Ерөнхий чуулган
Дэлхий дээрх бидний ажил үүрэг
2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган


12:17

Дэлхий дээрх бидний ажил үүрэг

Дэлхийгээ болон эргэн тойрныхоо эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хайрлаж, санаа тавьдаг хүмүүст сүнслэг агуу адислалууд амлагдсан.

Эхнэр бид хоёрт саяхан төрөлх эх орон Францдаа айлчлах үеэрээ хэдэн ач зээгээ дагуулан, Живэрни хэмээх жижиг хотод байрладаг гайхамшигт цэцэрлэгт хүрээлэнтэй танилцах завшаан тохиосон юм. Бидэнд зам дагуух үзэсгэлэнт цэцгийн мандал, усны гоёмсог сараана цэцэг, цөөрмийн усанд ойх гэрэл зэргийг бахдан алхахад тун ч таатай байв.

Живэрни цэцэрлэг

Энэхүү гайхамшигт газар бол цэцэрлэгээ өөрийн уран зургийн ажлын талбар болгохын тулд 40 жилийн турш нямбайлан хэлбэржүүлж, тордсон агуу зураач Клод Монегийн бүтээлч хүсэл тэмүүллийн үр дүн юм. Моне эхлээд байгалийн гоо үзэсгэлэнд умбан, дараа нь өнгө, гэрлийг ашиглан бийрээрээ өөрт төрсөн сэтгэгдлийг илэрхийлдэг байсан. Олон жилийн турш тэрээр өөрийн цэцэрлэгээс санаа авч, хэдэн зуун уран зургийн ер бусын цуглуулгыг бүтээжээ.

Моне цэцэрлэгийг зурж байгаа нь

Water Lilies and Japanese Bridge [Усны сараана цэцэг ба Японы гүүр], 1899, Клод Монегийн бүтээл

Ах, эгч нар аа, эргэн тойрныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар явж үзэх нь амьдралд хамгийн сэтгэл сэргээм, сайхан дурсамжийг үлдээж чаддаг. Бидний мэдэрдэг сэтгэл хөдлөл нь уул ус, ургамал, амьтад бүхий гайхамшигт дэлхийг бүтээсэн Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христэд болон бидний анхны эцэг эх Адам, Евад талархах гүн гүнзгий мэдрэмжийг бидэнд төрүүлдэг.1

Бүтээлтийн ажил бол төгсгөл биш. Энэ нь Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг. Үүний зорилго нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэзээ нэгэн цагт Бүтээгчийн оршихуйд эргэн ирж, мөнх амьдралыг өвлөхийн тулд соригдож, сонгох эрхээ ашиглаж, баяр баясгаланг олж, суралцаж, өсөж хөгжих нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.

Эдгээр гайхамшигт бүтээл нь бүхэлдээ бидний тусын тулд бэлтгэгдсэн бөгөөд Бүтээгчийн хүүхдүүдээ хайрлах хайрын бодит нотолгоо юм. Их Эзэн “Тийм ээ, дэлхийгээс … ирдэг бүх зүйл, хүмүүний тусын тулд мөн ашиглалтын тулд, нүд баясгах хийгээд сэтгэл баярлуулах аль алиных нь тулд хийгдсэн болой”2 хэмээн тунхагласан.

Гэсэн хэдий ч Бүтээлтийн бурханлаг бэлэг үүрэг хариуцлага хүлээхгүйгээр ирдэггүй. Эдгээр үүргийг ажил үүрэг гэсэн утгаар хамгийн сайн тодорхойлсон байдаг. Сайн мэдээний нэр томьёонд ажил үүрэг гэдэг үг бидний хариуцлага хүлээдэг, Бурханд харьяалагддаг аливаа зүйлийг халамжлах сүнслэг эсвэл түр зуурын ариун үүрэг хариуцлагыг илэрхийлдэг.3

Ариун судруудад заасанчлан, дэлхий дээрх бидний ажил үүрэгт дараах зарчмууд багтана. Үүнд:

Эхний зарчим: Дэлхий бүхэлдээ мөн үүний дээр орших бүх амьдрал Бурханых.

Бүтээгч дэлхийн нөөц баялгийг болон амьдралын бүхий л хэлбэрийг бидэнд даатгасан ч Өөрөө бүрэн эзэмшдэг. Тэрээр “Их Эзэн, бибээр өөрийн гарын бүтээл тэнгэрийг асарлаж, мөн дэлхийг бүтээсэн билээ; мөн тэдгээр дэх бүх зүйл минийх болой” гэсэн.4 Дэлхий дээрх бүх зүйл, түүний дотор бидний гэр бүл, бие махбод, тэр ч байтугай бидний амь Бурханых.5

Хоёр дахь зарчим: Бид Бурханы бүтээлүүдийг хариуцсан даамлын хувьд тэдгээрийг хүндэлж, санаа тавих үүрэгтэй.

Бурханы хүүхдүүдийн хувьд бид Түүний бурханлаг бүтээлүүдийн даамал, халамжлагч, асран хамгаалагч байх үүргийг хүлээн авсан. Их Эзэн хэлэхдээ, бибээр “хүн болгоныг амьд бүтээлүүдийнхээ тул миний хийж мөн бэлтгэсэн дэлхийн адислалуудын дээрх даамал адил хариуцлага хүлээдэг болго[сон]”6 гэжээ.

Тэнгэрлэг Эцэг маань бидэнд дэлхийн нөөц баялгийг өөрсдийн хүслээр ашиглахыг зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч бидний сонгох эрх бол энэ ертөнцийн баялгийг мэргэн ухаан, хязгаарлалтгүйгээр ашиглах эсвэл авах зөвшөөрөл гэж ойлгож болохгүй. Их Эзэн “Мөн эдгээр бүх зүйлийг хүмүүнд өгсөн нь Бурханыг баярлуулдаг; энэхүү зорилгын учир эдгээр нь ухаалгаар, хэт илүү бишээр, хүч түрэмгийллээр бус ашиглагддаг байхаар хийгдсэн бөлгөө”7 хэмээн сануулсан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон нэгэнтээ “Тэнгэрлэг бүтээлийн ашиг шимийг хүртэгчдийн хувьд бид юу хийх вэ? Бид эх дэлхийдээ санаа тавьж, дээрх зүйлсийг нь ухаалгаар удирдаж, ирээдүй үедээ хадгалан үлдээх учиртай”8 гэж онцолсон.

Дэлхийг болон байгаль орчноо хайрлан хамгаалах нь зөвхөн шинжлэх ухаан, улс төрийн хэрэгцээ бус, Бурханаас бидэнд даатгасан ариун хариуцлага бөгөөд энэ нь биднийг үүрэг, даруу байдлын гүн гүнзгий мэдрэмжээр дүүргэх ёстой. Энэ нь бас бидний шавийн амьдралын салшгүй нэг хэсэг юм. Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын бүтээлийг хүндэтгэж, хайрлахгүйгээр Тэднийг хэрхэн хүндэлж, хайрлах вэ?

Сайн даамал байхын тулд бидэнд хамтдаа болон ганцаарчлан хийж чадах олон зүйл бий. Бидний хүн нэг бүр нөхцөл байдлаа харгалзан, дэлхийн арвин их баялгийг илүү хүндэтгэлтэй, ухаалаг ашиглаж чадна. Бид эх дэлхийгээ хайрлан хамгаалах олон нийтийн хүчин чармайлтыг дэмжиж чадна. Бид амьдралдаа Бурханы бүтээлүүдийг хүндэтгэдэг хэв маяг, зан төлөвийг хэвшүүлж, өөрсдийн амьдрах орон зайг илүү эмх цэгцтэй, илүү үзэсгэлэнтэй, сүнслэг нөлөө бүхий болгож чадна.9

Бурханы бүтээлүүдийг хариуцах бидний үүргүүдийн хамгийн эхэнд дэлхий дээрх бүх хүнийг хайрлах, хүндлэх, санаа тавих ариун нандин үүрэг ордог. Тэд бол Бурханы охид, хөвгүүд, бидний ах, эгч, дүүс бөгөөд тэдний мөнхийн аз жаргал бүтээлтийн ажлын гол зорилго юм.

Зохиолч Антуан дэ Сант-Экзюпэхи дараах зүйлийг хүүрнэжээ. Нэгэн өдөр тэрээр галт тэргээр аялж яваад, бүлэг дүрвэгчийн дунд сууж байгаагаа мэдсэн байна. Бяцхан хүүхдийн царайнаас цөхрөл гунигийг олж харсан түүний сэтгэл ихэд хөдөлж, “Эрлийзжүүлэлтээр цэцэрлэгт шинэ сарнай ургахад бүх цэцэрлэгч баясдаг. Тэд сарнайг тусгаарлаж, арчилж, ургуулдаг. Харин хүмүүний үрсэд цэцэрлэгч байдаггүй”10 хэмээн хашхирчээ.

Ах, эгч нар аа, бид эргэн тойрныхоо хүмүүсийн цэцэрлэгч байх ёстой биш гэж үү? Бид ах дүүгийнхээ харгалзагч биш гэж үү? Есүс бидэнд хөршөө өөрийн адил хайрлахыг зарлигласан.11 Түүний амнаас гарсан хөрш гэдэг үг дан ганц газар нутгийн хувьд ойролцоо байхыг бус, харин зүрх сэтгэлээрээ ойрхон байх утга санааг илтгэдэг. Энэ нь тэдний бидэнтэй ойролцоо эсвэл алс холын улс оронд амьдардаг эсэхээс мөн гарал үүсэл, хувийн амьдрал, нөхцөл байдлаас үл хамааран манай гаргийн бүх оршин суугчид хамааралтай.

Христийн шавь нарын хувьд бид дэлхийн бүх үндэстний энх тайван, эв найрамдлын төлөө уйгагүй зүтгэх ариун үүрэгтэй. Бид сул дорой, гачигдалтай, зовж шаналсан, дарлагдсан бүх хүнийг хамгаалж, тайтгаруулж, туслахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Хамгийн чухал нь, нөхдөдөө санал болгож чадах хайрын хамгийн том бэлэг бол бидэнтэй хамт сайн мэдээний баяр баясгаланг хуваалцаж; ариун гэрээ, ёслолуудаар дамжуулан Аврагчдаа ирэхэд тэднийг урих явдал юм.

Гурав дахь зарчим: Бид бүтээлтийн ажилд оролцохоор уригдсан.

Бүтээлтийн бурханлаг үйл явц хараахан дуусаагүй байна. Өдөр бүр Бурханы бүтээлүүд өсөж, тархаж, үржиж байна. Хамгийн гайхалтай зүйл бол Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн бүтээлч ажилд оролцох урилгыг бидэнд өгдөг явдал юм.

Бид Бурханы бүтээлүүдийг хүндэтгэж байгаа цагт газрыг боловсруулж эсвэл дээр нь өөрсдийн бүтээн байгуулалтуудыг нэмэх бүрдээ бүтээлтийн ажилд оролцдог. Манай гаргийг чимж, таашаал мэдрүүлж, бидний амьдралыг гэрэлтүүлдэг урлаг, архитектур, хөгжим, утга зохиол, соёлын бүтээлүүдийг туурвих замаар бид өөрсдийн хувь нэмрийг оруулж болно. Мөн бид дэлхийг болон түүн дээрх амьдралыг хадгалан хамгаалдаг шинжлэх ухаан, анагаах ухааны нээлтүүдээр дамжуулан хувь нэмрээ оруулдаг. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Хүн бүтээлтийн баяр баясгалан, алдар сууг мэдэж, өөрийн ур чадварыг … хэрэгжүүлж болохын тулд Бурхан ертөнцийг дуусгалгүй үлдээсэн”12 гэсэн сайхан үгсээр дээрх ойлголтыг ерөнхийлөн дүгнэсэн.

Талантын тухай Есүсийн сургаалт зүйрлэлд эзэн нь аян замаасаа буцаж ирэхдээ талантаа өсгөж, үржүүлсэн хоёр зарцыг магтаж, шагнаад, эсрэгээр нь ганц талантаа газарт нуусан зарцыг “тусгүй” гэж нэрлэн түүнд өгснөө хүртэл буцаан авсан тухай гардаг.13

Үүний нэгэн адил, дэлхий дээрх бүтээлүүдийн даамал байх бидний үүрэг бол дан ганц тэдгээрийг хадгалж эсвэл хамгаалах явдал биш юм. Их Эзэн биднээс зөвхөн өөрсдийн тусын тулд бус, харин бусдыг адислахын тулд Түүний хариуцуулсан нөөц баялгийг өсгөж, өргөжүүлж, сайжруулахаар Түүний Ариун Сүнсээр хөтлөгдөн хичээнгүй хөдөлмөрлөхийг хүсдэг.

Хүний бүх ололт амжилт дундаас, амьдрал өгөхөөр эсвэл хүүхдэд суралцах, өсөж хөгжих, амжилт гаргахад нь эцэг эх, багш, удирдагч эсвэл өөр ямар нэг үүргийн дагуу бусдад туслахаар Бурхантай хамтран бүтээгч байх туршлагатай эн тэнцэх амжилт гэж үгүй. Түүний сүнсэн хүүхдүүдэд бие махбодыг өгч, улмаар бурханлаг чадавхдаа хүрэхэд нь туслахаар Бүтээгчтэйгээ хамтран ажиллахаас илүү ариун нандин, илүү сэтгэл ханамжтай бөгөөд ихийг шаарддаг ажил үүрэг гэж үгүй.

Хамтран бүтээх үүрэг хариуцлага нь амьдрал хийгээд хүн бүрийн бие махбод ариун нандин, тэдгээр нь зөвхөн Бурханд харьяалагддаг ба Тэр тэдгээрийг хүндэлж, хамгаалж, санаа тавиулахын тулд биднийг асран хамгаалагчдаар томилсон гэдгийг байнга сануулдаг. Өсөж үржин, мөнхийн гэр бүлүүдийг бий болгох хүчийг захирдаг Бурханы зарлигууд нь Түүний төлөвлөгөөнд маш чухал ач холбогдолтой энэхүү ариун нандин ажил үүрэгт биднийг удирдан чиглүүлдэг.

Ах, эгч нар аа, бид бүх зүйл, тэр дундаа бидний амьдралын хамгийн зуурдын хэсгүүд ч Их Эзэний хувьд сүнслэг гэдгийг ойлгох ёстой. Дэлхийг болон эргэн тойрныхоо эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хайрлаж, санаа тавьдаг хүмүүст сүнслэг агуу адислалууд амлагдсан гэдгийг би гэрчилж байна. Та энэхүү ариун нандин ажил үүрэгтээ итгэлтэй байж, мөнхийн гэрээнүүдээ хүндэтгэснээр Бурханы болон Түүний Хүү Есүс Христийн талаарх мэдлэгт өсөж, Тэдний хайр, нөлөөг амьдралдаа илүү бүрэн дүүрэн мэдрэх болно. Энэ бүхэн таныг Тэдэнтэй хамт амьдарч, дараагийн амьдралд илүү их бүтээх хүчийг14 хүлээн авахад бэлтгэх болно.

Энэхүү мөнх бус оршихуйн төгсгөлд Эзэн биднээс ариун нандин ажил үүргийнхээ тухай, тэр дундаа Түүний бүтээлүүдэд хэрхэн анхаарал хандуулсан тухай тайлагнахыг хүсэх болно. Цаг нь болоход бид Түүнийг “Сайн байна, итгэмжит сайн зарц минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор”15 хэмээх хайраар дүүрэн үгсийг бидний зүрх сэтгэлд шивнэхийг нь сонсох болтугай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Дэлхийг болон үүн дээрх бүх зүйлийг (Адам, Ева хоёроос бусад) Эцэгийн удирдлаган доор Есүс Христ бүтээсэн. Харин бидний анхны эцэг эх Адам, Ева хоёрыг Бурхан Эцэг бүтээсэн (Иохан 1:1–3; Мосе 2:1, 26–27-г үзнэ үү.)

  2. Сургаал ба Гэрээ 59:18

  3. Спэнсэр В.Кимбалл, “Welfare Services: The Gospel in Action,” Ensign, 1977 оны 11-р сар, 76–79-ийг үзнэ үү.

  4. Сургаал ба Гэрээ 104:14

  5. Спэнсэр В.Кимбалл, “Welfare Services,” 76–79-ийг үзнэ үү.

  6. Сургаал ба Гэрээ 104:13

  7. Сургаал ба Гэрээ 59:20

  8. Russell M. Nelson, “The Creation,” Liahona, July 2000, 104.

  9. Сайн мэдээний сэдвүүд, “Environmental Stewardship and Conservation,” topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  10. Antoine de Saint-Exupéry, Terre des Hommes (1939), 214; Wind, Sand and Stars (1939) in Airman’s Odyssey (1984), 206-г мөн үзнэ үү.

  11. Maрк 12:31-ийг үзнэ үү.

  12. Thomas S. Monson, “In Search of an Abundant Life,” Tambuli, August 1988, 3.

  13. Матай 25:14–30-ийг үзнэ үү.

  14. Дэвид А.Бэднар, Сюзан К.Бэднар, “Moral Purity” (Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль дээрх онцгой цугларалт, 2003 оны 1-р сарын 7), byui.edu.

  15. Maтай 25:21