Ерөнхий чуулган
Аврагчид ойртох нь
2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган


15:4

Аврагчид ойртох нь

Бид Аврагчийг таньж мэдэж, хайрлахыг эрэлхийлснээр Бурхантай байгуулсан гэрээгээрээ дамжуулан өвөрмөц, ер бусын, онцгой байж, өөрсдийгөө өөр итгэл үнэмшилтэй хүмүүсээс тусгаарлалгүйгээр дэлхийгээс ангид байлгадаг.

Хүндэт ах, эгч нар аа, өнөө орой би Есүс Христийн даруухан, үнэнч шавь нарт хандан үг хэлмээр байна. Та нарын энэ улсад болон дэлхийн бусад оронд сайн сайхан амьдарч, Аврагчид итгэлтэй байгааг харахад надад улам их хайрлах сэтгэл төрдөг.

Есүсийн тохинуулал дуусахын алдад шавь нар нь Түүнээс “[Өөрийнхөө Хоёр дахь ирэлтийн] болон дэлхийн төгсгөлийн тэмдгийн”1 тухай хэлж өгөөч гэв.

Есүс Өөрийг нь эргэн ирэхийн өмнөх нөхцөл байдлыг дурдаад, төгсгөлд нь “Та нар энэ бүхнийг хараад, үүдэн дээр чинь [цаг] ойрхон байгааг бас мэдэгтүн”2 хэмээн тунхаглав.

Өнгөрсөн Ерөнхий чуулган дээр би ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн үгийг чих тавин сонссон юм. Тэр “Бид бүгдээрээ хаана ч байсан бай, улам хэцүү болж буй цаг үед амьдарч байгаагаа мэднэ. … Цаг үеийн шинжийг харах нүдтэй, бошиглогчдын үгсийг сонсох чихтэй хэн боловч үүнийг үнэн гэдгийг мэднэ”3 гэж хэлсэн.

Аврагч эрэлхэг шавь нараа “Та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ” хэмээн магтжээ.4 Их Эзэний бошиглогчид, ерөнхий эрх мэдэлтнүүдээрээ дамжуулан хэлсэн үгсийг энэ Ерөнхий чуулган дээр чих тавин сонссоноор энэхүү адислал биднийх болох болтугай.

Буудай болон зэрлэг өвс

Их Эзэн Өөрийнх нь ирэх хугацаа дөхсөн энэ үед Түүний “хаанчлалын хөвгүүд”5 гэж тодотгосон “сайн үр” нь Бурханыг хайрлаж, Түүний зарлигуудыг дагадаггүй тэдэнтэй буюу “үрийн сүүлтэй” хамт ургана гэв. Тэд “хамтдаа зэрэгцэн ургах болно.”6

Энэ бол Аврагчийг эргэн ирэх хүртэлх бүх талаараа сайн нь ч муу нь ч их байх бидний дэлхий юм.7

Танд заримдаа саглайж, гүйцэд нахиалаагүй буудай мэт санагдаж магадгүй. Өөртөө тэвчээртэй ханд! Их Эзэн зарим нахиаг соёолж, нялхаараа байна хэмээсэн.8 Гэвч бид бүгдээрээ Түүний хожмын үеийн гэгээнтнүүд бөгөөд хэдийгээр санасан хэмжээндээ байж чадахгүй байгаа ч жинхэнэ шавь нь байх чин хүсэлтэй.

Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүл

Дэлхийн ёс бус байдал өсөн нэмэгдэхийн хэрээр бид өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ сүнслэг байдлыг хадгалж үлдэхийн тулд Есүс Христэд итгэх итгэлийнхээ үндсийг улам ихээр бордож, тордож, хүчирхэгжүүлэх шаардлагатай болж байна. Төлөөлөгч Паул биднийг Аврагчийг гэх хайр, Түүнийг дагах шийдвэр төгс байдалдаа нутаглаж,9 үндэслэгдэн суурилагд10 хэмээн зөвлөсөн. Өнөө үед мөн ирээдүйд ч тэрслүү үзэл, хайнга байдлын эсрэг анхаарлаа илүү их төвлөрүүлэн ажиллах хэрэгтэй.11

Эргэн тойронд дэлхийн нөлөө нэмэгдэж байгаа ч бид айх хэрэггүй. Их Эзэн Өөрийн гэрээт хүмүүсийг хэзээ ч орхихгүй. Зөв шударга хүмүүст зориулсан сүнслэг бэлэг, тэнгэрлэг удирдамжийг нөхөн сэлбэдэг хүч гэж бий.12 Энэ сүнслэг хүч бүхий нэмэлт адислал нь зөвхөн энэ цаг үед амьдарч байгаа учраас бус, харин Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэн, Түүний зарлигуудыг сахиж, Түүнийг танин мэдэж, хайрладаг болсон тул бидэнд өгөгддөг. “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн”13 хэмээн Есүс залбирсан.

Бидний сайн мэдэж байгаагаар, Есүс Христэд итгэж, Түүний жинхэнэ шавь болно гэдэг нь нэг удаагийн шийдвэр, нэг удаагийн үйл явдлаас хамаагүй өргөн хүрээтэй ойлголт юм. Энэ ариун нандин, тасралтгүй явагддаг үйл явц амьдралын маань өөр өөр үе шатанд өсөж, тэлсээр Түүний хөлд сөгдөх хүртэл үргэлжилдэг.

Дэлхийн үрийн сүүлэн дунд буудай ургаж буй энэ үед бид хэрхэн ирэх өдрүүдэд Аврагчид өгсөн амлалтаа гүнзгийрүүлэн бэхжүүлж чадах вэ?

Би энд гурван санаа хуваалцмаар байна.

Есүсийн амьдралд өөрсдийгөө оруул

Нэгдүгээрт, бид Есүсийн амьдрал, сургаал, сүр жавхлан, хүч чадал болон цагаатгагч золиосыг илүү бүрэн дүүрэн судалж чадна. Аврагч “Санаа бодол болгондоо над уруу харагтун”14 хэмээн хэлсэн. Төлөөлөгч Иохан бидэнд “Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг”15 гэж сануулсан. Түүний хайрыг илүү сайн мэдэрснээр бид Түүнийг улам их хайрладаг бөгөөд тусламж хэрэгтэй хүмүүсийг хайрлаж, халамжилдаг байсан Христийн үлгэр жишээг өөрийн эрхгүй илүү сайн дагадаг. Түүн рүү зөв шударгаар дөхөх тусам Түүнийг илүү тод томруун хардаг.16 Бид Түүнийг биширч, бага гэлтгүй үлгэрлэн дуурайхыг хичээдэг.17

Их Эзэнтэй гэрээнүүд байгуул

Хоёрдугаарт, бид Аврагчийг улам сайн таньж мэдэн, хайрладаг болсноор Түүнд илүү үнэнч, итгэлтэй байх амлалт өгөх хүсэлтэй болдог. Бид Түүнтэй гэрээ байгуулдаг. Бид эхлээд баптисмаар амлалт өгдөг бөгөөд өдөр бүр наманчилж, өршөөл гуйж, долоо хоног бүр ариун ёслолоос хүртэхийг тэсэн ядан хүлээснээр эдгээр болон бусад амлалтаа батлан харуулдаг. Бид “үргэлж түүнийг санаж, түүний зарлигуудыг дагана”18 гэж амладаг.

Бид бэлэн болсноор ариун сүмийн ёслол, гэрээнүүдийг хүлээн авдаг. Их Эзэний өргөөний ариун нандин, нам гүм орчинд мөнх амьдралын нөлөөг мэдэрснээр бид Бурхантай гэрээнүүдийг баяртайяа байгуулж, тэдгээрийг сахих шийдвэр төгс байдлаа улам хүчирхэгжүүлдэг.

Гэрээнүүд байгуулж, сахих нь Аврагчийг гэх хайрыг зүрх сэтгэлдээ илүү гүн гүнзгий мэдрэх боломжийг олгодог. Энэ сарын Лиахона сэтгүүл дээр, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “[Бидний] гэрээ биднийг Түүнд улам ойртуулна. … Бурхан Өөртэй нь ийм холбоо тогтоосон хүмүүстэй харилцаагаа хэзээ ч тасалдаггүй19 хэмээн хэлсэн. Мөн тэрээр өнөө өглөө “Ариун сүмийг онцгойлон адислах болгонд биднийг хүчирхэгжүүлэх мөн дайсны улам ширүүсэж буй хүчин чармайлтыг сөрөн зогсох бурханлаг хүч дэлхий рүү ирдэг”20 гэж маш гайхалтай хэлсэн.

Их Эзэн яагаад ариун сүмүүдийг бидэнд улам ойртуулж, улам их орох боломж олгохыг Өөрийн бошиглогчдод зааварласныг бид ойлгож байна уу?

Бид ариун сүмд орсноор амьдралын зорилгоо мөн бидний Аврагч, Есүс Христээр дамжуулан бидэнд өгсөн мөнхийн бэлгүүдийн талаар сурч мэдэн, дэлхийн нөлөөллөөс үүдэлтэй санаа зовоосон асуудал, зовнилоос хэсэг зуур чөлөөлөгддөг.

Ариун Сүнсний бэлгийг хамгаал

Эцэст нь миний хуваалцах гурав дахь зүйл бол энэхүү ариун нандин эрэл хайгуулд бид Ариун Сүнсний бэлгийг эрхэмлэн дээдэлж, хамгаалж, өмгөөлж, аюулаас сэргийлдэг явдал юм. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард, ахлагч Кэвин В.Пийрсон хоёр хэдхэн хормын өмнө ерөнхийлөгч Нэлсоны “Гэвч ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно”21 хэмээх бошиглолын сэрэмжлүүлгийн талаар ярьсныг би ч гэсэн давтан хэлж байна. Энэ бол үнэлэхийн аргагүй бэлэг билээ. Бид Ариун Сүнсний нөлөөг авч үлдэхийн тулд амьдралынхаа өдөр бүрийг хамгаалахыг чадах чинээгээрээ хичээдэг. Бид дэлхийн гэрэл бөгөөд шаардлагатай үед бусдаас өөр байхыг сонгоход бэлэн байдаг. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс саяхан залуучуудаас “Та [нарт] өөр байх зориг байна уу? … [Ялангуяа] та нарын хувийн амьдралдаа хийх сонголтууд нэн чухал. … Та нар дэлхийн эсэргүүцэлтэй нүүр тулахад бэлэн байна уу?”22 хэмээн асуусан билээ.

Дэлхийнхнээс өөр байхыг сонго

Би саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр тавьсан постоороо дэлхийгээс өөр байхыг шаарддаг сонголтуудаа хуваалцахыг бусад шавиасаа хүссэн юм. Олон зуун хариулт ирсэн ч23 хэдхэнийг нь энд хуваалцъя.

Аманда: Би орон нутгийн шоронд сувилагчаар ажилладаг. Би хоригдлуудад Христтэй адилаар санаа тавихыг хичээдэг.

Рэйчл: Би дуурийн дуучин. Заримдаа өгсөн хувцас нь зохисгүй байсан ч өмсөх шаардлага тавьдаг. [Хишиг хүртсэн болохоор] хувцас маань [даруухан] байвал сайн байна гэж [продюсертоо] хэлэхэд, тэд таатай хүлээн аваагүй ч өөрчилж өгсөн. Бүхий л цаг үед Христийн гэрчээр зогссоноор ирдэг амар амгаланг би юугаар ч солихгүй.

Крисс: Би архины хамааралтай (эрүүлжиж байгаа), ариун сүмд орох зохистой, Сүмийн гишүүн. Би донтолтынхоо тухай, бас [Есүс Христийн] Цагаатгалын талаар гэрчлэлтэй болох тухай ил тод ярьдаг.

Лоорэн: Би ахлах ангид байхдаа ангийнхантайгаа хошин шогийн үзүүлбэр зохион бичиж байсан. Тэд миний дуугүй, томоотой дүр дээр гэнэт хараал урсга гэж шаардсан. Тэд намайг дарамталсан ч би үгэнд нь оролгүй, дүрдээ үнэнч хэвээр үлдсэн.

Адам: Намайг ариун явдлын хуулийг дагадаг, порнографаас хол байдаг гэхэд ихэнх нь итгэдэггүй. Энэ нь ямар их давуу талтай, баяр баясгалан, сэтгэлийн амар амгаланг өгдгийг тэд ойлгодоггүй.

Элла: Аав маань ЛГБТИ нийгэмлэгт харьяалагддаг. Би Христийн гэрчээр зогсож, итгэл үнэмшилдээ үнэнч байдаг ч бусад хүний сэтгэл санааг ойлгохыг үргэлж хичээдэг.

Андрэйд: Гэрийнхэн маань Сүмд явахаа болих үед би үргэлжлүүлэн явахаар шийдсэн.

Сүүлд нь Шэрри: Бид хотын даргын ордонд болсон арга хэмжээнд оролцож байсан. Хүмүүс “хундаганы ерөөл өргөхөөр” оргилуун дарс тарааж эхлэв. Намайг ус авахад нэг албан хаагч доромжилж байгаатай адил гэсэн. Хотын даргад хундаганы ерөөл өргөхөд би устай хундагаа дээш өргөсөн. Хотын дарга гомдоогүй.

Ерөнхийлөгч Нэлсон “Тийм ээ, та нар энэ дэлхийд амьдарч байгаа ч дэлхийн толбоноос зайлсхийхэд туслах дэлхийнхнээс өөр жишгүүд та нарт бий”24 хэмээн хэлсэн билээ.

Анастасиа гэх залуухан украйн ээж өнгөрсөн хоёрдугаар сард Киевт эхэлсэн бөмбөгдөлтийн үеэр бяцхан хүүгээ эмнэлэгт дөнгөж төрүүлээд байсан аж. Сувилагч эмнэлгийн өрөөний үүдийг нээгээд, “Хүүхдээ ав, хөнжилд ороогоод, яг одоо коридорт гар” гэж сандарсан дуугаар хэлжээ.

Дараа нь Анастасиа ингэж ярьсан байна.

“Дөнгөж эх болоод ийм хүндрэлтэй тулгарна гэж бодож байгаагүй ч би амьдралд тохиолдсон адислалууд болон гайхамшгууд дээрээ төвлөрч байна.

Яг одоо ийм хэмжээний гарз хохирол, сүйрэлд хүргэсэн хүмүүсийг уучлах боломжгүй мэт санагдаж байгаа ч Христийн шавийн хувьд [уучилж] чадна гэдэгтээ би итгэж байна.

Ирээдүйд юу болохыг би мэдэхгүй ч гэрээнүүдээ сахих нь үргэлж Сүнстэй хамт байж, … хүнд хэцүү үед ч баяр баясгалан, итгэл найдварыг мэдрэх боломж олгодгийг би мэднэ.”25

Мөнх амьдрал, селестиел сүр жавхлангийн амлалт

Ах, эгч нар минь ээ, би хайрт Аврагч Есүс Христийн хайрыг элбэг дэлбэг хүртэж, адислагдсаар ирсэн. Тэрбээр амьд бөгөөд Өөрийн ариун ажлыг удирддаг. Түүнийг гэх хайраа илэрхийлэх үг хэллэг надад олддоггүй.

Бид бүгдээрээ тив тивийн олон улс орон, соёлоос бүрдсэн сая саяар тоологдох “гэрээний хүүхдүүд” бөгөөд өөрсдийн Их Эзэн, Аврагчийг сүр жавхлантай эргэн ирэхийг нь хүлээж байна. Эргэн тойрныхондоо гэрэл гэгээ болсноор бид өөрсдийн хүсэл эрмэлзэл, бодол санаа, сонголт, үйлдлийг ухамсартайгаар төлөвшүүлж байдаг. Бид бүх зүрх сэтгэлээрээ Аврагчийг таньж мэдэж, хайрлахыг эрэлхийлснээр Бурхантай байгуулсан гэрээгээрээ дамжуулан мөн Түүнийг болон Түүний сургаалыг хүндлэн дээдлэхдээ өвөрмөц, ер бусын, онцгой байж, өөрсдийгөө өөр итгэл үнэмшилтэй хүмүүсээс тусгаарлалгүйгээр дэлхийгээс ангид байлгадаг.

Үрийн сүүлэн дунд буудай байх нь гайхалтай аялал бөгөөд заримдаа сэтгэлийн шаналал авчирдаг ч гэсэн үргэлж итгэлийг маань төлөвшүүлж, бататгаж байдаг. Та Аврагчийг гэсэн өөрийн хайрыг мөн Түүний таныг гэсэн хайрыг зүрх сэтгэлдээ илүү гүн гүнзгий мэдэрснээр амьдралын сорилт бэрхшээлийг улам их итгэлтэй, амар амгалан, баяр баясгалантайгаар даван туулах болно гэдгийг би амлаж байна. “Улаан буудай нь саравчнуудад аюулгүйгээр нөөцлөгдөж, мөнх амьдралыг эзэмшихийн тулд, мөн селестиел алдар суугаар титэмлэгдэхийн тулд улаан буудай болон зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийн дагуу би өөрийн хүмүүсийг хамтад нь цуглуулах [болно]”26 хэмээн Аврагч амладаг. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Maтай 24:3

  2. Матай 24:33

  3. Хэнри Б.Айринг, “Шуурганаар ч ажрахгүй,” Лиахона, 2022 оны 5-р сар, 27.

  4. Maтай 13:16, тодотгол нэмэгдсэн.

  5. Матай 13:38

  6. Матай 13:30

  7. Ахлагч Нийл А.Максвэлл “Сүмийн гишүүд Мянган жил хүртэл буудай, зэрлэг холилдсон нөхцөлд амьдарна. Зарим үрийн сүүл өөрсдийгөө буудай мэт далдалсан байна” хэмээн хэлжээ (“Becometh as a Child,” Ensign, May 1996, 68).

  8. Сургаал ба Гэрээ 86:4, 6

  9. Колоссай 2:7-г үзнэ үү.

  10. Колоссай 1:23-ыг; мөн Ефес 3:17-г үзнэ үү. See also Neal A. Maxwell, “Grounded, Rooted, Established, and Settled” (Brigham Young University devotional, Sept. 15, 1981), speeches.byu.edu.

  11. Матай 13:22-т Есүс шавь нартаа дэлхийн зүйлд анхаарал хандуулж, эд баялагт хууртсанаар “үгийг боомилох” боломж олгож, сүнслэг өсөлтөө зогсоохгүй байхыг сэрэмжлүүлсэн. “Үгийг боомилох” гэсэн энэ хэлц үгийг би үг бол Есүс юм хэмээн Иоханы тунхагласан Иоханы 1-р бүлэгтэй харьцуулах дуртай. “Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан… Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй” (Иохан 1:1, 3). Бидний Есүс Христэд итгэх итгэл, Түүнийг дагах шийдвэр төгс байдал, Аврагчийг гэх хайр нь сүнслэг гэрэл болон тэжээлээс салснаар боомилогдож, өсөлтгүй болдог (Алма 32:37–41-ийг үзнэ үү).

  12. See Neil L. Andersen, “A Compensatory Spiritual Power for the Righteous” (Brigham Young University devotional, Aug. 18, 2015), speeches.byu.edu.

  13. Иохан 17:3

  14. Сургаал ба Гэрээ 6:36

  15. 1 Иохан 4:19

  16. Ахлагч Дэвид Б.Хэйт

    “Зарим нэг нь Аврагчийг харсан гэдэг нь үнэн ч гэсэн толь бичгээс үзэх/харах гэдэг үгийг харахад, Түүнийг мэдэх, бусдаас ялган таних, Түүнийг болон Түүний ажлыг мэдэж авах, чухал гэдгийг нь ойлгох, Түүнийг ойлгож авах зэрэг өөр олон утга байдгийг мэддэг.

    Ийм тэнгэрлэг сэнхрүүлэл болон адислалуудыг бид бүгдээрээ авах боломжтой” хэмээн хэлжээ (“Temples and Work Therein,” Ensign, Nov. 1990, 61).

  17. Мозая 5:13-ыг үзнэ үү

  18. Сургаал ба Гэрээ 20:77

  19. Рассэлл М.Нэлсон, “Үүрдийн гэрээ,” 2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

  20. Рассэлл М.Нэлсон, “Үнэн гэж юу вэ?Лиахона, 2022 оны 11-р сар, 29.

  21. Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115.

  22. Dallin H. Oaks, “Going Forward in the Second Century” (Brigham Young University devotional, Sept. 13, 2022), speeches.byu.edu. Ерөнхийлөгч Өүкс “өөр байх зориг” гэх хэллэгийг Сүмийн боловсролын системийн төлөөлөгч ахлагч Кларк Г.Гилбэртийн дээд боловсролд шашны ангиудыг хэвээр авч үлдэх талаар өгүүлсэн Deseret Magazine дээрх нийтлэлд авснаар дурдсан болно (“Dare to Be Different,” Deseret Magazine, Sept. 2022, deseret.com-ийг үзнэ үү).

  23. Хэрэв та дэлхийгээс хэрхэн өөр байсан талаар сэтгэгдлээ бичсэн хүмүүсээс суралцахыг хүсвэл тэдний Facebook (Neil L. Andersen, Facebook, Aug. 18, 2022, facebook.com/neill.andersen) эсвэл Instagram (see Neil L. Andersen, Instagram, Aug. 18, 2022, instagram.com/neillandersen) дээр үлдээсэн сэтгэгдлийг унших боломжтой.

  24. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Израилын итгэл найдвар” (Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3).

  25. Anastasia Kocheva, “Facing the Conflict in Ukraine, Healing the Conflict in My Heart,” YA Weekly, May 2022.

  26. Сургаал ба Гэрээ 101:65