2012
Бидэнд яагаад бошиглогчид хэрэгтэй байдаг вэ?
2012 оны 3-р сар


2012 оны 3-р сар, Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг

Бидэнд яагаад бошиглогчид хэрэгтэй байдаг вэ?

Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүддээ хайртай болохоор тэднийг энэ мөнх бус амьдралд удирдамж болон чиглүүлэлгүй үлдээгээгүй юм. Тэнгэрлэг Эцэгийн сургаалууд нь номын дэлгүүрээс худалдаж авч болох ямар нэгэн эгэл жирийн, хэн ч тааварлаж болох зүйл биш юм. Тэдгээр нь хүүхдүүддээ хайртай бүх хүч чадал, бүх мэдлэгийг эзэмшдэг селестиал Хүмүүний мэргэн ухаан билээ. Түүний үгс цаг үеийн нууцууд болон энэ дэлхий хийгээд ирэх амьдрал дахь аз жаргалын түлхүүрийг агуулдаг.

Тэнгэрлэг Эцэг энэхүү мэргэн ухааныг энэ дэлхий дээр Өөрийн үйлчлэгч бошиглогчдоороо дамжуулан хүүхдүүддээ илчилдэг билээ (Амос 3:7-г үз). Бурхан Адамын үеэс эхлэн Түүний тааллыг илчилж, бусдад зөвлөх үүрэгт томилогдсон бошиглогчдоороо дамжуулж хүүхдүүдтэйгээ ярилцдаг байжээ. Бошиглогчид бол сүнслэг багш нар бөгөөд үргэлж Есүс Христийн онцгой гэрч нар байсаар ирсэн (С ба Г 107:23-г үз). Бошиглогчид өөрсдийн цаг үед амьдарч байсан хүмүүст хандан ярьдаг байсан төдийгүй бүх цаг үеийн хүмүүст хандан ярьдаг юм. Тэдний дуу хоолой Бурханы Өөрийн хүүхдүүдэд өгөх гэрээслэл болсоор зуун зууныг дамжин цуурайтаж байна.

Өнөөгийн цаг үе өнгөрсөн үеэс ялгаагүй билээ. Өнөө үеийн хүмүүсийг хайрлах Их Эзэний хайр нь өнгөрсөн үеийнхнийг хайрлах хайраас огтхон ч ялгаагүй билээ. Бурхан Өөрийн хүүхдүүдтэйгээ ярилцсаар байгаа гэдэг нь Есүс Христийн Сүмийн Сэргээлтийн алдар суут захиасуудын нэг билээ. Тэрбээр тэнгэрийн хаа нэгтээ далдлагдаагүй бөгөөд эрт үеийн адилаар өнөөдөр ч ярьдаг юм.

Их Эзэний Өөрийн бошиглогч нарт илчилсэн илчлэлтүүдийн ихэнх нь хувь хүн болоод улс нийгмийг гуниг харууслаас хамгаалахад чиглэсэн байдаг. Бурхан хүүхдүүддээ зааж, тэднийг урамшуулан, анхааруулж, дэмждэг билээ. Хувь хүмүүс болоод нийгэм Тэнгэрлэг Эцэгийн зааврыг үл ойшоох үедээ өөрсдийгөө зовлон бэрхшээл, сорилт шалгуурын хөлд тавьж өгч байдаг.

Бурхан Өөрийн бүх хүүхдүүдэд хайртай. Ийм учраас л Тэрээр биднийг Өөрийн бошиглогчдоороо дамжуулан өмгөөлөн хамгаалж, зааварчилдаг билээ. Бид хайртай хүмүүстээ хамгийн сайн сайхныг хүсдэгийн адил Тэнгэрлэг Эцэг бидэнд хамгийн сайн сайхныг хүсдэг билээ. Ийм учраас Түүний зааврууд маш чухал агаад үнэхээр шаардлагатай байдаг. Ийм учраас Тэрээр биднийг орхиогүй бөгөөд Өөрийн тааллыг бошиглогчдоороо дамжуулан бидэнд илчилсээр байгаа билээ. Бидний болон дэлхий ертөнцийн хувь тавилан Бурханы илчилж, хэлсэн үгсийг бид хэр сонсон дагаж байгаагаас шалтгаална.

Бурханы хүн төрөлхтөнд өгсөн үнэлж баршгүй заавруудыг бид Библи, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ болон Агуу үнэт сувдаас олох боломжтой. Нэмж хэлэхэд Их Эзэн Өөрийн үйлчлэгчдээрээ дамжуулан бидэнтэй ярьдаг, мөн Тэрээр ирэх ерөнхий чуулганд ч ярих болно.

“Бурхан өнөөдөр бидэнд хандан ярих боломжтой гэж үү” хэмээн гайхаж, асуух тэднийг би “ирж, хар л даа” (Иохан 1:46) гэж зүрх сэтгэлээсээ урьмаар байна. Судрууд дээр гардаг Бурханы үгсийг унш. Ерөнхий Чуулганаар хожмын үеийн бошиглогчдоороо дамжуулан ярих Бурханы дуу хоолойг анхааралтай сонс. Ирж сонсоод, зүрх сэтгэлээрээ мэдэр! Хэрэв та нар “Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно” (Моронай 10:4). Энэхүү хүчээр дамжуулан би Есүс Христ амьд бөгөөд амьд бошиглогч Томас С.Монсонгоор дамжуулан Өөрийн Сүмийг удирддаг гэдгийг мэдэж авсан юм.

Ах эгч нар аа, Бурхан өнөөдөр ч бидэнд хандан ярьдаг. Мөн Тэрээр Өөрийн бүх хүүхдүүдийг Түүний дуу хоолойг сонсож, дагаасай хэмээн хүсдэг. Бид ийн үйлдсэнээр Их Эзэн энэ амьдралд болоод ирэх амьдралд биднийг агуу ихээр адисалж, дэмжих болно.