Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг, 2010 оны ЕСДүгээр сар
Хувийн удирдамж болох Мормоны Ном
Бид хамгийн ихээр сүнсийг мэдрэх үед бүгд л гэртээ эргэн харьж, Бурхантай хамт амьдрах хүслээр дүүрдэг. Тэрээр замыг маань бэлтгэн, түүгээр хэрхэн дагахыг заах бидний Аврагч болох Хайрт Хүүгээ бидэнд бэлэг болгон өгсөн билээ. Тэрээр замыг маань чиглүүлэх бошиглогчдыг бидэнд өгсөн. Бошиглогч Иосеф Смит бошиглогчдын цэдгүүдийг орчуулах бурханлиг урмаар өдөөгдсөн бөгөөд энэ нь Мормоны Ном юм. Энэ нь биднийг Бурхан уруу аваачих зам дээрх баттай удирдамж болдог.
Энэхүү үнэт номын талаар Иосеф Смит “Би ах нарт хэлсэнчлэн Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номноос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуурын чулуу, түүнчлэн бусад ямар ч номноос илүүтэйгээр, түүний зааврыг мөрдсөнөөр л хүмүүн Бурханд илүү ойртох болой” гэжээ.1
Мормоны Номон дахь сургаалууд нь Бурханы зарлигууд юм. Эдгээрийн зарим нь бид юу хийх ёстой болон хэн болох тухай Өөрийн бошиглогчдоор дамжуулан Аврагчаас шууд ирсэн тушаалууд байдаг. Мормоны Ном нь Түүнийг дагах зарлигт дуулгавартай байх бидний шийдвэр төгс байдал хийгээд итгэлийг өсгөх Аврагчийн жишээг багтаасан байдаг. Энэхүү ном нь биднийг удирдан чиглүүлэх Христийн сургаалаар дүүрэн байдаг. 2 Нифай дахь жишээг дурдъя:
“[Есүс] хүмүүний үрст: Та нар намайг дагагтун хэмээсэн бөлгөө. Иймийн тул, хайрт ах дүү нар минь, бид Эцэгийн зарлигуудыг сахихдаа бэлэн байхаас бусдаар бид Есүсийг дагаж чадах уу?
“Мөн Эцэг хэлэхдээ: Наманчил та нар, наманчил та нар, мөн миний Хайрлагдсан Хүүгийн нэрээр баптисм хүртэгтүн” гэжээ (2-р Нифай 31:10–11).
Нарийн бөгөөд шулуун зам дээр үлдэхэд минь туслах галын баптисм болох Ариун Сүнсийг бид хүлээн авах ёстойг энэ номонд тодорхой заажээ. Эцэж цуцалгүйгээр Христийн нэрээр үргэлж залбирах ёстой хэмээн бидэнд заасан бөгөөд хэрэв үүнийг хийвэл бидэнд дараах амлалт өгөгджээ: “Иймийн тул, та нар найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Иймийн тул, хэрэв та нар урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно” (2 Нифай 31:20).
Мормоны Номон дахь Бенжамин хааны гайхамшигт номлолд Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайр нь ямар утга учиртай болохыг тодорхой өгүүлдэг. Цагаатгалын хүчээр бидний мөн чанар өөрчлөгдөн, зарлигуудад чин сэтгэлээсээ дуулгавартай байхын хэрээр бид Бурханы хайраар дүүрэн байх болно (Мозая 4:1–12-г үз).
Мөн Мормоны Ном бидэнд энэ амьдралдаа хилэнцийг үйлдэх хүсэлгүй тийм их цэвэр ариун болж чадна хэмээх итгэл найдварыг өгдөг (Mозая 5:2)-г үз. Сатан амьдралын турш итгэлийг минь алдруулж, уруу татахыг оролдох үед энэ найдвар нь зориг болон тайвшралыг бидэнд өгдөг.
Би цөөхөн мөрийг ч болов Мормоны Номноос унших бүрт энэ ном үнэн бөгөөд Есүс бол Христ, бид Түүнийг дагаснаар Бурхандаа эргэн очиж чадах бөгөөд хайртай хүмүүсээ гэр уруугаа авч явж чадна хэмээх гэрчлэл маань өсөхийг мэдэрдэг. Миний хувьд энэ ном хамгийн шилдэг нь байсаар ирсэн. Энэ бол Бурханы үг юм.
Бид болон бидний хайртай хүмүүс үүнээс өдөр бүр шимтэн судлаасай хэмээн би залбирч байна. Энэ нь жинхэнэ үнэн удирдамж гэдгийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна.
© 2010 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. АНУ-д хэвлэв. Англи эхийн зөвшөөрөл: 6/09. Орчуулгын эхийн зөвшөөрөл: 6/09. First Presidency Message, September 2010. Mongolian. 09369 363