Ерөнхий чуулган
Ертөнцийг ялж, амралтыг олох нь
2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган


18:44

Ертөнцийг ялж, амралтыг олох нь

Бурхантай байгуулсан гэрээнүүдээрээ дамжуулан ертөнцийг ялж, энэ ертөнцийн цаг завгүй, тодорхойгүй байдал, зовлон зүдгүүрээс амралтыг олоорой.

Хайрт ах эгч нар аа, энэ сүрлэг Хүндэтгэлийн өдрийн өглөө та нартай мэндчилж байгаадаа би талархаж байна. Би үргэлж тан нарын тухай боддог юм шүү. Би та нарын тусламж хэрэгтэй нэгнийг харсан даруйдаа тусалж байгааг харах бүрдээ бахархдаг. Та нарын ахин дахин харуулж буй итгэл, гэрчлэлийг хараад би биширдэг. Та нарын сэтгэлийн шаналал, урам хугарал, санаа зовнилыг хараад би мэгшин уйлдаг. Би та нарт хайртай. Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү Есүс Христ та нарыг хайрладаг гэдгийг би баталж байна. Тэд та нарын нөхцөл байдал, сайн сайхан, хэрэгцээ шаардлага, тусламж хүссэн залбирал зэргийг нэг нэгэнгүй мэддэг. Таныг гэсэн Тэдний хайрыг та бүхэн мэдрээсэй хэмээн би байнга залбирдаг.

Өдөр бүр сэтгэл сэрдхийм мэдээгээр дүүрэн энэ цаг мөчид Тэдний хайрыг мэдрэх нь амин чухал юм. Заримдаа та нарт унтлагын хувцсаа өмсөн орондоо орж эвхэрч хэвтээд, үймээн самуун өнгөрсний дараа хэн нэгэн сэрээгээсэй гэж хүсэх өдрүүд ч байсан байх.

Гэхдээ хайрт ах эгч нар аа, олон сайн сайхан зүйл биднийг хүлээж байгаа. Ирэх өдрүүдэд бид дэлхийд урьд өмнө үзэгдэж байгаагүй, Аврагчийн хүч чадлын хамгийн агуу илрэлүүдийг харах болно. Өнөөдрөөс “сүр хүч хийгээд агуу алдар суутайгаар”1 эргэн ирэх тэр өдрийг хүртэл Тэрээр итгэлтэй хүн бүрийн дээр тоо томшгүй олон боломж, адислал, гайхамшгийг хүртээх болно.

Гэсэн ч бид одоо дэлхийн түүхэн дэх хамгийн адармаатай цаг үед амьдарч байна. Төвөгтэй байдал, сорилт бэрхшээл олон хүнийг цөхрөөж, ядраан туйлдуулж байна. Хэдий тийм ч амралтыг хэрхэн олж болох талаар ойлголт өгөх сүүлийн үеийн туршлагыг авч үзье.

Саяхан болсон Вашингтон Ди Си ариун сүмийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр уг ажлыг хариуцсан хорооны гишүүн хэд хэдэн нэр хүндтэй сэтгүүлчийг ариун сүмээр дагуулан явахдаа гүнзгий ойлголт өгсөн харилцан яриа өрнөхийг харсан байна. Тохиолдлоор нэгэн залуу гэр бүл хэвлэл мэдээллийнхэнд зориулсан энэ танилцуулах арга хэмжээнд нэгджээ. Гишүүд ариун сүмд ороод ямар “дарааллаар” ёслолуудад оролцдог талаар нэг сурвалжлагч ахин дахин асууж байлаа. Ариун сүмийн ёслолуудын дараалал тухайн хүний амьдралын замд тулгардаг сорилтуудыг бэлгэддэг эсэхийг тэр мэдэхийг хүссэн байна.

Тэдэнтэй хамт явсан өнөөх гэр бүлийн бяцхан хүү энэ яриаг сонссон байна. Арга хэмжээнд оролцогчдыг хишгийн өрөөнд ороход, Бурхантай гэрээ байгуулахын тулд хүмүүсийн өвдөг сөгддөг тахилын ширээ рүү хүү заагаад, “Хөөх, гоё юм аа. Ариун сүмд ирсэн хүмүүс энд амардаг юм байна” гэж хэлжээ.

Тэр хүү ямар гүн утга агуулгатай зүйл ажигласнаа мэдээгүй л болов уу. Тэрээр ариун сүмд Бурхантай гэрээ байгуулах, Аврагчийн гайхалтай амлалт хоёр хоорондоо шууд холбоотой талаар ямар ч ойлголтгүй байсан байх. Аврагч ийн амлажээ:

“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.

Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. … Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

Буулга минь аятай, ачаа минь хөнгөн.”2

Хүндэт ах эгч нар аа, гишүүн байх нь өөрсдөөс нь хэтэрхий их зүйлийг шаарддаг гэсэн бодлоосоо болж Сүмийг орхидог хүмүүсийн төлөө би харамсан гашууддаг. Гэрээ байгуулж, сахих нь үнэндээ амьдралыг илүү хялбар болгодог гэдгийг тэд төдийлөн олж харсангүй! Баптисмын усан санд болон ариун сүмд гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг хүн бүр Есүс Христийн хүчнээс илүү ихээр хүртэх боломжтой болдог юм. Энэ гайхалтай үнэнийг тунгаан бодоорой!

Бурхантай байгуулсан гэрээгээ сахисны шагнал бол сорилт, уруу таталт, сэтгэлийн зовлонгоо илүү сайн даван туулахад биднийг хүчирхэгжүүлдэг тэнгэрлэг хүч юм. Энэ хүч бидний замыг хялбарчилдаг. Есүс Христийн дээд хуулиудаар амьдардаг хүмүүс Түүний дээд хүчийг хүртэх боломжтой. Тиймээс гэрээгээ сахигчид Бурхантай байгуулсан гэрээний харилцаагаар нь дамжин ирдэг онцгой төрлийн амралтыг авах эрхтэй.

Аврагч Гетсеманид болон Калвари дахь зовлон шаналлыг биеэрээ амсахаасаа өмнө төлөөлөгчдөдөө “Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” хэмээн тунхагласан.3 Дараа нь Есүс “дэлхийг та нар дийлэх ёстой хэмээн би хүсдэг4 хэмээхдээ мөн адил зүйл хийхийг бидний хүн нэг бүрээс гуйсан.

Хайрт ах эгч нар аа, өнөөдөр би та нарт Есүс Христ энэ унасан ертөнцийг ялж, бидний хүн нэг бүрийн төлөө Цагаатгалыг гүйцэлдүүлсэн учраас гэм нүгэлд нэвчсэн, хувиа хичээсэн, ихэнхдээ хэцүү бэрх энэ ертөнцийг та нар бас ялж чадна гэдгийг захих гэсэн юм.

Аврагч Өөрийн хязгааргүй Цагаатгалаар дамжуулан бидний хүн нэг бүрийг сул дорой байдал, алдаа, нүглээс гэтэлгэж мөн зовлон шаналал, санаа зовнил, ачаа дарамт бүрийг туулсан учраас5 хэрэв та үнэхээр наманчилж, Түүний тусламжийг эрэлхийлбэл өнөөгийн аюултай ертөнцийг ялж чадна.

Та ихэрхүү зан, бардамнал, уур хилэн, ёс суртахуунгүй байдал, үзэн ядалт, шунал, атаа жөтөө, айдас зэрэг сүнслэг байдал, сэтгэл санааг туйлдуулам дэлхийн тахлуудыг ялж чадна. Бидний эргэн тойронд эргэлдэж буй анхаарал сарниулах зүйлс, гажуудал зэргээс үл хамааран та хамгийн хэцүү асуудлынхаа дунд ч гэсэн жинхэнэ амралтыг олж чадна.

Энэхүү чухал үнэн үндсэн гурван асуултыг сануулдаг.

“Нэгдүгээрт, ертөнцийг ялна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Хоёрдугаарт, бид үүнийг хэрхэн хийх вэ?

Гуравдугаарт, ертөнцийг ялснаар бидний амьдрал хэрхэн адислагддаг вэ?

Ертөнцийг ялна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханы зүйлээс илүү энэ ертөнцийн зүйлд санаа тавих уруу таталтыг ялан дийлэх, хүмүүсийн гүн ухаанаас илүү Христийн сургаалд итгэх, үнэнд баясаж, хууран мэхлэлтээс татгалзаж, “Христийн даруу дагалдагчид”6 болох, Сүнсийг холдуулах аливаа зүйлээс татгалзахыг сонгох, эцэст нь өөрсдийн үйлдэх дуртай нүглийг хүртэл “орхиход” бэлэн байх зэргийг хэлнэ.7

Ертөнцийг ялах гэдэг нь энэ амьдралд төгс болно эсвэл асуудлууд тань ид шидийн мэт алга болно гэсэн үг биш юм. Учир нь тэд алга болохгүй. Мөн энэ нь та цаашид алдаа гаргахгүй гэсэн үг ч бас биш. Харин ертөнцийг ялах гэдэг нь гэм нүглийг эсэргүүцэх чадал тань нэмэгдэнэ гэсэн үг. Есүс Христэд итгэх итгэл тань нэмэгдэхийн хэрээр зүрх сэтгэл тань зөөлөрнө.8 Ертөнцийг ялах нь Бурханыг болон Түүний Хайрт Хүүг хэнээс ч, юунаас ч илүү хайрладаг болох гэсэн үг юм.

Тэгвэл бид ертөнцийг хэрхэн ялах вэ? Бенжамин хаан бидэнд яаж гэдгийг заасан. Тэр бидэнд “эгэл хүн бол Бурханы дайсан” бөгөөд “тэрээр Ариун Сүнсний таталтанд автагдан, эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болох … бус аваас үүрд мөн үргэлж тийм байх болно”9 хэмээн хэлсэн. Та Сүнсний өдөөлтийг эрэлхийлж, дагах бүрдээ “эгэл хүн[ий]” хийхгүй зүйлийг буюу ямар нэгэн сайн зүйлийг хийх бүрдээ ертөнцийг ялдаг.

Ертөнцийг ялна гэдэг нь ганц, хоёр өдрийн дотор явагддаг үйл явдал биш. Энэ нь бид амьдралынхаа туршид, Христийн сургаалыг ахин дахин хүлээн зөвшөөрөхөд тохиодог. Бид өдөр бүр наманчилж, хүч өгдөг гэрээгээ сахиснаар Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлдэг. Бид гэрээний зам дээр үлдэж, сүнслэг хүч чадал, хувийн илчлэлт, өсөж буй итгэл, тэнгэр элч нарын тохинууллаар адислагддаг. Христийн сургаалаар амьдрах нь бидний амьдралд сүнслэг инерцийг бүтээгч хамгийн хүчирхэг, зохистой дадлыг бий болгодог.10

Бид Есүс Христийн дээд хуулиудын дагуу амьдрахыг хэдий чинээ хичээнэ; зүрх сэтгэл, эгэл чанар маань төдий чинээ өөрчлөгддөг. Аврагч биднийг илүү их энэрэл, даруу байдал, өгөөмөр зан, нинжин сэтгэл, сахилга бат, амар амгалан, амралтаар адислах замаар биднийг энэ унасан ертөнцийн таталтаас дээш өргөдөг.

Одоо энэ нь амралт гэхээсээ илүү сүнслэг хүнд хүчир ажил мэт танд сонсогдож байж магад. Гэхдээ эрх мэдэл, эд хөрөнгө, алдар нэр, махан биеийн таашаал нь аз жаргал авчирдаг гэж энэ дэлхий хэлдэг ч тийм биш гэдэг нь агуу үнэн юм! Тэдгээр нь авчирч чаддаггүй! Тэдгээр нь “Бурханы зарлигуудыг дагадаг” тэдний “адислагдсан мөн баярт байдлыг” хий хоосон орлуулахаас өөр юу ч бүтээдэггүй.11

Үнэндээ аз жаргалыг хэзээ ч олж авч чадахааргүй газраас хайх нь илүү төвөгтэй юм! Харин таныг Есүс Христийн буулгыг өөртөө авч, ертөнцийг ялахад шаардлагатай сүнслэг ажлыг хийх үед энэ ертөнцийн таталтаас таныг дээш өргөх хүч зөвхөн Түүнд л бий.

Тэгвэл, ертөнцийг ялснаар бидний амьдрал хэрхэн адислагдах вэ? Хариулт нь тодорхой. Бурхантай гэрээний харилцаанд орох нь биднийг Түүнтэй холбож, амьдралын бүх зүйлийг амар хялбар болгодог. Намайг буруугаар битгий ойлгоорой. Би гэрээ байгуулах нь амьдралыг хялбар болгодог гэсэн утгаар хэлсэнгүй. Үнэндээ дайсан таныг Есүс Христийн хүчийг олж мэдээсэй гэж хүсэхгүй байгаа тул эсэргүүцэл тулгарах нь зайлшгүй. Гэхдээ Аврагчийн буулгад орсноор та Түүний хүч чадал, гэтэлгэх хүчнээс хүртэх боломжтой болно гэсэн үг.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

Би ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны “Бурханд амьдралаа даатгасан хүмүүс амьдралдаа өөрсдийнх нь хийж чадахаас илүү ихийг Тэр хийж чадна гэдгийг мэдэх болно. Тэр тэдний баяр хөөрийг гүнзгийрүүлж, харах хүрээг өргөтгөн, оюуныг хурцалж, … сүнсийг өргөж мөн адислалыг нь олшруулж, боломжуудыг нэмэгдүүлэн, бодгалиудыг тайвшруулж, найзуудыг өсгөж мөн амар амгаланг цутгадаг”12 гэсэн гүн гүнзгий сургаалыг баталж байна.

Эдгээр зүйрлэшгүй онцгой боломж нь энэ ертөнцийг ялахад туслах тэнгэрийн дэмжлэгийг эрэлхийлдэг хүмүүсийг дагадаг. Эцэст нь би өнгөрсөн тавдугаар сард өсвөр үеийнхэнд өгсөнтэй ижил үүргийг Сүмийн бүх гишүүнд өгч байна. Би тэр үед Есүс Христийн мөн Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ хамгаалахыг тэдэнд уриалсан бол одоо та нараас гуйя. Үүний төлөө зүтгэ. Гэрчлэл тань хүчирхэгжиж болохын тулд тэтгэ. Үүнийг үнэнээр хоолло. Итгэлгүй хүмүүний худал хуурамч гүн ухаанаар үүнийг бүү булингартуул. Та Есүс Христийн талаарх гэрчлэлээ тасралтгүй бэхжүүлэхийг эн тэргүүнд тавихдаа амьдралд тань тохиолдож буй гайхамшгийг олж хараарай.”13

Энэ өглөө би та нарт хандан, Бурхантай байгуулсан гэрээнүүдээрээ дамжуулан ертөнцийг ялж, энэ ертөнцийн цаг завгүй, тодорхойгүй байдал, зовлон зүдгүүрээс амралтыг олоорой гэж гуймаар байна. Та үнэхээр ертөнцийг ялах хүсэлтэй байгаагаа залбирал болон үйлдлээрээ Түүнд мэдэгд. Түүнээс оюун ухааныг тань гэгээрүүлж, хэрэгтэй тусламжийг илгээхийг хүс. Өдөр бүр залбирахад төрөх бодол санаагаа тэмдэглээд, дараа нь тэдгээрийг хичээнгүйлэн дагаж мөрд. Ариун сүмд илүү их цагийг өнгөрүүл. Ариун сүм танд энэ унасан ертөнцөөс дээш гарах тухай хэрхэн зааж байгааг ойлгохоор эрэлхийл.14

Өмнө нь хэлсэнчлэн, Израилын цугларалт бол өнөөдөр дэлхий дээр тохиож буй хамгийн чухал ажил юм. Энэхүү цугларалтын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол Их Эзэнийг дахин ирэхэд хүлээн авах чадвартай, бэлэн, зохистой хүмүүс буюу энэ унасан ертөнцийг биш Есүс Христийг аль хэдийн сонгосон, Түүний дээд, ариун хуулиудын дагуу амьдрах сонгох эрхдээ баярладаг хүмүүсийг бэлтгэх явдал юм.

Хайрт ах эгч нар аа, би та нарыг ийм зөв шударга хүмүүс болохыг уриалж байна. Гэрээнүүдээ бусад бүх амлалтаас дээгүүр эрхэмлэн, хүндэтгэ. Амьдралдаа Бурханыг ялуулснаар та нар илүү их амар амгалан, өөртөө итгэх итгэл, баяр баясгалан, тийм ээ, амралтыг олно хэмээн би амлаж байна.

Өөрт байгаа төлөөлөгчийн ариун хүчээр би энэ ертөнцийг ялахын төлөө хийж буй та бүхний эрэл хайгуулыг адисалж байна. Би та нарыг Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлж, Түүний хүчийг хэрхэн ашиглах талаар илүү сайн сурахаар адисалж байна. Үнэнийг алдсаас ялгах чадвартай байхаар би та нарыг адисалж байна. Би та нарыг дэлхийн зүйлсээс илүү Бурханы зүйлсэд анхаарлаа хандуулахаар адисалж байна. Эргэн тойрныхоо хүмүүсийн хэрэгцээг олж харж, хайртай хүмүүсээ хүчирхэгжүүлэхээр та нарыг адисалж байна. Есүс Христ энэ ертөнцийг ялсан тул та нар ч бас ялж чадна. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.