Ерөнхий чуулган
Шавь хэвээр үлдэх нь
2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган


10:23

Шавь хэвээр үлдэх нь

Бид итгэлийн маань галыг бадрааж, хэвээр авч үлдэхэд туслах ариун бөгөөд зөв шударга дадал хэвшлийг хөгжүүлснээр сүнслэг байдлын хувьд итгэлтэй байж, амар амгаланг олж авч чадна.

Энэ өнгөрсөн зун дэлхийн өнцөг булан бүрд байх 200000 гаруй өсвөр үеийнхэн маань хэдэн зуун Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө буюу FSY чуулганд долоо хоногийн туршид оролцон, итгэлээрээ өсөж хөгжлөө. Тахлын тусгаарлалтаас дөнгөж гарч байгаа тул олон хүний хувьд энд оролцох нь хүртэл Их Эзэнд итгэх итгэлийн үйлдэл байлаа. Залуу оролцогчдын маань олон нь илүү гүн гүнзгий хөрвөгдөн, өсөж хөгжсөн мэт санагдсан. Долоо хоногийн эцсээр би тэднээс “Ямар байсан бэ?” гэж асуух дуртай байсан.

Тэд заримдаа “За, даваа гарагт бол ээж намайг албадаж ирүүлсэн болохоор би ээждээ дургүйцэж байсан. Би хэнийг ч танихгүй байсан. Би үүнийг надад зориулагдаагүй, бас найз нөхөд ч байхгүй байна гэж бодсон. … Харин одоо баасан гараг болсон чинь би энд үлдмээр л байна. Би амьдралдаа Сүнсийг мэдрэхийг л хүсэж байна. Би ингэж амьдармаар байна” гэж хэлж байлаа.

Тодорхой ойлголт, сүнслэг бэлгийг хүлээн авсан цаг мөчүүд нь тэднийг өсөлт хөгжил рүү давлагаалан аваачихыг мэдэрч байсан өөр өөрийн гэсэн түүх тэдэнд бий. Энэ зуны FSY чуулганаар Их Эзэнд найдах зоригийг олж аван, долоо хоногийн турш Түүний хамгаалалтад өөрсдийгөө даатгасан энэ залуу үеийнхний хүн нэг бүрийн зүрх сэтгэлийн чин хүсэлд Бурханы Сүнс цуцалтгүйгээр хариулж байхыг хараад би ч бас өөрчлөгдсөн.

Далай тэнгист буй өнгөлөг ган хөлөг онгоцнуудын адил бид ч гэсэн сүнслэг байдлын хувьд зэвэнд идэгддэг орчинд амьдарч байгаа бөгөөд хамгийн тод гялалзах итгэл үнэмшлийг ч гэсэн анхааран халамжлахгүй бол идэгдэж, зэврэн, нурж унана.

Өөрсдийн итгэл үнэмшлийн галыг хадгалан авч үлдэхийн тулд бид юу хийж болох вэ?

FSY чуулган, хонуутаар явах аялал, ариун ёслолын цуглаан, номлол гэх мэт үйл явдал нь гэрчлэлийг маань өнгөлөн гялалзуулахад тусалж, амар амгаланд хүргэх өсөлт хөгжил, сүнслэг нээлтийг олж авах боломжийг олгодог. Гэхдээ бид тэнд үлдэн, ухралгүйгээр “Христэд тууштайгаар итгэн [үргэлжлүүлэн] урагш тэмүүлэх[ийн]” (2 Нифай 31:20) тулд юу хийх ёстой вэ? Бид байнга залбирах, судруудыг тунгаан бодож унших, чин сэтгэлээсээ үйлчлэх зэрэг биднийг анх тэнд авчирсан зүйлүүдээ үргэлжлүүлэн хийх ёстой.

Бидний заримын хувьд бүр ариун ёслолын цуглаанд оролцоход хүртэл Их Эзэнд итгэж найдах хэрэг гардаг байж болох юм. Гэхдээ бид нэгэнт тэнд очсон бол, Их Эзэний ариун ёслолын эдгээгч нөлөө, сайн мэдээний зарчмуудын итгүүлэгч нөлөөлөл, Сүмийн хамт олны хайр халамж бидний сүнслэг байдлыг өдөөж, хүчирхэгжүүлнэ.

Хамтдаа биечлэн цугларахын хүч хаанаас ирдэг вэ?

FSY чуулганаар хэдэн зуун мянган өсвөр үеийнхэн маань Аврагчийн нэрээр хоёр эсвэл түүнээс олон нь хамтдаа цугларах (Матай 18:20-ийг үзнэ үү) энгийн загварын дагуу сайн мэдээ болон судрын талаар ярилцаж, хамтдаа дуулан, хамтдаа залбирч, Христ дотор амар амгаланг олох замаар Түүнийг илүү сайн таньж мэдэхээр цугларсан. Энэ бол сүнслэг байдлын хувьд сэрэх хүчирхэг жор юм.

Дэлхий даяар тархсан ах, эгч нар одоо “Их Эзэнд найдсан” (Сургаалт үгс 3:5; 2022 өсвөр үеийнхний уриа) хэвээр байх гэдэг нь юу гэсэн утгатай үг болохыг дэлхийн үймээн самуун дунд тодорхойлохоор гэр гэртээ харьцгаасан байна. Судраа нээн, нам гүм орчинд тунгаан бодох зуураа “Түүнийг сонсох” (Иосеф Смитийн-Түүх 1:17) нэг хэрэг. Харин анхаарал сарниулах тоо томшгүй олон зүйл дунд, хувийн асуудал тулгарч, итгэл алдрах үед ч “Түүнийг сонсохыг” хичээх хэрэгтэй болдог энэхүү мөнх бус дэлхийд шавь хэвээр байх гэдэг тэс өөр хэрэг. Өсвөр үеийнхэн маань өнөө үеийн ёс суртахууны тогтворгүй байдлын эсрэг гуйвшгүй зогсоход зүрх сэтгэл, оюун ухаанаа хандуулдаг нь баатруудаас л гардаг зан чанар гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Сүмийн үйл ажиллагаан дээр олж авсан эрч хүчийг нь бэхжүүлэхийн тулд гэр бүлүүд гэртээ юу хийж болох вэ?

Надад гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн нөхрөөр үйлчилж байсан удаа бий. Нэгэн орой дараагийнх нь долоо хоногт болох гэж байсан залуу эмэгтэйчүүдийн аялалд оролцохоор бэлдэж байсан эцэг эх, охидод зориулсан онцгой цуглааныг сүмийн байранд явуулж байх зуур би коридорт жигнэмгүүдийг тавган дээр тавих үүрэг хүлээж авав. Хаана очиж, юу авчрахыг тайлбарласныхаа дараа эхнэр маань “За, мягмар гаргийн өглөө та нар хөөрхөн охидоо автобусанд нь суулгахдаа чанга тэврээрэй. Мөн тэднийг баяртай гээд үнсээрэй. Яагаад гэвэл тэд буцаж ирэхгүй шүү” гэв.

Хэн нэгэн дуу алдахыг сонссон нь би өөрөө байсныг ухаарлаа. “Буцаж ирэхгүй гэнэ үү?”

Тэгтэл эхнэр маань үргэлжлүүлэн “Мягмар гаргийн өглөө охидоо авчирч өгөх үед, тэд анхаарал сарниулах чухал биш зүйлсээ ардаа орхин, Их Эзэнд итгэж, өсөж хөгжин, суралцахаар нэг долоо хоногийг хамтдаа өнгөрүүлнэ. Бид хамтдаа залбирч, дуулж, хоол хийж, хамтдаа үйлчлэн, хамтдаа гэрчлэлээ хуваалцаж мөн Тэнгэрлэг Эцэгийн Сүнсийг мэдрэх боломжийг олгох зүйлсийг долоо хоногийн турш, яс махандаа шингэтэл хийх болно. Харин бямба гарагт автобуснаас буухдаа та нарын охид мягмар гарагт авчирч өгсөн охид чинь байхаа больсон байна. Тэд шинэ хүн болсон байх болно. Хэрвээ та нар тэр түвшинд нь үргэлжлүүлэн явахад тэдэнд тусалбал тэд та нарыг гайхшируулна. Тэд үргэлжлүүлэн өөрчлөгдөж, өссөөр байна, бас танай гэр бүл ч өөрчлөгдөх болно” гэж хэлсэн юм.

Тэр бямба гарагт яг л түүний таамагласнаар болсон. Машинд майхнуудыг ачиж байхдаа би гэр лүүгээ буцахын өмнө, охидын цугларсан газраас эхнэрийн маань дуу ойн дунд цуурайтахыг сонсов. Тэр “Та нар өөрчлөгджээ. Бид долоо хоногийн туршид та нарыг ажигласан. Одоо та нар бямба гаргийн охид болжээ” гэв.

Сионы зоригтой өсвөр үеийнхэн гайхалтай цаг үеийг туулж байна. Үймээн самуун болно хэмээн бошиглогдсон, ариун нандин зүйлийг үл ойшоодог энэ дэлхийн нэгэн хэсэг нь болохгүйгээр энэ дэлхийд баяр баясгаланг олох нь тэдний тодорхой үүрэг хариуцлага юм. Зуу гаруй жилийн өмнө Г.K. Чэстэртон “Бид дэлхий ертөнцийг дайралтад орох гэж байгаа аварга махчны ордон гэж харахын зэрэгцээ орой нь ирж тухалдаг өөрсдийн гэр орон гэж харах хэрэгтэй” гэж хэлэхдээ энэхүү үйл явцыг гэрт төвлөрсөн, Сүмээс дэмждэг гэдэг талаас нь харсан мэт ярьсан байдаг (Orthodoxy [1909], 130).

Аз болоход тэд тулалдаанд ганцаараа явах шаардлагагүй. Тэдэнд нэг нэгэн нь байгаа. Тэдэнд та нар байгаа. Мөн тэд амьд бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг дагадаг. Тэрээр Израйлын цугларалт буюу энэ цагийн их үйл хэргийг агуу хийгээд сүр жавхлантай байх болно гэж тунхагласан ба энэ тал дээр биднийг үзмэрчийн хувьд их өөдрөг хандлагаар удирддаг билээ (“Израилын найдвар” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], HopeofIsrael.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

Энэ зун миний эхнэр Каллэн бид хоёр Амстердамд онгоцонд суух гэж байв. Би тэнд олон жилийн өмнө шинэ номлогч байсан юм. Голланд хэл сурах гэж хэдэн сар зовсны дараа, миний сууж явсан онгоц газардах үед онгоцны нисгэгч үл ойлгогдох бэрх зар хэлэв. Хэсэг чимээгүй сууснаа хамтрагч маань “Сая голландаар ярьсан уу” гэлээ. Бид харцаараа нэг нэгэндээ “Бид юу ч сураагүй юм байх даа” гэж хэлэв.

Гэхдээ юу ч сураагүй биш байлаа. Тухайн үед бид энэ онгоцны буудлаар итгэл тээсээр алхлан явахдаа номлогчдын хувьд бидэн дээр цутгагдах гайхамшгуудыг чиглэн явж байсан юм байна даа гэж бодолдоо автан байтал гэртээ очихоор онгоцонд сууж байгаа нэгэн номлогч бодлыг маань гэнэт таслав. Тэр өөрийгөө танилцуулан, “Ерөнхийлөгч өө, би юу хийх вэ?” Би хүчтэй үлдэхийн тулд юу хийх вэ? гэж асуусан юм.

Өсвөр үеийнхэнд маань FSY чуулган, хонуутаар явах зугаалга, ариун сүмийн аяллаасаа ирэхэд мөн тэнгэрийн хүчийг мэдрэх бүрд “Бурханыг гэх хайрыг хэрхэн урт хугацаанд шавь хэвээр үлдэх явдал болгож болох вэ?” гэсэн асуулт орж ирдэг.

Номлолынхоо сүүлийн хэдхэн цагт үйлчилж байгаа энэхүү сэргэлэн цовоо номлогчийг хайрлах сэтгэл надад төрсөн бөгөөд Сүнсний нам гүм тэрхүү орчинд хоолой минь зангирч, “Түүний нэрийг авч явахын тулд нэрийн тэмдэг зүүх хэрэггүй” гэж түүнд энгийнээр хэлэхээ сонсож билээ.

Би түүний мөрөн дээр гараа тавиад, “Чи ийм зүйл хий. Гэртээ очоод, ийм л бай. Чи маш сайн учир харанхуйд ч гэрэлтэх байх. Номлолын чинь сахилга бат, золиослол чамайг Бурханы агуу хүү болгожээ. Энд маш хүчтэй нөлөөлж, амжилттай болж байсан тэр зүйлээ гэртээ үргэлжлүүлэн хий. Чи залбирч сурсан. Чи хэнд хандан залбирахаа мөн залбирлын хэлийг сурсан. Чи Түүний үгийг судалж, Аврагчтай адил байхыг хичээснээр Түүнийг хайрлаж сурчээ. Чи Тэнгэрлэг Эцэгийг, яг Аврагчтай адил хайрлаж байсан, бас Түүний адил бусдад үйлчилж, Түүний адил зарлигуудыг сахисан бөгөөд чадаагүй бол наманчилж байсан. Шавь байх нь чиний хувьд зүгээр л цамцан дээрх уриа байсангүй. Энэ нь бусдын төлөө зорилготой амьдарсан амьдралын чинь нэг хэсэг болсон. Тиймээс та нар гэртээ очоод, тэгж л үйлд. Тийм л бай. Энэхүү сүнслэг эрч хүчээ үлдсэн амьдралдаа хэвээр авч үлд” гэж хэлмээр санагдсан.

Их Эзэн Есүс Христэд болон Түүний гэрээний замд найдсанаар мөн итгэлийн маань галыг бадрааж, хэвээр авч үлдэхэд туслах ариун бөгөөд зөв шударга дадал хэвшлийг хөгжүүлснээр сүнслэг байдлын хувьд итгэлтэй байж, амар амгаланг олж чадна гэдгийг би мэднэ. Бид дулаанаар ээх тэдгээр галд илүү ойртон сууж, юу ч тохиолдсон тэндээ үлдэх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.