2010–2019
Тэнд цаашид үхэл үгүй болно
Дөрөвдүгээр сар 2016


10:14

Тэнд цаашид үхэл үгүй болно

Хайртай нэгнээ алдан эмгэнэн гашуудаж байсан бүх хүний хувьд Амилалт нь агуу их найдварын эх сурвалж болдог юм.

Долоо хоногийн өмнө Христийн амилсны баяр болж, бид бодол санаагаа Их Эзэн Есүс Христийн цагаатгагч золиослол болон Амилалт дээр төвлөрүүлсэн билээ. Өнгөрсөн жилийн турш би Амилалтын талаар урьдынхаасаа илүү ихээр тунгаан бодсон.

Бараг жилийн өмнө бидний охин Алиса нас барсан юм. Тэр бараг найман жилийн турш хэд хэдэн хагалгаанд орж, төрөл бүрийн эмчилгээ хийлгэн, сэтгэл хөдөлгөм гайхамшгийг мөн гүн гүнзгий харамслыг мэдрэн, хорт хавдартайгаа тэмцэж байв. Бид түүний биеийн байдал муудан, мөнх бус амьдралынхаа төгсгөлд ирж байгааг нь харсан билээ. Гялалзсан нүдтэй бяцхан охиноос авьяаслаг, сайхан эмэгтэй, эх хүн болон өссөн хайртай охинд минь ийм зүйл тохиолдож байгааг харахад элэг эмтэрмээр байв. Миний хувьд сэтгэл зүрх минь урагдаж байгаа мэт мэдрэмж төрж байлаа.

Aлиса Жонсон Линтон

Өнгөрсөн Христийн амилсны баярын үеэр нас барахаасаа сар гаруйн өмнө Алиса маань “Христийн амилсны баяр нь надад өөртөө байлгахыг хүссэн бүхнийг сануулдаг. Нэгэн өдөр би эдгэрч, эрүүл саруул болно. Хэзээ нэгэн цагт миний бие доторх төмөр, хуванцар эд анги байхгүй болж, айж эмээх зүйлгүй, сэтгэлийн түгшүүргүй байна. Би энэ бүхнийг яг одоо болгож өгөөч гэж залбирдаггүй ч гайхалтай сайхан, мөнх бус байдлын дараах амьдралд чин сэтгэлээсээ итгэдэгтээ талархаж явдаг” гэж бичсэн байлаа.

Есүс Христийн Амилалт нь Алисагийн найдаж байсан тэрхүү зүйлийг баталдаг бөгөөд хүн бүрд “[бидний] доторх найдварын” учир шалтгааныг суулгаж өгдөг. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Амилалтыг “хүмүүний түүхэн дэх хамгийн агуу үйл явдал” хэмээн хэлсэн байдаг.

Есүс Христийн Цагаатгал Амилалтыг авчирсан бөгөөд авралын агуу төлөвлөгөөнд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид тэнгэрлэг эцэг эхийнхээ сүнсэн хүүхдүүд юм. Энэ дэлхийн амьдралд ирэхэд бидний сүнс бие махбодтой нэгдсэн юм. Бид энд мөнх бус амьдралтай холбоотой бүхий л баяр хөөр, саад бэрхшээлийг мэдэрдэг. Хүн нас барах үед сүнс нь биеэсээ салдаг. Амилалт нь хүний сүнсэнд бие махбодтойгоо дахин нэгдэх боломжийг олгодог бөгөөд харин энэ удаа бие нь үхэшгүй, төгс хэлбэртэй байх бөгөөд өвдөлт, өвчин, бусад асуудалд захирагдахгүй байх болно.

Аврагчийн Амилалт үхлийг бүрэн ялсан учраас Амилалтын дараа сүнс нь хэзээ ч дахин биеэсээ салахгүй. Өөрийн мөнхийн хувь заяаг хүлээн авахын тулд бид сүнс, биеийг мөнхөд нэгтгэсэн энэхүү үхэшгүй бодгальтай байх хэрэгтэй. Салшгүй нийлсэн сүнс, үхэшгүй биетэй бид баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авах боломжтой. Үнэндээ Амилалтгүйгээр бид баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авахгүй, харин мөнхийн зовлонд унах байлаа. Итгэлтэй, зөв шударга хүмүүс хүртэл сүнс нь биеэсээ салахыг боолчлол гэж үздэг. Бид энэхүү боолчлолоос Амилалтаар дамжуулан суллагдсан бөгөөд энэ нь үхлийн хүлээс буюу гинжнээс гэтэлгэгдэхийг хэлнэ. Бидний бие, сүнсний аль нэг нь байхгүй бол аврал гэж үгүй.

Хүн бүрд биеийн, оюун санааны, сэтгэл хөдлөлийн хязгаарлалт, сул тал гэж байдаг. Хэдийгээр эдгээр саад бэрхшээлийн зарим нь одоо хэцүү байж болох ч эцсийн эцэст шийдвэрлэгдэх болно. Биднийг амилуулагдсаны дараа эдгээр асуудлын аль нь ч бидэнд саад болж чадахгүй. Алиса өөртэй нь адил төрлийн хавдар туссан хүмүүсийн амьд гарах хэмжээ хэр байдгийг судалсан бөгөөд үр дүн нь найдвар муутай байв. Тэрээр “Гэхдээ эдгэрэх боломж байгаа учраас би айхгүй байна. Есүс аль хэдийн миний болон та бүхний хорт хаврыг эдгээсэн билээ. … Би илүү сайн байх болно . Би үүнийг мэдсэндээ баяртай байна” гэж бичсэн байсан юм.

Бид хорт хавдар гэсэн үгийг өөрт буй аль нэгэн биеийн, оюун санааны, сэтгэл хөдлөлийн хязгаарлалт, сул талаар сольж болно. Амилалтын ачаар тэдгээр нь ч эдгэрсэн билээ. Амилалтын гайхамшиг, эцсийн эмчилгээг орчин үеийн анагаах ухааны хүрээнд тайлбарлаж болохгүй. Гэхдээ энэ нь Бурханы хүчнээс давсан зүйл биш юм. Аврагч амилан, амилуулалтыг бидний хүн бүрд авчрах учраас энэ бүхэн боломжтой гэдгийг бид мэднэ.

Аврагчийн Амилалт Түүнийг Бурханы Хүү гэдгийг мөн Түүний заасан зүйл үнэн болохыг нотолдог. “Учир нь хэлж байснаараа Тэр амилсан.” Өөрөө булшнаас үхэшгүй биетэй гарч ирснээс өөр Түүний бурханлаг байдлын тухай хүчтэй нотолгоо гэж байхгүй билээ.

Бид Шинэ Гэрээний цаг үеийн Амилалтын гэрчүүдийг мэднэ. Үүнээс гадна бидний сайн мэдээнээс уншсан, үүнийг гэрчилсэн хүмүүсийн үгээс гадна Шинэ гэрээ нь өөр олон зуун хүн амилсан Их Эзэнийг харсан гэдгийг баталсан байдаг. Түүнчлэн Мормоны Номон дээр үүнтэй адил өөр олон зуун хүний тухай гардаг: “Мөнхүү улиран тохиох дор цугласан олон урагшилж мөн гараа түүний хавирган талын сорвинд хүргэн, … мөн нүдээрээ үзэж мөн гараараа тэмтэрч, мөн бошиглогчдоор ирэх болно хэмээн бичигдсэн тэр нь мөн болохыг гарцаагүйгээр мэдэж мөн гэрчлэв.”

Эдгээр эртний гэрчийн дээр хожмын өдрүүдэд ч гэрчүүд нэмэгдсэн. Үнэндээ энэ эрин үеийн эхэнд Иосеф Смит амилсан Аврагчийг Эцэгтэй хамт харсан. Амьд бошиглогч, төлөөлөгчид амилсан, амьд Аврагч үнэн бодит болохыг гэрчилсэн. “Тиймээс бид ч гэсэн хүрээлэн буй гэрчлэлийн үлэмж агуу үүлтэй” гэж хэлж болно. Мөн хүн бүр Христийн амилсны баяраар бидний баярлан тэмдэглэдэг Амилалт нь үнэн бодит гэдгийг Ариун Сүнсний хүчээр дамжуулан мэдсэн гэрчүүдийн үлэмж агуу үүлийн нэгэн хэсэг болох боломжтой.

Аврагчийн Амилалтын бодит байдал бидний уй гашууг найдвараар сольдог. Учир нь сайн мэдээний бусад гайхамшигт амлалт нь бүгд Амилалттай адил бодит хэмээх найдвар үүнтэй хамт ирдэг билээ. Түүнд биднийг бүх нүглээс цэвэршүүлэх хүч бий гэдэгт бид итгэдэг. Тэрээр Өөр дээрээ бидний бүх сул дорой чанар, зовлон, шударга бус байдлыг авсан гэдгийг бид мэднэ. Бид Тэр “жигүүрэндээ анагаах чадлыг эзэмдэн нас барагсдаас бос[сон]” гэдгийг мэднэ. Бидний юу ч гэмтсэн байлаа гэсэн Тэр эдгээж чадна гэдгийг бид мэддэг билээ. Түүнчлэн “Тэр [бидний] нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно” гэдгийг мэднэ. Бид Түүнд итгэн, Түүнийг дагах юм бол “өөрийнхөө цус урсгалтаар дамжуулан энэхүү төгс цагаатгалыг хийсэн, шинэ гэрээний зууч Есүсээр дамжин төгс болгогд[оно]” гэдгийг бас мэднэ.

Хандел Meссиа нэртэй сүнсээр өдөөгдсөн магтаал дууныхаа төгсгөлийн сайхан аялгуунд Амилалтад талархсан төлөөлөгч Паулын үгийг оруулсан байдаг билээ.

“Харагтун, би та нарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй, харин бүгдээрээ өөрчлөгдөх болно.

Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, бүрээн эцсийн дуугаар тийм болно. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудах уруу амилуулагдаж, бид ч өөрчлөгдөнө. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх ёстой.

Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх үед

“… Үхэл ялалтад залгигдсан’ гэж бичигдсэн үг биелнэ.

“Үхэл ээ, чиний ялалт хаана байна вэ? Үхэл ээ, чиний хатгуур хаана байна вэ? …

Харин бидний Эзэн Есүс Христээр бидэнд ялалтыг өгдөг Бурханд талархал нь байх болтугай.”

Есүс Христийн Цагаатгал, Амилалтаар дамжуулан биднийх болсон адислалд би талархдаг. Үр хүүхдээ оршуулан, эхнэр нөхрийнхөө авсны хажууд уйлж, эцэг эх, хайртай нэгнээ алдан эмгэнэн гашуудаж байсан бүх хүний хувьд Амилалт нь агуу их найдварын эх сурвалж болдог юм. Тэднийгээ зөвхөн сүнсэн байдлаар биш харин амилсан биетэй дахин харна гэдэг нь ямар гайхалтай хувь тохиол вэ!

Би ээжтэйгээ дахин уулзаж, зөөлөн тэврэлтийг нь мэдэрч, хайраар дүүрэн нүд руу нь хармаар байна. Би аавынхаа инээмсэглэлийг харж, түүний инээдийг сонсож, амилуулагдан, төгс болсон байгааг нь харахыг хүсэж байна. Би Алисагаа дэлхий дээрх бүх асуудлаасаа салан, үхлийн ямар ч ул мөргүй, амилуулагдсан, төгс төгөлдөр болж, ялан дийлж чадсан, баяр хөөрийн бүрэн байдалд байгаа хэмээн итгэн, төсөөлөн хардаг.

Христийн амилсны хэдэн баярын өмнө тэр маань “Түүний нэрээр амьдрахад ямар их найдвар үргэлж, бүх зүйлд байдаг гээч. Христийн амилсны баяр үүнийг сануулж байдагт нь би талархдаг” хэмээн энгийн үгээр бичжээ.

Амилалт үнэн бодит гэдгийг би гэрчилж байна. Есүс Христ амьд бөгөөд Түүний ачаар бид бүгд дахин амьдрах болно. Есүс Христийн нэрээр, амен.