2010–2019
Тэр таныг мөрөн дээрээ тавиад, гэртээ авчрах болно
Дөрөвдүгээр сар 2016


19:1

Тэр таныг мөрөн дээрээ тавиад, гэртээ авчрах болно

Сайн Хоньчин алдагдсан хонио олдгийн адил та нар дэлхийн Аврагчид зүрх сэтгэлээ өргөвөл Тэр та нарыг олох болно.

Хүүхэд насны минь санаанаас гардаггүй нэгэн аймшигт дурсамж намайг нойрноос минь сэрээх агаарын дайралтын түгшүүрийн дохионы алсаас дуугарах дуугаар эхэлдэг байлаа. Тун удалгүй онгоцны сэнсний хүржигнэх дуу ойртсоор, агаарыг чичиртэл чангардаг байв. Ээжийнхээ сайн зааж өгдөг байсны дагуу бид цүнхнүүдээ шүүрч аваад, бөмбөгдөлтөөс хоргодох байр руу толгод өгсөн гүйдэг байсан. Тас харанхуй шөнөөр биднийг яаран гүйж байхад бөмбөгдөгч онгоцны байг заах ногоон цагаан галан дохио тэнгэрээс буудаг байв. Хачирхалтай нь, хүн бүр энэ галан дохиог Зул сарын мод гэж нэрлэдэг байлаа.

Би дөрвөн настай байхдаа дэлхийн дайны гэрч болсон.

Дрезден

Манай гэр бүлийн амьдарч байсан газраас холгүй Дрезден гэдэг хот байсан. Тэнд амьдарч байсан хүмүүс миний үзсэнээс мянга дахин илүү их зүйл үзэж туулсан. Мянга мянган тонны тэсрэх бодисоос үүссэн асар том түймэр хотын ерээс дээш хувийг сүйтгэж, нуранги, үнсэн ул мөр үлдээн, Дрезденийг арчин өнгөрсөн юм.

Балгас болсон Дрезден

Маш богинохон хугацаанд “Эрдэнэсийн хайрцаг” гэгддэг байсан хот үгүй болсон. Германы зохиолч Эрик Кастнэр уг сүйрлийн тухай “Мянга мянган жилийн турш түүний гоо үзэсгэлэн нь бүтээгдсэн боловч нэг шөнийн дотор бүрмөсөн устгагдсан” гэж бичжээ. Би хүүхэд байхдаа ард түмний маань эхлүүлсэн дайны сүйрлийг хэзээ нэгэн цагт давж гарах болно гэдгийг төсөөлж чадахгүй байсан. Бидний эргэн тойронд маань ямар ч найдвар, ирээдүй байхгүй мэт санагддаг байв.

Өнгөрсөн жил надад Дрезденд буцаж очих боломж гарсан юм. Дайны дараах далан жилд энэ хот дахин “Эрдэнэсийн хайрцаг” болсон байлаа. Нуранги балгасыг нь цэвэрлэж, хотыг сэргээсэн байсан бөгөөд бүр өмнөхөөсөө илүү сайжирсан байв.

Сүйтгэгэдсэн Фрауэнкирхе

Би айлчлалынхаа үеэр Фрауэнкирхе, Бидний хатагтайн сүм гэдэг сайхан Лютераны сүмийг харав. Энэ нь анх 1700 оны үед баригдаж Дрездений гялалзах эрдэнэсийн нэг болдог байсан боловч дайн түүнийг нурангин овоо болгосон байлаа. Энэ нь Фрауэнкирхег дахин сэргээхээр шийдэх хүртэл олон жилийн турш энэ байдалдаа байсан юм.

Дахин баригдсан Фрауэнкирхе

Сүйтгэгдсэн сүмийн чулуунуудыг ангилан хадгалсан байсан бөгөөд боломжтойг нь сэргээн босголтод ашиглажээ. Өнөөдөр та галд шатаж харласан тэдгээр чулуунуудыг гаднах хананд нь ул мөр болгон үлдээснийг олж харах болно. Эдгээр “сорви” нь зөвхөн уг барилгын дайны түүхийн сануулга болоод зогсохгүй бас үнснээс шинэ амьдрал бүтээх хүний ур чадварын гайхамшигт бэлгэдэл, найдварын хөшөө болдог.

Фрауэнкирхе бол найдварын хөшөө.

Би Дрездений түүхийг тунгаан бодоод, бүрэн устгагдсан зүйлийг сэргээн босгосон хүмүүсийн ур ухаан, шийдэмгий байдлыг шагшин гайхах үедээ Ариун Сүнсний сайхан нөлөөг мэдэрсэн. Хэрэв хүн эвдэрсэн хотын балгас, нуранги, үлдэгдлийг ашиглаад, тэнгэр өөд тэмүүлсэн сэтгэл догдлуулам байгууламжийг сэргээн барьж чадаж байвал бидний Бүхнийг чадагч Эцэг унасан, зовж зүдэрсэн, алдагдсан хүүхдүүдээ дахин сэргээх хэд дахин их хүч чадалтай байх нь мэдээж шүү дээ гэж би бодсон.

Бидний амьдрал бүрэн сүйрсэн мэт санагдсан ч хамаа байхгүй. Бидний гэм нүгэл хэчнээн буруу, бидний хорсол хэчнээн гүн, бидний зүрх сэтгэл хэчнээн ганцаардсан, хаягдсан, эмтэрсэн байсан ч хамаа байхгүй. Тэр ч байтугай итгэл найдвар байхгүй, цөхрөлд амьдардаг, бусдын итгэлийг алдсан, шударга байдлаас татгалздаг, Бурханаас холдсон хүмүүс ч гэсэн дахин сэргээгдэж болно. Тэрхүү мөхлийн хөвгүүдийг үл тооцвол сэргээгдэж болохгүй болтлоо сүйрсэн амьдрал гэж байхгүй.

Сайн мэдээний баярт мэдээ бол бидний Тэнгэрлэг Эцэгээр өгөгдсөн аз жаргалын мөнхийн төлөвлөгөө, Есүс Христийн хэмжээлшгүй золиослолоор дамжуулан бид зөвхөн уналтын байдлаасаа гэтэлгэгдэж, цэвэр байдалд сэргээгдээд зогсохгүй бас мөнх бус төсөөллөөс давж, мөнх амьдралын өв залгамжлагчид, Бурханы үгээр дүрслэхийн аргагүй алдар сууг хүртэгчид болж чадна.

Алдагдсан хонины тухай сургаалт зүйрлэл

Аврагчийн тохинууллын үеэр тэр үеийн шашны удирдагчид Есүсийг “нүгэлтнүүд” гэж нэрлэгддэг хүмүүстэй цаг өнгөрөөхийг хүлцдэггүй байлаа.

Тэр гэм нүгэлт зан үйлийг тэвчээд эсвэл бүр зөвшөөрөөд байгаа мэт тэдэнд харагддаг байсан байж магадгүй. Тэд гэм нүгэлтнүүдийг наманчлахад туслах хамгийн сайн арга бол тэднийг буруутгах, дооглох, ичээх явдал гэж итгэдэг байсан байж ч магадгүй юм.

Фарисайчуудын болон хуульч нарын юу бодож байгааг Аврагч мэдрээд, нэгэн түүх хэлсэн.

“Хэрэв та нарын дундаас хэн чинь зуун хоньтой байтал, нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан хонины араас явж, түүнийг олтлоо хайдаггүй вэ?

“Тэгээд хонио олбол, тэр баяртайгаар мөрөндөө тэгнэдэг.”

Олон зууны турш энэ сургаалт зүйрлэл нь алдагдсан хонио буцааж авчрах мөн алдагдсан тэдэнтэй холбоо барих гэсэн үйлдлийн дуудлага хэмээн ойлгогдох нь уламжлал болсон байсан. Мэдээж, энэ нь тохиромжтой хэдий ч би энд үүнээс илүү зүйл байгаа эсэхийг мэдэхийг хүсдэг юм.

Есүсийн хамгийн эхний зорилго нь Сайн Хоньчны ажлын тухай заах явдал байсан байж болох уу?

Тэрээр дуулгаваргүй хүүхдүүдээ хайрлах Бурханы хайрын тухай гэрчилж байсан байж болох уу?

Бурхан алдагдсан хүмүүсийн талаар бүрэн мэддэг мөн Тэрээр тэднийг олно, тэдэнд хүрнэ, тэднийг аврах болно гэдэг нь Аврагчийн захиас байж болох уу?

Хэрэв тийм бол энэ тэнгэрлэг тусламжийг олж авахын тулд хонь юу хийх ёстой вэ?

Хонь газарзүйн солбицлоо тооцоолохоор төвөгтэй секстантыг хэрхэн хэрэглэхийг мэдэх хэрэгтэй юү? Тэр байршлаа тогтоохын тулд GPS хэрэглэж чаддаг байх хэрэгтэй юү? Тэр тусламж дууддаг программ бий болгох туршлагатай байх хэрэгтэй юү? Сайн Хоньчныг аврахаар ирэхээс өмнө хонинд ивээн тэтгэгчийн баталгаа хэрэгтэй юү?

Үгүй. Мэдээж, үгүй! Сайн Хоньчин түүнийг хайрладаг учраас хонь нь тэнгэрлэг авралыг авах зохистой юм.

Миний хувьд алдагдсан хонины сургаалт зүйрлэл нь бүх судрын дотроос хамгийн итгэл найдвар төрүүлдэг хэсгүүдийн нэг билээ.

Бидний Аврагч, Сайн Хоньчин та нарыг мэддэг мөн хайрладаг. Тэрээр та нарыг мэддэг бөгөөд хайрладаг.

Таныг төөрснийг Тэр мэддэг мөн таныг хаана байгааг Тэр мэднэ. Таны уй гашууг, чимээгүй гуйлтыг, айдсыг, нулимсыг Тэр мэддэг.

Та буруу сонголт хийн, өөрөөсөө болж эсвэл таны чадлаас хэтэрсэн нөхцөл байдлаас болж алдагдсан эсэх нь Түүнд хамаагүй юм.

Та бол Түүний хүүхэд гэдэг нь л хамгийн чухал зүйл юм. Мөн Тэрээр Өөрийн хүүхдүүд, та нарыг хайрладаг.

Алдагдсан хонийг аврах нь

Тэр танд хайртай учраас таныг олох болно. Тэр баярлан, таныг мөрөн дээрээ тавих болно. Тэгээд Тэр таныг гэртээ аваачаад, Тэр бүх хүнд хандаж “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун.” хэмээн хэлэх болно.

Бид юу хийх ёстой вэ?

Гэхдээ та надаас юу шаардагдах вэ? гэж бодож байж болох юм. Би зүгээр л аврагдахаа хүлээхээс илүү олон зүйлийг хийх хэрэгтэй гэдэг нь мэдээж юм.

Бидний хайрт Эцэг бүх хүүхдээ Өөрт нь буцаж ирэхийг хүсдэг хэдий ч Тэр хэнийг ч тэнгэрт ирэхийг хүчилдэггүй. Бурхан бидний хүслийн эсрэг хүчилж аврахгүй.

Тэгвэл бид юу хийх ёстой вэ?

Түүний урилга нь энгийн юм:

“Над уруу эргэгтүн.”

“Над уруу ир.”

“Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно.”

Бид аврагдахыг хүсэж байгаагаа Түүнд ингэж харуулдаг.

Энэ нь бага зэрэг итгэл шаарддаг. Гэхдээ цөхөрч болохгүй. Хэрэв та яг одоо итгэлтэй байж чадахгүй байвал найдвараар эхэл.

Хэрэв та Бурхан байдгийг мэднэ гэж хэлж чадахгүй байвал та Түүнийг байдаг гэж найдаж болно. Та итгэхийг хүсэж болно. Ингэж эхлэх нь хангалттай.

Дараа нь найдвар дээрээсээ үйлдэж, Тэнгэрлэг Эцэгтэй харилц. Бурхан танд Өөрийн хайрыг илэрхийлэх болно мөн Түүний аврах бөгөөд өөрчлөх ажил эхлэх болно.

Цаг хугацаа өнгөрөхөд та амьдралдаа Бурханы нөлөөллийг мэдрэх болно. Та Түүний хайрыг мэдэрнэ. Мөн Түүний гэрэлд алхах, Түүний замыг дагах хүсэл тань таны итгэлийн алхам бүрд нэмэгдэх болно.

Бид итгэлийн эдгээр алхмыг “дуулгавартай байдал” гэж нэрлэдэг.

Энэ нь одоо үеийн хүмүүсийн тийм ч дуртай үг биш юм. Харин бид “Христийн Цагаатгалаар дамжин Сайн мэдээний хуулиудад хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана”гэдгийг мэддэг учраас дуулгавартай байдал нь Есүс Христийн сайн мэдээнд үнэ цэнэтэй ойлголт болдог.

Бид итгэлээр өсөхийн хэрээр итгэлтэй байдалдаа өсөх ёстой. Би түрүүхэн Дрездений сүйрэлд халаглаж байсан герман зохиолчоос эш татсан. Уг зохиолч “Es gibt nichts Gutes, ausser: Man tut es” гэдэг өгүүлбэрийг бас бичсэн юм. Селестиел хэлээр ярьдаггүй хүмүүст энэ нь “Та нар л хийхгүй юм бол энд ямар ч сайн зүйл байхгүй” гэж орчуулагддаг.

Та бид сүнслэг зүйлсийн тухай хамгийн уран үгээр ярьж болно. Бид шашны сэдвүүдийн талаарх өөрсдийн ухаалаг тайлбараараа хүмүүсийг гайхшируулж болох юм. Бид шашны болон “бидний дээрх өргөөний талаар мөрөөдөж” шагшин магтаж болно. Гэхдээ бидний итгэл амьдрах замыг маань өөрчлөхгүй, бидний итгэл үнэмшил нь өдөр тутам гаргах шийдвэрт минь нөлөөлөхгүй юм бол бидний шашин хоосон, бидний итгэл үхмэл биш боловч энэ нь сайнгүй бөгөөд яваандаа бүдгэрч алга болох аюултай.

Дуулгавартай байдал нь итгэлийг тэтгэгч эх булаг юм. Дуулгавартай байдлаараа бид бодгальдаа гэрэл авчирдаг.

Гэхдээ заримдаа бид дуулгавартай байдлыг буруугаар ойлгодог гэж би боддог. Бид дуулгавартай байдлыг төгсгөлд хүргэх нэгэн арга зам гэж үзэхийн оронд үүнийг төгсгөл хэмээн үздэг. Эсвэл бид хайртай хүмүүсээ дуулгавартай байдлыг зүйрлэн хэлбэл алхаар зарлигуудын төмөр дөшин дээр дахин дахин халааж, балбан нүдсэнээр илүү ариун, тэнгэрлэг байдалд оруулахыг хичээдэг байж болох юм.

Биднийг наманчлалд дуудах хатуу дуудлага хэрэгтэй байх цаг үе байдаг гэдэгт эргэлзэх зүйл байхгүй. Зөвхөн энэ аргаар хүрч болох хүмүүс байдаг нь мэдээжийн хэрэг юм.

Гэхдээ яагаад бид Бурханы зарлигуудад дуулгавартай байдгийг тайлбарлаж болох өөр нэг зүйрлэл байдаг. Дуулгавартай байдал нь бидний болж чадахгүй ямар нэгэн зүйл рүү бодгалиа нугалах, мушгих, цохих үйл явц биш юм. Харин оронд нь бид үнэхээр юугаар бүтээгдсэнээ олж мэдэх үйл явц билээ.

Биднийг Бүхнийг чадагч Бурхан бүтээсэн. Тэр бидний Тэнгэрлэг Эцэг юм. Бид чухамдаа Түүний сүнсэн хүүхдүүд юм. Бид хамгийн үнэ цэнтэй, хамгийн цэвэр тэнгэрлэг материалаар бүтээгдсэн бөгөөд тийн бид өөрсдөдөө бурханлаг мөн чанарыг авч явдаг юм.

Гэсэн ч энэ дэлхий дээр бидний бодол санаа, үйлдэлд ялзарсан, ариун бус, цэвэр биш зүйлс саад болдог. Ертөнцийн тоос шороо, хир буртаг бидний махбодыг хиртүүлснээс болж бидэнд үнэн мөн чанар, зорилгоо таних болон санахад хэцүү болдог.

Гэвч энэ бүхэн биднийг үнэхээр хэн болохыг маань өөрчилж чадахгүй. Бидний мөн чанарын бурханлаг үндэс суурь хэвээр үлддэг. Мөн бид зүрх сэтгэлээ бидний хайрт Аврагч руугаа хандуулахыг сонгож, шавь болох зам дээр хөл тавих мөчид ямар нэгэн гайхамшигтай зүйл тохиолддог. Бурханы хайр бидний зүрх сэтгэлийг дүүргэж, үнэний гэрэл бидний бодол санааг гийгүүлж, бид нүгэл үйлдэх хүслээ алдаж эхлээд, бид цаашид харанхуйд дотор явах хүсэлгүй болдог.

Бид дуулгавартай байдлыг шийтгэл биш харин бидний тэнгэрлэг хувь заяагаа биелүүлэх үйл явц гэж үздэг болно. Мөн энэ дэлхийн ялзрал, цэвэр бус зүйл, хязгаарлалтууд аажмаар унаж эхэлдэг. Эцэст нь бидний доторх тэнгэрлэг оршихуйн үнэлж баршгүй, мөнхийн сүнс илчлэгдэн, сайн сайхны туяа бидний мөн чанар болдог.

Та нар аврагдах үнэ цэнтэй хүмүүс

Ах эгч нараа, Бурхан биднийг хэн болохыг мэддэг мөн Тэр биднийг аврагдах үнэ цэнтэй нэгэн гэж хардаг болохыг би гэрчилж байна.

Таны амьдрал эвдэрхий балгас дотор байгаа мэт санагдаж магадгүй. Та гэм нүгэл үйлдсэн байж болно. Та айж, уурлаж, гашуудаж эсвэл эргэлзээнээс болж тарчилдаг байж мэднэ. Гэхдээ Сайн Хоньчин хонио олдгийн адилаар та зүрх сэтгэлээ дэлхийн Аврагчид өргөх юм бол Тэр таныг олох болно.

Тэр таныг аврах болно.

Тэр таныг өргөж мөрөн дээрээ тавих болно.

Тэр таныг гэртээ аваачна.

Хэрэв мөнх бус гартнууд чулуу болон эвдэрхий балгасыг сайхан мөргөлийн өргөө болгон хувиргаж чадаж байгаа бол бидний хайрт Тэнгэрлэг Эцэг биднийг дахин босгож чадна гэдэгт итгэлтэй байж болно. Биднийг байгаагаас маань илүү агуу бүр, төсөөлж чадахаас маань илүү агуу зүйл болгон босгох нь Түүний төлөвлөгөө юм. Бид шавь болох замаар итгэлийн алхам хийх бүрдээ бид мөнхийн алдар суу болон хязгааргүй баяр баясгалантай хүмүүн болох заяандаа дөхөж өсдөг.

Энэ бол миний гэрчлэл мөн миний даруухан залбирал юм. Есүс Христийн нэрээр амен.