2023 оны онцгой цугларалтууд
Үнэний төлөө зогс


38:47

Үнэний төлөө зогс

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

2023 оны 5-р сарын 21

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: Гайхамшигтай дуу хөгжимд баярлалаа. Танилцуулсанд баярлалаа Гилбэрт захирал аа.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: Хайр залуус аа, тэр дундаа удахгүй ахлах сургуулиа төгсөх сурагчид аа! Өүкс эгч бид хоёр та бүхэнд хайраа илэрхийлэн энэхүү чухал онцгой цугларалтаар хандан үг хэлэх гэж байгаадаа баяртай байна. Энэ цаг үе бид бүгдийн хувьд амаргүй байгаа ч Есүс Христийн сургаал бидэнд урам зоригтой байх хангалттай олон шалтгаан өгсөн. Бурхан бошиглогчоороо дамжуулан өмнөх зовлон зүдгүүрийг цөхрөлгүй даван гарах үүрэг даалгаврыг бидэнд өгсөн. Мөн Есүс Христийн сургаал бидний мөнх амьдрал гэх тэнгэрлэг хувь заяанд маань хүргэх замыг зураглан харуулдаг.

I.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон та нарын адил залууст хандан: “Дэлхий улам бүр шашнаас ангид, сүнслэг бүс болохын хэрээр таны өсөлт хөгжил улам бүр сүнслэг, шашин шүтлэгтэй холбоотой ёстой. Олны танил болохын оронд зарчмын төлөө зогсохыг эрхэмлэ” хэмээх чухал зааврыг өгсөн.

Дараа нь тэрээр “Үнэнийг мэдээд, үзэл санааны хувьд олонд таалагдахгүй байсан ч үүний төлөө зогс”1 гэх урилгыг өгсөн. Эхнэр бид хоёр үүнийг онцгой цугларалтынхаа гарчиг болгон сонгосон.

Бидний мөнх бус амьдралын зорилго, үүндээ хүрэхийн тулд дагах ёстой зам маань авралын төлөвлөгөөнд, мөн сүүлд “Гэр бүл: Дэлхий дахинд хүргэх тунхаг”-т тусгагдсан байдаг. Ерөнхийлөгч Нэлсоны дараах үнэ цэнтэй товч дүгнэлтээс ерөнхий дүр зургийг авч үзэцгээе.

“Амьдрал бол нэг үзэгдэлт жүжиг биш юм. Мөнх бус байдлын өмнөх үе үнэхээр байдаг. Түүнчлэн үхлийн дараах амьдрал ч бас байдаг. Мөнх бус байдлын өмнөх болон мөнх бус хэсэг нь мөнх бус байдлын дараах амьдралын маань оршил юм. Бошиглогчдод илчлэгдсэн алдар суугийн гурван зэрэглэлийн тухай мэдлэг нь мөнх бус байдлын дараах боломжийн тухай ойлголтыг бидэнд өгдөг. Мөнх амьдрал гайхамшигтай ба энэ аялалд гарсандаа та нар харамсахгүй.”2

Энэ мөнх бус амьдралын зорилгын талаар илүү сайн ойлголт өгдөг орчин үеийн илчлэлтээр Хожмын үеийн гэгээнтнүүд бид адислагдсан. Ерөнхийлөгч Нэлсоны хэлснээр бид мөнх бус амьдралыг нэг үзэгдэлт жүжиг гэж хардаггүй. Бидний хувьд мөнхийн аялал маань дор хаяж гурван үзэгдэлтэй. 1-р үзэгдэл бол бидний мөнх бус байдлын өмнөх оршихуй юм. Бидний одоогийн мөнх бус оршихуй дараа нь буюу 2-р үзэгдэлд гардаг. Үхлийн дараах бидний амьдрал 3-р үзэгдэл юм. Амьдарч байсан бүх хүний Амилуулалт болон бидний үйлс, шийдвэр, хүсэлд таарсан алдар суугийн хаант улсад хуваарилах эцсийн шүүлт зэрэг нь энэхүү сүүлчийн үзэгдэлд багтдаг.

Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ бидэнд хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ Өөрийн хүүхдүүдэд зориулсан авралын төлөвлөгөөний талаарх үнэнийг олох онцгой эрх олгодог.

Дэлхий дээрх бидний амьдрал буюу 2-р үзэгдлийн зорилго бол мөнх амьдралынхаа хувь заяа руу өсөж хөгжих явдал юм. Бид Мормоны Номд дурдсан бүх зүйлд байх сөрөг талыг, үүнд Бурханы зарлигуудыг зөрчдөг олон уруу таталтыг ялан дийлэх замаар ийн өсөж хөгждөг. Уруу таталтыг ялан дийлэх, зөв сонголт хийх, буруугаа наманчлах замаар Бурханд ойртох нь Бурханы хүүхдүүдийн мөнх бус амьдралын зорилго болох мөнхийн өсөлт хөгжилд хүрэхэд бидэнд тусалдаг.

Ариун Сүнсний бэлэг, орчин үеийн илчлэлтийн гэрэл гэгээг хүлээн авсан бид олон ойлголтоор адислагдсан. Жишээлбэл: Мормоны Номд амласанчлан хичээнгүйлэн хайгч тэд “олох болно; мөн Бурханы нууцууд нь тэдэнд Ариун Сүнсний хүчээр задлагдах ажгуу.”3 Миний хайртай бүх хүн, үүнд миний дуу хоолойг сонсож байгаа Бурханы бүх хүүхэд тэр урилгын дагуу үйлдээсэй хэмээн би залбирч байна.

II.

Эхний үнэн гэрлэлттэй холбоотой. Гэрлэлт нь мөнх бус болон үүний дараах амьдралын зорилгын төвд байдаг. Бид хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүд ба өсөж үржин, дэлхийг бүрх гэсэн зарлигийг нь дагах чадавхтайгаар бүтээгдсэн. Тэрхүү бүтээх хүч нь мөнх бус амьдралд байгаа хамгийн үнэ цэнтэй бэлгүүдийн маань нэг юм. Гэхдээ энэ бэлгийн төв нь ариун явдлын хууль буюу үр удмаа үлдээх хүчээ зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлтийн үеэр ашиглах зарлиг юм. Энэ зарлиг нь Есүс Христийн сайн мэдээний төвд байдаг юм. Энэ нь үнэндээ бид яагаад бусдаас өөр үнэт зүйлийг эрхэмлэж, эргэн тойрныхоо хүмүүст нийтлэг байдаг зарим зан үйлээс татгалздагийг тайлбарладаг.

Гэрлэлтийн талаарх бидний тодорхойлолт болон гэрлэлтэд хандах хандлага маань үүний жишээ юм. Есүс Христийн Сүмийн удирдагчид сүүлийн үед гэрлэлтийн мөн чанар, цар хүрээний хувьд Нэгдсэн Улсад гарч буй өөрчлөлтөд ихэд санаа зовж байгаа билээ. Үүнд АНУ-ын иргэд, тэр дундаа зарим зохистой залуу хожмын үеийн гэгээнтэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэрлэлтийг хойшлуулж буй хандлага нэмэгдэж байгаа явдал орж байна. Энэ хандлагыг харуулахын тулд гэрлэлттэй холбоотой хоёр хүснэгтийг харцгаая. Хэдийгээр эдгээр тоо үзүүлэлт нь Нэгдсэн Улсынх ч дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг төлөөлж байгаа юм.

Эхний энэ хүснэгт Нэгдсэн Улсад гэрлэсэн иргэдийн хувь мэдэгдэхүйц буурч байгааг харуулж байна. Сүүлийн 30 жилд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь хувьд энэ үзүүлэлт 8-9 хувиар буурчээ. Нэгдсэн Улсад гэрлэлт буурч байгаа нь тодорхой.

Энэ хоёр дахь хүснэгт нь хожмын үеийн гэгээнтэн залуучуудын гэрлэлтийн нас нэмэгдэж байгааг харуулж байна. Энэ нь сүүлийн 25 жилийн хугацаанд анх гэрлэсэн хожмын үеийн гэгээнтэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж насыг харуулж байгаа юм. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь нас ойролцоогоор таван жилээр өссөнийг харуулж байна.4

Хожмын үеийн гэгээнтэн залуус гэрлэлтээ урт хугацаагаар санаатайгаар хойшлуулах үед ямар боломжоо алдаж, ямар адислал хойшилдгийг авч үзье. Энэ нь зан чанарын хувьд золиослол, даруу байдал гэх мэт эхнэр, нөхөр хоёрын харилцаанд өрнөдөг хувь хүний чухал өсөлт хөгжил хойшилдог гэсэн үг юм. Энэ нь Бурханы хаант улсыг байгуулахад хамтран ажиллах боломж нь багасдаг гэсэн үг. Хамгийн чухал нь энэ нь сайн мэдээний адислалд өсөж торних хүүхдүүдийн төрөлт цөөрнө гэсэн үг юм. Та нар энэ бүхнийг мэднэ. Манай ганц бие олон хүн өөрсдөөс нь үл хамаарах шалтгаанаар эрт гэрлэж чадахгүй байгааг удирдагчид тань мэднэ гэдгийг уламжилъя. Би энэ талаар дараа дэлгэрэнгүй ярина.

Кристэн, энэ талаар санал бодлоо нэмж хэлэх үү?

Кристэн М.Өүкс эгч: За тэгье. Үнэндээ, гэрлэлт бол бэлэг юм. Гэрлэлт нь бидэнд хүүхдүүдтэй болох боломжийг олгохын зэрэгцээ бие биетэйгээ хамт өсөж хөгжих аян замыг эхлүүлэх боломж, урам зориг өгдөг. Бид тэр болгон олдоод байдаггүй арга замаар золиосолж, үйлчилж сурдаг.

Ганц бие байхдаа би ихэвчлэн үйлчлэх боломжуудыг хайдаг байлаа. Одоо орой бүр хоолны үеэр үйлчлэлийн төсөл маань надтай нэг ширээнд суудаг. Би нөхрөө хэрхэн илүү сайн хайрлаж, туслахаа сурдаг. Надад хамт инээж, хамт уйлах найз бий. Надад эргээд тусалдаг өмгөөлөгч, багш, хөгжөөн дэмжигч байгаа. Гэрлэлт бол харилцаж, харах өнцгийн талаар сурах төрөлх боломж юм. Бидний гэрлэлт биднээс илүү агуу зүйлтэй холбогдож, Аврагчтай илүү ойртохын хэрээр амьдрал маань илүү сайхан болдог. Бид энэхүү адислалыг та бүхнийг хүлээн аваасай гэж хүсэж байна.

Шоовдор хүмүүс” жүжигт “Өөр нэгнийг хайрлана гэдэг нь Бурханы зүс төрхийг харах явдал юм” гэсэн мөр байдаг.5 Гэрлэлтээс өөр хаана ч үүнийг олж мэдэх боломжгүй.

Ерөнхийлөгч Өүкс: Улсын хэмжээний нэр хүндтэй санал асуулгад насанд хүрэгчдийн 66% нь хүүхэдтэй болохыг чухалчилж үздэг байсан бол сүүлийн 25 жилийн хугацаанд энэ нь 33% хүртлээ буурсныг үзүүлсэн тайлан нь шашны бус хэллэгээр бол хүүхэдтэй болохыг хойшлуулах нь ихсэж, тэр ч байтугай үнэ цэнээ алдаж байгаа чиг хандлагыг харж болно.6

Кристэний дүү нь ач хүүгийнхээ хэлсэн үгийг бидэнд хэлэх үед Кристэн бид хоёр улсын хэмжээнд хүүхэдтэй болохын үнэ цэн буурч байгаа явдал сэргээгдсэн Сүмийн хувьд ямар ач холбогдолтой болох талаар бодсон юм. Найз сэтгүүлийг хамтдаа уншиж байхдаа тэд Есүсийн зургийг хараад, Аврагч хүүхдүүдийг Өөрт нь ир гэж гараа даллан дуудаж байгаад гайхав. Дөрвөн настай Андэрс: “Та ойлгохгүй байна уу? Есүс хүүхдүүдэд хайртай” гэсэн сүнслэг хариулт өгч билээ.

Биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгт залуучуудад зориулсан төлөвлөгөө байдаг. Уг төлөвлөгөөний нэг хэсэг бол гэрлэлт, хүүхдүүд гэдгийг сана.

Хөгжилтэй байх үүднээс бид одоо үерхэх, цагийг хамтдаа өнгөрүүлэх талаар өмнө нь заадаг байсан зүйлсийг хуваалцъя. Энд 2005 онд миний ярьж байсан бичлэгийг оруулав. Тэр үед өнөөдөр бидэнтэй хамт байгаа залуучуудын том нь дөнгөж 12 настай байсан бол бусад нь дөнгөж хүүхэд эсвэл төрөөгүй байсан.

Сүм олон жилийн турш өсвөр үеийнхэнд 16 наснаас өмнө болзож болохгүй гэж зөвлөдөг байсан. Магадгүй зарим залуус, ялангуяа эрэгтэйчүүд энэ мэргэн зөвлөгөөг хэтрүүлэн 26 нас, магадгүй 36 хүрэхээс нааш болзохгүй гэж шийдсэн бололтой. Одоо би та нарыг надтай хамт тэр цаг үед эргэж очоод 2005 оны энэ видеог үзэхийг урьж байна.

Ерөнхийлөгч Өүкс [видео]: “Эрчүүд ээ, хэрэв та нар номлолоосоо эргэж ирсэн байтлаа 15 насанд тань дагаж мөрдөхийг зөвлөсөн охид, хөвгүүдийн жишгээ дагасан хэвээр байвал одоо өсөж томрох цаг чинь болжээ. Зүрхээ чангалж, хос болох хэн нэгнийг хайж ол. Янз бүрийн залуу эмэгтэйтэй олон янзын болзоонд явахаас эхэл. Тэгээд энэ үе шат сайн үр дүнд хүргэвэл үерхэж эхэл. Энэ бол гэрлэх цаг юм. Энэ бол Их Эзэн насанд хүрсэн залуу охид, хөвгүүддээ зориулсан цаг юм. Эрчүүд санаачилгыг гартаа авч, ажил хэрэг болго. Хэрэв та болзоо гэж юу болохыг мэдэхгүй бол дараах тодорхойлолт тусалж болох юм. Би 18 настай ач охиноосоо үүнийг сонссон. ‘Болзоо’ нь(1) урьдчилсан төлөвлөсөн байх, (2) төлбөр хийгдсэн байх, (3) хосоороо байх гэсэн гурван чухал шалгалтыг давсан байх ёстой.

Ганц бие залуу найзууд аа, бид эсрэг хүйстэнтэй харилцах харилцаагаа зөвхөн хөл бөмбөг зэрэг багийн спорт мэт болгох цаг нөхцөөх загвараас гарч гэр бүл болж төлөвших боломжтой болзох загвар луу чиглүүлэхийг зөвлөж байна. Гэрлэлт бол бүлгийн үйл ажиллагаа биш ээ. Ядаж л олон хүүхэдтэй болох хүртэл чинь ийм биш байна.”7

[Видео дуусна]

Ганц бие эрчүүдэд зориулсан зааварчилгаа эгч нарт ихэд таалагдсан бололтой. Одоо Кристэн ганц бие эмэгтэйчүүдэд зориулан хэдэн үг хэлнэ.

Өүкс эгч: Ерөнхийлөгч Өүкс, болзох тухай таны видео үнэхээр хуучных ч зарчим нь чухал хэвээр. Гэрлэхийн өмнө болздог хэвээр.

Би 53 настайдаа гэрлэсэн болохоор зохистой хамтрагчаа хүлээх, үүнийг дагалддаг хүсэл, сэтгэлийн шаналал, дэрэн дээрх нулимс ямар байдгийг мэднэ. Хүлээсээр байгаа зоригт эгч нарт Их Эзэн хайртайг би гэрчилж байна. Учир нь би өөрөө үүнийг мэдэрсэн. Мөн үүнийг хүсэж байгаа үнэнч ах нарыг би сэтгэлийнхээ угаас ойлгож байгаа. Зовлон бол бодитой. Болзох, болзохгүй байхын аль аль нь хэцүү.

Сайн мэдээний дагуу амьдрахын тулд чадах бүхнээ хийж байхдаа итгэл болон ирээдүй маань сорилттой тулгарч амьдрал яагаад ийм хэцүү байгааг гайхах үедээ би заримдаа бурууг хийгээд байгаа мэт мэдэрдэг. Гэвч би ямар ч буруу зүйл хийгээгүй байдаг.

Мишэлл Д.Крэйг эгчийн хэлсэнчлэн, “сорилтууд нь төлөвлөгөө бүтэлгүйтсэн гэсэн үг биш” юм. Төлөвлөгөөнд өсөлт хөгжил ордог ба энэ нь Бурханыг эрэлхийлэхэд бидэнд туслах зорилготой. “Тэнгэрлэг Эцэг [таны] ая тухаас илүү Есүс Христийн дагалдагчийн хувиар өсөлтийг [тань] илүү сонирхдог.”8

Хэрэв та гэрлэх хүн гарч ирэхийг хүлээн хий дэмийн цагаа үрж байвал, хүлээхээ болиод бэлдэж эхэл. Боловсрол олж, туршлага хуримтлуулж, төлөвлөх замаар өөрийгөө амьдралд бэлд. Тан дээр аз жаргал унаж ирэхийг бүү хүлээ. Үйлчилж, суралцах боломж бололцоог эрэлхийл. Хамгийн чухал нь “Их Эзэний нэрийг өдөр тутам дуудан, … тэрхүү ирэх зүйлд итгэх сүсэг бишрэлд гуйвшгүйгээр зогсон”9 Их Эзэнд найд. Аз жаргал танд ирнэ гэдгийг би амлаж байна.

Ерөнхийлөгч Өүкс: Эгч нар аа, Кристэн та нарт маш үнэтэй зөвлөгөө өглөө. Түүний зөвлөгөө хуучрахгүй. Ганц бие эрэгтэйчүүдэд өгсөн миний зөвлөгөө ч хуучрахгүй. Есүс Христийн Сүмийн удирдагчид бид 20 жилийн өмнөхтэй адил гэрлэлтийн талаар санаа зовсон хэвээр. Бидний санааг гэрлэсэн залуучуудын худалдан авах боломжтой орон байрны хомсдол, оюутны өрийн хэмжээ нэмэгдэж байгаа зэрэг асуудлууд чилээж байна.

Залуучууд та нар энэ бүх нөхцөл байдлыг үүсгэсэн шалтгаан биш, харин тэдгээрийн хохирогч гэдгээ маш сайн мэднэ. Тэгвэл яах вэ? Итгэлээр урагш явж, орон сууцны зах зээлийн нөхцөл байдал намайг болон та нарын өвөө эмээг залуу байх үеийнхээс таагүй байгаа энэ цаг үед чадах бүхнээ хий. Ялангуяа, оюутны өрөө багасгахын төлөө ажилла.

Бурханы төлөвлөгөөгөөр бол бид бүхнийг хүлээн авч чадах ч энэ нь дэлхий ертөнцийн тулгаж буй дэс дарааллаар болохгүй. Бид та нарт Бурханы төлөвлөгөө, өмнөх хүмүүсийн тань зохистой үлгэр жишээг сануулан туслахыг хүсэж байна. Эхэн үеийн анхдагчид маань гэр бүлээ Уулархаг Баруун зүгт, сүнслэг байдлын хувьд аюулгүй газар авчрахын тулд гэр орон, эд хөрөнгөө орхисон. Өнөөдөр бид та бүхнийг материаллаг эд хөрөнгөтэй болохын тулд сүнслэг аюулгүй байдал, гэр бүлээ огоорохгүй байхыг уриалж байна.

III.

Одоо бид үзэгчдийн маань дундах хайрт ахлах сургуулийн сурагчдын маань санааг зовоож буй зарим асуудлыг хөндье.

Улсын хэмжээнд та нарын үе тэнгийнхэн урд хожид байгаагүй тоогоор сэтгэлийн түгшүүрт өртөж, хар тамхинд орж, олон нийтийн сүлжээнд донтож, зөвлөгөө авч байна. Та бүхэн эдгээр нөлөөнд автаж байгаа ч та нарын дунд сайн нь тэр бүхнээс илүү байна.

Та нар Бурханы хүүхдүүд, тэнгэрлэг өв гэдгээ мэддэг. Бурхан танд хайртай. Тэр бол хүчирхэг зөвлөгч багш. Хэрэв та нар Түүний заасан арга замаар нь эрэлхийлэх юм бол Тэрээр танд туслахаа амласан билээ. Та нар Бурханы хайртай хүүхэд гэх хүчирхэг үнэнийг оюун ухаандаа, хувь хүний хувьд нэн тэргүүнд тавьдаг зүйлсдээ суулга. Түүний хайр өөрийгөө хүндлэх чадвар, амьдралд тань тулгарах аливаа саад бэрхшээлийг даван туулах хүч чадал, сэдлийг өгдөг. Мөн Түүний үйлчлэгчид чамд хайртай гэдгийг ямар ч үед бүү март. Бид та нарт хайртай.

Саяхан цөөхөн гишүүнтэй мужид амьдардаг 16 настай охиноос би үнэ цэнтэй захидал хүлээн авлаа. Би түүнийг Эми гэж нэрлэе. Сүмийн залуусын нийтлэг бодол санааг илэрхийлсэн тул түүний захидал чухал юм. Эмигийн урт захидалд дараах зүйлс орсон байв. Би та нартай ойролцоо насны нэг эмэгтэйгээс түүний захидлыг уншихыг хүссэн юм.

Эми: “Заримдаа би Сүмээс төөрөгдүүлмээр, нийцгүй захиас аваад байх шиг санагддаг. Өдөр тутмын амьдралдаа би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд нийгмийн сүлжээнд энэ сайн мэдээний нэг хэсэг биш мэт аашилж байгааг хардаг. … Тойрогтоо би дэлхийн буруу зүйлийг олж хардаг цорын ганц залуу эмэгтэй юм шиг надад санагддаг. … Манай сүмийн өсвөр үеийн олон хүүхэд яагаад хүмүүс хэд хоноод л хүйсээ сольж, ижил хүйстэй эсвэл хүйсгүй гэж өөрийгөө тодорхойлдог хүмүүстэй болзохыг асуудал гэж хардаггүйг би үнэхээр ойлгодоггүй. …

Тойрог, гадасны өсвөр үеийнхний үйл ажиллагаан дээр надаас ямар төлөөний үгээр харьцахыг асуудаг, сургууль дээр өөрийгөө эрэгтэй хүүхэд гэж боддог охин намайг бүжигт урьдаг. Бид хүн бүрийг хайрлаж, хүндлэх ёстой гэдгийг би мэднэ. Би ч тэгдэг. Би [зүгээр л] хэмжээ хязгаар нь хэтрээд байгааг мэдэрч байна. … Энэ асуудлын талаар Сүмийн удирдагчид илүү түлхүү ярихыг би сонсмоор байна.”10

Ерөнхийлөгч Өүкс: Энэ бол үзэгчдийн дунд суугаа ахлах сургуулийн төгсөх ангийнхантай чацуу насны аргаа барсан нэгэн залуу эмэгтэйн захидал юм. Энэ захидал яагаад надад гүнээ нөлөөлсөн бэ? Тэр зөвийг хийхийг хүссэн ч буруу гэж үздэг түүнд үнэт зүйл, бие авч явах байдлаар хүрээлэгдсэн мэт санагдаж байгаа тул хэрхэн хүлээж авахаа мэдэхгүй байгаа аж. Тэр үнэний төлөө зогсохыг хүсэж байсан ч үүгээрээ яаж амьдрахаа мэдэхгүй байв. Ensign коллежид болсон залуучуудад зориулсан онцгой цугларалтад ахлагч Кларк Г.Гилбэрт бид хоёр үнэнийг тунхаглахын зэрэгцээ хайраар тууштай зогсох энэхүү сорилтын талаар тайлбарласан. Бид өөрсдийн мэддэг үнэнийг үгүйсгэхгүйгээр бусдыг хайрлаж, учраа ололцож чадна.11

Эмигийн захидалд хүйсийнхээ талаар төөрөлдөж буй, хүйсийн дисфоритой Сүмийн найзуудынхаа талаар бичжээ. Энэ төөрөгдөл нь хүний амьдралын аль ч цаг үед, ямар ч хэлбэрээр илэрч болно. Үүнтэй тулгарсан хүмүүс, гэр бүлийн гишүүд өнөөгийн нөхцөл байдлаасаа цаадхыг харж, мөнхийн зарчмуудад найдаж, тэдгээрийн дагуу үйлдэхийг эрэлхийлэх ёстой. Би энэ сэдвүүдийн талаар удаан хугацаанд тунгаан бодсон. Харин одоо үүнд санаа зовж байгаа хүмүүсийг хайрлах үүднээс би Сүнсний удирдамжийн дагуу энэ боломжийг ашиглан ийм эргэлзээнд орсон хүмүүст туслах Есүс Христийн сайн мэдээний илчлэгдсэн зарим нандин үнэнийг онцолъё гэж бодлоо.

Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ээ, Сүм, семинар, институтийн удирдагч, багш нар, эцэг эх тань Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний үнэнийг та нарт заахад сүнслэгээр өдөөгдөж, хариуцлага хүлээдэг. Та нарт Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө, Есүс Христийн Цагаатгал, баптисм хүртэхдээ байгуулсан, Хүндэтгэлийн өдөр бүр шинэчилдэг гэрээнүүдийн зарчмууд дээр тулгуурласан “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” хэмээх үнэ цэнтэй товхимол бий. Эхний хуудсанд нь “Эдгээр үнэнийг хөтчөө болгосноор та үүрд мөнхөд таныг адислах сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хийж чадна”12 гэсэн амлалт байгаа.

Есүсээс аль нь хамгийн агуу зарлиг вэ гэж асуухад Тэрээр хоёрыг өгсөн байдаг. Нэгт нь Бурханыг хайрлах. Бид зарлигуудыг нь сахиснаар хайраа харуулдаг. Хоёрт нь хөршөө хайрлах.13 Бид хоёуланг нь сахих ёстой ба энэ нь тийм ч амар биш юм. Биднээс олон нь хөршөө хайрлахад бага ач холбогдол өгч, хуулийг (зарлигуудыг) сахихад хэт өндөр ач холбогдол өгдөг хандлагатай байдаг. Би хууль, эрх зүйн боловсролтой тул ийм хандлага гаргах гээд байдаг нь үнэн. Эцсийн эцэст, Бурханыг хайрлаж, Түүний зарлигуудыг сахих замаар Түүнийг хайрлах хайраа харуулах нь хамгийн анхны агуу зарлиг юм. Мэдээж хуулийг дагаж байна уу юу үгүй юү хэмээн өөрсдийгөө болон бусдыг шүүх амархан. Гэхдээ бидний хүн нэг бүр Есүс биднийг хайрладаг шиг15 хөршүүдээ түүний “адил”14 хайрлах гэсэн хоёр дахь зарлигийг сахих нь амин чухал.

Энэ хоёр агуу зарлигийг хоёуланг нь нэгтгэж, сахихын талаар өгүүлэх миний хамгийн дуртай бурханлаг үлгэр жишээ бол Аврагч ийм асуудалтай тулгарахдаа хийсэн зүйл юм. Иоханы номын 8-р бүлэгт хэсэг хуулийн багш болон фарисай Есүсээр шүүлгэхээр нэгэн эмэгтэйг авчирсан тухай өгүүлдэг. Тэдний зорилго бол Аврагчийг Мосегийн хууль эсвэл Ромын хуулийн зөрчилдсөн заалтын алийг нь дагах бол гэдгийг харж, урхинд оруулах явдал байв. Ийм тохиолдолд Ромын хуулиар бол Мосегийн хуульд заасанчлан амийг нь авах шийтгэл оноодоггүй байв. Гэхдээ Есүс урхинд нь оролгүй хоёр агуу зарлигийг хоёуланг нь хэрхэн хэрэгжүүлэх хүчтэй сургамжийг өгсөн жишээ нь бидний хувьд үнэ цэнтэй.

Нэгдүгээрт, Аврагч хуулийг тэр даруй хэрэгжүүлэхийг шаардсан хүмүүсийн амыг тагласан. Тэр тэднийг өөрсдийгөө хэн болохыг харахыг шаардах замаар ийн номхруулж чадсан юм. “Та нарын дундаас нүгэлгүй хүн нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид”16 хэмээн Тэр хэлсэн. Ичсэн олныг явахад Аврагч хайрын хүчийг ашигласан. Тэрээр нигүүлсэнгүйгээр эмэгтэйг буруутгахаас татгалзаж тэрхүү хайрын үйлдэл нь түүнийг шинэ амьдрал руу хөтөлсөн юм. Бүхий л амьдралын үйл хэргээрээ (мөн наманчлалаараа) шүүгдэх үед хуулийн хэрэгжилт хожим нь ирэх болно. Гэвч үүнээс өмнөх уг үйл явдалд Аврагч буруутгахаас зайлсхийх замаар хайр, нигүүлслийг үзүүлэн, дараа нь “Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд”17 гэснээр хуулийг бататгасан.

Хууль, хайр хоёрыг хоёуланг нь тэнцвэртэй, зөв цагт нь хослуулан хэрэглэх хэрэгцээ байсаар байна. Ахлагч Кристоффэрсон бидэнд ийн сануулсан: “Эхний зарлигийг эхэнд тавих нь удаах зарлигийг дагах бидний чадварыг үгүйсгэдэггүй мөн хязгаарладаггүй. Харин ч эсрэгээрээ энэ нь үүнийг өсгөн нэмэгдүүлж, бэхжүүлдэг. Үнэндээ бид Бурханы хамтрагчийн хувьд Түүнтэй хамт Түүний хүүхдүүдийг харж халамжилдаг учраас Бурханыг гэх бидний хайр бусдыг илүү бүрэн дүүрэн, төгс хайрлах чадварыг маань өсгөн нэмэгдүүлдэг юм.”18

Саяхан БЯИС дээрх үг хэлэгч болон Ерөнхий эрх мэдэлтний өмнө нь хэлсэн дараах хоёр үгийг бодож үзнэ үү.

“Их Эзэн Есүс Христийн агуу цагаатгагч золиослолоор төгсдөг авралын төлөвлөгөөний ажил нь бүхэлдээ бусадтай гүн гүнзгий холбогдсон хайрыг тээгч хүмүүн болох боломжийг бидэнд олгох явдал юм. …

Энэ нь зарлигууд болон гэр бүлийн тунхаг дахь үнэт үнэнүүд гээд бүх бошиглолын удирдамж нь биднийг хайраар дүүрэн хүмүүн болгохын тулд Бурханы замаар хөтлөн залахад зориулагдсан гэдгийг бидэнд заадаг.”19

Одоо нөгөө үгэнд:

“Бурханы таалалд нийцэхээсээ өмнө бусдын таалалд нийцэхийг хичээх нь эхний болон хоёр дахь агуу зарлигийн дарааллыг сольж байгаа хэрэг юм. Энэ нь хаашаа харах ёстойгоо мартаж байгаа гэсэн үг. Гэсэн хэдий ч бид бүгд хүмүүнээс айснаас болж л энэ алдааг гаргадаг. …

Бидний агуу үлгэр дуурайл болсон Аврагч маань үргэлж Эцэг рүүгээ хардаг байсан. Тэрээр бусдыг хайрлаж, тэдэнд үйлчилдэг байсан боловч ‘Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй’ (Иохан 5:41) гэдэг байсан. Тэрээр зааж байсан хүмүүсээсээ Өөрийг нь дагахыг хүсдэг байсан ч тэдний тааллыг хэзээ ч эрэлхийлж байгаагүй.”20

Хайр ба хуулийн эдгээр тайлбар нь хоёулаа Бурханы бидэнд хийхийг зарлигласан зүйлсийн үнэн заавар юм. Би өмнө нь “хайр ба хууль гэсэн хоёр зарлигийг тэнцвэртэй байлгахыг тасралтгүй [оролдох]”21 тухай дурдаж байсан ч энэ хоёр зарлигийг хоёуланг нь илүү бүрэн дүүрэн дагаж амьдрахыг хичээх нь уг зорилгыг илүү сайн илэрхийлдэг гэдэгт би итгэж байна. Хүйсийн чиг баримжааны асуудалтай тулгарсан хүмүүсийг хайрлаж, хүндэлдэггүй хэн ч байсан эхний болон хоёр дахь агуу зарлигийг дэмжихгүй байна гэсэн үг. Тиймээс Бурханы хуулийн сэдвээр ярихад, Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бүтээсэн гэдгээ ахин дахин илчилсэн гэдгийг санавал зохино.22 Хөршөө хайрлах үүргийн тухай дурдахад, бүх зарлигийг дагадаггүй хүмүүсийг ч гэсэн хайрлахыг Бурхан бидэнд зарлигласан гэдгийг санах хэрэгтэй.

Хэрэв та эсвэл гэр бүлийн гишүүн эсвэл найз чинь чиг баримжааныхаа талаар эргэлзэж байвал сайн мэдээний хууль, бидний Аврагч, Гэтэлгэгчийн хайр, нигүүлслийг хоёуланг нь хэрэгжүүлэхэд би та нарыг уриалж байна. Харин та нар Түүний замаар тэвчээртэй явах юм бол Тэр танд тусалж, таныг хөтөлнө. Өөрийгөө “ертөнцийн гэрэл”23 хэмээсэн Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийнхээ сонгомол адислалуудаас хүртэхийн тулд дагах ёстой замыг бидэнд заадаг. Тэрээр бидэнд судар, Өөрийн бошиглогчид, хувийн илчлэлтээр дамжуулан заадаг. Тэр биднийг хайрладаг бөгөөд удирдан залсан газраар нь явахыг эрэлхийлэх юм бол Тэр биднийг удирдан чиглүүлэх болно.

IV.

Үүнтэй холбоотой, илүү ойр өөр нэгэн асуудал бол ижил хүйсийн хүндээ романтик байдлаар татагдах явдал юм. Мэдээж мэдрэмжээ даган үйлдэхгүй бол ийн татагдах нь нүгэл биш ч бид хэрхэн өөрийнхөө эсвэл бусдын ийм мэдрэмжийг шийдвэрлэх вэ?

Миний хамгийн эхний зөвлөгөө бол Тэнгэр дэх Эцэгийн бүтээлүүд бидний хувьд ямар төрөл байхаас үл хамааран Тэр биднийг бүгдийг нь хайрладаг бөгөөд Түүний аз жаргалын төгс төлөвлөгөөнд бүгдэд нь багтах орон зай бий гэдгийг санах явдал юм. Бид Түүний хүүхдүүдийг хайрлах зэрэг зарлигуудыг нь сахиснаар Түүнд хайраа харуулдаг.

Хувь хүн, гэр бүлийн гишүүдэд ийм мэдрэмж төрөх юм бол тэдэнд ямар нэгэн байдлаар таних тэмдэг зүүлгэхээс болгоомжлох хэрэгтэй. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өнгөрсөн жилийн энэхүү дэлхий даяарх онцгой цугларалтаар энэ тухай ярьсан. Тэрээр таних тэмдэг зүүлгэх нь хүмүүсийн өөрсдийн болон бие биеийнхээ талаарх бодлыг ерөнхийд нь хязгаарлаж, хооронд нь хагаралдуулдаг болохыг заасан. Дараа нь “Ямар ч шинж тэмдэг ‘Бурханы хүүхэд,’ ‘гэрээний хүүхэд,’ ‘Есүс Христийн шавь’ гэсэн эдгээр гурван өөрчлөгдөшгүй загварын урдуур орох, орлох, үгүй болгох ёсгүй” гэж заасан. Тэрээр мөн

Эдгээр үндсэн гурван загвартай нийцэхгүй аливаа онцлог шинж эцэстээ та нарын урмыг хугалах болно. Бусад таних тэмдэг яваандаа та нарын урмыг хугалдаг болох ба тэдгээр нь та нарыг Бурханы селестиел хаант улсад мөнх амьдрал өөд чиглүүлэх хүч чадалгүй юм.”24

Мөнх амьдрал, селестиел хаант улс руу үнэхээр хөтөлж чадах зүйл бол бидний байгуулдаг гэрээнүүд юм. Дахин ерөнхийлөгч Нэлсоны өнгөрсөн жил бидэнд заасан зүйлийг дурдъя:

“Та бид Бурхантай гэрээ байгуулсан л бол Түүнтэй харилцах харилцаа маань бидний гэрээ хийхээс өмнөх үеийнхээс ч илүү дотно болно. Одоо бид бие биетэйгээ харилцан холбоотой болсон. Бид Бурхантай гэрээ байгуулснаар Тэр бидэнд туслахаар хичээж чармайхаа хэзээ ч болихгүй бөгөөд Түүний бидэнд хандсан нигүүлсэнгүй тэвчээр хэзээ ч дундрахгүй. Бид бүгдээрээ Бурханы зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлдэг.”25

Мөн хэдхэн сарын өмнө ерөнхийлөгч Нэлсон дахин бидэнд “Гэрээгээ сахих нь үнэндээ амьдралыг илүү хялбар болгодог Гэрээ байгуулдаг … хүн бүр Есүс Христийн хүчнээс илүү ихээр хүртэх боломжтой болдгийг”26 сануулсан.

Гэрээгээ сахиснаар хүлээн авдаг хувийн хүчнээс гадна мөнх бус амьдралын сорилт бэрхшээлийн дунд “зоригтой байгтун”27 хэмээн хэлсэн Аврагчийн маань гайхалтай сургаал бидэнд бий.

Ахлагч Жэффри Р.Холланд хэдэн сарын өмнө дэлхий даяар хандан үг хэлэхдээ уг сургаалыг Есүс Цовдлуулахынхаа өмнөх орой өгснийг бидэнд сануулсан. Өөрт нь тулгарсан тэр бүх зовлон шаналлын дунд Тэр хэрхэн зоригтой байх талаар ярьж чадсан бэ? Ахлагч Холланд ийн тайлбарласан:

“Хувь заяаны эрхээр Сүүлчийн зоогийн үед үүссэн уур амьсгалд ч гэсэн Христ шавь нартаа ‘зоригтой байх’ [Иохан 16:33] учир шалтгаан, үүрэг хариуцлагынх нь талаар сануулжээ. …

Уг үйл явдлын төгсгөлийг мэдэж байсан болохоор Түүний итгэл, найдвар, энэрэл тийн илэрсэн нь гарцаагүй. Эцэст нь бүх зүйл гүйцэлдэхэд зөв шударга байдал ялахыг Тэр мэддэг. Гэрэл үргэлж харанхуйг үүрдийн үүрд ялдгийг Тэр мэднэ.”28

Кристэн, энэ сайхан хүмүүст хандан хаалтын үг хэлэх үү?

Өүкс эгч: Бидний энд хэлсэн бүх зүйл амьдралыг маань адисална. Израилын омгийнхон аглаг буйдад хорт могойн дайралтад өртсөн түүхийг бид бүгд мэднэ. Гэхдээ өнөө оройны хувьд энэ нь та нарын ч түүх юм. Бурханы зарлигласан ёсоор Мосе бидний Аврагч Есүс Христийг бэлгэдсэн таягийг урласан. Дараа нь Мосе хүн бүрийг дээшээ харвал шарх нь эдгэхийг хэлсэн.

Энэ үдэш бид яг тэр израилчуудын нэгэн адил ариун нандин итгэл үнэмшлийнхээ төлөө дайралтад өртөж байна. Би ч гэсэн та нарт Бурхан руу харж, амьдар хэмээн хэлмээр байна Өнөө орой хэлсэн мөн бошиглогчийн, судрууд дээрх, авралын төлөвлөгөөний болон патриархын адислалынхаа үгсийг хар. Залбир, тэгвэл Их Эзэн та нартай хамт байх болно. Энэ нь бидний хэн нь ч шархдахгүй гэсэн үг биш юм. Гэхдээ энэ нь бид ганцаардахгүй ба урагш явахдаа эргэн тойрны муу муухайгаас хамгаалагдаж, удирдан чиглүүлэгдэх болно гэсэн үг юм. Энэ нь мөн бид үнэнийг мэдэж, Сүнснээс ташаал авах болно гэсэн үг. Би та нарыг Бурхан руу харж, амьдрахыг урьж байна.

V.

Ерөнхийлөгч Өүкс:Бид авралын төлөвлөгөөний талаар ярилаа. Илчлэгдсэн бүх гурван үзэгдлийн талаар, нэн ялангуяа энэ мөнх бус амьдралын зорилгын талаар ярьсан.

Бид хэзээ гэрлэх, хүүхэдтэй болох тухай, тэдгээрийн гүйцэтгэдэг үүргийн талаар ярьсан.

Бид Есүс Христийг таньж мэдэхийг хичээнгүйлэн эрэлхийлж, Түүний хайрыг мэдэрч, Түүнд болон мөнхийн хувь заяанд маань хүргэх гэрээний замаар явахад хайраар өгсөн Түүний удирдамжид итгэх талаар заасан.

Бид Бурханыг болон хөршөө хайрла гэсэн хоёр агуу зарлигийн талаар ярьж, хоёуланг нь дагаж мөрдөх ёстойг заалаа.

Тэрээр дэлхийг ялсан тул бидэнд ямар ч сорилт бэрхшээл тулгарсан байлаа асуудлаа шийдвэрлэхдээ зоригтой байхыг бид уриалж байна. Бид ч бас тэгж чадна. Эцэгийн маань төлөвлөгөө бол аз жаргалын төлөвлөгөө гэдгийг санаарай.

Зам, үнэн, амьдрал болох бидний Аврагч Есүс Христийг би гэрчилж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.