2010–2019
“Би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд”
Дөрөвдүгээр сар 2016


13:39

“Би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд”

Бурханд илүү ойртох үед Есүс Христийн Цагаатгалын боломж олгогч хүч бидний амьдралд ирэх болно.

Хайрт ах, эгч нар аа, би Африкт амьдарч байхдаа ядуурлын байдалтай амьдарч байгаа гэгээнтнүүддээ хэрхэн туслах талаар Далын ахлагч Вилфорд В.Андэрсэнээс зөвлөгөө авсан юм. Тэр надад олон тустай зөвлөмж өгсний дотор: “Өгч байгаа, авч байгаа хоёр хүний хоорондын зай хол байх тусам авч байгаа нь авах эрхтэй гэж бодож эхлэх нь элбэг тохиолддог” гэж хэлсэн байдаг.

Энэ зарчим нь Сүмийн халамжийн системийн үндэс суурь болдог юм. Гишүүд өөрсдийн хэрэгцээг хангаж чадахгүй байвал эхлээд гэр бүлийнхэндээ ханддаг. Дараа нь шаардлагатай бол өөрсдийн материаллаг хэрэгцээнд тусламж авахаар орон нутгийнхаа Сүмийн удирдагчдад хандаж болно. Гэр бүлийн гишүүд болон орон нутгийн Сүмийн удирдагчид нь гачигдагсдад хамгийн ойр байдаг, иймэрхүү нөхцөл байдалтай олон удаа учирч байсан мөн хэрхэн хамгийн үр дүнтэй туслах вэ гэдгээ мэддэг хүмүүс юм. Хүмүүс өгч байгаа хүнтэйгээ ойр байдаг учраас энэхүү загварын дагуу тусламж хүлээн авсан хүмүүс талархалтай байж, өөрсдийгөө авах эрхтэй гэж бодох нь бага байдаг.

“Өгч байгаа, авч байгаа хоёрын хоорондын зай хол байх тусам авч байгаа нь авах эрхтэй гэж бодож эхлэх нь элбэг тохиолддог” гэх ойлголт сүнслэг зүйлсэд мөн адил хамааралтай. Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр бүхнээс агуу Өгөгчид юм. Бид өөрсдийгөө Тэднээс хэр их холдуулна, түүнийхээ хэрээр авах эрхтэй гэж боддог. Бид ач ивээлээс хүртэн, адислал авах ёстой гэж бодож эхэлдэг. Бид эргэн тойрноосоо шударга бус байдлыг олж харан, өөрсдөд нь шударга бус хандаж байгаад бухимдан, тэр байтугай гомдоллож эхэлдэг. Шударга бус байдал нь бидний хэрхэн хүлээн авч байгаагаас шалтгаалан өчүүхэн жижгээс бүр зэвүү хүрэм том байж болох ч Бурханаас хол байхын хэрээр бид бүр хамгийн өчүүхэн жижиг зүйлийг ч дөвийлгөн харах нь олонтоо. Бид Бурхан бүх зүйлийг яг одоо, тэр дор нь засаж залруулах ёстой гэж боддог!

Мормоны Номонд Тэнгэрлэг Эцэгээс болон Есүс Христээс хол байхын ялгааг Нифай болон түүний ах Лемен, Лемүел нартай харьцуулан үзүүлсэн байдаг.

  • Нифай “Бурханы нууцыг мэдэх асар их хүсэлтэй байсны учир, иймийн тул [тэр] Их Эзэнд хандаж гуйн залбирав мөн түүний зүрх сэтгэл зөөлөрсөн юм.” Нөгөө талаас Лемен, Лемүел хоёр Бурханаас хол, Түүнийг мэддэггүй байсан байна.

  • Нифай олон хүнд хэцүү даалгаврыг үглэж, гомдолгүй хүлээн авч байсан бол Лемен, Лемүел хоёр “олон зүйлд бувтналда[ж]” байв. Сударт гардаг бувтналдах гэдэг үг нь хүүхдийн эрхлэн гонгинохтой адил утгатай юм. Сударт “тэд өөрсдийг нь бүтээсэн Бурханы үйлсийг мэдээгүйн улмаас бувтналдсан болой” хэмээн цэдэглэгдсэн байдаг.

  • Бурханд ойр байсан нь Нифайд Бурханы “нигүүлслийг” олж харан, талархах боломжийг олгосон юм. Үүний эсрэгээр, Лемен, Лемүел хоёр Нифай хэрхэн адислал хүлээн авч байгааг хараад, “Их Эзэний үйл хэргүүдийг үл ойлгохын учир түүнд уурлаж байсан.” Лемен, Лемүел хоёр өөрсдийгөө адислал авах эрхтэй гэж үзэж байсан ба илүү ихийг авах ёстой хэмээн уурлаж байсан. Тэд Нифайн хүлээн авсан адислалыг өөрсдийг нь “буруутгасан” хэрэг гэж үзэж байв. Энэ нь авсан зүйлдээ сэтгэл дундуур байхын судар дээрх жишээ юм.

  • Нифай өөрөөс нь хүссэн зүйлийг хийж гүйцэтгэн, Бурханд итгэх итгэлээ хөгжүүлсэн. Харин Лемен, Лемүел хоёр “зүрх сэтгэлдээ хатуурхсаны учир … Тэд Их Эзэнд зохих ёсоор найдсан нь үгүй.” Тэд өөрсдийнх нь асуугаагүй асуултад Их Эзэн хариулах ёстой гэж бодож байлаа. Тэд асууж сураглахын тулд ямар ч хичээл зүтгэл гаргаагүй байтлаа “Их Эзэн тийм ямар ч зүйлийг бидэнд мэдүүлсэн нь үгүй” гэж хэлж байв. Энэ бол тохуурхан үл итгэх байдлын судар дээрх жишээ юм.

Лемен, Лемүел хоёр Аврагчаас хол байсан учир бувтналдан, хэл ам хийж, итгэлгүй байв. Тэд амьдрал шударга бус байна гэж бодон, Бурханы ач ивээлээс хүртэх эрхтэй гэж бодож байв. Харин Нифай Бурханд ойр байсан учраас Есүс Христийн амьдрал хамгийн шударга бус байна гэдгийг ойлгож байсан нь гарцаагүй. Аврагч хэдийгээр ямар ч гэм зэмгүй байсан ч хамгийн ихээр зовж шаналах байв.

Бид зүрх сэтгэлийнхээ бодол, хүслээр Есүс Христэд ойртох тусам Түүний гэм зэмгүй зовж шаналсан явдалд илүү их талархан, үзүүлсэн ач ивээл, өршөөлд нь улам их баярлан, наманчилж, Түүнтэй адил болохыг илүү их хүсдэг. Хэдийгээр Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд ойр байна гэдэг нь чухал зүйл ч хаашаа чиглэж байгаа нь үүнээс илүү чухал юм. Бурхан, наманчлах хэрэгтэй гэдгээ ухаардаггүй, өөрсдийн зөв шударга байдалд итгэдэг, бусдын бурууг өөлөн хайгч эртний фарисайчуудаас болон хуулийн багш нараас илүү Өөрт нь ойртохыг хичээдэг, наманчлагч нүгэлтнүүдэд их баярладаг.

Хүүхэд байхдаа би Аврагчид ойртох нь биднийг өөрчилдөг гэсэн энгийн бөгөөд хүчтэй сургаалыг заадаг Христийн мэндэлсний баярын нэгэн швед дууг дуулдаг байв. Дуу нь ийм үгтэй:

Христийн мэндэлсний баярын өглөө ирэхэд

Шөнийн цагаар сүрлэн дээр

Нойрсож буй Бурханыг харахаар

Малын хашаа руу явахыг би хүсдэг.

Дэлхий рүү ирэх хүсэлтэй байсан

Та ямар агуу билээ!

Эдүгээ би хүүхэд насаа

Нүгэлд өнгөрөөхийг цаашид үл хүснэ!

Бяцхан хүүхдүүдийн найз, Есүс ээ,

Та бидэнд хэрэгтэй,

Би өөрийн нүглээр Таныг

Дахин зовоохыг үл хүснэ.

Бид өөрийн биеийг “Шөнийн цагаар сүрлэн дээр нойрсох Бурханыг харахаар” Бетлехем дэх малын хашаанд байна гэж төсөөлөн бодвол Аврагч нь нинжин сэтгэлтэй, биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн өгсөн бэлэг гэдгийг илүү сайн ойлгоно. Бид Түүний адислал, ач ивээлийг авах эрхтэй гэж бодохын оронд цаашид Бурханд зовлон шаналал учруулах зүйлийг хийхээ болих үлэмж их хүсэлтэй болдог.

Яг одоо ямар зүг рүү харж байгаагаас эсвэл Тэнгэрлэг Эцэгээс болон Есүс Христээс хэр хол зайтай байгаагаас үл хамааран бид Тэдэн рүү харж, илүү ойртох сонголтыг хийх боломжтой. Тэд бидэнд туслах болно. Аврагч амилсныхаа дараа нифайчуудад:

“Мөн би загалмай дээр өргөгдөж болохын тулд, би загалмай дээр өргөгдсөний дараа, би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд …

Мөн энэ шалтгааны учир би өргөгдөв; тиймийн тул, …Эцэгийн хүчний дагуу би бүх хүмүүнийг өөртөө татах болно” хэмээн заасан байдаг.

Бид Аврагчид илүү ойртохын тулд Түүнд итгэх итгэлээ нэмэгдүүлж, гэрээнд орж мөн сахин, өөрсөдтэйгөө Ариун Сүнсийг байлгах хэрэгтэй. Түүнчлэн бид хүлээн авах сүнслэг удирдамжийнхаа дагуу итгэлтэй үйлдэх ёстой. Энэ бүх хүчин зүйл ариун ёслолд нэгдэн нийлсэн байдаг. Үнэхээр миний мэдэх Бурханд илүү ойртож болох хамгийн сайн арга зам бол долоо хоног бүр сэтгэлийнхээ угаас бэлдэн, ариун ёслолоос зохистойгоор хүртэх явдал юм.

Өмнөд Африкт байдаг нэг найз маань үүнийг хэрхэн ойлгосноо хуваалцсан юм. Дайэн шинэ хөрвөгч байхдаа Жоханесбүрг хотын гадна байрладаг нэгэн салбарын цуглаанд оролцдог байв. Нэг ням гараг цугларагсдын дунд сууж байхад нь цуглааны байрны зохион байгуулалтаас болж ариун ёслолыг түгээж байсан дикон түүнийг олж харсангүй. Дайэн сэтгэл дундуур байсан ч юу ч хэлсэнгүй. Өөр нэг гишүүн түүнийг ариун ёслолоос хүртээгүй гэдгийг олж хараад, цуглааны дараа салбарын ерөнхийлөгчид энэ талаар дурдсан байна. Ням гаргийн хичээл эхлэх үед Дайэныг өөр нэг хоосон өрөө рүү явахад урьжээ.

Санваартан өрөөнд орж ирэв. Тэр өвдөг сөгдөн суугаад, талхыг адислан, түүнд өглөө. Дайэн талхнаас идэв. Тэр дахин өвдөглөж суугаад, усыг адислан, түүнд жижиг аягатай ус өгөв. Тэр усыг ч уулаа. Үүний дараа Дайэнд эхлээд, “Тэр [санваартан] үүнийг зөвхөн миний төлөө хийлээ шүү дээ.” Дараа нь, “Тэр [Аврагч] үүнийг зөвхөн миний төлөө хийлээ шүү дээ” гэсэн хоёр бодол дараалан орж ирэв. Тэр үед Дайэн Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрсэн юм.

Аврагчийн золиослол зөвхөн өөрт нь зориулагдсан гэдгийг ойлгосон нь түүнийг Аврагчид ойр байгаа гэдгийг мэдрэхэд тусалсан ба тэр энэ мэдрэмжээ зөвхөн ням гарагт биш, харин өдөр бүр зүрх сэтгэлдээ хадгалан үлдэх оргилуун хүслээр дүүрсэн байна. Хэдийгээр тэр ариун ёслолоос хүртэхээр цугларагсдын дунд суусан ч ням гараг болгон шинэчилдэг гэрээ нь зөвхөн өөрийнх нь байсныг ойлгожээ. Ариун ёслол нь Дайэнд бурханлаг хайрын хүчийг мэдрэхэд нь мөн өөрийн амьдралд Их Эзэний мутрыг олж харан, Аврагчид илүү ойртоход нь тусалсан бөгөөд одоо ч гэсэн тусалсаар байгаа билээ.

Ариун ёслол сүнслэг үндсийг тавихад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг Аврагч тодорхойлсон. Тэр:

“Мөн эдгээр зүйлийг [ариун ёслолоос хүртэхийг] та нар үйлдэх болно хэмээх зарлигийг би та нарт өгч байна. Мөн хэрэв та нар эдгээр зүйлийг үргэлж үйлдэх аваас адислагдах болой та нар, учир нь та нар миний хадан дээр барьж босгогдсон билээ.

“Гэвч та нарын дундаас үүнээс илүүг эсвэл дутууг үйлдэх хэн боловч тэд миний хадан дээр барьж босгоогүй, харин элсэрхэг суурин дээр барьж босгосон ажгуу; мөн бороо цутгаж, бас үер бууж, тэгээд салхи үлээж, мөн тэднийг цохиход, тэд унах болно” хэмээн хэлжээ.

Есүс “хэрвээ бороо цутгаж, хэрэв үер бууж, хэрэв салхи үлээх юм бол” гэж хэлээгүй, харин “үед” гэж хэлсэн. Хэн ч амьдралын саад бэрхшээлээс ангид биш бөгөөд бид бүхэнд ариун ёслолыг хүртсэнээс ирдэг хамгаалалт хэрэгтэй.

Аврагчийн амилсан өдөр, хоёр шавь Еммау нэртэй тосгон руу явж байв. Амилсан Аврагч тэдэнд танигдалгүй зам нийлжээ. Аялах хооронд Тэрээр тэдэнд судраас заав. Зорьсон газраа очсоныхоо дараа, шавь нар нь Түүнийг өөрсөдтэйгөө хооллохыг хүсчээ.

“Тэгээд Тэр тэдэнтэй хамт ширээнээ тухлан сууж, талх авч, ерөөгөөд хувааж тэдэнд өгөв.

Тэдний нүд нээгдэж, тэд Түүнийг танив. Есүс нүдэнд нь харагдахгүй алга болжээ.

Тэд нэг нэгэндээ -Замд тэр бидэнтэй ярилцаж, судрыг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу? гээд

Тэр даруйдаа босож, Иерусалим уруу буцав. Тэд [Төлөөлөгчдийг] цугтаа байхыг хараад,

Тэгэхэд тэд Төлөөлөгчдөд -Эзэн үнэхээр амилсан байна … хэмээн хэлэхийг сонсоод,

Замд болсон бүхнээ болон талх хуваахад нь Түүнийг хэрхэн таньсан зэргээ ярив.”

Ариун ёслол бидэнд Аврагчийг үнэхээр таньж мэдэхэд тусалдаг. Түүнээс гадна энэ нь Түүний гэм зэмгүйгээр шаналан зовсныг бидэнд сануулдаг. Хэрвээ амьдрал үнэхээр шударга байсан бол та бид хэзээ ч амилахгүй байсан. Мөн та бид Бурханы өмнө хэзээ ч цэвэр ариун зогсох боломжгүй байх байсан. Энэ талаас нь авч үзвэл, амьдрал шударга биш байгаад би талархдаг.

Үүний зэрэгцээ, Есүс Христийн Цагаатгалын ачаар эцсийн эцэст бүх зүйлийг мөнхийн дүр зургаар авч үзвэл, шударга бус зүйл гэж байхгүй болно. “Амьдралын талаарх шударга бус юм бүхэн зөв болгогдож болно.” Бидний одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байж болох ч Бурханы өрөвч, нинжин сэтгэл, хайраар дамжуулан бид бүгдээрээ өөрсдийн авбал зохихоос илүүг, өөрсдийн авч чадахаас бүр илүүг, мөн найдаж байснаасаа хавьгүй илүүг хүлээн авах болно. “Бурхан [бидний] нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо” хэмээн бидэнд амласан байдаг.

Бурхан та нарын хоорондын харилцаа хаана байгаагаас үл хамааран, би та бүхнийг бүх сайн сайхныг өгөгч өглөгийн эзэд болох Тэнгэрлэгт Эцэг болон Есүс Христэд илүү ойртоно уу хэмээн урьж байна. Би та нарыг долоо хоног бүр ариун ёслолын цуглаанд ирж оролцон, Аврагчийн махбод болон цусны ариун бэлгэдлээс хүртэхийг урьж байна. Мөн би та нарыг Бурхан эртний шавь нартаа “талхыг хувааж байхдаа” танигдсан шиг та нарт ч мөн адил танигдах үед Түүний ойрхон байгааг мэдрэхийг урьж байна.

Та нар ийнхүү үйлдэхдээ Бурханд илүү ойртож байгаагаа мэдрэх болно гэдгийг би амлаж байна. Хүүхэд адил гомдоллон, авсан зүйлдээ сэтгэл дундуур байх, тохуурхан үл итгэх байдал гэх мэт эгэл хүний хандлага тань хийсэн алга болно. Эдгээр мэдрэмж илүү агуу хайр болон Тэнгэрлэг Эцэгийн Хүүгийн өгсөн бэлгэд талархах талархлаар солигдох юм. Бурханд илүү ойртох үед Есүс Христийн Цагаатгалын боломж олгогч хүч бидний амьдралд ирэх болно. Түүнчлэн Еммау орох зам дээр шавь нарт нь тохиолдсоны адил бид ч гэсэн Аврагч байнга бидний хажууд байсныг олж мэдэх болно. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь , 6,2-ийг үзнэ үү. Их Эзэний арга замаар хангах нь: Халамжийн талаарх удирдагчийн товч лавлах (товхимол, 2009), 1-р хуудас дээрээс: “Сүмийн гишүүд өөрсдийнхөө төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсэн ч үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй байвал юуны өмнө гэр бүлийнхнээсээ тусламж хүсэх ёстой. Гэр бүлийн гишүүд нь туслах боломжгүй бол Сүм туслахад бэлэн байдаг” гэснийг уншиж болно

  2. 1 Нифай 2:16.

  3. 1 Нифай 2:11, 12.

  4. 1 Нифай 1:20.

  5. Нифай 10:14.

  6. 1 Нифай 17:23–50-ийг үзнэ үү.

  7. 1 Нифай 15:3.

  8. 1 Нифай 15:9; мөн 8-р шүлгийг үзнэ үү.

  9. Лук 15:2; мөн Иосеф Смит, History of the Church, 5:260–262-ыг үзнэ үү.

  10. Христийн мэндэлсний баярын энэ дууг Щвейцарийн Бэйзелд аркдиконоор үйлчилж байсан Эйбэл Бөркхарт (1805–1582) герман хэлээр үзэглэжээ. 1851 онд Бетти Ерэнборг-Поссе швед хэлнээ орчуулсан байна. Швед хэл дээрх гарчиг нь “När juldagsmorgоn glimmar” гэсэн нэртэй. Энэ дууг германы ардын дууны аяар дуулах боломж олгосон олон англи хэл дээрх орчуулга хийгдсэн байдаг. Энд өгөгдсөн англи хэл дээрх орчуулгыг миний эгч (Анита М.Рэнланд) бид хоёр орчуулсан болно.

    Христийн мэндэлсний баярын өглөө ирэхэд

    Шөнийн цагаар сүрлэн дээр,

    Нойрсож буй Бурханыг харахаар

    Малын хашаа руу явахыг би хүсдэг. :|

    Дэлхий рүү ирэх хүсэлтэй байсан

    Та ямар агуу билээ!

    |: Эдүгээ би хүүхэд насаа

    Нүгэлд өнгөрөөхийг цаашид үл хүснэ! :|

    Бяцхан хүүхдүүдийн найз, Есүс ээ, Та бидэнд хэрэгтэй,

    |: Би өөрийн нүглээр Таныг

    Дахин зовоохыг үл хүснэ. :|

    När juldagsmorgon glimmar,

    jag vill till stallet gå,

    |: där Gud i nattens timmar

    re’n vilar uppå strå. :|

    Hur god du var som ville

    till jorden komma ner!

    |: Nu ej i synd jag spille

    min barndoms dagar mer! :|

    Dig, Jesu, vi behöva,

    du käre barnavän.

    |: Jag vill ej mer bedröva

    med synder dig igen. :|

  11. 3 Нифай 27:14–15.

  12. 3 Нифай 18:12–13.

  13. Лук 24:30–35-ыг; мөн 13–29-р шүлгийг үзнэ үү.

  14. Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2004), 52.

  15. Илчлэлт 21:4