Ерөнхий чуулган
Гэрчлэлээ тордох ба хуваалцах нь
2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган


13:15

Гэрчлэлээ тордох ба хуваалцах нь

Би та бүхнийг үг, үйлсээрээ гэрчлэлээ хуваалцах боломжийг эрэлхийлээсэй гэж урьж байна.

Оршил

Хүний амьдралыг тодорхойлох мөч олонтоо мөн санаандгүй тохиодог. Энэ мөч таныг залуу байхад ч тохионо. Ахлах сургуулийн сурагч Кэвин сурагчдын удирдагчдын арга хэмжээнд оролцохоор өөр муж руу аялсан тухай өөрийнх нь ярьснаар хуваалцъя.

“Миний ээлж болоход албаны төрхтэй бүртгэлийн ажилтан нэрийг минь асуув. Тэр эмэгтэй нэрсийн жагсаалт руу хараад, ‘Тэгэхээр Ютагаас ирсэн нь та юм биз дээ’ гэхэд нь би

‘Ганцхан би л байгаа юм уу?’ гэж асуув.

Тэр ‘Тийм ээ, ганцхан та байна’ гэж хэлээд, надад ‘Юта’ гэсэн бичгийн доор миний нэрийг бичсэн нэрийн тэмдэг өглөө. Нэрийн тэмдгээ зүүхэд, надад таних тэмдэгтэй болчихсон мэт санагдсан.

Би зочид буудлын лифтэнд минийх шиг нэрийн тэмдэгтэй ахлах ангийн өөр таван сурагчтай хамт чихэлдэн оров. ‘Хүүе, чи Ютагаас ирсэн юм байна. Мормон уу?’ гэж нэг сурагч нь асуув.

Улс орны өнцөг булан бүрээс ирсэн эдгээр удирдагч сурагчтай хамт байх боломжгүй юм шиг надад санагдаж билээ. ‘Тийм ээ’ гээд би дурамжхан толгой дохив.

‘Тэнгэр элчүүдийг харсан гэж хэлсэн Иосеф Смитэд та нар итгэдэг. Чи үүнд жинхэнээсээ итгэдэггүй биз дээ?’ гэхэд нь,

би юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Лифтэнд байсан бүх сурагч над руу цоо ширтэж байв. Би ирээд удаагүй байсан болохоор бүгдээрээ л намайг бусдаас өөр гэж боджээ. Би өөрийгөө өмөөрмөөр санагдаж, ‘Иосеф Смит бол Бурханы бошиглогч байсан гэдгийг би мэднэ’ гэж хэлэв.

‘Би яагаад ингээд хэлчихдэг билээ?’ гэж би гайхлаа. Би өөрийгөө ингэж хариулах зоригтой гэдгээ мэддэггүй байв. Гэхдээ хэлсэн үг минь үнэн гэдгийг мэдэрсэн.

“‘Би та нарыг ердөө л нэг шашны мухар сүсэгтнүүд гэж сонссон юм байна’ гэж тэр хэлэв.

Тэр үед лифтний хаалга нээгдэж, нэг л эвгүй нам гүм болов. Биднийг цүнх чемоданаа гаргаж байхад тэр хүү коридороор инээсээр яваад өглөө.

Тэгтэл миний ард ‘Хүүе, мормончууд Библийн өөр нэг хувилбартай биш үү?’ гэж асуух сонсогдов.

Өө, яана аа, дахиад биш шүү гээд, эргээд хартал надтай хамт лифтэнд байсан Кристофэр гэдэг сурагч ард минь зогсож байлаа.

‘Мормоны Ном гэдэг юм’ гэж би ярианы сэдвийг өөрчлөхийг хүсэн хэлээд, цүнхнүүдээ авч, коридороор алхаж эхлэв.

‘Тэр чинь Иосеф Смитийн орчуулсан ном уу?’ гэж тэр асуув.

‘Тийм ээ, мөн’ гэж би хариулаад, ичгэвтэр байдлаас зугтан цааш алхлаа.

‘Аан, би тэр номыг яаж авах вэ?’ гэхэд нь,

семинарт суралцаж байсан нэг судар маань санаанд орж ирэв. ‘Би Есүс Христийн сайн мэдээнээс ичихгүй.’1 Энэ үг санаанд минь орж ирэнгүүт би өөрийнхөө ичсэн байдлаас болж улам их ичив.

Долоо хоногийн үлдсэн өдрүүдэд нь тэр судар толгойд минь бодогдсоор л байлаа. Сүмийн талаар асуусан олон асуултад би чадахынхаа хэрээр хариулж, олон ч найз нөхөдтэй болов.

Би шашнаараа бахархдаг гэдгээ мэдсэн.

Би Кристофэрт Мормоны Ном өгсөн. Тэр номлогчдыг гэртээ урьсан гэдгээ хожим нь захидалдаа бичсэн байв.

Гэрчлэлээ хуваалцахдаа ичих хэрэггүй гэдгийг би ойлгосон.”2

Кэвиний гэрчлэлээ хуваалцсан зоригоос би урам авч байна. Өдөр болгон дэлхий даяарх Сүмийн итгэлтэй гишүүд ийм зориг гаргадаг. Би та нартайгаа бодлоо хуваалцахын зэрэгцээ миний асуух дараах дөрвөн асуултын талаар тунгаан бодоорой гэж урьж байна.

  1. Гэрчлэл гэж юу байдгийг би ойлгож мэддэг үү?

  2. Гэрчлэлээ хэрхэн хуваалцахыг би мэддэг үү?

  3. Гэрчлэлээ хуваалцахад минь ямар саад байна вэ?

  4. Би хэрхэн гэрчлэлээ хадгалах вэ?

Гэрчлэл гэж юу байдгийг би ойлгож мэддэг үү?

Таны гэрчлэл бол ихэнхдээ гүн гүнзгий сүнслэг мэдрэмжтэй хамт ирдэг хамгийн үнэ цэн бүхий өмч юм. Ийм мэдрэмж чимээ аниргүй байдаг бөгөөд “намуун зөөлөн дуу хоолой” гэж нэрийддэг.3 Энэ бол Ариун Сүнсний нөлөөгөөр дамжуулан сүнслэг гэрч болгон өгөгддөг үнэний итгэл буюу мэдлэг юм. Энэ гэрчийг олж авах нь таны юу хэлэх, хэрхэн үйлдэхийг өөрчлөх болно. Ариун Сүнсээр батлагдсан таны гэрчлэлийн үндсэн бүрэлдэхүүнд дараах гэрчлэлүүд багтана. Үүнд:

  • Бурхан бол таны Тэнгэрлэг Эцэг. Та Түүний хүүхэд. Тэр танд хайртай.

  • Есүс Христ амьд. Тэр бол амьд Бурханы цор ганц Хүү бөгөөд таны Аврагч, Гэтэлгэгч билээ.

  • Иосеф Смит бол Есүс Христийн Сүмийг сэргээхээр дуудагдсан Бурханы бошиглогч.

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх Бурханы сэргээгдсэн Сүм юм.

  • Өнөө үед Есүс Христийн сэргээгдсэн Сүмийг амьд бошиглогч удирддаг.

Гэрчлэлээ хэрхэн хуваалцахыг би мэддэг үү?

Та бусадтай сүнслэг мэдрэмжээ хуваалцах үедээ гэрчлэлээ хуваалцаж байдаг. Сүмийн гишүүний хувиар танд Сүмийн албан ёсны хурал, албан бус хурал дээр мөн гэр бүлийнхэн, найз нөхөд, бусадтай ганц ганцаараа ярилцах үед гэрчлэлээ хэлэх, хуваалцах боломж гардаг.

Гэрчлэлээ хуваалцах өөр нэг арга зам нь таны зөв шударга зан чанар юм. Есүс Христийн талаарх таны гэрчлэл зөвхөн юу хэлж, ярьдгийг чинь бус, мөн хэн гэдгийг чинь илтгэдэг.

Та дуу хоолойгоороо гэрчлэлээ хуваалцан, үйлсээрээ Есүс Христийг дагах амлалтаа харуулах болгондоо бусдыг “Христэд ир”4 гэж урьж байдаг.

Сүмийн гишүүд бүх цаг мөчид, бүх зүйлд, бүх газарт Бурханы гэрч болон зогсдог.5 Үүнийг цахим ертөнцөд өөрсдийн болон бусдын бүтээсэн урам зориг өгөхүйц контент ашиглан үйлдэх хязгааргүй олон боломж бий. Бид онлайнаар ч бай хайрлаж, хуваалцаж, урихдаа гэрчлэлээ хуваалцаж байдаг. Есүс Христийн сайн мэдээ амьдралд тань хэрхэн нөлөөлдгийг олон нийтийн сүлжээг ашиглан харуулах үед Твиттер дэх жиргээ, мессеж, пост зэрэг нь илүү дээш чиглэсэн, ариун зорилготой болж ирдэг.

Гэрчлэлээ хуваалцахад минь ямар саад байна вэ?

Гэрчлэлээ хуваалцахад гардаг саад бол юу хэлэхээ сайн мэдэхгүй байх явдал байж болно. Эхэн үеийн төлөөлөгч Маттью Каулий 17 настайдаа Шинэ Зеланд руу таван жилийн номлолд гарч байсан туршлагаасаа ийн хуваалцсан байдаг.

“Намайг явах өдөр аавын минь хэлсэн залбирлыг би хэзээ ч мартахгүй. … Би үүнээс илүү гайхамшигтай адислалыг урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй. Түүний галт тэрэгний буудал дээр надад хэлсэн сүүлчийн үгс нь ‘Хүү минь, чи энэ номлолд гарах болно. Чи суралцах болно. Чи номлолоо бэлдэнэ. Заримдаа чи дуудагдсан үедээ гайхамшигтай бэлтгэгдсэн гэж бодох болно, гэвч чамайг босож зогсонгуут оюун чинь юу ч санахгүй’ гэх үгс байсан. Надад ийм үе нэг бус удаа тохиолдсон юм.

Би тэгэхэд нь ‘Юу ч санахгүй үедээ та юу хийдэг вэ?’ гэж асууж билээ.

“‘Босож зогсоод, бүх бодгалийнхаа хүчээр Иосеф Смит бол амьд Бурханы бошиглогч хэмээн гэрчлэх үед оюунд чинь бодол, аманд чинь үг үерлэж… сонсдог бүхний зүрх сэтгэлд хүрэх болно’ гэж аав минь хэлсэн. Тэгээд … номлолдоо ихэнхдээ юу ч санахгүй байсан ч … оюун минь Эзэний цовдлогдсоноос хойших дэлхийн түүхийн хамгийн агуу үйл явдлын тухай гэрчлэх боломжтой байсан юм. Үүнийг туршиж үзээрэй, залуу эрэгтэйчүүд ээ, мөн залуу эмэгтэйчүүд ээ. Хэрэв чамд ямар нэг хэлэх зүйл байхгүй бол Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэдгийг гэрчил. Тэгэхэд Сүмийн бүх түүх оюунд чинь цутган орж ирэх болно.”6

Үүнтэй адил, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Зарим гэрчлэлийг сөхрөн сууж залбирахаас илүүтэй хөл дээрээ босож зогсож хуваалцсанаар илүү сайн олж авдаг”7 гэж хуваалцсан. Сүнс ярьж буй, сонсож буй хоёрт адил байдлаар гэрчилдэг.

Кэвиний түүхэд онцолсон өөр нэг саад бол айдас байсан юм. Паул Тимотод бичсэн захидалдаа

“Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн. …

Тиймээс бидний Эзэний гэрчлэлээс бүү ич”8 хэмээжээ.

Айдсын мэдрэмж Бурханаас ирдэггүй, харин ихэнхдээ дайснаас ирдэг. Кэвинтэй адил итгэлтэй байх нь ийм мэдрэмжээ ялан дийлж, зүрх сэтгэлдээ байгаагаа чөлөөтэй хуваалцах боломжийг өгдөг.

Би гэрчлэлээ хэрхэн хадгалах вэ?

Гэрчлэл бидний дотор анхнаасаа байдаг хэдий ч үүнийг хэвээр байлгаж, илүү сайн хөгжүүлэхийн тулд Алмагийн зааснаар бид гэрчлэлээ илүү анхаарч тордох ёстой гэдэгт би итгэдэг.9 Биднийг ийн үйлдэх үед “энэ нь үндэслэн, мөн ургаж, тэгээд үр жимс авчрах болно.”10 Үүнгүйгээр “энэ нь хатан хувхайрна.”8

Тэргүүн зөвлөлийн эрхэм гишүүн бүр бидэнд гэрчлэлээ хэрхэн хадгалах талаар зөвлөгөө өгсөн.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Бурханы үгэн дээр найрлаж, чин сэтгэлийн залбирлаар мөн Их Эзэний зарлигуудад дуулгавартай байснаар таны гэрчлэл байнга өсөн бэхжих болно”12 хэмээн бидэнд хайраар заасан.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс бидэнд гэрчлэлээ хадгалахын тулд “бид долоо хоног бүр ариун ёслолоос хүртэж (С ба Г 59:9), ‘түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгах’ (С ба Г 20:77) эрхэм нандин амлалтыг хүлээн авахуйц байх хэрэгтэй” гэдгийг сануулсан.13

Түүнчлэн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон саяхан чин сэтгэлээр ийн зөвлөсөн билээ.

“[Гэрчлэлээ] үнэнээр хоолло. …

… Өөрийгөө эртний болон өнөө цагийн бошиглогчдын үгээр тэтгэ. Их Эзэнээс Өөрийг нь хэрхэн илүү сайн сонсохыг зааж өгөхийг гуй. Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд илүү их цаг гарга.

… Гэрчлэлээ эн тэргүүнд тавь.”14

Дүгнэлт

Хайрт ах, эгч нар аа, гэрчлэл гэж юу байдгийг илүү бүрэн ойлгож мөн хуваалцах үедээ та нар үүнийг тэтгэн, гэрчлэлээ хамгийн үнэ цэнтэй өв болгох боломжтой болж, тодорхой бус байдал, айдсын саадыг даван гарах болно.

Бид гэрчлэлээ зоригтой хуваалцаж байсан эрт, эдүгээгийн бошиглогчдын тоо томшгүй олон жишээгээр адислагдсан.

Христийг нас барсны дараа Петр босож зогсоод,

“Та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан, Назарын Есүс Христийн нэрээр, … энэ хүн та нарын өмнө … зогсож байгааг та бүхэн … мэдтүгэй.

… Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдөв”15 хэмээн гэрчилжээ.

Итгэлийн талаар Алмаг номлосны дараа Амюлек “Эдгээр зүйлийн үнэнийг би өөрөө та нарт гэрчлэх болно. Болгоогтун, би та нарт хэлнэ, Христ хүмүүний үрсийн дунд өөрийн хүмүүсийн зөрчлүүдийг өөртөө авахын тулд ирэхийг, мөн тэр дэлхийн нүглийг цагаатгах болно гэдгийг би мэднэ; учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан билээ”16 хэмээн хүчирхэг тунхгаа өргөсөн.

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр амилсан Аврагчийг алдар суут үзэгдэлд үзсэнээ ийн гэрчилжээ.

“Мөн эдүгээ, түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар бидний өгөх, хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!

Учир нь бид түүнийг бүр Бурханы баруун гар талд харсан билээ; түүнчлэн тэрээр Эцэгийн Төрсөн Ганц болой хэмээн гэрчлэх дуу хоолойг бид сонссон билээ.”17

Ах, эгч нар аа, би та бүхнийг үг, үйлсээрээ гэрчлэлээ хуваалцах боломжийг эрэлхийлээсэй гэж урьж байна. Саяхан Өмнөд Америкт, хотын амбан захирагч болон танхимынх нь хэд хэдэн албан тушаалтантай ажлын өрөөнд нь уулзсан нэгэн уулзалтын төгсгөлд надад ийм боломж гарсан юм. Биднийг найрсаг байдлаар уулзалтаа өндөрлөх үед, би гэрчлэлээ хуваалцах хэрэгтэй талаар эргэлзэнгүй бодов. Надад мэдрэгдсэн өдөөлтийн дагуу би Есүс Христ бол амьд Бурханы Хүү бөгөөд дэлхийн Аврагч гэдгийг гэрчилсэн. Тэр мөчид бүх зүйл өөрчлөгдөв. Өрөөнд оршиж байсан сүнсийг үгүйсгэхийн аргагүй байлаа. Хүн бүрийн сэтгэл хөдөлсөн мэт санагдсан шүү. Тайтгаруулагч нь Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилдэг.18 Гэрчлэлээ хуваалцах зоригийг гуйсандаа би маш их талархаж байна.

Иймэрхүү мөч ирэхэд шүүрч аваад, хүлээн зөвшөөр. Хэрэв та ийн үйлдвэл, Тайтгаруулагчийн дулаан дотно мэдрэмжийг мэдрэх болно.

Би өөрийн гэрч мөн гэрчлэлийг та бүхэнтэй хуваалцъя. Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ амьд, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх Бурханы Сүм мөн өнөөдөр бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон удирддаг. Есүс Христийн нэрээр, амен.