Ерөнхий чуулган
Итгэлийн алхмаар Есүс Христийг дага
2022 оны 10-р сарын Ерөнхий чуулган


13:21

Итгэлийн алхмаар Есүс Христийг дага

Өнөөдөр Христ биднийг хүнд хэцүү цаг үед үүрээд явж чадна. Тэр үүнийг эхэн үеийн анхдагчдын төлөө хийсэн. Одоо ч бидний хүн нэг бүрийн төлөө хийж байна.

“Алхам бүрдээ итгэлтэй” дууллыг дуулсан найрал дуучдадаа баярлалаа. Эхэн үеийн анхдагчдыг 1847 онд Солт Лэйкийн хөндийд ирсний 150 жилийн ойг тэмдэглэх баярт бэлдэн, энэ дууны ая, үгийг 1996 онд Нюэлл Дэйли ах1 бичсэн юм.

Хэдийгээр энэ дууг тухайн баярт зориулан бичсэн ч захиас нь бүх дэлхийнхэнд хамаатай.

Надад энэ дууны дахилт үргэлж таалагддаг.

Алхам бүрдээ Их Эзэн Христийг итгэлтэй дагаж;

Ариун хайранд нь найдвараар дүүрч, хоршин бид дуулна.2

Ах, эгч нар аа, Есүс Христийг итгэлийн алхмаар дагавал итгэл найдвар байдаг гэдгийг би гэрчилж байна. Их Эзэн Есүс Христэд итгэл найдвар бий. Энэ амьдралд бүх хүнд итгэл найдвар бий. Алдаа, уй гашуу, зовлон бэрхшээл, сорилт, асуудлаа ялан дийлж чадна гэсэн итгэл найдвар бидэнд бий. Наманчлахад мөн бусдаас уучлахыг хүсэж, бусдыг уучлахад найдвар бий. Христ дотор найдвар, амар амгалан байдгийг би гэрчилж байна. Өнөөдөр Тэр биднийг хүнд хэцүү цаг үед үүрээд явж чадна. Тэр үүнийг эхэн үеийн анхдагчдын төлөө хийсэн. Одоо ч бидний хүн нэг бүрийн төлөө хийж байна.

Энэ жил Солт Лэйкийн хөндийд эхэн үеийн анхдагчид ирсний 175 жилийн ой тохиож байгаа нь намайг Наувугаас Солт Лэйкийн хөндий хүртэл алхаж ирсэн зарим өвөг дээдсийнхээ тухай эргэцүүлэн бодоход хүргэлээ. Манай элэнц өвөө эмээ нар залуудаа уг хөндий талаар алхаж явсан. Хэнри Баллард 20 настай,3 Маргарэт Макнийл 13 настай4 байсан бол хожим нь Сүмийн зургаа дахь ерөнхийлөгч болсон Жозэф Ф.Смит Солт Лэйкийн хөндийд ирэхдээ дөнгөж 9 настай байжээ.5

Тэд аян замдаа өвлийн тэсгим хүйтэн, өвчин эмгэг, хувцас, хоол хүнсний хомсдол зэрэг бүх төрлийн гачигдалтай тулгарч байсан. Жишээ нь: Хэнри Баллард Солт Лэйкийн хөндийд очоод “Амлагдсан нутгийг” харан сэтгэл нь хөдөлсөн боловч өмссөн хувцас нь биеийг нь гүйцэд халхалж чадахааргүй ноорхой байсан тул хүнд харагдахаас эмээж байв. Тэр бүрий болтол бүтэн өдөржин бутны ард нуугдаж, дараа нь нэг байшин олж, аяллаа үргэлжлүүлж эцэг эхээ эрж хайхын тулд хувцас гуйв. Тэр ирээдүйн гэртээ аюулгүй ирсэндээ Бурхандаа талархсан юм.6

Миний элэнц өвөө эмээ хоёр сорилт бэрхшээл болгондоо итгэлийн алхмаар Есүс Христийг дагасан. Тэднийг хэзээ ч бууж өгөөгүйд би талархдаг. Тэдний итгэлийн алхмууд намайг болон хойч үеийнхнийг нь адисалсан шиг өнөөдөр таны хийх итгэлийн алхмууд үр удмыг тань адислах болно.

Анхдагч гэдгийг нэр үг, үйл үг хоёрын аль алинаар ашиглаж болно. Нэр үгийн хувьд энэ нь шинэ газар нутгийг судалж, суурьшсан анхны хүмүүсийн нэг гэсэн үг юм. Үйл үг болговол, анхдагч байна гэдэг нь бусдад дагах замыг нээх эсвэл бэлтгэх гэсэн утгатай.7

Бусдад замыг нь бэлдсэн анхдагчдын талаар бодоход надад хамгийн түрүүнд бошиглогч Иосеф Смит бодогддог. Иосеф анхдагч байсан. Учир нь түүний итгэлийн алхмууд ойн төгөл рүү түүнийг хөтөлж, өвдөг сөгдөн залбирахад хүргэж, Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авах замыг бидэнд нээж өгсөн юм. 1820 оны хаврын тэр нэгэн өглөө “Бурханаас гуйхад”8 хүргэсэн Иосефын итгэл дэлхий дээр бошиглогч, төлөөлөгчид дахин үйлчлэхээр дуудагдах, Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээх замыг нээжээ.9 Би Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэдгийг мэднэ. Түүний итгэл төгс алхмууд Бурхан Эцэг болон Түүний Хайрт Хүү Есүс Христийн өмнө өвдөг сөгдөхөд хүргэснийг би мэднэ.

Бошиглогч Иосефын итгэлээрээ үйлдсэн алхмууд түүнд Их Эзэний зэмсэг болж, Есүс Христийн мөн Түүний цагаатгагч ач ивээлийн өөр нэгэн гэрч болох Мормоны Номыг урагш авчрах боломжийг олгосон.

Асар их бэрхшээл, эсэргүүцлийг итгэл, тэвчээрээр туулсны ачаар Иосеф Смит Есүс Христийн Сүмийг дэлхийд дахин байгуулах Их Эзэний мутар дахь зэмсэг болж чадсан юм.

Өнгөрсөн Ерөнхий чуулганы үеэр би бүрэн цагийн номлолд үйлчилсэн маань намайг хэрхэн адисалсан тухай ярьсан. Би Тэнгэрлэг Эцэгийнхээ авралын гайхамшигт төлөвлөгөө, Иосеф Смитийн Анхны үзэгдэл, Мормоны Номын орчуулгын талаар зааж байхдаа адислагдсан билээ. Эдгээр сэргээгдсэн номлол, сургаал миний итгэлийн алхмуудыг удирдан чиглүүлж, сайн мэдээний Сэргээлтийн захиасыг сонсоход бэлэн байсан хүмүүст заах боломжийг олгосон.

Өнөөдөр манай номлогчид энэ гайхамшигт захиасыг дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүстэй хуваалцаж, улмаар Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд Түүнийг болон Түүний Хүү Есүс Христийг таньж мэдэх замыг нээж өгч байгаа тул тэд орчин үеийн анхдагчид юм. Есүс Христийн сайн мэдээг хүлээн авах нь хүн бүрд Сүмийг төдийгүй ариун сүмийн ёслол, адислалуудыг хүртэхэд бэлтгэж, хүлээн авах замыг нээж өгдөг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өнгөрсөн Ерөнхий чуулганаар “Их Эзэн зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг номлолд бэлдэж, үйлчлээсэй хэмээн хүссэн” мөн “үйлчлэх боломжтой залуу эгч та нарын хувьд” “номлол мөн адил хүчирхэг боловч үйлчлэх эсэхээ сонгож болох боломж юм”10 гэдгийг дахин онцолсон билээ.

Эрхэм залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд ээ, та нарын итгэлийн алхмууд номлолд үйлчлэх Их Эзэний урилгын дагуу үйлдэхэд буюу орчин үеийн анхдагчид болоход чинь тусална. Та нар Бурханы хүүхдүүдэд Түүний сүр жавхлант оршихуйд эргэн очих гэрээний замыг олж өгч, тэндээ үлдэх замыг нь нээж өгөх болно.

Ерөнхийлөгч Нэлсон Сүмийн анхдагч байсан. Төлөөлөгчийн хувьд тэр сайн мэдээг номлохын тулд олон газар очиж, олон ч газрыг нээсэн. Тэрээр Сүмийн бошиглогч, ерөнхийлөгч болсныхоо дараахан биднээс илчлэлт хүлээн авах сүнслэг чадавхаа нэмэгдүүлэхийг гуйсан.11 Тэр бидэнд гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийг заасаар байна. Залуучуудад зориулсан онцгой цугларалтын үеэр тэрээр

“Би та нараас гэрчлэлдээ эзэн болохыг гуйж байна. Үүний төлөө зүтгэ. Үүндээ хариуцлага хүлээ. Үүнд анхаарал тавь. Гэрчлэл тань хүчирхэгжиж болохын тулд тэтгэ. …

[Дараа нь] амьдралд тань тохиолдож буй гайхамшгийг олж хараарай”12 гэж хэлсэн билээ.

Тэр сүнслэг байдлын хувьд хэрхэн илүү сайн бие даасан болохыг бидэнд заадаг. Тэрээр “Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулж, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно”13 гэж хэлсэн.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон өнөөдөр дэлхий дээрх Бурханы бошиглогч гэдгийг би гэрчилж байна.

Бидний Аврагч Есүс Христ бол жинхэнэ замыг бэлдэгч анхдагч юм. Үнэхээр Тэр бол авралын төлөвлөгөөг хэрэгжүүлэх “зам”14 бөгөөд ингэснээр бид наманчилж, Түүнд итгэх итгэлээр Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж чадна.

Есүс “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй”15 хэмээн хэлсэн. Тэр биднийг өнчрүүлж орхихгүй, сорилт бэрхшээл тулгарахад бидэн рүү ирнэ хэмээн амласан.16 Тэрээр биднийг “зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр [Түүнд] ирж мөн [Тэр биднийг] эдгээх ажгуу”17 хэмээн урьсан.

Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч, Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч гэдгийг би гэрчилж байна. Тэнгэрлэг Эцэг маань бидэнд Өөрийнх нь хайрт Хүү Есүс Христийг алхам бүрдээ итгэлтэй дагаснаар Түүнд эргэн очих замыг нээж өгсөн.

Манай элэнц өвөө эмээ нар болон эхэн үеийн бусад анхдагч Солт Лэйкийн хөндий рүү бүхээгт тэрэг мөн гар тэрэгтэй мөн явган явах замдаа олон саад бэрхшээлтэй тулгарч байв. Бид ч гэсэн амьдралынхаа аян замын туршид өөр өөрийн гэсэн сорилттой тулгарна. Бид эгц уулс, гүн цасан шуурганаар гар тэрэг түрж, хучлагатай бүхээгтэй тэрэг жолоодохгүй ч тэдний адил өөрсдийн цаг үеийн сорилт, бэрхшээлийг сүнслэг байдлын хувьд даван туулахыг хичээж байна. Бидэнд алхах зам харгуй, заримдаа авирч гарах уулс ч бий. Хэдийгээр өнөөдрийн сорилт бэрхшээл эхэн үеийн анхдагчдынхаас ялгаатай ч тэдгээр нь бидний хувьд амар байна гэсэн үг биш юм.

Бошиглогчийг дагаж, эхэн үеийн анхдагчдын адил үнэнч байх гэрээний замд хөл дээрээ бат зогсох нь чухал.

Алхам бүрдээ итгэлээр Есүс Христийг дагацгаая. Бид Их Эзэнд болон бие биедээ үйлчлэх хэрэгтэй. Мөн бид гэрээгээ сахиж, хүндлэн дээдэлснээр өөрсдийгөө сүнслэг байдлын хувьд бэхжүүлэх хэрэгтэй. Бид зарлигуудыг зайлшгүй сахих шаардлагатай гэсэн мэдрэмжээ алдах ёсгүй. Сатан бидний Бурханд болон Их Эзэн Есүс Христэд өгсөн амлалт, Тэднийг хайрлах хайрыг багасгахыг оролддог. Хэрэв хэн нэгэн замаасаа төөрлөө гэхэд бид хэзээ ч Аврагчийн хувьд алдаагүй гэдгийг санаарай. Наманчлалын адислалаар, бид Түүн рүү хандаж чадна. Гэрээний зам дээр үлдэхийг хичээснээр Тэрээр бидэнд сурч, өсөж хөгжин, өөрчлөгдөхөд туслах болно.

Бид Есүс Христийн гаргасан замаар үргэлж алхаж, алхам бүрдээ итгэлтэй байж, Түүнд анхаарлаа төвлөрүүлэн, гэрээний зам дээр хөл дээрээ бат зогсох болтугай. Энэ бүгдийг би Есүс Христийн нэрээр даруухан залбирч байна, амен.