Залуучууд
Төгс төгөлдөр хүн нэг ч байхгүй
Би Нифай шиг үргэлж дуулгавартай, маш итгэлтэй мөн сүнслэг нэгэн байхыг үргэлж хүсдэг байлаа. Минийхээр Нифай бол сайн сайхны хамгийн тод үлгэр жишээ юм. Би түүнтэй адилхан болох бодлоос илүүтэйгээр түүний сайн чанарын нэг хэсгийг ч болов эхлүүлэх юмсан гэж бодсон юм.
Нэгэн өдөр өчүүхэн зүйлээс өөртөө итгэх итгэл алдарч сэтгэлээр уналаа. Би тавьсан зорилгуудаа биелүүлэхийг маш их хүсч байлаа. Гэвч би зорилгуудаа биелүүлж чадахгүй юм шиг санагдсан. Горьдлого тасарч, нүд дүүрэн нулимстайгаар энэ тухайгаа аавдаа хэллээ. Тэрээр номын тавиур дээрээс, Мормоны Номыг авлаа. Юу ч хэлэлгүйгээр, 2 Нифай 4:17-р шүлгийг уншиж эхлэв.
“Ай золгүй хүн юм би!” гэсэн хүчирхэг үгнүүдийг сонсож байхад цахилгаан мэт гүйдэл миний биеэр тархав. Би маш олон зүйлийн талаар бодож эхлэв. Миний баатар мөн жишээ болох Нифай яагаад өөрийгөө “золгүй” хэмээн хэлэв? Хэрвээ тэр золгүй байсан юм бол, би хэн болж байна?
“Бодгаль минь, сэр!” хэмээн аав минь 28-р шүлгийг үргэжлүүлэн унших үед цахилгаан гүйдэл дахин биеэр минь тархав. Дахин битгий нүгэлд гудай. Миний оюун ухаанд байсан хар үүл хөх тэнгэр, хурц нараар солигдох шиг л санагдсан. Энэхүү шүлэг миний бодгалыг хэрхэн гэрэлтүүлснийг тайлбарлах боломжгүй юм. Судрын энэ хэдхэн шүлэг надад итгэл найдвар, урам зориг, баяр баяслыг өгч чадсан.
30-р шүлэгт Нифай яг миний бодож байсан тэрхүү зүйлийг хэлсэн байна. “Миний сүнс танд баясна, Бурхан минь, мөн авралын минь хад билээ” хэмээх төгс ойлгомжтой үгсээр тайлбарлажээ. Энэхүү шүлэг Бурханы нигүүлсэл ба хайранд талархах амар амгалан мэдрэмжийг надад авчирсан.
Аав минь номоо хаагаад энэхүү шүлгийг заримдаа Нифайн дуулал хэмээн нэрлэдэг гэдгийг тайлбарласан юм. Аав минь энэ дэлхий дээрх агуу хүмүүс хүртэл төгс төгөлдөр биш гэдгийг мөн үүнийгээ үргэлж санаж явахгүй бол бардамнаж агуу нэгэн байхаа болино хэмээн надад заасан юм.
Би маш сайн ойлгосон. Надад байгаа сул дорой чанар Нифай шиг болох боломжгүй гэсэн үг биш юм. Өөрийнхөө сул дорой чанаруудыг мэдэх нь намайг Нифайн чадварт илүү ойртуулж өгсөн. Нифай үнэхээр агуу. Учир нь тэрээр дуулгавартай, итгэлтэй байсан бөгөөд буруугаа хүлээн зөвшөөрөх чадвартай даруу нэгэн байсан.
Би энэ явдлаас хойш Нифайн үгсийг оюун ухаандаа нөөцөлсөн юм. Эдгээр шүлгийг унших бүрдээ би анх мэдэрч байсан тэр урам зоригийг мэдэрч, “Би бол Бурханы охин надад төсөөлдгөөс минь илүү боломж бий” гэдгийг олж мэддэг. Хэрвээ бид итгэлтэйгээр урагш тэмүүлэх аваас бидэнд зориулсан адислал бий гэдгийг би мэддэг.