2010–2019
Өөрийгөө Ариун сүмд байгаагаар хар
Дөрөвдүгээр сар 2016


16:23

Өөрийгөө Ариун сүмд байгаагаар хар

Бидний хүн нэг бүрийг Аврагчийг эрхэмлэн дээдэлж, Түүний ариун сүмд өөрсдийгөө харахын тулд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийгээсэй хэмээн залбирч байна.

Их Эзэний авралын төлөвлөгөө энэхүү цаг хугацааны бүрэн байдлын эрин үед хэрэгжиж байгаа нь санаанд бараг л багтамгүй юм. Үүний илрэл нь Ерөнхийлөгч Томас С.Монсоны энэ чуулганаар зарласан дөрвөн шинэ ариун сүм юм. Ерөнхийлөгч Монсоныг 1963 онд төлөөлөгчөөр дуудагдахад дэлхийд үйл ажиллагаа явуулдаг 12 ариун сүм байсан. Прово Хотын Төв Ариун Сүмийг онцгойлон адисалснаар одоо 150 болно, мөн зарласан бүх ариун сүмийг онцгойлон адислахад нийт 177 ариун сүмтэй болно. Энэ бол бидний даруухнаар баясах шалтгаан юм.

180 жилийн тэртээх энэ өдөр буюу 1836 оны 4 сарын 3-нд Көртландын Ариун сүмд бошиглогч Иосеф Смит, Оливер Каудери хоёрт гайхамшигт үзэгдэл үзэгдсэн. Энэ нь тэр ариун сүмийг онцгойлон адисалснаас долоохон хоногийн дараа болжээ. Тэд үзэгдэлд Их Эзэнийг ариун сүмийн индрийн хашлага дээр зогсож байхыг харжээ. Бусад олон зүйлийн дотор, Аврагч ийн тунхагласан:

“Өөрсдийн хүчин чадлаар энэ өргөөг миний нэрэнд барьсан миний бүх хүмүүсийн зүрх сэтгэл баясаг.

“Учрыг болгоогтун, би энэ өргөөг хүлээж авлаа, мөн миний нэр энд байх болно; мөн энэ өргөөнд өөрийн хүмүүст нигүүлсэлд бибээр өөрийгөө үзүүлэх болно.”

Энэ ариун үйл явдлын үеэр эртний бошиглогчид үзэгдсэн бөгөөд тэдний дунд ариун сүмийн ёслолуудыг үйлдэхэд шаардлагатай түлхүүрүүдийг өгсөн Елиа байсан.

Жилийн өмнө Тайландын Бангкокт ариун сүм баригдана хэмээн зарлахад юу болсон талаар бодоход л бид Эквадорын Кито; Зембабвийн Хараре, Бразилийн Белем, Перугийн Лимагийн хоёр дахь ариун сүмийг зарлахад гишүүд болон номлогчдын дунд болох баяр хөөрийг бага ч болов мэдэрч байна. Тухайн үед Тайландын номлолын ерөнхийлөгч байсан Дэвид Сэниорын эхнэр Шэлли Сэниор гэр бүл, найз нөхөддөө бичсэн э-мэйлдээ ерөнхийлөгч Монсон тэрхүү ариун сүмийг зарласны дараа “12 цаг унтаагүй бөгөөд маш их баярын нулимс унагасан” хэмээн хэлжээ. Тэд номлолын туслахууд руугаа 23:30 цагт утасдаж хэлжээ. Туслахууд тэгээд бүх номлогч руу утасдсан байна. “Номлол даяараа шөнө дунд босон, орон дээрээ үсэрцгээж байна” гэсэн мэдээ тэдэнд ирсэн гэдэг. Сэниор эгч гэр бүл болон найз нөхдөөсөө хөгжилтэйгөөр, “Үүнийг номлолын албанд битгий дамжуулаарай!” гэж гуйжээ.

Тайландын гишүүд ч тэдний адил баярлаж, сүнсээр бялхсан. Шинээр зарлагдсан ариун сүмүүд баригдах газрын гэгээнтнүүдийн зүрх сэтгэлд болон гэр оронд сүнслэг бэлтгэл хийгдэж, тэнгэрийн илэрхийллүүд ирж байсан гэдэгт би эргэлзэхгүй байна.

“Өөрийгөө ариун сүмд байгаагаар хар” хэмээн толь барьсан тайланд залуу эмэгтэй хэлэв

Тайландад Сэниор эгч заахад ашиглах, ялангуяа эгч нарт заахад ашиглах гараар хийсэн тусгай толинуудыг бэлджээ. Толины гадаргуу дээр ариун сүмийг зорж, “Өөрийгөө Ариун сүмд байгаагаар хар” гэж бичив. Хүмүүс өөрсдийгөө толинд харахдаа өөрсдийгөө ариун сүмд байгаагаар харцгаасан. Сэниор ах эгч хоёр сонирхогчдод болон гишүүдэд өөрсдийгөө ариун сүмд байгаагаар төсөөлж, энэ зорилгодоо хүрэхийн тулд амьдралын хэв маягаа шаардлагад тохируулан өөрчилж сүнслэг байдлаар бэлдэхийг уриалжээ.

Миний энэ өглөөний уриалга бол бидний хүн нэг бүр маань хаа ч амьдарч байсан өөрсдийгөө ариун сүмд байгаагаар харах явдал юм. Ерөнхийлөгч Монсон “Их Эзэний өргөөнд орж, та нарыг хүлээж байгаа адислалуудыг хүлээн аваагүй цагт та нар Сүмийн санал болгож буй бүхнийг олж аваагүй л гэсэн үг. Сүмд гишүүн байх хамгийн дээд, чухлаас чухал адислалууд нь Бурханы ариун сүмд бидний хүлээн авдаг адислалууд юм” хэмээн хэлсэн.

Өнөөдөр дэлхийд зөв шударга байдал дутмаг байгаа ч бид ариун нандин цаг үед амьдарч байна. Хайр, тэмүүллээр дүүрэн зүрх сэтгэлтэй бошиглогчид бидний цаг үеийг олон зууны туршид дүрслэн бичсээр ирсэн.

Бошиглогч Иосеф Смит Хуучин Гэрээний Обадиагаас болон Шинэ Гэрээний 1 Петрээс эш татан, нас барагсдын төлөө баптисм хийх болон Сион Уулан дээр биднийг аврагч болгох Бурханы агуу зорилгыг тодорхойлсон.

Их Эзэн биднийг амьд болон нас барсан хүмүүсийн төлөөх ариун сүмийн хариуцлагадаа тууштай байж болохын тулд хүмүүсийг маань хөгжөөн дэгжээж, мөн нөөц бололцоо болон бошиглолын удирдамжаар хангасан.

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний ачаар бид амьдралын зорилго, Өөрийн хүүхдүүддээ бэлдсэн Эцэгийн авралын төлөвлөгөө, Аврагчийн гэтэлгэгч золиослол, мөн тэнгэрийн зохион байгуулалтад гэр бүлийн голлох үүргийг ойлгодог.

Ариун сүмийн тоо олширч, технологийн дэвшил гарсан нь өвөг дээдсийнхээ төлөө гэр бүлийн түүхийн ажлыг хийх хариуцлагаа биелүүлснээр энэ үеийг бүх түүхэн дэх хамгийн адислагдсан цаг үе болгож байна. Өсвөр үеийнхэн маань индексжүүлэх болон өвөг дээдсээ олох, мөн цаашлаад ариун сүмд баптисм болон гишүүнээр батлах ёслолуудыг хийх ер бусын итгэлтэй байгаад би их баярлаж байна. Та нар бол жинхэнэ утгаараа бошиглолд гарсан Сион уулан дээрх аврагчид юм.

Бид ариун сүмд ороход хэрхэн бэлддэг вэ?

Бид зөв шударга байж ариусах нь ариун сүмд орох бэлтгэлийн чухал хэсэг гэдгийг мэднэ.

Сургаал ба гэрээний 97-р хэсэгт“Мөн Их Эзэний нэрээр надад өргөө барьж мөн энэ нь бузарлагдахгүй байхын тулд аливаа цэвэр ариун биш зүйлийг үүн дотор орохыг хүлцэхгүй байхын хэрээр, миний алдар суу үүн дээр амрах болно” гэж байдаг.

1891 он хүртэл ариун сүмийн цэвэр ариун байдлыг хамгаалахын тулд Сүмийн ерөнхийлөгч ариун сүмийн эрхийн бичиг бүр дээр гарын үсэг зурдаг байсан. Энэ хариуцлагыг хожим нь бишоп болон гадасны ерөнхийлөгчдөд даалган өгсөн.

Сүмийн гишүүдээсээ бид ариун сүмийн эрхийн бичиг авахуйц зохистой амьдраасай хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг билээ. Ариун сүмийг хол, магадгүй хүрч чадахгүй зорилго гэж битгий хараарай. Ихэнх гишүүд маань бишоптойгоо хамт ажиллан, шаардлагыг хангахын төлөө тууштай байж, гэм нүглээ бүрэн наманчилснаар бүх зөв шударга жишигт харьцангуй богино хугацаанд хүрч чадна. Үүнд өөрсдийгөө уучлах хүсэлтэй байж мөн сул тал, нүглүүд нь ариун сүмд ороход саад болж байна гэдэгт төвлөрөхгүй байх хэрэгтэй.

Аврагчийн Цагаатгал Бурханы бүх хүүхдийн төлөө хийгдсэн. Нүглээ үнэхээр наманчилсан хүмүүсийн төлөөх шударга ёсны шаардлагыг Түүний гэтэлгэгч золиослол хангадаг. Үүнийг судар дээр

“Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно.”

“Би …[тэдгээрийг] дахин санахгүй” хэмээн маш уран сайхан тодорхойлсон байдаг.

Шударга зарчмуудаар амьдрах нь танд болон гэр бүлд тань аз жаргал, биелүүлсэн гэх сэтгэл ханамж, болон амар амгаланг авчирна гэдгийг бид амлаж байна. Насанд хүрсэн болон өсвөр насны гишүүд маань зохистой байдлаа ариун сүмийн эрхийн бичгийн асуултуудад хариулахдаа өөрсдөө тодорхойлдог. Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христийн болон Түүний сайн мэдээний сэргээлтийн гэрчлэлээ нэмэгдүүлж, мөн Ариун Сүнсний тохинууллыг мэдрэх нь чухал шаардлагууд юм.

Ариун сүмийн адислалуудыг тоолж баршгүй

Ариун сүмийн хамгийн гол адислал бол өргөмжлөлийн ёслолууд юм. Сайн мэдээний төлөвлөгөө нь өргөмжлөлийн тухай байдаг ба Бурхантай ариун гэрээнүүдийг хийж, тэдгээрийг сахихыг агуулдаг. Амьд хүмүүсийн хувьд баптисм, гишүүний баталгаанаас бусад ёслол болон гэрээг ариун сүмд хийдэг. Нас барсан хүмүүсийн хувьд авралын бүх ёслолыг нь ариун сүмд хийдэг.

Бригам Янг “Хүн төрөлхтний авралын төлөө Их Эзэний хийлгүй үлдээсэн нэг ч зүйл байхгүй. … тэдний өөрсдийн нь хийх зүйлсээс бусдаар бол тэдний авралын төлөөх бүх зүйлс Аврагчаар дамжин болон Түүгээр хийгдсэн” хэмээн заасан.

Сүмийн удирдагчид гадас, тойрог, чуулга, Сүмийн туслах бүлэг, номлол зэргийг сүмийн цуглааны байр болон бусад байруудад зохион байгуулдаг. Их Эзэн мөнхийн гэр бүлүүдийг зөвхөн ариун сүмд зохион байгуулдаг.

Харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй, нүглээ үнэхээр наманчилсан хүмүүсийг Их Эзэн ариун өргөөндөө бүрэн хүлээн зөвшөөрдөг. “Бурхан бол нүүр тал хардаггүй” гэдгийг бид мэднэ. Ариун сүмийн талаар миний нандигнаж явдаг нэг зүйл бол түүн дотор орсон хүмүүсийн дунд эд баялаг, эрх мэдэл, албан тушаал зэргээр ялгаварлах явдал байдаггүй нь юм. Бурханы өмнө бид бүгд эрх тэгш билээ. Бүх хүн цэвэр ариун, зөв шударгыг бэлгэдэн цагаан өнгийн хувцас өмсдөг. Бүгд зэрэгцэн суугаад, биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн зохистой охид хөвгүүд байх хүслийг зүрх сэтгэлдээ тээдэг.

Ариун сүмийн лацдан холболтын өрөө

Бодоод үз дээ, дэлхий даяар эрэгтэй, эмэгтэй хүмүүс “ариун сүмүүдэд гүйцэтгэдэг нандин ёслол ба гэрээнүүд нь … Бурханы хүрээлэлд эргэн очих, … мөнхөд нэгдэх боломжтой болгодог” байна. Тэд үүнийг ариун сүмд ороход зохистой бүх гишүүнд нээлттэй гайхалтай нандин лацдан холболтын өрөөнд хийдэг билээ. Тэд эдгээр гэрээнд нэгдэн орсныхоо дараа өөд өөдөөсөө харсан толинд “өөрсдийнхөө ариун сүмд байгааг хардаг.” “Ариун сүмийн толинууд нь цугтаа дүрсүүдийг өвөр ар хэмээн давтан мөнхөд үргэлжилж байгаа мэт болгон тусгадаг.” Эдгээр ойсон дүрс нь бидэнд эцэг эх, эмээ өвөө, өмнөх бүх үеийнхний талаар бодоход тусалдаг. Эдгээр нь биднийг хойч үетэй минь холбох ариун гэрээнүүдийг ойлгоход тусалдаг. Энэ бол маш чухал бөгөөд энэ нь та нар “өөрсдийгөө ариун сүмд байгаагаар харахаас” эхэлдэг.

Ариун сүмийн лацдан холболтын өрөөн дэх толинууд

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр бидэнд “Бошиглогч Иосеф Смитийн илчлэлтээр хүлээн авсан гэж хэлсэн, Көртландын ариун сүмийг онцгойлон адислах залбиралд заадаг агуу сургаалыг бодоод үз. Их Эзэн Өөрийн ариун сүмдээ ашигла хэмээн бидэнд өгсөн санваарын хүчийн учир энэ залбирлын хариултыг хувь хүн, гэр бүл, мөн бүлгээрээ үргэлжлүүлэн авсаар байна.” Бид Сургаал ба Гэрээний 109-р хэсгийг сайтар судлаад, ерөнхийлөгч Хантэрийн “[бидний] гишүүнчлэлийн агуу бэлгэ тэмдэг болгон, Их Эзэний ариун сүмийг босгох” уриалгыг дагавал бидэнд сайн зүйлс ирнэ.

Ариун сүм нь түүнчлэн хоргодох, талархал өргөх мөн “дэлхий дээрх Бурханы хаант улсад хамаарах бүх зүйлийн” талаар заавар авах, ойлгох өргөө юм. Энэ нь амьдралын маань турш үймээн самуунтай дэлхийд чимээ аниргүй, амар амгалан байх газар байсаар ирсэн. Энэ ариун орчинд дэлхийн зовнилуудаа орхиод, орох нь үнэхээр сайхан байдаг.

Ариун сүм дотор мөн гэр бүлийн түүхээ судалж байхдаа бид ихэнхдээ Ариун Сүнснээс мэдрэмж, сүнслэг өдөөлт авдаг. Заримдаа ариун сүм дотор нөгөө талд байгаа хүмүүс болон бидний хоорондох хөшиг нимгэрдэг. Сион уулан дээр аврагч болох үйлсдээ бид нэмэлт туслалцаа авдаг.

Хэдэн жилийн өмнө Төв Америкийн нэгэн ариун сүмд одоо чөлөөндөө гарсан ерөнхий эрх мэдэлтний эхнэр ариун сүмийн толь байдаг лацдан холболтын өрөөнд аав ээж, хүүхдүүдэд мөнхийн гэрээ хийхэд нь тусалсан юм. Тэд ёслолын төгсгөлд толь руу харцгаахад тэрээр өрөөнд байхгүй нэгэн царайг толинд олж харсан юм. Тэр энэ талаар ээжээс нь асуухад тэдний охин нь нас барсан бөгөөд өрөөнд байхгүй байгааг тайлбарлажээ. Тэгээд нас барсан охиныг төлөөлүүлэн оролцуулж энэхүү ариун нандин ёслолыг үйлджээ. Ариун сүмд хөшигний нөгөө талаас ирдэг туслалцааг хэзээ ч дутуу үнэлж болохгүй.

Хүн бүрийг ариун сүмд орох зохистой болохын тулд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийгээсэй хэмээн бид чин сэтгэлээсээ хүсдэгийг ойлгоорой. Амьдрал тань аль зүгт явж байгааг залбирч тодорхойлон, Сүнсний удирдамжийг эрэлхийлж, ариун сүмд ороход хэрхэн бэлдэх талаар бишоптойгоо ярилцаарай. Ерөнхийлөгч Томас С.Монсон, “та нарын хувьд ариун сүмд орохоор зохистой байхын төлөө ажиллахаас илүүтэй чухал зорилго гэж үгүй” гэж хэлсэн.

Аврагч бол бидний итгэл болон Өөрийн Сүмийн хөдөлшгүй гол тулгуур чулуу юм

Хоёр сарын өмнө Фижигийн Сува Ариун сүмийг дахин онцгойлон адислах ёслолд ерөнхийлөгч Хэнри Б.Айрингтай хамт оролцох боломж надад тохиосон юм. Энэ бол онцгой, ариун үйл явдал байсан. Ерөнхийлөгч Айрингийн зориг болон хүчтэй сүнслэг мэдрэмж нь бөмбөрцгийн өмнөд хагаст болсон хамгийн хүчтэй хар шуурганы өмнө амжиж, дахин онцгойлон адислах ёслолыг явуулах боломжийг олгосон юм. Өсвөр үеийнхэн, номлогчид, гишүүдийг биеэр болон сүнслэгээр хамгаалж чадсан. Их Эзэний мутар оролцсон нь илэрхий байсан. Фижигийн Сува ариун сүмийг дахин онцгойлон адисалсан нь шуурганаас хаах хамгаалалт байв. Бид амьдралын шуургыг туулахдаа Их Эзэний мутар мөнхийн хамгаалалт өгдгийг олонтоо хардаг.

Фижигийн Сува ариун сүмийг 2000 оны 6 сарын 18-нд анх онцгойлон адислахад бас онцгой үйл явдал болсон юм. Ариун сүмийн барилгын ажил дуусах дөхсөн үед засгийн газрын гишүүдийг босогчид барьцаалж авсан юм. Фижигийн Сува хотын төв хэсгийг тонож шатаасан. Зэвсэгт хүчний байгууллагаас цэргийн дэглэм тогтоосон юм.

Бүсийн ерөнхийлөгчийн хувьд би Фижигийн дөрвөн гадасны ерөнхийлөгчтэй хамт явж Хатан Хаан Элизабет хуарангийн цэргийн удирдагчидтай уулзсан. Биднийг товлосон онцгойлон адислах ёслолыг тайлбарласны дараа тэд дэмжиж байсан ч ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлэв. Тэд онцгойлон адислах ёслолыг багахан хүрээнд хийж, булангийн чулууны ёслол зэрэг ариун сүмийн гадна хийгдэх үйл ажиллагааг хийхгүй байхыг зөвлөв. Ариун сүмийн гадна байгаа хүмүүс хүчирхийлэлд өртөж болзошгүйг тэд анхааруулсан юм.

Ерөнхийлөгч Хинкли ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл болон орон нутгийн цөөн хэдэн удирдагчийг оролцуулсан бага хэмжээний онцгойлон адислах ёслолыг зөвшөөрсөн. Аюултай байсан учраас бусад хүнийг уриагүй юм. Гэвч тэрээр, “Хэрвээ бид ариун сүмийг онцгойлон адислах юм бол булангийн чулууны ёслолыг хийх болно, учир нь Есүс Христ бол булангийн гол чулуу, энэ бол Түүний Сүм” хэмээн шийдэмгий хэлсэн юм.

Бид булангийн чулууны ёслолыг хийхээр гадагш гарахад ямар ч гишүүн бус хүмүүс, хүүхдүүд, хэвлэл мэдээллийнхэн болон өөр хүмүүс огт байсангүй. Гэвч итгэлт бошиглогч маань Аврагчийн төлөө зоригтой, гуйвшгүй үүргээ биелүүлсэн юм.

Хожим нь ерөнхийлөгч Хинкли Аврагчийн талаар хэлэхдээ, “Түүнтэй эн зэрэгцэх юу ч үгүй. Хэзээ ч байгаагүй. Хэзээ ч байхгүй байх болно. Биднийг амьдарч болохын тулд амиа өгсөн, бидний итгэл болон Сүмийнхээ хөдөлшгүй булангийн чулуу болсон Хайрт Хүүгээ бидэнд бэлэг болгон өгсөн Бурханд талархъя” гэсэн.

Ах эгч нар аа, бидний хүн нэг бүр Аврагчийг хүндэтгэн шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж, “Түүний нандин ариун сүмүүдэд өөрсдийгөө харахын” төлөө би залбирч байна. Ингэснээр бид Түүний ариун зорилгуудыг биелүүлж, Их Эзэний болон Түүний Сүмийн энэ амьдралд хийгээд мөнхөд хүртээх адислалуудад өөрсдийгөө, гэр бүлээ бэлтгэж чадах болно. Аврагч амьдыг би үнэнээр гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Сургаал ба Гэрээ 112:30–32-ыг үзнэ үү.

  2. 12 дахь ариун сүм буюу Английн Лондоны Ариун сүмийг 1958 оны 9-р сарын 7-нд онцгойлон адисалжээ.

  3. Сургаал ба гэрээ 110:6.

  4. Шэлли Сэниорын э-мэйл, 2015 оны 4-р сарын 6.

  5. Томас С.Moнсон, “Ариун сүм—дэлхийн гэрэлт цамхаг,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95.

  6. Исаиа 2:2–9-ийг үзнэ үү.

  7. Oбадиа 1:21-ийг үзнэ үү.

  8. 1 Петр 4:6-г үзнэ үү.

  9. TСүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 409-ийг үзнэ үү.

  10. Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 177, 192–193-ыг үзнэ үү.

  11. Сургаал ба гэрээ 97:15; мөн17-р шүлгийг үзнэ үү.

  12. Исаиа 1:18.

  13. Иеремиа 31:34–9.

  14. Сургаал ба гэрээ 59:23-ыг үзнэ үү.

  15. Хишгээ хүртсэн хүмүүсийн ариун сүмийн эрхийн бичгээс гадна нас барагсдын өмнөөс хийх баптисмын хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичгийг зохистой өсвөр үеийнхэн, хишгээ хүртээгүй насанд хүрэгсэд хүлээн авах боломжтой. Ийм хязгаартай ашиглах эрхийн бичиг нэг жилийн хугацаатай бөгөөд энэ нь бишопын зөвлөлтэй жил бүр зохистой байдлын ярилцлага хийх боломж олгодог.

  16. Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 32.

  17. Сургаал ба гэрээ 58:42-ыг үзнэ үү.

  18. Үйлс 10:34; мөн Moронай 8:12; Сургаал ба Гэрээ 1:35; 38:16-г үзнэ үү.

  19. Сургаал ба гэрээ 100:16-ыг үзнэ үү.

  20. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129.

  21. Гэррит В.Гонг, “Temple Mirrors of Eternity: A Testimony of Family,” Liahona, Nov. 2010, 37.

  22. Teachings of the Presidents of the Church: Howard W. Hunter (2015), 183.

  23. Teachings: Howard W. Hunter, 178.

  24. Сургаал ба Гэрээ 97:13–14-ыг үзнэ үү.

  25. Сургаал ба Гэрээ 45:26–27-ыг үзнэ үү.

  26. Бид үүнийг ихэвчлэн Елиагийн сүнс хэмээдэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Елиагийн сүнс бол “Гэр бүлийн мөнхийн шинж чанарыг Ариун Сүнс гэрчилж байгаа явдал юм” гэж заасан. (“A New Harvest Time,” Ensign, May 1998, 34).

  27. Зөвшөөрлөөр ашиглав.

  28. Tомас С. Moнсон, “Ариун Сүм—Дэлхийн гэрэлт цамхаг,” 93.

  29. Ойролцоох арлуудаас авчирсан номлогчид болон өсвөр үеийнхнийг Сүмийн сургууль болон Сүмийн аюулгүй барилгуудад байрлуулсан бөгөөд Винстон хар шуурганы хамгийн хүчтэй үед аюулгүй хоргодсон юм.

  30. Гордон Б. Хинкли, “Rejoice in the Blessings of the Temple,” Liahona, Dec. 2004, 4.