Есүс Христ бол өсвөр үеийнхнийг бат бөх байлгах хүч мөн
Итгэл найдвараа Есүс Христэд тавь. Тэрээр таныг зөв зам руу хөтлөх болно. Тэр бол таны хүч чадал.
Өнөөдрийн захиасыг бэлдэж байхдаа би залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүдэд хандан үг хэлэх сүнслэг өдөөлтийг хүчтэй мэдэрсэн юм.
Мөн би залуу насыг туулаад гарсан, тэр ч бүү хэл залуу байсан эсэхээ ч санахгүй байгаа хүмүүст хандан ярих болно.
Мөн би залуу хүмүүсийг хайрладаг, тэднийг амжилттай амьдраасай гэж хүсдэг хэн бүхэнд хандан ярьж байна.
Өсөж буй үеийнхэнд хандан хэлэхэд, Аврагч Есүс Христийн та нарт зориулсан онцгой захиас надад байна.
Та нарт өгч буй Аврагчийн захиас
Хайрт залуу найзууд минь, Аврагч яг одоо энд байсан бол та нарт юу гэж хэлэх байсан бэ?
Эхлээд Тэрээр та нарыг хайрлах гүн гүнзгий хайраа илэрхийлэх байсан гэдэгт би итгэлтэй байна. Тэр үүнийгээ үгээр илэрхийлж болох ч энэхүү хайр нь Түүний оршихуйгаас асар хүчтэй ундран гарч, та нарын зүрхний угт хүрч, бодгалийг тань бүхэлд нь дүүргэх байсан нь гарцаагүй.
Гэвч бид бүгд сул дорой, төгс бус учраас та нарын оюун бодолд зарим нэг зовнил төрж магадгүй юм. Та гаргасан алдаануудаа төдийгүй уруу таталтад орж байснаа, хийдэггүй байж эсвэл илүү сайн хийдэг байж гэж харамссан зүйлсээ санаж болно.
Аврагч зовниж буйг тань мэдрээд, сударт өгүүлсэн дараах үгсээрээ та нарыг тайвшруулна гэдэгт би итгэлтэй байна.
“Бүү ай.”1
“Бүү эргэлз.”2
“Зоригтой бай.”3
“Зүрхээ бүү шаналга.”4
Тэр та нарын алдаа дутагдлыг хаацайлахгүй байх. Алдаа дутагдлыг чинь булзааруулах ч үгүй байх. Харин Тэр та нарыг өршөөхийн тулд та нарыг наманчилж, нүглүүдээ орхин, өөрчлөгдөөсэй гэж хүсэх байсан. Та нарыг наманчлуулахын тулд Тэрээр 2000 жилийн өмнө гэм нүглүүдийг чинь Өөртөө авсан гэдгээ та нарт сануулах байсан байх. Энэ нь хайрт Тэнгэрлэг Эцэгийн маань бидэнд бэлэглэсэн аз жаргалын төлөвлөгөөний нэгээхэн хэсэг билээ.
Та нарын баптисм хүртэхдээ Есүстэй байгуулсан, ариун ёслолоос хүртэх бүрдээ шинэчилдэг гэрээнүүд нь та нарыг Түүнтэй онцгой байдлаар холбож өгснийг Тэрээр дурдах байсан. Буулгад хамт орсноор Түүний тусламжтайгаар та нар ямар ч ачааг үүрч чадна хэмээн энэхүү холбоог сударт дүрсэлдэг.5
Аврагч Есүс Христ Өөрийг нь та нарын хүч чадал гэдгийг ойлгож, мэдэрч, мэдээсэй хэмээн та нараас хүсдэг гэж би боддог. Түүний тусламжтайгаар та нарын гүйцэлдүүлж болох зүйлсэд хязгаар гэж үгүй. Та нарын чадавх хэмжээлшгүй. Тэрээр та нараас өөрсдийгөө Түүний мэлмийгээр харахыг хүсдэг. Энэ нь дэлхий та нарыг хардгаас тэс өөр юм.
Аврагч та нарыг Бүхнийг чадагч Бурханы охид, хөвгүүд гэдгийг тодорхой гэгч нь тунхаглах байсан. Та нарын Тэнгэрлэг Эцэг бол энэ ертөнцийн хамгийн алдар суут, хайр, баяр баясгалан, цэвэр ариун байдал, ариун чанар, гэрэл, ач ивээл, үнэнээр дүүрэн Нэгэн юм. Тэрээр та нарыг Өөрт нь байгаа бүхнийг нэгэн өдөр өвлөн аваасай хэмээн хүсдэг.6
Сурч, өсөж, хөгжин, Тэнгэр дэх Эцэгийн хүссэнтэй адил хүн болох нь та нарын энэ дэлхий дээр ирсэн учир шалтгаан юм.
Үүнийг боломжтой болгохын тулд Тэрээр Есүс Христийг та нарын Аврагч байхаар илгээсэн. Энэ нь Түүний аз жаргалын агуу төлөвлөгөө, Сүм, санваар, судар гээд бүхий л зүйлийн цаад зорилго билээ.
Түүний хүсдэгтэй адилхан хүн болох нь та нарын хувь тавилан. Түүний хүсдэгтэй адилхан хүн болох нь та нарын ирээдүй. Энэ бол та нарын сонголт!
Үнэн ба сонголтууд
Та нарын аз жаргалын төлөөх Бурханы төлөвлөгөөний чухал хэсэг бол та нарын сонгох хүч юм.7 Мэдээж Тэнгэрлэг Эцэг та нарыг Өөртэй нь хамт мөнхөд баяр хөөртэй байхыг сонгоосой гэж хүсэж, ийн сонгоход тань туслах боловч хэзээ ч хүчлэхгүй.
Иймд Тэрээр та нарт: Гэрлийг эсвэл харанхуйг, сайныг эсвэл хилэнцийг, баяр хөөрийг эсвэл зовлонг, мөнхийн амийг эсвэл сүнслэг үхлийг сонгохыг зөвшөөрдөг.8
Энэ нь амархан сонголт юм шиг сонсогдож байгаа биз? Гэвч яагаад ч юм, энэ дэлхий дээр энэ нь байх ёстойгоосоо илүү төвөгтэй байдаг.
Бид ихэнхдээ аливаа зүйлийг хүссэнээрээ тодорхой хардаггүйд асуудал байгаа юм. Төлөөлөгч Паул үүнийг “толинд бүдэг бадаг хардагтай” зүйрлэсэн.9 Юу зөв, харин юу буруу болох талаар асар их төөрөгдөл энэ дэлхийд байдаг. Мууг сайн, сайныг муу мэт болгохын тулд үнэнийг мушгин гуйвуулж байна.10
Гэвч та нарыг мөнхийн, өөрчлөгдөшгүй үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлэхэд сонголтууд тань улам тодорхой болно. Та нарт уруу таталт, сорилтууд байсаар байх болно. Муу зүйлс тохиолдсоор байх болно. Учир битүүлэг, эмгэнэлтэй зүйлс ч гэсэн. Гэхдээ та нар өөрсдийнхөө хэн болох, яагаад энд байгаагаа мэдэж авч, Бурханд найддаг болох үедээ эдгээрийг даван туулж чадна.
Тэгэхээр та нар үнэнийг хаанаас олох вэ?
Энэ нь Есүс Христийн сайн мэдээнд агуулагддаг. Тэрхүү сайн мэдээний бүрэн байдлыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд заадаг.
Есүс Христ “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй”11 хэмээн хэлсэн.
Танд чухал сонголтуудыг хийх шаардлага гарвал Есүс Христийг болон Түүний сэргээгдсэн сайн мэдээг дагах нь хамгийн сайн сонголт юм. Танд асуулт байвал Есүс Христ мөн Түүний сэргээгдсэн сайн мэдээ хамгийн сайн хариулт юм. Та сул доройг мэдэрвэл Есүс Христ таны хүч байх болно.
Тэрээр ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд хүч нэмдэг.
Их Эзэнд найдагчид хүчээ сэлбэх болно.12
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Танд Замыг олж, Христийн сургаалыг амьдралынхаа удирдан чиглүүлэх нөлөө болгоход туслахын тулд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм шинэ эх сурвалж буюу Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын хянан засварласан шинэ хувилбарыг бэлтгэн гаргаж байна.
50 гаруй жилийн туршид Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол нь үе үеийн хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхний удирдамж байсаар ирсэн. Би үүний нэг хувийг байнга авч явж, бидний жишгүүдийг сонирхсон хүмүүстэй хуваалцдаг. Энэ товхимлыг өнөө үеийн сорилт, уруу таталтуудыг даван туулахтай нийцүүлэн, шинэчлэн сайжрууллаа. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө шинэ товхимол онлайнаар 50 хэл дээр гарсан бөгөөд хэвлэмэл хувилбарыг мөн гаргах болно. Энэ нь амьдралдаа сонголтуудыг хийхэд тань чухал тусламж үзүүлэх болно. Үүнийг нандигнан хүлээн авч, найзуудтайгаа хуваалцаарай.
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын шинэ хувилбар нь Сонголт хийхэд туслах хөтөч гэсэн дэд гарчигтай.
Үнэндээ сонголт хийхдээ авч болох хамгийн сайн удирдамж нь Есүс Христ юм. Есүс Христ бол өсвөр үеийнхнийг бат бөх байлгах хүч мөн.
Иймээс Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамжийн зорилго нь таныг Түүн рүү чиглүүлэх явдал мөн. Энэхүү удирдамж танд Түүний сэргээгдсэн сайн мэдээний мөнхийн үнэнүүд буюу таны хэн болох, Түүний хэн болох, Түүний хүчээр та юу гүйцэлдүүлж болох талаарх үнэнийг заадаг. Энэ нь тэдгээр мөнхийн үнэнд түшиглэн, хэрхэн зөв шударга сонголт хийхийг танд заана.13
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын хийдэггүй зүйлсийг мэдэх нь бас чухал юм. Энэ нь таны өмнөөс шийдвэр гаргадаггүй бөгөөд танд тулгарсан сонголт бүрд “тийм” эсвэл “үгүй” гэсэн хариултыг өгдөггүй. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол нь таны сонголтын үндэс суурьд төвлөрдөг. Энэ нь зан байдал бүрд анхаарахаас илүүтэй үнэт зүйлс, зарчим, сургаалд төвлөрдөг.
Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан биднийг тэр зүгт удирдан чиглүүлсээр ирсэн. Тэр биднээс “илчлэлт хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлээсэй”14 хэмээн гуйж байна. Тэр биднийг “Өөрийг нь сонс”15 хэмээн урьж байна. Тэр биднийг Өөрийг нь илүү дээд түвшний, илүү ариун арга замуудаар дагахад дуудаж байна.16 Бид үүнтэй адил арга замаар Ирээд, Намайг дага гарын авлагаас долоо хоног бүр суралцаж байгаа.
Удирдамж танд өмсөх ёсгүй хувцас, хэлэх ёсгүй үг, үзэх ёсгүй киноны жагсаалтыг өгч болно. Гэхдээ даяарчлагдсан сүмд яг үнэндээ эдгээр жагсаалт тус нэмэр болох болов уу? Ийм арга зам таныг насан туршдаа Христтэй адил амьдрахад үнэхээр бэлтгэнэ гэж үү?
Иосеф Смит “Би тэдэнд зөв зарчмуудыг заадаг. Харин тэд өөрсдийгөө удирддаг”17 гэж хэлсэн байдаг.
Мормоны Номд Бенжамин хаан өөрийн хүмүүст “та нар тэгснээр нүгэл үйлдэж болох зүйлийг бүгдийг би та нарт хэлж чадахгүй; учир нь маш олон янзын зам мөн аргууд бий, бүр тэдгээрийг би тоолж чадахааргүй тийм олон бөлгөө”18 гэж айлдсан.
Бенжамин хаан цааш нь, “Гэвч өдий зэргийг би та нарт хэлж чадна, … та нар өөрсдийгөө, мөн бодлуудаа, мөн үгсээ, мөн үйлүүдээ хянаж, мөн Бурханы зарлигуудыг мөрдөж, бас Их Эзэний маань … талаар … үргэлж, бүр амьдралынхаа эцсийг хүртэл [итгэлтэй бай]”19 гэж хэлсэн билээ.
Дүрэм журамтай байх нь буруу юу? Мэдээж үгүй. Бид бүгдэд өдөр бүр дүрэм журам хэрэгтэй. Хэдий тийм боловч бид Аврагчид төвлөрөхийн оронд зөвхөн дүрэм журамд төвлөрвөл энэ нь буруу юм. Та юуны учир, хэрхэн дагах вэ гэдгийг мэдэж аваад, өөрийн сонголтын үр дүнг бодолцох нь зүйтэй. Та Есүс Христэд найдах хэрэгтэй. Тэрээр таныг зөв зам руу хөтлөх болно. Тэр бол таны хүч чадал.20
Үнэн сургаалын хүч
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол нь Есүс Христийн сургаалыг зоригтойгоор тунхагладаг. Энэ товхимол таныг Христийн сургаалд үндэслэн сонгоход зоригтойгоор урьдаг. Мөн Есүс Христийн Өөрийнх нь Замыг дагагч хүмүүст амладаг адислалуудыг зоригтойгоор дүрсэлсэн.21
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан. “Хэрвээ та Бурханыг [өөрийн амьдралд] ялуулахыг үнэхээр их хүсэж байвал олон шийдвэрийг гаргахад амар хялбар байх болно. Олон асуудал асуудал байхаа болино! Та өөрийгөө хэрхэн хувцаслахаа мэдэх болно. Та юу үзэх, юу унших, чөлөөт цагаа хаана, хэнтэй хамт өнгөрүүлэхээ мэднэ. Та юунд хүрэхийг хүсэж байгаагаа ч мэднэ. Та яг ямар хүн болохыг хүсэж байгаагаа мэддэг болно.”22
Илүү өндөр жишиг
Есүс Христ Өөрийн дагалдагчдад маш өндөр жишиг тогтоосон. Түүний тааллыг хичээнгүйлэн эрэлхийлж, Түүний үнэнээр амьдрах нь байж болох хамгийн өндөр жишиг билээ.
Зуурдын болон сүнслэг чухал сонголтууд нь зөвхөн хувь хүний үзэл бодол эсвэл амар хялбар юм уу таашаалд нийцэх зүйлд үндэслэх ёсгүй.23 Их Эзэн “Та нар хүссэнээ хий” гэж хэлээгүй,
харин “Бурханыг ялуул,”
“Ирээд, Намайг дага,”24
“Илүү ариун, илүү дээд түвшний, илүү төлөвшсөн арга замаар амьдар,”
“Миний тушаалуудыг сахь” хэмээн айлдаж байна.
Есүс Христ бол бидний төгс үлгэр жишээ бөгөөд бид бодгалийнхаа бүхий л эрч хүчээр Түүнийг дагахыг хичээдэг.
Хайрт найзууд минь, би дахиад хэлье, Аврагч өнөөдөр энд зогсож байсан бол та нарыг гэх цаглашгүй их хайраа мөн та нарт бүрэн итгэдэг болохоо илэрхийлэх байсан. Тэрээр та нарт та нар хийж чадна гэж хэлэх байсан. Есүс Христ таны хүч чадал учраас та баяр хөөртэй, аз жаргалтай амьдралыг цогцлоож чадна. Та итгэлтэй байдал, амар амгалан, аюулгүй байдал, аз жаргал, одоо болон мөнхөд холбоо хамааралтай байх гээд бүгдийг Есүс Христээс болон Түүний сайн мэдээнээс бас Түүний Сүмээс олж авах боломжтой.
Би үүнийг Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувиар баттай гэрчилж байна. Мөн би та нарыг хайрлаж, гүнээ талархахын сацуу чин сэтгэлийн адислалаа үлдээж байна. Есүс Христийн нэрээр, амен.