүлж, … бутарсныг та нар эс буцааж, гээгдсэнийг эс хайв. Би [та нараас] Өөрийнхөө хонинуудыг шаардана.”

Хэдийгээр бид зөвлөл, чуулга, туслах бүлэг, хувь хүмүүсийн хувьд зохион байгуулалттай байх ёстой ч аврах ажлаа хойшлуулж болохгүй гэдгийг ахлагч Патаниа тайлбарласан билээ. Заримдаа бид тусгай хэрэгцээ гарсан гэр бүл, хувь хүмүүст туслах талаар олон долоо хоног ярилцан, хий дэмий өнгөрүүлдэг. Бид хэн тэднийд очих, хэрхэн тэдэнтэй ярилцах тухай авч хэлэлцдэг. Харин энэ үед төөрсөн ах дүү нарт маань тусламж хэрэгцээтэй хэвээр байх бөгөөд заримдаа тэд туслалцаа гуйн дуудсаар байдаг. Тиймээс бид энэ ажлыг хэрхэвч хойшлуулж болохгүй.

2-р зарчим: Бид хэзээ ч бууж өгч болохгүй

Бусдыг явж аврах урилгыг өгсөн ерөнхийлөгч Монсон “Ямар ч найдваргүй гэж боддог идэвх султай гишүүдийг аврахад хэт оройтсон гэж хэзээ ч бууж өгч болохгүй гэдгийг гишүүддээ сануулж байх хэрэгтэй” хэмээн цохон тэмдэглэсэн.

Та нарын ихэнхийн адил би сургаалыг удахгүй баптисм хүртэж эсвэл идэвхтэй болох гэж байгаа болон өөр бусад хүнтэй хуваалцах нь миний гишүүн бус найз Тим, түүний сүмийн идэвх султай гишүүн эхнэр Шарлийний адил удаан хугацаа шаарддаг.

25 жилийн турш би Тимтэй сургаалын талаар ярилцаж, Тим, Шарлийн хоёрыг ариун сүмийн нээлттэй өдөрлөгт дагуулан явдаг байсан. Бусад хүн аврах ажлын үр дүнд нэгдсэн боловч Тим номлогчидтой уулзах уу гэсэн урилгыг тэр бүр хүлээн авдаггүй байв.​

Нэгэн амралтын өдөр надад гадасны чуулгыг тэргүүлэн удирдах даалгавар өгсөн юм. Би гадасны ерөнхийлөгчөөс хэн дээр айлчлан очих талаар мацаг барьж залбирахыг хүсэв. Тэр надад миний найз Тимийн нэрийг өгөхөд би тун их гайхсан юм. Тимийн бишоп, гадасны ерөнхийлөгч бид гурав түүний хаалгыг тогшиход Тим хаалгаа онгойлгоод, над руу болон бишоп руу харснаа “Бишоп оо, та надад нэгэн онцгой хүнийг авчирна гэж хэлээгүй бил үү!” гэлээ.

Тэгээд Тим инээгээд, “Ор, ор, Мерв” гэв. Тэр өдөр гайхамшигтай зүйл болсон юм. Одоо Тим баптисм хүртсэн бөгөөд эхнэр Шарлийнтэйгээ хамт ариун сүмд лацдан холбогдсон билээ. Бид хэзээ ч бууж өгч болохгүй.

Тим, Шарлийн хоёр ариун сүмд

3-р зарчим: Зөвхөн нэг бодгалийг Христэд авчрах аваас та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ

Олон жилийн өмнө би Хосе де Соуза Маркизын хэрхэн Аврагчийн “Мөн хэрэв та нарын дунд хэн нэгэн нь Сүнсэнд хүчтэй байх аваас, тэрээр сул дорой болох түүнийг, … тэрээр тэрчлэн хүчирхэг болж болохын тулд өөртэйгөө хамт авч яваг” гэсэн үгийг ойлгосон талаар ярьж байсан.

Маркиз ах пристийн чуулганыхаа бүх хонийг нэрээр нь мэддэг байсан учраас Фернандог байхгүй байгааг олж харав. Тэрээр Фернандог хайж эхлээд гэрт нь, дараа нь найзынд нь, сүүлд нь далайн эрэг дээр очив.

Фернандог аварсан нь

Эцэст нь тэр Фернандог далайн давалгаа дээгүүр гулгаж байхад нь олов. Тэр Даниэлийн түүхэнд гардаг шиг завь живэхийг хүлээсэнгүй. Тэрээр тэр даруй алдагдсан хонио аврахаар ус руу орж, баяр хөөр болон гэрт нь авчрахаар явсан юм.

Фернандог сүргээс алдахгүйн тулд үйлчлэв

Дараа нь Фернандог дахин хонин сүргээсээ алдахгүйн тулд түүнд үргэлжлүүлэн үйлчилсэн юм.

Фернандог аврагдсанаас хойш юу болсон талаар мөн ганцхан хонийг аварснаар ямар их баяр баяслыг хүлээн авдгийг хуваалцахыг маань зөвшөөрнө үү. Фернандо хайрт Мариатайгаа ариун сүмд гэрлэсэн. Одоо тэд 5 хүүхэд, 13 ач зээтэй бөгөөд тэд бүгдээрээ сүмд идэвхтэй гишүүн юм. Тэдний төрөл садангийн олон хүн бас Сүмд нэгдэн оржээ. Тэд хамтдаа олон мянган нэрийг ариун сүмийн ёслол хийлгэхээр илгээсэн бөгөөд тэдэн дээр адислал урсан ирсээр байгаа билээ.

Фернандогийн гэр бүл

Фернандо одоо бишопоор гурав дахь удаагаа үйлчилж байгаа бөгөөд бусдыг үргэлжлүүлэн аварсаар байна. Саяхан тэрээр “Манай тойрогт Аароны санваартай 32 залуу эрэгтэй байгаа бөгөөд тэдний 21-ийг нь сүүлийн 18 сард аварсан” гэжээ. Хувь хүн, гэр бүл, чуулга, туслах бүлэг, анги, гэрийн болон айлчлагч багш нарын хувьд бид үүнийг хийж чадна!

Фернандогийн залуу эрэгтэйчүүд

4-р зарчим: Бидний хэдэн настай байхаас үл хамааран бүгд аврах ажлыг хийхээр дуудагдсан

​Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Бидний хэдэн настай, Сүмийн ямар дуудлагатай эсвэл хаана амьдардгаас үл хамааран, Их Эзэнд дахин ирэхээс нь өмнө бодгалиудын ургацаа хураахад нь туслах зорилгоор нэг хүн мэт нэгдмэл байдлаар ажиллахаар дуудагдсан юм” хэмээн тунхагласан.

Бусдыг аврахад явах Аврагчийн бүрээн дуудлагыг дагах хүүхдүүд, өсвөр үеийнхэн, залуу насанд хүрэгчид, насанд хүрсэн бүх насны гишүүд маань улам олон болсоор байна. Та бүгдийн чармайлтад талархаж байна. Зарим нэг жишээг та бүгдтэй хуваалцахыг минь зөвшөөрнө үү:

7 настай Эйми найз Арианнагаа жил бүр болдог хүүхдийн хэсгийн ариун ёслолын хөтөлбөрт урьжээ. Хэдэн сарын дараа Арианна гэр бүлтэйгээ баптисм хүртжээ.

Аллан хэмээх нэгэн ганц бие залуу Сүмийн видео, Мормон захиас-аас болон судрын шүлгийг бүх найзтайгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцах сүнсний өдөөлтийг хүлээн авсан.

Рийвс эгч бараа сурталчилж утсаар ярьсан бүх хүнтэй сайн мэдээ хуваалцаж эхэлсэн.

Жэймс гишүүн бус найз Шэйнийгээ охиныхоо баптисмд хүрэлцэн ирэхэд урьсан.

Спэнсэр идэвх султай эгчдээ ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны чуулган дээр хэлсэн үгийн холбоосыг явуулсан бөгөөд “Эгч маань яриаг уншсан бөгөөд цонх нээгдсэн” болохыг хэлсэн юм.

Их Эзэн бидэнд идэвх султай болон гишүүн бус найзуудаа аврахад шаардагдах бүх хэрэгслийг өгсөн билээ. Бид бүгдээрээ үүнийг хийж чадна!

Явж авар гэсэн Аврагчийн дуудлагыг дагахад би та бүхнийг уриалж байна. Бид үүнийг хийж чадна!

Есүс бол сайн Хоньчин бөгөөд Тэр биднийг хайрладаг мөн бусдыг аврахаар явах үед биднийг адисална гэдгийг чин сэтгэлээсээ гэрчилж байна. Түүнийг амьд гэдгийг би мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.